Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Булган аймгийн зарим төрийн албан хаагчдын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт
( Судалгааны өгүүлэл )

Н.Алтайбаатар1, П.Энхтуяа2, О.Чимэдсүрэн1

1Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, НЭМС, 2 Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

 
Абстракт

Introduction

According to the World Health Organization (WHO), non-communicable diseases (NCDs) such as cardiovascular diseases (CVDs), diabetes, chronic pulmonary diseases and cancers accounted for 60 percent of mortality in the global population and 80 percent of mortality in low and middle income countries in 2008.
Mongolia has been undergoing an epidemiological transition since 1990s. As a result, diseases related to lifestyles and health behavior, such as cardiovascular diseases, diabetes, cancer and injuries are growing steadily and have become the leading causes of population mortality.

Purpose

To determine the prevalence of common risk factors for non-communicable diseases among civil servants in Bulgan aimag.

Materials and Methods

A total of 300 randomly selected 22-64 years-olds of staff from 9 organizations of Bulgan aimag participated in the study. The prevalence and measures of average distribution of NCD risk factors were estimated.

Results

Out of all participants, 135 were males and 165 were females. Most respondents (96.3%) knew that smoking harms their health. With respect to the frequency of smoking, 15.5 % (95% CI 11.4-19.7) of the respondents were regular smokers, 10.5% (95% CI 6.9-13.9) were irregular smokers and 65.5% (95% CI 60.1-70.9) were non-smokers. 47.1% of the population strongly agreed to the statement that the Mongolians tend to drink too much alcohol at one time and another 47.8% agreed with this judgment. The attitude of the community related to the daily consumption of fruit demonstrated that only 28.2% (95%CI 23.1-33.3) of the respondents considered having fruits daily as “very important” and 58.7%(95%CI 53.1-64.3) considered it as “important”. According to the study results, the prevalence of people engaged in moderate levels of physical activity was 48.5% with significantly more males (60.9%) (95%CI 52.5-69.3) engaged in such activities than females (38.4%) (95%CI 30.9-45.9).

Conclusions:

  1. The samples examined by this study demonstrated a good knowledge on the harms of smoking (96.3%) and second hand smoking (99%).
  2. The majority of the respondents (94.9%) agreed that the Mongolians tend to drink large amounts of alcohol at once.
  3. In general, many Bulgan civilians are lack a health promotion attitude in regards of daily consumption of fruits and vegetables, with only about 28.2% of the respondents considering it as very important.

Үндэслэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2008 оны мэдээгээр халдварт бус өвчин болох зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдар нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 60 хувь, бага, дунд орлоготой орнуудын хүн амын нас баралтын шалтгааны 80 хувийг эзэлж байна. Түүнчлэн, 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой улс орнуудад 2 дахин өсч 6.8 саяд хүрэх, хорт хавдраас үүдэлтэй нас баралт 11.8 сая болтлоо нэмэгдэх тооцоо гараад байна [1].

Европын орнуудад ЧШӨ өнгөрсөн зууны 50-аад оныхоос 4 дахин ихсэж байгаа бөгөөд энэ нь нэг талаараа хүн амын насжилттай холбоотой гэж үзэж байна. ОХУ-ын хүн амын 3-7 хувь нь ЧШӨ-өөр өвчлөөд байгаа бөгөөд энэ тоо цаашид улам ихсэх хандлагатай байгаа талаар тэмдэглэсэн байна. 2005 оны байдлаар ОХУ-д 9.6 сая хүн уг өвчнөөр өвчлөөд байна [2]. АНУ-д 21 сая чихрийн шижинтэй өвчтөн байгаагийн 3- 18 орчим хувь нь хөлийн шархтай байна. Харин Азид эрэгтэйчүүд, тэр тусмаа настай хүмүүсийн дунд ЧШӨ өндөр тархалттай байсан бол Хятад улс 13 тэрбум хүн амаас 40 орчим сая нь ЧШӨ- тэй байна [3, 4].

Монгол улсад хийгдсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар (2005 он) хүн амын 24.2 хувь нь өдөр бүр тогтмол тамхи хэрэглэдэг, хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэдэг эрсдэлтэй хүн амын тархалт 72.5 хувь, биеийн хүч бага шаардсан хөдөлгөөн хийдэг буюу хөдөлгөөний хомсдолтой хүн ам 23.1 хувийг тус тус эзэлж байв. Энэхүү судалгаагаар хүн амын 21.8 хувь нь илүүдэл жинтэй, 9.8 хувь нь тарган байсан байна. Мөн артерийн даралт ихсэх өвчний тархалт 28.1 хувь, ЧШӨ-ний тархалт 8.2 хувь тус тус байжээ [5].

Монгол улсын 2008 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр Булган аймгийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааныг амьсгалын тогтолцоо, шээс бэлгэсийн тогтолцоо, цусны эргэлтийн тогтолцоо, хоол боловсруулах тогтолцооны өвлөлүүд болон бэртэл, хордлого ба бусад гадны шалтгаант үр дагаврууд бүрдүүлж байна. Үүн дотроо цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 698.77 промиль байгаа нь улс, аймгийн дундажаас дээгүүр үзүүлэлт болж байна. Мөн стационарт хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаторид бүртггэдсэн хүн амын дундах цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл улс, аймгийн дундажаас дээгүүр үзүүлэлттэй байгаа нь ихээхэн анхаарал татаж байна [6].

Улсын хэмжээний 2011 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр Булган аймгийн хүн амын дундах зүрхний ишеми өвчний тархалтын түвшин 10000 хүн амд 219.8, тархины цус харвалт өвчний тархалтын түвшин 19.3 байгаа нь улс аймгийн дунджаас дээгүүр үзүүлэллтэй байна [7].

Булган аймгийн 2012 оны эхний 8 сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудад цусны эргэлтийн тогтолцоо, хавдар, гадны шалтгаант нас баралт, хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцооны өвчлөлүүд орж байгаа нь сүүлийн жилүүдэд цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нэмэгдэж байгааг харуулж байна [8].

Эдгээр үзүүлэлтүүд нь зөвхөн амбулаторид бүртгэгдсэн тохиолдлын тоо ба нийт хүн ам, ялангуяа өдрийн ихэнх цагийг ажлын байранд өнгөрүүлдэг, хөдөлгөөний хомсдол бүхий төрийн албан хаагчдын дундах халдварт бус өвчинд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоосон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна.

Зорилго

Булган аймгийн зарим төрийн албан хаагчдын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох

Зорилт:

  1. Төрийн албан хаагчдын дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлах
  2. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хүн амын хандлагыг тогтоох
  3. Төрийн албан хаагчдын бие махбодын зарим үзүүлэлтийг тодорхойлох

Mатериал, арга зүй.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлахдаа байгууллагад суурилсан агшингийн судалгааны загвараар судлав. Судалгаанд Булган аймгийн Булган сумын (аймгийн төв) төрийн зарим, тухайлбал Аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, Цахилгаан холбоо ХХК, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Шүүх, Прокурорын зэрэг нийт 9 байгууллагын 22-59 насны бүлэг тус бүрээс хүйсийн тэнцвэртэй байдлаар 300 хүнийг хамруулсан.

Судалгааг асуумж, биемахбодын хэмжилт, лабораторийн шинжилгээний аргуудаар авч үр дүнг статистикийн SPSS 17 программыг ашиглан боловсруулсан. Судалгааны үр дүнгүүд нь хүн амын дундах тархалтын хувь ба дундаж үзүүлэлтээр илэрхийлэгдлээ. Үр дүнгийн нарийвчлалын хэмжүүр (тархалтын хувь болон дундажийн хэлбэлзэл) болоод бүлгүүдийн (нас, хүйс, ажил, мэргэжил) ялгааг тодорхойлоход 95%-ийн итгэх хязгаар (95% CI)-ын хэлбэлзлийн утгуудыг ашиглалаа.

Үр дүн.

Судалгаанд хамрагдсан хүн амын 0,7 хувь нь боловсролгүй, 5 хувь нь бүрэн бус, 24,7 хувь нь бүрэн дунд, 8 хувь нь техник мэргэжил, 56,3 хувь нь дээд, 5,3 хувь магистр түүнээс дээш боловсрол эзэмшсэн байв. Ажил мэргэжлийн хувьд нийт оролцогчдын 14 хувь удирдах ажилтан, 86 хувь нь гүйцэтгэх ажилтан байв.

Нэг. Эрсдэлт хүчин зүйлсийн тархалт

1.Тамхи таталт.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 15.5 хувь нь өдөр бүр, 10.5 хувь нь тамхийг хааяа татдаг бол харин 8.4 хувь нь өмнө нь татдаг байсан, 65,5 хувь нь буюу дийлэнх нь хэзээ ч тамхи татаж байгаагүй эерэг дадалтай байлаа. Хүйсийн ялгаатай байдлаар нь авч үзвэл давхардсан тоогоор өдөр бүр тамхи татдаг буруу дадал эрэгтэйчүүдэд 34.1 (95%CI 25.9-42.3) хувь, эмэгтэйчүүдэд 0,6 (95%CI 0-1.8) хувь, хааяа тамхи татдаг эрэгтэйчүүд 18.9 (95%CI 12.2- 25.7) хувь, эмэгтэйчүүд 3.7 (95%CI 0.8-6.6), огт татдаггүй эрэгтэйчүүд 31.1 (95% CI 23.1-39.1) хувь, эмэгтэйчүүд 93.3 (95%CI 89.4-97.2) хувь байгаа нь статистикийн магадлал бүхий ялгаатай байна. Өдөр бүр тамхи татдаг сөрөг дадал эрэгтэйчүүдэд 34.1 (95%CI 25.9-42.3) хувь, эмэгтэйчүүдэд 0.6 (95%CI 0-1.8) байгаа нь хүйсийн хувьд магадлал бүхий ялгаатай байна.

Тамхи татаж буй хүн амын тавны нэг нь 20-оос дээш олон жил тамхи татаж байгаа сөрөг дадалтай байна.

2. Архины хэрэглээ.

Судалгаанд оролцогчдын 95.3 (95%CI 92.8-97.7) хувь, эрэгтэйчүүдийн 96.3 (95%CI 93.0-99.5), эмэгтэйчүүдийн 94.4 (95%CI 90.8-98.0) хувь нь сүүлийн нэг жилд ямар нэг хэмжээгээр согтууруулах ундааг хэрэглэсэн нь хүйсийн хувьд ялгаагүй байлаа.

Архины хэрэглээний давтамжийг хүйсээр харьцуулахад эрэгтэйчүүдийн 42.1 (95%CI 33.3-50.8) хувь, эмэгтэйчүүдийн 77.5 (95%CI 70.7-84.3) хувь нь архи, согтууруулах ундааг сард 1-ээс бага удаа хэрэглэсэн бол эрэгтэйчүүдийн 0.8 (95%CI 0.8-2.4) хувь нь өдөр бүр архи, согтууруулах ундаа хэрэглэдэг буруу дадалтай байна.

3.Хөдөлгөөний идэвхи.

Нийт судалгаанд оролцогчдын 48.5 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 60.9 хувь (95%CI 52.5-69.3), эмэгтэйчүүдийн 38.4 (95%CI 30.9-45.9) хувь нь ажлын байрандаа ядаж 10 минут тасралтгүй биеийн хүч их шаардсан хөдөлгөөн хийдэг гэсэн нь хүйсийн хувьд магадлал бүхий ялгаатай байна.

Ажлын байрандаа 7 хоногийн 1-2 өдөр нь биеийн хүч их шаардсан хөдөлгөөн хийдэг гэж судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь буюу 52.9 нь хариулжээ.

Эрэгтэйчүүдийн 65.6 (95%CI 57.4-73.9) хувь нь, эмэгтэйчүүдийн 55.9 (95%CI 48.2-63.6) хувь нь ажлын байрандаа дунд зэргийн эрчимтэй, идэвхитэй хөдөлгөөн хийдэг байна (Зураг 1).

Судалгаанд оролцсон хүн амын 10 хувь нь 1 өдөр, 23.3 хувь нь 2 өдөр, 22.2 хувь нь 3 өдөр, 7.8 хувь нь 4 өдөр, 23.9 хувь нь 5 өдөр тус тус ажлын байрандаа биеийн хүч дунд зэрэг шаардсан идэвхитэй хөдөлгөөнийг хийдэг байна. Ажлын байрандаа дунд зэрэг эрчимтэй хөдөлгөөн хийж буй ажиллагсдын давтамж хүйсийн ялгаатай байдлаар авч үзэхэд өдөр бүрээр харилцан адилгүй байгаа боловч энэ нь статистикийн магадлал бүхий ялгаагүй байлаа.

4. Өөх, тос, давсны хэрэглээ

Гадуур хооллох үед хэр зэрэг давстай хоол таардаг талаар тодруулахад судалгаанд оролцогчдын 17.5 (95%CI 13.2-21.9) хувь нь ихэвчлэн шорвог, 78.1 (95%CI 63,4-69.5) хувь нь хэвийн, харин 4.4 (95%CI 2.0-6.7) хувь нь давс багатай гэж хариултыг тус тус өгсөн байна. Судалгаанд оролцогчдын 37,4 хувь нь долоо хоногийн 1-3 өдөрт нь өөхөн тосон хайрсан боов, боорцог, бин зэргийг хэрэглэдэг бол 17,3 хувь нь 4-5 өдөрт, 21,9 хувь нь 6-7 өдөрт нь хэрэглэдэг байна.

Судалгаанд хамрагдсан 1 буюу түүнээс дээш эрсдэлтэй оролцогчдын 46.3 хувь нь аль нэгэн эрсдэлт хүчин зүйлтэй, 44.6 хувь нь 2 эрсдэлт хүчин зүйлстэй, 7.0 хувь нь 3 эрсдэлт хүчин зүйлстэй байна.

Хоёр. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хүн амын хандлага Судалгаанд оролцсон хүн амын 23.5 (95%CI 18.6-28.3) хувь нь тамхигүй орчинд ажиллах нь чухал, 73.1 (95%CI 68.0-78.2) хувь нь маш чухал гэж үзэж байгаа нь оролцогчдын дийлэнх нь эерэг хандлагатай байгааг харуулж байна.

Судалгаанд оролцогчдоос “Монгол хүмүүс архи согтууруулах ундааг хэрэглэхдээ ихэвчлэн нэг дор их хэмжээгээр уудаг” гэдэгтэй санал нийлж буй эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдагсдын 47.1 хувь нь бүрэн санал нийлж, 47.8 хувь нь санал нийлж, харин 2.7 хувь нь санал нийлэхгүй, 2.4 хувь нь огт санал нийлэхгүй гэсэн хариултыг тус тус өгсөн байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн 51.9 (95%CI 43.3-60.4) хувь, эмэгтэйчүүдийн 43.2 (95%CI 35.5-50.9) хувь бүрэн санал нийлж байсан бол, эрэгтэйчүүдийн 2.2 (95%CI 0.3-4.7) хувь, эмэгтэйчүүдийн 2.5 (95%CI 0.05-4.8) буюу бага хувь санал огт нийлэхгүй сөрөг хандлагатай байна (Хүснэгт 1). 

Архи, согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулах талаар оролцогчдын 79.6 (95%CI 74.5-84.7) хувь нь бодож байсан гэсэн эерэг хандлагатай байсан бол харин 20.4 (95%CI 15.3- 25.5) хувь нь энэ талаар бодож байгаагүй гэсэн хариултыг өгчээ.

Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь буюу 89.3%, эрэгтэйчүүдийн 39,6, эмэгтэйчүүдийн 49.7% нь Монголчууд хоол хүнсэндээ өөх тосыг их хэмжээгээр хэрэглэж байна гэж бодож байна (Зураг 2).

Мөн судалгаанд оролцогсдын 86.9 хувь нь Монгол хүмүүс ерөнхийдөө давсыг их хэмжээгээр хэрэглэж байна үзэж байна.

Гурав. Бие махбодын хэмжилтийн үзүүлэлт 

Судалгаанд оролцогсдын 31.9% нь 18.5-24.9 кг/м2 буюу биеийн жингийн индекс хэвийн хэмжээндээ, 38.3 хувь нь 25-29.9кг/м2 буюу илүүдэл жинтэй, 21.0% нь 30-34.9 кг/м2 буюу таргалалтын нэгдүгээр зэрэг, 6.4% нь 35-39.9 кг/м2 буюу таргалалтын 2 дугаар зэрэг, 1.7 хувь нь 40 кг/м2-с дээш буюу таргалалтын 3 дугаар зэрэгтэй байна.

Илүүдэл жин болон таргалалтыг хэвийн жинтэй харьцуулахад нас 1 жилээр нэмэгдэх тусам илүүдэл жинтэй болох эрсдэл 1.04 дахин, таргалалттай болох эрсдэл 1.09 дахин нэмэгдэж байна (P=0.009).

Судалгаанд хамрагдагсдын бүсэлхийн тойргийн үзүүлэлтийг тодруулахад эрэгтэйчүүдийн 18.9 хувь нь 90 см-ээс бага, 81.1 хувь нь 90 см-ээс дээш, эмэгтэйчүүдийн 25.5 хувь нь 80 см-ээс бага, 74.5 хувь нь 80 см-ээс дээш үзүүлэлттэй байна. Нас 1 жилээр нэмэгдэх тусам бүсэлхийн тойрог нэмэгдэх эрсдэл 0.93 дахин нэмэгдэж байна (P<0.05).

Судалгаанд оролцогчдын систолийн даралт 76.5 хувь нь 140 мм.муб.-с бага, 12.1 хувь (95%CI 8.3- 15.9) нь 140 мм. муб., 11.4 хувь (95%CI 7.7-15.1) нь 140 мм.муб.-с дээш байна. 

Харин диастолийн даралтын хувьд 64.7 хувь нь 90 мм.муб.-с бага, 19 хувь нь 90 мм.муб, 16.3 хувь нь 90 мм.муб.-аас дээш байна. 

Дөрөв.Лабораторийн шинжилгээний үзүүлэлт 

Өлөн үеийн цусан дахь глюкозын хэмжээг хуурай химийн аргын глюкозын хурдавчилсан тестээр судлахад ажиллагсдын 87.9 хувь (95%CI 84.2- 91.8) нь өлөн үеийн цусны глюкозын хэмжээ 5.6 ммоль/л буюу 100 мг/дл-ээс доош, 12.0 хувь (95%CI 8.2-15.8) нь 5.6 ммоль/л-ээс дээш үзүүлэлтэй байна.

Эрэгтэйчүүдийн 89.2 хувь (95%CI 83.8-94.6), эмэгтэйчүүдийн 86.9 хувь (95%CI 81.5-92.3) нь өлөн үеийн цусны глюкозын хэмжээ 5.6 ммоль/ л-ээс доош, эрэгтэйчүүдийн 10.8 хувь (95%CI 5.4-16.2), эмэгтэйчүүдийн 13.1 хувь (95%CI 7.7- 18.5) нь өлөн үеийн цусны глюкозын хэмжээ 5.6 ммоль/л-ээс дээш үзүүлэлт бүхий эрсдэлтэй байна.

Хэлцэмж

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлж чадвал зүрх судасны эмгэг, тамхины цус харвалтыг 80 хувиар, хавдрыг 40 хувиар бууруулах, чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөхгүй байх боломжтой байдаг ажээ [10]. 

Халдварт бус өвчний өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар Монгол улсын хүн амын 27.7 хувь, 2 эрэгтэй тутмын нэг нь тамхи хэрэглэх эрсдэлт зан үйлтэй байсан бөгөөд энэ үзүүлэлт бидний судалгаагаар тамхи татаж байсан, татаж байгаа зэрэг сөрөг дадал судалгаанд хамрагдагсдын 34.5 хувийг эзэлж байв [1].

Тамхины хэрэглээ эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад бараг 7 дахин өндөр байсан ба эрэгтэйчүүдийн дотор 15-24 насныханд бусад насны бүлгүүдтэй харьцуулахад тамхины хэрэглээ харьцангуй бага байжээ. Мөн хүн амын 24.3 хувь (95% CI 22.9-25.7) нь өдөр бүр тогтмол, 3.4 хувь (95% CI 2.7-4.0) нь хааяа тамхи татдаг, харин 72.3 хувь (95% CI 70.6-74.0) нь тамхи огт татдаггүй байв.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын халдварт бус өвчний талаарх мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлох судалгаагаар нийт багш нарын 8,4 хувь тамхи татдаг байв [11].

Хятадад эрэгтэйчүүдийн 67 хувь, эмэгтэйчүүдийн 8 хувь нь тамхи татаж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж хурцаар тавигдаж байна. Нийт хүн амын тавны гурав нь тамхи татдаг бөгөөд тэд дунджаар 15-20 насандаа тамхи татаж эхэлсэн байдгийг тогтоожээ [12]. 

АНУ-д 1965 онд тамхи таталтын тархалт 42 хувь байсан бол 2006 онд 20.8 хувь болж хоёр дахин буурсан байна [13].

Бидний судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 15.5 хувь нь тамхийг өдөр бүр, 10.5 хувь нь хааяа татдаг бол 8.4 хувь нь өмнө нь татдаг байв. Эрэгтэйчүүдийн 34.1 хувь, эмэгтэйчүүдийн 0.6 хувь нь тамхийг өдөр бүр татдаг байна. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар сүүлийн 12 сарын байдлаар судалгаанд хамрагдсан 3 хүний 1 нь, эрэгтэйчүүдийн 25 хувь, эмэгтэйчүүдийн 42.6 хувь нь архи, согтууруулах ундааг огт хэрэглээгүй бөгөөд архийг хэрэглэхгүй байх эерэг хандлага эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү хадгалагдаж байжээ [1].

Арван сурагч тутмын нэг нь сүүлийн нэг сард 1-2 удаа нэг стандарт уултын хэмжээгээр согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн байна.  Согтууруулах ундааны хэрэглээ эрэгтэй, ахлах ангийн сурагчдын дунд илүү байсан [11].

Бидний судалгаагаар Монгол хүмүүс архи согтууруулах ундааг хэрэглэхдээ ихэвчлэн нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй судалгаанд хамрагдагсдын 47.1 хувь нь бүрэн санал нийлж, 47.8 хувь нь санал нийлж байсан. Судалгаанд хамрагдагсад архи, согтууруулах ундааг хэрэглэхдээ нэг удаад дунджаар 3.9 стандарт уулт, эрэгтэйчүүд 5,4 стандарт уулт, эмэгтэйчүүд 2,8 стандарт уултын хэмжээгээр хэрэглэж байна.

Чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсүүдийн тархалтын судалгаанд хамрагдсан 25-64 насны хүн амын 5.2 хувь нь жимс, хүнсний ногоог огт хэрэглэдэггүй, 72.5 хувь нь хоногт 5 нэгжээс бага, 22.3 хувь нь 5-аас дээш нэгж хэрэглэдэг байна [14].

Бидний судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 58.7 хувь нь ер нь бол чухал, 28.2 хувь нь маш чухал гэсэн хандлагатай ба эрэгтэйчүүдтэй (20.1%) харьцуулахад эмэгтэйчүүдийн (34.8%) эерэг хандлага өндөр байна. Мөн хүн амын дийлэнх хувь буюу 89.3 хувь, эрэгтэйчүүдийн 39.6, эмэгтэйчүүдийн 49.7 хувь нь Монгол хүн өөх тосыг их хэмжээгээр хэрэглэж байна гэсэн хандлагатай байна.

Д.Эрдэнэчимэг нарын судалгаагаар эмэгтэйчүүдийн 29.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байжээ. Чихрийн шижингийн тархалтын судалгаагаар 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн 25.1 хувь, эрэгтэйчүүдийн 14.5 хувь таргалалттай байсан бол Монкогорт судалгааны дүнгээр 35-64 насны эмэгтэйчүүдийн 22.6 хувь, эрэгтэйчүүдийн 13.1 хувь нь таргалалттай байв. Таргалалтын үзүүлэлт бидний судалгаагаар эрэгтэйчүүдийн 81.1 хувь нь 80 см-ээс дээш, эмэгтэйчүүдийн 74.5 хувь нь 90 см-ээс дээш үзүүлэлттэй байна.

ЕБС-ийн 12 сурагч тутмын нэг (8.3%) нь илүүдэл жинтэй, 0.8% нь таргалалттай, 2.3 хувь нь тураалтай байна. Эмэгтэй сурагчдын дундах илүүдэл жин эрэгтэй сурагчдаас их ба анги ахих тутам энэ хувь ихсэж байна [11].

Дүгнэлт:

  1. Судалгааны дүнгээр судалгаанд хамрагдагсдын 34.5 хувь нь тамхи татаж байсан, тамхи татаж байгаа, 95.3 хувь нь сүүлийн нэг жилд ямар нэг хэмжээгээр согтууруулах ундааг хэрэглэсэн, 51.5 хувь нь ажлын байрандаа ядаж 10 минут биеийн хүч их шаардсан дасгал хөдөлгөөн хийдэггүй ба нийт эрсдэл бүхий хүмүүсийн 44.6 хувь нь 2 эрсдэлт хүчин зүйлстэй, 7.0 хувь нь 3 эрсдэлт хүчин зүйлстэй байгаа нь хүн амын дундах ХБӨ-ний тархалт өндөр байгааг батлаж байна.
  2. Судалгаанд оролцогчдын 96.6 хувь нь тамхигүй эрүүл ажлын байрны чухлыг онцолж байгаа бол 94.9 хувь нь Монголчуудын архи, согтууруулах ундааны хэрэглээний  түвшин өндөр байгаатай санал нийлж байна. Мөн төрийн албан хаагчдын 89.3 хувь нь Монголчуудын өөх тосны, 86.9 хувь нь давсны хэрэглээ өндөр байна гэж үзсэн нь хүн амын дундах эрсдэлт хүчин зүйлсийн талаарх эерэг хандлага өндөр байгааг харуулж байна.
  3. Судалгаанд оролцогчдын 67.4 хувь нь хэвийн бус илүүдэл жин, таргалалттай, 
  4. Эрэгтэйчүүдийн 81.1 хувь, эмэгтэйчүүдийн 74.5 хувь нь төвийн таргалалттай, 37.4 хувь нь артерийн даралт 140/90 мм.муб-с дээш үзүүлэлттэй байгаа нь завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр байгааг харуулж байна.

Талархал: Энэхүү судалгаа нь ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгээр хийгдсэн болно. Судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн EPOS Health Managementийн тэтгэлгийн багийн хамт олон, НЭМХгийн Эрдмийн Зөвлөл, судалгаанд хамтран ажилласан судлаачид, судалгаанд хамрагдсан нийт хүмүүст гүнээ талархал илэрхийлье.

Ном зүй

1. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа. Улаанбаатар хот, 2005.
2. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа. Улаанбаатар хот, 2009.
3. Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал. Улаанбаатар хот, 2011.
4. Отгоолой Х. Улаанбаатар хотын СХДийн настангуудын дунд ЧШӨ-ний тархалт. Улаанбаатар хот, 2004.
5. Светлана П., Ирина Б. Синдром диабетической стопы. Медицинская газета. 2005; 5 (34) : 65-4
6. Верхозин И.А. Профилактика сосудистых осложнений сахарного диабета. Медицинская газета. 2006; 2 : 15-20.
7. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа. Улаанбаатар хот, 2006 он.
8. Сайнбилэг С, Цагаанхүү Г, Алтайсайхан Х. Чихрийн шижин өвчний мэдрэлийн хүндрэлийн асуудалд, “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан”, 2009, №11, х.170-172
9. “Эрүүл мэндийн үзүүлэлт”, Улаанбаатар хот, 2011, х.118-119
10. Noncommunicable disease, Poverty and the Development Agenda, Discussion paper, “World Health Organization” ECOSOC High-level Segment: WHO, July
2009.
11. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа – монгол, 2010. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг
тодорхойлох. Улаанбаатар, 2011
12. Cheng TO. Smoking and diabetes in Chinese men. Postgrad. Med J. 2001; 77:551
13. Cigarette smoking among adults – United States, 2006. MWWR Morb Mortal Wkly Rep. 56(44): 1157-61. Nov 2007.
14. Здравоохранение в России. Федеральный справочник 11. Москва; 2011.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Даваалхам


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 400
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК