Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Говийн аймгийн хүн амын дундах артерийн гипертензи өвчний тархалт ба зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Д.Оюунбилэг1, И.Болормаа2, Д.Нарантуяа3, О.Чимэдсүрэн4

1ЭМШУИС-ийн Дорноговь салбар сургууль докторант, 2Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 3Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, 4ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

 
Абстракт

Introduction

Cardiovascular diseases are among the first three causes of mortality in the global population. 1 billion people in the world suffer from arterial hypertension2. In USA 60 million people have high arterial blood pressure, while 40% of the adult population of Russia have arterial hypertension. In Mongolia 28% of the adults suffer this disease. For most  countries, arterial hypertension is both health and social problems. Studies of research centers in the USA and Western European countries demonstrate that decreasing the prevalence of arterial hypertension diseases can prolong the life expectancy3. There is an increasing trend of cardiovascular diseases in the Gobi region on Mongolia (10000:645.63 in Umnugobi aimag) with no tendency to decrease predicted in the near future4,5.

Results

We conducted the study in order to define the intermediate risk factors causing the cardiovascular diseases on the aimag and soum levels. The study involved 754 people over the age of 30 years from 14 soums of 4 aimags. Of these participants, 26.3% are males and 73.7% are females. Our study shows high prevalence of arterial hypertension among the population, particularly among the working age population. A majority of the people over 30 years old taking park in our study had a low level of education, lower than minimum living standard income and unemployed. Among the people aged over 30 years, every fifth person uses tobacco and every seventh abuses alcohol and it shows that there is 
high index of alcohol and tobacco use among the population. 92.4% of the reviewed used less than 5 units of fruits and 90.8 of them used less than the same units of vegetables.

Conclusion

Thus, the Gobi region population consumes insufficient quantity of fruits and vegetables with the entire food pattern being generally unhealthy. Hypodynamia is common among the population varying across the ages, sexes, occupation groups and locations. The average systolic and diastolic pressures are higher in men than in women. The prevalence of overweight and obesity is high due to lack of physical exercising, weight control and optimization of food intake. As to the genders, women have a higher risk for overweight. Blood cholesterol and triglyceride levels are higher in men. The correlation between arterial hypertension and consumption of alcohol and tobacco, obesity and overweight and hypodynamia is strong.

Оршил

Зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйлс нь хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ бөгөөд илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь холестрин, триглицеридын хэмжээ нэмэгдэх нь хоёрдогч буюу завсрын эрсдэлт хүчин зүйл болдог байна.

Дэлхий дээр нас баралтын шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи татах, цусны даралт ихсэх, цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэхтэй холбоотой байна гэсэн судалгааны дүн ДЭМБ-ээс гарсан байна [1].

Сүүлийн жилүүдэд говийн бүсийн аймгуудаас Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын хүн амын дунд зүрх судасны тогтолцооны өвчин 10000 хүн амд 722.82 – 1019.61 байгаа нь улсын дунджаас өндөр, Дорноговь, Дундговь аймгуудад зүрх судасны тогтолцооны өвчин тогтвортой буурахгүй байна. Иймд говийн бүсийн аймгуудын 30-аас дээш насны хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин, тэдгээрийн хоорондын хамаарлыг тогтоох зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:

  1. 30-аас дээш насны хүмүүсийн дунд артерийн гипертензийн анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох
  2. Артерийн гипертензид нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг тодорхойлох

Материал, арга зүй

Судалгааг асуумж, бие махбодын хэмжилт, лабораторийн шинжилгээ бүхий ДЭМБ-ын ХБӨ-ний тандалтын тогтолцооны “Шатчилсан судалгаа”-ны аргачлалын дагуу хүн амын дунд анхдагч болон завсарын эрсдэлт хүчин зүйлсийн түвшинг, Агшингийн судалгааны загвараар хүн амын зан үйлийн байдлыг судаллаа.

Судалгаанд говийн 4 аймгийн 14 сумын 30-аас дээш насны 754 хүн хамрагдсан ба хүйсний хувьд 26.3 хувь нь эрэгтэй, 73.7 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Бид судалгаанд оролцогчдыг эх олонлог хүн амын тоонд дүйцүүлэн сонгов. Мэдээлэл цуглуулахдаа асуумж, бие махбодын хэмжилт, лабораторийн шинжилгээний аргуудыг ашиглалаа.

Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг Эрүүл Мэндийн Яамны Ёс зүйн хяналтын хорооны 2010 оны 10 дугаар сарын 06-ны 10 тоотоор авч, судалгаанд хамрагдах хүмүүсийг урьж, тэднээс уг судалгаанд оролцох зөвшөөрлийг батлагдсан зөвшөөрлийн хуудасны дагуу бичгээр аван судалгаанд оруулсан. Судалгааны мэдээг оруулах, шалгах, боловсруулахад SPSS statistics 17.0 программ ашиглав.

Үр дүн

Бид судалгаандаа ДЭМБ-ын гаргасан ангиллын дагуу судалгаанд хамрагдсан хүн амыг артерийн хэвийн даралт, артерийн даралт ихдэлтийн урьдал үе, артерийн даралт ихсэлтийн 1, 2 үе шат гэж хуваан үзлээ.

Судалгаанд оролцогч 30-аас дээш насны хүн амын 41.6 хувь нь артерийн даралт ихсэлттэй байгаа бөгөөд хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй (эрэгтэй 54 хувь, эмэгтэй 37.2 хувь) аль ч хүйсэнд нас ахих тусам даралт ихсэлттэй хүн амын эзлэх хувь нь үнэн магадтай ихэсч байна (р<0.0001). Тухайлбал насны хувьд 34 хүртэлх насанд 24.8 хувь, 35-44 насанд 31 хувь, 45-54 насанд 51.9 хувь, 55-64 насанд 59.5 хувь байгаа нь статистикийн үнэн магадтай өндөр байна (р<0.0001). Байршлаар нь авч үзвэл сумын хүн ам аймгийн төвийн хүн амаас артерийн даралт ихсэлтийн тархалт өндөр байна.

Судалгаанд сонгогдсон хүн амын систолын артерийн даралт (САД)-ын дундаж хэмжээ 123 мм.м.у.б үүнээс эрэгтэйчүүдэд 130.8 мм.муб, эмэгтэйчүүдэд 120.3 мм.муб байна. Систолын артерийн даралтын түвшин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс өндөр байна. Диастолын артерийн даралтын (ДАД) дундаж 81.7 мм.муб, эрэгтэйчүүдэд 86.2 мм.муб, эмэгтэйчүүдэд 80.1 мм.муб байна. Систолын артерийн даралтын дундаж аймгийн төвийн хүн амд 120.8 мм.м.у.б, сумын хүн амд 124.3 мм.м.у.б байна. Диастолын артерийн даралтын хэмжээ аймгийн төвийн хүн амд 80 мм.м.у.б, сумын хүн амд 82.6 мм.м.у.б байна.

Судалгаанд оролцсон 30-аас дээш насны хүн амын артерийн даралт ихсэлтийн урьдал үед байгаа хүн ам 3.2 хувь, I-р зэргийн артерийн даралт ихсэлттэй 19.5 хувь, II зэргийн артерийн даралт ихсэлттэй хүмүүс 19 хувь байна. Артерийн даралт ихсэлтийг аймгуудаар авч үзвэл Өмнөговь (41.7%), Говьсүмбэр (41.2%) аймгуудад бусад говийн аймгуудаас өндөр байгаа ба аймгийн төвийн хүн амаас сумын хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт өндөр байна.

Артерийн гипертензийг боловсролын түвшингээр нь авч үзвэл бүрэн бус дунд боловсролтой хүмүүсийн 52.1 хувь, бүрэн дунд боловсролтой хүмүүсийн 46.5 хувь нь артерийн даралт ихсэлттэй байсан бол дээд боловсролтой хүмүүсийн 36.8 хувь нь артерийн гипертензитэй байгаа нь боловсролын түвшин нэмэгдэх тутам артерийн гипертензитэй хүн амын эзлэх хувь буурч байна. Харин бага боловсролтой хүмүүс 25 хувь нь артерийн гипертензитэй байгаа нь бусад түвшингийн боловсролтой хүн амаас хамгийн бага байна.

Эрхэлж буй ажлаар нь авч үзвэл артерийн гипертензитэй хүмүүсийн дунд ажлын чадваргүй, ажилгүй хүмүүс (69.2%) болон тэтгэврийн хүмүүсийн (62.9%) дунд илүү  байгаа ба энэ нь тухайн бүлгийн хүмүүсийн нас бусад бүлгийн хүмүүсийн наснаас өндөр байгаатай холбоотой  байж болох юм.

Артерийн гипертензитэй хүн амын амьжиргааны түвшингээр авч үзвэл 19.4 хувь нь амьжиргааны баталгаат түвшингээс доош орлоготой, 80.6 хувь нь амьжиргааны баталгаат түвшингээс дээш орлоготой байна. Сарын орлого нь дунджаар 283135,5 төгрөг байгаа ба аймгуудаар авч үзвэл Дорноговь аймагт 258766,3 төгрөг, Дундговь аймагт 290244.4 төгрөг, Өмнөговь аймагт 274352.4 төгрөг, Говьсүмбэр аймагт 325347.2 төгрөг тус тус байна. 

Судалгаанд хамрагдсан 30-аас дээш насны артерийн гипертензитэй нийт хүн амын 41.7 хувь нь архийг хэрэглэдэг ба үүнээс эрэгтэйчүүдийн 54 хувь, эмэгтэйчүүдийн 37.2 хувь нь архийг хэрэглэж байна.

Артерийн гипертензитэй хүн амын архины хэрэглээг насны байдлаар авч үзвэл артерийн даралтын урьдал үед 34 хүртэлх насны хүн амын архины хэрэглээ бусад насны бүлгийн хүн амаас илүү байна. Артерийн гипертензийн I үе шатанд 45-54 насны хүн ам, II үе шатанд 55-64 насны хүн амын архины хэрэглээ өндөр байгаа ба статистикийн үнэн магадлал бага байна (p=0.952).

Судалгаанд хамрагдсан артерийн даралт хэвийн хүмүүсийн 17.7 хувь нь тамхи татдаг, 1.6 хувь нь татаж байгаад больсон байна. Харин артерийн гипертензитэй хүмүүсийн тамхины хэрэглээ артерийн даралт ихсэлтийн түвшингээр харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл артерийн гипертензийн урьдал үе шатанд байгаа хүмүүсийн 8.3 хувь нь тамхи татдаг байхад артерийн гипертензийн I, II үе шатанд байгаа хүмүүсийн тамхины хэрэглээний хувь ойролцоо (19.7 хувь) байна. 

Артерийн гипертензийн урьдал үе шат болон I үе шатанд байгаа хүмүүс тамхинаас гарах оролдлого хийгээгүй байна. Харин артерийн гипертензийн II үе шатанд байгаа хүмүүсийн 2.1 хувь нь тамхи татаж байгаад больсон ба энэ нь артерийн гипертенз хүндрэх тусам хүмүүс хорт зуршлын хэмжээгээ багасгах хандлагатай байгааг харуулж байна. 

Артерийн гипертензитэй хүмүүсийн тамхины хэрэглээг насны бүлгээр авч үзвэл артерийн даралт хэвийн хүмүүсийн 35-44 насны эрэгтэйчүүд, артерийн даралт ихсэлтийн урьдал болон I, II үе шатанд байгаа 45-54 насны эрэгтэйчүүд бусад насны бүлгийн хүн амаас 4-16 дахин их тамхи татаж байна (44.8-57,1% p<0.001).

Биеийн их хүч шаардсан хөдөлгөөнийг 10 минут тасралтгүй хийж буй артерийн гипертензитэй хүмүүсийг (16.7%, 40.1%, 31.5%) эрүүл хүмүүстэй (43.2%) харьцуулахад  илүү бага хийх хандлагатай байгаа ба ялангуяа артерийн гипертензийн урьдал үед байгаа хүмүүс идэвхитэй хөдөлгөөнийг харьцангуй бага хийдэг байна. Харин биеийн хүч дунд зэрэг шаардсан хөдөлгөөнийг артерийн даралтийн I үе шатанд байгаа хүмүүс (82.3%) бусад бүлгийн хүн амаас илүү хийдэг гэж хариулсан байна.

Эрүүл хүмүүсийн их хүч шаардсан хөдөлгөөн хийх давтамж артерийн гипертензитэй хүмүүстэй харьцуулахад өндөр байгаа нь статистикийн үнэн магад бүхий ялгаатай байна (р=0.022).

Артерийн гипертензитэй хүмүүсийн 78.3 хувь нь даралт бууруулах эмийг уудаг, 21.7  увь нь уудаггүй ба хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүдийн 81.0 хувь, эмэгтэйчүүдийн 73.3 хувь нь даралт бууруулах эмийг хэрэглэж байна. Насны байдлаар авч үзвэл нас ахих тусам эмийн хэрэглээ ихэсч байгаа ба эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд адилхан байна.

Артерийн гипертензид нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг корреляцийн аргыг ашиглан судлалаа.

Артерийн гипертензи ба таргалалтын хамаарлыг судлахад артерийн даралт ихсэлтийн урьдал үе болон I, II дугаар үе шатанд байгаа хүмүүс (54.2%, 44.9%, 32.9%) илүүдэл жин ихтэй байгаа ба эдгээр хүмүүсийн биеийн жингийн дундаж хэмжээ 27.07 см, бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ 89.3 см, бугалганы тойрог 28.7 см, ташааны тойрог 98.7 см, цээжний тойрог 94.4 см байгаа нь артерийн даралт ихсэлтийн урьдал үе шатанд байгаа хүмүүст өндөр байна (p=0.0001).

Артерийн даралт ихсэлт үүсэхэд илүүдэл жин, таргалалттай хүмүүсийн өвчлөх эрсдэл нь 2.7 (CI 95%, 2.0-3.7, 0.001) байсан бол хөдөлгөөний хомсдол артерийн даралт ихсэлтэнд 1.45 дахин өндөр байна. (OR=1.45, CI 95%, 1.07- 1.96, 0.001). Артерийн даралт хэвийн болон ихсэлттэй хүмүүсийн цусан дахь триглицерид болон холестерины түвшин ялгаатай байна.

Артерийн даралт хэвийн хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээ хэвийн байхад урьдал үе болон артерийн даралт ихсэлтийн I, II үе шатанд байгаа хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээ (43.4-62%) өндөр байна.

Артерийн даралт хэвийн болон артерийн гипертензитэй хүмүүсийн цусан дахь триглицеридын хэмжээ артерийн даралт ихсэлтийн I, II үе шатанд байгаа хүмүүст илүү өндөр байлаа (p=0.163). Цусан дахь триглицеридын хэмжээ 170.8-221.9 хооронд хэлбэлзэж байсан бол холестрины хэмжээ 198.4-225.4 хооронд хэлбэлзэж байна.

Архи тамхины хэрэглээ болон артерийн гипертензийн хоорондын корреляци хамаарал 0.72 буюу хүчтэй хамааралтай байна (p=0.0001).

Артерийн гипертензи болон илүүдэл жин, таргалалтын корреляци хамаарал 0.78, артерийн гипертензи болон хөдөлгөөний  хомсдолын корреляци хамаарал 0.75 буюухүчтэй хамааралтай байна (p=0.0001).

Хэлцэмж

Монгол улсын хэмжээнд 2009 онд хийсэн Халдварт бус өвчний өвчлөл ба нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн монкохорт судалгаанд нийт судалгаанд  хамрагдсан 40-өөс дээш насны хүн амын 63.8 хувь артерийн даралт ихсэлттэй байхад бидний хийсэн говийн аймгуудын 30-аас дээш насны судалгаанд хамрагдсан хүн амын 41.6 хувь нь артерийн даралт ихсэлттэй байна.

Мөн судлаач А.Өлзийхутагийн хийсэн судалгаанд артерийн гипертензи өндөр уулын бүсэд 30 хувь, тал хээрийн бүсэд 16.8 хувь, хангайн бүсэд бусад бүсүүдээс илүү тохиолдож байгааг батласан байдаг. Бидний судалгаагаар говийн бүсэд артерийн гипертензийн тархалт 41.6 хувь байна.

Харин эрэгтэй эмэгтэй аль ч хүйсэнд нас ахих тусам артерийн даралт ихсэх өвчтэй хүн амын хувь нэмэгдэх хандлагатай байгаа ба эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйл болох тамхины хэрэглээ артерийн даралт ихсэлттэй хүн амын хувьд 6.9 хувиар нэмэгдсэн байхад архи хэрэглээ 15 хувиар бага байна.

Биеийн их болон дунд хүч шаардсан хөдөлгөөнийг артерийн даралт ихсэлтийн 1- р үе шатанд байгаа хүмүүс илүү хийж байна. 

Артерийн даралт ихсэлттэй хүмүүс эрсдэлт зан үйлийг багасгах хандлага артерийн даралт ихсэлтийн үе шат хүндрэх тусам нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа. Харин артерийн даралт ихсэлттэй хүмүүсийн 54.2 хувь нь илүүдэл жинтэй байна.

Артерийн даралт ихсэлттэй хүн амын цусан дахь холестрин болон триглицеридын хэмжээ монкохорт судалгаанаас 44.9 ммоль/л-ээр илүү байна. Артерийн даралт ихсэлтэнд илүүдэл жин, таргалалт, хөдөлгөөний идэвхи, хорт зуршлын хэрэглээ нөлөөлж байгаа нь монкохорт судалгаа болон бидний хийсэн судалгаагаар тогтоогдлоо.

Дүгнэлт:

  1. Говийн бүсийн аймгийн 30-аас дээш насны хүн амын 41.6 хувь нь артерийн гипертензитэй, тэд гол төлөв ахимаг насныхан болон эрэгтэйчүүд байна.
  2. Артерийн гипертензид илүүдэл жин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршлын хэрэглээ зэрэг эрсдэлт хүчин зүйлс хүчтэй шууд хамааралтай байна.

Талархал: Энэхүү судалгаа нь ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгээр хийгдсэн болно. Судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн EPOS Health Managementийн тэтгэлгийн багийн хамт олон, НЭМХгийн Эрдмийн Зөвлөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл Мэндийн Газрууд, өрх, сумын эмнэлгүүдийн удирдлага, хамт олон, судалгаанд хамтран ажилласан судлаачид, судалгаанд хамрагдсан нийт иргэддээ гүн талархалаа илэрхийлж байна. 

Ном зүй

1. World Health Organization, The World Health Report 2002: “Reducing risks, Promoting healthy life”, World Health Organization. Geneva.
2. Thomas G, et al. Call to action on use and reimbursement for home blood pressure monitoring, “J Hypertension”, 2008, 52:10- 29
3. Д.Зулгэрэл, Ө.Цолмон, Н.Баясгалан, Б.Бурмаа. “Зүрх судас судлал”, 2010, х.38
4. Эрүүл Мэндийн Газар, Эрүүл Мэндийн Яам. “Эрүүл мэндийн үзүүлэлтүүд – 2009”, 2009
5. Эрүүл Мэндийн Газар, Эрүүл Мэндийн Яам. “Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд -2007”, 2007
6. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль. Халдварт бус өвчний өвчлөл ба нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн кохорт судалгаа, 2010
7. П.Нямдаваа. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, 2004
8. Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага. Нийгмийн эрүүл мэндийн төлөв байдал, 2011
9. Монгол Улсын Засгийн Газар, Нэндсэн Үндэсний Байгууллага. Монголын хүний хөгжлийн илтгэл, хот хөдөөгийн ялгаатай байдал, 2003
10. Нийгмийн эрүүлмэндийн хүрээлэн. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа – 2009, 2010
11. Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага. Халдварт бус өвчин ба амьдралын эрүүл хэв маяг, 2006
12. Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв. Монгол улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидемиологийн судалгааны тайлан, 2006
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ө.Цолмон


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1231
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК