Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Г.Туваан сайд
( Түүх )

Хүний гавьяат эмч, ардын эмч, доктор, профессор Ч.Цэрэннадмид

 

 

Хүний гавъяат эмч, Монголын Эрүүлийг хамгаалах нэрт зохион байгуулагч Гүржавын Туваан гуайг 1940-өөд оны дундаас 1970-80-аад оны эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй, ихэнхи албан хаагчид болон хөдөлмөрчид сайн мэддэг тул түүний тухай “Туваан сайд” л гэж хүндлэн дурсдаг байсан тул энэхүү дурсамжаа бичигч миний бие олны хэвшсэнээр ингэж нэрлэсэн юм. Арга ч үгүй юм. Туваан гуай Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайдаар (1943-1947, 1952-1954 онуудад) 2 удаа томилогдон 6 жил, яамны сайдаар (1947-1950, 1954- 1966 онд) мөн 2 удаа томилогдож 16 жил, Эрүүлийг хамгаалах яамны сайд, орлогч сайдаар бүгд 22 жил гаруй ажилласан, Монголын Эрүүлийг хамгаалахын өдгөө хүртэлхи түүхэнд хамгийн олон жил ажилласан сайд билээ. Туваан гуайн очоогүй аймаг, хүрээгүй сум гэж Монголд байхгүй байх аа! Туваан гуайн үед манай орны улс ардын аж ахуйг 3 ба 5 жилийн төлөвлөгөөгөөр хөгжүүлэх үе эхэлсэн тул тэдгээр жилүүдэд эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх үе шаттай зорилтуудыг зөв сонгон боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад Туваан сайдын оруулсан хувь нэмэр их билээ. Тэр 1940-1950-иад оны үед аймгуудын төвд 2-3, Архангай, Дорнод, Ховдын аймаг дундын эмнэлэгт 4-5 их эмчтэй, тэгээд нийт сумдын эмнэлгийг бага эмч, сувилагч нар авч явж байсан бөгөөд тэдгээрийн нилээд нь богино хугацаанд түр курсээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байсан билээ. Иймээс нийт сумдыг их эмчийн салбартай болгох, улмаар сум дундын эмнэлгүүдийг буй болгох, аймгуудыг үндсэн нарийн мэргэжлийн эмчээр хангах, аймаг, хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн удирдлагыг их эмчээр хангаж, чадваржуулах, эмнэлгүүдийн материаллаг баазыг сайжруулах, түргэн тусламжийн унаагаар хангах, шаардлагатай үед яаралтай тусламжинд онгоц хэрэглэх, нарийн мэргэжлийн эмнэлгүүдийг байгуулах зэрэг зорилтуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлсэний үр дүнд манай орны эрүүл мэндийн тусламж, дунд мэргэжлийн түвшингээс дээд мэргэжлийн түвшинд шат ахин бүх орон даяараа шилжих их зорилт хэрэгжсэн билээ. Туваан сайдын ажиллах хугацааны эхний үед хүн амын дунд халдварт өвчин, ялангуяа арьс өнгөний өвчин, сүрьеэ их байсан нь хүн амын нийт эрүүл мэнд, өсөлт, төрөлтөд илэрхий муугаар нөлөөлж байсан тул ЗХУ-ын тусламжаар хөрөнгө зардал, мэргэжилтэн эмч нар, машин, багаж, аппарат, урвалж бодисуудаар хангагдсан бригадуудыг зохион байгуулж, бүх аймаг, сумдаар гаргаж, хүн амыг нэг бүрчилэн үзлэгт хамруулж, илэрсэн өвчтөнийг орон нутгийн эмнэлгүүдэд дансаар хүлээлгэн өгч, эмчлэх эмнүүдийг нь өгч, заавар зөвлөгөөнөөр хангаснаар хүн амыг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсний нэг илрэл бол Монголын хүн амын өсөлт 1960-1970-аад онд мэдэгдэхүйц нэмэгдсэн билээ. Энэ үр өгөөжтэй ажилд гар бие оролцож явсан тэр үеийн эмч бид нар ч улам зориг орж, Зөвлөлт нөхөддөө ч баярлаж явдаг юм. Энэ их ажлын үр дүнд Улаанбаатарт сүрьеэгийн төв, аймгийн төвүүдэд арьс өнгө, сүрьеэгийн эмнэлэг, тасгууд байгуулагдсан билээ. Туваан сайдын үед ЭХЯ өөрийн гэсэн 3 давхар байртай болж, түүндээ одоо ч байрласаар байна. Яамны байр нь Туваан гуай, Д.Цагаанхүү нарын санаачилгаар эмч нарын сайн дурын хөдөлгөөнөөр тэдний цалингаас цуглуулсан хөрөнгөн дээр суурилан баригдсан Эмнэлэггэгээрлийн ордонтой хавсран баригдсан юм.

Туваан гуайн үед Халдвартын эмнэлэг, Хүүхдийн больниц, Төрөх газар зэрэг нарийн мэргэжлийн эмнэлгүүд Төв больницоос тусгаарлан бие даан байгуулагдсан юм. Туваан сайдын үед манай ЭХЯны гадаад харилцаа нилээд өргөжсөнөөр 1962 онд Монгол улсыг ДЭХБ-ын гишүүнээр элсүүлэх төлөөлөгчдийн тэргүүнээр Туваан сайд оролцож, мөн Социалист орнуудын эрүүлийг хамгаалах яамны сайд нарын анхдугаар зөвлөлгөөнөөс эхлэн дараахи зөвлөлгөөнүүдэд оролцож байсан ба 1964 оноос Олон улсын хүүхдийн фондтой хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. Туваан гуай сайдын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 1962-1972 онуудад ЭХЯ-ны гадаад харилцааны тасгийн даргаар ажиллахдаа тус яамны гадаад харилцаанд хувь нэмрээ оруулсаар л байсан юм.

Туваан сайд бол төрийн удирдах хүний төв, шулуун шударга зантай, зарчимч, өндөр шаардлагатай, хамтран ажиллагсад болон удирдлаганд нь ажиллаж байгаа хүмүүст анхаарал, халамжтай хандаж, тэдний санал, бодлыг анхааралтай сонсч, ажилдаа тусгахыг хичээдэг хүн байлаа. Идэвхитэй сайн ажиллаж байгаа хүмүүсийг аль болохоор дэмжиж, тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх гадаад, дотоодын курс, семинар, хурал зөвлөлгөөнд явуулах, хөхүүлж урамшуулахыг анхаардаг байсан юм. Туваан сайд өөртөө ч байнга хатуу шаардлага тавьж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг хичээдэг хүн байсан нь түүний амьдрал, ажлын замналаас нь анзаарагддаг билээ. Тэрээр өөрийн уйгагүй хөөцөлдлөг, чармайлтын хүчээр манай орны хөгжлийн ээдрээ, бэрхшээлтэй 1927-1932 онд Эрхүүд, 1940-1943 онд Москвад нийтдээ 8 жил гаруй суралцахдаа орос хэлийг гайгүй сайн эзэмшсэн нь түүний цаашдын ажил, амьдралд нь ихээхэн тус болсон нь түүний дурсамжаас харагддаг. Тэрээр 1935 онд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор богино хугацаанд бага эмч болох даалгавартай ЭХЯ-ны мэдэлд шилжиж, Хүн эмнэлгийн техникумд 2 жил суралцахдаа, тэнд багшилж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн багш нарынхаа орчуулагчаар давхар ажиллаж байсан ба сургуулиа 1937 онд төгсөөд Ховд аймгийн Булган суманд анхны бага эмчийн салбар байгуулан, тэр алс бөглүү газарт ажиллаж байхдаа, орос багшийнхаа өгсөн сурах бичгийг ямагт биедээ авч явж, хүнд хэцүү тохиолдолд түүнээсээ уншиж, туслалцаа, санаа авч олон хүний амь насыг аварч байсан тухай, мөн дараа нь Ховдын төвийн эмнэлэгт шилжин, А.М.Распутин гэгч орос эмчийн удирдлаганд ажиллахдаа түүнтэй дотно танилцаж, нөхөрлөн, их зүйл сурснаа дурьтгалдаа бичсэн байдаг юм.

Туваан гуай сайд байхдаа ч нас нилээд ахисан боловч дээд мэргэжил эзэмшихийн төлөө өөртөө шаардлага тавьж, сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, Их сургуулийн Хүн эмнэлгийн ангийг 3-р дамжаанаас шууд орж суралцан их эмч болж байсан нь бас л энэ хүний зүтгэл чармайлтын нэг илрэл юмдаа.

Миний бие Туваан сайдын удирдлаганд 10 гаруй жил ажиллаж, ер нь түүний ажил, амьдралын 30 гаруй жилд нь уулзан учирч, түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж чадахынхаа хирээр зүтгэж, хожим нь эмч, удирдах хүнийхээ үүргийн хувиар ч сайддаа анхаарал халамж тавихыг хичээж, хүндэтгэл үзүүлж явсан олон дурсамж надад байдаг боловч хэвлэлийн хязгаар хэмжээ гэж яггүй зүйл байдаг тул зөвхөн миний ажил, амьдралд нөлөө үзүүлсэн 2-3 учралын тухай дурсахыг хүснэм.

Би 1955 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн ангийг төгсч, Баянхонгор аймгийн Баянлиг суманд анхны их эмчийн салбар байгуулахаар томилогдон очиж ажилласан юм. Би 5 жил тогтмол онцсайхан суралцаж, “Улаан диплом”-той онц төгссөн тул их сургуульдаа багшаар үлдэх юмуу эсвэл Ховд аймгийн Эмнэлгийн хэлтсийн дарга, эсвэл тэр үед дөнгөж байгуулагдаж байсан Сүрьеэгийн эмнэлгийн даргаар ажиллах санал надад тавьж билээ.

Тэр үед биднийг Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтэс дээр ажилд хуваарилдаг байв. Биднийг төгсөх үед хөдөө орон нутагт сумдыг их эмчийн салбартай болгох, аймгийн төвд эмчийн тоог нэмэгдүүлж, үндсэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг болгох, аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийг их эмчээр удирдуулах зэрэг зорилт тулгарч байсан тул сургуулиа онц дүнтэй төгссөн, суралцах хугацааныхаа сүүлийн 3 жилд нь курсийн ахлагчаар ажиллаж байсан надад нийт төгсөгчидөө цөмөөрөө хөдөө явж, хаана хэрэгцээтэй газарт очиж ажиллахыг уриалах үүрэг дээд удирдлагаас өгсөн ёсоор би үг хэлж, уриалга гаргасан байсан тул энэ тухайгаа Төв хорооны боловсон хүчний дарга Галсан гуайд учирлан хэлж, нөхдөө хөдөө явуулчаад өөрөө хот, аймгийн төвд үлдэх нь аль ч талдаа эвгүй байх гэж тайлбарласныг минь Галсан гуай их тааламжтай хүлээн авч, нуг нуг инээж, “За хө, танай ангийн 7 хүн чиний өмнө орж ирэхдээ бэрхшээл, гачигдал тоочоод, явж чадахгүй гэсэн, Баянхонгор аймгийн Баянлиг гэдэг суманд Их эмчийн салбар шинээр байгуулах ажил байна. Тийшээ явах уу? гэдэг байна. Би ч тэр сумыг мэдэх ч үгүй боловч ер нь онцын бодож тунгаасан юмгүй шууд л “За тэгэе, даргаа, явъяа л” гэчихэв. Галсан гуай сайхан зантай, нас тогтсон, таргандуу бор хүн байв. Тэгээд, тэр “За, хүү минь чи овоо зоригтой хүүхэд байна” гээд сургамжтай хэдэн зүйл хэлээд, “Би аймгийн Намын хорооны дарга Самбууд утсаар чиний тухай хэлнэ. Ажилд чинь янз бүрийн бэрхшээл, шийдвэрлүүлэх зүйл гарвал Самбуу даргадаа сайн танилцуулж, хэлж байгаарай. За, сайн ажиллаарай” гэж, гарыг минь бариад үлдсэн юм. Ингэж миний бие ажлын минь алтан шар зам урам зоригоор тэжээгдэн эхэлж билээ. Тэгээд л Баянлиг суманд жил хиртэй ажиллаж байтал Туваан сайд манай суманд ажиллаж байсан Зөвлөлт-Монголын арьс өнгөний бригадыг эргэхийн дээр манай эмнэлгийн ажилтай танилцсан юм. Намайг эмнэлэг дээрээ хүн үзэж байтал намын үүрийн гэрт дуудахад нь очтол Туваан сайд, зөвлөх Александр Александрович Карандашевтайгаа ирчихсэн сууж байв. Сумын болон эмнэлгийн ажил байдал, арьс өнгөний бригадын талаар товч танилцаад, (сайд өөрөө зөвлөхдөө орчуулж байв), уг бригадын ажилд анхаарч, туслаж байхыг зөвлөсний дараагаар манай эмнэлгээр орохоор гарах үед сайд намайг гадаа дуудаад “Сайн байна. Намын үүрийн дарга чинь танай эмнэлгийн ажлыг овоо үнэллээ шүү дээ. Улам л сайн ажиллах хэрэгтэй. Харин зөвлөх чиний гэрээр чинь ормоор байна гэсэн шүү” гэв. Би ихэд сандарч “Сайдаа миний гэр гээд байхаар юу байхав дээ! Эмнэлгийнхээ үүдний хажуугийн жижиг умгар өрөөнд ганц эвхдэг цагаан ор, бичгийн жижигхэн ширээнээс өөр юм байхгүй шүү дээ” гэтэл зүгээр, зүгээр. Бригадын эмч нар чамаас ном авч уншдаг, олон сайхан номтой эмч байна билээ гэж ярьсан тул тэр номнуудыг чинь сонирхоод байх шиг байна билээ. Биднийг эндээс аажуухан яваад очих хооронд чи өрөөгөө бага зэрэг янзалчихна биз” гэв. Тэгээд түрүүлж гүйгээд эмнэлэг дээрээ ирж, бага эмч, тогооч, аптекийн эрхлэгч нараа дуудаж, биднийг эмнэлэг дотуур явж байх хооронд өрөөгөө жаахан янзлахыг зөвлөөд аптекаас 3 литр витамины шүүс, гал тогооноос 5-6 аяга, хоршооноос тэр үеийн “цагаан дээлт” гэдэг чихрээс хагас килограммыг авч тавагт хийж ширээн дээр тавиарай гэж захиад, мөнгө өгөөд, эмнэлгийнхнийгээ цуглуулж, эмнэлгийнхээ үүдэнд гарч сайд, дарга нарыг угтаж, дотогш оруулан төрөх, мэс заслын өрөөгөөр оруулахад, би зургийг нь гаргаж, нутгийн мужаанаар хийлгэсэн мэс засал, төрөхийн орыг тэр хоёр сонирхож, мэс засал хийх боломжийн талаар, мөн мэс заслын багажийн тухай асуухад нь, ойр зуурын мэс засал хийдэг, “Мэс заслын бага цуглуулга” төвөөс хөөцөлдөж, яам тусалсаны ачаар олж авсан тухай ярьсан юм. Тэгээд өвчтөний өрөөнүүд, амбулаторийн үзлэгийн өрөө, гал тогоо, мөн эмнэлгийн нөгөө талын буланд жаахан тусгаарлагдмал гаднаасаа орох тусдаа хаалгатай халдвартын өрөө зэргээр явуулж, хэвтэж байсан 3 өвчтөн дээгүүр оруулахад сайд юм асууж байхдаа “Эдний яриаг чамаар орчуулуулахгүй. Чи өөрийгөө магтаж байж магадгүй” гэж зөвлөх үрүү харж ярихад “Зүгээр, зүгээр. Ер нь харахад энэ хүмүүс чинь эмнэлэгтээ гомдоод байхааргүй, эмчилгээ, үйлчилгээндээ сэтгэл нь урамтай, улс шиг байна. Бас дандаа танаар яриулаад байх надад аятай биш байна. Доктор орчуул, орчуул” гэж хэлээд тэд инээлдэв.

Тэгээд тэндээс гарч гал тогоотой танилцаад, хоолонд өөрсдийн тарьсан төмс, сонгино, халуун ногоо, намар болохоор ший гуа, жилийн турш цагаан идээ өгдөг гээд долоо хоногийн хоолны цэсийг үзээд сайд ихэд сайшаан, цааш миний өрөөгөөр орох болов. Би дагуулж өрөөндөө ороход хүмүүс багтахгүй байсан тэр хоёр, намын дарга нар ороод тогооч бид 2-той их л шигүү байв. Тэднийг суулгаж, тогооч маань чихэр тавьж, витамины шүүс аягалав. “Энэ чинь юу вэ?” гэж зөвлөхийг асуухад “энэ бол витамины шүүс байгаа юм. Говийнхонд их хэрэгтэй зүйл тул бид аптекаар захиалж хотоос авдаг юм. Та нар ч гэсэн олон хоног хөдөөгүүр явж, ядарч байгаа байх. Иймээс энэ шүүс уухад та нарт хэрэгтэй байх” гэхэд зөвлөх хөгжилтэй инээж, үгүй энэ эмч маань, бас жаахан наргиантай залуу байна шүү. За ууяа, ууя” - гээд хэд балгаснаа “Аргагүй л, хүч тэнхэл оруулахаар ундаа байна”-гэж толгойгоо сэгсэрч, инээлдэв. Тэр үед манай эм бэлтгэлээс гаргаж байсан витамины шүүс бол спиртээр хандалсан жимсний шүүс байсан тул жаахан ходоод халуун оргиулдаг байв.

Тэгээд зөвлөх миний номнуудыг үзэж, энэ чинь манай Зөвлөлтийн бригадын нөхдийн хэлдэг шиг, хөдөөд сайхан номын сан байна. Тийм биздээ сайдаа! Гэхэд Туваан сайд жуумалзан инээмсэглэж, толгой дохиж байв.

Би орныхоо эсрэг талын хананд тамхи, чихрийн 5-6 хайрцгийг амыг нь нааш нь харуулан дээр дээр нь 2 давхар өрж тавиад дотор нь номнуудаа өрсөн юм. Тэнд А.С.Пушкин, Лермонтов, Толстой, Чехов, Паустовский нарын зохиолын түүвэр, бас Кроны “Открытая книга” зэрэг гадаадын зарим зохиолчдын орос орчуулгын ном, мөн монголын Д.Нацагдорж, Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин гуай зэрэг зарим зохиолчдын ном, толь бичгүүд байсан юм. Хайрцагнуудын дээр зөвлөлтийн бригадын эмч нар надаас ном авч уншихдаа заавал тэмдэглэж бай гэж надад зөвлөж, өөрсдөө сурагчийн нимгэн дэвтэр гаргаж, өөрсдийнхөө нэр, авсан номынхоо нэр, авсан, өгсөн он, сарыг бичиж, гарын үсгээ зурсан байсныг зөвлөх үзээд, “үгүй, энэ чинь бүүр яг номын сан шиг, бүртгэлтэй байна шүү дээ! Болж, болж зөв байна!” гэхээр нь би “ингэж бичээд хэрэггүй, би та нарт итгэж байна гэсэн юмаа. Гэтэл тэд, заавал ингэж бичиж бай гээд өөрсдөө дэвтэр гаргаж, бичсэн юм” гэж жаахан зовсон байдалтай хэлтэл, “Зүгээр, зөв! Энэ чинь соёл, бичиж байх нь зүйтэй” гэв. Тэгээд би ажилчиддаа хичээл заадаг конспектээ үзүүлж, хөдөө ажиллаж байгаа бага эмч, сувилагч нарт зориулсан монголоор бичигдсэн ном, сэтгүүл байхгүй, тэд орос хэл мэдэхгүй тул зөвхөн сургууль, курст л бичиж авсан конспектоос өөр ашиглах юмгүй тул мэргэжил, мэдлэгээр хоцрогдож байна. Иймээс өөрийн үндэсний сурах, гарын авлагатай болтлоо, ойрын хугацаанд орос хэлээр байгаа бэлэн сурахуудыг орчуулбал зүгээр санагдаж байгаагаа ярихад Александр Александрович гуай сайдад хандаж “Энэ маш зөв санаа байна гэж би бодож байна, нөхөр сайдаа” гэхэд Туваан гуай толгой дохиж, тиймээ, энэ талаар бид төлөвлөж байгаа юм бий гэв. Тэгээд ажлын ачааллын талаар асуухад нь би өдөр бүр ажилчидтайгаа ярилцахаас ажлаа эхлэж, хэвтэж байгаа өвчтөнөө үзэх, эмчилгээний талаар бага эмч, сувилагч нартайгаа ярилцах, амбулаториар ирсэн хүмүүсийг үзэж, тусламж үзүүлэх, дуудлаганд явах зэрэг эмчилгээний ажлын дээр бас өвчтөний хоолны мах, цагаан идээ, эмнэлгийн түлээ, (говьд яггүй төвөгтэй зүйл байв) бэлтгэх, ажилчидтайгаа ногоо тарих зэрэг аж ахуйн ажил, бас тэгээд намын үүр, захиргааны гишүүний ажил, баг хариуцаж, тэдний төлөвлөгөөт ажлыг биелүүлэхэд нь туслах, сумын клубын зөвлөх, ажилчиддаа хичээл заах, мөн улс төрийн дугуйланд багшлах, хааяа орос кино гарахад орчуулах гээд нэмэлт үүрэг нилээд байдаг. Ажлын ихэнх цаг нь дуудлаганд явахад зарцуулагддаг. Морь, тэмээгээр дуудлаганд явахад заримдаа эмч явааг сонсоод цааш дамжуулсаар хэд, хэдэн айлаар очих болдог тул хэдэн хоногоор ч явах хэрэг гарна. Хэрэв өвчтөн хүнд бол эмнэлэг үрүүгээ аваад явах боломжгүй тул гэрт нь эмчилгээ-сувилгаа хийж, 2- 3 хоногоор сахиж, жаахан дээрдэхээр нь эмнэлэг рүүгээ авч явах, өвлийн цагт малчид бүүр Сэврээ, Баруун, Зүүн Богдын нурууд уруу оторт явдаг ба ер нь уг сумын нутаг нь их уудам, айл өрх нь тархуу нутаглах тул нэг дуудлаганд тэмээгээр ирэх, очихдоо хэд хонох ч тохиолдол гарах ба ойрын 3 суманд бас хааяа дуудагдахад морь, тэмээгээр хэдэн хоног явах зэргээр эмнэлэгтээ ирэлгүй 4-5 хоног болох ч тохиолдол нилээд гардаг, тусламж оройтсоноос элдэв хүндрэл гарах явдал гардаг зэрэг бэрхшээл байдгийг танилцуулж энэ алс холын сум түргэний машин л их чухал байна гэдгийг нилээд дэлгэрэнгүй ярьсан юм. Сайд тэр бүгдийг тэвчээртэй сонссоны дараа арга хэмжээ авч өгнө гэж билээ. Тэр намар нь Их хурлын депутат Аюур гуай ээлжит чуулгандаа явах гэж манай эмнэлэгт ирж, миний умгар өрөөнд хоноод маргаашийн шуудангийн тэргээр явсан юм. Иймд тэр оройг ашиглаж, Аюур гуайг Туваан сайд дээр орж машины талаар асуугаарай, сайд уг нь машин өгнө гэсэн юм шүү гэж сайн захив. Тэгээд Аюур гуай буцаж ирэхдээ машин бүтэх болсон. Зөвхөн сайд төдийгүй, Ю.Цэдэнбал дарга дээр орсон тухайгаа хууч хөөрч билээ. Түүнээс хойш удалгүй машин авах жолооч явуулах тухай аймгийн ЭХ хэлтэсийн даргад ЭХЯнаас цахилгаан ирж, аймгийн баазаас хүн явуулж ЭХЯ-ны орлогч сайд агсан Түмэндэлгэрийн унаж байсан 67 машиныг манайд өгч биднийг ихэд баярлуулж, бас Түмэндэлгэр шинэ 69 машин авч завшсан билээ. Ингэж Монголын сумдаас Баянлиг эмнэлэгтээ түргэний машинтай анхны сум болсон юмдаа.

Бид ч маш их баярлаж, сайддаа баярласнаа илэрхийлсэн захиа бичиж, улам л урам зоригтой ажиллацгаасан юм. Тэр зун нь бас намайг атомын дайны эсрэг Япон улсад болох олон улсын бага хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцуулан явуулсан юм. Түүний өмнөхөн нь би “Үнэн” сонинд атомын бөмбөгийн аюулын тухай өгүүлэл бичсэн байсан маань ч түлхэц болсон болов уу, магад л Туваан сайд маань л манай эмнэлгийн ажлыг үнэлсэн хэрэг боллоо гэж би тэр үедээ бодож, туйлаас их баярлаж билээ.

Дараа жил нь Баянхонгорын Эмнэлгийн ерөнхий эмч, мэс заслын тасгийн эрхлэгч байсан Б.Хас гуай (хожим гавьяат эмч болсон) гачигдлаар Улаанбаатар шилжих болж, орны эмчийг ЭХЯ-аас гуйхад одоогоор явуулах хүнгүй байна, мэс заслын эмч нарын курс удахгүй дуусахаар тэднээс хүн явуулая гэсэн тул намайг Баянлигээс шилжүүлж ажилуулсан юм. Би Хас гуайн хийж байсан ерөнхий эмч, мэс заслын тасгийн ажлын дээр бас дотор, эх барих-эмэгтэйчүүдийн тасгийг давхар хариуцах үүрэгтэй болов. Мөн амбулатор байгуулах, лабораторио сайжруулах, рентген аппарат олж авах гээд хирэндээ л их ажил ундарсаар л байлаа. Мөн аймгийн улаанбуланд хөдөлмөрчдөд лекц унших, арван жилийн сургуулийн орос хэлний хичээлд сууж, санал зөвлөлгөө өгөх, улс төрийн дугуйланд багшлах гээд олон түмний ажилд оролцоно. Аймгийн төвийн амбулатор ажиллаж эхлээгүй учир төвийн айлуудын дуудлаганд явах, ялангуяа сумдуудад эмч нартайгаа ээлжлэн дуудлаганд явах, тэр үед Баянхонгорт тарваган тахал харьцангуй их гардаг тул тахлын дуудлаганд явах зэрэг ажлууд шил шилээ дараад л гардаг байв. Гэтэл ЭХЯ-наас Улаанбаатар уруу шилжүүлэх болсон юм. Сайдын тушаалаар Зөвлөлтийн АУ-ны дунд сургуулийн сурах бичгийг орчуулах хэсгийг ЭХЯ-ны 1-р орлогч сайд Д.Цагаанхүү ахлагчтай 8 хүнтэй бүлэг байгуулан, бүрэлдэхүүнд намайг оруулсан байсныг Туваан сайд маань манай сумаар очиход нь миний ярьсаныг санасаар явж дээ гэж бодохдоо хүмүүсийн ярьсан санал, бодлыг ажилдаа тусгаж хэрэгжүүлэхийг хичээдэг удирдагч хүн юм байна даа гэж бишрэн хүндэтгэж байж билээ. Би сайдын тушаал гарсан даруй явж чадаагүй, орны хүн ирэхийг хүлээсээр бараг 2 сараар хоцорч очсон юм. Миний оронд аймагт манай ангийн Бодьхүү эмч (өдгөө төрийн шагналт, анагаах ухааны доктор) очсон билээ. Намайг очиход бүлгийнхэн бүгд тус бүрийн мэргэжлийнхээ сурахыг аваад ажилдаа аль хэзээний орчихсон, харин надад А.Л.Капланы “Эх барихуйн ухаан” гэдэг 35.5 хэвлэлийн хуудас, нилээд зузаан ном үлдсэн байв. Тэр үед энэ талын ном монгол хэлээр гараагүй нэр томъёо ч боловсроогүй байсан тул миний хувьд их л бэрхшээлтэй байлаа. Номын сангуудаар хуучин ном, судар хайх, хүмүүсээс асууж зөвлөх, тэр ч байтугай их эрдэмтэн Б.Ринчин гуай дээр очиж зөвлөгөө авах ч хэрэг гарч байв. Орчуулгын үед миний оруулсан нилээд хэдэн нэр томъёо одоо ч гэсэн хэрэглэгдсээр байдаг юм.

Бид хэдүүл ЭХЯ-ны нэг том өрөөнд хамт сууж орчуулгаа хийдэг байлаа. Нэг өдөр Туваан сайд орж ирээд Ж.Аминдаваад нэг урилга гаргаж өгөөд, энэ манай эмч нарын тухай Ч.Ойдовын зохиолоор хийсэн жүжгийн нээлт төв театрт болох юм. Чи очиж үзээд, надад сэтгэгдлээ танилцуулаарай гэхэд Ж.Аминдаваа бие тааруу гээд С.Эрдэнээг явуулая гэтэл бас цаадах нь орой ажилтай тул Цэрэннадмидыг явуулая гээд л тэр 2 над руу бухдаг байгаа. Тэгээд л би юу ч хэлж чадалгүй, арга буюу явах болж, очиж үзээд, орой нь жаахан юм биччихээд, маргааш нь нөхөддөө танилцуулахад нилээд чангал, бөөрөнхийдүү байна гэцгээв. Д.Цагаанхүү гуай ч орж ирээд, миний бичсэнг гүйлгэж танилцаад мөн л тэдэнтэй санал нэгдэв. Орой нь би ажил дээрээ сууж, нилээд засаад бичээч нарт өгөөд маргааш нь Д.Цагаанхүү гуай дээр орж, одоо яах вэ гэтэл намайг сайд уруу дагуулаад ордог байна. Би жүжгийн талаар ярьж, Д.Цагаанхүү бас тэдний саналыг танилцуулахаар нөгөө машиндуулсан саналаа би өгтөл сайд, за надад орхичих, маргааш өглөө аваарай гэв. Маргааш нь иртэл, сайд сайн илтгэх хуудас болсон байна. Гэвч манай эмч нарын тухай анхны жүжиг тул бас хэтэрхий муулж, доошлуулж болохгүй байх. Жаахан зөөлрүүлж, гол санаагаа оруулаад “Утга зохиол” сонинд өг л дөө гэв. Тэгээд л сонинд аваачиж өгөөд, бага зэрэг засагдаад удалгүй гарч, өвөл нь “Утга зохиол” сонины тэр жилийн хоёрдугаар шагнал хүртэж, нөхөдтэйгээ хөөрхөн тэмдэглэж билээ.

Ингэж л Туваан сайд доор нь жиллаж байгаа хүмүүст найдвар өгч, ажил хийлгэж, сургаж, идэвхижүүлдэг байсан юм. За тэгээд, би сурах бичгийнхээ орчуулгыг дуусаад, мэргэжлийн ажилд очих хүсэлтээ хэлж, сургууль төгсөх үед сургуульд багшаар үлдээх санал тавьж байсан тухай дурсав. Туваан сайд, тиймээ, би санаж байна. Чи маргааш Их сургуулийн 310-р өрөөнд 10 цагт яваад очоорой. Би тэнд улсын шалгалт дээр сууж байна. Танай декан, багш нар чинь цөм тэнд байна гэв. Маргааш нь 10 цагт очтол, сайд намайг дуудаж ойртуулаад, багш нарт хандан, “За, энэ танай төгсөгч Цэрэннадмид гэдэг эмч хөдөө ажиллаж байгаад, саяхан ирж, Зөвлөлтийн дунд сургуулийн сурах бичиг орчуулах ажилд оролцож, үүргээ гүйцэтгээд, одоо сургуульдаа багшаар ирье гэж хүсэлт гаргасан юм. Тэгээд та нарт танилцуулж байгаа юм” гэв. Би мэс заслын тэнхимд очих санаатай байлаа. Гэтэл хамгийн түрүүнд дотор өвчний судалгаа-эмчилгээний тэнхмийн эрхлэгч Николай Андреевич Ардаматский шууд л “За, энэ эмч бол манай хүн байна шүү дээ! Оюутан байхдаа Эрдэм шинжилгээний дугуйланд ажиллаж, итгэл тавьж, идэвхитэй суралцаж байсныг би санаж байна. Түүний бичсэн “Өвчний түүх” нь одоо ч манай тэнхим дээр хадгалагдаж байдаг, тэгээд дараагийн ирэх оюутнуудад жишээ болгож үзүүлж байдаг юм. Тэгэлгүй яахав. Хэрэв захирал татгалзахгүй бол манайх авъя гэдэг байна. Би, мэс заслын багш нар юу гэх бол гэсэн шиг тэдэн үрүү сэмхэн харж байтал, тэд ч юм дуугарсангүй, сайд ч “За танай багш чинь авъя гэж дуртай байна. Дотрын тэнхимд очиж дээ!” гээд инээлдэцгээв. Тэр үед декан байсан Лодон багш захиралтай юм ярих шиг болоод, 9-р сард хичээл эхлэхэд авч болох юм гэв. Тэгэхэд нь сайд тэр болтол Төв больницын дотрын тасагт ажиллаж байна биз. Больницын дарга Р.Гүр дээр яваад оч. Тушаалыг чинь хойноос чинь явуулахыг боловсон хүчнийхэнд би хэлэмз гээд л миний асуудал шийдэгдэв. Ингэж дотрын эмч, багш болж, хагас зуун жил зүтгэх их замын эхлэл, зүг чигийг минь Туваан сайд, багш Николай Андреевич хоёр маань гаргаж өгсөн юмдаа. Тэгээд Төв больницын дотрын 2-р тасгийн эрхлэгчээр очиж ажилласан юм. Миний бичсэн өвчний түүхийн тухай Ардаматский багшийн ярьсан зүйл миний сэтгэлд гүнзгий хоногшиж хожим би тэнхмийн эрхлэгч болсон хойноо оюутны дунд “Өвчний түүх” бичилтээр шалгаруулалт явуулж, урамшуулах, шалгарсан түүхийг тэнхим дээрээ хадгалж, дараагийн оюутнуудад үзүүлдэг болсон билээ. Манай тасаг дан эмэгтэйчүүдийн тасаг байсан тул тэр үед хүнд хэлбэрийн цус багадалттай өвчтөн говийн аймгууд, Улаанбаатараас нилээд ирж хэвтдэг байв. Нэг өдөр би тийм нэг өвчтөнд цус юүлж байтал больницын дарга Гүр орж ирээд Туваан сайд дээр очих хэрэг гарлаа, энэ эмчилгээгээ эмч нарын нэгэнд өгөөд яв гэхэд нь, би энэ процедур хүндрэл гарч болох тул дуусгаад явъя гэтэл, дарга маань “сайдыг тэгэж хүлээлгэж болохгүй, яаралтай ирүүл гэсэн юм. Би чамд Бадер эмчийг гаргаж туслуулая гэв. Тэгээд Бадер эмчийг (хожим гавьяат эмч болсон, мэс засалч) хүн гүйлгэж, дуудан ирэхэд нь манай тасгийн нэг эмчтэй Бадер тэр хоёрт учир явдлыг тайлбарлаж хэлээд, яам руу гүйв.

(Тэр үед цус юүлэх одоогийх шиг ийм төхөөрөмж байгаагүй тул шампан дарсны шил шиг, хүүхдийн угжны хөх, урт резин гуурс, янз бүрийн хавчаар зэргийг ашиглаж, бидний өөрсдийн хийсэн төхөөрөмжөөр цус юүлдэг байсан тул байнга хянаж, нямбай хандах шаардлагатай байдаг байв). Яаман дээр бараг гүйсээр шахуу л очиж, сайд дээр ортол, сайд надад гадаадад тэр жил явсан паспорт чинь бий юу гэхээр нь Гадаад яаманд хууралгасан гэв. Хөдөө аж ахуйн яамны сайд Балжинням дээр хурдан яваад оч. Паспорт чинь гадаад яаманд байгааг хэлээрэй. Бээжингээс тэдний нэг хүнийг авчирах юм. Тэр талаар Балжинням сайд тайлбарлаж өгнө гэлээ. Тэгээд Балжинням гуай дээр очтол: Манай хөдөлмөрийн баатар Чойдорж гэдэг хүн Бээжинд эмчлүүлэхээр явсан юм. Тэгээд, нутагтаа ясаа тавих минь, намайг яаралтай аваач гээд тэвдүүлээд байдаг. Түүнийг л амьд авчрах хэрэгтэй байна. Өвчний талаар нь Сайд нарын эмнэлгээс мэднэ биз. Онгоц маргааш өглөө явна” гэв. Би паспортынхаа тухай хэлтэл “За би эндээс хүн явуулж туслуулая. Чи эмнэлгээс очиж, өвчний нь тухай сайн мэдэж аваад, зохих эм, тариа тэднийхээр бэлдүүлж аваад явахыг бодоорой. Би Туваан сайдад чиг бас хэлье. Ажлаа гүйцэтгээд гадаад яаман дээр очиж паспортаа аваарай. Тэнд бас манай очих хүн онгоцны билетийг чинь аваачаад өгчихнө. За тэгээд сайн яваад, баатрыг минь амьд мэнд авчирна шүү гэв. Ингэж би 2 яамны сайдын даалгавраар яаруу явж, Хэнтий аймгийн Дадал нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар Чойдорж гэдэг хүнийг Бээжингээс галт тэргээр, замдаа шаардлагатай эмчилгээ хийсээр амьд мэнд авчирч, Сайд нарын эмнэлэгт хүлээлгэн өгөөд Туваан сайдад очиж илтгэхэд, сайд биеийн байдал, өвчнийх нь талаар болон Бээжинд эмч нарын зөвлөлгөөн яаж хийлгэсэн зэрэг тэнд болсон явдлын талаар нарийн асууж, дараа нь Балжинням гуай уруу ярьж, за манай эмч танай баатрыг чинь амьд мэнд авчирч, эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна шүү. Танай тавьсан хүсэлтийг чинь биелүүлсэн шүү, сайдаа гээд Балжинням сайд чамд баярлаж байгаагаа дамжуулаарай гэж байна шүү. За сайн байна. Мэдлэг, чадвараа улам дайчилж, сайн эмч, багш, эрдэмтэн болоорой. За, баяр хүргэе. Баярлалаа гэж, их л эелдэгээр инээмсэглэн гарыг минь барьж билээ.

Сайдын хэлснээр би МУИС-д багшаар шилжин, очиход Н.А.Ардаматский багш маань нутаг буцаж оронд нь И.И.Крыжановская гэж профессор ирсэн юм. Удалгүй би Хүн эмнэлгийн факультетын орлогч деканаар томилогдож, үдээс өмнө эмнэлэг дээрээ өвчтөн үзэж, оюутанд хичээл зааж, үдээш хойш деканы газарт ажилладаг хуваарьтай байв. Тэр жил деканаар профессор Балдандорж гуай томилогдсон юм. Надад бас ажил нэмэгдэж, МУИС-ийнхаа Намын хорооны товчооны гишүүнээр сонгогдов. Гэвч Туваан сайд надад мэдлэг, чадвараа байнга ахиулж, сайн эмч, багш, эрдэмтэн болохыг даалгасан шүү гэж бодож, биеэ дайчилж, ажлынхаа хажуугаар Крыжановская багшдаа хүнээ үзүүлж, зөвлөлгөө авах, лекцэнд суух, бусад эмнэлгүүдэд зөвлөлгөө өгөхөд нь дагаж явах, судалгаа хийх талаар зөвлөгөө авах зэргээр бие дайчилж, хичээдэг байв. 1960 оны 10-р сард ЭХЯны ой болж, яамны дээд шагнал болох “Эмнэлгийн сайчуул” (Оросын “Отличник здаровоохранения” гэдэг шиг тэмдэгийг анх бий болгож) хожим түүнийг өөрчлөн “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” болгосон юм, эхний 8 хүнийг шагнахад намайг оруулсан нь надад улам л хичээн зүтгэх урам зориг хайрласан юмдаа.

Амьдрал, хүний хувь заяа гэж! Над шиг Туваан сайдаас үүрэг даалгавар, зөвлөлгөөн санамж авч, түүнийг нь биелүүлэх гэж зүтгэж, түүний анхаарал халамжийг мэдэрч, заримдаа ч бас зэмлэл, банга авч явсан олон зуун эмч, эмнэлгийн ажилтнууд, мөн сайдаас дэмжлэг туслалцаа авч, асуудлаа шийдвэрлүүлж байсан олон мянган эгэл жирийн хүмүүс түүнийг “Туваан сайд” гэж цаг ямагт хүндэтгэн, сэтгэлийн гүнээсээ талархан, баярлаж, биширч явдаг гэдэгт би итгэж явдаг юм. Туваан сайд бол өөрийнхөө цаг үеийн жинхэнэ төлөөлөгч нь байсан билээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 625
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК