Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Г.Туваан ах
( Түүх )

Монгол улсын гавъяат багш, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Индра

 

 

Туваан ах бол Монгол улсын эрүүл мэндийн байгуууллагын ажилд зүтгэж хүч хөдөлмөр, ухаан санаагаа насан туршид зориулсан нэгэн гэж би боддог. Эрүүлийг хамгаалах яамны сайдаар олон жил ажиллаж. Эмнэлгээр үргэлж орж орон байртай нь танилцаж, асуудлыг шуурхай шийдэж эмч сувилагч, өвчтөнтэй ярьж эрэлт хүсэлтийг нь хүлээн авч байсан болохоор байдлыг сайн мэддэг байсан. Бүх эмч нарыг байтугай сувилагч нарыг таньдаг, нэрээр нь мэддэг хүн байлаа. Сувилагч нарыг нэр усаар нь таньдаг энэ чанарыг хүн гайхдаг байж билээ. Ингэж олон түмнээр хүрээлүүлсэн хүн байсан юм шүү. Миний хань Н.Жагварал 1946 онд өөрийн дотны нөхөр Туваан гуайтай танилцуулсан юм. Цэвэрхэн хувцасласан, тохьтой яриатай хүн байсныг санаж байна. Туваан гуай Жагварал хоёр 1940 –д оноос Москвад хамт суралцаж, дайны үед сургууль нь Ферганад дүрвэн очисон хэцүү хүнд жилүүдийг хамт өнгөрүүлсэн болохоор энэ хоёр хүний үерхэл хатуу ширүүн үед хатаагдсан байжээ.

Дараа нь Туваан гуай эгчтэй минь Няматай ханилан суусан цагаас манай хоёр айл өдөр тутмын холбоо харилцаатай байсаар ирсэн.

Туваан гуай бага эмч байх цагаас мэдлэг туршлагатай эмч байсан. 1952 онд МУИС-ийн анагаах ухааны факультет төгсөж их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1949 онд Туваан гуай манайх хоёр гэрээрээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нэг таньдаг айл бараадан амарсан юм. Тэр үеэр Туваан гуай, Няма эгч хоёрт биеэ үзүүлэх, зөвлөлгөөн авах гэж нутгийн хүмүүс маш олноор цуглардаг байж билээ. Манай гэр ямар нэг хэмжээгээр эмнэлгийн цэг болж билээ.

Туваан гуай их туршлагатай, хүнтэй харьцаа сайтай, хөдөө орон нутагт нэртэй хүн байсан бөгөөд Няма эгч ч нүдний гарамгай сайн эмч, онош тавихдаа биеийн ерөнхий эрүүл мэндийн байдалтай холбон үздэг болохоор хүмүүс биеэ үзүүлэх гэж их ирдэг байсан.

Туваан гуай их зарчимч хүн байсан гэж би боддог.

Эцэг нь Гүржав гуай Дундговь аймгийн Адаацаг нутгийн хүн, хүү, бэр дээрээ хот орж ирнэ. Ёстой л нэг хөдөөний монгол, ногоотой хоолонд дургүй, ногоотой хоол чанасан саванд надад хоол бүү хийж өгч байгаач гэж эгчид минь хэлдэг болохоор Гүржав гуайд тусгай тогоонд хийж өгдөг байж билээ.

Нэг удаа хот орж ирээд буцахад сайд хүүгээ нутагт минь машинаар хүргэж өг гэхэд нь “албаны машиныг хувийн ажилд ашиглаж болохгүй” гэсэн бололтой.

Гүржав гуай уур нь хүрч малын зах дээр очтол нутгийн нь хүн морь худалдаж байжээ. Ямар үнэтэй өгөх вэ? гэж асуухад 200 төгрөг гэжээ. Гүржав гуай “250 төгрөгөөр” худалдаж аваад, унаад нутаг явсан гэж хэлсэн байдаг юм. Энэ нь хүүдээ гоморхож уураа гаргасан хэрэг. Туваан ахыг ер нь хөдөө хотгүй хүмүүс мэддэг байсан, одоо хир нь мэддэг хүн бий. Туваан ах сайд байх үедээ хөдөө хотын эрүүл мэндийн байгууллагууддыг хяналтынхаа дор байлгаж чадсан гэж бодож байна. Би хоёр жилийн өмнө Төв аймгийн Алтанбулаг сумаар явж байгаад гүү барьсан нэг айлд орж айраг уулаа. Гэрийн эзэнтэй танилцаад нутаг усыг нь асуувал Адаацагийн айл, отороор нүүж ирсэн гэлээ. Туваан гуай гэж танай нутгийн хүн миний хүргэн ах гэтэл Туваан сайдыг мэдэлгүй яахав гэж билээ. Туваан гуай бол их гэрсэг, хүүхэд ханьдаа түшигтэй, халамжтай хүн байж билээ. Манай хоёр гэрийн хүүхэд хоорондоо нөхөрсөг үерхэж тоглож өссөн юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 252
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК