Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

М.Энхтуяа1, Д.Нармандах1, Т.Хосбаяр2, Ц.Гэрэлмаа2, Н.Энхчимэг1

 

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
 
Абстракт

 

In our study gonococcal susceptibility to penicillin observed in 65.6%, to ciprofloxacin – in 31.1%, to ceftriaxon in 21.1% and to spectinomycin in 10% of cases respectively. The antibiotic susceptibility has changed over the time and there are more resistance due to improper use of antibiotics especially to spectinomycin and ceftriaxon. To make decision on changing of treatment policy of gonococcal infection, there is the need to investigate and compare results of antibiotic susceptibility study every 5 years.

Mongolian Journal of Infectious Diseases Research,
2008, №5 (24):9-11;
2 figures,2 tablic and 11reference

 

Дэлхий дахинд заг хүйтэн өвчин нилээд тархсан бөгөөд жилд энэ өвчний 62 сая шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Манай улсад сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварын тархалт байнга нэмэгдэж, түүний дотор заг хүйтэн өвчин нилээд хувийг эзлэж 2002-2006 онд улсын хэмжээнд 10000 хүнд 19.9-25.3 промиль байна. Заг хүйтэн өвчний үүсгэгч Neisseria gonorrhoeae антибиотикт тэсвэртэй болох нь заг хүйтэн өвчнөөр өвчилсөн хувь хүний эмчилгээний асуудалд төдийгүй заг хүйтэн өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд хүндрэл учруулж, уг өвчний тархалтанд нөлөөлөх шалтгааны нэг болж байна. Заг хүйтэн өвчний эмчилгээнд 1970 оны сүүл үе хүртэл зөвхөн пенициллин хэрэглэж байв. 1976 оноос β-лактааз эсгэг ялгаруулдаг гонококкийн омгууд илэрч, Зүүн өмнөд Ази, Африкийн орнуудад дэлгэрэн, улмаар дэлхий дахинд тархсан байна[9]. Заг хүйтэн өвчнийг эмчлэхэд хэрэглэж байсан гол антибиотик олох пенициллинд үүсгэгч нь дасаж, тэсвэртэй болсон учир 1980-оны дунд үеэс фторхинолоны бүлгийн эмийг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байна. АНУ-д 1993 оноос заг хүйтэн өвчний эмчилгээнд фторхинолоны бүлгийн эмүүдийг хэрэглэж эхэлсэн боловч тухайн эмэнд тэсвэр үүсэх байдал 2001 онд 1% байсан бол 2006 онд 13.3% болж нэмэгджээ[10]. Сүүлийн жилүүдэд ДЭМБ болон бусад оронд хийгдсэн судалгаагаар Ази Номхон далайн бүсийн ихэнх орнуудад фторхинолоны бүлгийн эмэнд тэсвэртэй гонококкийн халдварын тархалт нэмэгдэж, эдгээр эмүүдийг эмчилгээнээс хасах буюу заг хүйтэн өвчний эмчилгээний сонголт хийж эмчлэх анхны эм болгон хэрэглэхээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүргэж байна[11]. 2000 оноос эхлэн Хятад, Шинэ Зеланд, Австрали, Гонконг зэрэг орнуудад хийгдсэн судалгаагаар одоогийн хэрэглэж байгаа цефалоспорины 3 дахь уламжлалын эмүүдэд ч тэсвэр үүсэж байгаа нь тогтоогдож эхэлсэн байна. Заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт дасал үүсэх нь жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсон байна.

Судалгааны зорилго

Заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох

Судалгааны зорилт

Заг хүйтэн өвчний үүсгэгчийн пенициллин, ципрофлоксацин, цефтриаксон, спектиномицин зэрэг антибиотикуудад мэдрэг чанарыг тодорхойлох

Судалгааны материал ба арга зүй

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны “Улаан тууз” эмнэлэгт шээс бэлгийн замын өвчний зовиурын улмаас хандсан 90 үйлчлүүлэгчдийг хамруулав. Судалгаанд хамрагсдаас асуумж судалгаа авсан болно. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн шээсний сувгаас, эмэгтэйчүүдийн умайн хүзүүнээс арчдас авч наац бэлтгэн Грамын аргаар будаж, бичил харуураар харж шинжилсэн ба Thayer Martinын сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөв. Ургасан өсгөвөрөөс наац бэлтгэн Грамын аргаар будаж, оксидазын болон сахарын сорил тавьж N.gonorrhoeae болохыг батлав. N.gonorrhoeae болох нь батлагдсан 90 нянгийн антибиотикт мэдрэг чанарыг АНУ-ын Эмнэл зүйн Лабораторийн Стандартчилалын Үндэсний Хороо (АЭЛСҮХ) (NCCLS-National Commitee for Clinical Laboratory Standards)-ноос зөвлөмжилсөн диск нэвчүүлэх олон шингэрүүлэлтийн аргаар тогтоосон.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 81%(73) эрэгтэй, 19%(17) эмэгтэй, 73.3%(66) нь 20-34 насныхан эзлэж байсан ба 78% нь бүрэн дунд болон тусгай дунд боловсролтой байв. Судалгаанд хамрагсдын 39%(35)-д заг хүйтэн өвчин дангаар, 48%(43)-д трихомониаз, 11%(10)-д мөөгөнцөр, 2%(2)-д трихомониаз болон мөөгөнцөр өвчинтэй хавсарч илэрчээ. Заг хүйтэн өвчний үүсгэгч N.gonorrhoeae илэрсэн 90 өсгөвөрт АЭЛСҮХ-ноос зөвлөмжилсөн диск нэвчүүлэх болон шингэрүүлэлтийн аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлоход доорх үзүүлэлтүүд гарсан байна.

Хүснэгт 1. АЭЛСҮХ-ноос зөвлөмжилсөн диск нэвчүүлэх аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үзүүлэлт

Хүснэгт 1-ээс харахад АЭЛСҮХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу диск нэвчүүлэх аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлоход пенициллинд мэдрэг омог байхгүй, 70%(63)-д нь дасал үүссэн байна. Фторхинолоны бүлгийн эм болох ципрофлоксацины 18.9%(17)-д нь мэдрэг, 65.5%(59)- д нь дунд мэдрэг, 15.6%(14)-д нь мэдрэг бус байсан ба цефтриаксонд 71.1%(64)-д мэдрэг, 28.9%(26) мэдрэг бус, спектиномицинд 80%(72)-д мэдрэг, 6.7%(6)-д дунд мэдрэг, 13.3%(12)- д нь тэсвэр үүссэн үзүүлэлтүүд гарсан байна.

Хүснэгт 2. АЭЛСҮХ-ноос зөвлөмжилсөн шингэрүүлэлтийн аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үзүүлэлт

АЭЛСҮХ-ноос зөвлөмжилсөн шингэрүүлэлтийн аргаар антибиотик мэдрэг чанарыг үзэхэд пенициллинд мэдрэг нянгийн омог илрээгүй, 34.4%(31) нь дунд мэдрэг, 65.6%(59) нь дасал болсон байна. Ципрофлоксацинд 25.6%(23) мэдрэг, 43.3%(39) дунд мэдрэг, 31.1%(28)-д нь тэсвэр үүссэн байна. Гонококкийн нянгийн омогууд спектиномицинд 80%(72)-д, цефтриаксонд 78.9%(71)-д тус тус мэдрэг гарч бусад антибиотикуудтай харьцуулахад илүү мэдрэг болох нь тодорхойлогдов.

Хэлцэмж

 Манай оронд заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох судалгаа анх 1998 онд Schwebke J.R, Aira T болон бусад судлаачид 50 өсгөвөрт тогтоосон ба диск нэвчүүлэх аргаар үзэхэд 53% нь пенициллинд, 9.1% нь стрептомицинд, 15.6% нь ципрофлоксацинд, 11.4% нь цефтриаксонд тус тус тэсвэртэй байсан байна. 2001 онд АУИС-ийн багш Л.Эрдэнэчимэг 1997-2000 онд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСАны амбулатори, АУИС-ийн Микробиологи, иммунологийн тэнхимээр үйлчлүүлсэн 450 үйлчлүүлэгчийн заг хүйтний өсгөврөөс 82-т нь диск нэвчүүлэх аргаар, 60 өсгөвөрт шингэрүүлэлтийн аргаар антибиотик мэдрэг чанарыг үзсэн байна. АУИС-ийн багш Л.Эрдэнэчимэгийн судалгаагаар пенициллинд мэдрэг нянгийн омог 1 илэрч, спектиномицин, цефтриаксонд 100% мэдрэг байсан бол бидний судалгаагаар пенициллинд мэдрэг нянгийн омог илрээгүй, спектиномицинд 10%(9)- д, цефтриаксонд 21.1%(19)-д тус тус дасал үүссэн байна. Бидний судалгаагаар нянгийн омогуудын пенициллин болон ципрофлоксацинд дасал нь нэмэгдсээр байгаа үзүүлэлттэй гарсан нь АУИСийн багш Л.Эрдэнэчимэг болон Schwebke J.R, Aira T нарын судалгаатай харьцуулахад ойролцоо гарсан байна.

Дүгнэлт

Заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох зорилгоор АЭЛСҮХноос зөвлөмжилсөн шингэрүүлэлтийн аргаар 90 өсгөвөрт антибиотикт мэдрэг чанарыг үзэхэд 65.6% нь пенициллинд, 31.1% нь цифрофлаксацинд, 21.1% нь цефтриаксонд, 10% спектиномицинд тус тус тэсвэр үүссэн байна. Манай оронд заг хүйтэн өвчний эмчилгээнд хэрэглэж байгаа антибиотикийн мэдрэг чанар өөрчлөгдөн, пенициллинд мэдрэг омог илрээгүй ба ципрофлоксацинд 31.1%-д нь дасал үүссэн нь антибиотикт тэсвэрт чанар нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанар жилээс жилд өөрчлөгдөн, дасал үүсэж тэсвэртэй болох нь нэмэгдэж байгаа учраас заг хүйтэн өвчний үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг 5 жил тутам судлан, өмнөх судалгааны дүнтэй харьцуулан ямар өөрчлөлт гарсныг тогтоож, заг хүйтэн өвчний эмчилгээг шийдэх арга хэмжээг авч байх шаардлагатай байна.

Ном зүй

1. Л.Эрдэнэчимэг (2001) Анагаах ухааны ерөнхий бичил амь судлал лекц.
2. Б.Ганбаатар (2006) Анагаах ухааны эмнэлзүйн амь судлал 110-123
3. Л.Эрдэнэчимэг (2001) Монголд ялгасан N. Gonorrhoeae- н антибиотик мэдрэмжийг тогтоосон дүн ШУА-ийн 80 жилийн ойд зориулсан залуу эрдэмтдийн чуулган, 190-191
4. В.И.Покровский, О.К.Поздеев (1998) Медицинская микробиология, 275-284
5. ДЭМБ, ХӨСТ, АУИС Микробиологийн танхим Эмнэлзүйн нян судлалын шинжилгээний аргачлал сэдэвт сургалтын гарын авлага 2000, 40-60
6. М.М.Васильев, Г.А.Дмитриев и др, (1996)
Современные аспекты терапий гонококковой инфекций Вестн дерматол 3:27-30
7. А.А.Каминский и др, (2001) Цефтриаксон при лечений больных неосложненной гонореей Вестн дерматол 3:70-72
8. О.К. Шапошников (1991) Венерические болезни (Руководство) 720-725
9. King K. Holmes, MD, PhD .P. Frederick Sparling MD, et all. (1999) Sexually transmitted diseases. Third edition 461-463
10. Barclay L. (2007) CDC Issues New Treatment Recommendations for Gonorrhea. Morbid Mortal Wkly Rep. 56; 332-336
11. J.Tapsall. (2005) Antibiotic resistance in Neisseria gonorrhoeae.Clin Infect Dis 41(s4): S263-8 Wang SA. Lee MV. O. Connor N. Iverson CJ et all Multidrug-resistant Neisseria gonorrhoeae.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ч.Долгор


Нийтлэлийн нээгдсэн тоо: 13018
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК