Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Зүрхний цус тасалдах өвчтэй хүмүүсийн липидийн Солилцоонд эмчилгээний хоол нөлөөлөх нь
( Судалгааны өгүүлэл )

Ё.Думаа, Ш.Чадраавал, Д.Эржен 

Анагаах ухааны хүрээлэн

 

Зүрх судасны өвчин аль ч оронд төдийлөн буурахгүй, харин ч өндөр хөгжилтэй оронд нэмэгдэх хандлагатай байна (5,6).

Зүрх судасны өвчнүүд болон ялангуяа зүрхний цус тасалдах өвчин үүсэх үндсэн шалтгаан нь бие махбодын өөх тосны солилцооны өөрчлөлттэй холбоотой болохыг олон судлаачид тогтоогоод байна (2, 4, 5). Иймээс зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлоход гиперлипопротеидемийг (липопротеидын хэт ихсэлт) илрүүлэх нь чухал юм (2, 4). Зөвхөн гиперлипопротеидемийг ч биш, липид, липопротеид (ЛП)-ын солилцооны өөрчлөлттэй холбоотой үүсэх молекулын өвчин болох дислипопротейдемийг судлах нь клиникийн чухал ач холбогдолтой юм  (5, 6). Зүрхний цус тасалдах өвчний үүсэх шалтгаан нь өөх тосны солилцооны харьцааны өөрчлөлттэй холбоотой байгаа учраас түүнд нөлөөлөх  хүчин  зүйл нь:

1. Хоногт хэрэглэх хоолоо тодорхой дэглэмгүй, илчлэгийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэснээс биеийн жин хэт ихээр нэмэгдэж таргалах (2,3).

2. Амьтны гаралтай өөх тосыг тогтмол их хэмжээгээр хэрэглэх

3. Биеийн хүчин багаар шаардагдах, хөдөлгөөн багатай, ялангуяа
оюуны хөдөлмөр голлон эрхэлдэг хүмүүсийн дунд элбэг тохиолдож
байна (1.5). Иймээс зүрхний цус тасалдах өвчнийг эмийн эмчилгээнээс гадна өдөр тутам хэрэглэх хоолны найрлагын тохироог зохицуулж эмчилж байна   (2.3). Зүрх судасны аливаа өвчний үед гарах липидийн солилцооны өөрчлөлт, хоол тэжээлийн онцлогоос болж, хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан судалгааны ажил одоогоор манай оронд хийгдээгүй байна. Харин монгол хүмүүсийн липидийн (өөх тосны) солилцооны үзүүлэлтийг С. Ямаахай  судалсан [6].

Иймээс бид уг судалгааны ажлыг Оргил рашаан сувилал, Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлгийн зүрх судасны тасгийг түшиглэн 1985—1986  онд хийв.

Судалгааны арга зүй, үр дүн

Бид судалгаандаа:

1.   Оргил сувилал болон клиникт эмчлүүлэн сувилуулахаар ирсэн хүмүүсийн цусны сийвэнд хоолны эмчилгээний «өмнө ба дараа нийт холестерин (нХС), триглицерид (ТГ), нягтралтай липопротеидын холестерин (ИНЛП—ХС), маш бага нягтралтай липопротеидын холестерин (МБНЛП—ХС), бага нягтралтай липопротеидын холестерин (БНЛП—ХС) —(Фредриксоны гиперлипопротеидемийн энэ ангиллыг 1970 онд       ДЭХБ-аас хүлээн авч, дэлхийн олон улсын эрүүлийг хамгаалахын практикт тусгагдан хэрэглэгдэж байна)-ийг 120 дээжинд давталттайгаар тодорхойлов.

2.   Сувилал, клиникийн нөхцөлд хэрэглэж байсан бодит хоолны (сувилал, клиникт урьд нь өгч байсан хоол) өөх тосны найрлагыг тооцоолон гаргасны үндсэн дээр тосны ханаагүй хүчлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нэлээд хэмжээгээр оролцуулсан, тосны ханамал хүчлийг багасгасан туршилтын хоолны жор гарган 20—21 хоног хэрэглүүлсний дараа үр дүнг өвчтөнүүдийн цусны сийвэнгийн липидийн солилцооны  үзүүлэлтээр гаргав.

3.  Судалгаа явуулсан сувилал, клиникт хэрэглэж байсан бодит хоол, өөрсдийн зохиосон жороор туршилтын хоолны химийн найрлагыг тодорхойлов.

Өвчтөний цусны сийвэнгийн липидийн солилцооны үзүүлэлтүүдийг (нХС, ТГ, ИНЛП—ХС, БНЛП—ХС, МБНЛП—ХС) ЭЗХТЗ гишүүн орнуудын мөрдөж буй дислипопротеидемийг илрүүлэх аргачлалын дагуу  хийсэн болно. Бид хоолны эмчилгээнд цусны холестерин, триглицеридыг бууруулах үйлчлэл бүхий тосны ханаагүй хүчил линол, линолеины хүчлийг ихээр агуулдаг наранцэцгийн тосыг хоногт 50 гр-аар бодож өвчтөний хэрэглэж буй 1 дүгээр хоолны шөл, тарганд хийж сайтар хутгаж  өгсөн болно.

Судалгааны дүн

1. Судалгаанд авсан зүрхний цус тасалдах өвчтэй хүмүүсийн цусанд нийт ХС, ТГ, ИНЛпХС, МБИЛпХС-ийг хоолны эмчилгээний өмнө тодорхойлоход нийт ХС—6,71+0,24 ммоль/л; ТГ—1, 69±0,33 ммоль/л; ИНЛпХС—1, 99±0,20 ммоль/л; БНЛпХС—2, 88+0,31; МБНДп—0,35+0,067 ммоль/л, хоолны эмчилгээний дараа: Нийт ХС—5,63+0,19 ммоль/л; ТГ—1,59+0Д9 ммоль/л, ИНЛпХС 1,85+0,10 ммоль/л; БНЛпХС 2,49±0,23 ммоль/л; МБНЛпХС 0,34+0,044 ммоль/л хэмжээтэй байв. Одоо эдгээр үзүүлэлтийг гадаадын судлаачдын судалгаатай (1-р хүснэгтэнд) харьцуулан үзье.

Хүснэгт 1-ээс харахад бидний судалгаанд авсан хүмүүсийн цусны сийвэнгийн нийт ХС, ТГ-ийн хэмжээ С.Ямаахайн гаргасан зүрх судасны өвчингүй гэж оношлогдсон монгол хүмүүсийн липидийн солилцооны үзүүлэлтээс нэлээд их байгаа боловч хоол эмчилгээний дараа нийт       ХС—16,1 хувь, ТГ—6 хувь тус тус буурсан байна. Зүрхний цус тасалдах өвчтэй хүмүүсийн нийт ХС-ийн хэмжээ өвчлөлийн эхэн үе буюу хурц үед 8,35—9,05 ммоль/л хүрч байсан. Гэхдээ бид дан хоолны эмчилгээгээр эмчлэх зорилго тавьсан учраас хэт хүнд өвчтөн сонгож авах боломжгүй байсан юм. Нэгэнт зүрхний цус тасалдах өвчний архаг хэлбэрийг сонгосон учир хоол эмчилгээний өмнө нХС, ТГ-ийн хэмжээ хэт өндөр биш байлаа. Туршилтын хоолыг өгснөөр ИНЛП-ХС төдийлөн буурахгүй байгаа нь эмчилгээний үр дүнтэй болох нь харагдлаа. (ИНЛП—ХС-ний хэмжээ буурахгүй байх нь зүрх судасны өвчнүүдийн үед ач холбогдолтой байдаг).

2. Судалгаа явуулсан сувилал, клиникийн эмнэлэгт сувилуулан эмчлүүлж буй зүрх судасны өвчтэй хүмүүст зориулан өгч байсан бодит
туршилтын хоолны нийт липид, ТГ, Фосфолипид, ХС, тосны ханасан
ба ханаагүй хүчлийн хэмжээг тооцоолон үзэж харьцуулсан дүнг
гаргав. Бид туршилтын хоолны жорыг боловсруулахдаа: Сувилал, клиникт хэрэглэж байгаа бодит хоолны найрлагыг урьдчилан тооцоолсны үндсэн дээр зүрхний цус тасалдах өвчний онцлогт тохирсон туршилтын хоолны жор гарган, мөн найрлагын тохироог зохицуулсан юм. Бид голлон тосны ханаагүй хүчлийн орцыг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан бөгөөд тосны олон, цөөн тоот ханаагүй хүчил бие махбодод нөөцлөгдөн хуримтлагддаггүй, бодисын солилцоонд түргэн хугацаанд орж задардаг онцлогтой байдаг. Туршилтын хоолны ханасан тосны хүчлийг бодит хоолныхоос 30,9 хувиар бууруулж, тосны нийт ханаагүй хүчлийг 41,8 хувь, тосны олон тоот ханаагүй хүчлийг 54,5 хувь, цөөн тоот тосны ханаагүй хүчлийг 25,1 хувь тус тус нэмэгдүүлсэн болно. Хүснэгт 3-т тосны олон тоот ханаагүй хүчлүүдийг бодит ба туршилтын хоолонд байх хэмжээг тооцоолон үзэхэд: Туршилтын хоолонд уг хүчлүүдийн эзлэх хувийг 3,0—10,6 хувиар нэмэгдүүлсэн байна.

Ялангуяа арахилон, линол, линолейны хүчлүүдийг хэзээ ч орлуулж болшгүй бодист тооцдог. Эдгээр бодис нь бие махбодын эсийн мембраны хамгийн идэвхтэй хэсэгт оролцохоос гадна бодисын солилцоог зохицуулж улмаар холестерины хэсэгчилсэн солилцоонд нөлөөлж, гиперхолестеринеими үед холестерины хэмжээг бууруулах нөлөөтэй байдаг. Энэ хэрэгцээг

хангахын тулд линолын хүчлийг хамгийн ихээр агуулдаг наранцэцгийн ба эрдэнэшишийн тос, маргарин зэргийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Зүрхний цус тасалдах судас хатуурах, цусны даралт ихсэх зэрэг өвчний хурц үед цусны холестерины хэмжээ эрс нэмэгддэг онцлогтой. Иймээс бид эмчилгээний хоолоор цусан дахь холестерины хэмжээг бууруулах зорилго тавьж, судалгааны эцэст зүрхний цус тасалдах өвчтэй хүмүүсийн холестерины хэмжээ 16,1 %-иар буурсан болно.

Бид мөн судалгааны явцад бодит ба туршилтын хоолны химийн найрлагыг хавар, намрын улирлаар тодорхойлж тооцоолон гаргав.

 

Дүгнэлт

1. Тосны олон тоот ханаагүй өөхний хүчлээр баялаг наранцэцгийн тосыг эмчилгээний зориулалтаар тогтмол хэрэглэхэд цусны сийвэнгийн холестерин, триглицеридийг бууруулах үйлчлэлтэй байна.

2.  Наранцэцгийн тосыг зүрхний цус тасалдах өвчтэй хүмүүст хэрэглэхэд цусны сийвэнгийн холестерин триглицеридийн хэмжээг бууруулахын зэрэгцээ их нягтралтай липопротеидийн холестериний хэмжээг бууруулахгүй хэвийн хэмжээнд байлгаж байгаа нь эмчилгээний үр дүнг сайжруулах нэг чухал хүчин зүйл болж байна.

3.  Зүрх судасны өвчтэй хүмүүст хэрэглэх хоолны найрлаганд амьтны гаралтай тос, нүүрс усны хэмжээг багасгах нь тухайн өвчний үед хэрэглэх хоолны эмчилгээний үр дүнг дээшлүүлж байгаа нь бидний  судалгаанаас харагдлаа.

Ном зүй

1. Ф. И. Комаров, Б.Ф. Коровкин, В .В. Меньщиков — Биохимические исследования в клинике Л. “Медицина” 1981. 175, 186, 189, 196.
2. В.Л. Мещерякова, M. A. Самсонов и др — Значение применения алиментарного фактора в профилактике и лечении ишемической болезни сердца. Тер. арх. 1985. 10. 14—19.
3. Б. Л. Смолянский, Ж.И. Абрамова — Справочник по лечебному питанию для диетсестер и поваров. Л. “Медицина” 1984. 16—19.
4. М.А. Самсонов, И.А. Фролова и др — Против атеросклеротическая диета у больных ишемической болезнью сердца. Клиническая медицина. 1981. 11. 29—35.
5. Под. ред. Е.И. Чазова, А.Н. Климов — Дислипопротеидемии и ишемическая болезнь сердца М. “Медицина” 1980. 26—120.
6. С.Ямаахай — Монгол хүний липидын солилцооны үзүүлэлт. УБ. 1987.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1276
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК