Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 2(12)
Хүүхдийн нүд судлалын алба бие даан хөгжсөн 25 жилийн ойд
( Редакцийн зурвас )

М.Алтанхүү

 

 

Монголын Нүдний Эмч нарын Нийгэмлэгээс гаргадаг “Нүдний өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2013 оны энэ дугаарыг та бүхэндээ толилуулж байгаадаа таатай байна. Монгол орныхоо нүд судлалд хамтран ажилладаг эрдэмтэн багш, зөвлөх, судлаач эмч, эмч нар, сувилагч асрагч нартаа Хүүхдийн нүд судлалын 25 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Сэтгүүлийнхээ энэ дугаарт Хүүхдийн нүд судлалын олон талт асуудлыг түлхүү оруулахыг хичээлээ. 1987 онд ЭНЭШТ-д Хүүхдийн нүдний мэс заслын 30 ортой тасаг 2 үзлэгийн кабинеттай, 6 эмч, 15 сувилагч, 11 асрагчийн орон тоотой анх байгуулагдаж, хүүхдийн нүд судлалын үйл ажиллагаа өргөн хүрээтэй хөгжиж эхэлсэн билээ. Анхны юм бүхэн түүхэн замналын эхлэл болдог нь учиртай. Бид энэ хугацаанд өөрийн орондоо хүүхдийн нүд судлалыг цогцоор нь хөгжүүлсэн билээ. “Цогц” гэдэг утгыг дараах байдлаар илэрхийлж болох юм. Хүүхдийн нүдний оношлогоо эмчилгээний асуудлыг бусад олон улсын жишигт хүргэхийн төлөө чармайн ажиллаж олон шинэлэг мэс заслыг нэвтрүүлж 42 төрлийн мэс засал хийж байна. Оношлогооны олон тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бий болгож, чадварлаг хамт олон бүрдүүлэн ажиллаж, одоогоор 18-н тоног төхөөрөмжөөр оношлогоо хийж байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн 60-65 хувьд мэс засал, 35-40 хувьд нь эмийн эмчилгээ хийдэг. Нүдний мэс заслын тасагт 25 жилд 20389 хүүхэд хэвтэн эмчлүүлж 11526 мэс засал эмчилгээ хийгдлээ. Зөвлөх поликлиникийн 2 кабинетаар 228000 хүүхдэд үйлчилсэн. Үйлчлүүлэгчийн өвчлөлийг үзвэл хугарлын гажгууд 40-45 хувийг эзэлж байна. Хүүхдийн нүд судлалд тулгамдсан олон асуудлуудыг эрдэм судлалаар шийдвэрлэж, манай эмч нар 100 гаруй бүтээл туурвисан. Гадаадын сэтгүүл, хэвлэлд 10-аад бүтээл хэвлэгдсэн юм. М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа нарын “Хүүхдийн нүд судлал” ном эх хэлээр бичигдэж сургалтанд өргөнөөр хэрэглэгдэж байна. Тус тасагт эмчилгээ оношлогооны 20 бүлгийн 42 стандарт, түгээмэл үйлдлийн 33 стандартын хэрэглэж байна. Бид ORBIS TELEMEDICINE-тэй хамтран ажиллаж, телемедицинаар 250 хүүхдийн өвчний мэдээллийг Cyber Sight программаар илгээж, зөвөлгөө авч эмчилгээний асуудлыг шийдвэрлэсэн. “Heart to heart” Солонгосын байгууллагатай хамтран ажилласнаар их эмч М.Шамсия, Б.Батцэцэг нар 3 сарын хугацаагаар мэргэжил дээшлүүллээ. Норвегийн сангийн дэмжлэгтэйгээр А.Ариунзаяа эмч Хятад улсад, энэ онд ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн дэмжлэгтэйгээр их эмч Ч.Цэнгэлмаа, Д.Нарантунгалаг, Г.Цэвээнсүрэн нар Солонгос улсад мэргэжил дээшлүүлэв. 2011 онд ОРБИС-ын 7 хоногийн программ хүлээн авч, 4 чиглэлээр 128 өвчтөн бэлтгэж үзүүлэн, 24 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийгдсэн. Сүүлийн 3-н жилд Францын “Action Mongolia” байгууллагатай хамтран ажиллаж 3 төрлийн тоног төхөөрөмжийн тусламж авлаа. ЭМЯ-д төсөл бичиж, ЭМ-ийг дэмжих сангаас оношлогоо эмчилгээний 9 тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Сүүлийн 3-н жилд олон улсын нүдний эмч нарын хуралд (БНХАУ, БНСУ, Индонез) зэрэг оронд эмч нар оролцож мэргэжил дээшлүүлэв. Үйлчлүүлэгчид ЭМБО сургалтыг Монголын радиотай хамтран жил бүр 2 удаа цуврал сургалтыг явуулсан. Дэлхийн глаукомын өдөр, Цагаан таягтны өдрийг жил бүр тодорхой уриан дор үр дүнтэй тэмдэглэж байна. Бид олон жилийн нөр их хичээл зүтгэлээр өөрийн оронд хүүхдийн нүд судлалд тулгамдсан асуудлаа зөв тодорхойлж олон улсын байгууллагад хандсанаар ORBIS-той хамтран “PEDIATRIC VISION NETWORK” төсөл 2013-2017 онд хэрэгжүүлэх болсонд маш их баяртай байна. Монголын хүүхдийн нүд судлалын алба олон улсын хөгжилд хүрсэн, чанартай тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ үзүүлэн ажиллана гэдэгтээ итгэл дүүрэн ажиллаж байна. Хүүхдийн нүд судлалд баг хамт олноороо идэвхтэй ажиллаж, хөрвөх чадвартай эвсэг хамт олны үйл ажиллагаа нь амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдээр үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 769
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК