Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Эмч нарын бүрдмэл үзлэг зохион байгуулах арга зүйн асуудалд
( Түүх )

Ц. Мухар
 

Анагаах ухааны хүрээлэн

 

Орчин үед хүн амын эрүүл мэндийг тал бүрээс нь судлахад тодорхой хүн амын дунд эмч нарын бүрдмэл үзлэг хийж өвчлөлийг илрүүлэх аргыг өргөн ашиглаж байна (1, 2, 3).   Хүн амын дунд байгаа “нууц” өвчнийг  илрүүлэх,  эхний шатанд эмчлэх, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, төлөвлөлтийг боловсронгуй болгох, диспансерчлалын хүрээ далайцыг өргөтгөхөд тодорхой хүн амын дунд эмч нарын бүрдмэл үзлэг хийх явдал чухал ач холбогдолтой. Нэг талаас эмнэлгийн хүчин чадал, зохион байгуулалт, боловсон хүчин, материаллаг баазын хангамж, нөгөө талаас хүн амын эмнэлэг, ариун цэврийн боловсрол, аж байдал, үйлдвэрлэлийн онцлогоос болж эмнэлгийн байгууллагад (хэсэг, амбулатор, поликлиник) хүн амын өвчлөлийн хэмжээ дутуу бүртгэгддэг байна. Удаан явцтай, ужиг архаг өвчтэй хүмүүс жил болгон эмнэлэгт үзүүлэхгүй байна. Үүнээс гадна хүн амын өвчлөлд гол суурь эзэлдэг зарим халдваргүй өвчин, хоёрдогч архаг өвчнүүд «нууц» явцтай байдаг билээ. Бидний судалгааны урьдчилсан дүнгээр хотод хүн амын нийт өвчлөлийн гуравны хоёр орчим нь бүтэн жилд эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн байна (4). Анагаах ухааны хүрээлэн 1982—1983 онд ЗХУ-ын Н. А. Семашкогийн нэрэмжит бүх холбоотын нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын эрдэм шинжилгээний институтээс боловсруулсан аргачлалаар хот, хөдөөгийн 35234 хүнд эмч нарын бүрдмэл үзлэг хийлээ. Судалгааг Улаанбаатар, Дархан, Мөрөн, Даланзадгад хот, Булганы Орхон, Хөвсгөлийн Их-Уул, Сүхбаатарын Баяндэлгэр, Өмнөговийн Ханхонгор суманд хийв. Үзлэгийг 11—12 мэргэжлийн их эмч, дөрвөн төрлийн шинжилгээтэй «эмч нарын бүрдмэл үзлэгийн бригад»-аар зохион байгуулсан бөгөөд нийт нарийн мэргэжлийн 110 их эмч олон арван эмнэлгийн дунд мэргэжилтэн, техникийн ажилтан, рентген гэрэл, шүд, эмийн нүүдлийн үйлчилгээтэйгээр зохион байгуулсан юм. Үзлэгт орох хүн амын нийгмийн бүрэлдэхүүн, нас хүйсний бүтцийн тогтоцыг алдагдуулахгүй байх зорилгоор сонгож авсан дэвсгэр нутгийн хүн амыг үзлэгт өрхөөр нь оролцуулах арга хэрэглэв. Манай орны нөхцөлд нийтийг хамарсан эмнэлгийн үзлэгт хүн амыг өрхөөр нь оруулах нь ирцийг бүрэн хянах боломжтойгоос гадна нэг өрхийн ам бүлээс удамшлын ба олдмол адил төстэй өвчин илрэх, бие биенийхээ өвчний зовиурыг (ялангуяа хүүхдэд) хэлж тодруулах ач холбогдолтой байдаг Үзлэгийг хотын поликлиник, сумын эмнэлгийг түшиглэн суурин байдлаар хийв. Хөдөөгийн хүн амыг хөдөө аж ахуйн нэгдлээс тусгай унаа гаргаж үзлэгт хамруулсан бөгөөд сумын төвд ирэх боломжгүй өндөр настан, нялх биетэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг үзлэгийн бригадын эмч нар 2—3 мэргэжлийн эмчтэй явуулын хэсэг болж 3 хоног айл өрхөөр явж үзлэг хийж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, рентген ба лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийг ялгаж сумын төвд ирүүлж байсан болно. Эмч нарын бүрдмэл үзлэг хийхэд туслах кабинетын ажил онцгой үүрэгтэй байв. Судалгаанд хамрагдсан 8 наснаас дээших бүх хүн амд флюр, 35-аас дээш насны хүмүүст ЭКГ, нүдний даралт үзэх шинжилгээг хийхийг зорив. Мөн үзлэгт орсон хүн амын бие бялдрын хөгжилтийг гурван гол үзүүлэлтээр судаллаа. Харин лабораторийн шинжилгээний талаар хоёр арга хэрэглэв. Улаанбаатар, Дархан, Мөрөн хотын үзлэгт орсон насанд хүрэгчдэд шээс ба цусны ерөнхий шинжилгээ, 35-аас дээш насны бүх хүний цусанд сахар тодорхойлж байв. Хэрэв сүүлийн нэг сарын дотор дээрх шинжилгээг хийлгэсэн бэлэн дүгнэлт байвал давтан шинжлээгүй болно. Хүн болгоныг шинжилгээнд хамруулах нь чирэгдэл ихтэй, үзлэгийн хамралтанд саадтай, халдвар судлалын хувьд зарим талаар харшилж байснаас гадна тодорхой үр дүн багатай учраас цаашдын судалгаанд лабораторийн шинжилгээг зөвхөн үзлэгийн эмчийн заалтаар хийх аргад шилжив.

Хүснэгт 1-ээс үзэхэд үзлэгийн хүн амын гурваас дөрвөн хүний бригад өдөрт 102—122 хүн үзэж, нэг нь лаборатор, флюр, ЭКГ-ийн Дархан, Мөрөн хотод үзлэгт орсон    шинжилгээнд хамрагджээ.

Эмч нарын бүрдмэл үзлэгт орох хүмүүст урьд өдөр нь үзлэгийн урилга тарааж, бүрдмэл үзлэгийн судалгааны картын нийгэм ахуйн холбогдолтой асуудлыг бичиж үзлэг эхлэхээс өмнө тухайн хүний амбулаторийн картанд хав­саргана. Үүнийг айл өрхөө сайн мэддэг туршлагатай бага эмч нар гүйцэтгэж байв. Үзлэгт ирсэн нэг айл өрхийн хүмүүс амбулаторийн ба судалгааны картыг авч үзлэгт орно.

Эмч нарын бүрдмэл үзлэгийн бригад бямба, ням гаригт бүтэн ажиллахад хүмүүс үзлэгт орох нь илүү их байна. Бидний үзлэгийн туршлагаас үзэхэд өдөрт 120-оос олон хүн үзвэл үзлэгийн чанарт муугаар нөлөөлж байв. Ингэж тооцвол өдөрт дотрын эмч 60—70, хүүхдийн эмч 40—50, эх барих эмэгтэйчүүдийн эмч 30—40, бусад мэргэжлийн эмч нар 100 гаруй хүн үзэх болж байгаа юм. Хот суурин газрын поликлиникийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тасаг, кабинетээр дамжин зохион байгуулах бүрдмэл үзлэгийг өдөрт 50 хүнээс хэтрүүлэхгүйгээр тооцох нь зүйтэй. Мэргэжлийн эмч нарын үзлэгийн дэс дарааллыг зөв тогтоох хэрэгтэй юм. Анагаах ухааны хүрээлэнгээс зохион байгуулсан бүрдмэл үзлэгт эхлээд арьс өнгө, мэс заслын эмчид үзүүлж тэр өрөөнд нь бие бялдрыг нь хэмжиж дараа нь хамар хоолой, шүд, нүд, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт, хамгийн сүүлд нь насанд хүрэгчид дотрын эмчид, хүүхдүүд хүүхдийн эмчид үзүүлж эрүүл мэидийн эцсийн дүгнэлт хийж өвчтэй хүмүүсийн цаашдын эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч нартай хамтарч шийдэж байв.

Дунджаар үзлэгт орж байгаа нэг хүн бүх үзлэг шинжилгээг дамжихад хоёр өдөрт 4—6 цаг зарцуулж байв. Бүрдмэл үзлэгээр чих, хамар хоолой, шүд, дотор, хүүхэд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр хамгийн олон өвчин илэрч байна. Хүн амын нийгэм ахуй, эрүүл мэндийн байдлыг сайн мэддэг, туршлагатай дотор, хүүхдийн эхогийн эмчийг түшиглэн гурван шатны үзлэгийг төв хөдөөд явуулах нь эдийн засгийн хувьд ашигтай юм.

Дүгнэлт

  1.  Эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, төлөвлөлтийг боловсронгуй болгох, диспансерчлалын хүрээг өргөтгөхөд тодорхой хүн амын дунд эмч нарын бүрдмэл үзлэг хийх нь чухал ач холбогдолтой байна.
  2. Эмч нарын бүрдмэл үзлэгийг 11—12 мэргэжлийн эмч, рентген гэрэл, үйл ажиллагаа, биохими, клиникийн үндсэн шинжилгээтэй зохион байгуулбал хүн амын дунд байгаа зонхилох архаг өвчнийг илрүүлэх боломжтой юм.
  3. Эмч нарын бүрдмэл үзлэгээр үзлэгт орсон 1000 хүн ам тутмаас           1131,4—1891,5 архаг өвчин илэрч байна.
  4. Зохион байгуулалттай, мэргэшсэн «эмч нарын бүрдмэл үзлэгийн бригад» өдөрт 20 өрхийн 100 орчим хүн, хaрин амбулатори поликлиникт  хийх бүрдмэл үзлэгийг 50-иас илүүгүй хүн үзэхээр зохион байгуулах нь зүйтэй.
  5. 5. Эмч нарын бүрдмэл үзлэгээр нүд, чих, хамар хоолой, дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр хамгийн олон өвчин илэрч байгаа бөгөөд хот хөдөөгийн эмнэлгүүдэд ажлаа сайн мэддэг хэсэг, сумын    эмч нарыг түшиглэн гол мэргэжлийн эмч нарын оролцоотойгоор эмч нарын гурван шатны үзлэг явуулах нь одоогийн нөхцөлд хүн хүч, материалын бололцоог ашиглах зохистой хэлбэр юм.

 

 

Ном зүй

1. В.П. Головченко и дp—Массовые медицинские осмотры сельского населения как основа перехода к его сплошной дыспансеризации. Сов. здравоохр. 1981, 4, 11—15
2. Н. К. Гурьева, Я. И. Дреерман, J1. И. Москвина.—Опыт работы медикосанитарной части по повышению качества профилактических осмотров. Здравоохр. РСФСР, 1983,7, 32—33
3. М.В.Кацман—К вопросу о сплошной диспансеризации населения Сов. здравоохр. 1980, 12, 17—22
4. Ё. Бодьхуү, Б.Дэмбэрэл, Ц.Мухар—Состояние здоровья населения как основа организации амбулаторно-поликлинической помощи населению. „Программа и тезисы докладов НПК по организации амбулаторно-поликлинической помощи населению. 1984, Минздрав МНР и НИИ Медицины.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 987
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК