Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Улаанбаатар хотын хөрсний бохирдолын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Бейбетхан, С.Чулуунцэцэг

 

Хот суурин газрын хөрсний ариун цэврийн байдлыг судлах, түүний бохирдолтын зэргийг тогтоох асуудал орчин үеийн эрүүл ахуйн шинжлэх ухааны гол зорилтын нэг болж байна.

Дэлхийн бусад орнуудад судалгаа шинжилгээний ажил хэдийнээ явагдаж, хөрсийг бохирдолтоос хамгаалах шинжлэх ухааны үндэстэй арга хэмжээг боловсруулжээ. Бүр 1972 онд эрдэмтэн М.И.Горовиц-Власов хот суурин газрын хөрсний ариун цэврийн байдлыг судалж, хөрсний бохирдолт нь хот суурин газрын байгуулагдсан хугацаа, тохижилт, бохир усны татуургын системээр хангагдсан эсэх хөрсний механик бүтэц зэргээс хамаардгийг тоттоожээ.

Эрдэмтэн Е.Н.Минуштиш, Н.И.Хлебников, Р.А.Бабаянц нар хөрсний бохирдолтын үзүүлэлтүүдийг тогтоосон нь одоо хүртэл ариун цэврийн практикт үнэ цэнээ алдаагүй байна. Одоогийн байдлаар хөрсийг бохирдуулагч 300 гаруй төрлийн хорт бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоогоод байна (Г.И.Сидоренкс, В.М.Пелелыгин 1988).

Манайд хөрсний ариун цэврийн байдлын тухай шинж­лэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээний ажил хараахан эхлээгүйгээр барахгүй Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын зэрэг ч тогтоогдоогүй иржээ.

Иймд бид Улаанбаатар хотын хөрсний ариун цэврийн байдлыг судлах зорилгоор 1987 оноос судалгааны ажлыг 4 дүүргийн хуучин нэрээр нутаг дэвсгэрийн янз бүрийн объектын байрлаж буй газрын хөрсөнд явуулав.

Найрамдал Октябрь, Ажилчны дуүргийн нутаг дэвсгэрт байгаа гудамж талбай, хуурай хогийн цэг, орон сууц, сургууль цэцэрлэг байрлаж буй газрын хөрснөөс дээж авсан. Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрийн объектуудыг бохир усны татуургын системээр бүрэн хангагдсан, хангагдаагүй гэж 2 хувааж үзсэн болно. Хөрснөөс дээж авахдаа 0-25см-ийн гүнээс авсан.

Судалгаандаа нийт үзүүлэлт бүрийг тодорхойлох зорилгоор 10-15 удаа дээж авч  3 жилийн турш судалгааг явуулав. Судалгааг АУДэС-ийн ЭА, тэнхимийн орчны эрүүл ахуйн лаборатори, ЭАХНСУИ-ийн хими, бактериалогийн лабораторид тус тус явуулсан болно.

Судалгааны гол зорилго:

Улаанбаатар хотын хөрсний ариун цэврийн байдалд үнэлэлт өгч, бохирдолтын зэргийг тогтоох асуудлыг боловсруулахад оршино.

Судалгааны арга:

Бид судалгааны ажлыг явуулахдаа Москва хотын А.Н.Сысины нэрэмжит орчны ба ерөнхий эрүүл ахуйн эрдэм шинжилгээний институтээс боловсруулан гаргасан «хөрсөн дэх хорт бодисуудыг судлах» (1982) «Хөрсний ариун-цэвэр бактериологийн судалгааны асуудалд» (1984) гэсэн нэгдсэн аргачлалыг ашигласан болно.

Судалгааны үр дүн:

Судалгааны үр  дүнгээс үзэхэд хөрсний хамгийн их бохирдолт нь 0-25см-ийн гүнд ажиглагдсан ба цааш нь бохирдолтын хэмжээ гүнзгийрэх тусам багассан нь тогтоогдов.

Иймд бид хөрсний өнгөн давхрын (0-25 см) бохирдолтын байдал, түүний оршин суугчдад үзүүлэх нөлөөллийг харгалзан энэ давхрын судалгааны урьдчилсан үр дүнгээс уншигч та бүхэнд толилуулахаар шийдвэрлэв. Бидний судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт байрлагдаж буй бохир усны бүрэн татуургын системтэй объектүүдийн хөрсний бохирдолт харьцангуй бага байгаа нь ажиглагдав.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн хөрсний ариун цэврийн байдал

Хүснэгт 1.

Судалгааны эхний жилд бохир усны татуургын системгүй орон сууцны  эргэн тойрны хөрсний шинжилгээний үр дүнгээс үзэхэд 100г хөрсөнд агуулагдаж буй аммиакын хэмжээ 9.4мг,  хлоридын хэмжээ 31.8мг хүрсэн нь нилээд бохирдолтой байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд тус объектийн эргэн тойрны талбайг зүлэгжүүлсний үр дүнд органик бохирдолтын хэмжээ харьцангуй багасжээ. Аммиакийн хэмжээ бараг 6 дахин багасч, харин нитратын хэмжээ (1.1мг) ихэссэн байна.

Судалгааны анхны жил, гэдэсний савханцарын таньц тодорхойлоход бүх дээжийн 60%-д түүний хэмжээ 0.001, 20%-д нь 0.0001 байсан бол дараагийн жилүүдэд 0.0001 хэмжээтэй дээж байгаагүй. Бохир усны татуургын системгүй объектуудын эргэн тойрны хөрсний органик ба бактериологийн бохирдолт нь бохир усны татуургын системтэй объектуудтай харьцуулан үзэхэд их байгаа нь ажиглагдав. Энэ нь химийн бохирдолтын хэмжээ 2-8.5  дахин бактериологийн бохирдолт 10 дахин их байгаагаас харагдаж байна.

Найрамдалын районы объектүүдийн нутаг дэвсгэрийн хөрс нь бараг бүх үзүүлэлтээрээ дунд зэргийн бохирлогдсон хөрсний тоонд хамаарч байна. Ариун цэврийн тооны үзүүлэлтээс хамгийн их бохирлогдсон хөрсөнд гэрийн хороолол (0.7-0.80), хогийн цэгний (0.65-0.70) эргэн тойрны хөрс орж байна. Бохирлогдоогүй цэвэр хөрсөнд ариун цэврийн тооны үзүүлэлт 0.98-аас их байх ёстой.

Гэрийн хорооллын хөрсөнд агуулагдаж буй хлоридын хэмжээ нь анхны жилд 152.7 мг, 2 дахь жилд 140.5мг, 3 дахь жилд 158.4мг байгаа нь тохилог орон сууцны хөрснөөс даруй 2 дахин их бохирдолтой байна (Хүснэгт №2).

Гэрийн хорооллуудын хөрсний бохирдолт хлоридын нэгдлээр ихээхэн бохирлогдож байгаа нь ялгадасаар бохирлогдож буйг харуулж байна. Харин бусад үзүүлэлтээр (аммиак, нитрат, нитрит) хогийн цэгний орчмын хөрс их бохирдолтой байв. Октябрь, Ажилчны дүүргийн объектүүдийн эргэн тойрны хөрсөнд ч дээрхийн адил өөрчлөлтүүд ажиглагдав. Ажилчны дүүргийн объектүүдийн хөрсний бохирдолт нь дунд зэргийн бохирдолтой хөрсөнд хамаарч байна (Хүснэгт №3). 100 г хөрсөнд агуулагдаж байгаа нь ялгадсаар бохирдол нь контрольтой харьцуулахад гэрийн хорооллын хөрсөнд аммиак 6.5, нитрит 4.9, нитрат 8 дахин их байв. Энэ нь гэрийн хорооллуудын хөрс их бохирдолтой байгааг харуулж байна. Харин хогийн цэгний орчим хөрс үүнээс ч их бохирдолтой байв.

Бактерилогийн хамгийн их бохирдолтой нь гэрийн хороолол, хогийн цэг, гудамж талбайн хөрс байв. Ариун-цэврийн тооны үзүүлэлтээр хамгийн их бохирдолтой хөрсөнд хогийн цэг, гэрийн хорооллуудын хөрс орж байна.

Харьцангуй цэвэр хөрс тохилог орон сууцны эргэн тойрны хөрс байв.

Октябрийн дүүргийн объектүүдийн хөрсөнд дээрх районуудын хөрсний адил өөрчлөлт ажиглагдав.

Тус дүүргийн гэрийн хороолол, сургууль, цэцэрлэг, хогийн цэг орчмын хөрс контрольтой харьцуулахад еренхий азотын хэмжээ 2-3.5 дахин их байв (Хүснэгт №4).

100г хөрсөнд агуулагдаж буй нитрат, хлоридын хэмжээ гэрийн хороолол (11.6-12.94мг, 118.4-124.1 мг), сургууль цэцэрлэг (5.7-6.4мг, 83.3-90.1мг), хогийн цэг (18.5-21.6 мг, 156.6-160.9мг) орчмын хөрсөнд ихээхэн хэмжээгээр агуулагдаж байгаа нь хуучин бохирдолтой байсан ба үргэлж шинээр бохирлогдож буйг харуулж байна.

Ариун-цэврийн тооны үзүүлэлтээр их бохирдолтой хөрсөнд ч дээрх объектуудын эргэн тойрны хөрс орж байгаа нь органик бохирдолт харьцангуй их байгааг баталж байна.

Бидний гурван жилийн турш хийсэн ажиглалт судалгаанаас үзэхэд хот суурин газрын хөрсийг эрүүл ахуйн шаардлагын дагуу зүлэгжүүлэх нь бохирдолтыг багасгах эрчимтэй арга гэж бид үзэж байна.

Дүгнэлт:

1. Улаанбаатар хотын хөрсний бохирдолт нь бүх үзүүлэлтээр авч үзэхэд бага зэргийн бохирдолтой хөрсөнд багтаж байна.

2. Хөрсний бохирдолт нь түүний тохижилт, бохир усны татуургатай эсэхээс хамаарч байна.

3. Гэрийн хороолол, хогийн савны эргэн тойрны хөрс хими болон бактериологийн хордолт хамгийн ихтэй байна.

Ном зүй

1. В.А.Горбов. Основные вопросы санитарной охраны почвы. М.1965г
2. А.Горбов. Санитарная охрана почвы. М.1973г
3. А.Н.Марзеев. Жаботинский В.М. Коммунальная гигиена. М.1979г
4. В.М.Перелыгин, В.В.Разнощик. Гигиена почвы и сан очистка населенных мест. М.1977г
5. Методика по санитарно химичесного исследовная почвы М.1977г
6.Руководство по санитарной охране почвы подред. А.Н.Лоранского М.1982г
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3527
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК