Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Халдварт өвчин эмчлэх тусгай мэргэжлийн больницууд байгуулсан минь
( Түүх )

Г.Туваан

 

 

...1946 онд Эрүүлийг хамгаалах яамны сайд Шийнэн өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөж, намайг 1947 онд сайдаар томилов. Тэр үед ажил хүлээлцүүлэх Засгийн газрын комисс, төлөөлөгч хүн ч байсангүй. Харин надад тамгаа л өөрөө хүлээлгэж өгч байсан юмдаг. Төв больниц халдвартай, халдваргүй өвчтөн холилдсон ор цөөн, байр багтаамжгүй хүнд байдалтай байв. Одоогийн Засгийн газрын тусгай эмнэлэг хүртэл Идэвхтний больниц нэртэй Төв больницад тасгийн зэрэгтэй ажиллаж байлаа. Хамгийн тэргүүнд халдварт, арьс өнгөний тасгийг тусгаарлаж бие даасан больниц болгож, эдгээр халдварт өвчнүүдтэй тэмцэхэд гол бааз суурьтай болох хэрэгтэй байв. Гэвч орон байр байхгүй мухардаж байв. Японы миллитаристуудын эсрэг явуулсан дайн Монголын ялалтаар дуусч Зөвлөлтийн 17-р арми буцаж, цэргийн госпиталь нь сулрах сураг дуулдав. Би нэг өдөр Зөвлөлтийн цэргийн госпиталийн захиралтай уулзаж (захирал нь Коротков гэдэг хүн байсан. Энэ хүн сүүлдээ ЗХУын Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд, Анагаах Ухааны Академийн дэд ерөнхийлөгч байсан, нэрд гарсан том эрдэмтэн, академич хүн. 1917 оны 10-р сарын 25-нд Петроград хотод Октябрийн хувьсгал эхлэхэд залуу цэрэг Өвлийн ордныг дайрч ороход оролцсон түүхтэй хүн) бүх больницаар явж үзээд “энэ байшинг авч, халдвартын больниц болгох юмсан” гэдэг бодол санаанаас гарахаа байлаа. Нэгэн өдөр Маршал Чойбалсан дээр зүрх гарган орж “Элдэв халдварт өвчин их байна. Төв больницын халдвартын тасаг багтаамж муутай, халдвартай өвчтөн нь халдваргүй өвчтөнтэй холилдож, халдварт өвчнийг анагаах биш, харин бүр тараах больниц болох нь. Халдварт өвчний больниц нь хотоос зайдуу тусгай байх нь эмнэлгийн ёс журманд яг тохирох юм. Зайсангийн аманд байгаа зөвлөлтийн цэргийн госпиталийг сулрахаар нь манай мэдэлд мэдэлд шилжүүлэн өгөх засгийн газрын шийдвэр гаргаж өгөөч” гэж хүсэв. Маршал:

-Лхагвасүрэн авна гээд байгаа юм гэв.

-Лхагвасүрэнд өгч огт болохгүй, манайх бол…гээд ярих гэтэл

-За, чи маргааш 8 цагт тэнд байж байгаарай. Би очно гэв. Юу болдог бол гээд бараг нойргүй хоноод өглөө 7 цагт очлоо. Удсангүй 8 цаг дөхөж байтал Маршал 2 машинтай ирлээ. Госпиталийн байраар ороод намайг дуудсан ч үгүй шууд л яваад өгөв. “За энэ ч өнгөрөх шиг боллоо” гэж бодоод би ажилдаа ирлээ. Ямар шийдвэр гарах бол гээд тэсэж ядам хүлээж байв.

Тэсэж ядаад Ж.Лхагвасүрэнтэй утсаар ярьж туршиж үзье гэсэн чинь өрөөндөө байсангүй. Гэтэл утас дуугарав. Авсан чинь Лхагвасүрэн жанжин:

 - Бидэнд маш хэрэгцээтэй байсан юм. Гэвч энэ удаа Маршал танайд өгье гэсэн. Дахиад энэ мэт хүний илүү дутууг битгий хараад яваарай … гэв.

- Их сайн байна, жанжин минь. Энэ чинь эхнийх нь юм. Танаас авах юм надад олон бий шүү гэж би хариулав.

Ингэж 1947 онд Халдвартын бие даасан больництой болж билээ. Арьс өнгөний больництой болох хэрэгтэй байв. Тэр үед манайд бүх төрлийн бэлгэсийн халдварт өвчнүүд: тэмбүү, заг хүйтэн бэлэгсийн дөрөвдүгээр өвчин, зөөлөн яр элбэг байлаа. Тэмбүү өвчний хожуу илрэх хорт хэлбэр, хамар нь цоорох, хамрын яс нь суух, нүд хараагүй болох, бас төрөлхийн тэмбүүгийн илэрхий хүнд хэлбэрүүд, мэдрэлийн тэмбүү өвчний хожуу илрэх давших саа (нугас хатах) өвчин их байлаа. Хэрэв тэмбүү өвчнийг эхэн үед нь сайн эмчилбэл хаанаас ийм хэмжээнд хүрэх вэ? гэж боддог байлаа. Бидэнд эмчлэн сэргийлэх хүч их дутаж байлаа. Арьс өнгөний өвчинтэй тэмцэх ажил тэр үед манай эрүүлийг хамгаалахын нэн чухал шийдвэрлэвэл зохих асуудлын нэг нь байлаа. “Хүн амын өсөлт төрөлтийг бууруулж, зуурдын үхлийг буй болгогч нийгмийн халдварт өвчинтэй тэмцэнэ ” гэж Намын программд заажээ. Энэ зорилтыг биелүүлэхэд бидэнд их юм хийх хэрэгтэй байв. Бидний анхны алхам бол арьс өнгөний тусгай мэргэжлийн больництай болох, диспансер больницын холбоог сайжруулж, өнгөний өвчинтэй тэмцэх ажлын зарчмыг боловсруулж суурийг тавих ажлаас эхлэх ёстой байв. Тэр үед арьс өнгөний диспансер нь (лечпрофобъединение) “Захын доктор“ гэдэг яр хүйтнийг эмчлэн сэргийлэх газар гэж байсан юм.

Эмчээр нь Акатов гэдэг зөвлөлтийн эмч ажиллаж байв. Гэтэл Сүхбаатарын цэргийн сургуулийн байрыг авч болох нэг сиймхий гарлаа. Бас л Маршал Чойбалсан дээр орж учир явдлаа мэдүүлсэнд шууд зөвшөөрч, ингээд 1948 онд 150 ортой арьс өнгөний больницыг байгуулав. Анхны даргаар бага эмч Равсалыг томилсон юм. Үүнийг “Гандангийн больниц” гэж нэрлэж байгаад 1958 онд хуучин төв шорон “Батцагаан“-ын байрыг сулархаар нь засаж Арьс өнгөний больниц шилжин орсон юм...

 

Ном зүй

Г.Туваан “Эрүүлийг хамгаалах албанд” (Эмчийн дуртгал тэмдэглэл) номноос нь, УХГ, Улаанбаатар, 1983 он, х.47-49:
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 400
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК