Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 2(12)
Мэндчилгээ
( Редакцийн зурвас )

Ерөнхий захирал Ш.Энхтөр, Клиникийн профессор, АУМ, ТУМ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

 

 

Авах хүнд нэгэн үг ч эрдэнэ
Орхих хүнд мянган сургааль ч улиг
     Ноён хутагт Данзанравжаа

 

Монгол орныхоо нүд судлалын салбарт хүчин зүтгэж олон зуун мянган хүнд хараа бэлэглэн, орчлонг тольдох аз жаргалыг нээж өгч, хэн ч маргашгүй гавъяаг бүтээдэг эрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, судлаачид, сувилагч, ажилчид та бүхэнтэй сэтгүүлийн энэхүү дугаараар мэндчилж байна. Анх Цэргийн эмнэлгийн амбулаторит хүүхдийн нүдний кабинет нээгдсэнээр Монгол улсад хүүхдийн нүдний алба үүсч хөгжих суурь тавигдаж байсан бол Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн Хүүхдийн нүдний мэс заслын тасаг байгуулагдсанаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ. Хаант Оросын хааны клиникийн хүрээлэнгээс илгээсэн Улаан загалмайн нийгэмлэгийн нүдний шинжилгээний отряд Монгол улсад анх удаа нүдний мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийсний 100 жилийн түүхэн ойн жилтэй энэхүү үйл явдал давхцаж байгаад манай төвийн хамт олон ихээхэн билэгшээж байна. Энэ дашрамд Монгол улсад хүүхдийн нүдний албыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эмч, эрдэмтэд болох Монгол улсын хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Э.Санжаа, Анагаах ухааны доктор, профессор С.Манлай, эмч Б.Лхамсүрэн, З.Бадамханд, М.Энхтуул, Т.Булган, Ц.Бямбажав, анхны ортоптист бага эмч Б.Жавзмаа, сувилагч Р.Шура нарт талархал илэрхийлэхийг хүсч байна. Хүүхдэд тохиолдох нүдний төрөлхийн хийгээд олдмол эмгэгийг эрт илрүүлэн оношилж, орчин үеийн анагаахын өндөр шаардлагад нийцэхүйц эмчилгээний загварт хүрэх, аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь хүүхдийн нүд судлалын үндсэн зорилго, чиглэл юм. Иймээс хүүхдийн нүд судлалын сургалт - эрдэм шинжилгээ - практикийн нэгдлийг хангаж, нэг түвшинд хөгжүүлэх нь нэн чухал байна. Төвийн хүүхдийн нүдний тасгийн хамт олон хөгжсөн орны мэргэжил нэгтнээс туршлага судлан, орчин цагт хэрэглэгдэж буй өндөр технологиос суралцаж, хүүхдийн нүд судлалд дорвитой хувь нэмэр оруулан, хөгжүүлсээр ирсэн. Чингэснээр манай хүүхдийн нүд судлал эх орны ба гадаадын эрдэмтэд, судлаачдын амжилтын зэрэг зиндаанд зарим талаар ойртож, мөн зарим талаар хүрээд байна. Тухайлбал хүнд түвэгтэй хэлбэрийн нүдний хялар засах, нүдний даралт ихсэх өвчин, нүдний болор суулгах, зовхины төрөлхийн гаж хөгжлийн үеийн нөхөн сэргээх мэс засал, гэмтлийн яаралтай тусламж, дутуу нярайн торлогийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ зэрэг шинэ технологийг хүүхдийн нүд судлалын практикт амжилттай нэвтрүүлсээр байна.

Энэ мөчид ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасггийн хамт олон нүдний мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргаж, ололт амжилтаа дүгнэн, цаашдын зорилго, зорилтоо товлож байгаа нь хүүхдийн нүд судлалын хөгжилд ихээхэн чухал ач холбогдолтой байх болно хэмээн үзэж байна. Эмч, судлаач, багш та бүхний эрдэм судлал, эмнэлзүйн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэх цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье!

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 501
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК