Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Эрдэмт сайд
( Редакцийн зурвас )

Академич П.Нямдаваа

 

 

Б.Гонгоржав (1908-1968) гуай бол ЗХУ-д боловсрол эзэмшсэн манай анхны сэхээтнүүдийн нэг, БНМАУ-д өнгөний өвчинтэй тэмцэх үйлст ухамсарт амьдралынхаа олон жилийг зориулсан манай арьс өнгөний нарийн мэргэжлийн анхны эмч бөгөөд Дэлхий хоёрдугаар дайны хүнд хэцүү жилүүдийн эхээр БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдон ажиллаж байсан манай анхны анагаахын дээд боловсролтой сайд байжээ.

Тэрээр ЗХУ-ын буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр 1952-1958 онд хэрэгжүүлсэн өнгөний өвчнийг илрүүлэн эрүүлжүүлэх Зөвлөлт Монголын их аяныг санаачлагч, жинхэнэ гардан хэрэгжүүлэгч нь байсан юм.

Өвөг дээдсээс маань бидэнд өвлөн ирсэн соёл-түүхийн баялаг өв, тэдгээрийн тухай Дэлхийн дэвшилтэт хүн зон, судлаачдын бүтээлтэй танилцаж гэгээрсэн нэгэн байсан нь Б.Гонгоржав докторыг тэр үеийн нам засгаас авч хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээнүүдэд шүүмжлэлтэй хандахад хүргэж байсан байна.

Ороо бусгаа цагийн шуурга түүүний бие даасан, аливаад өөрийн гэсэн ухаанаар ханддаг чадвар дээр нь дөрөөлөн цагийн золиос болгож байсан нь үнэнхээр харамсалтай. Үнэндээ цагийн ороо бусгааг хувийн явцуу эрх ашигтаа хөтлөгдөн увайгүй атаархагчид л биежүүлдэг нь цагийн эрхээр тодордог ажээ. Тийм атаархагчид зөвхөн манайхан дотор ч байсан төдийгүй, бас тэр үед манайд ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдийн дотор ч байсныг сэтгүүлийн энэ дугаарт орсон “Үйл ажиллагаа ба хилс хэрэг” гэсэн хожмын судалгаанаас үзэж болно.

Б.Гонгоржав гуай зөвхөн сайн эмч байгаад зогссонгүй, сайн орчуулагч, бас зохиолч, түүх судлаач, зураач байсныг сэтгүүлийн маань энэ дугаарт орсон бүтээлүүд Танд гэрчилнэ.

Энэ гэгээрсэн сэхээтэн цаг үеийн золиос болж үнэтэй олон сар, жилээ алдаагүйсэн бол, сэтгэл санааны нөхөшгүй хохирол амсаж гуниж гутраагүйсэн бол өөр ямар ихийг бүтээж, манай хүн амын оюун санааны ертөнцөд бэлэг болох ямар олон сайхан бүтээл туурьвих, орчуулах байсан бол гэдэг нь энэ гэгээн ойтой давхцуулан эрүүл ухаанаар бодон ухаарч, хойд үеийнхэндээ сургамж болгох учиг болно.Түүхт ойг тэмдэглэхийн нэг гүн ухаан нь түүхээс суралцах нэгэн аятай агшин болдогт оршимой. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 289
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК