Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Ариун цэврийн соёлын уламжлалыг судлах асуудал
( Лекц )

Г.Цэрэнжигжид

АУИС

 

Хөдөлмөрчдийн ялангуяа хүүхэд өсвөр үеийнхний ариун цэврийн соёлын түвшин өнөр байх нэг сэжим нь манай ард түмний соёлын дэвшилтэт уламжлалаар суралцах явдал юм. Монгол ардын зүйр цэцэн үг, оньсого, үлгэр зэрэг монгол То вангийн сургаал, Ц.Цэрэн ардын аман зохил, Ж.Д.Карпини, К.Хемфри, А.Б.Бурдуков, Г.Д.Рубчук, Марко Поло зэрэг судлаач эрдэмтдийн туурвисан монголын тухай зохиол бүтээл, Монголын нууц товчоо, Алтан товч, Монгол ёс зэрэг бүтээлүүдэд ариун цэврийн уламжлалт соёлын холбогдолтой мэдээлэл олонтаа орсон бөгөөд тэнд эрүүл энхийн гайхамшиг, элдэв өвчин эмгэгийн хор уршиг, элдэв өвчнөөс сэргийлж, энх тунх явахын учир хоблогдлыг тал бүрээс нь элбэг тохиолдоно.

Бид, монголын ард түмнйи ариун цэврийн уламжлалтын тухай авч үзэхдээ ард түмний дунд олон зууны турш яржь хэлэлцэж далайн ёроол дахь шүр сувд мэт тунаж үлдсэн монгол ардын 10000 гаруй цэцэн үгийн эмхэтгэл болох Монголын үгийн эмхэтгэл болох Монголын цэцэн үгийн далай хэмээх хоёр дэвтэр бүтээлийг тулгуур болгон, үүний өмнө нэрийг нь цухас дурдсан XIII-XIV, XV-XVI, XVII-XX зуны зарим гол бүтээлүүдийг тусгаж, түүхчилсэн судалгааны араг хэрэглэсэн болно.

Эл бүлгийн утга санааг товч боловч цэгцтэй гаргахын тулд монгол ардын зүйр цэцэн үгийг 4 бүлэг 12 хэсэгт хувааж дээрх зохиол бүтээлүүдээс зохих бүлэгт нь оруулж, нэмэлт тайлбар хйисэн болно.

1. Хувийн эрүүл ахуй

Манай ард үмэн хэзээнээс цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэж, бага балчраасаа биеэ өөд татаж явахыг хичээсээр иржээ. Өөрийгөө зөнд нь орхиж хир буртагтай явах нь хүний гоо үзэмжийг гутааж, сүрийг дарж, уруу дорой харагдуулдгийг “Хамрын нус царай дарна. Биеийн бохир сүр дарна” гэж урнаар дүрслэн, үр хүүхэддээ “Нүүр гаараа угааж яв. Нус нулимсаа арилгаж яв” гэж захидаг байв. Бохир буртаг байвал элдэв өвчинд өртөж болохыг “Заваан хүн өвдөх нь олон. Залхуу хүн үүрэглэх нь олон” гэж оновчтой зүйрлэн өгүүлж цэвэр цэмцгэр байхыг ямагт эрхэмлэж гараа угаагаагүй гал тогоонд хүрэх, идээ боловсруулах, хоол ундаа бэлдэхийг цээрлэдэг.

Элдэв зүйлээр цаг заваа өнгөрөөж суухын оронд биеэ өөд татахыг чухалд үзэж “Худал хэлж сурахаар хумсаа авч сур. Хулгай хийж сурахаар гутлаа уллаж сур”- гэж сургаж байжээ.

Бохир буртаг явах нь гоо сайхны хувьд эвгүй төдийгүй элдэв өвчин эмгэгт өртдөгийг сургамжлан “Буртгаа угааж цэвэр болно. Буруугаа хэлбэл нөхөр болно”, “Бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярилцаж энэ ёс зүйг баримталж иржээ. Хүн бага балчраасаа цэвэр нямбай явбал гоо сайхан харагдах төдийгүй, энэ чанар насан турш хадгалагдан үлддэгийг “Цэцэн хүнд үг мундахгүй, цэвэрч хүнд бузар мундахгүй” гэж зүйрлэн өгүүлж цэвэр нямбайг эрхэмлэвэл эрүүл чийрэг байж, хөдөлмөр сурлагын амжилт олно хэмээн сургадаг.

Жиованни Дель Карпини “Монголчуудын түүх” бүтээлдээ “Хоол унд идэхдээ гараараа барьж, тос өөх болгоод, гараа алчуурт арчих, хувцас, өвс ногоонд арчдаг” гэж эл номын Хоол хүнсний тухай бүлэгт тэмдэглэсэн байхад Гильом Д Рубрук “Дорно этгээдэ зорчсон минь” бүтээлд “Нүүр гараа угаахдаа урьдаар ус балгаж, хоёр гар дээрээ гоожуулан үс толгойгоо угаадаг” гэж тэмдэглэжээ.

Тэгвэл Оросын эрдэмтэн И.М.Майский “Хувьсгалын босгон дээрх монгол” номынхоо “Эрүүл ахуй, арин цэвэр” гэдэг хэсэгт “Монголчуудын амьдралд ариун цэврийн дадал заншил тэр бүр тогтоогүй тэд саван ер хэрэглэгдэггүй. Нүүр гараа хүйтэн усаар булхдаг бөгөөд усанд ер ордоггүй. Өмссөн хувцсаа ч угаадаггүй” гэж явуулын хүний нүдээр харснаа бичиж тэмдэглэсэн нь бий.

Англи улсын Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал Лэролайн Эмфри “Монгол х үний биеэ авч явдаг нэг зуун ёс” бүтээлдээ “Өглөө босч гадаа гарч, биеэ засаад, хувин сав юмуу үнс рүү нүүр гараа угаана. Нойтон үнсийг дараа нь гаргаж асгана" гэж бичсэн байхад судлаач Ц.Цэрэн "Монголын ёс” бүтээлдээ “Бүсгүй хүн сам шүүрээ хүнтэй сольдоггүй. Бүсгүй хүн гар, хөлийн хумсаа урт ургуулдаггүй. Монголчуудын шүд бараг өвдөггүй байсан нь цагаан идээ иддэгийн ач гэж үздэг. Өглөө босч бие засахдаа шүдээ сайн зуудаг” гэх мэтээр монголчуудын биеэ авч явахтай холбоотой ариун цэврийн соёлын уламжлалаас судалач бүр үзсэн, харсан мэдсэн, дуулснаа бичиж тэмдэглэсэн нь олонтаа.

1.2. Гэр орны эрүүл ахуй

Монгол ардын цэцэн үгэнд “Биеэ тохижуулж байж гэрээ тохижуул. Гэрээ тохижуулж байж улсаа тохижуул” хэмээх өгүүлсэн нь өөрийгөө асарч чадахгүй хүн бусдыг асарч халамжилж орон гэрээ тохитой авч явж чадахгүй болох тухай өргөн утгаар авч үзжээ. Үнэндээ ч айл өрхөөс аймаг хошуу, улс орон бүрддэг билээ.

Тогтох төр /1797-1868/ вангийн бүтээл То вангийн сургаалд биеэ дайчлан хөдөлж ажиллахыг ухуулж, үр хүүхдээ эрхлүүлэхийг үл таашааж, харин гэр малын ажилд сургаж идэх, өмсөхийг өөрсдөөр нь олуулахыг шаардаж байсан нь зах зээлийн шаардаж байсан нь зах зээлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа түүхэн энэ зурвас үед ач холбогдлоо алдаагүй байна. тухайлбал Биеийн амрыг харж дэмий сууваас нойр хүрэн унтаад, аж төрөхийг алдах, арай сэрж босвол дахин цай ууж, байсан бүгдийг идэж, гурван өдрийн уух цай, идэх хоолын нэгэн өдөр барна гэжээ.

Гильом Де Рубрук дээр нэрлэсэн номынхоо “Тэдний гэр орны тухай” бүлэгтээ “Тэд эсгий гэрт суудаг” гээд 22 үхэр хөллөсөн гэр тэрэг үзсэнээ бичсэн байхад судлаач Ц.Цэрэн Монголчууд “Гал руу хог новш, муу юм ер оруулдаггүй. Нүүхдээ гэрийн буурь хот хороогоо цэвэрлэдэг” тухай онцлон тэмдэглэжээ.

1.3. Хувцасны эрүүл ахуй

Монголд “Сайн хувцас биед гоо. Сайн нөхөр сэтгэлд гоо” гэдэг цэцэн үг байдаг нь биедээ тохируулж цэвэр үзэмжтэй хувцаслахыг манай ард түмэн хэзээнээс эрхэмлэж ирсний тодорхой жишээ юм. Хувцсаа шинээс нь хямгадахыг Биеэ залуугаас нь, хувцсаа шинээс нь гэж бидний өвөг дээдэс эрхэмлэдэг. Нээрээ ч арчилгаа муугаас элэгдэж муудсан хувцас эргэж шинэчлэгдэхгүй.

Тохироогүй хувцас нхүдний булай, тослоогүй тэрэг чихний чийр гэдэг цэцэн үг хувцсаа биедээ тохируулж өмсөхийг эрхэмлэн захиж байгаа хэрэг.

Монголчууд улиралд тохируулж хувцсаа хятад болон дотно зүгийн бусад улс орон түүнчлэн Перс зэрэг өмнөдийн орнуудаас авна. Тэндээс торго, албан саа бүхий бүс даавуу мөн нэхмэл эдлэл авч зун дээл хийж өмсөнө. Тэд өвлийн цагт ихэвчлэн хоёр дээлтэй байна. Нэгний нь үсийг дотогш харуулж хийсэн, нөгөөг нь үсийг нь цас, салхинд гадагш харуулж хийсэн /дах, дэгтий бололтой/ дээл өмсөнө” гэж Гильом де Рубрук номынхоо “Тэдний хүнс, өмсдөг хувцас” гэдэг долдугаар бүлэгт бичээ.

“Монгол хүн өдөр ч шөнө ч бүх юмаа тавих газартай байдаг. Гутлыг ямагт орны хөлд, малгайг ямагт орны толгойд тавина. Иймээс малгай муу ч хөлд тавьдаггүй. Гутал сайн ч толгой дээр тавьдаггүй гэж ярьдаг” гэж К.Хэмфри тэмдэглэсэн нь монголчуудын зан заншлыг нарийн ажигласан хэрэг юм.

Судлаач Ц.Цэрэнгийн тэмдэглэсэнчлэн “Хүний хөлстэй малгай, ер аливаа хувцас өмсдөггүй“ сайхан заншил манай ард түмэнд уламжлагдан ирсэн билээ.

1.4. Хоол хүнсний эрүүл ахуй

“Зажилж идвэл хоол болно, залгиж идвэл хор болно” гэдэг цэцэн үг нь хоолыг зажилж идэх нь шүдийг ажилд дасгалжуулж, ходоод гэдэсний ажиллагааг хөнгөвчилдөг төдийгүй хоолны найрлага дах зарим хэсэг нь боловсрон цусанд орж хоолонд цадахын таатай сэрэл өгдөг гэдгийг өгүүлсэн бол “Яаравч явж иддэггүй, жаргавч хэвтэж иддэггүй“ гэдэг үгэнд яаруу сандруу, хөрсөн хүйтэн хол идэх, их хоол идээд идэнгүүтээ хэвтэж унтах нь хортойг тайлбарлажээ. Мөн гэдэсний халдварт өвчнүүд дамжин тарж болох замын тухай “Бадарч явсан газар балагтай. Батгана суусан газар өттэй” гэх мэт өгүүлж түүнээс сэргийлэх найдвартай арга бол “Бал баривал гараа долооно. Баараг баривал гараа угаана” бохир зүйл барих бүрийдээ гараа угаах явдал гэж тун оновчтой өгүүлжээ. Хоол хүнстэй холбоотой өнөөдрийн өдөр хүртэл бидний зонхилон гаргадаг алдааг “Нүдээ байхад нь үз. Шүдээ байхад нь зажил” зэрэг цэцэн үгст тун оновчтой тусгажээ. Нөгөөтэйгүүр бид хоолыг хэмжээний хувьд тохируулахгүй хэтрүүлж идэх тодорхой цаг баримтилахгүй ойр ойрхон иддэгийг “Гэм хийсэн гэдэс биш. Гэнэт олдсон хоол биш, Гэнэт идвэл гэсэнд цэвтэй, гэнэт баяжвал насанд цөвтэй” гэж бодууштай сануулжээ.

Монголчууд хоол ундандаа эртнээс олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж иржээ. Де Карипини, Де Рубрук, Марко Пало нарын бүтээлдээ тэмдэглэснээр мал, төрөл бүрийн ан амьтдын мах хэрэглэх, айраг тараг тэр ч бүү хэл архи дарс  шар айргийг бүр 12- зуунд хэрэглэж байжээ.

“Тэд бүх төрлийн мал, адгуусны махыг маш багаар хямгатай хэрэглэж гүүний айраг, ингэний сүү их хэрэглэдэг” гэж Де Карпини номынхоо Хоол хүнсний тухай бүлэгт тэмдэглэсэн байхад Тэд өвлийн цагт цагаан будаа, шар будаа, арвай зөгийн бал тэргүүтнээр дарс мэт сайхан ундаа хийнэ.

Харин зуны улиралд гүүний айраг их хэрэглэх бөгөөд өөр төрлийн хоолонд нэг их санаа тавихгүй. Махыг жижиг нарийн зүсч, нар салхинд өлгөн хатаах ба тийнхүү хатаасан мах ямар ч эвгүй үнэргүй сайхан борц болно” гэж номынхоо Тэдний иддэг хоол нь гэдэг тавдугаар бүлэгт Де Рубрук бичжээ.

Харин Марко пало бүтээлийнхээ долдугаар бүлэгт “Тэд бас өтгөрүүлсэн зуурмаг мэт болгосон хуурай сүү авч явах бөгөөд түүнийгээ усанд хутгаад задран уусахаар уудаг” гэж тэмдэглэснээс үзэхэд Монголчууд олон төрлийн хоол унд хэрэглэж бүр XII зуунд хуурай сүү, шар айраг, бэлтгэж байжээ.

Монголчуудын хооллох, ундлахтай холбоотой олон чухал дэг ёс байсныг Кэролайн Хэмфри тун нарийн ажиглаж Монгол хүн гэртээ өөр өөрийн аягатай байдаг. Явуулын хүн аягатайгаа явдаг. Монголчууд дөрвөн аяганы хоёрыг долоодог. Өөрөөр хэлбэл цайны аяга, айрагны аягыг долоодоггүй, хоолны аяга, тарганы аягыг долоодог” гэж бичжээ. Ер нь хоолны болон тарагны аягыг долоох нь аягаа цэвэрлэх төдийгүй хэл залгиурын булчинг бэхжүүлж, хоолойн өвчнөөс сэргийлэхд ч тустай гэж монголчууд үздэг ёс бий.

Судлаач Ц.Цэрэн нэр бүхий бүтээлдээ: Аяга барихдаа түүний амсар дээр хурууны өндгөө тавих, давуулахыг цээрлэдэг. Халуун хоол идээд хүйтэн ус уудаггүй” гэх мэт  олон үнэтэй мэдээллийг тэмдэглэсэн нь бий.

Дээрх судлаач, эрдэмтдийн бичсэнээс үзэхэд монголчууд улирлын байдалд тохируулан хооллодог, хоолны нарийн дэг ёс горим барьдаг байсныг олон талаас нь авч үзжээ.

1.5. Сэтгэцийн эрүүл мэнд

Монгол ардын цэцэн үгэнд тухайлбал: Бүгдээр хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй гэх мэт бие биесээ ойлгон жаргал зовлонгоо хуваалцаж, инээд хөөр баяр баясгалантай, уур уцааргүй, сэтгэл түвшин явах нь эрүүл мэнд байхын эх булаг болох тухай тус тус өгүүлж байна. Мөн энд сэтгэл түвшин байхад олон хүчин зүйл нөлөөлдгийг /Бодоогүй бол бүү хэл, болгоогүй идээнээс бүү амс гэх буюуүг хатуу ч явдалд тустай. Эм гашуун ч өвчинд тустай эсвэл Уурласнаас хөгшрөх, Инээснаас идэрших гэх мэт/ учир шалтгааны гүн гүнзгий үндэстэй гаргажээ.

25000 гаруй жилийн түүхтэй монголчуудын эрхэмлэн нэрлэснээр Будда буюу бурхны шашинд “худал үл хэлэх, хов үл зөөх, омогтой ширүүн авир шунаг сэтгэлийг дарахыг сургасан нь  өнөө ч бидний эрхэмлүүштэй зам мөр билээ.

Буддын сургаал ёсоор хүн нүглийг бие, сэтгэл хэл гурваал үйлдэх бөгөөд үүний дотроос сэтгэлээр үйлдсэн нүгэл хамгийн хүнд ажээ.

Эв эеийг хичээхийг монголчууд эртнээс эрхэмлэж байсны нэг тодорхой жишээ бол Өүлэн эх хүүхдүүдээ эхний удаад таван сум нэг нэгээр нь салган өгч, дараагийн удаад таван сумаа нийлүүлж боогоод өгч хугалуулж байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн явдал юм.

Де Карпини өөрийн номын Тэдний аятай зан авирын тухай бүлэгтээ “Бие биесээ дориун хүндлэх бөгөөд өөр зуураа эвтэй найрсаг гэж монголчуудын тухай тэмдэглэсэн нь олзуурхууштай юм.

Кэролайн Хэмфри өөрийн өгүүлэлдээ “Зочин хүн оройн хоолоо идээд үлгэр түүх ярилцдаг. Ялангуяа өвлийн шөнийн уртад үлгэр домог сайн мэддэг настан байгаа айлд ээлжлэн тойрч, хөгшин залуугүй үлгэр туульс сонсдог заншилтай” гэх мэтээр монголчууд өөр хоорондоо эетэй найртай харилцдаг болон зав чөлөөтэй цагаа хэрхэн өнгөрөөдөг тухай тэмдэглэсэн нь бий.

Ийнхүү монголчууд эв эеийг хичээж нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж юуны урьдаар хүний төлөө санаа тавихыг нэн эрхэмлэдэг билээ.

1.6. Элдэв хорт зуршлын тухай

Архи тамхины тухай зүйр цэцэн үгэнд архи тамхинд дурлавал өвчин эмгэг олдог (Архи арван нас дарах. Тамхи таван нас дарах гэх буюу архичны дотор ч хар, тархи ч хар г.м) эмгэг олсноор наслах насаа хасдаг (Уушги мэнгэртэх тамхиных, ухаан балартах архиных гэх буюу Архинд тамхи хортой, Аминд хоёулаа хортой) тухай архинд орж тамхинд шунасаар эцэст нь хүн чанараа гээдэг. (Ханилсан нөхрөөс холдуулдаг, Харгис дээрэнгүй сэтгэл төрүүлдэг. Хар архи хор идээ гэх буюу Архи уумтгай бол самуун болдог г.м) тухай тун оновчтой өгүүлжээ.

“Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Чингисийн есөн өрлөгчин ба өнчин хүүгийн шастир” зэрэг 12-13-р зууны алдарт бүтээлүүдэд “Барилдсан үгийг минь байлгадаг бусуу. Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бус уу? гэх мэтээр архийг хэмжээ хязгааргүй хэрэглэхийн учир холбогдлыг хэлэлцдэг.

Амны тамхи татах явдал 19-р зууны эхээр монголд ихээхэн дэлгэрч тамхи худалдан авах зэргээр илүү зардал сүйтгэл гарч байсан тул аривлан хэмнэх зарчмыг дээд зэргээр баримталж Цэцэнхан аймгийн хэбэй байгаад хожим чуулган дарга болсон Тогтох төр /То ван/ тамхи татах явдлыг бүр 1834 онд хориглон тушаал гаргаж байсан ба мөн дөчин наснаас доош хүн архи уухыг хориглож байжээ.

К.Хемфри “Монголчуудын заншлаар дөч хүрээгүй хүн архи уудаггүй. Зарим газар санчигны нь үс бууралтаагүй хүн архи уудаггүй гэдэг” гэж тэмдэглэсэн бол судлаач Ц.Цэрэн Эр хүн дөч хүрч байж сая архи амсдаг. Тавь хүрсэн хүн тавьж амс. Жар хүрэн хүн жаргаж амс” гэж монголчуудын архи дарсыг тун нарийн дэг ёстой хэрэглэдэг байсныг тодруулж өгчээ.

1.7. Хөдөлмөр амралтын дэглэмийн тухай

Хөдөлмөр амралтын дэглэмийн тухай цэцэн үгст цагт захирагдаж цагийг захирч сурахын эрүүл мэндийн болон бусад талын ач холбогдлыг /Багадаа сурахгүй бол баахандаа сурахгүй гэх буюу Барс цагт эс босвол өдрийн явдал хоцорно. Багадаа эс сурвал насны явдал хоцорно, эсвэл Орой хариад хичээл гэхээс ороо хариад нойр хүрнэ” гэж өгүүлж, харин нойр цэнгэлээ богино хайрлаж, нойроо гүйцэд авч байхыг “Өөдлөхөд сунах, сэрэх, уруудахад унтах, идэх хоёр гэх буюу Найр зугаа нойр алдах гм сургамжилж яаруу сандруу, босч сууж идэлгүй, зөв хоолож “Яаравч явж иддэггүй. Жаргавч хэвтэж иддэггүй” хэрэв явган явбал түргэхэн алхалж Явган хүн хурдандаа сайн ундаа багахан хэрэглэж, булчин шөрмөсөө чангалж /Унтахыг хэмнэвэл ухаан сэргэнэ. Ундаа хэмнэвэл судас чангарна/ байхын ач тусыг өгүүлжээ.

Бидний дээр өгүүлсэн То вангийн сургаалд: Биеийн амрыг харж дэмий сууваас нойр хүрэн унтаад, аж төрөхийг алдах гэж онцлог тэмдэглэсэн нь монгочлууд ажил амралтын дэглэмийг хэзээнээс чанд баримталж байсны тод жишээ юм.

1.8. Бие бялдрын хүмүүжлийн тухай

Монголчууд бие бялдрын хүмүүжлийг эрхэмлэн үэзж, Халаа гаднаа хайраа дотноо гэх юмуу Эрхийг сурахаар бэрхийг сур гэж хүүхэд багачуудын балчир багаас нь бие сэтгэлийн тэнхээтэй болгохыг эрхэмлэдэг билээ. Монголчууд эртнээс аливаа хүүхдийг моринд эрэмгий, эрэгтэй хүүхдийг наадамд гурван даваатай болгох зорилго тавьж хүүхдийг борогшуулж чийрэгжүүлдэг байв.

Бидний энд жишээ татаж байгаа цэцэн үгст залуу наснаасаа биеэ өнгөтэй өөдтэй явбал эрүүл энх байхын гадна хүн үргэлж залуу гоо сайхан явдаг тухай /залуу хүн биеийн өнгөөр хөгшин хүн хувцасны өнгөөр/ байгалийн элдэв үзэгдэлд биеэ дасган зохицуулж сурах /хайрам хүйтэнд хацраа хамгаал. Халаам наранд толгойгоо хамгаалах/ тухай товч цэгцтэй өгүүлжээ.

Монголын нууц товчоо номын 145 дугаар бүлэгт Алтан товч номын 27 дугаар талд Тэмүүжин тайчуудад баригдаад оргон зугатааж, Ононы гүнд орж хэвтээд баригдалгүй гарч байгааг өгүүлсэн нь монголчууд усанд эрмэг, их мөрний усанд боловч хөвөж чаддаг байсныг харуулж байна.

Де Карпини Монголчуудын түүх номын 23 дугаар талд “Тэд сүрхий тэвчээртэй, нэг хоёр хоног юу ч идээгүй хэрнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгддэггүй. Тэсгим хүйтэн, аагим халууны алинд ч морь унахдаа тун тэвчээртэй улс” Маркро Пологийн “Хорвоогийн элдэв сонин” номын ерөн наймдугаар бүлэгт “Тэд явган элч нар гаргаж, нэг элч нь гурван бээрийн /1 бээр -1,5км/ газрыг туулах бөгөөд ийнхүү буухиачлан гүйснээр хорин өдөрчийн газрыг хоёр өдөрт туулдаг байсан” гэх мэтээр монголчуудын бие бялдрын хүмүүжлийн талаар бичиж тэмдэглэсэн нь олонтаа.

ДҮГНЭЛТ

Өмнө өгүүлснээс дүгнэж хэлэхэд монголын ард түмэн Дорно дахины соёлт түмний дотор ариун цэврийн соёлын арвин баян сантай бөгөөд энэ их өвийг тусгайлан авч, нарийвчлан судалж, үр хүүхэддээ өвлүүлж үлдээх, уг өв соёлыг соёл иргэншлийн өнөөгийн түвшинд шинэчлэн баяжуулах нь бидний эрхэм үүрэг юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1870
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК