Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Чихрийн шижин хэв шинж 2-той бөгөөд илүүдэл жинтэй эсвэл таргалалттай хүмүүст биеийн жин бууруулах зөвлөгөөн дээр суурилсан интервенц хийж үр дүнг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

С.Сайнбилэг1, С.Янжмаа2, О.Чимэдсүрэн1, В.Болормаа3

1Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2Улсын Клиникийн 1-р төв эмнэлэг, 3АНУ-ын Люзана мужийн Их сургуулийн харьяа Пеннингтоны Био-Анагаахын хүрээлэн

 
Абстракт

Goal

Aim of this study was to evaluate the effectiveness of weight loss intervention in overweight and obese patients with newly diagnosed type 2 diabetes mellitus (T2D).

Materials and Methods

92 overweight and obese subjects (42 men and 50 women), aged 32-56 years, with recently diagnosed type 2 diabetes were enrolled to the prospective cohort study. A 6-month  counselingbased intervention was conducted between December 2011 and June 2012. Participants were Mongolian and received education sessions on healthy lifestyle guidelines including nutrition and physical activity in small groups. Before and after intervention, body weight (kg), body fat (%), waist and hip circumferences (cm), blood pressure (mm Hg), fasting blood glucose (mmol/l), HbA1C (%), total cholesterol (mmol/L) and triglyceride (mmol/L) were measured.

Results

80 out of 92 (86.9%) overweight and obese patients with T2D (BMI 31.57±4.2) completed weight loss intervention. Results of this study before and after the intervention showed mean body weight 84.41±13.08 vs 80.11±12.42, p<0.0001; BMI 31.57±4.2 vs 29.87±3.72, p<0.0001; waist circumference 104.18±10.51 vs 99.78±8.52, p<0.0001); hip circumference 107.04±8.66 vs 105.38±7.79, p<0.01; WHR 0.96±0.07 vs 0.94±0.05, p<0.0005; body fat 36.19±5.64 vs 34.26±6.57, p<0.0005; systolic blood pressure 133.03±22.5  vs 127.54±17.5, p<0.01; diastolic blood pressure 81.18±13.14 vs 77.61±11.03, p<0.05; fasting blood glucose 11.57±4.06 vs 7.99±2.64, p<0.0001; HbA1C 8.45±2.70 vs 5.95±1.70, p<0.0001; and total cholesterol 3.87±1.05 vs 3.15±0.96, p<0.0001were improved significantly, except triglyceride 2.11±0.82 vs 1.73±1.8, p=0.0519. Thus results of the  study showed an average weight loss of 4.3 kg and a significant decrease in BMI, percent body fat, and waist and hip circumferences, waist to hip ratio at 6 month. Significant reduction found in levels of fasting glucose, HbA1c and total cholesterol in blood after intervention, however no significant change found in blood level of triglyceride. Systolic and diastolic blood pressures were reduced significantly. 

Conclusion

Weight reduction of 5.1% of body weight in overweight and obese subjects with type 2 diabetes by the lifestyle intervention for 6 months resulted in significant reductions in total, abdominal and trunk adiposity and reduced blood pressure and improved glycemic control and dislipidemia.

Үндэслэл

1950-aaд онд Монгол улсад чихрийн шижин өвчин бүртгэгдээгүй байсан бол нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хотжилттой холбоотойгоор 1990 оноос эхлэн чихрийн шижин хэвшинж 2- ын тархалт хурдацтайгаар нэмэгдэж байна. 1999 онд Ж.Сувд нарын анх удаа үндэсний хэмжээнд хийсэн “Глюкозын өөрчлөлт ба түүний эрсдэлт хүчин зүйлс”-ийн судалгаагаар чихрийн шижингийн тархалт 3.1 хувь, глюкоз тэсвэржилт алдагдал 9.2 хувь байсан бол 2009 онд хийгдсэн халдварт бус өвчний тархалтын түвшинг тогтоох хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин 6.5 хувь, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9.5 хувь болж огцом ихэссэн байна. Таргалалттай (Биеийн жингийн индекс БЖИ>30 кг/мІ) хүмүүсийг хэвийн биеийн жинтэй (БЖИ<25 кг/мІ) хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг байна. 2009 онд АНУ-ын чихрийн шижингийн холбооны мэдээлснээр нийт чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн 90% нь илүүдэл жинтэй байжээ. 

Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний тархалтын түвшинг тогтоох судалгааны дүнгээс харахад 2005 онд биеийн жингийн илүүдэл, таргалалттай хүмүүсийн эзлэх хувь 32.4 хувь байсан бол 2009 онд 40.7 хувь болж нэмэгдсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаанууд [4, 5] хийгдсэн бөгөөд хөдөлгөөний хомсдол, артерийн даралт ихсэлт, таргалалт, биеийн жингийн илүүдэл, архи, тамхины хэрэглээ, жимс хүнсний ногоо хүнсэндээ бага хэрэглэх зэрэг чихрийн шижингээр өвдөх эрсдэлт хүчин зүйлс Монголчуудын дунд өндөр байна. Зохисгүй хооллолтыг өөрчлөх, илүүдэл жингээ бууруулах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх замаар амьдралын хэв маягийг өөрчлөх нь чихрийн шижингийн эмчилгээний суурь, салшгүй хэсэг нь юм. Амьдралын хэв маягийг өөрчлөх замаар чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, чихрийн шижинтэй хүмүүст хүндрэл эрт илрэхээс сэргийлэх боломжтой болохыг харуулсан олон судалгаанууд хийгджээ. Жишээлбэл: чихрийн шижингийн сэргийлэлтийн судалгаа [6] болон чихрийн шижингээс урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөр [7]-ийн үр дүнгээс харахад 3 жилийн турш хоол, хөдөлгөөний дэглэм баримталж амьдралын хэв маягийн өөрчлөлт хийсэн хүмүүст чихрийн шижингээр өвчлөх магадлал 58 хувиар буурсан байна.

Чихрийн шижингийн урьдчилан сэргийлэлтийн судалгааны үр дүнгээс үзвэл: биеийн жинг 5 хувиар бууруулах нь чихрийн шижин хэвшинж 2-ын эрсдлийг бууруулах, мөн  урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болдог. Эслэг ихтэй хүнс хэрэглэх (1000 ккал–т ≥ 15гр, өдөрт), өөх тосны зохистой харьцааг эрхэмлэх (нийт энергийн ≤ 30%), ханасан өөх тосыг бага хэрэглэх (нийт энергийн <10%) зэрэг зөв хооллолтын дэглэм баримтлах нь энэ өвчнөөс сэргийлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх үндсэн арга нь байдаг байна.

Зорилго

Илүүдэл жинтэй, таргалалттай, чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүсийн чихрийн шижингийн  эрсдэлт хүчин зүйлсийг судлаж, жин бууруулах интервенцийг хийж, үр дүнг нь тооцох юм.

Зорилт:

  • Илүүдэл жинтэй, таргалалттай, чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлийг тогтоох;
  • Илүүдэл жинтэй, таргалалттай чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст сургалтанд үндэслэсэн биеийн жинг бууруулах интервенци хийж үр дүнг тооцох;

Материал, арга зүй

Судалгаанд Улаанбаатар хотын Эрүүл мэндийн (Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул) нэгдлүүдээс шалгуурт нийцсэн, чихрийн шижин хэвшинж 2 анх оношлогдсон, илүүдэл жинтэй 92 өвчтөн хамрагдав. Бид судалгаанд хамрагдагсдын биеийн жинг бууруулах зорилт тавьж зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх талаар сургалтан дээр суурилсан интервенцийг ЭМШУИС-ийн Эрхэс эмнэлгийг түшиглэн, 6 сарын хугацаагаар хэрэгжүүлэв.

Судалгаанд хамрагдагсдад эхлээд таргалалт нь чихрийн шижин хэвшинж 2 өвчний урьтал гол эрсдэл хүчин бөгөөд илүүдэл жин нь өвчний явцыг түргэтгэж хүндрэлийг хурцатгадаг аюултайг ойлгуулж, эрүүл хүнс, зөв хооллох, хоол тэжээлийн бүтээгдэхүүнээс авах калорийг хэрхэн тооцох, хөдөлгөөний ач холбогдлыг таниулж, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилсан сургалт явуулж, биеийн жинг хасах зөвлөгөө өгөгдсөн. Дараа нь энэ зөвлөгөөний дагуу судалгаанд оролцогчид 6 сарын туршид хоолноос авах калорийг 30-40 хувь хязгаарлах, долоо хоногт 150 минут, эсвэл өдөрт 30 минут бага зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийж, тэд биеийнхээ жинг бууруулахаар ажилласан. Ингээд 6 сарын дараа бие бялдар, лабораторийн шинжилгээний дүнг интервенцийн өмнөх үетэй харьцуулж үзлээ.

ЭМШУИС-ийн НЭМС-ийн эрдэмтдийн зөвлөл,  Эрүүл Мэндийн Яамны Ёс Зүйн Хяналтын Хороогоор батлагдсан асуумж, бие бялдрын хэмжилтүүд (Биеийн жингийн индекс, Бүсэлхий ба өгзөгний тойрог, Өөхний эзлэх хувь, Цусны даралт), лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдийг (Цусан дахь өлөн үеийн глюкоз, Глюкозжсон гемоглобин, Холестрин, Tриглицерид) харьцуулан судаллаа.. Судалгааны тоон мэдээллийн статистик  боловсруулалтыг SPSS-19 программ ашиглан боловсруулав.

Үр дүн

Чихрийн шижин хэв шинж 2-той гэж оношлогдоод удаагүй, илүүдэл жинтэй эсвэл тарган өвчтөнүүд, эрэгтэй 32, эмэгтэй 48 нийт 80 хүн интервенцийн хугацааг дуусгаж судалгааны төгсгөл хүртэл оролцлоо. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 47.78±6.32 (32-56) байв. Судалгаанд оролцогчид чихрийн шижин хэвшинж 2 өвчний тэдний 6.25 хувь нь “мэдэхгүй”, 57.5 хувь нь “бага мэднэ” гэсэн бол 22.5 хувь нь сайн мэднэ, 13.75 хувь нь өөртөө тусалж чадах хэмжээнд мэднэ хэмээн хариулжээ.

Сургалт дээр суурилсан интервенцийн үр дүнг судалгааны эхэн ба 6 сарын дараа дүгнэж, үр дүнг Хүснэгт 1-д нэгтгэн харуулав.

Интервенцийн өмнөх ба дараах дундаж үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд биеийн жин 84.42±13.08 кг байснаа 80.12±12.42 кг болж 4.3 кг буюу 5.09 хувиар буурсан байна (p<0.0001). Биеийн жингийн индексийг тооцож үзэхэд 31.57±4.20 байснаа интервенцийн дараа 29.87±4.72 болж үнэн магадтай багассан байна (p<0.0001). Төвийн болон хэвлийн таргалалтын хэмжүүр болох бүсэлхийн тойрогны хэмжээ 104.18±10.51 см-ээс 99.78±8.52 см болж 4.4 см-ээр буурсан бол (p<0.0001) өгзөгний тойрог 107.04±8.67 см байснаа 105.38±7.79 см болж 1.66 см-ээр багассан (p<0.01) байна.

Энэ бууралт нь бүсэлхий өгзөгний харьцааг 0.96±0.07-оос 0.94±0.05 болж үнэн магадтай багасахад хүргэжээ (p<0.0005). Мөн өөхний эзлэх хувь 36.19±5.64%-аас 34.26±6.57 хувь болж буурчээ (p<0.0005). Түүнчлэн систолын даралт 133.03±22.50 ммуб байснаа 127.54±17.50 ммуб (p<0.01), диастолын даралт 81.18±13.14 ммуб байснаа 77.61±11.03 ммуб (p<0.05) болж буурчээ. Судалгаанд хамрагдагсдын лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд захын цусан дахь өлөн үеийн глюкозын хэмжээ 11.57±4.06 ммол/л байснаа интервенцийн үр дүнд 7.99±2.64 ммол/ л (p<0.0001) болж, глюкозжсон гемоглобин HbA1C 8.45±2.70 хувь байснаа 5.95±1.70 хувь болж (p<0.0001) буурсан. Өөх тосны бодисын солилцооны алдагдлын (dislipidemia) хэмжүүр болох цусан дахь нийт холестрин 3.90±1.05 ммол/л байснаа 3.15±0.96 ммол/л болж багассан (p<0.0001) бол триглицерид 2.11±0.82 ммол/л байснаа 1.73±1.80 ммол/л болж буурсан хэдий ч үнэн магад ажиглагдсангүй (p=0.0519).

Судалгааны эхэнд судлуулагчдын 43.75 хувь нь илүүдэл жинтэй, 56.25 хувь нь таргалаттай байсан бол интервенцийн дараа 60.0% нь илүүдэл жинтэй, 40.0% нь таргалалтын ангилалд бүртгэгдэж тарган хүмүүсийн эзлэх хувь 16.25 хувиар буурсан (1-р зэргийн таргалалт 8.75 хувиар, 2-р зэргийн таргалалт 3.75 хувиар, 3-р зэргийн таргалалт 3.75 хувиар тус тус буурсан) ба илүүдэл жин ангилалд багтах хүмүүсийн эзлэх хувь 16.25 хувиар ихэссэн байна. Илүүдэл жинтэй ангиллалаас хэвийн жинтэй ангилалд шилжсэн хүн гарсангүй (Зураг 1).

Интервенцийн өмнө судалгаанд оролцогчдын 93.75 хувь нь глюкозын ээнэгшилгүй байсан бол биеийн жин хассаны дараа глюкозын ээнэгшилгүй өвчтөний хувь 70.0 хувь болж буурсан байхад глюкозын ээнэгшил алдагдсан өвчтөний хувь 3.75-аас 25.0 хувь болж, глюкозын ээнэгшилтэй судлуулагчдын хувь 2.5-аас 5.0% болж тус тус сайжирсан байна.

Глюкозын хяналт хир сайн байгааг илэрхийлдэг захын цусан дахь глюкозжсон гемоглобины эзлэх хувь (HbA1C) хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзвэл интервенцийн өмнө судалгаанд хамрагдагсдын 57.5 хувь нь хяналт муу, 18.75 хувь нь хяналт дунд, 23.75 хувь нь хяналт сайн гэж лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол биеийн жингийн бага хэмжээний бууралтын дүнд хяналт муутай оролцогчдын эзлэх хувь 11.25 хувь болж огцом багассан байхад хяналт сайтай оролцогчдын хувь 70% хүрч эрс өссөн байна. Хэдийгээр хяналт дунд бүлэгт хамаарах судалгаанд хамрагдагчдын эзлэх хувь 18.75 хувь хэвээр байсан нь 6 сарын дараа хяналт дунд бүлгээс хяналт хэвийн жинтэй бүлэг рүү шилжсэн хүний тоо хяналт муу бүлгээс хяналт дунд бүлэг рүү шилжсэн хүний тоотой тэнцүү байсантай холбоотой (Зураг 2).

Интервенцийн өмнө судалгаанд хамрагдагсдын 70.0 хувь нь хэвийн холестринтэй, 30.0 хувь нь их байсан бол 6 сарын жин бууруулах сулавтар интервенцийн үр дүнд 91.25  хувь нь хэвийн холестринтой болж сайжирсан ба 8.75 хувь нь өндөр холестринтой бүртгэгджээ. Триглицеридийн хувьд интервенцийн өмнө 28.75 хувь нь хэвийн 71.25 хувь нь их байсан бол интервенцийн дараа хэвийн триглицеридтэй хүн 46.25 хувь болж өссөн ба өндөр триглицеридтэй оролцогчийн хувь 53.75 хувь болж буурсан байна (Зураг 3).

Интервенцийн дараа судалгаанд оролцогчдын биеийн жин, бие бялдрын хэмжилт, лабораторийн үзүүлэлт, сургалтын үр дүнг шалгасан. Чихрийн шижин хэвшинж 2 өвчний гол эрсдэлт хүчин зүйлийг судалгаанд хамрагдагсдын 57.5 хувь нь таргалалт гэж хариулсан ба биеийн жинг хянаж зохицуулснаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг ойлгосон байна. Судалгаанд хамрагдагсдын олонх (87.5%) нь цаашид зөв хооллолт болон хөдөлгөөнөөр биеийн жингээ бууруулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Мөн тэдний 55.0 хувь нь хоол тэжээлийг зөв сонгох, зөв хооллох дэглэмийн 6 бүлгийн талаар гэж зөв хариулсан бол хөдөлгөөний идэвхийн талаарх асуултанд тэдний 56.3 хувь нь зөв хариулж байсан. Түүнчлэн тэдний олонх нь буюу 83.8% нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр хасвал зохих жингийн хэмжээг зөв мэдэж байлаа.

Хэлцэмж

Энэхүү судалгаанд сүүлийн 1 жилийн дотор чихрийн шижин хэвшинж 2 өвчтэй гэж оношлогдсон, 32-55 насны эрэгтэй 32, эмэгтэй 48, нийт 80 хүн хамрагдсан ба тэдгээрийн 43.75 хувь нь илүүдэл жинтэй, 56.25 хувь нь таргалалттай, дундаж БЖИ нь 31.6 байсан нь илүүдэл жин болон таргалалт нь чихрийн шижин хэвшинж 2 өвчний гол эрсдэлт хүчин зүйл болохыг харуулж байна. Энэ нь өмнө Монголд хийгдэж байсан таргалалт болон биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол зэрэг нь чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйл болж буйг тогтоосон Ж.Сувд (1999), Д.Мягмарсүрэн (2009), Д.Даваалхам (2010) нарын судалгааны үр дүнтэй дүйцэж байна [1,5,6]. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 47.7, тэд сүүлийн  1 жилийн дотор чихрийн шижин хэвшинж 2-той гэж оношлогдсон зэрэг нь нас ахих нь чихрийн шижин хэвшинж 2 үүсэх нэг хүчин зүйл болохыг харуулж байна.

Судалгаанд оролцогчдод сургалт явуулж, зөвлөгөө өгсний үндсэн дээр дараагийн 6 сарын туршид зөв хооллож, хоол хүнснээс авах калорийг багасгах, хөдөлгөөний идэвхийг бие даан нэмэн, ажилласнаар биеийн жинг дунджаар 4.3 кг-аар бууруулсан нь интервенцийн өмнөх үетэй харьцуулахад 5.1 хувиар багасаж, судалгаанд хамрагдагсдын дундаж БЖИ 31.6  буюу таргалалтын 1-р зэрэгтэй байсан бол интервенцийн дараа 29.9 болж буурч илүүдэл жинтэй бүлэгт хамрагдсан.

Таргалалтын төрөл дотроос (хэвлийн буюу төвийн, их биений) хэвлийн таргалалт инсулины дөжрөл үүсэхэд илүү нөлөөлдөг, ялангуяа хэвлий даган байрласан өөхний эд үрэвслийн эх үүсвэр болж бүх биены инсулины дөжрөл үүсэхэд гол хүчин зүйл болдог нь хэдийнээ тогтоогдсон билээ [8,9,10]. Тиймээс жин хасагдахад ялангуяа хэвлийн таргалалт буурч байвал глюкозын болон өөх тосны үзүүлэлт сайжрахад чухал нөлөөтэй байдаг. Судалгаанд оролцогчдын хувьд хэвлийн таргалалтын үзүүлэлт болох бүсэлхийн тойрогийн хэмжээ 4.4 см-ээр буюу 4.2 хувиар багассан байхад их биеийн таргалалтын үзүүлэлт болох өгзөгний тойрог 1.7 см-ээр буюу 1.6 хувиар, нийт өөхний эзлэх хувь 1.9 хувиар тус тус буурсан байна. Хэдийгээр хэвлийн болон их биений таргалалтын үзүүлэлтүүд интервенцийн дараа буурсан ч хэвийн хэмжээнд чадаагүй.

Гэхдээ бүсэлхийн тойрог, өгзөгний тойрог, бүсэлхий өгзөгний xaрьцаа, өөхний эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай стандартыг мөрддөг тул бид цаашид хүйсээс хамааруулан, үр дүнгийн тооцоог дахин хийх шаардлагатай байгаа юм.

АНУ-ын Люзана мужийн Пеннингтоны БиоАнагаахын судалгааны төвд хийгдсэн “The Look a HEAD” судалгаагаар 1 жилийн интервенцийн үр дүнд тарган, чихрийн шижинтэй өвчтөнүүд 5- 10 хувь жин хасахад глюкозын түвшин (HOMAIR) хэвийн хэмжээнд хүрч сайжирсан байна [9]. Манай судалгааны хувьд 6 сарын интервенцийн үр дүнд өлөн үеийн глюкозын хэмжээ буурч сайжирсан хэдий ч хэвийн хэмжээнд хүртэл буураагүй нь интервенцийн үргэлжлэх хугацаа богино, мөн интервенцийн эрчим сул байсантай холбоотой байж болно. Таргалалт, чихрийн шижин хэвшинж 2-ын үед өөх тосны бодисын солилцооны алдагдал үүсдэг учраас цусан дахь холестрин, триглицеридийн түвшин хэвийн хэмжээнээс ихэсдэг. Интервенцийн үр дүнд судалгаанд оролцогчдын цусны нийт холестрин 19.2 хувиар, триглицерид 18.0 хувиар тус тус буурч сайжирсан ба судлуулагчдын ердөө 30 хувь нь судалгааны эхэнд нийт холестрины хэмжээ өндөр байснаа 6 сарын дараа 8.75 хувь болж буурсан, өөрөөр хэлбэл  судалгаанд хамрагдагсдын 70 хувь нь өөх тостой хоол голлон хэрэглэдэг хирнээ судалгааны эхэнд хэвийн холестринтэй байсан нь сонирхол татаж байсан бөгөөд магадгүй энэ нь Монгол хүмүүсийн физиологийн онцлог байж болох юм. 

Бүлгээp хийгдсэн сургалт хир амжилттай,  оролцогчдод хүртээмжтэй, өгөөжтэй, ач холбогдолтой болсныг судалгаанд хамрагдагсдын жин бууралт, лабораторийн шинжилгээний дүн болон мэдлэг, хандлагын сорил тестийн эерэг үр дүнгээс харагдаж байна. Ийнхүү интервенцийн хугацаа богино, бие бялдар, таргалалт, лаборaторийн гoл үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд хүрч буурсан үр дүн гараагүй хэдий ч судалгаанд оролцогчид цаашид өөрсдөө өвчнөө болон биеийн жингээ хянаж, зөв хооллож, хөдөлгөөнөө тохируулж чадахаар хангалттай мэдлэг, чадварыг олсонд энэхүү интервенцийн гол ач холбогдол оршино.

Дүгнэлт:

1. Чихрийн шижин хэвшинж 2-той гэж шинээр оношлогдсон 80 өвчтөний чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийг судлахад илүүдэл жин болон таргалалт нь энэ өвчний гол эрсдэл хүчин зүйл болох нь тогтоогдлоо.

2. Чихрийн шижин хэвшинж 2-оор сүүлийн 1 жилийн дотор шинээр оношлогдсон бөгөөд илүүдэл жинтэй, тарган 80 өвчтөнүүдэд сургалт-зөвлөгөөн дээр үндэслэсэн биеийн жин бууруулах интервенцийг хийж 6 сарын дараа тэдний биеийн жин дунджаар 5.1 хувиар (4.3 кг) буурсан байлаа. Биеийн жингийн энэ өөрчлөлт нь таргалалтын үзүүлэлтүүд болон цусны даралтыг буурахад нөлөөлж байна.

3. Интервенцийн дүнд илүүдэл жинтэй, тарган, чихрийн шижин хэвшинж 2-той өвчтөнүүдийн таргалалтын үзүүлэлтүүд болон өлөн үеийн глюкоз буурсан ч  хэвийн хэмжээнд хүртэл багассангүй. Энэ нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж БЖИ 31.6 kг/м2 буюу голдуу  тарган хүмүүст зөвхөн зөв хооллолт, бага зэргийн эрчимтэй хөдөлгөөн, 6 сарын хугацаа зэрэг хангалтгүй байсныг илтгэж байна. Цаашид интервецийн хугацааг уртасгах, хөдөлгөөний эрчмийг “дундаж” болон “их” түвшинд хүргэн, хийх шаардлагатай байна.

4. Сургалт дээр суурилсан интервенцийн арга нь зохисгүй хооллолтыг өөрчилж, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх замаар биеийн илүүдэл жинг бууруулах нь чихрийн шижин хэвшинж 2-ын эрсдлийг бууруулж, улмаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг харууллаа.

Талархал: Энэхүү судалгааны ажил нь Мянганы сорилын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр хийгдэв. Судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг тусалцаа үзүүлсэн EPOS Health Management-ийн тэтгэлийн багийн хамт олон, судалгаанд хамтран ажилласан судлаачид,  судалгаанд хамрагдсан нийт хүмүүст гүн талархал илэрхийлье.

Ном зүй

1. Ж.Сувд нар. Глюкозын өөрчлөлт ба түүний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа. 1990
2. Xалдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа. 2005
3. Xалдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа. 2009
4. Д.Мягмарцэрэн нар. Чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох судалгаа. 2009
5. Д.Даваалхам нар. Монкохорт судалгаа. 2010
6. Fiinish Diabetes Prevention Study (DPS). Finland. 2001
7. Diabetes Prevention Program (DPP). USA. 2002.
8. Long-term effects of a lifestyle intervention on weight and cardiovascular risk factors in individuals with type 2 diabetes mellitus: four year results of the Look AHEAD trial, 2010. Arch Intern Med. 170: 1566-75.
9. Effect of improved fitness beyond weight loss on cardiovascular risk factors in individuals with type 2 diabetes in the Look AHEAD study. Gibbs BB, Brancati FL, Chen H, Coday M, Jakicic JM, Lewis CE, Stewart KJ, Clark JM. Eur J Prev Cardiol. 2012 Sep 25. [Epub ahead of print].
10. Adiponectin and the mediation of HDLcholesterol change with improved lifestyle: the Look AHEAD Study. Belalcazar LM, Lang W, Haffner SM, Hoogeveen RC, Pi-Sunyer FX, Schwenke DC, Balasubramanyam A, Tracy RP, Kriska AP, Ballantyne CM; the Look AHEAD Research Group. J Lipid Res. 2012 Dec;53(12):2726-2733.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Г.Цэцэгдарь


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 926
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК