Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Хурууны хээний тэгш хэмт хослол ба оюутны сурах чадварын уялдаа
( Судалгааны өгүүлэл )

И.Пүрэвдорж

 

Байгалийн шинжлэлд тэгш хэмийг судлах асуудал чухал байрыг эзэлдэг. \5\. Гарын хурууны хээний тэгш хэмийг сонирхон судалсан ажлууд нэлээд байх \1,2,3\ боловч түүнийг физиологийн ямар нэгэн үзүүлэлттэй тухайлбал хүний бодох сэтгэх үйл ажиллагааны илэрхийлэл болсон сурах чадвартай холбон судалсан нь тун ховор бололтой.

Бид энэ удаагийнхаа судалгаагаар хурууны хээний тэгш хэмт хослолыг оюутны сурах чадвартай холбон судлах оролдлого хийлээ. Үүний тулд АУИС-ийн 4 дамжааны 547 оюутны гарын хээг авч адил хуруунуудад илрэх ижил хээний давтамжийг тэдний сурах чадвартай \3жил буюу 6 улирлын дүнгийн дундаж\ харьцуулан судалсан юм.

1-р хүснэгтээс харахад нуман \А\ хээний давтамж тэгш хэмт хослолын давтамж муу сурдаг оюутнуудад, ялангуяа энэ бүлгийн хүмүүсийн долоовор \35,29\, эрхий \21,56\, дунд \21,56\ хуруунуудад хамгийн өндөр илэрчээ. Ер нь А хээний тэгш хэмт хослолын ерөнхий давтамжийг авч үзэхэд оюутны сурах чадвар буурах тутам 1,33: 2,17: 4,66: 17,64: гэсэн эрэмбээр өссөн төдийгүй энэ үзүүлэлт муу сурдаг оюутны бүлэгт 17,64 хүрч байгаа нь онц сурлагатныхаас 13,3 дахин, сайн сурлагатныхаас 8,1 дахин, дунд сурлагатныхаас 3,8 дахин их байна.

Эрхий чигт гогцоо \R\ хээний тэгш хэмт хослол эрхий, дунд хуруунд огт илрээгүй бөгөөд ядам хуруунд онц \1,33\ ба сайн \0,41\ сурлагатны чигчий хуруунд сайн сурлагатны \0,41\ бүлэгт тун бага давтамжтай тохиолдож байна.

Харин R хээний тэгш хэмт хослол долоовор хуруун дээр судалгааны бүх бүлэгт хамгийн өндөр \7,84\ давтамжтай гарчээ.

Чигчий чигт гогцоо \U\-н хээний тэгш хэмт хослолын давтамж судалгааны бүх бүлэгт чигчий хуруун дээр хамгийн өндөр гарсан бөгөөд цаашид энэ үзүүлэлт дунд, эрхий, ядам долоовор гэсэн дараалалаар буурсныг Y>III>I>IY>II гэж томъёолон бичиж болох юм. Судалгааны тухайн бүлэг дэх U-хээний тэгш хэмт хослолын давтамж ихэнх тохиолдолд ойролцоо нэг түвшинд байгаа боловч муу сурлагатны бүлэгт долоовор хуруун дахь U хээний тэгш хэмийн давтамж эрс буурсан \1,96\ нь анхаарал татаж байна.

Угалзан хээ \W\-ний тэгш хэмт хослолын давтамж ядам хуруунд хамгийн өндөр цаашид эрхий, долоовор, дунд, чигчий \IY>I>II>III>Y\ гэсэн дараалалаар буурч байгаа нь гадаадын зарим судлаачдынхтай [2;3] дүйж байна. Түүнээс гадна оюутны сурах чадвар буурах тутам аль хуруунд илрэх W-хээний тэгш хэмийн давтамж мөн буурах зүй тогтол ажиглагдаж байв. Тухайлбал муу сурдаг оюутны бүлэгт ялангуяа чигчий \5,88\ долоовор \23,52\  дунд \19,60\ хуруун дээрх W хээний тэгш хэмийн давтамж бусад бүлгийнхээс эрс доогуур байлаа.

Тэгш хэмт хослолын нийлбэр үзүүлэлт чигчий хуруунд хамгийн өндөр байгаа бөгөөд судалгааны бүлэг тус бүрээр авч үзвэл онц сурлагатны бүлэгт I>IY>Y>III>II, сайн сурлагатны бүлэгт Y>IY>III>I>II, дунд сурлагатны бүлэгт Y>IY>III>I>II, муу сурлагатны бүлэгт III>I>II>Y>IY гэсэн эрэмбэ дараалалаар илэрч байна. Нийлбэр ерөнхий үзүүлэлт онц сурлагатны бүлэгт хамгийн өндөр /80,53/ цаашид сурах чадвар буурах тутам аажимхан буурсаар муу сурлагатны бүлэгт хамгийн бага /70,58/ түвшинд хүрсэн байна. /Я<0,01/

Ер нь хурууны хээний тэгш хэмийн давтамж нь хээний тархалтын ерөнхий зүй тогтолоо дагадаг ажээ. [4,6,8]. Нэгэнт тийм учраас оюутны сурах чадварт А ба R-хээ сөрөг W ба U-хээ эерэг нөлөөтэй гзсэн бидний өмнөх судалгааны [4] дүгнэлт энэ ажлаар давхар батлагдаж байна.

2-р хүснэгтэд судалгааны дөрвөн бүлэгт хамрагдсан хүмуүс чухам хэдэн хуруунд адил хээтэй байгааг хээний  хэлбэрийг үл харгалзан авч үзлээ. Үүнд 5 болон 4 хуруундаа тэгш хэмт хээтэй  xүмүүс  онц ба сайн сурлагатны бүлэгт зонхилж байгаа бөгөөд  ялангуяa 5 хуруундаа адил хээтэй  /100% тэгш хэм т/ хүний эзлэх хувийн жин оюутны сурах чадвартай уялдан онцоос муу руу 36,0; 33,83; 24,17; 21,55 гэсэн буурaх эрэмбээр өөрчлөгджээ.    Гэтэл 1 хуруундаа адил хээтэй  байх тохиолдол судалгааны аль ч бүлэгт ерөнхийдөө нэг түвшинд байгаа бөгөөд 2 хуруундаа адил хээтэй байх тохиолдол дунд /14,58/ ба муу / 21,56/ сурлагатны бүлэгт онц /8,0/ ба сайн /9,62/ сурлагатныхаас их байна. Өөрөөр хэлбэл хурууны

Хээний тэгш хэмт хослолын ерөнхий давтамж оюутны сурах чадвар хоёр шууд хамааралтай ажээ.

Бүх хуруундаа нэг төрлийн хээтэй байх явдал ховор тохиолддог \2,3\ бөгөөд ийм гарыг мономорф |1 | гэдэг. Бидний судалгаагаар дөрвөн бүлэгт мономорф гарын давтамж ямар байгааг 3-р хүснэгтээс харж болно. A ба R хээгээр мономорф гартай хүний тухай хэвлэлд бичсэн зүйл бидэнд тааралдаагүй. Гэтэл манай судалгаанаас дунд ба муу сурдаг оюутны бүлэгт бүх хуруундаа А –хээтэй хүн илэрсэн нь анхаарал татаж байна. U ба W хээгээр мономорф гартай хүмүүс хүн амын дунд тодорхой хэмжээгээр илэрдэг байна. Тухайлбал Т.Д.Гладскова \2:3\-ийн судалгаагаар угсаатны 6 бүлэгт U-хээний мономорф 2,88-4,72, W-хээний мономорф 1,37-6,69 хооронд хэлбэлзэж байжээ. Бидний судалгаагаар U-хээний мономорф онц, сайн, дунд, муу сурдаг оюутны бүлэгт 4,0:2,92:2,19:0, W хээний мономорф 9,33:11,29: 6,04:1,96 гэсэн давтамжтай илэрч байв. Өөрөөр хэлбэл сурах чадвар сайтай оюутнуудын дунд U ба W-хээний мономорфын давтамж өндөр байна. Харин U-хээний мономорфын ерөнхий давтамж 2,55, W хээнийх 8,40 байгаа нь Т.Д.Гладковагийн \2,3\ судалгааны үзүүлэлтэй дөхөж очжээ. Мономорфын ерөнхий давтамжийг сурах чадвараар нь ангилсан судалгааны бүлэг тус бүрт үзвэл 13,33, 14,22, 8,79, 0,92 байсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 11,33% нь бүх хуруундаа нэг төрлийн хээтэй болох нь ажиглагдлаа. \3-р хүснэгтнээс үз\

Хэрэв 11,33% гэсэн үзүүлэлтээр мономорф гартай монгол хүний давтамжийг төлөөлүүлж авбал онц ба сайн сурдаг оюутны дунд ийм хүмүүс элбэг тохиолддог бололтой.

  Дүгнэлт

  1. А ба R хээний тэгш хэмийн давтамж өсөх нь хүний сурах чадварт сөрөг нөлөө үзүүлж байна. 
  2. U-хээний тэгш хэмийн давтамж өсөх нь сурах чадварт ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд ялангуяа долоовор хурууны U тэгш хэмийн давтамж үүнд онцгой үүрэгтэй.
  3.  W хээний тэгш хэмийн давтамж оюутны сурах чадвар хоёр хоорондоо шууд хамааралтай байна.
  4. Сурах чадвар сайтай оюутны дунд олон хуруундаа тэгш хэмт хээтэй, мономорф гартай хүн илүү элбэг \ P<0,01\ тохиолдож байна.
Ном зүй

1. Волоцкой М.Б 1936. К вопросу о генетике папилярных узоров пальцее \\исследование 234 пар близнецов\\ - Труды Мед. Генет. ин-та им. М.Горького , т.4
2. Гладкова Т.Д 1961. Дерматоглифика некоторых северо- восточных народкостей СССр. Вопросы антропологии.вып.6
3. Гладкова Т.Д 1962. Явления симметрий а асимметрии у человека в признаках дерматоглифики – Вопросы антропологии вып. 10.
4. Пүрэвдорж.И 1993. Гарын хээ ба сурах чадварын хоорондын хамаарал – Монголын анагаах ухаан №2. 34-37.
5. Тарасов Л. 1992. Ертөнцийн тэгш хэмийн гайхамшиг
6. Түмэн Д. 1992 Антропология совретенного населения МНР. Дисс. Док.б.н
7. Cummins H. Midlo C. 1961 Finger Prints. Palms and Soles. An Introduction to Dermatoglyphics , Dover , New York
8. Loesch D.Z 1983. Quantitative Dermatoglypics Classification, Genetics and Pathology. Oxford Univ. Fress, Oxford
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 829
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК