Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
ДЭМБ: БЗДХ-аас сэргийлэх ба хянах дэлхийн стратеги (2006-2015)
( Товч мэдээлэл )
 

 

Дэлхий дээр өдөр бүр нэг сая орчим хүн ХДХВ-ийн болон бусад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) авч байна. БЗДХ нь үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар зэрэг хүндрэлүүд үүсгэж болох төдийгүй нярай болон насанд хүрэгчдийг үхэлд хүргэх ноцтой үр дагавартай. Тэмбүү, зөөлөн яр, бэлгийн герпес зэрэг БЗДХ нь ХДХВ-ийн халдварлах эрсдэлийг нэмэгдүүлдэг. ХДХВ-ийн болон БЗДХ-ын уг хамаарлыг харуулсан олон судалгаа байгаа ба ХДХВ-ийн халдварлалтын 40 орчим хувь нь энэ хамааралтай холбоотой байжээ. Гэвч сүүлийн 5 жилд ХДХВ-ийн эмчилгээнд илүү анхаарал хандуулснаас БЗДХ-ын тархалтыг хянах хүчин чармайлт хэсэг хугацаанд суларсан. БЗДХаас урьдчилан сэргийлэх ба хянах нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд (НҮЭМ)-ийг хангах цогц тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг болдог. БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ба хянах дэлхийн стратеги (2006-2015) нь техникийн болон мэдээлэл сургалт сурталчилгаа гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Техникийн хэсэг нь бэлгийн аюулгүй зан үйлийг дэмжих болон хамгаалах аргууд, БЗДХ-ын үед үр дүнтэй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, мөн түүнчлэн БЗДХ-ыг хянах хөтөлбөрийн хяналт үнэлгээг сайжруулах аргуудыг хамруулсан. Мэдээлэл сургалт сурталчилгааны хэсэг нь хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чухал үндэс суурь олдог дээд түвшин дэх улс төрийн оролцоог дэмжих хөтөлбөрийн удирдагчдад зориулсан зөвлөмжийг санал болгодог.

1.БЗДХ нь нийгмийн эрүүл мэндийн асуудал мөн.

Дэлхийд учруулах хор хөнөөл

БЗДХ-ыг нян, вирүс, шимэгч зэрэг 30 гаруй эмгэг үүсгэгчид үүсгэж байна. БЗДХ-ын гол дамжих зам нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал боловч эхээс хүүхдэд ирэмсэн болон төрөх үед, цус цусан бүтээгдэхүүн юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед халдварлах боломжтой. Дэлхий дээр жил бүр 15-49 насны насанд хүрэгчдийн дунд 340 сая гаруй эмчлэгддэг БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, хламид, трихомониаз)-ын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба тэдгээрийн дийлэнх нь Өмнөд болон Зүүн өмнөд Ази, дараагаар нь Сахарын өмнөд Африк, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт оногдож байна. Түүнчлэн жил бүр нэг сая хүн бэлгийн замаар дамжих ирүст халдвараар, тэр дундаа зонхилон ХДХВ, энгийн херпес вирүс (ЭГВ), хүний папилома вирүс (ХПВ), В хепатитын вирүс (ВГВ )-ийн халдварыг тус тус авч байна. Дэлхий дахинд БЗДХ нь, ялангуяа хөгжиж байгаа орнуудад эрүүл мэнд, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулж байна, тухайлбал уг халдваруудтай холбоотой эдийн засгийн хохирол 17%-д хүрчээ. ЭГВ-ийн 2-р хэвшинж (ЭГВ-2)-ээр үүсгэгддэг халдварууд хөгжиж буй орнуудад бэлгийн шархлааны гол шалтгаан болж байна. ЭГВ- 2-ийн тархалт нь Төв болон Өмнөд Америкт эмэгтэйчүүдийн дунд 20-40%, азийн хөгжиж буй орнуудын хүн амын дунд 10-30%, АНУ-д уг вирүст халдварын тархалт 14-49 насныханд 19% байна. ЭГВ-2-нь ХДХВ-ийн халдварлалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Танзанийн Нэгдсэн улсад хийсэн судалгаагаар ХДХВ-ийн халдвартай тохиолдлын 74% нь эрэгтэйчүүдэд, 22% нь эмэгтэйчүүдэд ЭГВ-2-ийн суурь халдвар байсантай холбоотой үүссэн байх боломжтойг харуулжээ.

  • ХПВ нь БЗДХ-ыг үүсгэгч гол вирүсийн нэг бөгөөд ядуу буурай орнуудад жил бүр умайн хүзүүний хорт хавдрын 500 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, үүнээс 240 мянга орчим нь нас барж байна.
  • ВГ-В вирүс нь бэлгийн замаар, зүү дамжуулан хэрэглэх, цус юүлэх, түүнчлэн эхээс хүүхдэд дамжиж болох ба эдгээр шалтгааны улмаас жилд элэгний архаг үрэвслийн 350 сая тохиолдол бүртгэгдэж, 1 сая орчим хүн элэгний хатуурал, элэгний хорт хавдрын улмаас нас барж байна. В хепатитын вакцин нь ВГ-В-ээс урьдчилан сэргийлэх, улмаар элэгний хорт хавдрын өвчлөлийг бууруулахад үр дүнгээ өгч байна. Хамгийн их хохирлыг хөгжиж буй орнууд амсаж байгаа ч хөгжингүй орнуудад эмчлэгдэхгүй вирүст халдваруудын тархалттай холбоотойгоор эдгээр өвчний үед тохиолдох хохирол ихэсч болох юм. БЗДХ-аар халдварлах эрсдэлд хүргэх нийгэм, хүн ам зүйн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хүн амын эрс өсөлт нь цаашид үргэлжлэх хандлагатай байна. ХДХВ-ийн халдвараас гадна бусад БЗДХ, түүний хүндрэл нь нас баралтанд нөлөөлж, үндэсний эдийн засаг болон гэр бүл, хувь хүний аж амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.

БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, хянахад өнөөдөр хөрөнгө оруулалт хийх үндэслэл

ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх

БЗДХ-аас сэргийлэх, эмчлэх нь ХДХВ бэлгийн замаар халдварлах эрсдэлийг, ялангуяа биеэ үнэлэгчид, тэдгээрээр үйлчлүүлэгчид зэрэг олон бэлгийн хавьтагчтай байх магадлал өндөр хүн амын бүлэгт бууруулах боломжтой юм. Бэлгийн замаар дамжин халдварлах эмчлэгдээгүй шархлаат болон үрэвсэлт өвчин нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед ХДХВ-ийн халдварлах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Тэр дундаа бэлгийн шархлаат өвчнүүдээс бэлгийн герпес нь ХДХВ-ийн шинээр халдварласан ихэнх тохиолдлын шалтгаан болдог нь сүүлийн үеийн судалгаагаар батлагджээ. Бэлгийн шархлаат өвчин нь ХДХВ-ийн халдварлах эрсдэлийг нэг удаагийн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед 50-300 дахин нэмэгдүүлдэг гэсэн тооцоо байна. АНУ-д хийсэн сүүлийн үеийн судалгаагаар 1, 2-р үеийн тэмбүүгээр өвчилсөн, ХДХВ-ийн халдвартай 52 эрэгтэйн 58% нь ретровирүсийн эсрэг эмчилгээг авсан ба тэмбүү өвчин нь вирүсийн ачааллыг эрс нэмэгдүүлж, СD4+ лимфоцитын тоог бууруулж байсан байна. Тэмбүүг эмчилсэний дараа дархлалын үзүүлэлт нь халдварлалтын өмнөх түвшинд хүртэл дээшилж байсан нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг тэмбүү өвчнөөс сэргийлэх, эмчлэхийн чухлыг харуулж байна. БЗДХ-ын үед үзүүлж буй цогц тусламж үйлчилгээ нь ХДХВ- ийн халдвараас урьдчилан сэргийлэх гол арга хэмжээний нэг нь болдог. Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хүрээнд улс орнуудад 2015 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоохыг уриалсан.

Эмэгтэйчүүдэд тохиолдох хүндрэлээс сэргийлэх

БЗДХ нь үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар, түүнчлэн нярай, насанд хүрэгчдэд үхэлд хүргэх үр дагаврыг учруулдаг. Гонококкийн гаралтай болон хламидийн халдвартай эмэгтэйчүүдийн 40%-д эмчилгээ хийлгээгүй тохиолдолд аарцгийн хөндийн эрхтэний үрэвсэлт өвчин (АХЭҮӨ) илэрдэг ба тэдгээрийн j-д үргүйдэл тохиолддог байна. Түүнчлэн АХЭҮӨ-өөр өвчилсөн эмэгтэйчүүдэд умайн гадуурх жирэмслэлт 6-10 дахин их тохиолдох боломжтой ба умайн гадуурх жирэмслэлтийн 40-50% нь урьд өмнө нь АХЭҮӨ- өөр өвчилсөнтэй холбоотой байдаг аж. МХЗ-д эхийн эндэгдлийг s-аар бууруулахаар заасан ба АХЭҮӨ-өөс урьдчилан сэргийлэх нь умайн гадуурх жирэмслэлттэй холбоотой тохиолдох нас баралтаас сэргийлнэ.

Жирэмсний хүндрэлээс сэргийлэх

Бэлгийн замаар дамжих эмчлэгдээгүй халдварууд нь нярайд, ялангуяа уг халдварын тархалт өндөр байгаа бүс нутагт төрөлхийн болон төрсний дараах халдварыг үүсгэдэг. Эмчилгээ хийлгээгүй эрт үеийн тэмбүүтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 25%-д амьгүй төрөлт, 14%-д нярайн эндэгдэл тохиолддог, өөрөөр хэлбэл төрсний дараах нас баралт 40%-д тохиолддог. Гонококкийн болон шээс бэлгийн замын хламидийн халдвартай эмчлэгдээгүй төрж байгаа эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд хүүхдийн 30-50%-д нярайн нүдний халдвар үүсч хараагүй болоход хүргэх ба энэ өвчний улмаас дэлхийд жилд 1000 - 4000 нярай хүүхэд сохордог байна.

Хариу арга хэмжээг эрчимжүүлэх боломж

БЗДХ-тай үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах нь ХДХВ-ийн халдварыг нийт хүн амын дунд бууруулах шинжилгээ судалгааны үндэслэлтэй арга юм. ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөлхийн тэмбүүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нэгтгэж болно. Энэ нь явуулж байгаа үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. БЗДХ-ын оношлогоо, эмчилгээ, вакцин, хамгаалах хэрэгслүүдийн талаар гарч байгаа техникийн дэвшил нь урьдчилан сэргийлэлт, хяналт, эмчилгээний шинэ аргуудыг нээх боломж олгож байна. БЗДХ-ыг оношлох шинэ хурдавчилсан сорилууд, мөн молекул биологийн оношлогооны аргууд нэвтэрч байна. ХПВ-ийн эсрэг шинэ вакцин гарч байгаа өнөө үед жил бүр ойролцоогоор 240000 эмэгтэйг тархалтаараа хөхний хорт хавдрын дараа орох умайн хүзүүний хорт хавдраас шалтгаалсан нас баралтаас хамгаалах боломжтой. БЗДХ-аас үр дүнтэй урьдчилан сэргийлэх, халдвартай хүмүүст үзүүлэх тусламж нь иж бүрэн цогц арга хэмжээ байх ёстой. Үүнд:

  • Бэлгийн аюулгүй зан үйлийг дэмжих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрт хандах зан үйлийг дэмжих
  • БЗДХ-ын урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээг тусгасан эмнэлгийн анхдагч тусламжийн хөтөлбөрүүд, НҮЭМ, ХДХВ-ийн халдварын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх нь зүйтэй. БЗДХ/ХДХВ ба сүрьеэгийн хяналтыг нэгтгэсэн хөтөлбөр нь эдийн засгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжих боломж нь хэд хэдэн оронд батлагдсан.
  • Үйлчлүүлэгчдэд үзүүлэх иж бүрэн цогц тусламж үйлчилгээ нь хэд хэдэн зүйлээс бүрдэнэ: БЗДХыг хамшинжээр илрүүлж, үүсгэгчдийн эсрэг тохирсон эмчилгээг хийх, БЗДХ/ХДХВ-ийн халдварын халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, бэлгэвчийн зөв тогтмол хэрэглээг дэмжих, хавьтагчийг илрүүлж, эмчлэх зөвөлгөө өгөх зэргийг хамруулна. БЗДХ-аас урьдчилан сэргийлэхэд зарим хүндрэлүүд тохиолддог. Сүүлийн 5 жилд БЗДХ нь ХДХВ-ийн халдварыг дамжуулагч гол хүчин бөгөөд дэлхий дээрх өвчлөл, нас баралтын нилээд хэсгийн шууд шалтгаан болдогийг мэдээлдэгч ХДХВ-ээс гадна бусад БЗДХ-ын урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны санхүүжилт буурсан. Түүнчлэн БЗДХ-ын талаарх мэдээлэл дутмаг байх нь буруу ташаа ойлголтуудыг нөхцөлдүүлж, ялгаварлан гадуурхалтанд хүргэдэг. БЗДХ-ын ихэнх нь шинж тэмдэггүй явагддаг нь ялангуяа эмэгтэйчүүдэд эрт оношлогдохгүй, хүндрэлд хүргэж байна. БЗДХ-ыг хамшинжээр оношилж эмчлэх нь үтрээний ялгадастай эмэгтэйчүүдэд, ялангуяа БЗДХ бага тархалттай газар нутагт төвөгтэй байдаг. Иймд БЗДХ-ын оношлогооны үргэвчилсэн тестийн хэрэгцээ үүсдэг. Ялгаварлан гадуурхалт нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учруулдаг төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон гэр бүл, нийгмийн амьдрал дахь сонголтыг хязгаарладаг.
2. Стратегийн үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ

Дэлхийн стратегийн зорилго нь Олон улсын хөгжлийн зорилгод нийцүүлэн БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, хянах, дэлхий нийтээр хамтран тэмцэх арга хэмжээ авахад чиглэгдсэн тогтолцоо бий болгох удирдамж болно. Стратеги нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.

  • БЗДХ-аас сэргийлэх, хянахад улс орны засгийн газар, үндэсний болон олон улсын түншлэл оролцоог нэмэгдүүлэх
  • Үндэсний хэмжээнд ач холбогдол өгч буй үр дүнд тулгуурласан үйл ажиллагааг тооцоолсны үндсэн дээр төсөв хөрөнгийг дайчлах, нөөцийг ахин хуваарилах
  • БЗДХ-ын тусламж үйлчилгээг үзүүлэхдээ ялгаварлан гадуурхахгүй байх, хүйсийн тэгш байдлыг хангасан бодлого, хууль, санаачлага гаргах
  • Урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой байлгахын тулд бүх хамтрагч збайгууллагуудыг чадваржуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх

Стратеги нь техникийн ба мэдээлэл сургалт сурталчилгаа гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Дэлхий нийтийн техникийн стратеги нь тухайн улс орон, мужийн үвшинд хөгжих боломжтой бөгөөд урьдчилан сэргийлэх болон хянах гол төлөвлөгдсөн хэсгүүдийг багцалж хүргэх замаар хэрэгжинэ. Уг стратеги нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, хянах үндсэн хөтөлбөрүүдийг хангах, зохион байгуулах аргыг хамруулсан, тухайн орон нутагт нийцэж зохицсон байна. Стратеги нь доорхи гол чиглэлүүдийн сул талуудыг тодорхойлдог:

  • Хүн амын тухайн зорилтот бүлгийн эрүүл мэндийн үйлчилгээний тааламжтай тогтвортой байдал
  • Шинж тэмдэггүй халдварын оношлогоо эмчилгээ
  • Үтрээний хэвийн бус ялгадасны хам шинжийн эмчилгээ
  • Бэлгийн хавьтагчдын БЗДХ-ын эмчилгээ
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хандлага
  • Төлөвлөгдсөн зорилтуудын боломжит болон найдвартай байдал

Энэ нь мөн ХДХВ/ДОХ болон бэлгийн ба НҮЭМийн хөтөлбөрүүд, хувийн секторуудын оролцоо, харилцан уялдаа, хамтын ажиллагаанд тохиромжтой нөхцлийг бүрдүүлж өгдөг. Дэлхийн ухуулга сурталчилгааны компанит ажил нь мэдээллээр хангах, дэлхий нийтээр нөөц бололцоог дайчлахад чиглэгдэж байгаа ба төрөлхийн тэмбүүг устгах, эмчлэгдэх боломжтой бэлгийн замын шархлаат өвчнийг хянах болон устгах, мөн бэлгийн герпес болон бэлгийн замын ХПВ-ийн халдварыг хянах гэх мэт бусад үйл ажиллагаатай хамтран явагддаг. Стратеги нь бэлгийн болон НҮЭМ-ийг хамруулсан, эрүүл мэндийн хүрч болох хамгийн өндөр эрхийг хангасан хүний эрх болон ёс суртахууны олон улсаар зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаан дээр үндэслэгдсэн байдаг. Стратеги нь мөн хүйсийн тэгш эрх, хувь хүн болон нийгмийн түвшинд ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг бууруулах зэрэг хэд хэдэн зарчим дээр үндэслэгдсэн байдаг.

3.Техникийн стратеги: БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ба хянах үйл ажиллагааны амжилтанд хүрэх үндэс

БДЗХ-ын халдварлалтын хөдлөл зүй

Дэлхий дахинд ХДХВ-ийн халдварын тархалт нэмэгдэж, бусад халдварыг хянах ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд сүүлийн 20 жилд БЗДХ-ын хөдлөл зүйн талаар мэдлэг хуримтлагдсан. БЗДХын тархалт нь бэлгийн хавьтагчдын сүлжээнээс ихээхэн шалтгаалдаг болохыг математик загварчлал болон бусад судалгаанууд харуулж байна. БЗДХын тархалтын хөдлөл зүйн илүү гүнзгий ойлголт нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах стратегийн арга хэмжээг боловсруулахад тодорхойлогдсон. Халдварын тархалтын эхний шатанд БЗДХ нь өндөр эрсдэлтэй бүлэг хүн амын дунд тархах магадлал өндөр байдаг. Тархалт нэмэгдэхийн хирээр халдвар өвөрмөц эрсдэлтэй бүлгүүд /гүүр хүн ам/-д тархах ба энэ нь эрсдэлт бүлэг болон нийт хүн амын хооронд халдвар дамжуулах гол суваг болдог. Эзэн бие халдвар үүсгэгчийн хоорондын харилцан үйлчлэлийн хөдлөл зүй нь янз бүр байдаг ба энэ нь босго үзүүлэлт Ro- оос хамаарна. Энэ үзүүлэлт нь анхны тогтоогдсон өвчтөнөөс цааш халдварласан байж болох тохиолдлын тоо юм.

Ro = β x D х C

β - үүсгэгчийн халдварлах магадлал

D- халдварын үргэлжлэх хугацаа

C- халдварын хугацаа (D)-нд бэлгийн хавьтагчийг солих давтамжийн тоо

Зарим эмгэг үүсгэгчид (ж:Haemophilus ducrey) халдварлах магадлал (β) өндөр боловч халдварын хугацаа богино байхад, зарим нь (ХДХВ, ЭГВ-2 зэрэг) харьцангуй бага халдварлах чадвартай ч, халдварлагдсан хүн удаан хугацаанд халдвар (D)-тай байна. Харин Neisseria gonorrhoeae, Chlamydia trachomatis, Treponema pallidum-ийн халдварлах магадлал болон халдварлалтын үргэлжлэх хугацаа дунд зэрэг байна. Ийм байдлаар халдварын тархалт нь хүн ам ба үүсгэгчийн хоорондын харилцан үйлчлэлээс шалтгаална. БЗДХ-ыг хянах үр дүнтэй хөтөлбөр боловсруулахад энэ бүх хүчин зүйлийг тооцох нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх ба хянах арга хэмжээ

Урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг үр дүнд хүргэхийн тулд тохирсон стратеги чухал. Хөтөлбөр боловсруулахад дараах зүйлийг анхаарах шаардлагатай.

  • Хүн амын ямар бүлэг хамгийн өндөр эрсдэлд өртөж байна
  • Энэ бүлгийн хувьд ямар зан үйл болон нөхцөл байдал эрсдэлд хүргэж байна
  • Халдвар дамжуулах хэлхээг таслах илүү үр дүнтэй ямар арга зам байна
  • Ямар арга хэмжээг нэн тэргүүнд тавих, түүнийг хэрхэн өргөжүүлэн дэмжих

Газар зүйн зарим бүс нутаг, улс оронд БЗДХын тархалт өндөр байх нь нийт хүн амын дунд, заримд нь хүн амын тодорхой бүлэгт ажиглагддаг. БЗДХ-ын өвчлөлийн түвшин, бэлгийн зан үйл (ж: бэлгийн хавьтагчийн тоо, хавьтагчаа солих давтамж),хамгаалах зан үйл (ж: бэлгэвчийн зөв, тогтмол хэрэглээ), эрүүл мэндтэй холбоотой зан үйл (ж: эмнэлэгт хандах хандлага)-ийн бүртгэл нь халдварын тархалт өндөр байгаа хүн амын бүлэг, эмзэг бүлэг болон нийт хүн амын дунд БЗДХ-ын тархалтын хөдлөл зүйн талаар үнэтэй мэдээлэл өгснөөр илүү амжилтанд хүрэх арга хэмжээг тодорхойлоход тусална. Байнгын ажиглалт судалгаа хийх шаардлагатай зорилтот бүлэг хүн амд:

  • БҮ (эр, эм, трансжендер), тэдгээрээр үйлчлүүлэгчид болон үйлчлүүлэгчдийн байнгын бэлгийн хавьтагчид
  • Хөдөлгөөнт хүн ам ( алсын тээврийн жолоочид г.м)
  • Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд
  • Эрэгтэй, эмэгтэй аль алинтай нь бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (бисекс эрэгтэйчүүд)
  • Хар тамхи мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид
  • Хоригдлууд, ялангуяа насанд хүрээгүй хүүхэд
  • Жуулчид /секс-туризм/
  • Цагаачид, дүрвэгсэд
  • Цэрэг цагдаагийн албан хаагчид
  • Бэлгийн болон жендерийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй, эмэгтэйчүүд
  • Гудамжны хүүхэд, залуучууд, өнчирсөн, хүчирхийлэлд автсан хүүхдүүд

Өсвөр үеийнхэн БЗДХ/ХДХВ-т өртөх вөрмөц эрсдэлтэй байдаг нь тэдний энэ халдварын талаарх мэдлэг дутмаг, эрүүл мэндээ хамгаалах, эмнэлэгт хандах хандлага муу, бэлгийн хөгжил бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой. Тэд ихэнхдээ тохиолдлын байдлаар, түүнчлэн шахалт дарамтаас болж, эсвэл эдийн засагтай холбоотой бэлгийн хавьталд ордог.

БЗДХ болон ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх нь залуучуудын дунд үр дүнтэй, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь БЗДХ-тай хүмүүст тусламж үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх, нийт хүн ам болон зорилтот бүлгийн хүн амд эмнэлгийн бусад хэрэгцээт тусламж үйлчилгээгээр хангах хамаарна.

Бэлгийн эрүүл зан үйлийг дэмжих нь чухал.

БЗДХ-ын тархалтаас үр дүнтэй сэргийлэх арга нь аюулгүй бэлгийн харьцаа, тэр дундаа бэлгэвч / эрэгтэй, эмэгтэй/-ийг зөв тогтмол хэрэглэх, бэлгийн хавьтлыг тэвчих, бэлгийн амьдралд эрт орохгүй байх, итгэлтэй нэг бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн хавьтагчийн тоог цөөрүүлэх талаар үнэн бодитой, тодорхой мэдээлэл өгөхөөс эхэлнэ. Бэлгийн зан үйлийг өөрчлөхтэй холбоотой ухуулга сурталчилгааны ажил нь янз бүрийн сувгийг ашиглан тусгай мэдээлэл боловсруулах, мэдээллийг олгоход чиглэгдсэн нийгэмтэй харьцах цогц, олон үе шаттай үйл ажиллагааны чухал хэсэг болдог. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хүн амын тодорхой бүлэгт чиглэсэн, тэдний төлөв байдал, эмзэг байдал, өвөрмөц хэрэгцээг тооцсон байх ёстой. Халдварлагдсан болон халдварлагдаагүй хүмүүст БЗДХ-ын тухай эрүүл мэндийн боловсрол олгох, сайн дурын зөвлөгөө өгөх, нууцлал хадгалсан ХДХВ-ийн шинжилгээ хийх нь БЗДХ-ын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аль ч эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд зөвлөгөө өгөх үйл явц нь тэдэнд бэлгийн зан үйлийг өөрчлөх сэдээлт төрүүлэх боломж бүрдүүлдэг. Мөн давтан халдвар авахаас сэргийлэх, бэлгийн хавьтагчийг эмчлүүлэх талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Бэлгэвч болон бусад хамгаалах арга хэрэгслээр хангах шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх нь ХДХВ/ БЗДХ-ыг бэлгийн замаар дамжихыг бууруулах илүү үр дүнтэй арга бөгөөд тэдгээрийг хэрэгцээт газруудад тогтмол хангах шаардлагатай юм. Мөн умайн хүзүүний хаалт /диафрагм/ болон микробицидийг хавсарч хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Эдгээр хамгаалах арга хэрэгслүүдийн талаар олон туршилт хийгдэж байна. Урьдчилан сэргийлэх ба эмчилгээг хангах хэрэгтэй. БЗДХ-ын эмчилгээ нь гарч болзошгүй хүндрэл, үр дагавраас сэргийлэх, нэгэнт халдвар авсан тохиолдолд бэлгийн хавьтагч болон ураг, нярайд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх гол зорилготой.

Халдварыг эмчлэх сэргийлэх стратегийн Хувилбарууд

БЗДХ-аас сэргийлэх хөтөлбөр нь БЗДХ-тай хүмүүсийг дахин халдвар авах, хүндрэхээс сэргийлэх зорилгоор хялбар, санаанд нийцсэн, үр дүнтэй үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээ юм. Үүнд

  • БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний арга болон лабораторийн оношлогооны аргын тусламжтайгаар зөв оношлох БЗДХ-ыг оношлосон тохиолдолд үр дүнтэй эмчилгээгээр хангах
  • Үйлчлүүлэгчдийн нас хэрэгцээнд тохирсон сургалт явуулах, зөвлөгөө өгөх замаар эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах
  • Бэлгэвчийн хэрэглээг дэмжих, хангах, түүнийг зөв тогтмол хэрэглэх талаар сурталчлах
  • Бэлгийн хавьтагчийг илрүүлэх, эмчлэх

БЗДХ-ыг оношлосон тохиолдолд үр дүнтэй эмчилгээгээр хангах нь хүндрэл болон халдварын тархалтаас сэргийлнэ. Эмчилгээний дэглэм баримтлах, бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх, бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх талаар мэдээлэл олгож, зөвлөгөө өгөх хэрэгтэй.

Хамшинжийн оношлогоо эмчилгээний арга

БЗДХ-ыг эмнэлзүйгээр оношлоход цөөнгүй алдаа тохиолдолддог ба лабораторийн оношлуур, багаж хэрэгслийн хангалт дутмаг ядуу буурай оронд лабораторийн оношлогоо нь хязгаарлагдмал байдаг. Ийм нөхцөлд БЗДХ-ын шинж тэмдэг тод илэрсэн БЗДХ-ыг илэрч байгаа гол шинж тэмдгийг үндэслэн хамшинжийн аргаар оношлож эмчлэхийг ДЭМБ-аас зөвлөмж болгодог ба энэ нь анхан шатны эмнэлгийн байгууллагуудад ашиглах боломжтой. Хамшинжийн оношлогоо эмчилгээний арга нь халдварын гол үүсгэгчдийг илрэх эмнэлзүйн хамшинжээр нь бүлэглэдэг ба тухайн хамшинжийг үүсгэдэг бүх үүсгэгчдийн эсрэг эмчилгээг хийдэг. БЗДХ-ын хам шинжийн оношлогоо эмчилгээ нь эрэгтэйчүүдэд шээсний сувгийн үрэвсэл, төмсөгний дайврын үрэвсэл, эрэгтэй эмэгтэй аль алинд нь бэлгийн шархлаа оношилж эмчлэхэд өндөр үр дүнтэй байсан. Үтрээний ялгадасны хам шинж нь гонококкийн болон хламидийн халдвар, мөн умайн хүзүүний бусад халдварын өвөрмөц эмнэлзүйн шинж тэмдэг биш, гэхдээ нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, трихомониаз зэрэг үтрээний үрэвслийг эмчлэх зорилго тавьсан бол харин эдийн засгийн хувьд ч ашигтай, илүү үр дүнтэй арга юм. БЗДХ нь цөөнгүй тохиолдолд ялангуяа эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй явагддаг. Шинж тэмдэггүй халдварыг илрүүлэхийн тулд БЗДХ тай хүмүүсийг илрүүлэх буюу скрининг хийх, тухайн үйлчлүүлэгчийн БЗДХ-ыг эмчлэх явцад бэлгийн хавьтагчийг хамруулах, хувь хүний эрсдэлийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай. БЗДХ тай хүмүүсийг илрүүлэлт нь эмнэлгийн байгууллагад БЗДХ-аас өөр шалтгаанаар хандсан хүмүүсийг шинжилнэ гэсэн үг. Халдварыг илрүүлэхэд эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагууд болон гэр бүл төлөвлөлтийн төвүүд БЗДХ-тай холбоотой тусламж зүүлэх нь маш чухал байдаг. Халдвар илрүүлэлтийн нэг түгээмэл жишээ нь жирэмсний хяналтанд байгаа эмэгтэйчүүдэд хийх тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээ юм. Ямар нэг эмнэлгийн тусламж авахаар эмнэлэгт шууд ханддаггүй хүмүүст, тухайлбал цусны доноруудад тэмбүү, ХДХВ-ийн халдвар, ВГ-В-ийн маркер илрүүлэх замаар илрүүлэлт - скрининг хийх нь чухал. Илрүүлэх шинжилгээг халдварын өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амд явуулах нь эдийн засгийн үр өгөөжийг сайжруулдаг.

Бэлгийн хавьтагчийг илрүүлэх хөтөлбөр

Бэлгийн хавьтагчийг илрүүлэх нь БЗДХ- ын эмчилгээний салшгүй хэсэг бөгөөд энэ нь БЗДХ тай оношлогдсон үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийн халдварт өртсөн эсэх, зөвлөгөө өгөх болон илрүүлэх шинжилгээнд хамруулах, эмчилгээний талаар мэдээлэл өгөх үйл явц юм. Бэлгийн хавьтагчийг илрүүлэх нь үйлчлүүлэгч дахин халдвар авахаас сэргийлэх, халдварын тархалтыг бууруулахад чиглэдэг. Илрүүлэх 3 арга байна. Үүнд:

  • Бэлгийн хавьтагчийг илрүүлэхэд гуравдагч хүнийг оролцуулах /гол төлөв эмнэлгийн ажилчид/
  • Үйлчлүүлэгч өөрөө бэлгийн хавьтагчаа илрүүлэх, эсвэл бэлгийн хавьтагчид эмчилгээг үйлчлүүлэгчээр хүргүүлэх
  • Тохиролцсон хугацаанд бэлгийн хавьтагч эмчилгээнд ирээгүй тохиолдолд бэлгийн хавьтагчийг эмнэлгийн ажилтан илрүүлэхийг үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөх

Бэлгийн хавьтагчийг эрт илрүүлж эмчлэх нь төвөгтэй байдаг ч бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэхэд чухал хэсэг болдог. Энэ нь шинж тэмдэггүй хэлбэрийн БЗДХ тай хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдэд хүндрэл үүсэхээс сэргийлэх, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжийг бий болгодог.

Эмийн бэлдмэл, тохирсон технологийг хэрэгжүүлэх боломж

Эмийн бэлдмэл

БЗДХ-ыг хянах хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл нь тохирсон эмийн бэлдмэлийг тууштай хангах явдал юм. Түргэн шуурхай үр дүнтэй эмчилгээ нь БЗДХ-ын дамжихыг зогсоож, хүндрэл хожмын үр дагавраас сэргийлдэг. БЗДХ-ын эмчилгээнд хэрэглэх эм нь өндөр үр дүнтэй, хоруу чанар бага, нянгийн тэсвэртэй байдлууд..., ууж хэрэглэхээр нэг удаагийн тун хэлбэрээр байвал илүү зохимжтой ба жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд эсрэг заалтгүй байх хэрэгтэй. БЗДХ-ыг эмчлэх аюулгүй үр дүнтэй эмийн бэлдмэлээр хангахын тулд улс орнууд эмийн бэлдмэлийг доод тал нь 60 хоногийн нөөцтэй байхаар тогтвортой хөтөлбөртэй байх хэрэгтэй.

Оношлогооны сорилууд

БЗДХ-ын дэлхийд учруулах хохирлын ойролцоогоор 80-90% нь хөгжиж буй орнуудад оногддог бөгөөд энэ нь оношлогооны боломж хязгаарлагдмал буюу байхгүйтай холбоотой. Нөөц дутмаг үед өвчтөний оношлогоо болон тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд оношлогооны хурдавчилсан сорилуудыг боловсруулах шаардлагатай. Зарим БЗДХ нь ХДХВ халдварлахад гол нөлөөлөх хүчин зүйл болдог учир ХДХВ-ийн халдварын тархалт өндөр газар нутагт оношлогооны аргыг сайжруулах нь чухал ач холбогдотой.

Вакцин

Халдварт өвчнийг хянахад эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах нь өндөр үр дүнтэй арга учир ХДХВ-ийн болон БЗДХ-ын эсрэг үр дүнтэй вакцин эрэлхийлэх нь чухал зорилт болж байна. Өнөөдрийн байдлаар БЗДХ-ын нэг үүсгэгчийн эсрэг гарсан ганц үр дүнтэй вакцин нь нь ВГ-В-ийн эсрэг вакцин юм. ХПВ-16, 18 /33/ хэвшинжээр үүсгэгддэг анхдагч болон архаг удаан явцтай халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин хэрэглэх нь үр дүнтэй болохыг сүүлийн үеийн судалгаанууд харуулсан байна. ЭГВ-2 эсрэг вакцин нь эмэгтэйчүүдэд, ялангуяа урьд нь ЭГВ-1-ээр халдварлагдаагүй эмэгтэйчүүдэд илүү үр дүнтэй болох нь эмнэлзүйн туршилтуудаар батлагдсан байна. Вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зорилтот бүлгүүд, ялангуяа өөрсдийгөө БЗДХ-т өртөх эрсдэлгүй гэж үздэг хүн амын бүлэгт хийгдэх вакцин нь зөв тодорхойлогдсон, баталгаажсан байх шаардлагатай. Вакцинд хамруулах хүн амын бүлгийг тодорхойлсны дараа дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн хүн амд вакциныг найдвартай, тогтвортой хангах нь чухал.

Үйл ажиллагааг өргөжүүлэх

Үйл ажиллагааг өргөжүүлэхийн зорилго нь бүлэг хүн амд үйлчилгээнд хэрэгтэй үр дүнтэй арга хэмжээгээр хангахад оршдог. Энэ нь хүн амын тодорхой зорилтот бүлэгт тусламж үйлчилгээ авагсдын тоо нэмэгдүүлэх, газар нутгийн хамралтыг өргөжүүлэх юм. Үйл ажиллагааг өргөжүүлэхэд өвөрмөц focus шаардлагатай.

  • Тусламж үйлчилгээний чанар, үйлчилгээнд хүмүүсийг олноор хамруулахыг хэт хичээх нь үйлчилгээний чанар, эрч хүчийг бууруулахад нь сөргөөр нөлөөлж болно.
  • Үйл ажиллагааг өргөжүүлэхэд хүрэлцээтэй нөөцөөр хангах
  • Тогтвортой хангалтын албаар хангах шаардлагатай
  • Тогтвортой байдал, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээсээ өмнө үйлчилгээний тогтвортой байдал хангасан эсэхийг үзэх шаардлагатай.

Бодлого хөтөлбөр боловсруулахын тулд мэдээллийг боловсронгуй болгох

Тархвар судлалын хяналт

Үндэсний болон дэлхийн түвшин дэх БЗДХ-ын харуулдан тандалт нь мэдээлэл ухуулга сурталчилгаа, хөтөлбөрийн загвар, хяналт ба үнэлгээ зэрэг зорилтуудаас бүрдэх ёстой. БЗДХ-ын тандалтын үндсэн бүрэлдэхүүнд дараах зүйлүүд хамрагдана.

  • Өвчтөний нас хүйсийг тусгасан бүртгэл / Хам шинжийн болон оношлогооны тестүүдээс хамаарах үүсгэгчийн тайлан, бүртгэл нь БЗДХтай урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг явуулж буй албадын зохион байгуулалт, тухайн орны халдварт өвчний бүртгэлийн тогтолцооноос хамаарна.
  • Өгөгдсөн бүлэг хүн амын дунд БЗДХ-ын хор хохирлыг тогтоох зорилгоор халдварын / эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба шинж тэмдэггүй/ тархалтанд хяналт үнэлгээ хийх
  • БЗДХ-ын үүсгэгчид үнэлгээ өгөх - Нянгийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн тэсвэрт байдалд хяналт үнэлгээ хийх
  • Тусгай судалгаа явуулах, Ж: хуурамч үйлчлүүлэгчийн тусламжтай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ хийх

ХДХВ-ийн 2-р үеийн харуулдан тандалт

БЗДХ-ын тандалт нь ХДХВ-ийн 2-р үеийн харуулдан тандалттай нягт холбоотой бөгөөд түүнд гол үүрэг гүйцэтгэдэг; сүүлийн үед үүнд эрсдэлт зан үйлийг хянах зорилго бүхий зан үйлийн тандалт болон ХДХВ-ийн халдварын эрсдэлтэй бүлгийн хүн амд тохиолдох бусад БЗДХ-ын тархалтыг хянах зорилго бүхий зан үйлийн тандалт агуулагдах болсон. Лабораторийн чанарыг дээшлүүлэх, хүн хүчний чадавхийг сайжруулах, тайлагнах тогтолцоог бэхжүүлэх замаар тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм. Хяналт ба үнэлгээ хийх Хяналт, хөтөлбөрийн явцын ажиглалт нь гүйцэтгэж буй үйл ажиллагаа төлөвлөгөө, өгөгдсөн хугацаа, санхүүжилт, хүлээгдэж буй үр дүнтэй уялдах нөхцөлийг хангахын тулд зайлшгүй шаардлагатай. Хяналт хийхэд мэдээлэл цуглуулах, түүнд хийсэн дүн шинжилгээ хэрэгтэй.

  • Тусламж үйлчилгээний хүрээ (ж: үйлчилгээнд хандсан үйлчлүүлэгчдийн тоо, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан ба эмчлүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо, бэлгэвчийн хангамж, СДЗШ-нд хамрагчдын тоо)
  • Тусламж үйлчилгээний чанар (ж: стандарт эмчилгээ авсан үйлчлүүлэгчийн хувь)
  • Эмнэлгийн ажилтны хүрэлцээ (ж: үйлчлүүлэгчдийн тоо буюу үзлэгийн ачаалал )
  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээ хангалт (ж: тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн нийт тоо, анх ба давтан үйлчлүүлэгчдийн харьцаа, нэмэлт үйлчилгээ, эмчилгээний сонголт, ойролцоо орших ЭМБ-д тусламж үйлчилгээ авахаар хандсан үйлчлүүлэгчдийн тоо)

Бусад хөтөлбөр, хамтрагчтай хамтран ажиллах БЗДХ-аас сэргийлэх, хянах хөтөлбөр нь өсвөр үе, эмэгтэйчүүд, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрүүд, гэр бүл төлөвлөлт, аюулгүй эх болох, дархлаажуулалт, хүүхдийн нас баралтыг бууруулах хөтөлбөрүүдтэй холбоотой бөгөөд тэдгээрийг өөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулах хэрэгтэй. БЗДХ болон ХДХВ-ийн халдварын хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь хамтран ажиллах төдийгүй, өөрсдийн үйл ажиллагааг явуулах төлөвлөгөөнд нөөц бололцоогоо нэгтгэх нь чухал. Хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг дурьдвал

  • Эрсдэлт зан үйл, урьдчилан сэргийлэх аргын тухай үйлчлүүлэгчид боловсрол олгох
  • Хүмүүс өөрсдийн ХДХВ-ийн талаарх статусыг мэдэх, ретровирүсийн эсрэг эмчилгээг үнэлэх үүднээс СДЗШ-г санал болгох
  • ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, халдварлалтыг бууруулахын тулд бусад БЗДХ-ын үр дүнтэй эмийг санал болгох
  • Аюулгүй, үр дүнтэй эмийн бэлдмэл болон үнийн хувьд боломжтой, чанартай бэлгэвчээр хангах хөтөлбөрийг боловсруулах
  • ХДХВ-ээс болон бусад БЗДХ-ын хүрээнд үндэсний хэмжээнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Төрөхийн өмнөх тусламж үйлчилгээнд ХДХВ ба тэмбүү зэрэг халдвар илрүүлэх үйл ажиллагааг иж бүрэн цогц үзүүлэх

Түүнчлэн БЗДХ-ын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй алба болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний албадын хооронд ижил төстэй үйл ажиллагаанууд их байдаг ба эдгээр албадын хамтран ажиллах боломжтой салбаруудыг дурьдвал:

  • Төрөхийн өмнөх тусламж үзүүлэх эмнэлгийн байгууллага, эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн байгууллага нь нөхөн үржихүйн насны олон тооны эмэгтэйчүүдэд үйлчилдэг ба тэдгээрийг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх үйлчилгээнд хамруулж болох юм. Ингэснээр БЗДХ-ын шинж тэмдэггүй халдваруудыг илрүүлэх, эмчлэх, жирэмсний хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.
  • Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, БЗДХ ба НҮЗХ нь эмэгтэйчүүдэд үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар, зулбалт, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх өвчлөлийг ихэсдэг. Иймд БЗДХ-ыг илрүүлэх, эрт эмчлэх нь эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэг чухал хэсэг юм.

Түүнчлэн төрөлхийн тэмбүү өвчнөөс үр дүнтэй урьдчилан сэргийлэх нь юуны өмнө жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний үед тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээг хяналтанд анх ирэх үед нь буюу 28 долоо хоногоос өмнө, давтан шинжилгээг 36 долоо хоногоос өмнө хийх нь чухал. Хэрэв жирэмсэн үед тэмбүү болон бусад БЗДХ илэрвэл ХДХВ илрүүлэх зөвлөгөө шинжилгээнд хамруулахыг санал болгох хэрэгтэй.

4. Мэдээлэл сургалт сурталчилгаа (МСС)

Хэдийгээр өндөр технолог, хөндлөнгийн үйл ажиллагаа оролцоо боломжтой байдаг ч тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого болон нөөцгүйгээр хүн амд хүрдэггүй. БЗДХ-ын хавсарсан халдварууд, ялгаварлан гадуурхах нь БЗДХ-ыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд саад бэрхшээл учруулдаг төдийгүй, нийгэмд таагүй уур амьсгал үүсгэдэг. МСС амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэний нийгмээс дэмжигдсэн хүчирхэг удирдлага, зөв бодлого, оновчтой санаанууд, шинжлэх ухааны үндэслэлтэй стратеги хөтөлбөр хэрэгтэй. МСС нь дараах шинжийг агуулна.

  • Нөхцөл байдлыг стратеги болон багц мэдээллээр баримтжуулах
  • Бодлого болон нөөцийн хуваарилалтанд нөлөөлөх гол бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох
  • Шийдвэр гаргагчдад нөлөөлөх салбар болон салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг үүсгэх

Улс орны түвшинд МСС нь бодлого, хууль эрхийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болох ёстой. Олон нийтийн болон бусад салбаруудтай хамтын ажиллагааг дараах чиглэлүүдэд хандуулах нь зүйтэй. Үүнд

  • БЗДХ-ын өвөрмөц халдварууд, тэдгээрийн хүндрэлийг хянах, ж: төрөлхийн тэмбүүг устгах, зөлөөн ярыг устгах хянах
  • БЗДХ-ын оношлох түргэвчилсэн оношлогооны тест, БЗДХ-ын вакцинууд, микробицид агуулсан эмэгтэйчүүд өөрсдөө хянах боломжтой хамгаалах аргууд зэрэг урьдчилан сэргийлэх ба тусламж үйлчилгээнд зориулагдсан ашигтай технологиудын хүрээг өргөсгөж, тэдгээрийн хэрэглэх хандлагыг нэмэгдүүлэх
  • БЗДХ-ыг эмчлэх үр дүнтэй, чанартай, аюулгүй, боломжийн үнэтэй эмийн бэлдмэлүүдээр хангах
  • ХДХВ болон тэмбүүгийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зэрэг нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг болно.

Стратегийг хэрэгжүүлэхэд зайлшгүй нэмэлт санхүүгийн нөөц шаардлагатай болдог. Хөгжиж буй орнууд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Дэлхийн сан зэрэг янз бүрийн эх үүсвэрээс санхүүждэг.

Эмэгтэйчүүдийн хүйтэн ба үргүйдэл

Хүйтэн бол эмэгтэйчүүдийн бэлгэсийн эрхтэнүүд ба шээсний эрхтэнүүдийг гэмтээдэг халдварт өвчин бөгөөд үе мөчид хийгээд биеийн бусад хэсгүүдийг өвчлөлд учруулдаг удаа олонтой өвчин юм.

Арьс өнгөний энэ өвчнөөр өвдсөн эрэгэтй хүнтэй бэлэг солилцосны улмаас энэ өвчин эмэгтэй хүнд тусна. Халдвар нь хурьцал үйлдсэнээс хойш 2-14 хоногийн дотор хэд хоноод ч илрэх ба голдуу 3-5-7 хоногоос илэрнэ. Хүйтэнтсэн эмэгтэйчүүдийн анхны тэмдгүүд эрэгтэй хүнээс тодорхой бус байдаг. Иймээс өвчтөн эмэгтэйчүүд нь зохих цаг тухайд нь тэр чухал зүйлийг анхаардаггүй юм. Хүйтэндсэн эмэгтэйн савнаас идээвэрлэг буюу цагаан юм бууж, шээхэд нь эмзэглэж, бэлгийн гадаад эрхтэнүүд үрэвсэнэ. Гэвч эдгээр тэмдэгүүд нь онц тодорхой хэлбэрээр үүсэхдээ ч төдий л тод мэдэгддэггүй юм.

Жишээ нь : Хэрэв шээсний сүв биш сав нь эхлэж гэмтвэл өвчтөн маань шээхэд нь эмзэглэх явдлыг үл анхаарагдана. Цагаан юм нь бяцхан хэмжээгээрч гарч болох тул өвчтөнд анзаарагдахгүй өнгөрч бас болно. Түүнээс гадна эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь онцгой зохион байгуулалттай байдгийн улмаас өвчтөн өөрөө нарийвчлан үзэхэд төвөгтөй байдаг юм. Эдгээр шалтгаануудын улмаас эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө бэлэгсийн эрхтэнүүдийн өвчлөх гэж байгаа ба өвчилж байгаа байдлыг ажиглан таниж чадахгүй явдал бишгүй байдаг. Хүйтэн өвчин нь эмэгтэйчүүдийн эрхтэнүүдийг төдий л өвтгөж шаналгах нь олонгүй учраас тэд нар өвчний эхлэлт ба цочмог хэлбэрийн хөгжилтийг анхаарч чаддаггүй бөгөөд эмчид очиж зөвлөгөө авч чаддаггүй юм. Цагаан юмыг ганц л хүйтэндэсний ноцтой тэмдэг гэж ойлгож үл болохыг санууштай.

Огт хүйтэнгүй эмэгтэйчүүдэд ч цагаан гоождог тохиолддог юм. Жишээ нь: цус багадах зэргийн бусад шалтгаануудын улмаас эмэгтэйчүүдийн бэлэгсэн эрхтэнүүд хүйтэнтэй холбогдолгүйгээр янз бүрээр өвчилсөний нөлөөгөөр цагаан гоождос гардаг үүнийг арьс өнгөний бус эмэгтэйчүүдийн өвчтөний мэргэжилтэнээр эмчлүүлэх явдал заавал шаардана. Хүйтэний уршгаар гарч байгаа цагаан гоождос хүйтнийг үүсгэгч микроб болох Нейсерийн Гонококк микробтой байдаг. Тэр микроб салст бүрхэвч, салстын булчирхайнууд, эрхтэний нэхмэлүүдэд амьдран үржиж тэндээ үрэвслийг бий болгодог юм. Архаг хүйтэнтэй эмэгтэйчүүд бусадтай хурьцлыг үйлдэж,, тийнхүү ойртсон хүмүүстэй хүйтэн халдаадаг байна. Ийм хүмүүс өөрйинхөө өвчнийг бусдад халдаагаад тэр тухай нь цаад халдаалагасан хүмүүсийнхээ хэлэхэд өөрийгөө өвчтэй байна гэж анх мэддэг байна. Заримдаа ийм үгийг сонссон эмэгтэйчүүд тэр хүнээс сонсож байгаа “ Гачин үгэнд” бухимдаж эрүүл, өвчтэйгээ мэдэлцэхийн тулд маргалдаж эмчид очдог юм. Гэвч эмчийн тасалгаанд очмогц тэр эмэгтэйг хүйтэнтэй юм гэж шууд тогтооход бэрхтэй байдаг. Харин юуны урьд цагаан юм нь лабораторийн эдүй төдий шинжилгээ хйиж хүйтний микроб Гонококкийг олсны дараагаар уг өвчний магадлагааг гаргах болно. Эмэгтэйчүүдийн цочмог ба архаг хэлбэрийн хүйтэнг эмчлүүлэхгүй бол умай, өндгөвч түүний хоолойг гэмтээж сарын тэмдэгийг буруудуулж бусад нэхмэл ба эрхтэнүүдийн өвчлүүлэх явдал цөөнгүй байдаг юм. Умай өндгөвч ба хоолойн дайвар гэмтэх явдал нь эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн чадваргүй болгох бөгөөд бүр мөсөн дутуу тахир болгох явдал олонтой бий. Гэтэл эмэгтэйчүүдэд хүйтэн өвчнөөс учрах уршгуудын дундаас хамгийн ноцтой нь үргүйдэх явдал мөн. Тэдгээр эмэгтэйчүүд нэг насандаа үр төрөхгүй болж удам угсаагаа бэлтгэх чадлаа бүрмөсөн алдах нь цөөнгүй бий. Тэгээд эмэгтэйчүүд хүний эх болох чадлаа алдаж гэр бүлийн талаар баясгалангүй болж сүрхий их харамсалд учирдаг. Ийм болсон эмэгтэйчүүд хүүхэд олдог болохыг мөрөөдөж эмчид үзүүлж элдэв гомдлыг гаргаж шавар эмнэлгэд очиж эмчлүүлэх рашаанд орох, цахилгаан эмчилгээ хийлгэх зэргээр элдэвчлэн оролдож байгаад явсаар янз бүрийн хүмүүсээр анагаах ухаанд үл хамаарах элдэв арга дом хийлгэх нь ч бий гэвч тэгэж оролдсоны улмаас үрийг олох болтлоо эрүүлжих нь нэн ховор байдаг. Иймд хүйтэнээ мэдэж дариухан эмчид очихгүй түүнийгээ ажиглаж танихгүй явсаар уг өвчнийг даамжруулбал сүүлдээ зөвхөн өөрийнхөө биеийн эрүүл мэндэд хор учруулж хөдөлмөрийн чадвараа алдаж, үр олохоо болиод зогсох бус харин үрийг төрүүлдэггүйгээрээ улс нийгэмд гарз учруулдаг юм.

МАХН ба Засаг нь өөрийнхөө ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалж, тэдний ахуй байдлыг сайжруулж тоог нь олшруулахыг үнэхээр чармайдаг билээ. Үүний тулд манай нам засаг нь ард түмэндээ эмнэлэгийн тусламжийг үнэ төлбөргүйгээр үзүүлж, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах өргөн бололцоог тэдэнд олгосоор байна. Иймд хүйтэнээр өвчилсөн эмэгтэй хүн өөрийнхөө өвчнийг нямбай нягтаар эмчлүүлж, эмчээс дурьдсан бүх зааврыг нарийн чанд сахиж биеэ бүрэн эрүүлжүүлэх нь маш чухал юм.

Хүйтэнтэй хүн эмчлүүлж байгаа үедээ өөрөөр хэлбэл гүйцэт эдгэртлээ хурьцал үйлдэхийг тэвчих хэрэгтэй. Ер нь эмчээс тогтоож өгсөн дүрмийг зөрчсөний улмаас зөвхөн өөрийн өвчнийг бусдад халдаагаад зогсох бус харин өөрийнхөө өвчнийг хүндээр хүндрүүлж болох тул энэ аюулаас зайлс хийхийн тулд болохыг ухамсарлах хэрэгтэй. Эмэгтэй хүн туссан цочмог ба сэдэрсэн хийгээд архаг хэлбэрийн хүйтнийг манай анагаах ухаан бүрэн гүйцэд бөгөөд маш түргэн хугацаанд эдгээж чаддагыг ойлгох хэрэгтэй.

Ингэхэд шээх эрхтэний далд холбогдотой ямар нэг ажиг гарвал / ялангуя хурьцал хийсний дараа/ тэр эмэгтэй нэн даруй эмчид очих ёстой гэдгийг хатуу санууштай. Тиймэрхүү ажгийн олонх нь хүйтэнд хамаарахгүй болох боловч, хэрхэн өвдөж гэм түүнийг лавширхаас нь урьд эмчид үзүүлж, урьдчилан сэргийлэх нь хавьгүй дээр болохыг ойлгож, энэ дурьдсан бүхий л заалтуудыг ёсчлон дагах нь чухал юм.

 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Англи хэлнээс товчилон орчуулсан: Анагаах ухааны доктор Ч.Эрдэнэчимэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6205
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК