Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Дүрс судлал ба анагаах ухаан
( Лекц )

Ч.Нээчин, Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар 

Анагаах ухааны дээд сургууль

 

Хүн ба амьтны махбодын бүтцийг үүсэл хөгжил, түүний үйл ажиллагаа, орчин нөхцөл, нас хүйсний онцлогтой нь нягт уялдуулан молекул түвшнөөс эс, эд эрхтэн болон бүхэл бүтэн махбодын хэмжээнд хүртэл нарийвчлан судладаг шинжлэх ухаан бол дүрс судлал  (морфология) юм. Дүрс судлал нь анагаах ухааны онолын тулгуур шинжлэх ухааны нэг бөгөөд өнө эртнээс хөгжиж ирсэн түүхтэй. Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн энэ эринд дүрс судлалын шинжлэх ухаан биологи, анагаах ухаан, байгалийн шинжлэлд гол суурийг эзэлсэн хэвээр байна. 21 дүгээр зууны дүрс судлаачид өнөөдөр хүний бие махбодын бүтцийг үйл зүй болон удамшил хувьслын чиглэлээр гүнзгийрүүлэн судалж бичил эргэлтийн системийн бүхэл бүтэн чиглэл бий боллоо. Физик, хими, генетик, кибернетик зэрэг суурь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний аргыг өргөн хэрэглэж өнгөт болоод электрон оптикийн өсгөлттэй рентген багаж хэрэгслэл, телемикроскоп, электрон микроскол, цитохими ба гистохимийн аргууд, тэмдэгт атомыг судалгаандаа амжилттай ашиглан хүний бие махбодын нүдэнд үл үзэгдэх эрхтэн системийн үйл ажиллагаа, өнгө, байдлыг бодитойгоор харж чаддаг болсны дээр түүний хялгасан судсуудаар эргэх цус, тунгалгийн эргэлтийг амьдралын нөхцөлд судалж бодисын солилцооны хувирал, өөрчлөлтийг молекул түвшинд хүртэл амжилттай судалж байна. Сүүлийн жилүүдэд электрон микроскопын судалгааг ауторадиографи болон цитохимийн судалгаатай хослуулан судлах ультрафитохимийн судалгааны арга өргөн дэлгэрч эс, эсийн туслах эрхтэнд явагдаж буй бодисын солилцооны эрүүл, эмгэг өөрч­лөлтийг эд эсийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр амьдралын нөхцөлд   судлах   өргөн боломж нээгдлээ.

Дүрс судлаачид эсийн бүрхүүлийн олон янзын хувилбарын физиологи биохимийн өвөрмөц ялгааны дүрс судлалын нууцыг тайлан тайлбарлахаас эс хоорондын идэвхтэй холбоог нээн илрүүлэхэд их  амжилт олж байна.

Эсүүд өвөрмөц рибонуклеиний хүчлийг  нийлэгжүүлж түүнийхээ тусламжтайгаар бие биеэ танин кальцийн ион оролцсон өвөрмөц холбоогоор хоорондоо холбогддог болохыг туршлагаар нотолсон ба 1975 онд Зөвлөлтийн дүрс судлаачид эсүүд хоорондоо хэт өндөр дуугаар харилцдаг болохыг нээж хүн төрөлхтөний мэдлэгийн санг нэгэн  нээлтээр арвижууллаа. Ийнхүү үр хөврөлийн болон нас бие гүйцсэн бие махбодыг бүтээж буй эсүүд бие биедээ нөлөөлж харилцан мэдээллээ солилцож тэдгээрийн өсөж төлжих, мөхөн сөнөх үйл явц нарийн уялдаатай явагддаг гэсэн нэгэн дүгнэлтэд хүрчээ. Үр хөврөлийн хөгжлийн явцад эсүүд ялгаран хөгжиж эд, эрхтэн, систем үүсч бүрэлдэх нь эсийн хромосом түүнийг бүтээгч ДНХ-ийн молекулын гинжин хэлхээний тодорхой хэсэг болох генийн идэвхжлийн нарийн хувиартай холбоотой болохыг илрүүлж, элдэв зэмдэг гажиг хөгжлийн үүсэх шалтгаан эмгэг жамыг тодруулан хорт хавдрын нууцыг тайлж энэ аюулт өвчнөөс хүн төрөлхтнийг хамгаалах үйлсэд их амжилт олж байна. Тухайлбал цусны цагаан цогцсын хорт хавдар лейкозын үед цагаан цогцсын 22 хос хромосомын 21 дүгээрийн урт мөр тасарч, холбогч эдийн эсэд нь шүлтлэг фосфотаза ферментийн идэвх эрс ихэсдэг болохыг илрүүлсэн ба цусанд альфафетапротейнийг тодорхойлсноор элэгний анхдагч өмөн үүг цаг алдахгүй оношилж, ихсийн хорион бүрхүүлийн хучуур эсийн гаралтай хорт хавдар хорионэпителиомийг бүрэн төгс эмчилж чаддаг боллоо.

Үр хөврөлийн болон ургийн хөгжлийн үе дэх үүсэл хөгжилт, шалгарал ялгаралт, өсөлт үржил зэрэг нь нарийн диалектик холбоотой, объектив зүй тогтолтой тодорхой зорилтод хөтөлбөртэй байдлыг мэдэх нь чухал юм. Энэ асуудал нэг биеийн хөгжилд ч хамаарагдана. Олон зуун жилийн өмнөөс дүрс судлаачид эрхтэн, эд, эс түүний дотоод эгэл бүтцийн орон зайн харьцааг тогтоон тодорхойлох стереоморфологи буюу орон зайн дүрс судлалыг хөгжүүлэх нь чухал гэж үзнэ. Дүрс судлалын энэ салбар одоо тун амжилттай хөгжих бололцоотой юм. Эд эсийн судалгаанд электрон микроскопыг хэрэглэсэн нь стереоморфологи хөгжихөд их бэрхшээл учруулсан гэсэн ойлголт байдаг боловч эрхтэнүүдийг микро түвшинд янз бүрийн чиглэлээр зүсч дараа нь бүхэл бүтэн зүслэг болгон түүний дотоод эгэл бүтцүүдийн хэлбэр хэмжээ тархалтыг тодорхойлж улмаар математик үйлдэлд тулгуурлан уул эрхтний орон зайн бүтцийг тодорхойлох шинэ арга дэлгэрч стереоморфологийн хөгжлийг улам хурдасгав. Сүүлийн жилүүдэд эдийн зүслэгт харагдаж буй бүтцүүдийн тоо хэмжээг автоматаар тодорхойлох арга судалгаанд амжилттай нэвтэрч олон эд эрхтэний орон зайн бүтцийг тогтоож чадлаа. Жишээлбэл: Нойр булчирхайн Лангергансын талбар ба инсулиныг ялгаруулагч Ветта эсийн эзэлхүүнийг тодорхойлж, электрон микроскопт харагдаж буй инсулины мөхлөгөөс нойр булчирхайн нэгж эзэлхүүн ба нэгж жинд ногдох инсулины хэмжээг тооцоолон гаргажээ. Эд, эс, эсийн туслах эрхтэнүүдийн тоо хэмжээ эзэлхүүнийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийг тогтоосноор эм, физик эмчилгээний болон бусад заслын хүчин зүйл хүний бие махбодод яаж нөлөөлж буйг судлах бодит бололцоог олгоно.

Бие махбодын эрхтэн системүү­дийн үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулан тэнцүүлж удирдах шингэний зохицуулга амьд байгалийн түүхэн хөгжлийн явцад нэн эрт гарч ирсэн бөгөөд хамгийн дээд хөгжилтэй амьтан болох хүний биед бүрч тодорхой байр суурь эзэлдэг нарийн систем болжээ. Энэхүү системийн үйл ажиллагааны дүрс судлалын асуудал эрдэмтдийн анхаарлыт эртнээс татаж байсан ба дэлхий даяар шагшигдсан онол практикийн чухал ач холбогдол бүхий нэгдлүүд гарч байгаа авч судалгааны арга нь тогтоогдоогүйгээс шийдвэрлэвэл зохих зарим асуудал бүрхэг хэвээр үлдэж байна. Сүүлийн арван жилд элдэв гормоны эсрэг үйлчилдэг ферментүүдээр тэмдэглэсэн эсрэг биеийг ашиглан дотоод шүүрлийн булчирхайн эсүүдэд гормоныг тодорхойлох иммуноцитохимийн аргыг амжилттай хэрэглэж гормонуудын нийлэгжих механизм тэдгээрийн нөлөөгөөр эс, эсийн доторх бүтцэнд гаргах өөрчлөлтийг судлах талаар их амжилт олж байна. Бүх төрлийн стерионууд эндоплазмын мөхлөггүй торонд холестерин болон холестерин төст нэгдлүүдээс нийлэгждэгийг судлан тогтоогоод энзимцитохимийн aргыг ашиглан бамбай булчирхайд дегидрогенезa ферментийг тодорхойлох замаар цусанд кальцийг багасгагч тиреокальцитонин гэдэг гормоныг нийлэгжүүлэх парафолликуляр эсийг нээлээ. Одоо хүн амьтны өсөлт, үржлийн жамыг дотоод шүүрлийн нь системийг ашиглан удирдан чиглүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ бол хүний биеийн шим ба сав бүрдлийн тэнцвэрийг барьж байх байгаль орчин болон хүн нийгмийн орчны эрүүл ахуйг бүрдүүлэх үндсэн нөхцөл юм. Ургамал амьтны гаралтай хоол тэжээлийн чанарлаг байдлыг дээшлүүлэх өнөөгийн нөхцөлд дэлхийн хүн амын өсөлтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохицуулах, өндөр ашиг шимтэй сайн үүлдрийн мал өсгөж үржүүлэхэд шууд нөлөөлөх нэг чухал зүйл юм.

Эмч, дүрс судлаачдын анхаарлыг их  татаж байгаа нөгөө нэг зүйл бол эхээс анх мэндэлсэн мөчөөс эхлэн өтлөж нас эцэслэх хүртэлх хүний бие махбодод гарч буй өөрчлөлтийг (үүсэн хөгжих, үхэж мөхөх үйл явц) судлах биоморфозын шинжлэх ухаан бий болов. Нэн ялангуяа өтлөх явцад эс эдэд гарах өөрчлөлтийг нарийвчлан судалж, хүний дундаж насыг уртасгах асуудал онцгой анхаарал татаж байна. Өтлөлтийн шалтгааныг тайлбарласан онол олон бий. Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар амьдралын явцад эс эдэд явагдах биохимийн урвалаас биологийн өндөр идэвхтэй чөлөөт радикалууд их хэмжээгээр сул чөлөөтэй үүсэх бөгөөд энэ нь эргэж эс эдэд явагдах биохимийн урвалуудад хөндлөнгөөс оролцон тэдгээрййн явц, үндсэн чиглэл үр дүнг өөрчилснөөс бие махбодын эрхтэн системд өөрчлөлт гарч хүн өтөлдөг гэж үзэж байна.

Төрөхөөс үхэх хүртэл үргэлж их ачааллын дор зогсоо зайгүй ажилладаг хүний биеийн нэг чухал систем бол зүрх судасны систем юм. Зүрх судасны системийн өвчлөл үхлийн шалтгаан болох талаараа дэлхийд тэргүүн зэрэгт орж байгаа ба энэ системийг дэлхийн олон эрдэмтэд хүч хавсран судалж түүнд тохиолдох өвчин эмгэгийг эмчлэх үйлсэд гарамгай амжилт олж байна. Зүрх судасны системийн дүрс судлал олон салбартай. Эдгээр салбарын дотроос бичил эргэлтийн (микроциркуляция) дүрс судлал эрдэмтдийн анхаарлыг ихэд татах боллоо. Бичил эргэлтийн системд артериол, прекапилляр, капилляр, посткапилляр, венул гэсэн эд эрхтний бичил судас түүгээр үүсгэгдсэн судсан ончроо торууд ордог. Энэ чиглэлээр Т.А.Григорьева,         Б.А.Долго-Сабуров, Д.А.Жданов, В.В.Куприянов, М.Г.Привес, A.М.Чернух нарын зэрэг олон судлаачид дорвитой бүтээлүүд туурвисаар байна.

Эдгээрийн дотроос академич В.В.Куприянов бол манай орны дүрс судлаачидтай ажил төрлийн байнгын холбоотой ажилладаг зөвлөлт болон дэлхийд нэрд гарсан шинжлэх    ухааны    томоохон зүт­гэлтэн юм. В.В.Куприяновын шууд удирдлагын дор манай Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл анатомийн тэнхмийн эрдэм судалгааны ажлын чиглэл, суурь тавигдаж судасны бүтэц судлалаар анагаах ухааны доктор, дэд эрдэмтэн төрөн гарлаа. Манай тэнхимд судасны бүтэц судлалын судалгааг амжилттай хийж байна. Ялангуяа ясны бүтцийн цусжилт, заадасны цусжилт тунгалгийн судлалын асуудлыг нэлээд амжилттай судлаж байна.

В.В.Куприянов 60-аад оны эхээр эс, эд эрхтэн тус бүрд зохицсон онцлог бүхий цусны эргэлт заавал  байдаг болохыг тогтоосон бөгөөд бүтцийн   онцлог төдийгүй үйл ажиллагааны өчүүхэн доголдол хазайлт бий болоход хамгийн соргог, нарийн   зохицуулалт зөвхөн судасны системээр явагддаг болохыг тодорхойлон бичсэн юм. Энэ бол судас мэдрэлийн хэлхээ холбоог илэрхийлэх нэгдэл мөн. Ийм л ойлголт тооцоогоор хэвийн бүтэц, үйл ажиллагаа, эрүүл эмгэгийн асуудлыг эгэл жирийн, хялбар замаар шийдвэрлэж болох юм. Хүний мөр, шим мандлын хүрээнээс хальж, эх дэлжийн гүнд эрэл хайгуул хийж сансрын   уудам сарны гадаргууг шинжлэн судлах болсонтой холбоотойгоор ажлын өвөрмөц нөхцөл,   амьдралын   өөр орчинд хүний бие махбодод гарах бүтцийн өөрчлөлтийг судлах дүрс судлалын шинэ салбарууд үүсч дүрс судлалын шинжлэх ухааны цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Дуунаас хурдан тив алгасан нисэх тийрэлтэт онгоц, гариг хооронд жуулчлах атомын хөдөлгүүрт пуужин буй болж хүмүүс зорчих болсноор өндөр даралт, жингүйдэл, таталт, доргионы нөлөөнд  хүний биед  гарах өөрчлөлтийг судлах сансрын дүрс судлал шинээр үүсч хөгжих боллоо. Биохими, биофизик, техникийн шинжлэх ухаан хөгжсөнтэй холбоотойгоор дүрс судлалд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх туршлагаар олсон баримт сэлтийг богино хугацаанд боловсруулж дүгнэх багаж хэрэгслэл эрчимтэй   нэвтэрч, математикийн орчин үеийн аргуудыг өргөнөөр­ ашиглах боллоо.

Дээд анализ түүний дотроос дифференциал болон регрессив анализ, дискриминант функцийн аргыг ашиглан нэгэн биеийн хөгжлийн үе шат түүний онцлогуудын талаар бодит үнэлэлт дүгнэлтийг хийх, хөгжлийн янз бүрийн шатан дахь өсөлтийн хурд эрчмийг тодорхойлж улмаар түүнд нөлөөлөх гадаад орчны зарим хүчин зүйлийн нөлөөг үнэлж дүгнэхэд чадмаг ашиглаж байна. Шугаман интеграцчилал, цэгэн тоолол, конфигурацийн коэффициентийг тооцоолох гэх мэт математикийн аргуудыг орон зайн дүрс судлалд хэрэглэн эд эрхтнийг бүтээгч эгэл бүтцүүдийн эзэлхүүний тоон харьцааг гарган эрхтний гадаргууг эзэлхүүн дотоод эгэл бүтцүүдэд нь харьцуулан макро болоод микро түвшинд эд эрхтний хэмжээ, геометрийн загварыг бүтээхэд их амжилт олж байна. Дүрс судлалын шинжлэх ухааны салбаруудад гарч буй энэхүү ололт амжилт анагаах ухааны бусад салбарт хүчтэй нөлөөлж, тэр салбарт ажиллаж байгаа эмч эрдэмтдээс хүний биеийн бүтцийн талаарх   мэдлэгээ байнга ахиулж байхыг дүрс судлаачад их анхаарч  байна. Эмч хүн зөвхөн хүний биеийн  эрхтнүүдийн байрлал зүй, хэлбэр, хэмжээ, эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг мэдээд зогсохгүй эд эрхтний дотоод зохион байгуулалт, биологийн нууцад нэвтэрч тэдгээрийн хувиран өөрчлөгдөх, сэргэн төлжих, увидаст чадварыг танин мэдэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх болон эмчилгээ шинжилгээний шалгарсан аргыг боловсруулахад шаардагдах нэгэн чухал хүчин зүйл бол өвчин үүсэх шалтгаан эмгэг жамыг гүн бат ойлгож цул эрхтний нь бүтэц үүсэл хөгжилтэй нягт холбож ойлгох явдал юм. Энэ нь хүний биеийн бүтцийн тухай онол практикийн дорвитой   мэдлэггүйгээр хэрэгжихэд бэрх билээ. Хүний биеийн бүтцийн тухай онол практикийн гүн бат мэдлэг эзэмших явдал эмчээс хэвийн бүтэц үйл ажиллагааны хувирал өөрчлөлтеөр илэрч буй өвчин эмгэгийн шинж тэмдгийг эрт олж харахад туслахын хамт хийж байгаа эмчилгээний үр дүнг цаг тухайд нь дүгнэн идэвхтэй эмчилгээг цаашид хийх өргөн боломжийг олгодог. Хүний биеийн бүтцийг дулимаг мэддэг эмч практикийн энгийн үйлдлийг хийж чадахгүй бөгөөд өөрийн үнэлэлт дүгнэлт, тавьсан оношдоо үл итгэн өвчний гадаад шинж тэмдэг төдийхөнд хууртаж, эмч хүнд зайлшгүй байх ёстой ажигламтгай чанараа хөгжүүлж мэргэжил боловсролоо ахиулж чадахгүй болно.

Орчин үеийн анагаах ухаанд эрдэм мэдлэг сүрхий төрөлжиж эмч хүн урьдын ба одоо шинээр нээгдэж байгаа онол, элдэв дүгнэлт, таамаглалыг бүхэл бүрдлээр нь эзэмшихэд улам бэрхтэй болж байна. Иймд анагаах ухааны нэг тодорхой салбарын нарийн мэргэжлийг эзэмшсэн эмч хүн өөрийн мэргэжлээ сайн мэдэхийн хажуугаар бусад нарийн мэргэжлийг тодорхой түвшинд гадарладаг байхын тулд анагаах ухааны онолын тулгуур шинжлэх ухаанууд түүний дотроос дүрс судлалыг онц сайн мэддэг байх нь чухал.

Суут сэтгэгч, гүн ухаантан, алдарт эмч Гиппократ 2500 жилийн өмнө бие бүтцийн судлал нь анагаах ухааны үндэс мөн гэдэг тодорхойлолт өгснийг одоо хүртэл эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрсөөр байна.

Анагаах ухааны дээд сургуулийн 1, 2, 3 дугаар курст биологи, эрүүл ба эмгэг анатоми, гистологийн хичээлээр тусгай программын дагуу шалгалт өгч байна. Энэ нь анагаах ухааны тодорхой салбараар цаашид ажиллах эмнэлгийн залуу боловсон хүчинд хүний биеийн бүтцийн   талаар үндсэн гол цогцолбор мэдлэгийг олгохоос биш

хүний биеийн бүтцийн талаарх бүх зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн түвшинд хүртэл бүрэн дүүрэн өгч асуудлыг төгс шийдвэрлэсэн хэрэг огтхон ч бус билээ. Иймд тус сургуулийг төгсөөд тодорхой салбараар мэргэжиж байгаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд хүний биеийн бүтцийн талаар бие дааж цааш гүнзгийрүүлэн үзэх нь эрхэлсэн ажил хадөлмөртөө амжилт олохын нэг  үндэс юм.

Орчин үед дүрс судлаачид бүтцийн онол, хөгжлийн онол гэдэг ойлголтыг дэвшүүлж байна. Бие махбодын бүтцийг хөгжилтэй нь хамт судалж орчинтой нь нэгдэлтэйгээр ойлгох явдал нэн чухал юм. Бүтцийн ялгаа нь материйн хэлбэрийн илэрхийлэл юм. Түүнчлэн анагаах ухааны онол, хүний биеийн дүрс судлалын мэдлэгийг эмч нарт олгох гол төвийн нэг болох Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл ба эмгэг анатомын тэнхим, гистологийн тэнхмийн лабораторийг сургалт, эрдэм шинжилгээний орчин үеийн сорилтот судалгааны багаж төхөөрөмжөөр тоноглож мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн дүүрэн хангаж, анагаах ухаан биологийн факуль­тетийн программаар эмч нарт нарийн мэргэжлийн зэрэг олгох, эмч нарын мэргэжил дээшлүүлэх болон мэргэжил олгох курст хүний биеийн дүрс судлалын орчин үеийн ололтуудаас мэргэжлийн дагуу лекц уншдаг ЗХУ-ын эмч нарын мэргэжил дээшлүүлэх дээд сургуулийн туршлагыг манай Анагаах ухааны дээд сургуульд бүтээлчээр авч хэрэгжүүлэх нь мэргэжлийн бэлтгэл сайтай, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хамгийн ашигтай зөв байдлаар шийдэж чадах чадвар бүхий ирээдүйтэй эмнэлгийн дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гapгax нэг гол үндэс болох юм.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1405
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК