Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Релапаротоми хийх заалт
( Лекц )

Ж. Базардаръяа 

Улсын клиникийн төв эмнэлэг

 

Хагалгааны дараа гарч байгаа төрөл бүрийн хүндрэлийг судлах нь уг хүндрэлүүд гарах шалтгааныг олох, эмчилгээний явц чанарыг дүгнэх, залуу мэс засалчдыг ажилд нь дадлагажуулж сургах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зэрэг практикийн болон эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой юм. ЗХУ-д ийм дүгнэлт, судалгааг өргөн хийж байна. Зөвлөлтийн судлаачид яаралтай мэс заслын хагалгаа дахин хийх болсон гол шалтгааныг өвчтөн оройтож ирэх, хагалгааны явцад өвчний байдлыг бүрэн гүйцэт шалгаж үзэлгүй орхих, мэс заслын техник алдаа гаргах, хагалгааны дараах сувилгаа хангалтгүй зэрэг олон шалтгаан байдгийг судлаж дүгнэсэн байна. Манайд энэ талаар хийсэн судалгааны ажил бараг үгүй байна. Шаардлагатай үед оношийг зөв тавьж цаг алдалгүй дахин хагалгаа хийж чадвал өвчтөнийг үхлээс аврах оновчтой чухал арга хэмжээ гэж үздэг. Гэтэл эхний хагалгаа хийгээд удаагүй байхад хагалгаа дахин хийх зайлшгүй шаардлагатай эсэхийг шийдэхэд үнэхээр хялбаргүй. Учир нь өвчтөн их хүндэрч, өвчний клиникийн шинж тэмдгүүд бүдгэрэхийн зэрэгцээ лабораторийн шинжилгээгээр гарсан өөрчлөлтүүдийг өвчний эхний үед болон хагалгааны дараа гарсан өөрчлөлтөөс ялган салгаж үзэхэд бэрхшээлтэй болдог. Мөн түүнчлэн зүрх судас, элэг, амьсгалын эрхтэний үйл ажиллагаанд гарч байгаа өөрчлөлтүүд нь бас эргэлзээ төрүүлдэг. Ийм үед зөвхөн тухайн эмчийн мэргэжлийн ур чадвар, дадлагад тулгуурлах тохиолдол ч гарч болно. Мэс заслын ажиллагааны явцад нарийн бүдүүн гэдэс, давсаг зэрэг эрхтэнг гэмтээх, нарийн бүдүүн гэдсийг залгахдаа цусан хангамжийг нарийн шалгаж үзэлгүй зал­гаас хийснээс мэс заслын техникийн алдаа гарч болохыг залуу мэс засалчид анхаарах нь зүйтэй юм. Дахин хийх хагалгааг ихэвчлэн хожуу ирсэн перитонитуудын дараа гэдэсний гогцоонууд завсраараа бохирдож наалдаж түгжрэх, хэвлийн идээ нь элэг дэлүүний булангуудад хуралдаж буглаа үүсгэх зэрэг хүндрэлийн үед хийдэг. Гэдэсний залгаас тавигдах, дотуур цус алдах, хагалгааны явцад шалгалт дутуу хийх зэрэг мэс заслын техникийн алдаанаас болж дахин хагалгаа хийх нь харьцангуй цөөн байдаг. Дахин хагалгаа хийх хүндрэлүүд нь тус бүрдээ клиникийн өвөрмөц онцлог, шалтгаантай байдаг. Ийм учраас тус бүрийн шинж тэмдгийг сайн мэдэх шаардлагатай.

1.  ГЯЛТАНГИЙН ТҮГЭЭМЭЛ ҮРЭВСЛИЙН хагалгааны дараа хэвлийд дахин идээ хурах юмуу гэдэсний гогцоонуудын завсар идээ буй болох үед доорх шинж тэмдгүүд илэрдэг. Хагалгааны дараа 3-4 хоногт хэвлийд идээ буй болж эхэлнэ. Ийм үед өвчтөний биеийн байдал өдрөөс өдөрт хүндэрч халуурах, хэвлий их хөндүүрлэж шеткинблюмбергийн шинж тодорно. Хий, өтгөн гарахгүй гэдэс дүүрэх, хэл хуурай бор шаргал өнгөртэй болох, мэдрэл сэтгэхүй өөрчлөгдөн дэмийрэх, хөдөлгөөн нь огцом болох, элэгний үйл ажиллагаа буурах, бөөлжсөнөөс ус эрдсийн тэнцвэр алдагдана. Мөн цусны цагаан цогц ихсэж, гемоглобин буурч улаан цогцсын тунах урвал түргэснэ. Ийм байдалд яаралтай хагалгаа хийх шаардлагатай.

2.  ХАГАЛГААНЫ ДАРАА ГЭДЭС МЕХАНИКААР ТҮГЖРЭХ
тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед механик түгжрэл, динамик хэлбэрийн  хагалгааны  дараах парез (саатах) хоёрыг ялгаж оношлоход хялбаргүй. Гэдэсний парез хэвлийн ямар нэгэн хагалгааны дараа 24 цаг болоод эхлэх бөгөөд эхний хоногт гэдэс цочирч агшилтын байдалтай байдаг. Механик түгжрэл ихэвчлэн гэдэсний гогцоонууд наалдах, орооцолдох, мушгирах зэргээс үүсдэг бөгөөд 5-7 хоногт түгжирлийн шинж тэмдэг илэрнэ. Хагалгааны дараах түгжрэл нь гол төлөв өвчтөн хоол боловсруулах эрхтэний ажиллагаа жигдрээгүй үед хоол ундны дэглэм баримтлалгүй хэт их юм идсэнээс гэдэс орооцолдох, чихэлдэх, мушгирах зэргээр түгжирч болно. Энэ үед хэвлийгээр гэнэт хүчтэй өвдөх, бөөлжих, хий ба өтгөн гарахгүй болох, гэдэс дүүрэх, биеийн байдал эрс хүндрэх, хэл хуурай, бохир бор шаргал өнгөтэй болох онцлог шинж тэмдгүүд илэрнэ. Хэвлийг тогшиж үзэхэд зарим хэсэгтээ хийн хөндий, зарим хэсэгт дүлий авиатай байна. Тэмтэрч үзэхэд тодорхой хэсэгт (түгжирсэн газраа) их хөндүүр байна. Хэвлийг тэмтэрч үзсэний дараа гэдэс хүчтэй базалж өвдөнө. Энэ нь гэдэсний гүрвэлзүүр хөдөлгөөнтэй холбоотой юм. Өвчин нэмэгдэхийн зэрэгцээ хэвлийг гаднаас нь харахад жигд биш, гэдэсний гогцоонууд гүврүүтэж харагдах буюу тасархайтаж харагдана. Чагнаж үзэхэд түгжирснээс дээш хэсэгт металлын дуутай төсөөтэй авиа сонсогдоно. Түгжирсэн үед хэвлийг рентгенд харахад колаберийн аяганцаруудын шингэний түвшин тодорхойлогдоно. Парезын эсрэг болон түгжрэлт гаргах эмчилгээ тодорхой үр дүнд хүрэхгүй бол дахин хагалгааг яаралтай хийх шаардлагатай.

3. ДОТУУР ЦУС АЛДАЛТ. Хагалгааны дараа дотуур цус алдах нь их төлөв эхний 1—2 дахь өдөрт илэрч мэдэгдэнэ. Цус алдахын шинж тэмдэг нь уг цус алдаж байгаа судасны диаметр, артер, венийн алинаас алдаж байгаагаас хамаарна. Зарим үед венийн жижиг судаснаас цус аажмаар алдаж байгаа нь мэдэгдэхгүй байсаар фибрин үүсгэж гэдэс түгжрэх эх үүсвэр болох буюу бохирдож идээлээд перитонит   болж хүндрэхэд хүргэдэг. Энэ үед өвчтөний биеийн байдал суларч арьс салст цайрч шаргал туяатай болох, судасны лугшилт түргэсч даралт бага зэрэг буурах, хааяа бага зэрэг халуурах, хэвлий ялигүй дүүрэх, цус хуралдаж гapсан хэсэгт хөндүүрлэх, булчин чангарах зэрэг шинж тэмдэг  илэрнэ. Артер зэрэг томоохон судаснаас дотуур цус алдсан бол оношлоход хялбар байдаг. Энэ үед богино хугацаанд  өвчтөний биеийн байдал хүндэрч, арьс салст цайх, судасны лугшилт түргэсэх, артерийн даралт буурах, амьсгал ба зүрхний авианд шуугиан гарч агшилтын авиа тодрох, хэсгийн байдлаар хэвлий хөндүүрлэж шеткинблюмбергийн шинж тод илрэх, гемоглобин эрс буурах зэрэг шинж тэмдэг илрэх тул дахин хагалгаа хийх шaaрдлагатай.

4.   ГЭДЭСНИЙ ЗАЛГААС ТАВИГДАХ БУЮУ ОЁДОЛ ЗАДРАХ нь хэвлийн хагалгааны дараа ямар нэг шалтгаанаар гардаг. Голчлон хагалгааны дараа эхний 7 хоногт тохиолдоно. Энэ үед өвчтөний биеийн байдал эрс хүндэрч перитонитын клиник шинж тэмдэг шууд илэрнэ. Перитонитоос ялгах онцлог нь өвчтөн богино хугацаанд эрс хүндэрч шокийн байдалтай болох, хэвлийд сул шингэн, хий буй болж элэгний дүлий авиа арилна. Ийм үед оношийг рентгенд харж тогтоож дахин хагалгаа яаралтай хийнэ.

5.   ЭХНИЙ ХАГАЛГААНЫ ҮЕД ХЭВЛИЙД ГАДНЫ БИЕ ҮЛДЭХ тохиолдол байдаг. Энэ нь хагалгааны явцад өвчтөн гэнэт хүндэрч хагалгааг яаравчлан дуусгах болсноос марлан бөмбөлөг, жижиг багаж үлдэх тохиолдол байдаг. Хэрэв багаж үлдсэн бол өвчтөний зовиурыг үндэслэн рентгенд харж батална. Марлен бөмбөлөг үлдсэн бол өвчтөний биеийн байдал түргэн хугацаанд хүндрэхгүй. Учир нь уг хагалгааны цэвэр бохирын байдал, гадны биет нь хаана байрлаж байгаа зэргээс хамаарч дахин хагалгаа хийнэ.

 

Редакцид ирсэн: 1987. 02. 19.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 887
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК