Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Өвөр Монголын өөртөө засах орны эмнэлэгтэй танилцсан нь
( Товч мэдээлэл )

Их эмч Б.Гонгоржав

 

 

БНМАУ-ын тусгай мэргэжлийн хэдэн их эмч бид нарт БНХАУ-тай соёлоор харилцах үндсэн дээр Өвөр Монголын Өөртөө Засах оронд хүрэлцэн ирэх сайхан завшаан тохиолдлоо. Бид 6 сарын 3-нд ирснээс хойш энэ завсар Хөх хотын болоод Цахар, Шилийнгол аймгийн төвийн ба орон нутгийн эмнэлгийн байгуулалгуудын ажил байдалтай танилцав. Бид богино хугацаанд галт тэрэг, автомашинаар Өвөр Монголын уудам сайхан нутгаар 2000 шахам км зочилж явлаа. Бид хаа явсан газартаа элэгсэг дотноор зочлуулсан ах дүүгийн нөхөрсөг уулзалт хийж явсаны дээр аймаг хошууны эрүүлийг хамгаалах байгуулалгын удирдах нөхдөөс ажил байдалтай гаа харамгүй танилцуулж байсан явдалд бид гүнээ баярлан талархаж байна. Бид хаа явсан газартаа Өвөр Монголын Өөртөө Засах орны олон үндэстний ард түмэн өөрийн хайрт хятадын эв хамт нам ба дарга Мао Цээ-дунгийн сод мэргэн удирдлалын дор аж ахуй соёл гэгээрлийн талаар өнгөрсөн 10 жилийн дотор их амжилтыг олж, аж амьдрал нь өдөр ирэх дутам сайжирч өөрийн эх орондоо нийгэм журмийг байгуулах үндсийг тууштай тавьж байгааг бид нүдээр үзэж баясаж явлаа.

Энэ их амжилтуудын дотор эрүүл хамгаалалын тусгайлан хуучин нийгмээс үлдсэн хортой ов болох өнгөний өвчин ба хулгана хижиг зэрэгтэй тэмцэх ажлын өндөр бүтээл оролцно. Гадаадын түрэмгийлэл ба харгис Гоминданы ноёрхолын үед ялангуяа малжих орны ард түмний дотор өнгөний өвчин ихээхэн дэлгэрч хүн амын эрүүл мэндийг сүрхий хөнөөж өсөлтийг бууруулж байсан байна.Өнгөний өвчний дэлгэрэлт 1951-1952 оны байцаалтаар Цахар аймагт 40.1% Шилийн-голын аймагт 47.2% байсан байна. Энэ бол өвчлөлтийн хэмжээ хуучинд өндөр байсныг харуулж байна.

Дундад улсын эв хамт нам ба төрийн дээд байгуулалгуудын шийдвэрээр өнгөний өвчинтэй тэмцэх ажлыг нэг журмаар төлөвлөгөөтэй явуулах болсоор 6жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд танай эмнэлгийн ажилтан олон түмний идэвхитэй дэмжлэгтэйгээр бэрхшээлүүдийг туулсаар их үр бүтээл олжээ.Жишээ нь:1956 оны хоёр удаагийн байцаалтаар Цахар аймагт өнгөний өвчлөлтийн хэмжээ 13.8% болж, Шилийн голын аймгийн зүүн Сөнид Авга хоёр хушууны мэдээгээр 44.9% байснаа 29.7% болж хорогдсон байна.Үүний дотроос 1-р ба 2-р үеийн хурц халдвартай хэлбэрүүд тун тохиолдох болжээ.(Авга хушууны 1-р үеийн тэмбүү 0.075% 2-р үеийн дахисан тэмбүү 0.73% байжээ). Цахар аймгийн Шүлүүн хөвөө цагаан хушуунд одоо ажиллаж байгаа Чойжинжав даргатай өнгөний станцийн сонсголоос үзвэл 1951 онд ил тэмбүүтэй илрэгсэд 40.3% болж байснаа 1956 онд 2.5% болсон ба төрлөхийн эрт илэрсэн тэмбүү 1951 онд нийлээд тохиолдож байсан бол 1956 онд цөөн (1998 оны өвчтөн дотор 3 хүүхэд буюу 0.15% нь) байсан гэжээ.

Бас нэг ололт гэвэл: Хүүхэд төрөх нь олширч түүний үхэлтийн хэмжээ буурчээ. Жишээ нь: Шилийн голын аймагт 1952 онд 276 хүүхэд төрж үүнээс үхсэн нь 31.8% байсан бол 1956 онд 2493 хүүхэд төрж үүнээс үхсэн нь 10.9% байв.

Ингэж эрүүл хүүхэд төрөх нь нэмэгдэж хүүхдийн үхэлт эрс буурсан явдалд тэмбүү өвчтэй эмэгтэйчүүдийн ба төрөлхийн тэмбүүтэй нялхасыг сайн эмчилсэний үр дүн мөн.

Шилийн-гол аймгийн Баруун үзэмчин хушуунд одоо ажиллаж байгаа өнгөний станцын дарга Хишигтийн сонсголоос үзвэл бус станц нь төрөлхийн тэмбүүг урьдчилан сэргийлэх эмчилгээг далайцтай явуулдаг байна. Ингээд Өвөр Монголд өнгөний өвчтэй тэмцэх ажлыг явуулж байгаа явдалтай бага зэрэг үзэж танилцсаны улмаас бидэнд төрсөн сэтгэгдлийг товчилбол:

  1. Өнгөний өвчний хурц халдварт хэлбэрүүдийн дэлгэрэлтийг, 1-рт хязгаарлах , 2- рт бүрмөсөн усатгах зорилгийг тавьж үүний эмчлэх явдалд пенициллинийг хэрэглэж байгаа нь сайн үр дүн үзүүлжээ. Тэмбүүний хурц халдварт хэлбрүүдийг арилгах явдал бол тун их ач холбогдолтой урьдчилан сэргийлэх арга хэмжээ мөн. Харин үүнд чухал тэмдэглэх нь : а) Эхний жилүүдэд 1951-1952 он бүдүүн хүнд дөнгөж 3 сая нэгч пенициллиний хийгээд зогсож байжээ. Энэ хэмжээ бол бага бөгөөд өвчний тахилт нэмүү гарч болмоор юм. Дараа эмчлэх хэмжээг 6-12 сая нэгч болгосон нь тохирчээ. Энэ хэмжээгээр тарьихад өвчин дахих нь зөвлөлтийн мэдээгээр 5-6 %-аас үл хэтэрнэ.
  2. Пенициллинээр эмчилхийн хувьд нэг тоймыг баримталдаг юм байна. Энэ бол зүйтэй юм. Энд пенициллиний эмчилгээний ойрын үр дүн үзэгдэж байгаа бөгөөд алсын үр дүнг гаргах болоогүй нь мэдээж. Манай улсад ч гэсэн тэмбүүг пенициллинээр эмчилсний алсын үр дүн гараагүй юм. Юу гэвэл манайх 1950 оноос эхэлж алаг цоохор цөөн хүнийг эмчилсэн ба олноор нь сүүлийн 2 жилээс эмчилдэг болсон.
  3. Арьс өнгөний станцуудын сонсголоос үзхэд тэмбүү өвчний үе ангилал (классификаци )-ийг нэг мөр болгоогүй мэт байна. Тиймээс тоо мэдээг бүртгэн тайлагнах явдал нь харилцан адил биш байна. Гэвч 1948 онд батлагдсан зөвлөлтийн үе ангилалыг зарчим болгох чиглэлтэй болгох байгаа юм байна. Энэ талаараа нийтээрээ баримтлах заавар ба сурах бичиг удахгүй нийтлэгдэх гэж байна гэж Профессор Хү- Чуань –күй бидэнд ярьсан билээ .
  4. Тэмбүүг таньж онош –диагноз тавихын хувьд станцуудаар ажиллаж байгаа эмч нар нилээд чадварлаг бололтой юм. Бид нарт хамтран үзэж хамт диагноз тавих өвчтөн тохиолдсонгүй нь харамсалтай.Эндхийн нөхөд Диагноз тавихдаа 1) Өвчний түүх (анамнез) 2) Цус шинжилгээний дүн 3) Клиник байдал ( шинж тэмдэг) баримтлан тавьдаг юм. Хятад эмч нар нь хэл нэвтрэлцэхгүйн улмаас анамнезийг тусгай хүнээр авхуулдаг байна. Манайд ч гэсэн дээр дурьдсан 3-н үндсэн өгөгдүүнийг баримталдаг бөгөөд харин клиникийн (өвчний шинж тэмдэг) байдлыг гол өгөгдүүн гэж үздэг ба анамнезсеролог урвалуудын дүнг хоёрдогч чанарын өгөгдүүн гэж үздэг. Тэмбүүний нэгдүгээр үед микроскоп шинжилгээг хийж цайвар спирохет олж нотлохыг хичээдэг. Жич далд тэмбүүний диагноз тавихдаа цусны шинжилгээ хоёроос доошгүй позитив байх бөгөөд цус позитив байх өөр шалтгаан (Т.Б.К алкоголизм хурц халдварт өвчин зэрэг) байхгүй байвал сая тавьдаг. Невролюесий диагнозыг төлөв мэдрэлийн их эмч нараас тогтоодог бөгөөд өвчтөний шаналгаа, клиникийн байдалд нугасны усны шинжилгээ, анамнез зэргийг баримтлана.
  5. Серодиагностикийн талаар гэвэл энд төлөв Каны тунадаст урвалд тавьдаг ба Вассерманы Идэ Мураадын урвалуудыг тавьдаг байна мөн ч нугасны усны шинжилгээ хийж байна. Идэ, Мурадаа, Крае гэх мэт серолог урвалууд нь бидэнд шинэ юм. Үүнтэй танилцаж авахыг бодно. Цусны ямар нэг тунадаст урвалаар шинжилхэд заримдаа учир дутагдалтай байдаг учраас манайд вассарманы урвалыг голчилж Цитохоль, Кан зэргийн урвалыг зэрэгцүүлэн тавьж дүнг харшуулан үздэг юм.
  6. Энд одоохондоо тэмбүүний хурц халдварт хэлбэр бүхий өвчтөнг орчин тойрон ба гэр бүлийн хүмүүсээс тусгаарлан суулгаж (госпитализация) эмнэдэггүй гэрээс явуут эмчилдэг байна. Энэ зардал төсвийн талаар хэмнэлтэй бас ч ажил үйлдвэрээс нь холдуулахгүй, ухамсар бүхий хүмүүсийг нэн ялангуяа богино хугацааны эмчилгээгээр үйлчилхэд тохирч болох сайн талтай боловч ухамсар дорой ба идэр залуу хүмүүс дээр өвчнөө бусдад бэлгийн ба ахуй байдлын замаар халдааж болох аюултай юм. Энэ тухай зөвлөлт улсад хатуу баримталдаг зарчим нь: хурц хэлбэрийн тэмбүүтэй өвчтөнг өвчин нь магадлагдсанаас хойш 24 цагийн дотор тусгай больницад тусгаарлан хэвтүүлж, тэндээ эхний күрс эмчилгээг дуустал буюу өвчний ил тэмдэг гүйцэд барилтал байлгадаг. Манай улсад зөвлөлтийн нь зарчмыг баримталдаг юм. Ер нь ил халдвартай үе дээрээ байгаа тэмбүү өвчтөнг орчин тойрны хүмүүсээс тусгаарлах явдал бол уг өвчний тархалтыг сэргийлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ мөн болно.
  7. Өнгөний өвчнийг дисйансерчилсон аргаар эсэргүйцэхэд Патронажийн ажил нэг үндсэн зүйл нь мөн. Энэ бол а) өвчин халдаасан уг сурвалжыг олох, б) өвчинтэй дөт хавьтаж байсан хүмүүс ба түүний гэр бүлийн хүмүүсийг дуудаж байцаалгах, в) Эмчилгээ тасалсан хүмүүсийг дуудах г) өнгөний өвчнийг хууль бусаар бусдад халдаасан буюу эмнэлэгээс хортойгоор зайлс хийсэн хүнийг хууль ёсоор цээрлүүлэх зэрэг ажил юм. Энэ талаар эндхийн өнгөний дисйасерүүд багагүй ажил явуулдаг байна. Ингэж явуулахад нь ялангуяа малжих оронд их бэрхшээл тохиолддог гэж байна. Энэ бол аргагүй юм. Манайд ч гэсэн ялангуяа өвчин халдаасан этгээдийг илрүүлж олох явдал дээр их бэрхшээл учирдаг юм. Гэв ч бид бэрхшээлийг давахын төлөө мэрийх ёстой шүү дээ.
  8. Аливаа өвчнөөс сэргийлэх явдалд ухуулан таниулах ажилд их роллтой гэгчийг бид та бид цөм мэднэ. Энэ нь ялангуяа ахуй соёлоор дорой малчин тариачин ардын дунд нэн чухал болох тул танай энд эмнэлэг- гэгээрлийн ажлын олон төрлөөр маш өргөн бөгөөд чадвартайгаар зохиож байгаад тэмдэглүүштэй.
  9. Байцаан шинжилэхэд илэрсэн өвчтөнг сайтар бүртгэх тэдгээрийн эмчилгээний явц хийгээд үр дүнг нягтлан бүртгэх тэдний эдгэрэлтийн хэтийн байдлыг ажиглах зэргийг маш чухал ажил мөн. Өвчтөний бүртгэл дансыг энд туйлын нямбай цэгцтэй хөтөлдөг юм байна.
  10. Бид явдлынхаа дашрамд тус орны хүн мал нилээд дэлгэрсэн бруцеллёз өвчнийг өргөн судалж байгаа бөгөөд эмчлэн сэргийлэх ажлыг далайцтай зохиож байнга явдалтай танилцав. Энэ өвчинг энд сэргийлэх ба эмчлэх ажлыг зохиож байгаа нь маш сонирхолтой санагдав. Мөн ч энэ өвчинг засах талаар хуучин хятад ба тангад эмнэлэгт байнга үр дүн үзүүлдэг Хуанлян, Сампилноров зэрэг эмүүд байгаа ба түүнийг өргөн хэрэглэж байгаа нь бидний анхаарлыг татав. Бас тарваган тахал (эндхээр хулган хижигтэй) тууштай тэмцсэний үр дүнд тэр аюулт өвчин сүүлийн жилүүдэд хүнд тусч үзэгдэхгүй болсон нь сайхан амжилт юм. Ярианыхаа төгсгөлд хэлэхэд бид Өвөр Монголын Өөртөө Засах Орны эмнэлэгийн ажил практик дээрээс тусгайлан өнгөний өвчинтэй тэмцэх арга хэмжээний талаар их юм олж сурав.Бидэнд үлгэр жишээ болгож хэрэглэх зүйл олон харагдав. Бид үүнд сэтгэл дүүрэн ханамжтай болов. Бид улмаар БНХАУ-ын Төвийн анагаах ухааны том газруудаар цаашид явахдаа олон эрдэмтэн багш нараас бас их юм сурах болно. Би бодвол манай хоёр эмнэлэгийн ажилтныг хоорондын нөхөрсөг харилцаа энэ анхны алхмаар хязгаарлагдахгүй, улам гүнзгийрч, харилцан суралцах, туршлага солилцох болно гэж найдна. Бид агуу их Хятад ард улсын анагаах ухааны ололт бүтээлээс хүртэж байхыг хэзээд хичээнэ.
Ном зүй

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХӨТ-д хадгалагдаж буй материалаас
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : хэвлэлд бэлтгэсэн: Х.Даваажав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 658
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК