Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
“Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолд буй хүний биеийн бүтэц зүйн тухай мэдлэг
( Лекц )

С.Пүрэвсүрэн1, Ш.Болд2, Ш.Үүртуяа3

1УХТЭ, 2“Ач” АУДС, 3ЭМШУИС-ийн Био-анагаахын сургууль

 
Абстракт

The exposition of the anatomy of the body has four aspects: (a) the anatomical presentation ofthe quantities of the bodily constituents; (b) the anatomical presentation of the  circulatory system; (c) the anatomical presentation of the delicate, vital points; and (d) the anatomical presentation of thepathways and orifices.

The amount of wind (in the body) would fill the urinary bladder whilst the quantity of bile wouldfill the scrotum.1 The quantity of phlegm would fill three cupped handfuls and the amounts of bloodand stool would each fill seven cupped handfuls. The amounts of urine and lymph would each fill fourcupped handfuls whereas the quantities of body oil and fat would each fill two cupped handfuls. Thequantities of nutritive essence and semen would each fill a single handful whilst the amount of brain would fill a single cupped handful. The quantity of flesh is five hundred fist-sizes with the (total) addition of twenty fist-sizes for the thighs and breasts of women and (the amount of menstrual bloodin women would  fill two cupped handfuls).

The quantity of bones includes twenty-three types. The spinal column consists of twenty-eightvertebrae whilst the ribs number twenty-four. There are thirty-two teeth, three hundred and sixtyfractional bones, twelve types of major joints, two hundred and ten minor joints, sixteen (large)ligaments (behind the knees, in the ankles, in the ante cubital fossae and in the wrists, two adjacent tothe spine, two inside the spine, two in the throat and two in the neck) and nine hundred tendons. 

There are twenty-one thousand hairs (on the head) and (thirty-five) million hair-pores [sevenmillion above the neck, three million five-hundred thousand on each limb and fourteen million on therest of the body].

Also there are five vital organs, six vessel organs and nine orifices.

The ideal size of the (human) body on earth is six feet square (four cubits) (from head to toe and fromfingertips to fingertips of outstretched arms), whereas a malformed body is three and a half of its ownforearm span square.

Pp.107-110, References 15

Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн эрүүл орших ёсыг: гүйцэд хэмжээ, биеийн тамирын, барилдах судлын, бэрх оньсны, гүйх мөр сүвийн хэмээн хувааж үзүүлдэг.Эдгээрийг шүнгийн ном болон түүний тайлбаруудаар дэлгэрүүлэн өгүүлье. Гэхдээ уламжлалт анагаах ухааны биеийн бүтэц судлал нь орчин цагийн анагаах ухааны хүний биеийн бүтэц судлалтай зарим талаараа зөрдөг учир бий.[1]Тийм тохиолдолд орчин цагийн анагаах ухааны хүний биеийн бүтэц судлалыг үндэс болгон авах нь зүйтэй болно. Эрүүл хүний биеийн хэмжээг “Анагаах ухааны дөрвөн үндэс” [2]-т дараах байдлаар өгүүлжээ.

Орчуулга:

Хийн хэмжээ нь давсаг дүүрэн Шарын хэмжээ нь өөрийн хуухнаг дүүрэн Бадганы хэмжээ нь өөрийн гурван битүү Цус, өтгөний хэмжээ нь тус бүр долоон битүү Шээс, шар усны хэмжээ нь дөрвөн битүү Хориун, өөхний хэмжээ нь тус бүр хоёр битүү Өнгө, дуслын хэмжээ нь нэжгээд алга Тархины хэмжээ нь өөрийн нэг битүү Махны хэмжээ нь таван зуун атга Эмэгтэйн гуя, хөхний хэмжээ нь хорин атга илүү 

Яс нь хорин гурван төрөлд хуваагдана. Үүнээс нурууны үе хорин найм, хавирганы тоо нь хорин дөрөв, шүдний тоо нь гучин хоёр, гурван зуун жаран яс байдаг.

Арван хоёр зүйлийн их үе бий. Хоёр зуун арван нарийн үес буй. Арван зургаан шил, есөн зуун шөрмөс бий. Толгойн үс хоёр түм нэг мянган, шар усны нүх нь мянга нэг зуун  түм буй. Таван цул, зургаан сав, есөн сүв буй.

Замбутивийн хүний бие өөрийн нэг алд дөрвөлжин бөгөөд муу төрсөн биетэн өөрийн  хагас лугаа дөрвөн тохой буй [3].

Шүнгийн тайлбар “Алтан хадмал” [4]-аас:

Өөр номонд биед байгаа чөмгөөс аваад шар усыг хүртэл аль бүгдийг тус бүр нэжгээд битүү нэмүү бодож хэлбэл чөмөг хагас битүү, өөх 2 битүү, хоригун 3 битүү, шээс 4 битүү, цөс 5 битүү, бадган 6 битүү, гардас 7 битүү, цус 8 битүү, тунгалаг 9 битүү, шар ус 10битүү болно. Өвгөн багш нарын хэлсэнд өнгөжил [5] тэргүүтэн 3- уулаа нэжгээд хагас битүү[6] байхаар таалжээ. 

Дээр дурдсан хэмжээнүүд цөм өвчингүй, эрүүл байх үеийг заажээ. Гэхдээ гүйцэд хэмжээ гэдэг бол дүр байдал нь өөр, хүч нь их, бага, нас нь хөгшин, залуу тэргүүтнээр жишиж өвчин, тамир, хирүүд нь хэмжээндээ хүрэх ёстой утгачилан ойлгох хэрэгтэй юм [7].

Яс нь хорин гурав төрөл, 360 хэсэг

Үүнээс нурууны үе хорин найм, хавирганы тоо нь хорин дөрөв, шүдний тоо нь гучин хоёр нийт 360 хэсэг яс байдаг хэмээн шүнд номложээ [8]. Гэвч өөр номонд гавлыг 9 хэсгээр бодож 365 хэсэг болно гэжээ.

Биеийн 7 тамирын дотроос ясны хэмжээ нь яс болгоны адилгүй байдгаас шалтгаалах бөгөөд үндсээр нь хэлье [9].

Толгойд 5: гавлын яс, духны яс, хамрын яс, шүдний яс, доод эрүүний яс. 

Нурууны яс, түүний хажуу дахь сэрвээний яс, охор сүүлний яс, сүүжний яс, далны яс, эгэмний яс, өвчүүний яс, хавирганы яс, тэдгээрийн мөгөөрс их биед 9 буй.

Харитын чөмөг, бугуй, нударганы яс луугаа гарт 3 буй 

Гуяны чөмөг, тойг, хянгар шилбэ, борви, хөлийн сээр яс луугаа хөлд 5 буй.

Эдгээрийг нийлүүлсэн 22 зүйл дээр хөл, гарын хумсыг нэг зүйл болгон нийлүүлвэл 23 болно. 

Үүнийг хураангуй төдий хэмээн ойлго.

Ер нь 360 яс байдаг гэдгийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу 4 хүний хүүрийг туячиж үзсэнд том яс тохой хэртэйгээс аваад, жижиг яс хуруу хэртэйгээс дээш хүртэлхийг нарийвчлан тоолж бодоод улаан хөтөлбөрт буулгасан байгаа юм [10].

Эдгээрээс өчүүхэн буурцгийг хөөлгөсөн төдий жижиг яс олон гарч байсан боловч, энд тэмдэглээгүй болно. Үүнээс гадна Энэтхэг, Хятадын анагаах ухааны зохиолоос орчуулсан зарлиг, шастируудад тэмдэглэгдсэн таалал нэн гүн байх тул өөрийн оюунаар шинжилж чадсангүй [13].

Төвөд орны мэргэдийн зохиосон шастир олон байхыг үзсэн боловч зарим нь далд нуусан, олонх нь нарийн хянамгай бодоогүйгээс санамсаргүй хоцроосон, зарим нь нарийн бодож гаргахаар оролдсон байвч чадаагүй байна [14].

Гэхдээ ясны хэсэг 360 байдгийг дотор агуулгатай нийцэж байгаа бол 360 хоногтамарлингуй догшин эзэд 360 оршдогтой холбож хэлсэн байж болохыг анхаарах хэрэгтэй.

Арван хоёр зүйлийн их, 201 нарийн үес [16]

Дөрвөн гишүүнд байгаа их үеийг хэлбэл харит, тохой, сарвуу, сүүж, өвдөг, шагайн үе тус тус хос нийлээд 12 болно. Түүнээс нарийн жижиг үе гэвэл толгойд гавлын заадасны нарийн үе 5 буй. Нүдний яс барилдсан завсарт нарийн үе 2 буй. Хамрын яс барилдсан завсарт нарийн үе 2 буй. Хацрын ясанд нарийн үе 2 буй. Шүдний нарийн үе 32 буй. Нурууны үесийн нарийн үе 32 буй. Өвчүүний яс барилдсан завсарт нарийн үе 6 буй.Өвчүү яс болон хавирганы үзүүр дэх мөгөөрстэй барилдсан завсарт нарийн үе 12  буй. 24 хавирга ар, өвөр тийш барилдсан завсарт нарийн үе 48 буй. Сарвуунд нарийн үе тус бүр 7 нийлээд 14 буй. Аюулхайд барилдсан завсар нэг буй. Тойгт нарийн үе 2 буй, хуурай үеийн барилдсан завсарт нарийн үе тус бүр 3 нийлээд 6 буй. Эгэмний ясанд нарийн үе 2 буй. Борвины барилдсан завсарт нарийн үе тус бүр 2 нийлээд 4 буй.

Гарын бугуйны жижиг яс барилдсан завсарт нарийн үе 2 буй. Хянгар шилбэнд нарийн үе 2 буй. Хөл, гарын 4 эрхийнд жижиг үе тус бүр 3 нийлээд 12 буй. Бусад 16 хуруунд нарийн үе тус бүр 4 нийлээд 64 буй. Ингээд бүгд үеийг нийлүүлбэл магад 250 байх юм. Өөр номонд үеийн тоог 250 байна гэснийг таалжээ. Бас зарим сударт үеийн тоог 210 байхаар хэлж, харилцан үл нийцсэн байгаа учраас түрүүчийн тааллаар бол дээр хэлсэнтэй адил байна. Гэтэл сүүлчийнх нь тааллаар бол энэ биед байх ёстой үеийн тоо 210 болох юм. 

Түүнийг дурдвал, гишүүнд ясны үе 68 буй.

Хүүдэгт [17] 59 буй. Хуулзуураас дээш [18] 83 буй.

Арван зургаан шил, 900 шөрмөс

Хүний биед байгаа бүлхийг тоочвол шилийн хавтгай бүлх баруун зүүн талд 2, зоомахны гадна дотно хавтгай бүлх баруун зүүн талд тус бүр 2 нийлээд 4, сарвууны хавтгайбүлх баруун зүүн талд 2, тохойны хавтгай бүлх баруун зүүн талд 2, тахимны хонхрын хавтгай бүлх баруун зүүнд 2, өсгийний бүлх 2, хянгар шилбэний бүлх мэлхийн толгой 2, эдгээрийг нийлүүлбэл 16 болно. Их бүлх яагаад 16 болсныг хэлбэл тахимны хонхор, тохой, өсгий, шилбэ, сарвуунд тус бүр 2 нийлээд 10, зоо махны гадна дотно баруун зүүн талд 4,шилний хавтгай бүлх 2 байхаар хэлсэн юм. Шөрмөс 900 байдгийг хэлбэл, 2 тохойд тус бүр 25 нийлээд 50 буй. 

Сарвуунд бас 50 буй. Хөл гарын 20 хуруу нэг бүрд 20 нийлээд400 буй. Баруун зүүн мөрний дээр тус бүр 5 нийлээд 10 буй. Өсгийд 10 буй. Тахимны2 хонхорт тус бүр 10 нийлээд 20 буй. 

Бэрх оньсон дээр тус бүр 10 нийлээд 20 буй.

Сүүжний хажууд 20 буй. Хянгар шилбэнд 20 буй. Цавины хонхорт тус бүр 5 нийлээд 10 буй.

Нурууны зүүн баруун гадар талд тус бүр 25 нийлээд 50 буй. Даланд бас тус бүр 25 нийлээд 50 буй. Суганы хонхорт тус бүр 5 нийлээд 10 буй. Нурууны зүүн баруун дотор талд тус бүр 5 нийлээд 10 буй. Асуух нурууны гол бариулын тэнд тус бүр 5 нийлээд 10 буй. Хуулзуураас дээшид гүйсэн 6 судлаас тус бүр 2 салсныг нийлүүлбэл 120 буй. Духны наана цаана тус бүр 10 нийлээд 20 буй. Хүзүүний наана цаана тус бүр 5 нийлээд 10 буй.Ингээд бүгдийг нийлүүлбэл шөрмөсний тоо 900 болно. Учир нь төрөлх шөрмөсний тоог 900-аар тэмдэглэж ирсэн байтугай, өөр номонд бас энэ биед шөрмөс 900 байхаар хэлжээ.

Үүнийг базан өгүүлбэл гишүүдэд 300, хүүдэгт 300, хуулзуураас дээш 300 байна гэжээ. Бас 4 гишүүнд 300, хуулзуураас дээш 300, хүүдэгт 300 гэж хэлсэн ч буй. Өөр номонд нарийн шөрмөс 900 байхаар хэлж, тэдгээр нь араас өвөр тийш явсан 200, өврөөс ар тийш явсан 200, баруун талаас зүүн тийш солиболцсон 200, зүүн талаас баруун тийш солиболцсон 200, дээрээс доош эс гүйсэн 100 гэж хэлсэн буй. Гэтэл өөр номонд 360 байхыг таалнаа гэж хэлснийг тэмдэглүүштэй байна.

Толгойн үс, шар усны нүх

Толгойн үс хоёр түм нэг мянга [19], шар усны нүх нь мянга нэг зуун түм [20] буй. Шар үсний сүв бол тухайн биеийн судлын дор сүлжилдэж, түүдэг шиг ээдэрсэн байх юм. Тийм арвин сүв арьсаар дамжин гадагш хандаж, шар үс бол түүний цэцэг мөн. Шар үсний тоо нэг живаа нэг сая байхад түүнд орших эх дагинас бас нэг живаа нэг сая буй гэжээ. Өөр номонд үсний оронг онож мэдэхэд хүч, живаа саяар тоочсон сүв бол 1, 10, 100,1000 түм, бум, живаа, сая гэж 10 дахинаар ахисаар байгаад живаа, саяын тоонд хүрчээ.Гэвч тэдгээр нь хүний толгойн хэв байдал, үсний өтгөн шингэн, нарийн бүдүүн байхынэрхээр заавал дээрх тоотой яг нийцсэн байх албагүй юм.

Таван цул, зургаан сав

Таван цул бол 5 махбодын чанартай тунгалгийн шүтээн мөн. Учир нь зүрх бол огторгуйн тунгалгийг эрхэлсэн сэтгэлийн шүтээн, уушги бол хийн тунгалгийг эрхэлсэн дотор амьсгалын шүтээн, элэг бол гал махбодын тунгалгийг эрхэлсэн биеийн элчийн шүтээн,дэлүү бол шороо махбодын тунгалгийг эрхэлсэн чийрэг, хүндийн шүтээн, бөөр бол усан махбодын тунгалгийг эрхэлсэн нойтон чийгийн шүтээн болох юм.

Өөр номонд цул гэдэг бол шимийн охь дээжийг хурааж авдаг, 5 махбодын чанартай тунгалгууд даган шүтээн болсныг цул гэж нэрийдсэн юм. Тухайлбал зүрх, сэтгэл 2 огторгуйд түшиглэх, уушги, амьсгаа 2 хийд түшиглэх, элэг, илч 2 галд түшиглэх, дэлүү, хүнд чийрэг 2 шороонд түшиглэх, бөөр, нойтон чийг бол усанд түшиглэх юм гэжээ.

Зургаан сав бол 5 махбодын чанартай тунгалгуудын цөвийг хураан үйлдэх сав мөн. Учир нь ямар идээ ундааг идэж уусан ч ходоодонд тунгалаг, цөв 2 ялгарсан байдгаас цөв нь ходоодны доор биед хурна. Тэрхүү цөв бол шороон махбодын чанартай салсбайдаг. 

Ходоод бол дэлүүтэй барилдсан тул дэлүү нь шороон махбодын чанартай цөвийг хураах сав мөн. Ходоодноос ялгарсан тунгалаг нь гал махбодын чанартай элгэнд хүрч  цус болно.

Цөс бол элэгтэй барилдсан тул цусны цөвийг хураах сав мөн. Идээний цөв нь гал тэгшитгэгч хийн хүчээр олгойд цуглардаг. Учир нь олгой бол уушгитай барилдсан тул хий махбодын чанартай уушгины цөвийг хураах сав мөн. Идээ ундааны цөв өтгөн, шингэн 2 болж ялгарсны шингэн нь шээс болно. Шээс бол усан махбодын чанартайбөөр, давсагтай барилдсан тул давсаг нь бөөрний цөвийг хураах сав мөн. Таван махбодын чанартай идээний цөв гэдсэнд хурна. 

Гэдэс бол зүрхтэй барилдсан тул зүрхний цөвийг хураах сав мөн. Биеийн 7 тамирын эцсийн ялгаралт болсон цагаан, улаан дуслын цөв самсэд хурна. Учир нь самсэ бол 5 махбод хурсан чанартай мөртөө 5 цултай барилдсан байдаг юм.

Өөр номонд цөвийг хурааж, цөв очдогоор нь сав гэж хэлжээ. Тунгалгийн цөв салс болж, ходоод нь дэлүүтэй барилдсанаас шорооны цөвийг хураах сав мөн. Цөс бол гал махбодын чанартай элэг лүгээ барилдсан цусны цөвийг хураах сав мөн. Олгой бол хийн чанартай уушгитай барилдсан идээний үлдвэрийг [21] хураах сав мөн. Давсаг бол усанмахбодын чанартай бөөр лүгээ барилдсан цөв шээсийг хураах сав мөн. 

Гэдэс бол зүрхтэй барилдсан идээ ундааны ерөнхий цөвийг хураах сав мөн. Самсэ бол 5 цултай барилдсан, 5 махбод хурсан цагаан, улаан дуслын цөвийг хураах сав мөн.  Хүүхдийн сав умай бол самсийн салбар хэсэг болно.

Хотронхой, чацархай зэрэг нь олгойн мухраар тооцогдож, савны тоо магад 6 болно гэжээ.

Есөн сүв

Есөн сүвийн үүд гэдэг нь толгойд маалинганы цэцэг мэт нүдний эрхтэний үүд 2,чихний үүд 2, хамрын үүд 2, амны үүд нэгтэй нийлээд 7 буй. 

Үүний дээр нууц дахь 2-тойгоо 9 болно. 

“Дасэр ”[22]-аас эш татаж хэлсэн нь хүний үс тослог, зөөлөн, нарийн, уг нь нийлэлдээгүй бол бэх батлаг байна. Магнай нь баахан гүдгэрээр шанаатайгаа тал сар шиг нийлсэн бол сайн байдаг. Чих нь ар өөдөө шиг, чихний хормой махлаг бол үзэмжтэй. Нүдний хар, цагаан ялгам тод, сормуус тэгш нягт бол сайхан. Хамрын хөндий уужим, шулуун, эс махлаг бол сайхан болно. Уруул нь улаан бөгөөд унжгар бус, зажлуур нь өргөн, нүд бүлтийсэн бол сайхан. 

Амны хөндий уужим, шүд тослог, цагаан, өөгүй, нягт жигдэрсэн бол сайхан. Хэл улаан, өргөн, нимгэн бол сайхан. Дээд эрүү өргөн махлаг бол сайхан. Хүзүү богиновтор, махлаг, дүгрэг бол сайхан. Мөр өргөн бөгөөд мах зузаалаг бол сайхан. Хэвлий нь бөөрөнхий, хүйс нь гүн, голдоо товгортой, баруун тийш мушгирсан бол сайхан. Хөл, гар сайхан хэв янзтай, хумс тослог зөөлөн нийтдээ улаавтар, хуруу нарийн, урт, бөөрөнхий, үедээ хонхоргүй, нуруу өргөн, сээр бөгтөргүй, үесийн завсрууд үлмэдэгдэм, үе чанга, үесийн бэлчир нь тод ил, бүхэл бие нь хөрслөг, бэхлэг, тослог, өнгө жавхлантай бол удтал батад орших, хүчир зүдрэлд ч мятрахгүй байж чадна гэжээ.

Өөр номонд 6 этгээдийг тусгаж авдаг эрхтний үүд гэдгийг хэлэхдээ дүрс үздгээс нүдний эрхтэн, дуу сонсдгоос чихний эрхтэн, үнэр үнэрлэдгээс хамрын эрхтэн бол тус бүрхос сүвтэй байдгийг гаргавал амт мэдэрдэг амны эрхтэн нэг л сүвтэй нийлээд толгойд 7 сүв [23] буй. Бүхэл биеийн хүрэлцэхүүний мэдрэл арьсанд байвч эрхтэний эрхэм нь нууцад байж, түүний гишүүн болсон судлын үүд доод 2[24] сүв дээр төвлөрсөн байдаг тул 6 этгээдийг тусгаж авах 9 сүв гэжээ.

Хүний биеийн хэмжээ

Шүнд хүний бие өөрийн нэг алд дөрвөлжин бөгөөд муу төрсөн биетэн1өөрийн хагас лугаа дөрвөн тохой байх нь буй.

Хүний биеийн гүйцэд хэмжээг хураангуйлбал, замбуу тивд байгаа хүмүүсийн гүйцэд хэмжээ бол биеийн өндөр өөр өөрийн алдаар нэг, хэрвээ тохойгоор хэмжихэд хүрвэлүзүүр 4 тохой байдаг.

Түүнийг бодитой үзүүлбэл, нурууны анхдугаар үеэс 20-р үе хүртэл нэг тохой, өсгийнөөс өвдөг хүртэл нэг тохой, өвдөгнөөс сүүж хүртэл нэг тохой, эгэмний хонхроос орой хүртэл нэг тохой, энэ 4 тохой нийлээд нэг алд болдог тул энэ нь дөрвөлжин хэлбэр тээсэн биеийн гүйцэд хэмжээ болно. Үүнээс өөр болсон муухай дүрстэнд тооцогдохыг хэлбэл өөр өөрийн тохойгоор 3 хагас ч буй.

Өөр номонд замбуутивийн хүмүүс өөрийн гүйцэд хэмжээгээр байгаа бол эрхбиш4 тохой хүрсэн байх хэрэгтэй. Хэмжээндээ хүрсэнгүй нь сая 3 тохой хагас болдог гэжээ. Өөр номонд бас өөр өөрийн тохойгоор 4 хагас биетэн бол урт наслах амгалангийн эзэн болж чадна гэсэн байдаг бол хүн төрөлхтөн өөр өөрийн тохойгоор 4 хагас байдгийг саяхүн төрөлхтний гүйцэд хэмжээ мөн гэж үзжээ. Иймээс тэр хэмжээ төгссөн биетэнг урт наслаж чадах, амгалангийн эзнээр үзэж, ийм хэмжээний биед амины эрхтэн  гүйцэд барилдаж, өнөд өвчин эмгэггүй байж чадахаар үзжээ.

Ном зүй

1. Болд.Ш. Монголын уламжлалт анагаах ухаан: Гүн ухаан, онол, эрүүл биеийн судлал. УБ, 2012, х.180
2. Анагаах ухааны дөрвөн үндэс. Модон барын монгол хэвлэл
3. Болд.Ш. Монголын уламжлалт анагаах ухаан: Гүн ухаан, онол, эрүүл биеийн судлал. УБ, 2012, х.181 1 Одой хүн
4. Дармо маарамба Лувсанчойдог. Алтан хадмал. ӨМӨЗО, АХХ, 1984
5. Дармо маарамба Лувсанчойдог. Алтан хадмал. ӨМӨЗО, АХХ, 1984, х.95
6. Анагаах ухааны дөрвөн үндэс. Модон барын монгол хэвлэл
7. Болд.Ш. Монголын уламжлалт анагаах ухаан: Гүн ухаан, онол, эрүүл биеийн судлал. УБ, 2012, х.182
8. Дармо маарамба Лувсанчойдог. Алтан хадмал. ӨМӨЗО, Ардын Хэвлэлийн Хурээлэн, 1984, х.10
9. Дармо маарамба Лувсанчойдог. Алтан хадмал. 1984, х.100
10. Дармо маарамба Лувсанчойдог. Алтан хадмал. 1984, х.101
11. Болд.Ш. Монголын уламжлалт анагаах ухаан: Гүн ухаан, онол, эрүүл биеийн судлал. УБ, 2012, x.182
12. Анагаах ухааны дөрвөн үндэс. Модон барын монгол хэвлэл
13. Дээрээс тогтосон дурс тус бурийг буртэгсэн дэвтэр.дээд боть. УБ. 1971. х.40-41
14. Дээрээс тогтоосон дурс тус бурийг буртгэсэн дэвтэр. дээд боть. УБ,1971, х.135
15. Дагданбазар Б. Орчин уеийн биеийн бутэц зуй судлалын хогжилд монголын эмч, зодч нарын бутээлийн уургийг тодорхойлох асуудалд, Шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 2002, х.53-58
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1650
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК