Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Компьютерт томографийн шинжилгээ
( Лекц )

Д.Гончигсүрэн

АУИС-ийн Рентгений багш

 

XX зууны босгон дээр Германы алдарт эрдэмтэн, физикч В.К.Рентгений нээсэн өвөрмөц шинж чанар бүхий «Х» (икс) туяа нь анагаах ухааны оношлогооны практикт юутай ч зүйрлэшгүй хувь нэмрийг оруулсан билээ.

Гэтэл 1972 онд Английн инженер Хоунсфильд «X» туяаг ашиглан анхны рентген компьютерт томографийн (РКТ) аппаратыг зохион бүтээж түүнийгээ амжилттай туршсан нь дэлхийн дүрслэх оношлогооны чиглэлд гарсан хамгийн том ололтын нэг болсон. Компьютерт томографийн (КТ) аппарат хийх санааг анх Олденфорд дэвшүүлж, математик зарчмыг нь 1963­-1965 онд физикч А.Мак Кормак боловсруулжээ(1). Шинжлэх ухаан, техникийн томоохон бүтээл РКТ-ийг зохион бүтээж, клиникт амжилттай нэвтрүүлснийх нь төлөө Мак Кормак (АНУ), Хоунсфильд (Англи) нарт 1979 онд Нобелийн шагнал хүртээсэн. Анхны РКТ-аар зөвхөн тархины төрөл бүрийн эмгэгийг оношлож байсан бол хоёр жилийн дараа 1974 онд Ледлей бүх биеийн оношлогооны зориуралттай КТ-ийг зохион бүтээжээ (2). Одоо Англи, Герман, АНУ, Япон, Франц зэрэг орнуудад төрөл бүрийн зөөврийн буюу суурин КТ-ийг үйлдвэрлэж байна.

Зөвлөлтөд анхны РКТ-ийг 1981 онд тархины оношлогооны  зориулалттайгаар зохион бүтээсэн бөгөөд 1988 оноос АНУ-ын зөөврийн «Метромакс» (Дженерал Электрик) РКТ-ийг авч хэрэглэж байна (3,4).

Орчин үед шинжилгээ хийхэд ашиглаж буй цацрагийнх нь төрлөөс хамаарч КТ-ийг рентгений, эмиссионный, цөмийн, соронзон резонансийн, хэт авианы гэх зэргээр ангилан үздэг. Эмиссионный КТ гэдэг нь өвчтөний биед цацраг идэвхит изотопыг оруулж цацаргалтыг нь биеийн гаднаас өндөр мэдрэг хүлээн авуураар (детектор) бүртгэн авч өсгөөд, цахим тооцоолох машинд боловсруулалт (ЦТМ) хийж түүнийгээ тусгай дэлгэц дээр дүрс болгон шинжилнэ.

Манай орны анагаах ухааны практикт 1986 оноос эхлэн Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэгт, 1990 оноос Улсын хавдар судлалын төвд Япон улсын Хитачи фирмд үйлдвэрлэсэн 3 үеийн СТ-410В маркийн РКТ-ийн аппаратыг оношлогоо эмчилгээний зорилгоор ашиглаж байна. Улсын хавдар судлалын төв 1990-1992 онд РКТ-ийн аппаратаар нийт 3500 гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Уг аппаратын нэг зүслэг хийх хугацаа нь 2.8-6.8 сек, зүслэгийн зузаан нь 0.2-1.0 см, ажиллах хүчдэл 80-130 кВ, гүйдлийн хүч 150-350 мА бөгөөд нэг зүслэг хийхэд өвчтөний авах туяаны доз 0.013 Гр (Габуние Р.И) байдаг.

РКТ-ийн шинжилгээний үндсэн зарчим нь тусгай тойрог хүрээний нэг талд рент­ген хоолойг, эсрэг талд детекторуудыг бэхлэн, төвд нь өвчтөнөө байрлуулна. Рентген хоолойноос гарсан туяаг нарийн завсраар оруулж (коллиматор) нимгэн багц болгоод шинжилж буй эрхтэний тодорхой давхаргаар хөндлөн чиглэлд нэвтрүүлнэ (5,6). Рентген хоолой детекторын хамт өвчтөний тойрон тодорхой градусаар эргэлт хийж, зохих түвшингүүдэд зүслэг хийдэг. Энэ үед өвчтөн хөдөлгөөнгүй байх шаардлагатай. Биеэр нэвтрэн гарсан туяаны анхны эрчим өөр өөр нягттай эдүүдээр өнгөрөхдөө харилцан адилгүйгээр суларч детекторууд дээр бүртгэгдэнэ. 1 үеийн КТ зөвхөн 1 детектортой, 1 зүслэг хийх хугацаа нь 5-10 мин байсан бол 3, 4 үеийнх 512-1100 детектортой, зүслэг хийх хугацаа 2-5 сек болж оношлох чадвар нь өссөн. Эд эрхтэний туяа шингээх чадвар буюу шингээлтийн (1) коэффициент (ШК) нягтаасаа хамаарч өөр өөр байдаг. Детектор дээр бүртгэгдсэн ШК-ийн нийт мэдээлэл цахилгаан импульсд хувирч ЦТМ-ны санах байгууламжид очиж, тэндээ боловсруулалт хийгээд тусгай дэлгэц дээр (телемонитор) дүрс болон бууна. Уг дүрсийг рентген хальсан дээр буулгах буюу ЦТМ-ны санах байгууламжид хадгалж болно. Дэлгэц дээр буух дүрсийн тодролт нь тухайн эдийн туяаг шингээх харьцангуй дунджаас хамаарна (5). Үүнтэй холбоотойгоор усны ШК-ийг «О» гэж үзвэл бүх эд өөрийн гэсэн харьцангуй нягтын утгатай болно. Жишээ нь: Яс мөгөөрс+800+ 1000едН, элэг +50+70едН, ус«0», өөхлөг эд-100едН, уушгины эд 650-850едН, агаар 1000 едН гэх мэт. Дэлгэц дээрх хар цагаан дүрсийн тодролын зөрөөг энгийн нүдний ялгах чадвар 15-20 байдаг бол КТ-ийн тусламжтайгаар 0.5% нягтын зөрөөтэй эдүүдийг ялгаж чадна (7).

РКТ-ийн шинжилгээгээр аливаа эрхтэний хортой, хоргүй хавдрууд төрөл бүрийн уйланхай, цус харвалт, судасны цүлхийлт, төрөлхийн гажиг, буглаа, үхжил, зарим үрэвсэлт өвчин зэргийг оношлодог. Мөн эрүүл ба эмгэг эдийн нягтын зөрөө ижил байх үед судсанд тодосгогч бодис (уротрост 75%-20 мл, верографин 76%-20 мл) хийж КТ-аар шинжлэх нь оношлогооны бололцоог нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ жижигхэн хэмжээний хавдрын зангилаа, үсэрхийлэл, хоол боловсруулах замын зарим өвчнүүдийг РКТ-аар оношлох бололцоо бага байдаг.

Манай улсад РКТ-ийн аппарат цөөн, нэг ээлжинд олон хүнд үйлчлэх бололцоогүй зэргээс үүдэн уг шинжилгээнд зайлшгүй онош тодруулах шаардлагатай гэрлийн, хэт авианы, дурангийн болон бусад онош тодруулах шинжилгээнүүдээ хийлгэсэн өвчтөнүүдийг эмнэлгүүдээс, тусгай илгээх хуудсаар авч шинжилдэг. РКТ нь оношлох чадвараараа бусад шинжилгээний аргуудаас давуутай өвчтөнд зовиургүй, урьдчилсан бэлтгэл шаарддаггүй бөгөөд богино хугацаанд шинжлэж буй эрхтэний талаар оновчтой мэдээлийг авч чаддаг.

РКТ нь:

1.Тухайн зүслэг дэх биезүйн бүх бүтцэд зэрэг үнэлгээ өгч тэдний харилцан байрлал хэлбэр хэмжээ, өөрчлөлтүүдийг тодорхойлдог.

2.Эмгэг процессын дүрсийг шаардлагатай бүх хавтгайгаар зүсч, түүний дотоод бүтцийг судалдаг.

3.Эд эрхтэний нягтын зөрөөг нарийн ялгана (0.5%).

4.Өвчний тархалт байрлалыг нарийн тогтоосноор хатгалт хийх,туяа болон мэс заслын эмчилгээг төлөвлөх үр дүнг хянах бололцоотой.

5.Эд, эрхтэн, эмгэг процессын эзлэхүүн, талбайн, нягт болон бусад хэмжээсүүдийг өндөр нарийвчлалтай гаргадаг (0-001).

Манай орны эмнэлгийн практикт РКТ-ийн шинжилгээний аргыг амжилттай нэвтрүүлсний үр дүнд дүрслэх оношлогооны түвшин дээшилж энэ нь эмчилгээний чанарт сайнаар  нөлөөлж  байна.

Ном зүй

1. Р.И.Габуния, Л.К.Колесникова «Основы компьютерной томографий» «Клиник.рентген-радиол» 1985- Т-4. 282-353
2. Н.В.Верешагин, С.Б.Баргин «Компьютерная томография головного мозга». М 1986.
3. М.Р.Глуховский «Могущество «X» лучей» Наук в СССР. № 1987. П-15.
4. Л.М.Портной «Вестник рентгенологии и радиологии»1989. №5\' 88-91.
5. И.Х.Рабкин, И.А.Переолагин, Ю.А.Чижунова «Вестник рентгенологии и радиологии» 1978. №1 71-78.
6. Ю.И.Воробьев, И.И.Рушанов «Вестник рентгенологий радиологии» 1978- №1. 79-34.
7. Л.С.Розенштраух, Н.И.Рыбакова, М.Г.Виннер «Ком¬пьюторная томография» «Рентгенодиагнос.заб.орган.дых». М 1987- 79-81.
8. Ф.И.Тодуа, Г.Г.Кармазановскнй «Вестник рентгенологии и радиологии» 1989. №1 44-52.
9. А.М.Кишковскии, А .И.Нечай, В.П.Ландов «Вестник рентгенологии и радиологии» 1984- №4. 72-76.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1515
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК