Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ ба хөгжлийн байгууллагаас гаргасан асуултын дагуу Монгол Улсын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны байдлыг үнэлсэн нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Бурмаа1, Э.Эрдэнэчимэг2, В.Хадхүү3, П.Отгонбаяр4, И.Болормаа2, Г.Наранцэцэг5, С.Энхболд1

1Эрүүл мэндийн яам, 2Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 3Анагаах ухааны хүрээлэн, 4Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв, 5Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн корпораци

 
Абстракт

Abstract. The issue of health research system analysis in developing countries had been discussed extensively at different levels and an assessment methodology had been developed: Geneva (Jul, Oct 2001), Global Forum for Health Research (Oct 2001), Bali (Nov 2001), London (Jan 2002), Geneva (May 2002), Bangkok (Jun 2002), Geneva (Jun 2002), Kuala Lumpur (Jul 2002), Geneva (Oct 2002), Arusha (Nov 2002).

Definitions. Health research system is defined as “The people, institutions, and activities whose primary purpose is to generate high quality knowledge that can be used to promote, restore, and/or maintain the health status of populations. It can include the mechanisms adopted to encourage the utilization of research” [1].

Goal of HRSA. To assess the current status of the national health research system.

Materials and methods. Four countries of the Western Pacific Region, namely Vietnam, Cambodia, Mongolia and Philippines were selected as HRSA sites during a Consultative Meeting on Health Research held in Manila in October 2005. Official representatives of the Ministries of Health of the selected countries, who attended the meeting, were contracted and appointed as principal investigators for the HRSA.

An informal consultative meeting was held with the purpose of formulating HRSA objectives and methods in Penang, Malaysia in May 2006. Following this consultation, a guide was produced which recommended country teams to hold formal and informal meetings to inform stakeholders about the purpose and importance of HRSA. Official letters requesting support for the assessment exercise were sent to the Ministries of Health and WHO Resident Representatives.

The composition of a research team to carry out the National Health Research System Analysis in Mongolia was approved by the Order of the Minister of Health # 78 of 2006. The team members completed the preparatory work and assessment in accordance with the approved work plan. The research team convened six times to adapt the assessment tools, to discuss the assessment methods and to submit the assessment findings to the meeting of the Science and Technology Committee of the Ministry of Health. Data collection was completed between August
1, 2006 and October 1, 2006.

Assessment tools. Health research system review was carried out in compliance with COHRED Framework on National Health Research Systems Analysis. The scope of the review included 17 questions.

Pp. , References 20
Key words: national health research system, science and technology,

Үндэслэл. Хөгжиж байгаа орнуудын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоонд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх асуудлыг сүүлийн жилүүдэд олон удаа янз бүрийн түвшинд хэлэлцэж арга зүйг боловсруулсан байна: Женев (2001.7,10 сар), Дэлхийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чуулган ДЭМЭШЧ (2001.10), Бали (2001.11), Лондон (2002.1), Женев (2002.5), Бангкокк (2002.6), Женев (2002.6), Куала Лумпур (2002.7), Женев (2002.10), Аруша (2002.11).

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоо (ЭМЭШТ) гэдэг нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах үүднээс эрүүл мэндийг дэмжих, сэргээн засах, хамгаалахад ашиглах өндөр чанарын мэдлэгийг бий болгохыг нэн тэргүүний зорилгоо болгосон хүмүүс, эрдэм шинжилгээний хүрээлэн, үйл ажиллагааны цогцыг хэлнэ. Эрдэм шинжилгээний үр дүнг ашиглахыг дэмжихэд чиглэсэн механизмыг үүнд хамааруулж болно [1] .

“Үндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны судалгаа” (ҮЭМЭШТС) санаачлагын зорилго нь ЭМЭШТ-г бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд өөрийн эрдэм шинжилгээний тогтолцоонд дүн шинжилгээ хийж тайлбарлах нөхцлийг бүрдүүлэхэд ашиглах үнэлгээний аргазүйг боловсруулах явдал бөгөөд ЭМЭШТС санаачлагын ач холбогдол нь:

  • Улс орнуудыг ЭМЭШТ-г тайлбарлах, үнэлэх арга зүйгээр хангах
  • Эрүүл мэнд болон эрүүл мэндийн тэгш байдлыг сайжруулахад ЭМЭШТ-ны хувь нэмрийг зөв ойлгох (тодорхойлох) нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нотолгоонд суурилсан дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх
  • ЭМЭШТ-г бэхжүүлэх нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Судалгааны зорилго. Yндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны байдлын зураглал гаргах

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Судалгааны зохион байгуулалт. Номхон Далайн Баруун Бүс (НДББ)-ийн Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний зөвлөх хороо (ЭМЭШЗХ)-ны чуулган (2005 оны 10 дугаар сар, Манила)-ы үеэр бүсийн 4 орон (Вьетнам, Камбожи, Монгол, Филиппин)-ыг эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны үнэлгээнд хамруулахаар сонгосон. ЭМЯ-дын зөвшөөрөлтэйгөөр тус чуулганд дээрх орнуудаас оролцсон төлөөлөгчдийг энэхүү үнэлгээний гол судлаачаар томилж, зарчмын судлаачидтай гэрээ байгуулсан юм. Судалгаа (үнэлгээ)-ны зорилго, аргазүйг тодруулах зорилгоор албан бус зөвлөлдөх уулзалт (2006. оны 5 дугаар сарын 8-11, Пенанг, Малайз)-ыг зохион байгуулж, зөвлөлдөх уулзалтаас удирдамж гаргасан. Энэхүү удирдамжийн дагуу судалгаанд оролцогч улсын багууд нь судалгааны зорилго, ач холбогдлын талаар өөр өөрийн оронд албан, албан бус уулзалтууд хийхийг зөвлөмж болгож, судалгааг дэмжих талаар ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчдөд албан захиа ирүүлсэн болно.

Судалгааны арга, хэрэгсэл. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ ба хөгжил (ЭМЭШбХ)-ийн зөвлөл (COHRED)-ийн тойм судалгааг дараах асуултуудын дагуу хийв.

1. Эрдэм шинжилгээний тодорхой бүтэц буюу механизм

2. Үндэсний Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний удирдлага, зохион байгуулалт

3. ЭМЯ-ны Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний газар, удирдлага

4. Үндэсний Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний төлөвлөгөө

5. Үндэсний Эрүүл Мэндийн тэргүүлэх чиглэл

6. Үндэсний Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний тэргүүлэх чиглэл

7. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний талаарх хууль эрх зүйн орчин

8. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний үнэт зүйл

9. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний зорилго (хүслийн, эрхэм)

10. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний тогтолцооны хяналт, үнэлгээ

11. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний ёсзүй

12. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээ ба судалгааны үр дүнгийн ашиглалт

13. Гадаадын эрдэм шинжилгээний үр дүнг өөрийн оронд шилжүүлэн ашиглах тогтолцоо

14. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний тогтолцооны үүрэг:

14.1. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг түгээх

14.2. Бодлого боловсруулахад оролцох

14.3. Бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх

14.4. Бодлого, шийдвэрийн эрүүл мэндэд үзүүлж буй үр ашгийг тооцох

15. Тухайн улс Эрүүл мэндийн тогтмол мэдээлэл цуглуулах тогтолцоотой эсэх

16. Эрүүл мэндийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх тогтолцоо

17. Сангийн Яаманд эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж бий эсэх

Энэхүү тайлбарыг хийхдээ тус улсын эрдэм шинжилгээний тогтолцоонд мөрдөж буй хууль эрх зүйн болон холбогдох баримт бичгийг ашиглав.

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ:

1. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны тухай тайлбар бэлтгэх.

  • Холбогдох хууль,
  • УИХ, Засгийн Газрын тогтоол
  • Ном, товхимол, тайлан
  • Эрүүл мэнд, Боловсрол Соёл Шинжлэх Ухаанысайдын тушаалуудыг ашиглав.

Үндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны зураглал

ЗАХИРГАА БА УДИРДЛАГА

Үндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны бүтэц, удирдлагын механизм:

Монгол улсад шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулж, баталгаажуулах, хэрэгжилтийг авч үзэх, шинжлэх ухаан, технологийн бодлого чиглэлийг тодорхойлох, төсвийг зохицуулах үндсэн үүрэг бүхий үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд ажиллах бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг. Үүний дагуу 2005 оноос яамдын дэргэд шинжлэх ухаан, технологийн орон тооны бус зөвлөл ажиллаж байна. Зөвлөлийг яамны дэд сайд даргалдаг, бүрэлдэхүүнийг сайдын тушаалаар баталж мөрддөг. Энэ зөвлөлийн үүрэг нь яамдын захиалгаар хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төсөлт ажлын захиалгыг хэлэлцэн, сонгон шалгаруулах, төсөлт ажлын үр дүнг хэлэлцэн хүлээж авах, эрүүл мэндийн шинэ технологийг нэвтрүүлэх, технологийн үнэлгээ хийх талаар холбогдох асуудал, үнэлгээ хийх технологийн хүрээг тодорхойлох зэрэг шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Монгол улсад шинжлэх ухаан, технологийн ажлыг удирдах төрийн захиргааны төв байгууллага нь БСШУЯ бөгөөд Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажил ч эндээс нэгдсэн зохицуулалттай байдаг. Түүнчлэн Эрүүл мэндийн яам нь Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний асуудал  хариуцсан нэгжтэй. Энэ нэгж нь тус яамны бүтэц, зохион байгуулалтын онцлогоос хамааран Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийн газарт харъяалагдан ажилладаг. Эрдэм шинжилгээний ажлын бодлогын хувьд төрийн нэгдсэн шийдвэрээр зохицуулагддаг. Тухайлбал социализмын үед судалгаа шинжилгээний ажил нь улс орныг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний нэг хэсэг болон батлагдаж хэрэгжүүлж байсан бол 1980-д оны сүүлээс шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр хийгдэж байна. Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг. Хамгийн сүүлд энэхүү журмыг шинэчлэн 2005 онд Засгийн газрын 143 дугаар тогтоол [2]-оор батлан мөрдөж байна. Энэ журамд шинжлэх ухаан, технологийн төслийн тухай, төслийн бүтэц, төсөл боловсруулах, сонгон шалгаруулах, уралдаан зарлах, уралдаанд оролцох, шалгарсан төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, төслийн үр дүнг захиалагч байгууллагууд хүлээн авах, практикт шилжүүлэх, нэвтрүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгасан байна. ЭМЯ-ны ЭМБТГ нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажлыг захиалах, захиалгаар хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр  дүнг хянаж хүлээн авах, практикт шилжүүлэх, нэвтрүүлэх асуудлыг зохицуулдаг. Түүнчлэн эрдэм шинжилгээний асуудлаар төр, засгийн байгууллагуудаас боловсруулж буй тогтоол, шийдвэрийн төсөлд санал өгөх, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг боловсруулан хүргүүлдэг.

Монголын анагаах ухааны академи нь 1997 оноос ШУА-ийн нэг бага чуулганы байдлаар ажиллаж байгаад 2005 оноос түүний бүтцэнд салбар академи болон ажилладаг. Энэ байгууллага нь сонгуулиар байгууллагддаг. Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмдтээс бүрддэг бөгөөд эрүүл мэндийн судалгаа шинжилгээний ажлын аргазүй, онолын түвшинг хэлэлцэн дүгнэлт гаргах, эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл тогтоох, эрдэм шинжилгээг хөгжүүлэх бодлого, чиглэлийг боловсруулах, эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажлын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар анхаарч ажиллаж байна. Энэ академи 2002 оноос Олон улсын анагаах ухааны академиудын гишүүнээр элсэн жил бүрийн уулзалт, чуулганд оролцож байгаа юм.

1996-2004 оны байдлаар Монголын анагаах ухааны салбарт ажиллагсад нь нийт шинжлэх ухааны салбарт ажиллагсдын дотор 9,4-14,4 хувийг эзлэж байна.

САНХҮҮЖИЛТ.

Монгол улсад шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтыг ШУТС-аар дамжуулан хуваарилдаг бөгөөд санхүүжилтын хэмжээ монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0,35 орчим хувь (2003) [4]-тай тэнцэж байна. Үүнээс анагаах ухааны салбарт шинжлэх ухааны нийт зардлын 10,5-15,2 хувийг зарцуулж байна (Зураг 2.)

ҮЭМЭШТ-ны удирдлага, зохион байгуулалт, механизм:

ЭМЯ-ны Эрүүл Мэндийн Бодлого Төлөвлөлтийн Газар нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажлыг захиалах, захиалгаар хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хянаж хүлээн авах, практикт шилжүүлэх асуудлыг зохицуулдаг. Түүнчлэн эрдэм шинжилгээний асуудлаар төр, засгийн байгууллагуудаас тогтоол, шийдвэрийн төсөлд санал өгөх, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг боловсруулан хүргүүлдэг. Түүнчлэн ШУА-ийн 6 салбарын нэг  Монголын анагаах ухааны академи нь судалгаа, шинжилгээний төсөл, суурь судалгааны сэдэв, зэхэц төсөл грантын судалгааг сонгон шалгаруулах, судалгааны ажлын түвшин, арга зүй, шинжлэх ухаан, нийгэм, практикийн ач холбогдлын талаар хэлэлцэн дүгнэлт гаргадаг бас нэг гол байгууллага юм.

Үндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний төлөвлөгөө:

Монгол улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2000 онд Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. 2010 он хүртэл хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт шинжлэх ухааны бусад салбарын нэгэн адилаар анагаах ухааныг хөгжүүлэх асуудлуудыг тусгасан байдаг.

БСШУЯ-аас 2006 онд Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлэж байна. Энэхүү мастер төлөвлөгөөг боловсруулахад анагаах ухааны салбараас 26 эрдэмтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орж ажилласан. Түүнчлэн дээрх мастер төлөвлөгөөг анагаах ухааны салбарт хэрэгжүүлэхийн тулд монголын анагаах ухааныг 2015 он хүртэл хөгжүүлэх стратегийг боловсруулаад байна. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний асуудлаар ЭМЯ, МАУА жилийн төлөвлөгөө батлан хэрэгжүүүлж байна.

Үндэсний Эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл:

Эрүүл мэндийн статитистикийн жил бүрийн тайлангаар хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх 5 шалтгааныг тодорхойлдог нь эрүүл мэндийн тэргүүлэх асуудал гэж үзэж болох юм. Түүнчлэн 2005 онд батлан хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд ирэх 10 жилд шийдвэрлэх эрүүл мэндийн тэргүүлэх асуудлыг тодорхойлсон байдаг [6].

Ирэх 10 жилд шийдвэрлэх шаардлагатай эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд

1. Нярай болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, суулгалт, амьсгалын замын халдвар, дархлаажуулалттай халдварт өвчний тохиолдол өндөр

2. Хүүхэд эмэгтэйчүүдэд тохиолдох хоол хүнс, бичил элементийн дутагдал их,

3. Эхийн эндэгдлийн түвшин өндөр

4. БЗДХ, Сүрьеэ зэрэг халдварт өвчний тохиолдол

5. Тусламж үйлчилгээний чанар хангалтгүй

6. Осол гэмтэл, ялангуяа хүүхэд залуусын дунд осол гэмтлийн тохиолдол өндөр

7. Хот сууринд орчны бохирдол их

8. Хотын зах, хөдөө орон нутагт ундны цэвэр усны  хангамж, эрүүл ахуйн нөхцөл муу,

9. Ядуус эмзэг бүлгийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй,

10. Халдварт бус өвчний ихсэлт,

11. Эмийн зохисгүй хэрэглээ, эрүүл бус амьдралын хэв маяг, тусламж, үйлчилгээг зохистой бус эрэлхийлэх зан үйл өргөн тархсан

12. Салбарын менежмент сул (ялангуяа санхүүгийн болон хүний нөөцийн менежмент)

13. Хоёрдогч, гуравдагч шатны тусламж, үйлчилгээний бүтэц оновчтой бус, давхардал ихтэй, хэвтүүлэн эмчлэх хандлага давамгайлсан,

14. Улсын ба хувийн салбарын чанарын удирдлага, зохицуулалт муу, хувьчлалын бодлого тодорхой бус

15. Сум, өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалтгүй, тухайн орон нутгийн болон эрүүл мэндийн хэрэгцээнд нийцээгүй

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

2000 онд батлагдсан Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чиглэлээр хийх судалгааны ажлын чиглэлийг тодорхойлсон нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл гэж үзэж байна. 2005 онд энэхүү чиглэлийг эргэн авч үзэж эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тогтоож, Монголын анагаах ухааны академийн чуулганаар хэлэлцэн батлаж мөрдөж ирлээ. 2006 онд Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг дахин шинэчлэн боловсрууллаа. Тэргүүлэх чиглэлийг нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн анагаах ухаан, биоанагаах ухаан, эмзүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр тус тусад нь авч үзэж тодорхойлсон байна. Үүнд:

Нэг. Нийгмийн эрүүл мэнд

 - Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, хооллолт,

- Халдварт өвчний тархалтын зүй тогтол, дархлаажуулалтын үр дүн,

- Орчны эрүүл ахуй,

- Эрүүл мэндтэй холбоотой, нэн ялангуяа хорт хавдар, цусны эргэлтийн эмгэгийн эрсдэл бүхий зан үйл,

- Осол гэмтлээс сэргийлэх,

- Эх, хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх,

- Эрүүл мэндийн үйлчилгээ, анагаах ухааны сургалт эрдэм шинжилгээний удирдлага, менежментийг сайжруулах.

Хоёр. Эмнэл зүйн анагаах

- Цусны эргэлтийн өвчин, эмгэг,

- Өмөн,

- Хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолдож буй өвчин эмгэг,

- Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй болон жирэмслэлтэй холбоотой өвчин эмгэг,

- Бодисын солилцооны эмгэгүүд, нэн ялангуяа диабет,

- Элэгний эмгэг,

- Хоол боловсруулах замын бусад эмгэгүүд,

- Дурангийн болон нон-инвазив мэс засал,

- Эд, эрхтэн шилжүүлэн суулгах,

- Насжилттай холбоотой эмгэг,

- Бөөр, шээсний замын эмгэг.

Гурав. Био-анагаах

- Монгол хүний геномын судалгаа,

- Монгол хүний биологи, физиологийн судалгаа,

- Биотехнологийн аргаар оношлогоо, эмчилгээний бэлдмэл боловсруулах, үйлдвэрлэх технологи боловсруулах

- Халдварт өвчин үүсгэгчийн биологи, генетик, экологи,

- Ген засал,

- Хавдрын биологи,

- Хүний үүдэл эс,

- Монгол хүний дархлалын онцлог,

- Геномикс, протеомикс.

Дөрөв. Эмзүй, уламжлалт анагаах

- Уламжлалт анагаахын урьдчилан сэргийлэх арга,

- Шинэ эм,

- Эмийн зохистой хэрэглээ,

- Эмийн эмчилгээний эдийн засгийн асуудлууд,

- Биобэлдмэл боловсруулах, үйлдвэрлэх технологи,

- Ургамлын эмт бодисыг шинэ үеийн биотехнологийн аргаар гарган авах,

- Ховордсон эмийн ургамлыг тарималжуулах, эмт амьтныг гаршуулан үржүүлэх,

- Уламжлалт анагаахыг орчин үеийн анагаахтай эвцэлдүүлсэн нэгдсэн онол.

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хууль эрх зүйн орчин:

Монгол улсын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зохицуулах талаар Их хурал, засгаас батлан хэрэгжүүлж буй олон баримт бичиг бий. Нэгэнт Монгол улсад шинжлэх ухаан, технологийг нэгдсэн нэг хууль, тогтоолоор зохицуулж байдаг тул эрүүл мэндийн салбарт эдгээр бодлого, шийдвэрүүд нэгэн адил хамаарч байдаг. Гол хууль,тогтоомжуудыг дурьдвал;

1. Монгол улсын үндсэн хууль, 2006 шинэчлэн батлагдсан [7]

2. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, 2001 [8]

3. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан [9]

4. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодого, УИХ-ын 55 дугаар тогтоолоор 1998 онд батлагдсан [10]

5. Технологи дамжуулах тухай монгол улсын хууль, 1998 онд батлагдсан [11]

6. Патентийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан [12]

7. Монголын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан [13]

8. Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 [14]

9. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, 2001 [15]

10. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, 1999 [16]

11. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, 2002 [17]

12. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан [18]

13. Эмийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан [19].

14. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 [20]

Салбарын үнэт зүйлс:

- Иргэн бүр эрүүл байх эрхээр хангагдах

- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тэгш хүртээмжтэй, чанартай байх

- Өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэл давамгайлж байх

- Эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхэд иргэд өрх гэр, аж ахуйн нэгж идэвхитэй оролцох

- Анагаахын судалгаа нь хүний эрх, нийтлэг ёс зүйн шаардлагад нийцсэн байх

Хүслийн зорилго:

Хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийг эрт илрүүлж, урхаггүй эмчлэн эдгэрүүлэх аргуудыг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа болон хүн амын амьдрал, ахуйд нэвтрүүлэх замаар эрүүл монгол үндэстэн хөгжин дэвших үндсийг бүрдүүлэх

Эрхэм зорилго:

Монголын хүн амын эрүүл мэндийг сайжруулахын тулд эрүүл мэндийн шилдэг судалгаа хийх, анагаах ухааны ёс зүйг дээдлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан зөвлөгөөгөөр хангах

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хяналт, үнэлгээ:

ЭМЯ,БСШУЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ- үнэлгээний газар нь жил бүр эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тусгай үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээний гол асуудлууд нь эрдмийн зэрэгтэй хүний нөөцийн бэлтгэл, эрдэм шинжилгээний ажилтны сургалт, лабораторийн үйл ажиллагаа, хангамж, хэрэгжүүлж буй судалгааны төслийн тоо, үр дүн, явц, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанар, гадаадад нийтлүүлсэн бүтээлийн тоо, ишлэл авсан байдал, зохион байгуулсан, оролцсон эрдэм шинжилгээний хурал, семинарын тоо зэрэг үндсэн асуудлуудыг харгалздаг.

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ (анагаах ухааны)-ний ёс зүй:

ЭМЯ-ны дэргэд 1999 оноос эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус хороо нь эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны ёсзүйн хэм хэмжээний зөрчил, нөгөө талаас эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажлын ёсзүйн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. 2002 онд ёсзүйн хяналтын хорооны бүтэц, ажиллах журмыг шинэчлэн баталж мөрдөж байна. Ёсзүйн хяналтын хороогоор ЭМЯ-ны захиалгаар хэрэгжүүлж байгаа төсөл, магистр, докторын зэрэг горилж буй бүтээл, гадаадын байгууллагуудаас санхүүжүүлж байгаа болон хамтран хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төслийг хэлэлцэн зөвшөөрөл олгодог. Цаашид анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны үйл ажиллагааг боловсронгуй болгох, гишүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай байна.

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ ба судалгааны үр дүнгийн ашиглалт:

А. 1998 онд батлагдсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 23.2.4-т [9] зааснаар захиалагч байгууллага (эрүүл мэндийн судалгааны хувьд ЭМЯ) судалгааны ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 2 жилийн дотор практикт нэвтрүүлэх арга хэмжээ авах ёстой байдаг. Энэхүү заалтын дагуу тухайн жилд ЭМЯ-ны захиалгаар хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төслүүдээс төсөл хэрэгжүүлэх гэрээнд заасны дагуу үр дүн (оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн шинэ арга, эм, бэлдмэл, зөвлөмж, үндэслэл, тайлан, технологи, стандарт зэрэг) хүлээн авч, яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулдаг. Түүнчлэн эдгээр ажлын шинжлэх ухааны болон онол, аргазүйн түвшин, шинэлэг бөгөөд шинжлэх ухаанч байдал зэрэгт Монголын анагаах ухааны академи хэлэлцэн дүгнэлт гаргадаг юм. Дээрх хэлэлцүүлгийн шийдвэрүүдийг үндэслэн ЭМЯ судалгааны ажлын үр дүнг хүлээн авч, сайдын тушаалаар баталгаажуулан практикт шилжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Гэхдээ, ер нь монгол улсад судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт шилжүүлэх, нэвтрүүлэх төсөв хөрөнгийг хангалттай төлөвлөдөггүй, энэ чиглэлээр тодорхой механизм бүрдээгүйгээс шалтгаалан зарим судалгааны ажлын үр дүн практикт нэвтрэх нь удаан байдаг онцлогтой. Эрүүл мэндийн салбарын хувьд үйлдвэрлэлд нэвтрэх үр дүн харьцангуй цөөн, харин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэсэн үр дүн, мөн шинэ мэдээлэл, мэдлэг бий болгох чиглэлээр түлхүү үр дүн гарч байна. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн чанар, шинжлэх  ухааны түвшинд санхүүгийн хязгаарлагдмал байдал, лабораторийн хүчин чадал, эм урвалжийн хангалтын байдал ихээхэн нөлөөлдөг. Б. 2005 онд Засгийн газрын 143 дугаар тогтоол [2]-оор батлагдсан Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журмын 9.54- д захиалагч нь төсөл дууссанаас хойш 1-2 жилд багтаан түүний үр дүнг ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, энэ талаар хийсэн ажлын мэдээ, тайланг Үндэсний зөвлөлд тайлагнаж байна гэж заасан байна.

Гадаадын эрдэм шинжилгээний үр дүнг өөрийн оронд шилжүүлэн ашиглах тогтолцоо:

Гадаадын эрдэм шинжилгээний үр дүнг өөрийн оронд ашиглаж болох нэг хэлбэр нь хэвлэл,мэдээлэл, шилдэг нотолгоог ашиглах, хэвлэлийн тойм бэлтгэх  явдал бөгөөд үүнийг хэрхэн бэлтгэх талаар хичээл, сургалтын хөтөлбөрт тусгасан байдаг. Түүнчлэн аливаа судлаач, судалгааны байгууллага, шийдвэр гаргах түвшинд тухайн асуудлаар гадаад орнууд болон дэлхий дахинд хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын мэдээ, тайлан, бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, өөрийн судалгааны ажлын дүнг харьцуулан шүүмж хийх нь нэгэнт хэвшсэн асуудал гэж үзэж болно. Гагцхүү  тухайн асуудлыг хариуцан ажиллаж буй хүрээлэн төв, бусад байгууллага, судлаачийн боломж, ажил хэрэгч байдлаас шалтгаалан янз бүрийн түвшинд хийгдэх тал байдаг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООНЫ ҮҮРЭГ:

Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг түгээх:

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоо нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнг түгээх, нийтийн хүртээл болгох үүрэгтэй. Эрдэм шинжилгээний  ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох тодорхой хэлбэрүүдтэй. Тухайлбал ЭМЯ 1996 оноос эхлэн анагаах ухааны салбарт хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төслөөс хүлээн авсан үр дүнг товчлон эмхэтгэж улсын хэмжээний эрдэм шинжилгээний байгууллагууд,эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалтын байгууллагуудад хүргүүлж байна. Энэ нь судалгааны ажлын үр дүнг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах, шинэ соргог мэдээлэл авах,  судлаачид өөрийн бүтээл, туурвилыг харьцуулах,сэдэв сонгоход харгалзах, бодлого, шийдвэр гаргахад ашиглах зэрэг ач холбогдолтой юм. “Монголын анагаах ухаан”, “Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ” зэрэг эрдэм шинжилгээний болон мэргэжлийн улирал тутмын 20 гаруй сэтгүүлүүдээр судалгааны ажлын үр дүнг нийтээр хэлэлцүүлж байна. Хүрээлэнгүүд (АУХ, НЭМХ, УАШУТҮК) өөрийн эрдэм шинжилгээний бичигтэй бөгөөд үүнийг жил бүр хэвлүүлж хэвшээд  байна.ЭМЯ-ны хүлээн авч буй эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь Улсын Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн паркад бүрэн эхээр хадгалагдахаас гадна цахим хувийг ч тэндээс үзэх боломжтой. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нийтэд хүргэх өөр нэг хэлбэр тодорхой сэдвүүдээр лекц боловсруулах, нийтэд зориулан унших, семинар хийх хэлбэрүүд юм. Эдгээр хэлбэр нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоонд тодорхой хувийг эзлэж байна.

Бодлого боловсруулахад оролцох:

Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд  үндэслэн бодлого, шийдвэрийг боловсруулахад эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачид өргөн оролцдог.  Тухайлбал хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, хөгжүүлэх, хүртээмжийг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг  шийдвэрлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд олон тооны бодлогын баримт бичиг (Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого (2001),  Уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх талаарх төрийн бодлого (1999), Эмийн талаар төрөөс баримтлах бодлого (2002), Эрүүл мэндийн салбарын мастер  төлөвлөгөө (2005) зэрэг 30 шахам үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж хэрэгжүүлж байгаа нь цөм л тус салбарт хийгдсэн судалгааны ажлын үр  дүнд үндэслэсэн байдаг. Үүнд: Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний шинэчилсэн хөтөлбөр (2002), Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр (1997, 2001 2 удаагийн), Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2002), Эрүүл мэндийг технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр (2002), Бичил бодисын дутлаас сэргийлэх стратеги (2005), Орчны эрүүл мэндийн хөтөлбөр (2006) зэрэг [21]-ийг дурьдаж болно. Эдгээр баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэхэд судлаачдын үүрэг их байв.

Бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх:

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний салбар нь зөвхөн бодлого шийдвэр боловсруулах үндэслэл, нотолгоог гаргаж, бодлого, шийдвэр боловсруулахад  оролцоод зогсохгүй түүнийг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал: Иод дутлаас сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд давс иоджуулах,  иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амд энэ талаар сурталчлах, таниулах, осол гэмтлээс сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд осол гэмтлийн  тархалтын судалгаа хийх, түүнээс сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлэх, орчны эрүүл мэндийн  хөтөлбөрийн дагуу эрүүл хот, суурин болох хөдөлгөөн өрнүүлэх зэрэг сургалт, судалгаа, сурталчилгааны олон талт арга хэмжээнд оролцож байгаа юм. Үүний жишээ нь Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци нь Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс   баримтлах бодлогыг хэрэгжүүлэх толгойлох байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх толгойлох байгууллагаар ажиллаж байна.

Бодлого, шийдвэрийн эрүүл мэндэд үзүүлж буй үр ашгийг тооцох:

Эрүүл мэндийн талаар төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнг үнэлэхэд анагаах ухааны салбарын байгууллага, судлаачдын төлөөлөл оролцдог. Тухайлбал өргөн вакцинжуулалтын үр дүн, эх хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх стратегийн үр дүн, иод дутлын  эмгэгээс сэргийлэх хөтөлбөрийн үр дүнг хүн амын хоол хүнсний үндэсний судалгаагаар хянаж, үнэлгээ өгөх ажил тогтмолжих боллоо. ЭМЯ-ны Мэдээлэл,   хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн тусгай хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дунд хугацааны болон эцсийн шатны үнэлгээ хийж үр дүнг тооцож байна.

Цаашид эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бусад олон төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ хийх шаардлага тулгамдаж байна. Тухайн улс Эрүүл мэндийн тогтмол мэдээлэл цуглуулах тогтолцоотой эсэх:

ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд Эрүүл мэндийн бүртгэлзүйн алба ажилладаг. Энэ албанаас хүн амын эрүүл мэндийн гол үзүүлэлтээр улирал тутам мэдээлэл бэлтгэн холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад хүргүүлдгээс гадна жил бүр нэгдсэн мэдээллийг гарган эрүүл мэндийн салбарын байгууллагуудад хүргүүлж байна. Түүнчлэн энэ мэдээллийг онлайн системээс олж үзэх боломжтой тул эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоонд ажиллагсад эрүүл мэндийн талаар тодорхой мэдээлэл авах боломжтой гэж үзэж болно. Зарим шаардлагатай мэдээллийг  байгууллага, хувь хүний хүсэлтээр тусгайлсан асуултаар гаргаж өгөх боломжтой байдаг.

Эрүүл мэндийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх тогтолцоо:

ЭМЯ-аас гарч буй янз бүрийн түвшингийн бодлого, шийдвэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний арга, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хэвлэл,  мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэхээс гадна, албан шугамаар хүргүүлдэг. Яамны харъяа байгууллагууд ч өөрийн үүрэг, үйл ажиллагааны хүрээнд   холбогдох шийдвэр, зохицуулах баримт бичиг, дүрэм, журмыг шаардлагатай байгууллагуудад хүргүүлэх, биелэлт, хэрэгжилтийг шаардах, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх, хурал, семинар зохион байгуулах замаар зохицуулж байна.

Сангийн Яаманд эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж бий эсэх:

Монгол улсын Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байдаг.

Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоотой холбоотой бусад нэмэлт мэдээлэл:

Монголын эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэг нь Төрийн бус байгууллага бөгөөд 1949 оноос үйл ажиллагаагаа явуулж, эмч, судлаачдыг дэмжих чиглэлээр мэргэжлийн салбар нийгэмлэгүүдийг байгуулжээ. Эдүгээ мэргэжлийн олон нийгэмлэг (мэдрэл, мэс засал, хүүхэд, дотор, дуран, дүрслэл оношлогоо, нийгмийн эрүүл мэнд, эх барих, эмэгтэйчүүд, лаборатори, халдварт өвчин судлал, сүрьеэтэй тэмцэх зэрэг) тухайн мэргэжлийн салбарыг хөгжүүлэх, эмч мэргэжилтнээ сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, удирдамж боловсруулах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргах зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэвлэлийн эх үүсвэр:

Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны талаар хийсэн нэг сэдэвт бүтээл, судалгаа, дүн шинжилгээт тойм, бичсэн ном, бүтээл олон бий. Тухайлбал Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ..., анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн ... хувийг эзлэж байна.

ДҮГНЭЛТ:

1. Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээ ба Хөгжил байгууллагаас санаачилсан Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны зураглал гаргах асуултуудад  хариулт өгөх аргаар хийсэн дүн шинжилгээгээр манай улс эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны үндсэн бүтэц хэсгүүдтэй, судалгаа, шинжилгээний ажлын эрх зүйн боломжийн баримт бичгүүдтэй гэж үзэж болно.

2. Цаашид эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог жинхэнэ утга, агуулгаар цэгцтэй хөгжүүлэх, улам боловсронгуй болгох, нэн ялангуяа судалгааны чадавхийг сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж  үзэж байна.

Ном зүй

1. Health Research System Analyses, WHO, Department of Research Policy and Cooperation, 9-11 May 2006, Informal Consultation on National Health research System Analyses, in the WHO Western Pacific Region, ppt materials
2. Засгийн газрын тогтоол, Дугаар 143, 2005
3. Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн үнэлгээ, Улаанбаатар хот, 2006, х.48
4. Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн үнэлгээ, Улаанбаатар хот, 2006, х.58
5. Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн үнэлгээ, Улаанбаатар хот, 2006, х.75
6. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, 2006-2015, Нэгдүгээр баримт бичиг, Улаанбаатар хот, 2005, х.43
7. Монгол улсын үндсэн хууль
8. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
9. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдсэн батлагдсан
10. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодого, УИХ-ын 55 дугаар тогтоолоор 1998 онд батлагдсан
11. Технологи дамжуулах тухай монгол улсын хууль, 1998 онд батлагдсан
12. Патентийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан
13. Монголын Шинжлэх ухааны Академийн эрхзүйн байдлын тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан
14. Зохиогчийн эрхийн тухай хууль
15. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, 2001
16. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, 1999
17. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, 2002
18. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан
19. Эмийн тухай хууль, 2006 онд шинэчлэгдэн батлагдсан.
20. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002
21. Нийгмийн эрүүл мэндийн эрхзүйн лавлах, Улаанбаатар хот, 2003
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2967
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК