Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
Арьсны Demodex хачигны биологийн зарим асуудал (Хэвлэлийн тойм)
( Лекц )

А.Гүрбадам, Ц.Сарангуа

Эрүүл Мэндийн Шижлэх ухааны Их сургууль

 

 

 

Өвчтөнүүдэд зовиур шаналгаа болж, арьс гоо заслын эмч нарын хувьд байнгын асуудал үүсгэдэг нэг зүйл амьтан бол арьсан дахь демодекс хачиг юм.

Демодекс хачиг нь үе хөлтний (Arthropoda) хүрээ, Arachnida ангийн, Acarina багийн, Demodex төрөлд хамаардаг ба Demodex folliculorum (арьсанд), Demodex brevis (сормуусанд) зүйлүүд хүнд шимэгчлэн амьдардаг [1], хэвийн бичил нянгуудын (микрофлор) нэг бөгөөд бичил харуураар харагдахуйц хэмжээтэй[2].

Амьтны Демодекоз биологийн хувьд олон зүйлийн Демодекс хачигаар үүсгэгддэг. Demodex canis – нохойд [Зураг 1,2], Demodex bovis - үхэрт, Demodex cati – мууранд, Demodex cuniculi – туулайнд, Demodex phylloides – гахайнд хүнд хэлбэрийн, маш хүчтэй загатнаатай эмгэгийг үүсгэдэг боловч эмгэгтэй амьтдаас давтан хавьтлаар хүнд халддаггүй. Гэвч хүний арьсанд Демодекс хачиг урт удаан хугацаагаар оршин байдаг [3].

Зураг 1, 2. Нохойн Демодекоз

Олон төрлийн сүүн тэжээлтэнд Демодекс хачиг хоорондоо халдварлан дамждаг гэсэн таамаг байдагболовч, баримтаар нотлогдсон тохиолдол одоогоор алга байна [19].

Хүн болон нохойны Демодекс хачиг ижил төстэй харагддаг боловч цөөн тооны туршилтын явцад халдварладаг нь батлагдаагүй байна [15].

Бие гүйцсэн Demodex folliculorum 0,3 - 0,5 мм, Demodex brevis 0,13-0,18 мм урттай [23], толгой, цээж, хэвлий, сүүлний хэсгээс тогтоно. Цээжний хэсэгт 4 хос хөлтэй. Толгойн урд хэсэгтээ эрүүтэй [16] [Зураг 3,4].

Демодекс хачиг хүйсний хувьд ялгаатай. Эмэгчин хачиг хэвлийн хэсэгтээ эм бэлэг эрхтэн (вульво-анус) нээлттэй, харин эрэгчин хачигны нуруун талд цээжний хэсэгт нэг ба хоёрдугаар хөлний хооронд, харалдаа байрлалтай эр бэлэг эрхтэн (пенис) харагддаг [8] [Зураг 7].

Зураг 3,4 Бие гүйцсэн Демодекс хачиг

Демодекс хачигны амьдралын мөчлөг хоёр үеэс тогтдог. Арьсан дээр дүрс хувирах, арьсны дотор үржих үе гэж хуваагдана [2].

Арьсан дээр дүрс хувирах үед тосны булчирхайн гарах сувагт эмэгчин хачиг бэхлэгдэж бие гүйцдэг. Арьсны дотор үржих урт үед Демодекс хачиг тосны булчирхайн хүүдийд байрлан, үр тогтолт явагддаг. Үр тогтсон эмэгчин хачиг тосны булчирхайн сувагт өндөгөө гаргадаг. Харин эрэгчин хачиг тосны булчирхайн тосны урсгалаар буцаж арьсны гадаргууд гарч ирдэг.

Дүрс хувирах (метаморфоз) үед тосны булчирхайн шүүрлийн гадагшлах урсгалаар өндөгнүүд гарч, арьсан дээр цуварч, голдуу үсний уутанцрын амсарт арьсны өнгөн хөрсний дор байрладаг [2].

Демодекс хачигны амьдралын мөчлөг нь [Зураг 5]:

  • Өндөг 60 цаг
  • Авгалдай 36 цаг
  • Протонимф 72 цаг
  • Дойтонимф 60 цаг
  • Бие гүйцсэн эм хачиг 120 цаг

Нийт 348 цаг буюу 14.5 өдөр

Демодекс хачигны өндөг тосны шүүрэлтэй хамт гадагшилдаг учраас түүний дүрс хувирал тосны булчирхайн сувагт явагдаж амждаггүй [2]. Демодекс хачиг олон өндөг гаргадаг боловч тэдгээр нь гадаад орчинд сул хаягддаг, арьсан дээр ил байдгаас өөр хүнд гар, хацар зэрэг шууд хүрэлцэх үед дамжиж болно.

Хүснэгт №1. Демодекс хачигны биеийн хэмжээс (Hirst-ийн хэмжилтээр)

Зураг 5 Демодекс хачигны амьдралын мөчлөг

Гэвч Демодекс хачиг тос багатай арьсанд амьдарч огт чадахгүй учир тэр бүр эмгэг голомтын эх болдоггүй[13].

Демодекс хачигны өндөг хагарсны дараа авгалдай – протонимф – дойтонимф – бие гүйцсэн хэлбэрт шилждэг[15].

Тосны булчирхайд эрэгчин, эмэгчин Демодекс хачиг эвцэлдсэнээс хойш ойролцоогоор 12 цагийн дараа эмэгчин хачиг өндөглөнө, өндөг ойролцоогоор

Зураг 6. Демодекс хачигны Хүн, амьтны биед паразитлах мөчлөг

Демодекс хачигны эмэгчин хоногт 1-2, сард 5 хүртэл өндөг гаргадаг[14]. Эмэгчин хачиг өндөглөснөөс хойш 60 цагийн дараа өндөгнөөс авгалдай гардаг. O.Coston –ны ажигласнаар авгалдай зөвхөн 1-2 хос хөлтэй, бусад судлаачид авгалдай 3 хос буюу 6 хөлтэй, түүний уртыг 0.15 мм байдаг гэж үздэг. вгалдай ойролцоогоор 40 цагийн дараа гуужиж протонимф болно. Протонимф үс – тосны булчирхайн сувагт тохиолддог. Протонимф хэсэг хугацааны дараа тосны урсгалаар үсний уутанцарт шилжин ордог [Зураг 6]. Бие гүйцсэн хачигны хөлийг протонимфийн хөлтэй харьцуулахад илүү нарийн хөгжсөн [15].

Протонимф ойролцоогоор 72 цагийн дараа дойтонимф (deutonymph) болно. Богино, хэсэг хугацааны дараа дойтонимф арьсны гадарга руу зугуухан гарч ирдэг. Арьсны гадарга дээгүүр удаан хугацаагаар (36 цагийн турш) замбараагүй, арьсны гадарга дээгүүр зөвхөн харанхуй эсвэл бүдэг гэрэлтэй үед хөдөлж явдаг байж магадгүй.

Зураг 7. Demodex folliculorum, авгалдай

Хэлбэр хэвлийн талаас (Х345), 12а ба 12b Demodex folliculorum, авгалдай хэлбэр толгойн хэсэг, 13- Demodex canis ба ovis (Rail), хэвлийн тал (Х 665); 14- Demodex folliculorum, нимф, 14a ба 14b, Demodex folliculorum,нимф толгойн хэсэг, 15- Demodex folliculorum, эр хачигны богино хэлбэр, 15a- Demodex folliculorum, нуруун талд эр бэлэг эрхтэн (Hirst-ийн судалсанаар [8])

Дойтонимф үсний уутанцарт орох бөгөөд 60 цагийн дараа бие гүйцсэн эрэгчин, эмэгчин болж, тосны булчирхайн хүүдийд орж эхний үеийг давтдаг. Энэ нь тосны булчирхайн хүүдийнээс бие гүйцсэн хачиг, өндөг илэрсэнээр батлагддаг[12]. Тэндээс завсрын үеүүд (авгалдай, протонимф, дойтонимфүүд) огт олдоогүй нь бас нэг баталгаа юм. Бие гүйцсэн эмэгчин хачиг өндөглөснийхөө дараа буцаж үсний уутанцрын амсар руу очиж ойролцоогоор 120 цагийн дараа үхдэг. Үхсэн хачиг үсний уутанцрын амсрыг бөглөдөг.

Арьсны тос их байх нь Демодекс хачиг амьдрах гол нөхцөл болдог. Эзэн биеийн гадна орчинд Демодекс хачиг амьдрах чадваргүй учир нөхцөлт шимэгч юм. Хачиг арьсны хучуур эд (арьсны гадуур бүрхэж байдаг хамгаалах үүргийг гүйцэтгэгч устосон бүрхүүл – Мантийн бүрхүүл)-ээр хооллодог. Эзэн биегүй тохиолдолд Демодекс хачиг үхдэг. Гэхдээ тодорхой нөхцөлд удаан хугацаагаар амьдрах чадвараа алдалгүй байдаг. Жишээ нь: Усанд 12 – 15 хэмд 25 хоног, тасалгааны хэмд гуужсан арьсанд 21 х оног, идээнд 37 хэмд 18-20 хоног, 53-55 хэмд 18- 20 хоногийн дараа үхдэг. 14-өөс доош хэмд.(хэмийг Цельсийн хэмжигдэхүүнээр тооцсон болно) Демодекс хачиг амьдрах чадвараа алдалгүй байж чаддаг.

Демодекс хачигны хамгийн таатай амьдрах орчин ургамлын тос, өөх, вазелин (эдгээр бодисууд нь ихэнхи гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог учраас эмчилгээ хийх явцад хачиг устгах үйлдэлтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх хэрэгтэй) байдаг.

Одоог хүртэл эрдэмтэд Демодекс хачиг нь нөхцөлт эмгэг төрөгч гэж үздэг нь энгийн арьсанд хөнгөхөн даралтаар тосны булчирхайгаас арчдас авч шинжлэхэд Демодекс хачиг илэрдэг нь үүний нэг баталгаа юм.

Хятадын арьсны эмч профессор Qu Kui Zun өөрийн амьдралынхаа 48 жилийг Демодекс хачгийг судлахад зориулсан. Түүний хийсэн тархвар судлалын шинжилгээгээр дэлхий нийтийг цочирдуулахаар үзүүлэлт гарсан. Энэ нь насанд хүрсэн хүний 97,68% нь арьсандаа Демодекс хачиг тээгчид байсан6. АНУд хийгдсэн судалгаагаар эрүүл хүн амын дунд Demodex хачиг тээгч 39% байснаас 10 хүртэл насанд – 3%, 11-20 насанд 12-29%, 21-40 насанд – 30%, 41- 60 насанд – 50%, 60-аас дээш насанд 68-100% байв. (Эфрон.1999)

Greiner судалгаандаа 100 тохиолдол авсны 97- д нь төдийгүй биеийн нэг болон хэд хэдэн газраас Демодекс хачиг илрүүлсэн. Жишээ нь:

Зовхинд-50%, эрүүнд-49%, духанд – 61%, хамарт-86%, 3 Демодекс хачиг илрээгүй тохиолдол нь 2,8,9 настай хүүхдүүд байсан6.

Демодекс хачиг нь нүүр, чихний дэлбээ, нуруу, цээжний эрүүл арьсны тосны булчирхайд байршиж, арьс болон үсний уутанцрын гуужсан хучуур эдээр хооллодог. Balzar –ын үзэж байгаагаар арьсан дээр Демодекс хачиг байх нь арьс эрүүл байгаагийн шинж гэнэ. Харин амьдрал дээр Демодекс хачиг эрэгтэй, эмэгтэй хүмүүст арьсны бүтцээс үл хамааран адилхан байдаг. Демодекс хачигны амьдралын гол үндэс нь тосны булчирхайн шүүрэл хангалттай байх явдал.

Тосны булчирхайн гадна талд 2 - 3 тооны Демодекс хачиг байх нь арьсны бүрэн бүтэн байдалд нөлөөлдөггүй ба энгийн, хэвийн хэмжээтэй тосны булчирхайд явагддаг үзэгдэл [3]. Харин томорсон тосны булчирхайд мэдэгдэхүйц олон тоотой (10-20, түүнээс ч их) Демодекс хачиг агуулагддаг. Хэвийн үед тосны булчирхайн шүүрлийн орчин ph=3,0-3,5 буюу хүчтэй хүчиллэг байдаг нь Демодекс хачиг үржиж олшрохоос сэргийлдэг [3]. Харин тосны булчирхайн шүүрэл ихэссэнээр түүний орчин шүлтлэг болж Демодекс хачиг амьдрах таатай нөхцөл болдог [15].

Galin-ний мэдээлсэнээр Демодекс хачиг стафилококктой адилхан кератолитик ферментүүдийг ялгаруулдаг, түүнтэй төстэй тууралтуудыг үүсгэдэг [8].

Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар Демодекс хачигны ялгаруулсан липаза фермент тосыг шингэлж, амьдрах орчноо сайжруулж, арьсыг цочроодог ба нөгөө талаас липаза фермент бие махбодийн кинины тогтолцоог бага зэрэг цочроох төдийд арьсны жинхэнэ давхарга хөөж хавагнан, бусад эмгэг өөрчлөлтүүд үүсдэг тул Демодекс хачгийг эмгэгтөрөгч гэж үздэг[3].

Арьсны тосны үндсэн бүтцэнд ордог бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд болох триглицеридүүд, сквален, лав нь ус задрах урвалын (гидролиз) бүтээгдэхүүн хэлбэрээр тосны хүчлийг өөртөө агуулж, арьсны гадна ялгардаг, тосны булчирхайн шүүрлийн 16%-ийг бүрдүүлдэг. Тосны булчирхайн хүүдийд агуулагдах Демодекс хачигны тоо 20-30 ширхэгт хүрсэн тохиолдолд өтгөн тос шингэрч, хэмжээ нь ихэсдэг [3]. Ихэнхи хүмүүс Демодекс хачиг тээгч байдаг, энэ үед эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэггүй. Иймд хүний Демодекозыг нөхцөлт өвчин гэж болох бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөний улмаас хоёрдогчоор Демодекс хачигны идэвхижил ихэсдэг.

Демодекс хачиг идэвхижиж эмгэг төрүүлэх шинж чанартай болоход дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

Гадаад хүчин зүйл:

  1. Арьсны бохирдол
  2. Цочроогч химийн бодис
  3. Арьсны гуужилт ихсэх
  4. Халууцах, хөлрөх зэрэг шалтгааны улмаас арьсны хамгаалах чадвар алдагдсантай холбоотойгоор үүсдэг.

Дотоод хүчин зүйл:

  1. Их ядрах, өлсөх
  2. Архаг хордлого
  3. Чихрийн шижин
  4. Архаг идээт халдварын голомт
  5. Дотоод шүүрлийн булчирхайн зохицуулга хямрах
  6. Дархлалын тогтолцооны анхдагч ба хоёрдогч дутагдал зэрэг шалтгааны улмаас бие махбодийн эсэргүүцэх чадвар буурсантай холбоотойгоор Демодекс хачиг эмгэг төрөгч шинжтэй болно.

Үүний дүнд энгийн болон ягаан батга, ам тойрсон арьсны үрэвсэл, зовхины үрэвсэл гэх мэт эмгэгүүдийн эмнэл зүйг хүндрүүлдэг.

Тос болон нунтаг хэлбэрээр олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хольж хэрэглэдэг дунд болон ахимаг насны эмэгтэйчүүдэд Демодекс хачигны идэвхижилтэй холбоотой тосны булчирхай ихээр байрласан арьсны хэсгүүдэд батга, түүний эмнэл зүйн сонгодог хэлбэрүүд ажиглагддаг. Арьсан дээр Демодекс хачиг үржиж олширсонтой холбоотойгоор дараах эмнэл зүй илэрдэг [15]. Тухайлбал: Арьс ирвэгнэж загатнах, улайх, жижиг гүвдрүү, гүвдрүү - идээт цэврүү, цэврүүнцэрт- идээт цэврүүт тууралтууд гардаг [10].

Энгийн батга, ягаан батга, үсний уутанцрын үрэвсэл, ам тойрсон үрэвсэл, хамар улайх хам шинж зэрэг арьсны эмгэгүүдийн үед арьсны хүчил –шүлтийн тэнцвэрт байдал алдагдан, гуужилт ихсэж, тосны булчирхайн тосны найрлага, ялгаралтанд өөрчлөлт ордог ба лабораторын шинжилгээгээр Демодекс хачиг харьцангуй олширсон байдаг [13].

Судалгаагаар Demodex хачгийг устгах, хэсэг газрын дархлал сэргээх эмчилгээнүүдийн дүнд дээрхи эмгэгүүдийн эмнэл зүйн шинж тэмдэг багасаж, эмчилгээнд үр дүн өгдөг. Манай орны хувьд урьд өмнө нь демодекс хачигны талаар хийгдсэн тодорхой судалгаа одоо болтол байдаггүй. Хүн ам төдийгүй эмч нарын дунд демодекс хачигны талаархи ойлголт хомс байдгаас оношлогоо, эмчилгээний асуудал оройтож, буруу арчилгааны улмаас гоо сайханд эргэшгүй өөрчлөлт оруулж, зохисгүй эмчилгээ болон арьсыг буруу арчилсанаас арьсанд эргэшгүй эмгэг байдал үүсч улмаар бусдаас тусгаарлагдах, сэтгэлийн хямралд орж өвчний явцыг улам үгдрүүлэх байдалд хүргэдэг.

Иймд арьсны зарим эмгэгийн үед демодекс хачгийг илрүүлж, түүний эмнэл зүйн онцлогийг судлах нь нэн шаардлагатай.

Ном зүй

1. Адаскевич.В.П. Акне вульгарные и розовые Москва.(2003). 160 стр
2. Кабаева. Т.И, Осипов. Г.А. Вестник дерматологии и венерологии 2. (2004). Стр 28 – 31
3. Кошевенко.Ю.Н. (2004) Российский журнал кожных и венерических болезней. Москва. 4. стр 64 – 69
4. Нафеев .А.А. Клиническая лабораторная диагностика 8. (2004). стр 46 – 48
5. Потекаев. Н.Н. (2000) Розацеа Москва. . 143 стр.
6. Михайлов.П. (1984) Медицинская косметология. Москва.. 64-75
7. Железница. (1989) Справочник по косметологии. Москва. . 153-162
8. Нобл.У.К. (1986) Demodex folliculorum. Микробиология кожи человека. Москва.. 361-363
9. Альтмайер.П. (2003) Демодекоз. Терапевтический справочник по дерматологии и аллергологии. Москва. .
10. Юлия Борта. (2006) Аргументы и факты. Демодекоз проблемы внутри. 6 июня.
11. Скрипкин Ю.К., (1988) Кожные и венерические болезни, Москва, 2001, 2003. том I,II,III,IY.
12. Коган Б. Г., Горголь В.Т. Специфичность клещей Demodex folliculorum и brevis – возбудителей демодекоза человека. Украйнский журнал дерммотологии, венерологии, косметологии., №1, 37-40.
13. Akilov.O.E., (2004) Mummicuagli.K.I. Immune response in demodecosis. European Academy of Dermatology and Veneorology. .18,440-444.
14. JansenT., Kastner U.,Kreuter (2001) A.. Rosacealike demodicidosis associated with acquired immunodeficiency syndrome. British Juornal of Dermatology. .144: 139-142
15. Trans Am Ophthalmol Soc. 1967; 65: 361–392
16. Qu Kui Zun. Human demodex tick. (2000). JEADV.18, 410-415
17. Николай Сырокомский. Demodecosis (1999). page 314 hptt://www.dr.syrokomskyy.com/ruspage314d.html
18. Aylesworth R., Vance J. C. Demodex foliculorum and Demodex brevis in cutaneous biopsies. //J.American Academy of Dermatology, (1982), v. 7, n 5, p. 583-589.
19. Rodriguez A.E., Ferer C., Alio J.L. Chronic blepharitis and Demodex. //Arch. Soc. Esp. Oftalmol, (2005), v; 80, N11, p. 635-42.
20. info@demodex.ru
21. www.dermatologia.human demodex tick
22. www.demodexsolutions.com
23. www.manting.ru
24. www.ingetaconnect.com
25. www.emedicine.com
26. www.Demodex.info
27. www.pubmed.gov
28. www.smartskin.com
29. www.unitedstars.com
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор Д.Абмэд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6327
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК