Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн малчдын архи, согтууруулах ундааны хэрэглээний байдал
( Судалгааны өгүүлэл )

Х.Гарамжав1, Д.Эрдэнэчимэг2, Д.Нарантуяа3, Г.Өлзийгэрэл1, П.Энхтуяа2

1Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв, 2Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 3Булган аймгийн Эрүүл мэндийн газар

 
Абстракт

Background

Mongolia has been undergoing an epidemiological transition since 1990s. As a result, lifestyle and health behavior related diseases such as cardiovascular diseases, diabetes, cancer and injuries are growing steadily and have become the leading causes of population mortality. According to the Mongolian STEPS Survey on the Prevalence of NCD Risk Factors (2009), the summary of combined NCD risk factors demonstrates that 1 in 5 (26.4%) Mongolian adults have three or more common modifiable NCD risk factors and consumption of alcohol in the past 30 days was reported by 38.6% of the population.

Goal

The goal of the survey was to determine the prevalence of alcohol consumption among Bugat soum population of Bulgan province.

Materials and Methods

The cross-sectional survey used a questionnaire of the WHO STEPS survey and adapted it to the local specifics. Alcohol consumption was assessed using the concept of “standard drinks”. A total of 201 randomly selected 15-64 year old residents of both sexes of Bugat soum were involved in the survey. The survey data was collected in September, 2011. The survey data was fully collected using small handled computers (PDAs).

Results

The survey respondents, 30.3% consisting of males (16.9%) and females (41.2%) were past 12 months abstainers. Of the alcohol users, 69.7% (males 83.1% and females 58.8%) reported drinking during the past 12 months and 47.3% were current drinkers or reported alcohol use during the past 30 days. In contrary, 60.9% of males and 36.8% of females were current drinkers or reported alcohol use during the past 30 days. In terms of the frequency of alcohol use by respondents reporting drinking in the past 12 months, 39.3% drank occasionally, 21.4% drank alcohol for 1-3 days a month, 2.5% drank 1-4 days a week, 4.5% drank 5-6 days a week, and 2.0% reported daily consumption of alcohol.

Conclusions

The survey results showed that current drinking or consumption of alcohol in the past 30 days was reported by 47.3% in herdsmen of Bugat soum. Of these 60.9% are men and  36.8% are women. As for the quantity of consumption, the current drinkers consumed 13.3 standard drinks for men and 5.0 for women. Frequency of alcohol drinking was higher in males compared to females. The prevalence of binge drinking was 2.5% in men and 0.4% in women, and binge drinking was 6 times more common in males compared to females.

Үндэслэл

Архины хэрэглээний асуудлууд өвчтний ганц биеийг биш давхар өвчтний гэр бүлийн, нийгмийн цаашилбал хүн амын эрүүл мэндэд ч нөлөөтэй байдаг. 2009 оны судалгаагаар ХБӨ, осол гэмтлийн эрсдлийг тогтоох судалгаагаар манай улсын 38.6 хувь нь сүүлийн нэг сард буюу одоогоор архи хэрэглэж байна. Архи, согтууруулах ундаа хэрэглэгсэд нэг удаад уухдаа дунджаар 7.7 стандарт уулт архийг ууж байна [1]. Манай улсад гэр бүлийн сөргөлдөөний 87 хувь, гэр бүл салалтын 58.3 хувь, гэр бүл дэхь хүн амины ба хүчингийн хэргийн 90 хувь нь архидалттай холбоотой байна. Түүнчлэн манай улсын зан төрхийн өөрчлөлттэй хүүхдийн 48.9% нь гэр бүлийн хэн нэгний архидалттай холбоотой болох нь тогтоогдсон байна [3,5].

Согтууруулах ундааны хэрэглээ нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, сүрьеэ, зам тээврийн осол, элэгний хатуурал, амиа егүүтгэх зэрэг эрүүл мэндийн тулгамдсан асуудлын шалтгаан болдог [4]. 2009 оны статистик мэдээгээр Булган аймгийн Бугат сумын иргэдийн дунд халдварт бус өвчнүүд тэр дундаа зүрх судасны өвчин өндөр байгаа төдийгүй нийт өвчлөлийн 38.2% нь зүрх судасны өвчлөл эзэлж байгаа ба энэ нь 2007, 2008 оны өвчлөлийн байдалтай харьцуулахад жил бүр 1.3-2.9% ихэссэн байна.

Мөн сумын иргэдийн зүрх судасны өвчин, хорт хавдар, осол гэмтлээр нас барагсдын тоо жил тутам нэмэгдсээр байна. Бугат сум нь 1890 хүн амтай, нийт хүн амын 60.8%-ийг малчид эзэлдэг. Иймд малчдын ХБӨ-ний анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох архи, согтууруулах ундааны хэрэглээг тогтоох судалгааг явууллаа.

Зорилго

Бугат сумын малчдын архи, согтууруулах ундааны хэрэглээг судлан тогтоох

Судалгааны шинэлэг тал, ач холбогдол

Уг судалгаагаар Булган аймгийн Бугат сумын 1-р багийн 15-64 насны хүн амын ХБӨ-ний анхдагч эрсдэлт хүчин зүйлс болох архи, согтууруулах ундааны хэрэглээний түвшинг тодорхойлсон. Нотолгоонд суурилж, үр дүнд түшиглэн сумын малчин иргэдэд халдварт бус өвчнийг бууруулах хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэс болж байгаагаараа онцлог болно.

Материал, арга зүй

ДЭМБ-ын ХБӨ-ний тандалтын асуумж судалгааны арга, аргачлалаар архины хэрэглээг тодорхойлсон.

Архины хэрэглээг үнэлсэн аргачлал:

Архи, согтууруулах ундааны хэрэглээг “Стандарт уулт” хэмээх ухагдахуунаар илэрхийлэн үнэлгээ өгсөн. Нэг стандарт уулт нь 10 грамм этилийн спирт агуулах хэмжээний архи согтууруулах ундааны төрөл зүйлтэй тэнцэнэ (Хүснэгт 1).

Энэхүү судалгаанд эрэгтэйчүүд архи болон согтууруулах ундааг хэрэглэх үедээ хоногт 5 буюу түүнээс олон стандарт, эмэгтэйчүүд 4 буюу түүнээс дээш стандартаар хэрэглэдэг бол архи хэтрүүлэн хэрэглэдэг хэмээн үнэлсэн. Мөн сүүлийн 1 сард ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг “Одоогоор архи хэрэглэгсэд” гэж авч үзсэн.

Судалгаанд Булган аймгийн Бугат сумын 1-р багийн 15-64 насны нийт хүн амыг төлөөлөх 201 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгааны мэдээллийг PDA буюу гар компьютерээр цуглуулан, статистик боловсруулалтыг SPSS 11.5 программ ашиглан хийлээ.

Үр дүн

Энэхүү судалгаагаар хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээний байдал, хэрэглээний давтамж, хэв маяг, эрсдлийн байдал зэргийг нас, хүйсийн үзүүлэлтээр судлан дүгнэлт өглөө. Судалгааны хүрээний нийт хүн амын 69.7 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 83.9 хувь нь эмэгтэйчүүдийн 58.8 хувь нь сүүлийн 12 сард архийг ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн ба эрэгтэйчүүдэд архины хэрэглээ өндөр байна.

Мөн судалгаанд хамрагсдын 47.3 хувь нь яг одоогоор архи хэрэглэж байсан ба үүнээс эрэгтэйчүүдийн 60.9, эмэгтэйчүүдийн 36.8 хувь нь сүүлийн нэг сар архи хэрэглэсэн буюу одоогоор архи хэрэглэгчид байна (Хүснэгт 2,3).

Архины хэрэглээний давтамжийн судалгаагаар, сүүлийн 12 сард архи согтууруулах ундаа хэрэглэгчдийн 39.3 хувь хааяа, 21.4 хувь нь сард 1-3 өдөр, 2.5 хувь нь 7 хоногт 1-4 өдөр, 4.5 хувь нь 7 хоногт 5-6 өдөр, харин 2.0 хувь нь өдөр бүр хэрэглэдэг гэж хариулжээ (Зураг 1).

Архины хэрэглээний давтамжийг хүйсээр авч үзэхэд:

  • Эрэгтэйчүүдийн 35.6 хувь, эмэгтэйчүүдийн 42.1 хувь нь хааяа буюу сард 1-ээс бага
  • Эрэгтэйчүүдийн 39.1 хувь, эмэгтэйчүүдийн 7.9 хувь нь сард 1-3 өдөр
  • Эрэгтэйчүүдийн 2.3 хувь, эмэгтэйчүүдийн 2.6 хувь 7 хоногт 1-4 өдөр
  • Эрэгтэйчүүдийн 4.6 хувь, эмэгтэйчүүдийн 4.4 хувь 7 хоногт 5-6 өдөр
  • Эрэгтэйчүүдийн 2.3 хувь, эмэгтэйчүүдийн 1.8 хувь өдөр бүр архи хэрэглэдэг гэж хариулснаас үзэхэд архины хэрэглээний давтамжын хувьд хүйсийн хувьд онцын ялгаа байхгүй байна.

Архи, согтууруулах ундаа хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягийг сүүлийн 30 хоногт уусан тохиолдлын тоо болон нэг удаад уусан стандарт уултын хэмжээ зэргээр тодруулан судаллаа. Архи согтууруулах ундаа хэрэглэгчид сүүлийн 30 хоногт дунджаар 3.8 удаа (95% CI 2.7-4.9), эрэгтэйчүүд 4.9 удаа (95% CI 3.1-6.7),  эмэгтэйчүүд 2.5 удаа (95% CI 1.2-3.7) архи ууж хэрэглэсэн байв. Нэг удаагийн уултаар дунджаар 9.6 (95% CI 7.8-11.4) стандарт уулт хэрэглэсэн ба энэ нь эрэгтэйчүүдэд 13.3 стандарт уулт (95% CI 10.5-16.0), эмэгтэйчүүдэд 5.0 стандарт уулт (95% CI 3.7-6.3) тус тус байна. Эрэгтэйчүүд нэг удаагийн уултаар эмэгтэйчүүдээс 2.6 дахин их стандарт уулт бүхий архи согтууруулах ундаа хэрэглэж байна (Хүснэгт 4).

Архи согтууруулах ундааны хэрэглээний 1 хоногт уух стандарт уултын дундаж үзүүлэлтэд түшиглэн судалгааны насны нийт хүн амын хүрээнд архи хэтрүүлэн уух эрсдлийн байдлыг үнэлж үзлээ. Энэ нь 1 удаагийн уултаар эрэгтэйчүүд 5 буюу түүнээс дээш, эмэгтэйчүүд 4 буюу түүнээс дээш стандарт уултын хэмжээний архи согтууруулах ундааг ууж хэрэглэснээр тодорхойлсон.

Судалгааны дүнгээр архи хэрэглэдэг эрэгтэйчүүдийн 2.5 хувь (95% CI 1.5-3.5), эмэгтэйчүүдийн 0.4 хувь (95% CI 0.3-0.6) архийг хэтрүүлэн хэрэглэдэг ба архийг зохисгүй байдлаар хэрэглэх нь эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 6 дахин илүү байв (Хүснэгт 6).

Хэлцэмж

Булган аймгийн Бугат сумын 1-р багийн малчдын архи, согтууруулах ундааны хэрэглээг 2009 онд хийгдсэн Халдварт бус өвчин, Осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаатай харьцуулахад архи, согтууруулах ундаа хэрэглэгчдийн түвшин 11.2 хувиар (58.5 ба 69.7), архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх дадалтай хүний тоо 2 дахин (0.8 ба 1.6), одоогоор архи хэрэглэгчид 8.7 (38.6 ба 47.3) хувиар тус тус илүү байгаа нь хөдөөгийн хүн амын дунд архины хэрэглээ өндөр байгааг харуулж байна.

Ялангуяа малчин эрэгтэйчүүдийн нэг удаад архи хэтрүүлэн уух үзэгдэл их байгаа нь тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг нотолж байна.

Дүгнэлт:

  1. Судалгаанд хамрагдсан малчдын 3 хүн тутмын 2 нь сүүлийн 12 сард архийг ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн байна. Малчдын 47.3 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 60.9 хувь, эмэгтэйчүүдийн 36.8 хувь нь сүүлийн 1 сард буюу одоогоор архи хэрэглэж байна. 
  2. Эрэгтэйчүүдийн архи согтууруулах ундаа хэрэглээний давтамж эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байна.
  3. Нэг удаад эрэгтэйчүүд 13.3 стандарт уулт, эмэгтэйчүүд 5.0 стандарт уултын хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэж байна. 
  4. Эрэгтэйчүүдийн 2.5 хувь, эмэгтэйчүүдийн 0.4 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг ба архийг зохисгүй байдлаар хэрэглэдэг  байдал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 6 дахин илүү байна.

Талархал: Энэхүү судалгааны ажилд хамтран оролцсон ЭМЯ-ны НЭМХ-ийн судлаач, эрдэмтэд, мэргэжлийн туслалцаа үзүүлсэн EPOS health management зөвлөх байгууллага болон ММССийн эрүүл мэндийн төслийн санхүүгийн дэмжлэгт талархал илэрхийлье.

Ном зүй

1. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа, ДЭМБ, ЭМЯ, НЭМХ, ММСС 2009, х.45-48, 151-152
2. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа, ДЭМБ, ЭМЯ, НЭМХ, 2006
3. Эрүүл мэндийн анхны тусламжийн түвшинд архины асуудлыг илрүүлж авах арга хэмжээ, ДЭМБ, Тomas Ф. Бабор, Жон С.Хиггинс-Биддл, 2001
4. С.Төгсдэлгэр, Д.Байгальмаа, И.Даваадорж нар. Нийгмийн эрүүл мэндийн төлөв байдал 2000-2010, 2011, х.48-56
5. И. Дэмидмаа, Архинд донтох өвчтэй эцэг, эх бүхий хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, Улаанбаатар хот, 2000
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Дэмидмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 763
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК