Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Хүүхдийн нүдний гэмтлийн зарим асуудалд
( Лекц )

A.В.Хватова1Э.Санжаа2,  М.Энхтуул3

1АУ-ны доктор, профессор, 2АУ-ны дэд эрдэмтэн, доцент, 3Хүүхдийн нүдний эмч, эчнээ аспирант 

 

Нүдний гэмтэл нь хүүхдийг тахир дутуу болгох үндсэн шалтгаануудын нэг болоод зогсохгүй гэмтсэн нүдний харааг эрс муутгаж улмаар сохорход ч хүргэдэг. ЭНЭШТөвийн нүдний тасагт 1987-1991 онд эмчлүүлсэн 2091 хүүхдийн 392 (18.75%) нь нүдний гэмтлээр анхдагчаар хэвтсэн байлаа. Эдгээрийн (48,47%) нь хөдөө орон нутгаас ирж эмчлүүлжээ.

Хүүхдийн нүдний гэмтэл нь жилийн 4 улиралд харилцан адилгүй тохиолдож байгаа бөгөөд 3-6 дугаар сард гэмтэл ихэсдэг нь дулааны улирал эхлэхэд хүүхдүүд гадаа тоглох нь ихсэж, тэдэнд тавих анхаарал сулардагтай холбоотой гэж үзэж болох юм.

 Бид хүүхдийн нүдний гэмтлийн нас, хүйсний байдалд судалгаа хийж үзэхэд нийт гэмтлийн, 75.26 хувийг хөвгүүд, 24.74 хувийг охид эзэлж байна. Гэмтэл 3 хүртэлх насны хүүхдэд 64 (16.33%), 4-7 насанд 122 (31.12%), 8-11 насанд 94 (23.98%), 12-16 насанд 112 (28.57%) тохиолдож байна.

Нүдийг  гэмтээж буй зүйлсийг  судалж үзэхэд  ихэнх нь чавх, нум сум, мод, чулуу, төмөр утас, тэсэрч дэлбэрэх бодис (177 буюу 45.15%) ба хутга хайч, зүү зэрэг хурц зүйл 126 (32.4%) байна.

Нийт гэмтлийн 210 бүюу 53.57% нь гадаа гудамжинд, 166 (42.35%) нь гэртээ, 16 (4.08%) нь хүүхдийн байгууллагад тохиолдож байна.

Хүүхдийн   нүдний гэмтлийн дотор алимны нэвт гэмтэл 250 (63.8%), нүдний алимны битүү гэмтэл, доргилт 59 (15.0%), түлэгдэлт 24 (6.1%), нэвт биш гэмтэл 14 (3.6%), хамгаалах ба дайвар хэсгийн гэмтэл 45 (11.5%) байна.

Нэвт гэмтлийг байрлалаар нь ангилбал нэгдүгээрт эвэрлэгийн гэмтэл-169 (67.6%), хоёрдугаарт эвэрлэг-склерных-38 (15.2%), гуравдутаарт склерных-25 (10.0%) ба лимбийн байрлалтай гэмтэл 18 (7.2%)  орж байна.

Нүдний гадна бүрхүүлийн гэмтлийн хэмжээгээр авч үзвэл 6 мм-ээс дээш шарх 40% тохиолдсон ба алимыг бүрэн хамарсан том шарх 11 (4.4%) байлаа.

Нүдний нэвт гэмтлийн хүндрэл, явц, хүүхдийн ерөнхий биеийн байдлаас хамаарч  буйг харьцуулж үзэхэд нүдний идээт үрэвсэл, гэмтлийн иридoциклит эрүүл хүүхдэд 17.3%-д нь, ямар нэгэн өвчтэй (шүд, хамар хоолойн архаг үрэвсэл, гэдэсний цагаан хорхойтой, харшилтай, хүүхдэд 44.9%-д нь тохиолдсон байна.

Нүдний алим авах мэс засал хийсэн 26 хүүхдийн 11 (42.3%) нь алимын том хэмжээний гэмтэл (судаслаг болон шилэнцрээ алдсан) 10 (38.5%) нь панофтальмит, 4 (15.4%) нь нүдний хатангаршил, 1 (3.8%) нь симпатик үрэвслээс шалтгаалжээ.

Нүдний алимын битүү гэмтэл, доргилттой 59 хүүхдээс 4 (6.8%) нь хөнгөн, 31 (52.5%) нь дунд зэргийн, 24 (40.7%) нь хүнд   гэмтэл байлаа. Дундаж ор хоног 15.8. Энуклеац хийгдээгүй.

Нүдний түлэгдэлтэй 24 хүүхдээс халуун зүйлд түлэгдсэн 15 (62.5%), химийн бодисоор түлэгдсэн 9 (37.5%) байсан. Нэгдүгээр зэргийн түлэгдэлт 6 (25%), хоёрдугаар зэргийнх 16 (66.7%), гуравдугаар зэргийнх 2 (8.3%) тохиолдож, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлт тохиолдоогүй. Дундаж ор хоног 9.7. Энуклеац хийгдээгүй. Эмнэлгээс гарах үедээ 79.2% (19) нь 0.7-1.0 хараатай, 16.6% (4) нь 0.4-0.7 хараатай байсан. Зөвхөн 1 (3.8%) хүүхэд эвэрлэг үүл үлдсэнээс 0.3 хараатай эмнэлгээс гарсан байна.

Дүгнэлт

Манай оронд тохиолдож байгаа хүүхдийн нүдний гэмтлийн дийлэнх хувийг хүнд гэмтэл эзэлж байгаа нь нүдний эмч бидний анхаарлыг зүй ёсоор татаж, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхитэй явуулж, нүдний гэмтэлд үзүүлэх тусламжыг зөв зохион байгуулан эмчилгээний аргуудыг улам боловсронгуй болгож, мэс заслын өвөрмөц багаж төхөөрөмжөөр хангах нь чухал байна. Мөн хүүхдййн шүд, хамар хоолой, цагаан хорхойтох, харшлын зэрэг өвчнийг эрт илрүүлж эмчлэх нь чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 336
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК