Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Эмчилгээ сувиллын шинэ бэлдмэл
( Судалгааны өгүүлэл )

О.Батмөнх ,Т.Ган-эрдэнэ, Б.Доржпалам, Ч.Батжаргал, Б.Очирхуяг

 

Уургийн дутагдалтай буюу түүний боловсруулалт, солилцоонд өөрчлөлт гарсан өвчтөнийг эмчлэхэд үл орлогдох амин хүчлээр баялаг, хоол боловсруулах эд эрхтэнд ачаалал үүсгэлгүйгээр шингэх чадвартай, харшлын аливаа нөлөөгүй эм бэлдмэл, хоол тэжээл маш чухал.

Анх 1942—1944 онуудад АНУ-д дотуур ууж хэрэглэдэг «Нутрамиген» судсаар тарих зориулалттай «Амиген» гэдэг эмийн бэлдмэлүүдийг сүүний уураг-ээдэмцэрээс гарган авч хэрэглэснээс хойш 50 гаруй жилд ийм бэлдмэлүүдийн нэр төрөл олширч хэрэглээ нь өргөжив. (1).

Бид, ШУА-ийн Химийн Хүрээлэнд сүүний уураг-ээдэмцэрээс уургийн хуурай задраг гарган авч бодисын солилцоонд чухал ач холбогдол бүхий (глюкоз, цардуул, нимбэгийн хүчил гэх мэт) бодисоор баяжуулан эмчилгээний зориулалттай бэлдмэл гарган авч фармакологи клиникийн туршилтаар үйлчлэл, үр дүнг шалган нотолж, технологийн заавар, улсын стандарт боловсруулсаныг Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 1992 оны А/89 дугаар тушаалаар эмнэлгийн практикт хэрэглэхийг зөвшөөрөв. Уг бэлдмэлийг АМПЕТ хэмээн нэрлэсэн нь аминхүчил, пептидийн тэжээл гэсэн үгийн товчлол бөгөөд энэ өгүүлэлд Ампетийн найрлага, үйлчлэл, шинж чанарыг авч үзэв.

  1. Ампет бэлдмэлийн найрлага гарган авсан арга

Ампет бэлдмэл нь дараах найрлагатай бөгөөд, химийн найрлага, чанарын үзүүлэлтийг УСТ 4134—92-оор баталгаажуулсан болно.

Сүүний уургийн задрагийг гарган авахдаа исгэлэн шар сүү, давсны хүчлээр шингэн сүүг ээдүүлэн үйлдвэрлэсэн ээдэмцрийг түүхий эд болгон ашиглав.

Ампетийн химийн найрлага

Хүснэгт 1

Ээдэмцрийг угааж цэвэрлэсний дараа сул шүлтлэг орчинд уусган буцалгаж ариутгаад панкреатинаар задалж, шингэн дэх хуурай бодисыг 13—14%, амины азотын хэмжээг 3,5—4% болмогц уусмалын рН-ыг 4,7-д хүргэн ферментэт гидролизыг зогсоож, ариутгагч шүүлтүүрээр шүүж, тоосруулан хатааж гаргасан болно.(2)

Сүүний уургийн хуурай задраг ба 1-р хүснэгтэнд заасан биологийн идэвхитэй бодисын жорын дагуу хэмжин авч багыг ихэд нь жигдрүүлэн холих замаар Ампет бэлдмэлийг найруулна. Ампетийн найрлаганд орж буй цардуул, глюкоз, нимбэгийн хүчил зэрэг нь цөм хүнс, эм бэлдмэлийи үйлдвэрлэлийн зориулалттай бодисууд болно.

Уг бэлдмэлийн суурь болж буй уургийн задралийн гол үйлчлэгч бодис нь их бага молекульт пептидүүд ба амин хүчлүүд болно.

100г бэлдмэлд чөлөөт  аминхүчлүүдээс лизин 2.2, гистидин 0.6, аргинин 0.7, триптофан 0.5, треонин 0.3, метионин 0.6, валин 1.3, лейцин 2.0, изолейцин 0.7,  фенилаланин 1.0,  аспарагины хүчил 2.1, глутамины хүчил 1.2,  глицин 0.2,  аланин 0.7,  цистин 1.1, тирозин 0.5, серин 0.6гр тус тус агуулагдана. Хүний биемахбодод нийлэгждэггүй, үл орлогдох 8 амин хүчил цөм бий. Чөлөөт амин хүчлүүдийн хэмжээ харьцангуй ихийн зэрэгцээ пептидүүдийн масс маш бага болж жижгэрсэн байгааг гельхромотографийн аргаар нотолсон болно. Ийнхүү Ампет бэлдмэл нь илчлэг ба тэжээлэг чанар сайтай, биед амархан шингэх бэлдмэл болох нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Б. Ампет бэлдмэлийн шинж чанар

Энэ бэлдмэл бол ууж хэрэглэх зориулалттай, усанд хялбархан бүрэн уусдаг юм. АУИС-ийн Эм судлалийн тэнхимд хийсэн фармакологийн судалгаанаас үзэхэд туршилтын хулганын биеийн жингийн 20г тутамд 200мг хүртэл тунгаар өгөхөд ямар нэгэн хоруу чанар илрээгүй байна. Ийнхүү туршсан тун маш өндөр, хордлогын ямар нэгэн шинж илрээгүй зэргээс үзэхэд Ампет нь хоргүй, гаж нөлөөлөл багатай бэлдмэл болох нь нотлогдлоо.

Эм судлалын зөвлөлийн шийдвэрээр Ампет бэлдмэлийг УБ хотын нэгдсэн I,III  эмнэлгүүд, Эх нялхсын төвд клиник нөхцөлд туршсан байна. Нэгдсэн III эмнэлэг элэг, ходоодны архаг өвчтэй 30-70 насны 29 өвчтөнд туршин хэрэглэсэн дүнгээс үзэхэд: ходоодны орчим өвдөх, огиулах, бөөлжих, гэдэс дүүрэх, хоолны дуршил муудах, ядрах шинж тэмдгүүд бүрэн арилж, суулгалтыг эрс багасгасан байна. Гастроскопийн шинжилгээнээс үзэхэд ходоодны салстын үрэвслийг эдгэрүүлсэн нь ажиглагджээ. Түүнчлэн тус эмнэлгийн бөөрний тасагт архаг ба холимог хэлбэрийн гломерулонефритийн онош тавигдсан 12 өвчтөнд туршин хэрэглэхэд нийт өвчтөний ам цангалт, ядралт, суулгалт бүрэн арилж хоолны дуршил сайжирчээ. Биохимийн шинжилгээний дүнгээс үзэхэд шээсэн дэх уураг багасч цусан дахь уургийн хэмжээ 50-90% буурсан байна.

Эх нялхсын төвд протейнури ба гематури илэрсэн бөөрний өвчлөлтэй хүүхдэд уулгаж эмчилсэн дүнгээс үзэхэд шээсэн дэхь уургийг багасган, цусан дахь уургийг хэвийн болгосон үйлчлэл нь давхар нотлогдсон юм.

Улсын нэгдсэн I эмнэлэгт бөөрний өвчтэй болон эрчимт эмчилгээний тасагт байгаа хоол  боловсруулах замын өвчний улмаас хагалгаа хийлгэсэн хүмүүст хэрэглэсэн дүнгээс үзэхэд хоолны дуршил, биеийн жинг нэмэгдүүлэн уургийн дутагдлыг арилган, тамир тэнхээг сайжруулах үйлчлэлээрээ гадаадаас авч хэрэглэдэг «козилат» бэлдмэлийг орлох чадвартай нь батлагджээ.

Энэхүү бэлдмэлийг бэлтгэл дасгалыг эрчимтэй горимд хичээллэж байгаа тамирчид (бөх, бокс, хүндийн өргөлт) нилээд өргөн хэрэглэж үзэхэд тамирчдын хоолны дуршил ихэсч жин нэмэгдэхийн зэрэгцээ, биеийн тамир тэнхээний сэргэлт илүү хурдан байгаа нь ажиглагдсан болно.

Туршилт судалгааны дээрх ажиглалт дүнгээс үзэхэд Ампет бэлдмэл нь уургийн солилцоог идэвхжүүлэн эд эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлэн хоол боловсруулалтыг сайжруулж ядаргааг багасган биеийн эсэргүүцлийг дээшлүүлж, тэнхээ тамирыг сэргээх үйлчлэлтэй болох нь нотлогдож байв. Энэ нь уг бэлдмэлийн найрлаганд биологийн өндөр идэвхитэй олон бодис агуулагдаж байгаагаар тайлбарлагдах юм. Эдгээрийн дотроос хамгийн чухал нь сүүний уургийн задралаас үүссэн аминхүчил, пептидүүд болно. Сүүний уураг нь хүнс тэжээлийн чухал аминхүчлүүдийг физиологийн хамгийн тохиромжтой харьцаагаар агуулж байдаг төдийгүй, хоол боловсруулах ферментүүдийн нөлөөгөөр задрахдаа биологийн идэвхтэй пептидүүдийг үүсгэдэг байна (3—5). Жишээ нь: фосфопептидууд нь 2—5 фосфор хүчлийн үлдэгдлийг агуулдаг, уусах чадвар маш сайнтай бие махбод, эд эс кальцийн шингэлт, шимэгдэлтэнд онцгой нөлөө үзүүлдэг байна. Ээдэмцэрийн задралын дунд 10 хүртэл аминхүчлийн үлдэгдэлээс тогтдог опиат пептидүүд үүсдэг бөгөөд мэдрэлийн системийн төвүүдтэй харилцан үйлчилж, гормонал үйл ажиллагаа, хоол боловсруулах системд нөлөөлдөг гэж үздэг.

Түүнчлэн, иммуномодуляциин үүрэгтэй пептидүүд ч ээдэмцэрийн задралаас үүсдэг ажээ. Эдгээр пептидүүд нь ээдэмцэрийн ферментэт гидролизын дүнд үүсдэг болохоор Ампет бэлдмэлийн гол суурь болж буй сүүний уургийн задрагт ч агуулагдаж байх нь дамжиггүй юм.

Фармакологи, клиникийн туршилтын дүн дүгнэлт нь уг бэлдмэлийг уураг дутагдсан бүх тохиолдол, ходоодны үрэвсэл, хагалгааны дараахи үе, тэжээлийн доройтолтой, хоолны дуршил муудсан үед амжилттай хэрэглэж болохыг харуулж байна.

Талархал: Уг бэлдмэлийг фармокологийн судалгаа хийсэн Др Л.Мягмар, клиникийн туршилт хийсэн, их эмч А.Наранцэцэг, 3.Гаасмаа (III эмнэлэг), Ц.Бямбажав (ЭНЭМХТ), Н.Одсүрэн, Л.Саранцэцэг (I эмнэлэг), УСТ-ын төсөл боловсруулахад үнэтэй зөвлөгөө өгсөн д/э Ж.Зориг, э/ш ажилтан Д.Калима нарт болон дээрх эмнэлгүүдийн удирдлагад талархал илэрхийлье.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1371
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК