Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Томуу, томуу-төст өвчний хурдавчилсан оношлогоонд R-Mix хибрид эсийн өсгөвөр ашигласан иммунфлюоресцент микроскопын аргыг полимеразын гинжин урвалтай хослон хэрэглэсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Цацрал, Ц.Наранзул, Н.Наранболд, Б.Дармаа, П.Нямдаваа

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

 

A parallel testing results of 50 nasopharyngeal samples  (NPS) collected in the1st quarter of 2007 with immune fluorescenct microscopy on the R-Mix hybrid cell, DHI, USA (IFM-R-Mix) in comparison to the standard RT-PCR for detection of respiratory viruses: influenza virus A and B (IV-A, IU-B), adenoviruses (AdV), RS- viruses (RS-V) and Para-influenza viruses I, II and III (PI-I, PI-II, PI-III) hare been presented. The overall virus detection rate from NPS was 50% for IFM-R-MIX and 40% for RT-PCR. The concordance of 2 methods was 100% for the detection of IVA, IVB, PI-III and RS-V, detection of AdV, PI-I and PI-II, PI-III was higher in IFM-R-Mix. Some additional studies with more samples are needed to confirm these results.

Mongolian Journal of Infectious Diseases Research,
2008, №4 (23):8-10
1table, 4 figures, 3 references

 

Одоогийн ертөнцөд хамгийн элбэг тохиолдожбайгаа хүний эмгэг бол амьсгалын замын цочмог халдварт өвчин (АЗЦХӨ) юм. Зарим судлаачдын бичиж байгаагаар хүн бүр жилд дунджаар 6 удаа АЗЦХӨ-өөр өвчилдөг байна [1]. Манай улсад 2004-2007 оны байдлаар ТТӨ 10000 хүн ам тутамд 753.8 тохиолдол бүртгэгдэж, амбулатороор үйлчлүүлсэн нийт 3309421 хүний 5.8% нь ТТӨ гэсэн оноштой байна. Мөн уушгины хатгалгаа гэсэн оноштой 11034 хүний 52(0,47%) нь нас барсан үзүүлэлттэй байгаа юм[2]. Эндээс харахад ТТӨ нь жил бүр нийт хүн амын багагүй хувийг хамран тархаж эрүүл мэндийн болон эдийн засгийн ноцтой хохирол учруулдаг, дэлхийн олон орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. АЗЦХӨ-ийг үүсгэгч анхдагч шалтгааны 95 орчим хувь нь вирүс байдаг ба манайд одоогоор АЗЦХӨ үүсгэгч вирүсүүдийг цогц байдлаар оношлох технологи хомс байгаа [3] нь энэхүү шинэ технологийг туршин үзэх гол үндэслэл болж байгаа юм.

Судалгааны ажлын зорилго

Томуу, томуу төст өвчин (ТТӨ) үүсгэгч зарим вирүсийг АНУ-гийн Diagnostic Hybrids компаны R-Mix хурдавчилсан холимог эсийн өсгөвөрт өсгөвөрлөн иммунфлюоресцент микроскопын (ИФМ)-ын аргаар ялган дүйх шинэ технологийг полимеразын гинжин урвал (ПГУ)-ын аргатай харьцуулан судлах

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Судалгааны хамрах хүрээ болон материал: Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэг, ЭНЭШТ-д амьсгалын замын өвчлөлийн хурц үедээ үзүүлж буй үйлчлүүлэгчдээс 2007 оны I улиралд авсан хамарзалгиурын арчдас сорьцноос санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан нийт 50 ширхэг шинжлэгдэхүүнийг судалгааны материал болгон ашиглав.  ТТӨ-ний шинжлэгдэхүүн цуглуулахдаа Эрүүл мэндийн сайдын 2006 оны 253 тоот тушаалын Vр  хавсралтаар батлагдсан оношийн дагуу, VIII-р  хавсралтаар батлагдсан журмаар авсан. ПГУ-ын аргаар ТТӨ үүсгэгч вирүсийн хэвшинжийг тодорхойлох Томуугийн А болон В хэв шинжийн вирүс, респиратор-синцитиал вирүс, иж томуугийн I, II, III хэвшинжийн вирүсүүдийг дүйн тодорхойлохдоо дээрхи вирүсүүдийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал бүхий праймер, QIAGEN пүүсийн РНХ ялгах цомог (QIAamp Viral RNA Mini Kit) болон УТ-ПГУын цомгийг (OneStep RT-PCR Kit) үйлдвэрлэгчийн зааврийн дагуу ашиглав. Аденовирүсийг түүний нуклейн хүчлийн өвөрмөц дараалал бүхий праймер, QIAGEN пүүсийн ДНХ ялгах цомог (QIAamp DNA Mini and Blood Mini Kit) болон ПГУ-ын цомгийг (Taq PCR Master Mix Kit) мөн үйлдвэрлэгчийн зааврийн дагуу ашиглан тодорхойлов. Гель электрофорез тавихдаа 1%-ийн агарозын гелийн 100мл тутамд 13мкл бромт этидий нэмж 100V-д 30 минут гүйлгэн хариуг трансиллюминаторт 302нм гэрэлд уншив. ИФМ-ын аргаар ТТӨ үүсгэгч вирүсийн хэвшинжийг тодорхойлох  ИФМ-ын аргаар томуугийн А болон В хэв шинжийн вирүс, респиратор-синцитиал вирүс, иж томуугийн  I, II, III хэвшинжийн вирүс, аденовирүсийг дүйн  тодорхойлохдоо “DIAGNOSTIC HYBRIDS” пүүсийн  шинэ технологи болох R-Mix хурдавчилсан эсийн  өсгөвөр болон амьсгалын замын вирүс илрүүлэх DFA цомгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглав.

Судалгааны ажлын үр дүн

R-Mix хурдавчилсан эсийн өсгөвөрт өсгөвөрлөн ИФМ-ын аргаар тодорхойлсон дүн R-Mix хурдавчилсан эсийн өсгөвөрт ИФМ-ын аргаар  томуугийн А, В хэвшинжийн вирүс, респиратор-синцитиал  вирүс, аденовирүс, иж томуугийн I, II, III хэвшинжийн вирүсийн эсрэгтөрөгч илрүүлэх DFA цомог ашиглан  хэвшинжийг тодорхойлоход 50%-д нь ТТӨ үүсгэгч вирүс илрүүлэв [Зураг 1 ба 2: арын хавтасны дотор нүүрт].

Зураг 1 R-Mix хурдавчилсан эсийн өсгөвөрт ТТӨ үүсгэгч вирүс илэрүүлсэн байдал

Полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон дүн ПГУ болон УТ-ПГУ-ын аргаар дээрхи 7 вирүсийн  генийн өвөрмөц дараалал бүхий праймер ашиглан дэд  хэвшинжийг тодорхойлоход ТТӨ үүсгэгч вирүсүүд 40%-д илрэв [Зураг 2].

Зураг 2 Полимеразын гинжин урвалын аргаар ТТӨ үүсгэгч вирүс илрүүлсэн байдал

Харин нийт эерэг гарсан томуугийн А хүрээний  вирүсийн дэд хэвшинжийг HA1, HA3, NA1, NA2 генийн өвөрмөц дараалал бүхий праймер ашиглан УТ-ПГУ-ын  аргаар тодорхойлоход 2(20%) нь A(H1N1) вирүс, үлдсэн 8(80%) нь A(H3N2) вирүс, респиратор-синцитиал  вирүсийн RSVA, RSVB хэвшинжийг N-генийн өвөрмөц  дараалал бүхий праймер ашиглан УТ-ПГУ аргаар  тодорхойлоход 100% RSVA хэвшинжид хамаарч  байлаа [Зураг 4].

Зураг 4 ТТӨ үүсгэгч вирүсийг УТ-ПГУ-аар илрүүлсэн зураглал

Хүснэгт 1. ТТӨ үүсгэгч вирүсийг R-X эсийн өсгөвөрт, УТ-ПГУ-аар илрүүлсэн харьцуулалт

Дүгнэлт

  1. 2008 оны 1-р улиралд Монгол улсад томуугийн  А хэвшинжийн вирүс, респиратор-синцитиал вирүсүүд давамгайлж байсан ба ПГУ-ын аргаар  дэд хэвшинжийг тодорхойлж үзэхэд A(H3N2), RSVA хэвшинжийн вирүсүүд эргэлтэнд идэвхитэй  давамгайлж байв. 
  2. R-Mix эсийн өсгөвөрийг ПГУ-ын аргатай харьцуулж  үзэхэд томуугийн вирүс, RS вирүс иж томуугийн III  хэвшинжийн вирүс тохиролцоо 100% байсан бол  аденовирүс, иж томуугийн I, II хэвшинжийн вирүс  илрүүлэхэд R-Mix эсийн өсгөвөр илүү мэдрэг  байв.
  3. Судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд нэмэлт  судалгаа шаардлагатай. 
Ном зүй

1. Нямдаваа, П., ерөнхий редактор, “Томуу 2006” Хүн, мал эмнэлэгийхэнд зориулсан гарын авлага, Улаанбаатар 2006 он, х. 2-13, 183-190;
2. Дармаа, Б., (2008) Монгол улсад 2003-2007 онд ялгасан хүний томуугийн вирүсийн зарим төрх, Анагаах хааны докторын (PhD) зэрэг горилж тууривсан диссертаци, 75 х.;
3. Нямдаваа, П., (2009): Вирүс судлалын шинжилгээний арга, Бүтээлийн товчоон, Тавдугаар боть, 276 х.,
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор М.Алтанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 739
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК