Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Шилдэг оюутан
( Түүх )

Монгол улсын гавъяат багш, доктор, профессор, Г.Жамба

 

 

Бидний арван дөрвөн оюутан 1950 онд Монгол Улсын Их сургуулийн Хүн эмнэлгийн факультетын 4-р курсэд суралцаж агсан тэр намар 30 эргэм насных бололтой, хар ногоон гимнастерктэй, мөнгөн тоногтой суран бүстэй, нэгэн бор залуу бидэнтэй мөр зэрэгцэн хичээлд суух болсон нь санаанд тодотгон үлджээ. Тэр үеэс эхлэн бид ангидаа арван тавуул болж, төгсгөн төгстөл хамт хичээллэж, найрсаг сайхан хамт олныг бүрдүүлсэн билээ.

Энэ залуу хүнтэй хожим нь танилцан хөөрөлдөх, хамт хичээл тавтах, гэр оноор нь орох, Р. Нямаа багштай танилцах азтай завшаан ч над тохиож байсныг эргэн санахад сэтгэл өөдрөг байдаг.

Гүржав овогтой Туваан гуай Монгол Улсын Эрүүлийг хамгаалах үйл хэргийг үндэслэн байгуулагч, хөгжүүлэн төгөлдөржүүлгчдийн нэг, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, БНМАУ-ын гавьяат эмч хүн байсан, байх ч болно.

Тэр үеийн засаг төр ч бие хүнийх нь хувьд түүнийг төгс боловсролтой, оюунлаг, эрдэм мэдлэгтэй зохион байгуулагч болгоход анхаарал халамж тавьж ирсэн зураг харагддаг юм. Г.Туваан гуай 1927 оноос (энэ нь миний төрсөн жил) 1932 онд Эрхүү хотын Рабфакийн санхүү, эдийн засгийн ангид, 1935-1937онд Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хүн эмнэлгийн техникумын бага эмчийн ангид, 1940-1943 онд ЗХУ-ын Москва хотын Дорнодахиныг судлах Дээд сургуулийн Монголын салбарт суралцан тус тус амжилттай төгсгөсөн байдаг. Адаацаг сумын ядуухан малчны хүү ийм өндөр боловсролтой болно гэдэг тэр үеийн хүн бүхэнд тохиох хувь тавилан биш байсан нь тодорхой, гагцхүү энэ замыг сонгосон нь түүний төрөлхийн сэргэлэн ухаан, авьяас билэгт оршиж байсан юм болов уу гэлтэй. Түүний гайхалтай гойд ой ухаан, санамж, хүнийг мартахгүй таних мэдрэмж, энгүүхэн жирийн хэл яриа зэрэг нь хүнийг өөртөө татах нэг увьдас, бид бүхний бишрэн хүндэтгэх зүйл байсныг түрүүхэн үеийнхэн маань дурсан ярилцдаг билээ.

Оюутан ахуй тэр хоёр жилд Туваан гуайтай хамт цөөнгүй удаа хичээл давтаж, мэдлэгээ харилцан хуваалцаж, ярилцдаг уламжлал тогтсон юм. Энэ талаар дурсан хэлэх зүйл олон ч, сэтгэлд хоногшсон ганц нэгнээс нь дурдвал: Туваан гуай бидэнтэй хамт суралцаж байхдаа 1951-1954 онд МУИС-ийн Мэдрэлийн өвчин судлалын тэнхимийн эрхлэгч агсан, ЗХУ-ын нэрт неврологч, психаторч, профессор Григорий Яковлевич Либерзон, ялангуяа түүний ховс судлалын гайхамшигт лекцүүд, доцент Сергей Михайлович Куклиний сэтгэц, мэдрэл судлалын лекцүүд, өвчтөнд үзлэг хийдэг хандлага, арга барилыг онцгойлон сонирхдог байсан юм. Тэр үед дэлхий даяар тэр аяараа хүний дээд мэдрэлийн системийн үйл ажиллагааг чухалчлан судлаж байсан цаг. “ Алив чи нааш ир, хоёулаа энэ хүний уураг тархины хаанаа нь юу оршдгийг судлаадахъя” гэж бэлдмэлээ авчиран зураг татуулж байсан нь ч санаанаас гардаггүй юм.

Тэр үед оюутны өглөөний “Сонин уншлагын цаг” нэртэй улстөрийн мэдээллийг хагас сайны өглөө бүр анги бүхэнд хэвшмэл хийдэг байсан. Ангийн оюутнуудын дотроос Туваан гуайн хийсэн сонсгол утга төгөлдөр, яруу сайхан болдог байсан. Тэр бүхнээс ч уг хүний төрийн түшээгийн өргөн мэдлэг, боловсролын цар хүрээ, дадлага туршлага, хүнд юм ойлгуулан сэнхрүүлэх онцгой авьяас чадвар илт мэдрэгддэг байсан юм. 1952 оны сургууль төгсөх үеэр бид хоёр марксист философийн улсын шалгалтанд нэлээд хэд хоног хамтдаа бэлдсэн юм. “Пролетарийн диктатурын тухай сургааль” гэгч сэдвээр надад бүхэл бүтэн лекц уншиж, түүнийг нь би сайн цээжлэсний ачаар уг хичээлээр улсын шалгалтандаа сайн дүн авснаа санаж байна. Сайн нөхрийн ач буян тэр биз.

Монгол Улсын хүний гавьяат эмч Гүржаын Туваан гуай улс эх оронд маань 40 гаруй жил амжилт бүтээл арвинтай ажиллаж хөдөлмөрлөснөөс Ховд аймгийн Булган сумын бага эмчээс эхлээд 23 жил БНМАУын Эрүүлийг хамгаалах яамны сайд, орлогч сайдын албыг хашиж, төрийн дипломат албанд зүтгэсэн, тухайн цаг үеийг эзэгнэсэн их хүн байв. Монгол Улсын Эрүүл мэндийн албыг олон жил толгойлон удирдаж, тогтолцоог нь боловсронгуй болгох, хүн амд эмнэлгийн тусламжийг ойртуулах ажлыг шууд зохион байгуулах их ажлын зэрэгцээ, 1956 оноос эхлэн социалист орнуудын Эрүүлийг хамгаалахын сайд нарын зөвлөлгөөн, 1960-1971 онд ДЭМБын чуулган, бусад хурал зөвлөлгөөнд Монголын Эрүүлийг хамгаалахын төлөөлөгчдийн тэргүүнээр тасралтгүй оролцон эх орныхоо нэр хүндийг өргөж, Монгол Улсын эрүүлийг хамгаалах ажлын амжилт бүтээлийг гадаадад ертөнцөд танилцуулан, бусад улс оронтой харилцаа холбоо тогтоон хамтын ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн хүн хүчнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нийгмийн ахмад зүтгэлтэн, ухаалаг дипломатч байсан юм.

Буянт энэ буурлынхаа мэндлэсний 100 жилийн ой тохиож байгаа энэ жил хайрт хань, үр хүүхэд, ач зээ нар, хамтран зүтгэгчидТа бүхэн элбэрэлт хань, ачит эцэг, энэрэлт өвөө, халамжит нөхөр асан Гүржавын Тувааныхаа тухай халуун яриа өрнүүлэн сайн сайхан дурсамжаа дэлгэн хуучлах, бахархан тэмдэглэх, үйл хэргийг нь уламжлан залгуулах, ихийг бүтээх өлзий төгөлдөр, амар амгалан амьдрах он байх болтухай гэж ерөөе.

Сайд Тувааны маань алдар нэр ашид мөнх дурсагдах болтухай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 234
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК