Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Биемахбодын дотоод ертөнцийг жолоодогч
( Лекц )

Г.Сүхбат

АУИС-ийн физиолог тэнхимийн эрхлэгч, доц

 

Завсрын тархины үндсэн бүтцийн нэг гипоталамус нь эрхий хурууны хэмжээтэй ч бие махбодид гүйцэтгэх үүрэг нь хэмжээлшгүй их билээ.Хэрвээ гипоталамус өөрөө ярьдаг байсан бол дараах үгийг өчих байжээ: "Даруу зан гаргахгүй бие махбодид гүйцэтгэх өөрийнхөө үүргийг шууд хэлбэл их тархины гадраас бараг дутахгүй, Би хэмжээгээрээ том биш. Ердөөл эрхий хурууны дайтай. Гэвч надаас таны дотоод ертөнц, ажиллах чадвар хоол боловсруулах гээд бүхий л амьдрал чинь хамаарна. Их тархины гадар бие махбодод надаас илүү чухал байж болно. Гэхдээ их тархины гадар гавлын ясанд ойрхон байдаг учир ямар нэгэн бэртэлд амархан өртөнө. Гэтэл намайг байгалиас найдвартай газар хадгалжээ, Би гавлын яс, их тархины гадар, түүний цагаан бодис, гадрын дорхи зангилаанууд түүний харааны төвгөрийн /таламус/ доор нууцлагдаж байрладаг. Иймээс ч намайг гипоталамус /харааны доод төвгөр/ гэж нэрлэх болжээ.

Аристотелийн үеэс зүрхийг сэтгэдэг, дурладаг, ухаантай, сэргэлэн эрхтэн хэмээн олон үеийн турш түүнд яруу найрагчид шүлгээ зориулж ирсэн.  Харин  гипоталамус миний тухай ганц ч мөр байхгүй. Тэгвэл би бүх дотор эрхтэнүүдийг түүний дотор их бага эргэлтээр зөвхөн цус шахаж байдаг зүрхийг ч жолоодож байдаг шүү дээ. Гэвч үе улиран өнгөрөвч яруу найргийн ганц ч мөр миний тухай бичигдсэнгүй. Тэгтэл би биеийн дулааны хэм, нойрсох, сэрэх, өлсөх, цангах, болон ус эрдэс давс, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоог тасралтгүй зохицуүлж байдаг! Сэтгэл хөдлөлд оролцон дотоод шүүрлийн бүх булчирхайн, ялангуяа бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг удирддаг гэжээ. Нээрэн гипоталамус ярих завгүй их ажиллах үүрэгтэй.

Гипоталамус өөрийн гэсэн түүхтэй. Энэ зууны эхэнд гипоталамусын тухай анхны төсөөлөл бий болсон. Энэ жилүүдэд урьд өмнө  ойлгомжгүй байсан зарим өвчнүүдийг гипоталамусын гэмтэлтэй холбон тайлбарлах анхны оролдого хийгдсэн.

30-аад жилийн дараа гипоталамусын судалгааны дараагийн үе эхэлж, судалгааны нэлээд нарийн аргууд хэрэглэн түүний бөөмүүдийн байрлалыг тогтоож зургийг зохиож, түүний үйл ажиллагааны хямралын үед үүсэх өвчнүүдийн шинж тэмдгийг ялган тодорхойлжээ.

Орчин үед гипоталамусыг янз бүрийн чиглэлээр (филогенез, онтогенез, цахилгаан физиологийн, биохимийн, гистологийн туршин шинжлэлийн эмнэл зүйн) судлаж түүний тухай ихээхэн тодорхой ойлголттой боллоо.

Гипоталамус юуны өмнө бүх дотор эрхтэн дотоод орчныг нэгтгэн удирдаж, бие махбодын биохимийн болон физик химийн тзнцвэрийг вегетатив болон дотоод шүүрлийн тогтолцоогоор дамжуулан тохируулж байдгийг тогтоолоо.

Гипоталамус хөхлөг бие, төгсгөлийн хавтан, өнчин тархи юүлүүр бүхий саарал төвгөр гэх мэт өвөрмөц нэр бүхий хэсгүүдээс тогтдог.  Гипоталамусийн арын хэсэг харааны мэдрэлийн зөрлөгийн  арын ирмэгийг үүсгэдэг. Гипоталамусын беөмүүд тархины III ховдлыг тойрон саарал өнгө бүхий тусгай тархилаг бодис үүсгэн байрладаг бөгөөд үүнийг "төвийн бор бодис" гэж нэрлэдэг.

Гипоталамус ар талаараа нарийн завсраар зааглагдсан хагас бөмбөлөг хэлбэриийн хөхлөг биенцэртэй хил залгадаг. Гипоталамусын нэг хэсэг болох нимгэн хавтанцараас тогтсон бор төвгөр зугуухан нарийсч юүлүүр хэлбэртэй болох бөгөөд үүний төгсгөлд өнчин тархи - (гипофиз) туркийн эмээл дээр байрладаг. Гипоталамусын дээд хязгаар нь тархины III ховдлын ёроол болдог.

Гипоталамусын суурь болох бор бодис нь гол төлөв жижигхэн эсүүд бөгөөд эдгээр нь бөөгнөрөн 32 хос бөөмүүдийг үүсгэдэг.

Гипоталамусын урьд хэсгийн бүлэг бөөмүүд парасимпатик арын бүлэг нь симпатик, дунд хэсэг нь дотоод шүүрлийн үйл ажиллагаатай холбоотой. Гипоталамусын урьд хэсэгт супрахиазматик, супраоптик,  паравентрикуляр бөөмүүд, гипоталамусын урд талбай хамрагддаг. Гипоталамусын дунд дотор талын хэсэгт дотор талын /вентрикүляр/ арын дотор талын /дрозомедиаль/ бөөмүүд, юүлүүр хэлбэрийн бөөм, гипомаламусын арын талбайд ордог.

Гипоталамусын дунд-хажуугийн хэсэгт хажуугийн, тубераль хажуугийн бөөмүүд хамрагддаг. Гипоталамусын арын хэсэгт дотор болон гадна талын хөхлөг бөөмүүдэд ордог. Бөөм гэдэг нь сэртэн бүхий мэдрэлийн эсүүд бөгөөд үүгээр бие махбодын дотоод орчноос мэдрэлийн имьпулс ирж эсвэл вегетатив мэдрэлийн захын хэсгүүдэд дараа нь элэг, дэлүү, зүрх гэх мэтийн ажиллах эрхтнүүдэд мэдээлэл очиж байдаг.

Гипоталамуын  цусан хангамж тархины бусад хэсгээс зүйрлэшгүй их байдаг. Тухайлбал амьдралын чухал ач холбогдол бүхий их тархины гадрын харааны төвийн 1 кв.мм талбайд 900, биднийг орон зайд шилжүүлэх үүрэг бүхий тархины хөдөлгөөний төвд 440 бичил судас байдаг бол гипоталамусын параветрикуляр болон супрапотик бөөмийн 1 мм.кв талбайд 1650-2660 бичил судас байдаг ажээ. Үүний зэрэгцээ тархины артерийн бараг бүх үндсэн тогтолцоо гипоталамуст өөрсдийнхөө салааг илгээсэн байдаг. Энэ нь бидний дотоод ертөнцийн хамгийн чухал тохируулагч - гипоталамус, цусны эргэлтийн ямар нэг хямрал болоход, цус дутагдсанаас өөрийнхөө үйл ажиллагааг тасалдуулахгүйн түлд артерийн өөр тогтолцооноос цус хүлээн авах боломжийг бий болгодог.

Гипоталамус хангалттай цусан хангамжтай байхын зэрэгцээ өөр бас нэгэн онцлогтой. Энэ нь гипоталамусын зангилаат эсүүд судас хоёрын хооронд цусанд байгаа бодисыг нэвтрүүлдэггүй үүрэг бүхий глиозин давхрага байхгүйтэй холбоотой. Иймээс гипоталамусын судасны нэвтрүулэх чанар маш их байдаг.

Энэ нь юунд хэрэгтэй вэ? Энэ нь цуснаас гипоталамусын бөөмүүдэд даавар эрдэсийн болон бусад бодисуудыг хамгийн хурдан хялбар оруулж дотоод эрхтэн, тогтолцооны тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч байдаг. Ийнхүү гипоталамус цусны судасныхаа өвөрмөц нэвтрүүлэх чанарын тусламжаар ямар ч дамжууллагагүйгээр хэрэгцээ шаардлагыг хамгийн түргэн мэдэрч, өөрөөсөө шаардагдах бодисыг цусанд ялгаруулж эсвэл дотоод шүүрлийн холбогдох булчирхайнуудад тушаал өгч байдаг.

Гипоталамус тархины ховдлыг тойрон байрладаг тул түүгээр эргэлдэж байдаг тархи нугасны шингэнийг өөрийнхөө зорилгод ашигладаг. Энэ шингэн дэхь эрдэс давс, даавар энзим, глюкозын концентраци бараг өөрчлөгдөхгуй шахам тогтмол байдаг. Хэрвээ бие махбодын ямар нэгэн хэсэг хямарч тархи нугасны шингэнд өөрчлөлт гарвал гипоталамус тэр дор нь мэдэрч өөрөө болон дотоод шүүрлийн булчирхайгаар дамжуулан засаж залруулдаг.

Гипоталамусын бие махбодод гүйцэтгэх олон төрлийн үүргийг судлаачид түүний янз бүрийн хэсэгт электрод суулган цочроох, гэмтээх аргаар тогтоожээ.

Тухайлбал туршлагын амьтны гипоталамусын урд хэсэгт электрод оруулахад цусны даралт буурч, амьсгал удааширч, харин арын хэсэгт оруулахад цусны даралт мэдэгдэхүйц нэмэгдэж амьсгалын too 1 минутанд 120-140 хүртэл нэмэгдэнэ. Мөн үүний зэрэгцээ дээрх бүтцүүдийг цочрооход судас давсаг, гэдэсний ханын булчингийн агшилт суларч, чангарч байгаа нь тогтоогджээ.

Туршлагын нохойны гипоталамусыг гэмтээхэд маш их хэмжээгээр шээж, шингэн алдсанаас болж харангадаж байгааг эрдэмтэд натрийн солилцоог зохицуулдаг гипоталамусын супрраотик бөөмтэй холбоотой гэж үзлээ. Гипоталамусын  дунд хэсгийг цочрооход ихээхэн хэмжээгээр таргалан биеийн жин 50% хүртэл нэмэгдэн  бэлэг эрхтний үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурчээ.

Гипоталамусын урд хэсгийг цочрооход туршлагын амьтны биеийн температур буурч, арын хэсгийг цочрооход ихэсжээ. Ийнхүү бодисын солилцооны бүх хэлбэрүүд /уураг, өөхтос, ус, эрдэсийн, дулааны/ гипоталамусаар зохицуулагддаг болох нь харагдаж байна.

/Гипоталамусын юүлүүр хэлбэртэй/ хэсгийн гэмтээхэд болон, саатуулах үйлчилгээтэй эмийн бодис /кальци хлорид/ энэ хэсэгт хийхэд туршлагын амьтан хэд хоногоор үргэлжлэн удаан хугацаагаар нойрсжээ. Хүчтэй нойрсуулах үйлчилгээтэй барбитүритын хүчлийн төмрийн давсыг венийн судсанд хийж хэдэн цагийн дараа гипоталамусыг шинжилж үзэхэд түүний бор бодис уг давсыг маш ихээр шингээсэн болох нь тогтоогдлоо. Энэ гипоталамус бие махбодын нойрсох сэрүүн байх үйл явцад оролцдог  болохыг харүулжээ.

Гипоталамусын дунд хэсгийн хоёр хажуу талыг гэмтээхэд түршлагын амьтан хоол идэхээ больчихжээ. Үүнд үндэслэн гипоталамусын вентромедиаль бөөмд цадахын төв байгааг тогтоосон байна. Харин гипоталамусын хажүугийн бөөмийг цочрооход хоол эрж хайн идэж эхэлжээ. Ийнхүү гипоталамус өлсөх цангах мэдрэхүйг зохицуулахад оролцдог ажээ. Эрүүл амьтанд энэ хоёр төв нь харилцан тэнцвэртэй ажилладаг. Ямар нэг эмгэгийн үед энэ төвүүдийн үйл ажиллагаа алдагдвал тааламжгүй үр дагавар илэрдэг. Хэрвээ өлсөхийн төв хэт давамгайлж ажиллавал байнга маш их идсэнээр /гиперфаги/ жин нэмэгдэж таргалан янз бүрийн өвчин тухайлбал зүрх судасны өвчин үүсгэж болно. Хооллох төвийг зохицуулах өвөрмөц механизм цусны чихэрлэг бодисын глюкозын хэмжээнээс хамаардаг. Цусны чихэрлэг бодисын хэмжээ ихсэхэд гипоталамусын цадахын төв сэрэлд орж өлсөхийн төв сааталд ордог бол харин цусны глюкозын хэмжээ багасахад үүний эсрэг үйл явц өрнөдөг.

Гипоталамус сэтгэл хөдлөлийн механизмд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гипоталамус лимбийн тогтолцооны хамт сэтгэл хөдлөл үүсэн бүрэлдэх, илрэх нарийн үйл явцыг жолоодоход оролцдог. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл үүсэн бүрэлдэх "хамаг хар бор ажил" гипоталамусын оролцоотойгоор хэрэгждэг гэж үздэг. Энэ үйл явц чухам яаж хэрэгждэг вэ?

Биохимич Кенноный онолоор их тархины гадраас харааны төвгөрт /таламус/ үзүүлэх саатуулах нөлөө буурахад, сэтгэл хөдлөлийн сэрэл бий болно гэж үзжээ. Үнэрлэхээс бусад мэдрэхүйн сэрлийг цуглуулан  их тархины гадарт хүргэдэг харааны төвгөрт мэдрэхүйн сэрэл хоёр хэсэг болон хуваагддаг. Нэг хэсэг нь шууд их тархины гадрын мэдрэхүйн хэсэгт очиж хүртэхүй бий болгоно. Харин нөгөө хэсэг нь шууд гипоталамуст очиж эндээс дахин таламус болох хөгшин тархинд очиж сэтгэл хөдлөлийн механизмд оролцдог. Их тархины гадар, таламус ерөнхий мэдрэхүйг бий болгож байхад гипоталамус бие махбодын "дотоод ертөнцийг" биохимийн болон вегетатив үйл ажиллагааг хариуцдаг. Иймээс гипоталамус дээд төвүүдийн хяналтаас чөлөөлөгдөн янз бүрийн вегетатив үйл ажиллагаануудыг оролцуулан /зүрхний цохилтыг олшруулах цөөрүүлэх, нүүр улайх цайрах, уурлах, баярлах гэх мэтээр\ сэтгэл хөдлөлийг жолоодож байдаг.

Гипоталамус сэтгэл хөдлөлийг жолоодохдоо тааламжтай тааламжгүй байрлал бий болгох зарчмаар ажилладаг. Үүнээс үүдэн зарим эрдэмтэд гипоталамусын тамын болон диваажингийн төв гэж нэрлэдэг. Судлаачид туршлагын амьтны гипоталамусыг цахилгаанаар цочрооход уцаартай болдгийг тогтоожээ. Харханд ийм төв нэлээд хэдэн газар байх боловч ихэвчлэн гипоталамусын дунд хэсэгт байдаг гэжээ. Энд тамын болон диваажингийн төв хоёулаа байдаг. Үүнтэй уялдан ямар нэгэн мнсууруулах бодисонд автах, архичин болох үйл явц гипоталамустай холбоотой байх боломжтой гэжүзэх боллоо. Өөрөөр хэлбэл хүн ямар нэгэн бодис хэрэглээд түүнд тааламжтай санагдвал дахин хэрэглэх хүсэл эрмэлзэл бий болдог. Иймээс ч хар тамхичин болсон архаг архичин болсон хүмүүсийг ирээдүйд эмчлэх цоо шинэ боломж гидоталамустай холбоотой гарч иржээ.

П.К.Анохины нэрэмжит Эрүүл физиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд архичин болохын физиологийн механизмыг судлах ажилд цоо шинэ чиглэл гаргалаа. Академич П.К.Анохин биологийн дур хүсэл бүрэлдэн тогтох “жолоодлоготой”  лейсмекер зарчмын тухай таамаглал дэвшүүлж, энэ онолыг түүний шавь академич К.В.Судаков \уг хүрээлэнгийн захирал\ хөгжүүлжээ.

Энэ онол ёсоор гипоталамусын тусгай эсүүд өлсөх, цангах гэх мэтбие махбодын биологийн хэрэгцээний тухай мэдээлэлийг тархинд бий болгодог ажээ. Хэрвээ гипоталамусын эдгээр эсүүдийг гэмтээвэл туршлагын амьтан хоолны дэргэд хэвтэж буй атлаа өлсөхөө мэдэхгүй өлбөрч үхдэг байжээ. Харин өлсөхийн төвийг цахилгаанаар цочроовол хичнээн цатгалан байлаа ч цадахаа мэдэхгүй хоол иддэг болно.

Ийнхүү дур хүсэл үүсэн бүрэлдэхэд “жолоодох “ төвийн тухай төсөөлөлд үндэслэн бие махбодид олон дахин ороход гипоталамус “мейсмекер” төвийг зохиомлоор сэдээж уураг тархи тухайн дур хүслийг тасралтгүй гүйцэтгэхийг шаардаж эхлэнэ гэж эрдэмтэд таамаглалаа. Энэ таамаглал олон удаагийн туршилтаар батлагдана. Үүний зэрэгцээ дээр дурдсан бодисууд биемахбодод олон дахин орсноор байгалиас заяасан биологийн дур хүслийг хариуцсан “жолоодох” төвийн шинж чанарыг өөрчилдөг гэж үзлээ. Тухайлбал П.К.Анохины эрүүл физиологийн эрдэм шинжшлгээний хүрээлэнд цангах төвийн суурин дээр архичин болох дур хүсэл үүсэн бүрэлддэг болохыг тогтоолоо. Архичин болсон туршлагын харх усны оронд 20%-ын спирт уудаг болжээ. Энэ хархны цангах төвийг гэмтээхэд архинаас гарсан байна. Энэ нь архичин хүмүүсийг эмчлэх шинэ боломжийг эмч нарт нээж өглөө. Гэхдээ амьдралд практикт тархины тодорхой төвийг гэмтээх нь маш нарийн ажиллагаа шаардах амаргүй ажил. Иймээс ч энэ хүрээлэнгийн эрдэмтэд өөр зам эрж хайжээ.

Хэдхэн аминхүчлээс тогтох пептид хэмээх биологийн идэвхт бодис гипоталамусын үйл ажиллагаанд нөлөөлдөг болох нь тогтоогдсон билээ. Зарим пептид архичин болох дур хүслийг ихэсгэж байхад нөгөө хэсэг нь уг бодисын үйлчлэлд тэсвэртэй болгодог ажээ.

Тухайлбал, ангиотензины тодорхой анологийг архичин болсон хархны тархинд хийж өгөхөд 2-3 долоо хоногын турш архинаас гаргаж чаджээ. Тэр ч байтугай тухайн бодисыг нүдний салст бүрхэвчинд дусаахад дээрхийн адил үйлчилгээ илэрчээ. Үүний механизм хараахан тайлагдаагүй байна. Энэ бүхнийг хүнд эмчилгээний зорилгоор хэрэглэн хараахан болоогүй ч нийгэмд аюултай занал учруулж буй архидан согтуурах эмгэгийг эмчлэх цоо шинэ боломжийг нээж байна гэсэн үгээ.

Гипоталамус бие махбодын дотоод ертөнцийг зохицуулахын зэрэгцээ биохэмнэлийн үйл явцад идэвхтэй оролцдог.

Хүний бие махбодын үйл ажиллагаа \цусны даралт, зүрхний цохилт, амьсгал, хөдөлгөөн гэх мэт\ байнгын өөр өөрийн хэмнэлээр ажилладаг. Бие махбодын энэхүү хэмнэл нь нарийн нийлмэл тогтолцоо юм. Бие махбодын энэхүү тогтолцоог түвшингээр нь гурван бүлэг болгон хуваадаг.

а\ Дотоод орчны биологийн цаг- дотоод орчны \ цус, тунгалаг, тархи нугасны болон эс завсрын шингэн үзүүлэлтүүд нарын идэвхжил, жил, сар, хоногоос хамаарах биохэмнэл

б\ Зах хязгаарын биологийн цаг тодорхой эд, эс, эрхтний түвшинд явадах биохэмнэл

в\ Физиологийн бүх үйл явцыг зохицуулдаг их тархины гадарт биохэмнэлийн гуравдахь цаг байрладаг. Энэ гурав цаг өөр хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд үүнд гипоталамус хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гипоталамус бие махбодын дотоод ертөнцийг тодорхойлохын зэрэгцээ энэ тухай мэдээллийг тодорхой хугацааны хэмнэлттэйгээр их тархины гадарт мэдээлж байдаг. Үүний зэрэгцээ их тархины гадар гипоталамусаар дамжуулан дотоод эрхтэнүүдэд тушаал өгч хооллох ундлах, унтах, амрах гэх мэтийн физиологийн үйл ажиллагааг хүрээлэн буй орчинтой нь тохируулан явуулах \нөхцөлт\ рефлекс үүсгэдэг.

Дотоод орчны тухай мэдээлэл их тархины гадарт очиж чадахгүй тохиолдолдбиохэмнэлийн цаг хямардаг. Тухайлбал мэс заслын хагалгааны үед өвчин намдаах эм хэрэглэхэд хүний цаг хугацааг тооцон үнэлж цэгнэх чадвар алдагддаг.

Тархинд ялангуяа гипоталамуст нөлөөлөх гэрлийн нөлөө биохэмнэлд нэн чухал ач холбогдолтой. Мэдрэлийн шүүрэл ялгаруулдаг гипоталамусын өвөрмөц эсүүд өдрийн уртын жолоодлоготой бөгөөд жилийн нарийн мөчлөгтэй байдаг ажээ.

Нүдэнд туссан нарны гэрэл гипоталамуст шууд нөлөөлдөг. Эндээс өнчин тархинд нөлөөлөн бие махбодын дотоод шүүрлийг ихэсгэж багасгаж байдаг. Хоногийн биохэмнэл биемахбодод орчиндоо дасан зохицох хамгийн тохиромжтой бололцоо олгодог. Биологийн үйл явцын хоногийн хэмнэл био цаг уураар ялангуяа нарны цацрагаар тодорхойлогддог.

Гипоталамус биемахбодын дотоод эрхтний үйл ажиллагааг эргэх холбооны зарчмаар хоёр үндсэн замаар зохицуулдаг. Нэгдүгээрт дотоод шүүрлийн дааврын үйл ажиллагааг оролцууан цусны физик химийн найралгын өөрчлөлтөөр, хоёрдугаарт нь арьс, мэдрэхүйн болон дотоод эрхтэнүүдээс очих мэдрэлийн сэрлээр. Энэ сэрэл эхлээд харааны төвгөрт дараа нь их тархины гадарт очдог. Харааны төвгөрөөс сэрэл их тархины гадарт очихын зэрэгцээ мөн гипоталамуст очно.

Зарим эрдэмтэд гипоталамуст симпатик болон парасимпатик хэсгийг тус тусд ялгавартай зохицуулдаг хэсэг байхгүй. Харин биологийн идэвхт бодисын концентраци цочролын эрчмээс хамааран симпатик заримдаа парасимпатик үйл ажиллагаа илэрдэг гэж үздэг. Эдгээр эрдэмтэд гипоталамус өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн хоёр үндсэн хэсгээс тогтоно гэжээ.
Өвөрмөц хэсэгт нь урд болон дунд хэсэгт нь байрлах хоёр төрлийн өвөрмөц хэсгүүд байдаг ажээ. Нэг хэсэг нь дотоод шүүрлийн үйл ажиллагаа, цусны
найрлага, цусны даралт гэх мэт дотоод орчныг хянах радиолокаторын үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө эсүүд нь мэдрэлийн болон булчирхайн үүрэг гүйцэтгэн чөлөөлөх хүчин зүйл хэмээх тусгай шүүрэл ялгаруулах чадвартай. Энэ шүүрэл мэдрэлийн эсийн аксоноор /гипоталамус-өнчин тархийг холбосон замаар/ дамжин өнчин тархины урд болон дунд хэсэгт очдог. Энэ чөлөөлөх хүчин зүйлийн нөлөөгөөр өнчин тархи тэжээн тэтгэх үйлчилгээтэй олон төрлийн дааврууд ялгаруулж байдаг.

Гипоталамусын арын хэсэг нь өвөрмөц бус эсүүд бөгөөд уүнийг тархины  баганын торлог байгууламжийн   маш нарийн зохион байгуулалттай хэсэг гэж үздэг. Иймээс ч гипоталамусын зарим бүтэц лимбийн тогтолцоо болон тархины баганын торлог байгууламжинд хамаардаг. энэ нь гипоталамус      өөрийн үйл ажиллагаагаа явуулахад нэн тохиромжтой. Тухайлбал, лимбийн тогтолцоогоор дамжуулан сэтгэл хөдлөл, зан төрхөд, торлог байгууламжаар их тархины гадарт тус тус нөлөөлхийн зэрэгцээ өөрийнхөө хөршөөс мэдээлэл хулээн авах боломжтой.

Гипоталамус дотоод орчны тогтмол байдлыг хадгалан гадаад орчиндоо дасан зохицоход гол үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодын орчиндоо дасан зохицох үйл явц гипоталамус вегетатив мэдрэлийг хэрхэн жолоодохоос хамаарна.

Вегетатив мэдрэлийн парасимпатик хэсэг "шаардлагатай үед" биемахбодын тэжээн тэтгэх зорилгоор хэрэгцээтэй бодисыг нөөцлөн хадгалж, нийлэгжүүлж байдаг. Симпатик мэдрэл гипоталамусийн тушаалаар биемахбод хүрээлэн буй орчны өөрчлөлтөөр дасан зохицох боломж бүрдүүлж нөөцөнд байгаа цусыг урсгалд оруулж, гуурсан хоолойг өргөсгөн өтгөн шингэн ялгарах үйл явцыг саатуулдаг .

Гипоталамус биемахбодын мэдрэл шингэний зохицуулгыг нэгтгэн зангидах төв болдог.

Гипоталамус дотоод орчны тухай мэдээлэлийг хүлээн авч мэдрэлийн сэрэл болгон хувиргаж их их тархины гадар болон бусад төвүүдэд илгээдэг. Эсвэл эдгээрээс мэдрэлийн сэрэл хүлээн авч биемахбодын шингэн орчинд ойлгогдох хэлээр дахин хөрвүүлдэг. / даавар, энзим, эрдэс давс болон бусад бодисын концентрацийг өөрчлөх замаар/ Гипоталамус янз бүрийн эрхтэн, тогголцоотой хэд хэдэн сувгаар харьцдаг. Мэдрэлийн ширхэгээр болон өөрийн шүүрлээр дамжуулан шууд бус замаар харьцахын ззрэгцээ, дотоод шүүрлийн булчирхайнуудад шууд нөлөөлдөг. Гипоталамус өнчин тархиар дамжуулан дотоод шүүрлийн булчирхайнуудыг эргэх холбооны зарчмаар удирддаг.

Гипоталамусийн урд хэсгийн 10000 мэдрэлийн ширхэг өнчин тархины арын хэсгийн удирдаж байдаг. Гипоталамусын супраоптик, паравентрикул бөөмүүдээс "чөлөөлөх хүчин зүил" хэмээх шүүрэл ялгаран гарч өнчин тархинь урд хэсэгт очиж эндээс ялгарах "тэжээн тэтгэгч" гэж нэрлэгдэх даавруудыг зохицуулдаг. Тухайлбал өнчин тархинаас адренокортикотроп дааврууд ялгаран бөөрний дээд булчирхайд нөлөөлж үрэвсэл, харшил    эмзэгшлийн эсрэг үйлчилгээ бүхий кортикостероид даавруудыг ялгаруулдаг, Өнчин тархины тиреотроп дааврууд бамбай булчирхай, фолликул идэвхжүүлэх дааврууд эмэгтэй хүний өндгөн эсийн фолликул, эрэгтэй хүний үрийн сувгийн хучаас эдийн өсөлтөд өсөлтийн дааврууд эд эрхтэний өсөлтийн бүсэд тус тус нөлөөлдөг. Ийнхүү гипоталамусын нөлөөгөөр идэвхжсэн өнчин тархины "тэжээн тэтгэгч" дааврууд зах хязгаарын дотоод шүүрлийн булчирхайнуудад шууд нөлөөлж болно, Ер нь гипоталамусын мэдрэлийн шүүрэл хэд хэдэн замаар биемахбодод нөлөөлдөг. Шууд цусанд эсвэл тархи нугас шингэнд орох замаар 'мөн  мэдрэлийн ширхэгээр дамжин өнчин тархины арын хэсэгт очих замаар.

Гипоталамусын эсүүдийг хоёр үндсэн бүлэг болгон хувааж болно. Нэг нь шүурэл ялгаруулдаг  эсүүд. Энэ эс мэдрэлийн эс шиг аксон, дендрит их бие гэсэн хзсгээс тогтохын зэрэгцээ, шүүрэл ялгаруулах өвөрмөц мөхлөгтэй. Нөгөө хэсэг нь ердийн мэдрэлийн эсүүд бөгөөд өгсөх уруудах замууд үүсгэж гипоталамусийг мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдтэй холбож өгдөг. Гипоталамусийн дээр дурьдсан бүх үйл ажиллагааг ерөнхийд нь нэгтгэн дүгнэж үзвэл бие махбодын дотоод ертөнцийг гурван үндсэн аргаар жолоодож байна. Үүнд:

  1. Мэдрэлийн замаар / сэрэл илгээх/
  2. Шингэний замаар / мэдрэлийн шүүрлээс цус болон тархи нугасны шингэнд ялгаруулж/
  3. Дааврын замаар /өнчин тархинд шууд нөлөөлж/

Гипоталамусийн мэдрэлийн холбоо өгсөх / афферент/ уруудах / эфферент/ хоёр замаар хэрэгждэг. Өгсөх замаар гипоталамус эд, эрхтэн тогтолцооноос мэдээлэл хүлээн авч, уруудах замаар тархины зэргэлдээ хэсгүүдэд болон вегетатив төвүүдээр дамжуулан дотоод эрхтэнүүдэд нөлөөлдөг .Энэ нь гипоталамус зөвхөн дотоод ертөнцийн жолоодогч төдийгүй гадаад ертөнцтэй нягт уялдаа холбоотой болохыг харуулж байна. Тухайлбал гадаад ертөнц үнэрлэхийн мэдрэхүйгээр дамжуулан гипоталамуст мэдээлэл илгээж байдаг. Тэгвэл үнэрлэхийн мэдрэхүй нь зан төрх, вегетатив үйл ажиллагаа, хоолоо эрж хайх, сонгох, дайснаас зугтан зайлах гэх мэтийн амьдралын нэн чухал үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой. Үүний зэрэгцээ таламус болон гипоталамуст харааны мэдрэхүйн замаар байнга гадаад ертөнцийн тухай мэдээлэл ирж байдаг

Мөн таламусаас температурын, даралтын, хүрэлцэх шүргэх гэх мэт бүх мэдрэхүйн сэрэл гипоталамуст ирдэг ажээ. Ийнхүү гадаад дотоод ертөнцийн бүх мэдээлэл гипоталамуст цуглардаг гэсэн үгээ.  Үйлдэл төрхийг удирдан зохицуулж, хүссэн үр дүнг үнэлж цэгнэн, алдааг завсарлаж байдаг их тархины гадрын духны хэсэгтэй гипоталамус шууд харьцаатай байдаг.

Гипоталамус зфферент замаараа эрхтэн тогтолцоонуудыг удирддаг. Өөрөөр хэлбэл уртавтар тархи торлог байгууламжаар дамжуулан бүх дотор эрхтнүүдэд тушаал өгөн удирдаж байдаг. Гипоталамус дунд тархины дөрвөн төвгөртэй холбоотой учир бие махбодын баримжаалан хамгаалах рефлекст үйл ажиллагаанд оролцдог. Гипоталамусын дээр дурдсан олон талын холбоо нь бие махбодын гадаад дотоод хэрэгцээг үнэлэн хариу үзүүлэх боломж олгож байна. Ийнхүү гипоталамус их тархины гадарт захирагдан бидний бие махбодын бүхий үйл ажиллагааг дотоод боломжоор тохируулж дайчилж байдаг дээд зэргийн жолоодогч болдог ажээ.

Ном зүй

1. Г. Дашзэвэг Зүрх судас сэтгэл хөдлөл УБ 1977, 118х
2. Т.Иванов Гипоталамус накладывает табу , Мед, газета , 1990
3. Серия медицины , 1979, №6, 64с
4. Д.Хюбел , Ч.Стивенс и др , Мозг М 1984 , 278с
5. Физиология человека \\\\ Под . ред . Р.Шмидта , Г.Тевса \\\\ М 1985 т.1, 267с
6. Moniration in functional systems ( Ed. by K.V.Sudakov , D. Ganten at.el) Gordon and breach Science Publishers 1987, 378.p.p)
7. Richard F.Thompson Introduction to biopsychiology San francisko 1973, 183p.p
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5120
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК