Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Балжиннямын Гонгоржав (1908-1968) Мэндэлсний нь 100 жилийн ойд
( Редакцийн зурвас )
 

Балжиннямын Гонгоржав 1908 онд тэр үеийн Оросын Эзэнт Гүрний Өвөр Байгаль муж (Забайкальская область), одоогийн Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг, Хилго голын өвөр этгээдэд байх Бичүүр тосгоны ойролцоо Архариат гэдэг газар төрсөн, буриадын ашибагад овгийн хүн ажээ.

Хорьдугаар зууны эхэн үеийн оросын хязгаар нутгийн орос бус үндэстний ядуу даржин өрхийн амаргүй амьдрал, цаг төрийн үймээнд дөжирч ядарсан эцэг, эх нь Богдод мөргөж хийморь лундаагаа сэргээх, шинэ амьдрал хайхаар 1921 онд Богдын хүрээнд даяанчлан ирснээр Гонгоржав хүүгийн шинэ амьдрал эхэлсэн билээ.

Угаас толгой сэргэлэн хүү орос хэлтэйн дээр монгол бичиг үсэгт хурдан сайн суралцаж, 1923 онд Монгол улсад албан ёсоор дагаар орсон тул 1924 онд Ардыг гэгээрүүлэх Яамны томилолтоор ЗХУ-ын Улаан-Үүд хотын багшийн сургуульд суралцуулахаар илгээжээ.

Гонгоржав хүү сургуульдаа нэн хичээнгүйлэн суралцаж 1927 онд онц дүнтэй төгсөж ирсэн тул түүнийг ЗХУ-ын Ленинград хотын Багшийн дээд сургуульд суралцуулахаар явуулжээ. Гэвч Б.Гонгоржавыг 1929 оны зуны амралтаараа нутагтаа ирээд байхад нь “барууны үндсэрхэг үзэлтэн” хэмээх хоч зүүж, МХЗЭ-ээс хөөн, ЗХУ-д суралцах эрхийг нь хассан аж. Гонгоржав 1929-1932 онд Ардыг Гэгээрүүлэх Яаманд орчуулагч хийхийн зэрэгцээ дунд сургуульд химийн хичээл зааж байсан байна.

Тэрээр 1932 онд цэрэгт татагдаж Цэргийн ерөнхий штабт орчуулагч, цэргийн дарга нарын курст багш хийж байгаад 1933 онд ЗХУ-ын Цэргийн хүн эмнэлгийн академид суралцахаар томилогдсоноор энэ авьяаслаг сэхээтэн БНМАУ-ын эрүүлийг хамгаалах албаны дайчин болох замаа эхэлсэн юм. Тэрбээр 1938 оны 3 дугаар сард сургууль төгсөх улсын шалгалтанд бэлтгэж байх үедээ гэнэт Монголдоо дуудагдан ирж, цэргээс учир битүүлэг шалтгаанаар мөн халагджээ.

Б.Гонгоржав “Захын эмнэлэг” нэртэй байсан арьс-өнгөний анхны эмнэлэгт 1939 онд томилогдон, тэнд ажиллаж байсан зөвлөлтийн эмч нартай хамтран ажиллаж эхэлсэн монголын анхны арьс-өнгөний эмч бөгөөд цаашдын бүх амьдралаа анагаах ухааны энэ салбарын үйлчилгээ, сургалт, судалгааг БНМАУ-д хөгжүүлэхэд зориулсан анхдагч билээ. Б.Гонгоржав 1941 оны 2 дугаар сард ЭХЯ-ны сайдаар томилогдож, 1942 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан юм. Дэлхийн хоёрдугаар дайны эхний хүнд бэрх үед таарсан энэ томилолтынхоо хугацаанд тэрээр эрүүлийг хамгаалах албыг бэхжүүлэх талаар богино хугацаанд их ажил амжуулж, бүх аймгийг Эрүүлийг хамгаалах хэлтэстэй болгосноос гадна, Ариун цэвэр гэгээрлийн ордны эх суурийг тавьж, Аж үйлдвэрийн комбинатыг хүүхдийн ясль, хүүхдийн сүүний газартай болгосон байна. Мөн тэр үед нам, засгаас даалгасан дагуу “Ноос бол алт” гэсэн компанит ажилд идэвхитэй оролцож, Дорноговь аймгийг хариуцан ажилласнаар уг аймаг 1942 оны ноос бэлтгэлийн ажлаараа улсад хоёрдугаар байранд орж “Хөдөлмөрийн гавьяаны одон”-гоор шагнуулж байжээ.

Тэрээр 1942 оны 12 дугаар сард ЭХЯ-ны сайдын үүрэгт ажлаас халагдаж, 1944 оны 5 дугаар сар хүртэл Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байгаад хилс хэргийн учир 1944-1946 онд шоронд суусан юм. Б.Гонгоржавт ногдуулсан энэ эсэргүү хэрэг нь хилс байсныг хожим тогтоож, БНМАУ-ын Ардын Их хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1960 оны 73 дугаар тогтоолоор цагаатгажээ.

Б.Гонгоржав 1946 онд Арьс-өнгөний эмнэлэг шинээр байгуулагдахад даргаар нь томилогдож 1960 он хүртэл уг албанд 20 шахам жил ажиллахдаа арьс-өнгөний албыг материаллаг бааз, хүн хүчнээр бэхжүүлж, хүн амын дунд дэлгэрмэл байсан өнгөний өвчнийг эрүүлжүүлэхээр 1952-1958 онд БНМАУ даяар зохион байгуулсан Зөвлөлт-Монголын арьс-өнгөний үзлэгийн үйл ажиллагааг гардан удирдаж, энэ урхагтай аюулт халдварт өвчнийг бүрэн хяналтандаа авах ажлыг оройлсон удирдсан гавьяатан болно.

Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээгээр Хүн эмнэлгийн техникум, сувилагчийн сургуулиудад арьс өнгөний өвчний хичээл зааж, анагаах ухааны энэ салбарын анхны боловсон хүчнийг бэлтгэлцсэн билээ.

Б.Гонгоржав 1960-1964 онд Сайд нарын зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар, 1964 оноос насан эцэстэлээ Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан юм.

Б.Гонгоржав сайн эмч, эрүүлийг хамгаалахын гарамгай зохион байгуулагч байсан төдийгүй, нэрд гарсан орчуулагч, судлаач, соён гэгээрүүлэгч байсан билээ. Тэрээр А.С.Пушкиний “Ахмадын охин”, “Дубровский” туужууд, Л.Н.Толстойн “Кавказад олзлогдсон хүн”, “Хажи Мурат” өгүүллэгүүд, И.С.Тургеневийн “Анчны тэмдэглэл” тууж, Ги де Мопассаны “Хүзүүний чимэг”, “Хоёр нөхөр”, “Мадемуазель Фифи” зэрэг өгүүллэгүүд, М.Ю. Лерментовын зарим шүлгийг чадамгай сайхан орчуулсны заримыг тэр үеийн дунд сургуулийн гадаад уран зохиолын сурах бичиг зэрэгт олон жил оруулж байсан билээ. Мөн В.И.Лениний “Нийгэм журмын хувьсгал ба үндэсний тусгаар тогтнох эрх”, “Төр ба хувьсгал” зохиолууд, 1939 онд хэвлэгдсэн “Большевикуудын намын түүх” зэрэг улс төрийн зарим зохиолыг нөхдийн хамт орчуулжээ.

Б.Гонгоржав Шинжлэх ухааны хүрээлэнд богино хугацаанд ажиллах үедээ л Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн Б.Я Владимирцовын “Монголын нийгмийн байгуулал, Монголын нүүдлийн феодализм” хэмээх алдарт бүтээлийг орчуулж, Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг болсон “Гэсэрийн тууж”- ийн 12 бүлгийг шинээр хайн олж, 19 бүлэг болгон нэгтгээд удиртгал, тайлбар сэлт туурьвиж “Шинжлэх ухаан” сэтгүүлийн 1944 оны нэг дугаарт “Гэсэрийн туужийн тухай” хэмээх өгүүлэл нийтлүүлсэн нь Монголын шинэ үеийн судлаачдын дотроос Гэсэрийн туужаар нийтлүүлсэн анхны бүтээлийн нэг болсон билээ.

Б.Гонгоржав эмч мөн эрүүл мэндийн сэдвээр олон өгүүллэг, товхимол туурьвиж зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүдийн бичсэн олон ном, товхимлыг орчуулж, 1941 онд манай шинэ цагийн анхны “Анагаах ухааны нэр томьёо”-г орос-монгол хэлээр хэвлүүлж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн “Шинэ толь” сэтгүүлийн хавсралт болгон 1939 оноос гаргах болсон “Ардын эрүүл мэндийн төлөө” хэмээх монголын анагаах ухааны анхны сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан юм.

БНМАУ-ын эрүүлийг хамгаалах албаны хөгжилд түүний оруулсан хувь нэмрийг төр, засаг үнэлж, 1958 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар,1960 онд “Сүхбаатарын одон”-гоор шагнажээ.

Цаг үеийн золиос болж бүтээлч амьдралын олон жилээ хайран алдсан боловч шударга бус байдалтай хийсэн нугаршгүй тэмцлээрээ, Монголын эрүүл мэндийн алба, анагаах ухааны хөгжилд болон нийгмийн оюун сэтгэлгээний санд арилшгүй ул мөр үлдээсэн бүтээлүүдээрээ Балжиннямын Гонгоржав эрүүл мэндийн салбарын өнөө болон хойч үеийхэнд мөнхийн үлгэр дууриал байх болно.

Монгол улсын Эрүүл мэндийн яам,
Монголын анагаах ухааны академи,
Анагаах ухааны хүрээлэн,
Халдварт өвчин судлалын үндэсний төв,
Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо,
“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн зөвлөл

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 786
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК