Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
Гоц аюултай бүс (Вирүст халдварын тухай бодит түүх) - 5 дугаар хэсэг
( Түүх )

Ричард Престон


 
Абстракт

Үргэлжлэл, Түрүүч нь манай сэтгүүлийн 2011 оны ¹3(40) - ¹6(43) дугаарт

Эбола вирүст цусархаг чичрэг бол халдвар авсан 10 хүн тутмын 9 нь эндэж төгсдөг аюулт өвчин. Шинжлэх ухааны адал явдалт бүтээлээр мэргэжсэн АНУ-ын зохиолч Ричард Престоны 1994 онд нийтлүүлсэн “The Hot Zone” хэмээх зохиол бол энэ аюулт өвчнийг судласан үнэн түүх дээр үндэслэсэн чансаатай бүтээл бөгөөд манай сайн вирүс судлалчдын нэг, доктор Э.Пүрэвдаваагийн орчуулгаар 2010 онд “Гоц аюулт бүс” нэрээр “Адмон” хэвлэлийн газар хэвлэсэн билээ.

Р.Престоны энэ бүтээл бол байгалийн голомтот шинэ халдвартай анх тулгарахын аюул осол, аймшгийн тухай чин үнэнээр нь бичсэнээрээ нийтэд алдаршсан бөгөөд дэлхийн 30 шахам орны хэлээр орчуулагдаж, Дастин Хоффман нарын АНУ-ын кино одод тоглосон “Тахалт дэгдэлт” (Outbreak) хэмээх Холливудын аймшгийн киноны зохиолын эх болсон юм. Р.Престоны энэ бүтээл зөвхөн сонирхолтой уран зохиол төдий бус, гоц аюултай халдварт өвчинтэй гэнэт тулгарах үед мэдүүштэй сургамж арвинтай тул АНУ-ын Вүүдрөү Вильсоны Сан(Woodrow Wilson Foundation)-гийн ажилтан Э.Голденкранц энэ зохиолыг дээрхи сангаас жил бүрийн зун зохион байгуулдаг биологийн багш нарын зуны сургуулийн сургалтын материал болгон 2004 онд найруулсан нь одоо интернетээр чөлөөтэй ашиглаж болох хичээл болсон байна (Р.Престоны тухай дэлгэрэнгүй мэдээллийг түүний вэб-сайт http://richardpreston.net болон интернетийн “Википедиа” тайлбар толийн өгүүллүүдээс (http://en.wikipedia.org /wiki/Richard_Preston, http://en.wikipedia.org/wiki/The_Hot_Zone) авна уу ).

Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо Р.Престоны энэ ном бол халдварт өвчинтэй тэмцэх ажил, үйлст оролцдог хүн бүрийн уншвал зохих бүтээл хэмээн үзэж буй тул доктор Э.Пүрэвдаваагийн зөвшөөрснөөр сэтгүүлдээ цувралаар нийтлүүлэхээр шийдсэн юм.

Энэ номын монгол эхийг “Интерном” дэлгүүрээс худалдан авч болохоос гадна drpurev@gmail.com хаягаар орчуулагчтай харилцан олж авч болно.

Сэтгүүлийн зөвлөл

ПЕТР КАРДИНАЛ ХҮҮ

1987 оны 9 дүгээр сар

Марбург вирүсийн нуугдан амьдардаг газар нь Эбола вирүсийхтэй нэгэн адил тодорхойгүй байгаа билээ. Марбург вирүс Шарль Моне, Шем Мусоке эмч хоёрыг өвчлүүлснийхээ дараа гэнэт алга болсон бөгөөд хаачсныг нь хэн ч үл мэднэ. Энэ вирүс, хэдийгээр, ертөнцийн хөрснөөс арчигдан арилсан мэт санагдавч, вирүс хэзээ ч бүрмөсөн алга болдоггүй, зөвхөн хаа нэгтээ нуугдаж байдаг юм. Ийм болохлоор, Марбург вирүс нь Африкийн ямар нэг амьтан ч юмуу эсвэл шавьжны биед нуугдан амьдарч, тэдний дунд орчсоор л байгаа нь мэдээж.

1987 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн, оройн хоолны цаг болж байх үед АНУ-ын Цэргийн Анагаах Ухааны Халдварт Өвчин Судлалын Хүрээлэнд ажилладаг, энгийн албан хаагч Юджен Жонсон, Вашигтон хотын ойролцоох Далласын нэрэмжит Олон улсын онгоцны буудлын гаалийн албаны хаалганы дэргэд ирсэн зочид гарч ирэхийг хүлээн зогсож байлаа. Тэр Амстердамаас ирэх KLM нислэгийг хүлээж байсан бөгөөд тэр онгоцоор Кени улсаас нэг зорчигч ирэх ёстой байв. Гаалийн газрын хаалгаар цүнхтэй юм барьсан нэг хүн гарч ирлээ. Тэр хүн Жонсон хоёр толгой дохин мэндэлцгээв (Жонсон хожим нь надад хэлэхдээ: “Би энэ хүний нэрийг хэлэхээ больё. Зүгээр л миний сайн мэддэг, миний сайн итгэдэг хүн гэе дээ” гэж билээ). Өнөө хүн цүнхтэй юмаа Юджен Жонсоны хөлийн дэргэд тавиад, цахилгаан товчийг нь онгойлгон, гадуур нь усны памбагар алчуураар ороосон боодолтой юм гаргаж ирэв. Тэгээд алчуураа задлан, наалддаг туузаар ороосон, ямар ч юм бичиж тэмдэглээгүй цаасан хайрцаг гаргаж Жонсонд өглөө. Тэр хоёр бараг юм ярьсангүй. Юджен Жонсон хайрцагтай юмыг аван, онгоцны буудлын байшингаас гарч, машиныхаа тээшний саванд хайрцагтай юмаа хийгээд Хүрээлэн рүүгээ давхилаа. Тэр хайрцганд нь арван настай дани хүүгийн цус байсан юм. Тэр хүүг Петр Кардинал гэж нэрлэе. Петр Кардиналд туйлын хүнд өвчний хавсарсан хамшинжүүд илэрч байгаад өчигдөр, уржигдархан Найробын эмнэлэгт нас барсан бөгөөд өвчнийх нь шалтгаан тогтоогдоогүй, биологийн аюулгүй ажиллагааны IV зэрэглэлийн аюултай вирүс байсан байх гэж таамаглажээ.

Юджен Жонсон хүрээлэнрүүгээ давхиж явахдаа “Энэ хайрцагтай юмыг чинь яадаг юм билээ” гэж бодлоо. “Хайрцганд байгаа цусыг автоклавт ариутгаад, шатааж устгадаг юм билүү? Ерөөсөө чанаад, шатаагаад, тэгээд л мартчихая” гэсэн шүү бодол төрнө. Яагаад ингэж бодсон бэ гэхлээр, дэлхийн дөрвөн зүг, найман зовхисоос тэдний хүрээлэнд, байнга л ирж байдаг өвчтөний цус болон янз бүрийн эдийн сорьцонд сонирхолтой вирүс агуулагдах нь бүү хэл, гойд юм огт илэрдэггүй юм. Тэнд ирж байгаа ихэнх сорьц, ердөө хуурамч түгшүүр төрүүлээд л өнгөрдөг билээ. Тиймээс, дани хүүгийн цусыг шинжиллээ гэхэд юу ч илрэхгүй байх магадлал тун их тул, цагаа үрэн үрэн түүнийг шинжлэх үү, байх уу гэдгээ Юджен Жонсон эхлээд сайн мэдэхгүй байв. Гэвч тэр, Форт Детрикийн хаалгаар сүнгэнэн орох үедээ “Саяын ирсэн цусыг шинжилсүгэй!” хэмээн хатуу шийджээ. Энэ ажил бараг шөнөжингөө үргэлжилнэ гэдгийг тэр сайн мэдэж байсан ч, цусны ийлдсийг муудахаас өмнө яаралтай шинжлэх шаардлагатай байлаа.

Тэгээд, Юджен Жонсон ариутгасан хувцас, резин бээлий өмсөн, нөгөө хайрцагтай сорьцоо авч, биологийн аюулгүй ажиллагааны IV зэрэглэлийн лабораторит аваачин, хайрцгийг задлавал самар шиг бөөрөнхий хөөсөнцөр жийргүүдийн дотроос, таглааг нь наалддаг туузаар битүүлэн нааж, биологийн аюулын тэмдэг наасан төмөр бортого гарч ирлээ. Энэ лабораторийн ханын дагуу дотроо урт хаймар бээлийтэй үл зэврэх ган хайрцагнууд эгнээстэй байх нь IV зэрэглэлийн аюултай вирүстэй ажиллахад зориулагджээ. Ийм хайрцаг дотор гоц аюултай бичил биетэн агуулсан сорьцоо тавиад, хаймар бээлийд гаднаас нь гараа шургуулан, шинжилгээгээ хийдэг тул, вирүс гадаад орчинд тархахаас бүрэн хамгаалдаг юм. Энэ хайрцагны бүтэц нь цөмийн бөмбөгний эд ангитай ажиллахад зориулагдсан аюулгүй ажиллагааны хайрцагтай төсөөтэй. Харин энд байгаа хайрцаг нь хүн “байгал”-тай шууд хүрэлцэн хавьтахаас хамгаалахуйц бүтэцтэй зохиогджээ. Юджен Жонсон хэдэн сэртгэр түгжээг эргүүлэн аюулгүй ажиллагааны хайрцагны хаалгыг нээгээд, төмөр бортогоо оруулж тавиад, хаалгыг нь хаагаад, буцааж түгжлээ.

Дараа нь тэрээр хайрцганд залгаастай урт бээлийд гараа шургуулж, цонхоор нь харан бортгыг аваад, таглааг нь битүүлж наасан туузыг хуулав. Наалдамхай тууз хаймар бээлийд нь наалдчихаад салахгүй байсан тул Жонсон өөрийн эрхгүй: “Чөтгөр ав, чамайг!” гэж дотроо зүхлээ. Хэдийнээ, оройн найман цаг болсныг үзвэл өнөө шөнө гэртээ бараг харихгүй ажиллах бололтой дог оо. Эцэст нь, бортгыг нээтэл, ариутгалын бодис шингээсэн сэвсгэр цаасанд боосон зүйл дотор нь байв. Боодлыг задлахад, түгжигддэг амсартай нийлэг хүүдийд хийсэн, эрэгддэг таглаатай хоёр ширхэг хуванцар сав байлаа. Юджен Жонсон хоёр хуванцар савыг авч, таглааг нь эрэгдэн аваад, доош харуулан сэгсэрэхэд дотроос нь шав шар өнгөтөй шингэн хийсэн маш жижигхэн хоёр нийлэг сав гарч ирэв. Энэ бол Петр Кардинал хүүгийн цусны ийлдэс байлаа.

Талийгаач хүүгийн аав ээж нь Кенид байрладаг Данийн гамшигтай тэмцэх байгууллагад ажилладаг бөгөөд гэр нь Виктори нуурын дэргэдэх Кисуму хотод байдаг ажээ. Петр Кардинал хүү Дани улсад дотуур байртай нэгэн сургуульд сурдаг байсан бөгөөд наймдугаар сард буюу нас барахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө аав, ээж, эгч гуравтайгаа уулзахаар Африкт иржээ. Тэр, эгчтэйгээ маш дотно найзууд байсан болохлоор, Кенид гэртээ ирснээсээ хойш, эгчтэйгээ л ихэнх цагаа өнгөрөөдөг байлаа. Эгч нь Найроби хотын нэгэн хувийн сургуульд сурдаг ажээ.

Петр Кардиналыг ирсний дараахан, тэднийх гэр бүлээрээ Кени улсаар аялжээ. Аав ээж хоёр нь хүүдээ Африкийн гоо үзэсгэлэн, тансаг сайхныг үзүүлэхийг хүсч л дээ. Тэднийхэн Момбаса нутгаар аялах замдаа, далайн захын нэгэн зочид буудалд байрлаж байх үед Петр Кардиналын нүд нь улайж эхэлжээ. Аав ээж хоёр нь, хүүгээ эмнэлэгт аваачихад эмч нар түүнийг үзээд хумхаагаар өвчилжээ гэсэн онош тавьсан байна. Гэвч ээж нь хүүгээ үхэж байгааг мэдрээд солиотой юм шиг болчихов. Тэгснээ хүүгээ Найроби хотод аваачиж эмчлүүлье гэж нөхрөө ятгаж гарчээ. “Нисдэг эмч нар” буюу агаарын түргэн тусламжийн эмч нар Петр Кардиналыг ирж аваад, Найроби хотын эмнэлэгт хэвтүүлэхэд тэр хүү Давид Сильверстейн эмчийн хяналтанд очжээ. Энэ эмч бол, нөгөө Шарль Монегийн хар бөөлжис нүд ам уруу нь орсноос халдвар авч өвчилсөн Мусоке эмчийг эмчилж байсан хүн билээ.

* * *

Би Давид Сильверстейн эмчтэй Вашингтон хотын захад, гэрийнх нь ойролцоох их дэлгүүрийн цайны газар нэгэн ширээнээ суугаад, нэг нь кофе, нөгөө нь цай уун, ярилцан суухад тэрбээр: “Петр Кардинал бол арван настай, цайвар үстэй, цэнхэр нүдтэй, өндөр, зэгзийсэн нуруутай, чийрэгдүү хүү байсан юм” хэмээн дурсан өгүүлэв. Бид хоёрыг ярьж суухад, хажууханд маань сууж байсан нэг охин чарлан уйлахад, ээж нь түүнийг аргадлаа. Бидний хажуугаар, худалдан авагчид зөрөн өнгөрсөөр байв. Сильверстейн эмч өөрийхөө харсан, тэр ер бусын үхлийн тухай бараг нүдэнд харагдтал дүрслэн ярьж суухад нь, би түүний царай, төмөр хүрээтэй нүдний шил, ширвээ сахал, хааяа тэнгэр өөд ширтэх нүдийг нь харж суув. “Петр Кардинал над дээр ирэхдээ халуунтай, ухаан санаа нь зүв зүгээр, хүнтэй ярьж чадаж байсан боловч, их л айж түгшсэн шинжтэй байсан юм. Түүнд рентген шинжилгээ хийгээд үзтэл уушги нь үрэвссэн байв. Түүнээс шалтгаалан, хүүхдийн уушгинд салслаг шингэн хуралдаж, амьсгалахад нь саад болж байгаа нь илэрхий байлаа. Энэ бол хатгаа өвчний үед илэрдэг амьсгалын цочмог дутагдлын хамшинжийн сонгодог хэлбэр байсан юм” гэж Сильверстейн эмч өгүүлээд цааш нь: “Тэгээд, тун удалгүй, Петр Кардинал хүүгийн бүх бие миний нүдэн дээр хөв хөх болж, хурууных нь үзүүрүүд ч хөхөрчихлөө. Бас биен дээгүүр нь жижигхэн жижигхэн улаан тууралт гарч эхэлсэн болохлоор эмч нар түүний биед хүрэхээсээ өмнө заавал бээлий өмсдөг боллоо. Бид нар түүний өвчнийг Марбург вирүсийн халдвар байх гэж сэжиглэж байсан болохоор нөгөө Мусоке эмчийг өвдөхөд сандарч тэвдсэн шигээ бажгадсангүй. Халдвараас хамгаалах арга хэмжээ авч байлаа. Хорин дөрвөн цагийн дараа өвчтэй хүүг амьсгалуулахын тулд амьсгалын аппарат залгах шаардлагатай боллоо. Тариа хийх гэж зүүгээр хатгасан газар болгоноос цус алдаж, элэгнийх нь үйл ажиллагаа хямарсан нь илэрхий мэдэгдэж байлаа. Нөгөө жижигхэн улаан толбууд нь томроод аяндаа няцарч, цус дүүрсэн хавдар болж байв. Хүүхдийн бие хар хөх өнгөтөй болж, хүүхэн хараа нь өргөсчихлөө. Энэ бол тархины эдэд цус алдсанаас эд эсүүд нь үхэж байгаагийн шинж л дээ” гэж ярьсан юм.

Петр Кардиналын арьсан дор нь энд тэндгүй цус хуралдсанаас бие нь памбайгаад, зарим хэсэгтээ арьс нь доорх эдээсээ хөндийрэн салсан байжээ. Ийм өөрчлөлт түүний өвчний сүүлчийн шатанд, хиймэл амьсгалтай байх үед гарсан байна. Энэ шинж тэмдгийг “гурав дахь орон зайд цус алдах” гэдэг юм. Хэрэв өвчтөн уушгиндаа цус алдвал нэг дэх орон зайд цус алдах, ходоод гэдсэндээ цус алдвал хоёр дахь орон зайд цус алдах, харин арьс махныхаа завсар цус алдвал гурав дахь дахь орон зайд цус алдах гэнэ. Ийм болсон үед арьс памбайн доорх эдээсээ салаад үндсэндээ хүүдий шиг болно. Петр Кардинал хүү чухам ингэж гурав дахь орон зайд буюу арьсан доогуураа цус алдсан байжээ.

* * *

Хүн гоц аюултай вирүсийн талаар хэдийчинээ сайн бодож эрэгцүүлэх тусам, вирус нь паразит буюу шимэгч шиг биш, харин бүр махчин амьтантай төсөөтэй болох нь төдийчинээ сайн ойлгогдоно. Аливаа махчин амьтны нэг онцлог бол идэш рүүгээ гэнэтхэн дайрахаасаа өмнө түүнд харагдалгүй нуугдан, тайвуухан, заримдаа, бүр удаан гэгч нь гэтдэг юм. Халуун орны хээр талд өвс ногоо халиуран, хуайс модон ойд хүхтнэх африк тагтааны дуу л агаарт ганцаархнаа сонстох бөгөөд чухамхүү энэ дуу нь өдрийн халуунд тасралтгүй цохилох, хэзээ ч үл саарах, хэзээ ч үл зогсох судасны лугшилт лугаа адилхан. Алсын алсад, судалт тахийн сүрэг өдрийн мансуурам халуунд налайн идээшлэнэ. Тэгтэл, өвс ногоо гэв гэнэтхэн жирэлзэн хөдөлснөө, гялсхийн арслан гарч ирээд, судалт тахийн сүрэг рүү шунган орж, нэгийх нь хүзүүнд зүүгдэнэ. Арсланд бариулсан хөөрхий тахь, ганцхан чарлаад л, амьсгаа нь багтран, дуугарч ч чадахгүй боловч, эцсээ хүртэл махчинтай тэмцэлдэнэ. Зууралдсан хоёр амьтан ноцолдон, бүжиглэх мэт эргэлдэн эргэлдсээр, тоос манан дунд харагдахаа болих бөгөөд маргааш нь тэр газар ялаа бүчсэн, яс л үлдсэн байдаг юм. Эрт дивангарын үед, дэлхий дээр хүний махаар хооллодог махчин амьтад ч амьдарч байжээ. Тэдгээр амьтад нь хүн үүсч бий болохоос тэртээ өмнө, бараг дэлхий үүссэн тэр цаг үед үүссэн байх гэж үздэг билээ. Харин, эдүгээ хүний махыг хүнсэнд хэрэглэх явдал, гол төлөв, Африкт л хааяа тохиолдоно. Хүн хүнийхээ махыг иднэ гэдэг бол, цаг хугацаа, орон зайн хувьд, аль хэдийнэ улирч одсон эртний нэг дуршлых нь үлдэгдэл юмаа.

Нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах нэгэн махчин Петр Кардинал хүүг зугуухан тасчин идэж байгааг аав, ээж, эгч гурав нь хараад ихэд цочирджээ. Юунаас болж хүү нь, дүү нь тэгж их шаналж байгааг, яавал түүний зовиурыг нь намжааж, тус болж чадах вэ гэдгийг тэд ойлгохгүй сандарч байлаа. Хүү гурав дахь орон зайд цус алдаж байх үед зовхи нь хавдаж хөхрөөд, цус гоожиж, нүд нь гөлийгөөд хүүхэн хараа нь өргөсчээ. Петр Кардинал хүү аав, ээж, эгч нараа харж байна уу, үгүй юү гэдэг нь огт мэдэгдэхгүй байлаа. Тэр харсаар байгаа мэт боловч, нүд нь хачин гөлрөөд, нүдэнд нь юу харагдаж, ухаанд нь юу бодогдож байсныг бүү мэд. Тэгж байтал, тархины цахилгаан бичлэгийн аппаратын дэлгэц дээр харагдаж байсан Петрийн тархины цахилгаан бичлэгийн шүднүүд намссаар намссаар шув шулуухан болжээ. Энэ бол, түүний тархиных нь цахилгаан идэвх бараг байхгүй болж байгааг харуулж байлаа. Гэвч нөгөө шулуун шугам дээр үе үехэн чичирхийлсэн шүд гарч ирж байсан нь, хүүгийн биед ямар нэг юм, магадгүй сүнснээс нь үлдэж хоцорсон хэлтэрхий үхэлтэй тэмцсээр л байгаа мэтээ.

Хүүг албаар амьсгалуулж байсан хиймэл амьсгалын аппаратыг унтрааж салгах уу, яах вэ гэдгийг эцэст нь, аав, ээж хоёр нь шийдэх хэрэгтэй боллоо. Сильверстейн эмч тэдэнд: “Нэгэнт тархи нь үхчихсэн болохлоор, түүнийг амьдруулах гэж оролдоод оролдоод нэмэргүй. Больсон нь дээр” гэж хэлжээ. Тэгтэл ээж нь: “Хүүгээ Момбасагаас түргэхэн л авчирдаг байж дээ” гэхэд Сильверстейн эмч хариуд нь: “Тэгсэн ч гэсэн, нэмэргүй байсан даа. Ийм болчихсон үед, хэнбугай ч байлаа гэсэн, юу ч хийж чадахгүй. Талийгаач, өвчин эхэлсэн тэр цагаас л үхэж эхэлсэн байж шүү дээ” гэж тайлбарлажээ.

* * *

Юджен Жонсон нөгөө аюулгүй хайрцагны урт хаймар бээлийд гараа шургуулчихаад ажиллаж байхдаа, хүүгийн цусны ийлдэснээс өчүүхнийг авч, сармагчны амьд эстэй шилэнд дусаалаа. Хэрэв Петр Кардинал хүүгийн цусанд ямар нэг бичил биетэн байгаа бол сармагчны эсэд үржиж эхлэх ёстой байв. Жонсон шөнийн гурван цагт шинжилгээгээ дуусгаад жаахан ч гэсэн унтаж амрахаар гэртээ харьжээ.

Сармагчны эсэд ямар нэг өөрчлөлт гарах нь уу, үгүй юү гэдгийг хэдэн өдөр дараалан Жонсон ажиглалаа. Эцэст нь, сармагчны эс гэмтэн хагарч, улмаар үхэж эхэлсэн нь уг эс ямар нэг вирүсийн халдвар авсныг гэрчилж байв. “Кардинал” омог хэмээн талийгаач хүүгийн нэрээр нэрлэсэн энэ вирүс эсийг үй олноор нь үхүүлж байсан нь түүний туйлын халдвартайг батлаж байлаа.

Юджен Жонсон “Кардинал” омгийн вирүсийг цэврээр ялгах дараагийн шатны ажилдаа орж, дотор нь вирүс үржсэн шилтэй шингэнээс өчүүхнийг соруулан авч, гурван резус сармагчинд халдварлууллаа. Тэгсэн чинь, хоёр сармагчин нь мажийгаад, гурав дахь нь хариугүй шоконд ордгийн даваан дээр яагаад ч юм бэ тэсч, амьд үлджээ. Петр Кардиналын цусанд байсан вирүс түргэн үржиж, гоц аюултай халдвар үүсгэн, сармагчинг үхүүлэх чадвартай нь тийнхүү дахин батлагдлаа. Хожим нь Юджен Жонсон надад хэлэхдээ: “Ямар ч байсан, “Кардинал” омог бол Марбург вирүс мөн гэдгийг би гарцаагүй мэдэж байсан юм шүү” гэж билээ.

Юджен Жонсон сармагчинд туршилт хийснийхээ дараахан, “Кардинал” омгийн энэ вирүс усан гахайг өвчлүүлэх нь үү, үгүй юү гэдгийг үзэхээр хэдэн усан гахайд тарьтал өнөөх вирүс чинь тэднийг ёстой ялаа шиг дор нь алж орхижээ. Усан гахайг зүгээр үхүүлчихсэнгүй, эр усан гахайн төмсөг нь хавдаад, гольфийн бөмбөгний дайтай болтлоо томорч, хар хөх өнгөтөй болсон байлаа. Петр Кардиналын цусанд байсан вирүс чухам юу хүсч байгаагаа сайн мэддэг, ухаантай “амьтан” шиг байв. Энэ вирүс хүн, сармагчин, усан гахай зэрэг олон төрлийн амьтны эсэд үржих чадвартай төдийгүй, халдварласан эсээ танигдахын аргагүй болтол нь гэмтээн сүйрүүлж байлаа. Уул нь, аливаа вирүс тодорхой зүйлийн амьтны тодорхой төрлийн эсийг сонгон гэмтээдэгсэн. Гэтэл, энэ вирүс туйлын эмх замбраагүй ажээ. Ийм эмх замбраагүй байдал, зөвхөн зэрлэг байгальд тааралдах бөгөөд нүднээ үл үзэгдэх эмх замбраагүй үзэгдэл, хүний нүдэнд харагдаад ирэхээрээ хачин гоо үзэсгэлэнтэй юм шиг байх тал ч бий. Одоо энэ вирүс Африкийн хаа нэгтээ амьдарч байгаа нь тодорхой. Петр Кардиналын цусанд байсан вирүс нь хүн, сармагчин, усан гахай зэрэг өөр өөр зүйлийн амьтанд үржих чадвартай нь сонирхол татаж байгаа юм. Энэ вирүс халдварлаж, дотор нь үржсэн амьтдаа гол төлөв үхүүлж байгаа явдал нь саяын дурьдсан хүн, сармагчин, усан гахай зэрэг амьтад түүний амьдардаг жинхэнэ эзэн лав биш гэдгийг нотолж байна. Тэгэхлээр, энэ вирүсийн амьдардаг жинхэнэ эзэн бол түүний нөлөөгөөр үхдэггүй амьтан ч юм уу, шавьж ч юм уу, заавал өөр нэг организм байх ёстой. Ер нь вирүс өөрийхөө байнгын эзнийг үхүүлдэггүй юм. Харин Марбург вирүс зүйлүүдийн хооронд хэсүүчлэн халдварлаж, нэг зүйлийн амьтныг, нөгөө зүйлийн амтьнаас ялган зааглаж байдаг чухал хориг саадыг эвдлэн, нэвтэрч чадаж байв. Вирүс ингэж нэг зүйлийн амьтнаас нөгөө зүйлийн амьтанд үсрэн халдварлах нь ихээхэн гамшиг тарих аюултай байдаг. Ялангуяа, Марбург вирүс амьтны зүйлл, төрлийн ямар ч зааг ялгааг үл мэдэхээс гадна, хүн хэмээгч чухам юу болохыг ч мэддэггүй ажээ. Зарим хүн “Марбург вирүс чинь харин хүнийг дэндүү сайн мэддэг юм биш үү?” гэж асууж магадгүй. Тэгвэл огт үгүй шүү. Марбург вирүс ердөө “хүн бол мах” гэж л мэддэг юм.

Юджен Жонсон тэр удаа, Петр Кардиналын цуснаас вирүс ялгасныхаа дараа энэ хүү чухам хаана, ямар замаар халдвар авсан бэ гэдэг асуултанд анхаарлаа хандуулжээ. Тэр хүүхэд хаана хаана байсан бэ? Халдвар авчихаар юу хийсэн бэ? Тэр чухам хаагуур хаагуур аялсан бэ? гэсэн асуултууд өөрийн эрхгүй гарч ирсээр байв. Аргагүй шүү дээ, Юджен Жонсон бол, филовирүсийн нууц эх уурхайг олох гэж олон жил чармайн ажиллаж байгаа эрдэмтэн хүн.

Тэгээд нэг өдөр Юджен Жонсон Кени улсад ажилладаг, мэргэжил нэгт анд, доктор Питер Тукейруу утастжээ. Питер Тукей бол Найроби хот дахь Кенигийн Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд ажилладаг эрдэмтэн хүн. Юджен Жонсон түүнд: “Марбург вирүс мөн болохыг нь бид тогтоолоо. Чи тэр хүүхдийн өвчний түүхийг авч чадах уу? Тэр чухам хаагуур хаагуур явж, юу юу хийснийг мэдэж авмаар байна” гэж гуйжээ.

Доктор Питер Тукей талийгаач хүүгийн эцэг, эхийг олж, уулзаж ярилцахаа Юджен Жонсонд амлажээ. Долоо хоногийн дараа Юджен Жонсоны утас дуугарч, харилцуурыг автал, Питер Тукей ярьж байлаа. Тэр: “Нөгөө хүүхэд чинь хаагуур явсан гэж санана, чи төсөөлж байна уу? Тэр, Элгон уулан дахь Китумын агуйгаар аялж байж шүү” гэв.

Юджен Жонсоны толгойтой үс арзасхийх шиг болов. Нөгөө Шарль Моне, Петр Кардинал хоёрын явсан зам эцэстээ ертөнцийн ганцхан цэгт огтлолцжээ. Тэр цэг нь Китумын агуй байлаа. Хоёр аялагч маань тэр агуйд чухам юу хийсэн юм болов оо? Тэд нар тэр агуйд юу олсон бэ? Тэд гараа юунд хүргэсэн бэ? Тэдний амьсгалсан агаарт юу байсан бэ? Китумын агуйд ер нь юу амьдарч байна вэ?

АГУЙН ГҮНД

Форт Детрик хотноо нугас хөвсөн нэгэн цөөрмийн дэргэд зассан аяны ширээнрүү Юджен Жонсон бөхийн суугаад надруу ширтэнэ. Ид зуны халуун өдөр байсан болохлоор тэр нарны шил зүүжээ. Юджен Жонсон том гараараа ширээ тохойлдон, нарны шилээ авч арчив. Нэг метр наян зургаан сантиметр өндөр, зуун арав гаруй килограмм жинтэй, хууз сахалтай энэ хүний хүнхэрдүү хүрэн нүдний доод зовхи сүүдэртэн гархилж, ядарсан шинжтэй харагдана. Юджен Жонсон:

“Тэгэхэд Питер Тукей нөгөө нас барсан хүү Китумын агуйд очиж байсан талаар хэлэх гэж утастсан байлаа. Одоо, энэ тухай бодох бүр миний бие жихүүцдэг юм” гэж надад хэлснээ, цааш нь үргэлжлүүлэн “Долоо хоногийн дараа би Найробид нисч очоод, талийгаач хүүг эмчилж байсан Давид Сильверстейн эмчтэй уузлаа. Тэгэхэд доктор Питер Тукей надтай цуг очсон бөгөөд бид нар, Кенид тэр хүүхдийн явсан газар болгоноор орж, гэрт нь хүртэл очлоо. Аав, ээж нь Кисумуд Виктори нуурын ойролцоо маш сайхан байшинтай, тусгай тогооч, талбайн цэвэрлэгч, жолооч ажиллуулдаг юм байна. Тэдний байр сайхан шавардаж шохойдсон, цэвэр цэмцгэр, задгай байшин байсан бөгөөд эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн байв. Байшингийх нь дээврийн усны сувагт тэжээмэл даман үүрэлснээс гадна олон туулай, ямаа, хоёр өрөвтасаас эхлээд нэлээд олон төрлийн шувуутай айл байлаа. Харин тэр айлын ойр орчимд ямар ч сарьсан багваахай үзэгдээгүй шүү” гэв.

Юджен Жонсон яриагаа завсарлан юм бодлоо. Энэ хавьд биднээс өөр хүн амьтан байхгүй, хэдэн нугас л цөөрөмд хөвнө. Тэгснээ тэр яриагаа үргэлжлүүлэн: “Хүүгийн эцэг, эхтэй ярилцах гэж би ёстой тэвдсэн шүү. Чи мэднэ дээ, би чинь хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явдаг хүн. Тэгээд бас эхнэр бид хоёр хүүхэдгүй болохлоор би чинь гашуудаж шаналсан эхийг тайтгаруулж чадах хүн биш шүү дээ. Нэмээд хэлэхэд, би чинь америкийн цэргийн албанд ажилладаг хүн. Тийм болохлоор тэдэнтэй яаж ярих ухаанаа олохгүй байлаа. Аргаа барахдаа, тэдний оронд би байсан бол, яах байсан бэ гэж бодлоо. Аавыгаа нас барахад надад ямаршуухан байсныг санахыг хичээлээ. Тэгээд талийгаач хүүгийн аав, ээж хоёрын ярихыг дуугүй л сонсож суулаа. Петр Кардинал хүү Кенид ирсэнээсээ хойш эгчээсээ огт салаагүй гэнэ. Эгч дүү хоёр бүхий л цагийг хамтдаа өнгөрүүлж, юуг ч болов цугтаа хийдэг байжээ. Тэгвэл тэр хоёрын үйлдэл юугаараа ялгаатай байсан байж таарах вэ? Яагаад Петр Кардинал вирүсээр халдварласан байхад, эгч нь халдварлаагүй юм бэ? Тэр хоёрын үйлдэлд заавал нэг ялгаа байгаа нь илэрхий байлаа. Аав ээжийх нь ярианаас Китумын агуй дахь хадны тухай, хүүхдүүд нь геологи их сонирхдог тухай сонсоод, чухам энд л гол зүйл байх шиг санагдаж, “Кардинал тэр агуйд ямар нэг талстаар гараа эсгэсэн юм биш биз?” гэсэн асуулт надад төрлөө. Тэгээд халдвар авчихаж болзошгүй нөхцлүүдийн талаар тэднээс асууж ярилцлаа. Үнэхээр Петр Кардинал хүү Китумын агуйгаас жаахан талст цуглуулж авмаар байна гэж тэдэнд хэлж байжээ. Тэгээд ч тэр өөрөө агуйн ханыг алхаар нүдэн байж, цуглуулж авсан талст бүхий хэсэг чулууг жолооч нь жижиглэж будлаад, тогооч нь усаар угааж цэвэрлэсэн байлаа. Тэр хоёр хүний цусанд бид шинжилгээ хийсэн боловч Марбург вирүсийн халдварын ул мөр илрээгүй дээ” гэв.

Үүнээс үзэхэд, хүүхдийн гарт байсан өчүүхэн төдий шархаар Марбург вирүс нэвтрэн цусанд нь орсон байж болзошгүй юм. Тухайлбал, амьтны шээс юм уу няцарсан шавьжны сэгээр бохирдсон талстанд Петр Кардинал гараа хатгуулсан байж магадгүй. Гэхдээ талстаар халдвар дамжсан байлаа ч гэсэн, энэ вирүс байгальд чухам хаана амьдардаг, жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг түүнээс олж тогтоох бололцоогүй билээ.

Юджен Жонсон яриагаа үргэлжлүүлэн: “Бид Китумын агуйг үзэхээр очлоо. Марбург вирүс агаараар дамжин халдварладгийг мэдэж байсан учраас агуйд орохдоо өмсөж, биеэ хамгаалах зүйлсийг бид тийш нь аваачсан юм” гэж хэлэв.

Үнэхээр, 1986 онд буюу Петр Кардинал хүүг нас барахын урьд жил Юджен Жонсон туршилт хийж, Марбург вирүс, Эбола вирүс хоёр агаараар дамжин халдварладгийг гарцаагүй батлажээ. Тэр үед, Юджен Жонсон сармагчингуудыг вирүс агуулсан агаараар амьсгалуулж халдварлуулсан бөгөөд Марбург вирүс, Эбола вирүс хоёрын маш өчүүхэн тун нь маш хүнд халдвар үүсгэж чаддагийг нотолсон байна. Ийм учраас агуйд орох шинжилгээний багийн бүх хүн амьсгалын баг заавал хэрэглэх хэрэгтэйг Юджен Жонсон хүмүүстээ сануулжээ.

“Би цэргийн зориулалттай, хорт утааны шүүлтүүртэй баг аваачсан юм л даа. Багнаас гадна сарьсан багваахайн баас үсэнд орохоос хамгаалахын тулд толгойдоо нөмрөх ямар нэг юм хэрэгтэй байсан юм. Тэгээд бид нар тэндэхийн дэлгүүрээс маш том цэцгийн зурагтай, цагаан өнгөтэй дэрний уут хэдийг худалдан авцгаав. Биднийг агуйд анх орох үед, тэнд цуглараад байсан бөөн кени хүмүүс хорт утааны баг зүүж, толгойдоо томоо гэгчийн цэцгийн зурагтай дэрний уут угласан биднийг хараад ёстой элгээ хөштөл нь тачигнатал хөхрөлдөж байлаа” хэмээн Жонсон дурсан өгүүлэв.

Тэр үед, шинжилгээний багийнхан Китумын агуйг судлан, тэр агуйн зураглалыг гаргажээ. Энэ тандалтын аялалын дараа Китумын агуйруу томоохон шинжилгээний анги илгээхэд шаардагдах зардлыг гаргуулахын тулд Юджен Жонсон Армийнхаа удирдлагад асуудлыг шургуухан тавьж эхэлсэн байна. Тэгээд, Петр Кардиналыг нас барсанаас хойш, хагас жилийн дараа, 1988 оны хавар Юджен Жонсон биологийн аюулаас хамгаалах хувцас хэрэгсэл, эрдэм шинжилгээний багаж хэрэгсэл зэрэг зүйлсээр дүүргэсэн хорин авдар ачаатай Найроби хотод иржээ. Түүний ачаанд хүний цогцос хийдэг нийлэг хүүдий хүртэл байв. Ер нь шинжилгээний багийнхнаас хэн нэг нь гоц аюултай вирүсийн халдвараар нас барвал, үлдсэн хүмүүс нь ямар журмаар ажиллах ёстойг сайтар хэлэлцэж тогтсон байлаа.

Юджен Жонсон тэр үед гоц аюултай вирүсийн эх уурхайн яг дэргэд нь ирчихээд байгаагаа мэдэж байв. Гэхдээ Китумын агуйд вирүс байлаа ч гэсэн түүнийг олох нь туйлын бэрх тул эрэл нь бүтэхгүй ч байж магадгүй хэмээн боджээ. Кени улс, АНУ хоёрын хамтарсан шинжилгээний баг Китумын агуйд ажиллах хугацаанд энэ агуйг жуулчдад үзүүлэхгүй байхыг Кени улсын тал зөвшөөрлөө. Шинжилгээний хамтарсан багийн ахлагчаар Кенийн Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Питер Тукей ажиллахаар боллоо. Ингэж Юджен Жонсон санасан санаандаа ч хүрч, хэрэгцээтэй багаж тоног төхөөрөмжийг ч олж, шаардлагатай хөрөнгө мөнгийг ч олж базаажээ. Шинжилгээний баг гучин таван гишүүнтэй байсны дийлэнх нь кеничүүд байсан бөгөөд тэдний дотор байгаль судлаач, эрдэмтэн, эмч, ердийн ажилчин зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс багтаж байв. Шинжилгээний баг өдий төдий усан гахай хайрцганд хийн авч явснаас гадна нохой сармагчин, сайкейн сармагчин, африкийн ногоон сармагчин зэрэг арван долоон сармагчинг торонд хийн авч явлаа. Эдгээр амьтад бол чухамдаа нүүрсний уурхайд хорт хий байвал тэр дороо муурч унан уурхайчдад дохио өгдөг канарын бялзуухай шиг үүрэг гүйцэтгэх ажиглалтын амьтад юм. Эдгээр амьтдаас Китумын агуйн дотор болон ойр хавьд нь энд тэндгүй тавьж орхиод Марбург вирүсийн халдвараар өвчлөх эсэхийг нь ажиглах ёстой байв. Ер нь вирүсийг шууд олоод илрүүлчихдэг ямар ч тоног төхөөрөмж байдаггүй учраас онгон байгалиас вирүс олж илрүүлэх өнөө үеийн хамгийн сайн арга бол өвчлөмтгий амьтдыг сэжигтэй газруудад байлган ажиглах арга байдаг билээ. Иймээс, хэрэв сармагчин, усан гахай зэрэг амьтдын аль нэг нь өвчилбөл, түүнээс вирүс ялган, улмаар уг вирүс амьтдад хэрхэн халдварлаж байгааг туршилтаар судлан тогтоож болно гэж Жонсон төлөвлөжээ.

1988 оны хавар

Китумын агуйн шинжилгээний багийн удирдлага Англичууд Зүүн Африкийг эзэгнэж байсан 1920-иод оны үед баригдсан нэг эвдэрхий буудалд байрлалаа. Уулыг бүслэн ороосоор Китумын агуй хүрдэг, улаан шороотой замруу өнгийсөн хушуун дээр байрласан энэ буудлыг анх анчид, загасчдад зориулан барьжээ. Нэгэн цагт энэ буудал англи маягийн цэцэрлэгээр хүрээлэгдэж байсны зарим нь нураад шавар шавхай, африкийн хогийн ургамалтай холилдсон байв. Буудлын шалыг хатуу модоор хийж, өдөр бүхэн лааны тосоор гялтайтал зүлгэдэг байсан нь илт. Энэ буудлын байшинд их бууны цамхагуудыг хамт барьсан байсан бөгөөд өрөөг нь дугариг хэлбэртэй барьж, хаалгыг нь дундад зууны үеийн маягтай сийлбэрлэсэн чидуны модоор хийжээ. Зочных нь өрөөнд угалзлуулсан хаалттай аврага том задгай зуух байв. Буудлын ажилчид англиар бараг ярьж чадахгүй ч, ховорхон буудаг зочдоо английн уламжлалт найрсаг заншлаар үйлчлэхийг хичээцгээж байлаа. Элгон уулан дахь энэ буудал Британы ноёрхол сүйрэн унасны хөшөө болон Африкийн хоцрогдмол хөдөө нутагт үлджээ.

Хүйтэн жавар сэнгэнэн үдэш болоход, буудлын ажилчид задгай зууханд чудун модны тайрдас өрдөнө. Тэр буудлын хоолыг дээд зэргийн чанартай англи хоол гэх боловч, үнэндээ, ёстой дур гутмаар. Харин баар нь гайхалтай сайхан даа. Нуугдмал байрласан, өвөрмөц сонин мөртлөө жигтэйхэн тавлаг, дугараг хэлбэртэй, тэр бааранд эгнээ эгнээгээр нь өрсөн тускар шар айраг, франц дарс, тааруухан африк конъякны шил сав гялталзаж байдаг юм. Туйлдатлаа ядарсан эрчүүд бааранд суун шар айраг уух юм уу, задгай галых нь өмнө өлчин суугаад, элдэв түүх ярьцгаана. Үүдний харуулын ширээний хажууд, хананд хадсан нэгэн бичигт, хааяагүй л тааралддаг мөнгөний асуудлыг дурдаад, Элгон уулын буудлын ханган нийлүүлэгчид нь, аливаа зүйлийг зээлээр олгохоо бүрмөсөн зогсоосон тул тус буудал ч өөрийн зочдод зээлээр үйлчлэх боломжгүй болсныг харамсан мэдэгдсэн байв.

Шинжилгээний багийнхан эхлээд амьтдаа тэндхийн цаг агаарт дасгахын тулд, уул өөд тодорхой үе шатаар ахиулсаар явав. Тэд Китумын агуй руу ордог хөндийд хүрмэгц хэсэг зулзган модыг тайран авч, хөх брезентээр хэдэн халхавч барилаа. Китумын агуйг биологийн аюулгүй ажиллагааны IV зэрэглэлийн гоц аюултай бүс гэж үзээд, түүнд хамгийн ойрхон барьсан халхавчийг завсрын бүс гэж нэрлэв. Өөрөөр хэлбэл, энэ халхавч эрүүл орчин, гоц аюултай бүс хоёрын зааг болох юм. Китумын агуйд орж ажилласан эрчүүд гарч ирээд, энэ завсрын бүсийн халхавч дор химийн бодисоор шүршүүлэн хамгаалалтын хувцсаа халдваргүйжүүлэх ёстой. Өөр нэг халхавчийг биологийн аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн бүс гэж нэрлэлээ. Хүмүүс агуйд орохоосоо өмнө тэнд ердийн хувцсаа тайлж, хамгаалалтын хувцас өмсөх юм уу, агуйгаас гарч ирээд халдваргүйжүүлэлт хийлгэсний дараа хамгаалалтын хувцсаа тайлж, ердийн хувцсаа өмсөх ёстой юм. Бас өөр нэг халхавчийг биологийн аюулгүй ажиллагааны IV зэрэглэлийн, задлан шинжилгээний бүс гэж нэрлэлээ. Тэнд мөн л хамгаалалтын хувцастай мэргэжилтнүүд ажиллаж, тэр хавиас барьсан жижиг амьтдад задлан шинжилгээ хийн, Марбург вирүсийн халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг нь шалгах ёстой байлаа.

Тэр удаагийн аялалын талаар Юджен Жонсон надад ярихдаа: ”Урьд нь хэн ч очиж байгаагүй газар ажиллаж байгаа болохлоор биологийн аюулгүй ажиллагааны IV зэрэглэлийн аюулгүй ажиллагааны зарчмыг бид ширэнгэ ойн нөхцөлд анх хэрэгжүүлсэн юм” гэв.

Судлаачид агуйд орохдоо ракалын хамгаалах хувцас өмсдөг байжээ. Энэ бол зайгаар ажилладаг агааржуулагчтай, доторх даралт нь гаднах агаарын даралтаасаа илүү байдаг, хаана ч авч явах боломжтой хувцас юм. Агаараар дамжин халдварлаж болзошгүй, гоц аюултай бичил биетэнтэй хээрийн нөхцөлд ажиллахад зориулсан энэ хувцас, тод шар өнгөтэй болохлоор нь, түүнийг бас шар хувцас ч гэж нэрлэдэг ажээ. Ракалын хамгаалах хувцас хөнгөхөн, бүхэлд нь зөөвөрлөн авч явах бололцоотой, дотроо агааржуулагчтай байдгаараа чемтуроны хамгаалах хувцсаас ялгаатай. Энэ хувцасны дуулга, агааржуулагч хоёроос бусад бүх зүйлийг ганц хоёрхон хэрэглээд шатааж устгадаг юм.

Шинжилгээнийхэн ракалын хамгаалах хувцсаа өмсөн Китумын агуйн ам хүртэл зам засч, хүмүүс төөрөхгүй явах бололцоог хангахын тулд, юм овоолон замаа тэмдэглэжээ. Тэгээд зассан замынхаа дагуу тортой сармагчин, усан гахай зэрэг амьтдыг тавьж орхилоо. Сармагчингуудыг идэх гэж ирсэн ирвэсийг айлгаж үргээхийн тулд амьтад тавьсан газрыхаа эргэн тойрон төмөр утас татан, цахилгаан үүсгэгч зайтай холбон тог гүйлгэв. Бас хэдэн сармагчинг агуйн дотор, сарьсан багваахай бөөнөөрөө орогносон дээврийх нь дор тавьж үлдээлээ. Хэрэв сармагчингуудын дээрээс Марбург вирүс агуулсан ямар нэг зүйл унавал эдгээр амьтад өвчлөх байх гэж судлаачид боджээ.

Элдэв шавьж, хорхойгоор дүүрэн тэр агуйгаас судлаачид барагцаалбал гучин мянгаас далан мянган ширхэг хаздаг, хатгадаг янз бүрийн шавьжийг түүн цуглуулжээ. Энэ талаар Жонсон надад хүүрнэхдээ: “Мөлхөж явдаг шавьжийг барихдаа, агуйн хаданд гарсан ан цав дээр нь, наалддаг бодистой цаас тавьж, нисдэг шавьжийг барихдаа зайгаар цэнэглэсэн, тусгай чийдэнгийн гэрлээр урхи тавьдаг байлаа. Та ер нь, хачгийг яаж барьдгийг мэдэх үү? Хачиг бол, хүний уушгинаас гарсан нүүрстөрөгчийн хийн үнэрийг авмагцаа гараад ирдэг юм. Өөрөөр хэлбэл, үнэр авлаа, хүрч ирлээ, тэгээд л таныг хазаад авна даа. Ийм учраас, бид хачгийг үнэрээр татахын тулд, томоос том савтай нүүрстөрөгч хий авч очсон юм. Харин агуйн мэрэгчдийг хавх тавьж барьцгаасан даа. Китумын агуйн хойд талын замын хажууд хэсэг тогтоол ус байсан бөгөөд тэндээс элсний ялаа барьж цуглууллаа. Элсний ялаа бол бас л хаздаг шавьж. Тэр агуйн хавиар, хааяагүй л ирвэсний мөр, одос үхрийн мөр харагдаж байв. Гэхдээ бид тэдгээр амьтад болон бусад том амьтдаас цусны сорьц аваагүй. Бас зээрнээс цусны сорьц аваагүй юм” гэлээ. Би түүнээс:

“Марбург вирүс африкийн барны биед амьдарч байж болох уу? Эсвэл ирвэст байдаг вирүс биш биз?” хэмээн асуулаа.

“Тийм байж болно оо. Гэхдээ бидэнд ирвэс барих зөвшөөрөл байгаагүй юм. Тэр хавьд бар байгаагүй болохоор байхгүй юмыг бас барьж чадаагүй”

“Марбург вирүс зааны биед амьдарч байж магадгүй юм биш үү?”

“Та ер нь зэрлэг заанаас цус авах гэж оролдож үзсэн үү? Бид нар харин үгүй шүү.”

Тэр аялалын үеэр Кенийн байгаль судлаачид олон зуун шувуу, мэрэгч, даман, сарьсан багваахай барьж тусгай торонд хийдэг байжээ. Тэгээд ракалын хамгаалах хувцастай мэргэжилтнүүд, биологийн аюулгүй ажиллагааны IV зэрэглэлийн, задлан шинжилгээний бүсийн халхавчин дор, тэдгээр амьтдыг нь егүүтгэн, задлан шинжилгээ хийж, цус болон эд эрхтнээс нь сорьц аван, тусгай саванд хийгээд шингэн азот дотор хөлдөөдөг байв.

Кени эмч нар Элгон уулын зарим агуйд амьдарч, малаа ч бас агуйдаа байлгадаг нутгийн зарим мазай хүмүүсээс цусны сорьц авч, ямар өвчнөөр өвчилж байсныг нь судалснаас гадна, малаас нь бас шинжилгээний сорьц цуглуулжээ. Гэвч, тэр нутгийн хүмүүс болоод малын цусанд Марбург вирүсийн эсрэгбие илэрсэнгүй. Хэрэв ийм эсрэгбие илэрсэн бол тэд Марбург вирүсийн халдварт өртөж байсны баталгаа болох байлаа. Хэдийгээр уг халдварын ул мөр энэ удаа илрээгүй боловч, нэг айлын хүүхэд, өөр нэг айлын залуухан эхнэр, хэрхэн цус алдсаар, хэн нэгний гар дээр өөд болж байсан талаарх түүхийг нутгийн мазайчууд эмч нарт ярьж өгчээ. Тэдний ярианаас үзэхэд нас барсан хүмүүс цус алдан шоконд орж үхсэн нь тодорхой байгаа боловч, үхлийн шалтгаан нь Марбург вирүсийн халдвар байсан уу, эсвэл өөр вирүсийн халдвар байсан уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй билээ. Магадгүй, нутгийн мазайчууд Марбург вирүсийн халдварыг өөрсдийхөө ажиглалтаар мэддэг байж болох юм. Тэгвэл, яагаад тэд нар энэ өвчинд огт нэр өгөөгүй юм болов оо?

Тусгай торонд хийсэн ажиглалтын сармагчингууд, хэдэн долоо хоногийн турш залхтлаа агуйд байсан боловч нэг нь ч өвчилсөнгүй, бүгдээрээ эв эрүүл үлдэв. Ажиглалтын хугацаа дуусмагц тэдгээр сармагчинг алж, биед нь халдварын шинж байгаа эсэхийг шалган, цус болон эд эрхтнээс нь сорьц авах ёстой байлаа. Сармагчин дээр хийх туршилтынхаа энэ шатанд Юджен Жонсон үнэхээр шаналжээ. Сармагчингуудыг унтуулж егүүтгэнэ гэж бодохоос, түүнд нэг л эвгүй санагдаад, энэ ажлыг өөрөө хийж түвдэхгүй байлаа. Иймээс, хамгаалалтын хувцас өмссөн өөр хүмүүс агуйд орж, сармагчингуудад ихээхэн тунгаар нойрны эм тарин тэдгээр амьтдыг үүрд унтуултал нь Юджен Жонсон ой дотор холхон хүлээжээ. Энэ тухай Юджен Жонсон надад өгүүлэхдээ: ”Би амьтан алах дургүй. Энэ бол миний ёстой тэвчдэггүй зүйл. Хэрэв та сармагчингуудыг гуч хоног тэжээж, ундалбал, тэд таны найз болчихдог юм шүү дээ. Би чинь, тэднийг бананаар тэжээж байсан хүн. Тэгэхээр тэр хэдэн сармагчингаа ална гэдэг ёстой аймшигтай санагдсан юм” гэж билээ. Тэр удаа Юджен Жонсон хамгаалалтын шар хувцсаа өмсөөд, үхсэн сармагчингуудад задлан шинжилгээ хийж байхдаа урам муутай байснаас гадна, нэг ч сармагчин өвчлөөгүй байсан болохлоор түүнд улам ч уйтгартай байжээ.

Шинжилгээний багийнхан эцэстээ ямар ч амжилт олсонгүй. Ажиглалтын бүх амьтад нь, эрүүл үлдсэнээс гадна, бусад амьтан, шувуу, мазай хүмүүс, тэдний мал зэргээс цуглуулсан цус, эд эрхтний сорьцонд Марбург вирүсийн халдварын ямар ч шинж илэрсэнгүй. Энэ явдал Юджен Жонсоны урмыг ихээхэн хугалсан төдийгүй, шинжилгээний багийн ажлын тайлан, үр дүнг хэвлэн нийтлэх бололцоогүй болгожээ. Китумын агуйгаас ямар ч сонирхолтой зүйл олоогүй болохоор хэвлэн нийтлэх бодитой баримт түүнд байсангүй. Гэхдээ, Марбург вирүс Элгон уулын сүүдэрт амьдарсаар байгаа гэдгийг Юджен Жонсон бүрэн дүүрэн итгэлтэй хэлж чадна.

Хэдийгээр Юджен Жонсон Китумын агуйд ажиллаж байх үедээ санаагүй боловч, тэр агуйд хуримтлуулсан мэдлэг туршлага болоод Хүрээлэндээ буцаан авчирсан, биологийн аюулаас хамгаалах хувцас, бусад хэрэгсэл нь дахиад өөр нэг цагт, өөр нэг газар хэрэг болно гэдгийг бүтэл муутайхан дууссан аялалынхаа дараа зөнгөөрөө мэдэрчээ. Тийм учраас Африкт хэрэглэж байгаад Хүрээлэндээ авчирсан зүйлсийг нь хүмүүс оролдох юмуу хэрэглэх, эсвэл бүр аваад явчихаас сэргийлэн заримыг нь агуулахад байгаа тос даасан зэвсгийн хайрцагт хийж далдлаад, заримыг нь байшингийн арын зогсоолд тавьсан, тракторын бүхээгтэй чиргүүлд ачин, дүүжилдэг цоожоор хаалгыг нь түгжжээ. Марбург вирүс юмуу Эбола вирүсийн халдвар дахиад Африкийн хаа нэгтээ ч юм уу эсвэл өөр нэг газар гарвал, эдгээр зүйлийг нэн даруй онгоцонд ачихад бэлэн байлгахыг Юджен Жонсон хүсч байлаа. “Гэнэтийн тохиол болбол зөвхөн бэлтгэлтэй оюун ухааныг л ивээдэг юм” хэмээсэн Луй Пастерийн мэргэн үгэнд тэр хамгийн дуртай бөгөөд энэ үгийг байн байн боддог юм. Луй Пастер бол боом, галзуу зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бүтээсэн аугаа эрдэмтэн байсан билээ.

1989 оны зун

Армийн удирдлага, Нанси Жакс, Жерри Жакс хоёрын ажил албыг шийдэхдээ дандаа бэрхшээлтэй тулгардаг байлаа. Эхнэр, нөхөр энэ хоёр офицер Мал эмнэлгийн хэсэг гэж нэрлэдэг нэг жижиг хэсэгт адилхан зиндааны албан тушаалд ажилладаг байв. Хэрэв энэ хоёр эмчийн аль нэгийг албан тушаал дэвшүүлэх болбол яах вэ? Хэрэв тэдний нэг нь, ялангуяа эхнэр нь иж бүрэн хамгаалалтын хувцастай ажиллаж сурсан бол яах вэ? Тэднийг хааш нь томилох вэ? гэх мэтийн асуулттай Армийн удирдлага бас дахин тулгарч, энэ хоёр офицерийг Мэриланд муж улсын Абердеен хотын ойролцоох Химийн хамгаалалтын хүрээлэнд томилжээ. Жаксынхан эртний загвартай байшингаа зараад шувууд болон бусад амьтдаа аван нүүлээ. Турмонт хот дахь байраа орхисондоо Нанси огтхон ч харамссангүй. Тэднийх нүүж ирээд, бараг Нансигийн хүсч байсан шиг байшинд орж, хэд хэдэн аквариум дүүрэн загас тэжээх хоббитой болцгоожээ. Нанси армийн хөтөлбөрийн дагуу мэдрэл хордуулах хий хархны тархинд хэрхэн нөлөөлөхийг судалж эхэллээ. Хархны гавлыг нээгээд мэдрэлийн хийн нөлөөгөөр тархинд гарсан өөрчлөлтийг судлан тогтоодог энэ ажил нь Эбола вирүстай ажиллаж байсантай нь харьцуулахад түүнд аюулгүй, нэлээд таатай байсан ч, бага зэрэг уйтгартай санагддаг байв. Тэгж байтал эхнэр, нөхөр хоёулаа зэрэг цол нэмж, дэд хурандаа болоод, царсны навчны дүрстэй мөнгөлөг тэмдэг мөрөн дээрээ зүүдэг боллоо. Тэдний хоёр хүүхэд өсч, том болсоор байв. Намхан нуруутай, ээж шигээ буржгар үстэй Жейме охин тэргүүн зэргийн гимнастикч болсон бөгөөд аав ээж хоёр нь түүнийг олимпод биш юмаа гэхэд үндэсний аврага шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргана гэж итгэцгээнэ. Харин Жейсон өндөр нуруутай, намуун дөлгөөхөн хүү болжээ. Харин нөгөө Херки гэдэг нэртэй тоть огт хувирсангүй. Тоть ер нь урт насалдаг болохоороо тэр биз дээ. Тэр тоть: ”Ээжээ! Хөөш ээж!” гэж хашгирдаг хэвээрээ, “Квай гол дээрх гүүр” дуурийн маршийг хангинатал исгэрдэг хэвээрээ байлаа.

Нансийг АНУ-ын Цэргийн Анагаах Ухааны Халдварт Өвчин Судлалын Хүрээлэнд ажиллаж байхад, түүний дарга байсан Антони Жонсон, хамгаалах хувцастай ажиллах чадвартай хуучин мэргэжилтнээ ажилд нь буцааж авъя гэж боджээ. Ямар ч байсан Нанси хүрээлэнгийхээ харъяаны байгууллагад ажиллаж байгааг тэр сайн мэдэж байлаа. Антони Жонсон өөрөө Вольтер Ридийн нэрэмжит Анагаах Ухааны Төвийн эмгэг анатомын салбарын даргаар томилогдож, өмнө нь түүний хашиж байсан Хүрээлэнгийн эмгэг анатомын тасгийн даргын орон тоо эзэнгүй үлдэж байсан учраас тэр албан тушаалд Нансийг томилуулах хүсэлтээ Армийн удирдлагад танилцуултал, удирдлага нь ч зөвшөөрлөө. Хүрээлэнгийн удирдлага Нансиг биологийн гоц аюултай ажил гүйцэтгэх албан тушаалд томилсноор, 1989 оны зун тэр, шинэ ажлаа хүлээн авав. Армийн удирдлага яг тэр үеэр, түүний нөхөр Жерри Жаксыг Хүрээлэнгийн мал эмнэлгийн салбарын даргаар бас томилжээ. Ийнхүү, нэг гэр бүлийн хоёр Жакс тун чухал эрх мэдэлтэй хүмүүс боллоо. Эхнэр нь хамгаалалтын иж бүрэн хувцастай ажилладаг албандаа буцаад очиход Жерри Жакс бас л дурамжхан байсан ч, иймэрхүү байдалтай нэгэнт эвлэрэн дасчээ. Эхнэр, нөхөр хоёр Жакс хоёулаа албан тушаал дэвшин 1989 оны наймдугаар сард Абердеен хот дахь байшингаа зарж, Турмонт хотруу эргээд нүүв. Энэ удаа Нанси эртний загварын байшин авмааргүй байгаагаа Жеррид хэлснээр дээвэртээ цонхтой, саруулхан өрөөтэй, орчин үеийн гоёмсог байшин худалдан авлаа. Тэр байшингийн эргэн тойрон асар том талбай, ой, нугатай, ёстой хүүхдүүд нь тоглож, ноход нь сэлгүүцэн гүйж байхад таарсан сайхан газар байв. Тэдний байшин хотын захад сүндэрлэх Катоктин уулын доод бэлд, алим ургасан хязгааргүй том жимслэгийн дээхнэ байдаг юм. Гал тогооных нь өрөөний цонхоор иргэний дайны үед цэргийнхэн маршаар алхаж явсан түүхтэй боловч, одоо нэгэнт тариалангийн талбай болсон уудам газар харагдана. Лавшруулаад цааш нь харвал, Мэриланд муж улсын төв хэсэг, гүвээ нугачаа, бөөн бөөн ой мод, гишгэдэж тагтаршсан талбай ээлжлэн үзэгдсээр, газар тэнгэрийн савслагатай нийлэх бөгөөд энд тэнд даршны цамхаг харагдах нь фермерийн аж ахуй эрхэлдэг айл өрх байгааг илтгэнэ. Үзэсгэлэнт сайхан энэ нутгийн тэртээ дээгүүр зорчигч тээврийн тийрэлтэт онгоцууд ардаа цагаан зам татуулан, тэнгэрт сүлжилдэн байдаг юм.

ХОЁРДУГААР ДЭВТЭР
САРМАГЧНЫ БАЙР

РЕСТОН ХОТ

1980 оны аравдугаар сарын 4, Лхагва гараг

Вашингтон хотын Колумбын тойргоос баруунтаа, бараг 16 километрийн зайд, хурдны замын цаахна хөгжин цэцэглэж байгаа Рестон хот оршдог юм.

Баруунаас үлээх салхинд агаар нь тунгалагшсан намрын өдөр Рестон хотын аль ч албан газрын дээд давхраас Вашингтон хотын худалдаа үйлчилгээний төвийн гол хэсэгт сүндэрлэх Жорж Франклин Вашингтоны хөшөөт сувраганы цайвар шаргал шовх орой тодхон үзэгдэж, түүнээс цаана Конгрессийн ордон харагддаг билээ. Тус хотын хүн ам сүүлийн жилүүдэд нэлээд өсчээ. Анх 1980-аад онд сүндэрлэн боссон талст мэт гялбалзах гоёмсог сайхан барилга байшингуудад Рестон хотын орчин үеийн боловсронгуй технолог бүхий үйлдвэр, орлого сайтай бизнесийн төв, тэргүүний компаниуд нүүн орсон түүхтэй. Талст мэт гоёмсог байшин барилгууд баригдахаас өмнө Рестон хотыг хүрээлж байсан тариалангийн талбайгаас одоо сайхан нуга нь л үлджээ. Хавар болоход, тэр нугаар дүүрэн шар гичний цэцэг дэлгэрээд, цэцэгт улиангар, яшил модонд үүрлэсэн хөөндий, урт сүүлт дууч шувуухайнууд жиргэлдэн байдаг юм.

Рестон хотод, орон сууцны сайхан дүүрэг, сайн сургууль, соёл амралтын хүрээлэн, гольфын талбай, дээд зэргийн үйлчилгээтэй, хүүхдийн өдөр өнжүүлэх төв зөндөө бий. Америкийн байгаль судлалч эрдэмтдийн нэрээр нэрлэгдсэн Торью нуур, Одюбон нуур хоёрын эргийн дагуу, эргэн тойрон барьсан тансаг сайхан байшингууд бас бий. Хотруу чиглэсэн үй түмэн машин цуварч байдаг Лисберг оргилын, замын дагуу сууршиж, хагас тойрог хэлбэртэй тохижуулсан машины зогсоолд нь, Мерседес-бенц машин олноороо эгнэсэн, захиргааны байгууллагууд ч улам олширсоор байгаа юм. Дээр үед Рестон хөдөө нутгийн нэгэн төв байсан болохлоор тэр үеийх нь түүх үл мартагдан, цохиод цохиод далд ордоггүй хадаас шиг ил үлдэх гэж тэмцсээр байгаагийн гэрч нь, сайхан сайхан байшин барилгын завсраар, хааяа хааяа үзэгдэх, хагархай цонхыг нь хатуу цаасаар тагласан модон байшин, хажуугийнх нь хашаанд тавьсан ачааны жижиг машин билээ.

Анх 1960-аад онд Лисберг оргилоос холгүйхэн байгуулагдсан, жижигхэн ногоон цэцэрлэгтэй нэг байгууллага байдаг юм. Хэдийгээр шил толь болсон ганган чамин биш ч гэсэн, тун цэвэр цэмцгэр, тэр байгууллагыг анх байгуулагдах үед эргэн тойронд нь суулгасан агч мод болон эвкалипт модод одоо хажуугийнхаа нугыг сүүдэрлэхүйц өндөр ургажээ. 1989 оны намар тус байгууллагын харъяаны нэг давхар байшинг “Хазлетоны Эрдэм шинжилгээний бүтээгдэхүүн” гэдэг компани сармагчны байр болгон ашиглахаар түрээслэсэн байна. Энэ компани бол Корнингийн нэгтгэлийн нэг салбар бөгөөд лабораторийн туршилтын амьтдыг гадаадаас худалдан авч, дотооддоо арилжаалдаг байлаа. Хазлетоны сармагчны байрыг бас Рестон хотын сармагчны хөл хорионы хэсэг гэж нэрлэдэг байсан нь учиртай.

Тэр үед, АНУ дэлхийн халуун бүсийн орнуудаас жил бүр 16000 орчим зэрлэг сармагчин худалдан авч, хэрэгцээтэй газарт нь хуваарилан, амьтдыг ачуулахаасаа өмнө, сармагчны хөл хорионы хэсэгт нэг сарын хугацаагаар байлган ажиглаж, бусад бич, сармагчны дунд төдийгүй, хүн амын дунд гоц аюултай халдварт өвчин тархахаас сэргийлдэг байлаа. Рестон хотын сармагчны хөл хорионы хэсгийн зөвлөхөөр, мал эмнэлгийн ухааны доктор Дан Далгард ажилладаг бөгөөд сармагчин өвчилж, эмчлэх шаардлага гарсан үед л түүнийг дууддаг байжээ. Уул нь энэ хүний жинхэнэ албан тушаал нь, Корнингийн нэгтгэлийн эзэмшилд байдаг Хазлетон Вашингтон хэмээх өөр нэг компанийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан билээ. Тэр компани мөн л Лисберг оргилд, сармагчны байрнаас холгүй байдаг болохлоор сармагчны эрүүл мэндийг үзэж, эмчлэх шаардлага гарсан даруйд Дан Далгард машинаараа давхиад хүрчих боломжтой ажээ.

Далгард бол тавь гаруй настай, өндөр нуруутай, цайвар цэнхэр нүдтэй, төмөр хүрээтэй нүдний шилтэй, үгээ зөөж, нам дуугаар ярьдаг хүн билээ. Тэр, Техас хотноо мал эмнэлгийн сургуульд сурч байхдаа л үгээ зөөж ярьдаг болжээ. Далгард албан өрөөндөө, гол төлөв, саарал костюмтай байдаг ч, сармагчин үзэж, эмчлэх үедээ цагаан халаат өмсдөг юм. Сармагчин үржүүлгийн талаар ихээхэн мэдлэг туршлагатай, олон улсын хэмжээнд ч нэр цуутай энэ хүн их тайван, дандаа нэг зангаараа байдаг нэгэн билээ. Тэр оройн цаг болон амралтын өдрөө хуучны янз бүрийн цаг засварлан суух дуртай бөгөөд ингэж өөрөө юмыг засч, янзалж суухад санаа сэтгэл нь тайван амгалан болдог учраас гэрээрээ дүүрэн өрсөн, элдэв төрлийн цагаа уйгагүй арчилж байдаг юм. Ерөөсөө мал эмнэлгийн ухааныг бүрмөсөн орхиод хамаг л цаг заваа цаг засварлах ажилд зориулахсан гэж тэр хааяа хүсдэг ажээ.

Филиппинээс ачуулсан зуун зэрлэг сармагчинг 1989 оны аравдугаар 4-ний Лхагва гарагт Хазлетоны сармагчны байранд хүлээн авчээ. Тэдгээр сармагчинг илгээсэн газар нь Манила хотоос холгүй оршдог сармагчны бөөний худалдааны Ферлайтын ферм байв. Тэдгээр амьтдыг анх Миндано арлын эргийн дагуух ширэнгэ ойгоос барьж, Ферлайтын фермд хүргээд, бүлэг бүлгээр нь том торонд хийжээ. Торонд хийсэн сармагчингуудыг дараа нь, том сараалжин авдранд хийн, зориуд бэлтгэсэн ачааны онгоцоор эхлээд Амстердам хот хүргэж, тэндээсээ Нью Йоркт авчирчээ. Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр сармагчингуудыг ачааны машинд ачин, АНУ-ын зүүн хэсгийн далайн хөвөөг даган уруудсаар Рестон хотын сармагчны байранд авчирсан байна.

Тэдгээр сармагчин бол Зүүн Өмнөд Азийн мөрөн тэнгисийн захаарх намаг шалбаагт ургасан мөнх ногоон ойд амьдарч, хавчаар хооллодог амьтад байлаа. Хавчаар хооллодог сармагчин элбэг олдоцтой мөртлөө хямдхан болохлоор нь лабораторийн туршилтад маш өргөн ашигладаг юм. Тун хялбархан баригддаг, ташуур маягийн нумарсан урт сүүлтэй, ягаан саарал зүстэй, цээжиндээ цагаавтар, нуруундаа шар үстэй энэ сармагчин макакын төрөлд багтдаг учраас түүнийг бас “урт сүүлт макак” гэж нэрлэдэг. Энэ сармагчин, нохойных шиг урт хоншоортой, сартгар хамартай, хурц шүдтэй бөгөөд гар нь хүнийхтэй нэлээд төсөөтэй бөгөөд хуруунууд нь хумстай байдаг юм. Эм сармагчны хөх нь, эмэгтэй хүнийхтэй жигтэйхэн адилхан бөгөөд хөхнийх нь толгой цайвар өнгөтэй байдаг билээ.

Хавчаар хооллогч сармагчингууд, ширэнгэ ойд амьдардаг хүмүүстэй өрсөлдөн байж, хоолоо олж иддэг болохлоор хүнд ёстой дургүй. Хүнсний ногоо, ялангуяа, хаш идэх маш дуртай эдгээр сармагчин айлын ургацруу байн байн дайрахдаа “Кра! Кра! Кра!” гэж хашгиралдан, сүрэг сүргээрээ модон дундуур үсрэн дүүлэн давхилдана. Айлын тариаланг хоослосныхоо дараа, одоо ургацын эзэн буу барьсаар тэднийг хайж ирнэ гэдгийг маш сайн мэддэг сармагчингууд сэжиг авмагцаа ойн гүнрүү зугтан нуугдахаар байнгын бэлэн байдалд байдаг ажээ. Бууны бараа харсан сармагчингууд “Кра! Кра! Кра!” гэж хашгиралдан бусдыгаа сэрэмжлүүлнэ. Зарим нутагт “кра” гэж нэрлэдэг энэ сармагчинг азийн ширэнгэ ойд амьдардаг хүмүүс, ихээхэн зэвүүн амьтны тоонд оруулдаг юм. Өдөр өнгөрөөд орой болмогц, сармагчингууд ямар ч навчгүй, сэрийсэн мөчиртэй, хатаж гандсан модонд сүрэг сүргээрээ очиж унтана. Ийм мод бол тэдний гэр. Сармагчингууд ийм модонд байрласнаар зүг бүхэнрүү харж, хүн болоод бусад махчин амьтнаас сэрэмжлэхэд амар байдаг ажээ. Ялангуяа, тэд усруу тонгойсон модыг зориуд сонгодог нь аюул тулгарсан үед газарт буулгүйгээр, шуудхан усруу үсрэх боломж олгодгоос тэр юм.

Өглөө нар мандахад, сармагчингууд сэрээд нарыг мэндчлэх аятай хашгиралдах нь хүмүүст сонстоно. Эх сармагчингууд, хүүхдүүдээ цуглуулан модны мөчир дээр бөөгнүүлэхэд, сармагчны сүрэг тарж, модон дундуур дүүлэлдсээр жимсний эрэлд гарна. Эдгээр сармагчин, хүнсний ногоо, жимс, шавьж, ургамлын үндсийг идэхээс гадна, жижигхэн шаврыг хүртэл зажилж залгиад, давс, эрдэс бодис гээд, ер нь, юм болгоныг зооглодог бололтой. Тэд, хавч идэх дураа хүрэхээр мөнх ногоон ойруу сүргээрээ орж, модноос буугаад, хавчны нүх сахин, усан дотор чимээгүйхэн хүлээнэ. Тэгээд хавч нүхнээсээ гараад ирмэгц нь, түүнийг ухасхийн шүүрч авахдаа хавчны саварт бариулахгүй байх өөрийн гэсэн аргатай. Ямар арга вэ гэхлээр, сармагчин нүхнээсээ гараад ирсэн хавчийг юуны өмнө заавал араас нь барьж авах ба барьж авсан хавчныхаа саврыг тэр дор нь тасчин хаядаг юм. Тэгж гялалзуулсныхаа дараа ангаа ховдоглон иднэ. Гэвч зарим сармагчин “шуурхай ажиллаж” чадаагүйгээс хуруунд нь хавч зүүгдчихсэн, өвдсөндөө чангаар орилон, усан дотор гараа сэгсчээд цовхчиж байдаг юм. Тэгж бүтэлгүйтсэн сармагчин намган дунд орилох дуугаар нь тэдний хавч идэх хорхой нь хөдөлдөг цаг болсныг хүмүүс мэддэг ажээ.

Сармагчны сүрэгт захирах, захирагдах хатуу журам бий. Хамгийн том биетэй, хамгийн догшин сармагчин нь сүргээ толгойлон бусдыгаа өөрийн хяналтанд байнга байлгадаг юм. Хэрэв захирагдагсад нь түүний дургүйг хүргэвэл, нүдрүү нь цоо ширтсээр байгаад буулгаж авна. Торондоо байгаа толгойлогч сармагчны нүдрүү хүн ширтэх юм бол тэр даруйхан торныхоо хаалган дээр давхиж ирээд өөдөөс нь адилхан ширтэх бөгөөд ширтэх тусмаа улам улам дошгирон тороо нүдэж, тэр хүнрүү дайрахыг оролдоно. Толгойлогч сармагчин өөрийх нь эрх мэдлийг булаан авахыг оролдсон сармагчингуудаас огтхон ч айдаггүй шигээ, нүдрүү нь ширтсэн хүнээс айхгүйгээр үл барам, түүнийг даруй алахыг хүснэ. Хэрэв нэг торон дотор хоёр толгойлогч сармагчин хийвэл, зөвхөн нэг нь л амьд үлддэг жамтай.

Рестон хотын сармагчны байранд авчирсан, хавчаар хооллодог сармагчингуудыг чийдэнгээр гэрэлтүүлсэн торонд хоёр хоёроор нь хийж, жигнэмэг болон жимсээр хооллодог байжээ. Сармагчны байранд нийтдээ арван хоёр өрөө байсан бөгөөд өрөө бүхний үүдэнд, англи цагаан толгойн дараалалаар, “А”-гаас “L” хүртэлх үсэг хадаж, тэр үсгээр нь нэрлэдэг байлаа.

Анх аравдугаар сарын 4-нд сармагчингуудыг авчирахад, хоёр нь үхсэн байсан боловч, тээвэрлэх замд амьтад үрэгдэх нь ердийн явдал байдаг болохлоор хүмүүс тоосонгүй. Гэтэл дараагийх нь гурван долоо хоногийн дотор олон сармагчин ер бусаар үхэж эхэлжээ.

* * *

Аравдугаар сарын 4-нд буюу Рестон хотын сармагчны байранд шинэ сармагчин авчирсан тэр орой Жерри Жаксын амьдралыг үүрд өөрчилсөн нэг явдал тохиолджээ. Түүний дүү Жон нь эхнэр, хоёр жаахан хүүхэдтэйгээ Канзас хотод суудаг байсан бөгөөд тэр дүү нь зээлийн карт хийхэд хэрэглэдэг нийлэг эдийн үйлдвэрлэлд оролцдог нэрд гарсан бизнесмен, банкны эзэн байжээ. Жон Жерригээс хэдхэн насаар дүү бөгөөд тэр хоёр төрсөн ах дүүгийн ёсоор маш дотно харьцаатай байлаа. Канзасын хөдөө нутагт хамт өсч, коллежид суралцахаар мөн л хамтдаа явсан ах дүү хоёр хоорондоо маш адилхан. Хоёулаа өндөр нуруутай, эрт буурал суусан үстэй, хурц нүд, шонхор хамартай, тайван зантай, ялангуяа, тэр хоёрын дуу маш адилхан. Тэдний ялгаа нь гэвэл, Жон сахалтай, Жерри сахалгүй байв.

Тэр орой Жон хоёр хүүхдийхээ сургууль дээр болох эцэг эх, багш нарын уулзалтад эхнэртэйгээ хамт оролцохоор тохирсон байжээ. Гэтэл ажил нь оройтож тарах болсон тул уулзалтад очиж амжихгүй нь гэж эхнэртээ хэлэхээр, үйлдвэрийхээ албан өрөөнөөс оройхон утастсан юм байжээ. Яг тэр үеэр эхнэр нь эзгүй байж таарсан тул, ажлаасаа уулзалтад шууд очно тэгээд уулзая гэдгээ утасныхаа хариулагч аппаратад хэлж үлдээсэн байна. Гэвч Жон уулзалтад ирсэнгүй. Эхнэрийх нь санаа зовж, үйлдвэррүү нь очжээ.

Гэтэл үйлдвэр дээр нь нэг ч хүн байхгүй, машинууд нь чимээгүй зогсож байлаа. Жоны эхнэр үйлдвэрийн урт хонгилоор явсаар шатруу очив. Нөхрийх нь ажлын өрөө тэр шатны яг дээр нь байдаг бөгөөд тэндээс үйлдвэрийн доторх бүх зүйл харагддаг юм. Шатаар өгсөн очвол, нөхрийх нь өрөөний хаалга хэмхэрчихсэн, үүд нь онгорхой байв. Ороод очтол Жон нэлээд хэдэн удаа буудуулан нас барсан байсан ба өрөө нь нэлдээ цусаар бялдсан байлаа. Энэ бол үнэхээр зэрлэг аллага байв.

Энэ хэргийг мөрдөхөөр Канзас хотын Хүн амины хэргийг мөрдөх газрын офицер Рид Буэнтэ гэдэг хүн томилогджээ. Тэр офицер Жоны хуучин танил төдийгүй, түүнийг бишрэн шүтэгч нь байв. Жоныг Канзас хотын банкны ерөнхийлэгч байхад Рид Буэнтэ хамгаалалтых нь албанд ажиллаж байгаад түүнтэй анх танилцсан билээ. Офицер Буэнте уг хэргийг мөрдөн алуурчин буюу алуурчдыг илрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ. Гэвч цаг хугацаа урсан өнгөрсөөр байсан боловч Буэнте ямар ч сэжим илрүүлж чадаагүйдээ урам нь хугарч эхэлсэн байна. Уг нь тэрээр Жонтой нийлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар маргаан зөрчилтэй байсан Жон Вивер гэдэг хүнийг алуурчин байх гэж сэжиглэж байлаа. Гэвч түүнийг буруутгах эд мөрийн баримт олдохгүй байсан тул мөрдөгч Буэнте хүндхэн бэрхшээлтэй учирчээ. Эцэстээ, хэрэг илрэх найдлага огт байхгүй болсон учраас тэр Жеррид “Ерөөсөө хүн алуулах тун хялбархан юм байна. Бас хямдхан гээч. Хэн ч гэсэн, өчүүхэн мөнгөөр хэнбугайг ч алуулж дөнгөнө шүү” гэж хэлжээ (Саяхан, намайг Буэнте орфицертай утсаар ярихад, нөгөө сэжигтэн Вивер зүрхний өвчнөөр нас барсан тул тогтсон журмын дагуу хэргийг хаасан гэж хэлсэн билээ).

Дүү нь хүнд алуулсан явдал Жеррийг зовлонд унагалаа. Цаг хугацаа бүхнийг эдгээнэ гэдэг боловч Жерригийн хувьд сэтгэлийх нь зовиурыг улам ихэсгэсээр байв. Нанси ч нөхрөө сэтгэлээр унах өвчтэй болчихлоо гэж боддог болжээ.

Жерри нэг удаа эхнэртээ: “Амьдрал минь дуусчихсан юм шиг л санагдах юм. Ямар ч байсан, хуучин шигээ байдгаа болчихож. Ер нь хуучин шигээ хэзээ ч болохгүй байх аа. Жоныг дайсантай байсан гэхлээр, яагаад ч үнэмшихийн аргагүй шүү” гэжээ.

Нанси, Жерри хоёр талийгаач дүүгийхээ оршуулгын ёслолд хүүхдүүдтэйгээ оролцохоор очсон байх үед, Жейме, Жейсон хоёр авсруу нь өнгийн харснаа: “Хүүе, аав аа! Нагацын цогцсыг харсан чинь, та л тэнд хэвтэж байгаа юм шиг санагдлаа” гэжээ.

Арав, арван нэгдүгээр саруудад Жерри Канзас хотын Хүн амины хэргийг мөрдөх газарруу бараг өдөр бүхэн утастдаг байсан боловч, мөрдөгч хэргийг илрүүлж чадахгүй байв. Тэгэхлээр нь, Канзаст очоод сэжигтэн этгээдийг шууд буудчихмаар түүнд санагддаг болжээ. Гэвч түүнийг алчихвал шоронд сууна_ Тэгвэл хүүхдүүд минь яах вэ? Хэрэв бидний сэжиглэж байгаа хүн алуурчин биш бол яах вэ? Хэрэв алуурчин биш байсан бол би чинь ямар ч гэм зэмгүй хүнийг алсан хүн болж таарна шүү дээ гэж эргэлздэг байлаа.

* * *

1980 оны арван нэгдүгээр сарын 1, Лхагва гараг Би Рестон хотын сармагчны байрыг хариуцдаг байсан менежерийн нэрийг өөрчилж, Билл Вольт гэж нэрлэе. Тэр үед Билл Вольт сармагчин үхэхийг харах бүрдээ сэтгэл нь улам шаналж байжээ. Сармагчингууд энд ирснээс хойш нэг сар арай хүрэхгүй хугацаа өнгөрөөд байсан нэгдүгээр сарын 1-нд тэр Дан Далгард руу утастан Филлипинээс саяхан авчирсан сармагчингууд олноороо үхэж байгаа нь нэг л сэжигтэй байгааг мэдэгджээ. Нийтдээ 100 сармагчин хүлээн авснаас харсаар байтал хорин ес нь буюу бараг гуравны нэг нь үхсэн байлаа. Ядахдаа тэр үеэр энэ байрны халаалт, салхижуулагчийн системд гэмтэл гарч, агаарын температурыг тогтмол хэмжээнд баригч аппарат нь эвдэрснээс байрны доторх дулаан буурахаа больжээ. Уурын халаагуур нь байдаг чадлаараа халаахын зэрэгцээ салхижуулагч систем нь агаарыг сэрүүцүүлж дийлэхээ больсноос сармагчны байранд тэсвэрлэхийн аргагүй халуун байдаг боллоо. Тэгэхлээр, сармагчингууд дулаанд цохиулсан байж магадгүй гэж Вольт анхандаа бодож байлаа. Гэвч сармагчингууд гол төлөв ганцхан өрөөнд, тодруулбал, байшингийн арын урт хонгилд байдаг “F” өрөөнд л үхээд байгааг Вольт ажиглав.

Далгард эмч сармагчны байранд ирж, өвчилсөн амьтдыг үзэхийг зөвшөөрсөн боловч ажил ихтэй, завгүй байгаа учраас дараагийн долоо хоног хүртэл амжихгүй гэжээ. Тэгж тэгж, Далгардыг арайхийж нэг ирэхэд нь, Билл Вольт түүнийг дагуулан, хамгийн олон сармагчин үхээд байгаа “F” өрөөрүү явав.

Тэр хоёр цагаан халат өмсөн, цэвэрхэн амны хаалт хийгээд, ган хаалгатай сармагчны өрөөнүүд хоёр талаар нь эгнэсэн урт цементэн хонгилоор уруудлаа. Хонгилд маш халуун байсан тул хоёулаа хөлөрч эхлэв. Ган хаалгануудын хажуугаар өнгөрөхөд сармагчны хэдэн зуун нүд цонхоор харагдаж байсан бөгөөд хүний бараа харсан амьтад туйлын соргог болцгоолоо.

“F” өрөөнд аравдугаар сард Филиппиний Ферлайртийн фермээс авчирсан хавчаар хооллодог сармагчингуудыг хийсэн байлаа. Өөр сармагчинтай хольсонгүй. Ганц ганцаар нь торонд хийсэн тэдгээр амьтад их л унжгардуу царайтай сууцгааж байв. Хэдхэн долоо хоногийн өмнө модонд эрх дураараа дүүжигнэн савлаж байсан сармагчингууд, одоо өөрсдөд нь тохиолдоод байгаа ийм байдалд дургүй байгаа нь илт. Далгард эмч нэг торноос нөгөөрүү очин сармагчингуудыг ажиглаж явав. Сармагчны нүдийг хараад л олон юм хэлж чаддаг, тэдний хөдөлгөөнөөр байдлыг нь ойлгодог энэ эрдэмтэн хөдөлгөөн муутай юм уу өвдсөн сармагчин хайж байлаа.

Сармагчингууд нүдрүү нь харахлаар галзууртлаа уурлаж байсан тул Далгард эмч толгойлогчийх нь хажуугаар гарахдаа болгоомжтойхон хартал, тэр сармагчин эмчийг өрөөнөөс зайл гэсэн янзтай түлхлээ. Тийнхүү явсаар нүднийх нь цог буурч, сүүмийн гөлийсөн, хөдөлгөөн нь муудсан нэг сармагчин байгааг эмч олов. Тэр сармагчны зовхи нь унжаад, нүд нь бага зэрэг хялайжээ. Эрүүл сармагчны зовхи томоо гэгч нь нээгдээд, нүд нь хоёр том цагираг нүүрэн дээр нь тавьчихсан юм шиг харагддагсан. Гэтэл тэр сармагчны зовхи нь унжсанаас нүд нь бүтэн харагдахгүй, хялайсан хоёр зууван дүрс мэт үзэгдлээ.

Далгард эмч урт ханцуйтай савхин бээлий өмсөн, торны хаалгыг нээн орж, сармагчинг хөдөлгөлгүйгээр дарж байгаад, нэг гараа бээлийнээс сугалан гаргаж, тэр амьтны гэдсийг хурдхан гэгч нь дарж үзлээ. Тэр сармагчны бие хав халуун байсан нь халуурсны шинж мөнөөс гадна, хамраас нь нус гоожжээ. Эмч сармагчинг тавиад, торноос гарч, хаалгыг нь хаалаа. Далгард, тэр сармагчин хатгаагаар өвчилсөн юмуу, ханиад хүрсэн байх ч гэж санасангүй. Өрөө нь туйлын халуун байсан болохлоор, түүнийг дулаанд цохиулсан байх гэж боджээ. Тэгээд байрны эзнийг сайн шахаж шаардан халаалтын системийг засуулах хэрэгтэй гэж Билл Вольтод зөвлөөд, цааш явж байтал зовхи нь унжиж, нүд нь хялайсан, барьж үзэхэд, бие нь халуунтай бас нэг сармагчин тааралдлаа. Тийнхүү “F” өрөөнд хоёр сармагчин өвчилсан байв.

* * *

Өвчтэй хоёр сармагчин тэр шөнөө үхсэн байсныг Билл Вольт маргааш өглөө нь мэдэв. Хөөрхий хоёр сармагчин атрилдаад, хагас аниастай нүд нь гөлийн ширтсээр үхчихсэн байлаа. Энэ явдал түүний сэтгэлийг ихэд түгшүүлж, тэдгээр амьтад юунаас болж үхсэнийг мэдэхийн тулд задлан шинжилгээ хийхээр шийдэв. Билл Вольт үхсэн хоёр сармагчинг хонгилоор зөөн шинжилгээний өрөөнд оруулаад, бусад амьтдад нь харагдахгүйн тулд хаалгаа хаав. Хэрэв үхсэн сармагчинд задлан шинжилгээ хийж байхыг бусад нь харвал учир зүггүй үймэлддэг юм.

Билл Вольт сармагчингуудын хэвлийг мэс заслын хутгаар зүсч нээгээд, дотор эрхтнүүдийг нь ажиглан шинжилж байтал үнэхээр зэвүүцмээр, учир нь олдохгүй зүйл харагдсанд даруйхан Далгард руу утастан: “Та наашаа ирээд, энэ сармагчингуудыг нэг харахгүй юу?” гэв.

Далгард эмч сармагчны байранд тэр дорхноо давхин ирлээ. Тэр ямар ч цагийг чадварлаг задалж, найдвартай засдаг гараараа сармагчингуудад задлан шинжилгээ хийлээ. Эмч амьтдын дотор эрхтнийг нь хараад гайхчихав. Уг нь тэдгээр амьтдыг дулаанд цохиулж үхсэн байх гэж бодож байтал тийм биш болж таарлаа. Үхсэн сармагчингуудын дэлүү нь жигтэйхэн томорчихсон байв. Дулаанд цохиулсан бол дэлүү томордоггүй дээ гэж Далгард бодоод ажлаа үргэлжлүүлж байтал, сэтгэлийг нь хирдхийлгэсэн бас нэг зүйл ажиглагдлаа. Сармагчингуудын гэдсэнд бага зэрэг цус хуржээ! Түүнийг харсан эмч: “Энэ чинь юунаас болсон байж таарах вэ?” гэж бодлоо.

Сармагчны байранд мөн л Ферлайтийн фермээс ачуулсан, хавчаар хооллогч нэлээд олон сармагчинг тэр өдрийн орой хүлээн авч, “F” өрөөнөөс цааших хоёр дахь өрөө буюу “Н” өрөөнд Билл Вольт оруулжээ.

Дан Далгард эмч “F” өрөөний сармагчингуудын талаар ихэд санаа зовж, ямар нэг халдварт өвчин үүсгэгч–бичил биетэн, тэр байранд тархаж байгаа юм болов уу хэмээн сэжиглэж эхэллээ. Сармагчны гэдсэнд цус хурсан шалтгаан нь сармагчны цусархаг чичрэгийн вирусийн халдвар байж магадгүй юм шиг түүнд санагджээ. Сармагчны цусархаг чичрэгийн вирүс хүний биед аюулгүй боловч харин сармагчинд үхэл учруулна. Тиймээс, хэрэв энэ халдвар сармагчны байранд дэлгэрвэл маш түргэн тархаж, тэнд байгаа бүх сармагчинг хиаруулах аюултай билээ.

Тэр өдөр 11 дүгээр сарын 5-ны Баасан гараг байсан тул, Далгард амралтыхаа хоёр өдрийг, гэртээ цаг зассан шиг өнгөрөөнө дөө хэмээн төлөвлөж байлаа. Тэр бүх багажаа бэлдэн, засъя даа байз гэж бодож байсан эртний нэг цагны эд ангийг дэлгээд суусан боловч, нөгөө сармагчингууд бодогдсоор л байв. Тэдгээр амьтдын төлөө сэтгэл нь ихэд зовж байсан тул, сүүлдээ “Компанийн ажлаар явахгүй бол болохгүйнээ” гэж эхнэртээ хэлээд, пальтогоо өмсөн гарлаа.

Далгард эмч сармагчны байранд ирж, үүдэнд нь машинаа орхиод, шилэн хаалгыг нээн ортол, сармагчингууд хашгиралдах танил дуун сонстож, пүн хийсэн айхавтар халуун түүнийг шууд хөлөргөж эхэллээ. Эмч, шуудхан “F” өрөө рүү очтол, түүнийг харсан сармагчингууд “Кра!, Кра!” гэж хашгиран бусдадаа дохио өгч байв. Тэнд дахиад гурван сармагчин бие нь цагираглан, нүд нь гөлөрч, царай нь баг шиг болоод үхсэн байлаа. Энэ бол сайны ёр биш байв. Далгард үхсэн сармагчингуудыг шинжилгээний өрөөнд аваачин, задлан шинжилгээ хийлээ.

* * *

Түүнээс хойш удалгүй Дан Далгард эмч сармагчингуудын өвчний талаар өдрийн тэмдэглэл хөтөлдөг боллоо. Тэр эхлээд, нэг их бодсон ч үгүй, өдрийн тэмдэглэлээ “Үйл явдлын дэс дараалал” гэж нэрлээд, яаруухан ажиллаж байсан болохлоор, өдөр болгон цөөн хэдхэн өгүүлбэр компьютертаа бичдэг байв.

Арван нэгдүгээр сарын дунд үе ойртож байсан нэгэн өдөр нар доошлон, ажлых нь газраас холгүй орших Лисберг оргил машинаар пиг дүүрч байх үед, Далгард өдрийхөө тэмдэглэлийг үзэж суулаа. Компьютерийн товчлуурыг тогшиход үхсэн сармагчингуудын биед гарсан өөрчлөлтийн талаар тэмдэглэсэн зүйлс гарч, бүх зүйлс тодхон санагдах ажээ. Нэгэн тэмдэглэлд:

“Сармагчны биед илэрсэн хамгийн гол өөрчлөлт нь, дэлүү нь томорсон явдал байсан бөгөөд дэлүүг огтлоход хатуу, хуурай байв. Мөн бөөр нь томорч, зарим эрхтэнд цус хурсан байлаа. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд, сармагчингууд хоолондоо дургүй, унтаа байдалтай болдог байсан бөгөөд хоолондоо муудаж эхлэх үеэс бие нь маш түргэн мууддаг байлаа. Үхэж байгаа сармагчны биеийн халууныг шулуун гэдсээр нь хэмжиж үзэхэд халуун нь нэмэгдээгүй байдаг байв. Хамраас нь шингэн юм гоожих боловч, цус гардаггүй байв. Цустай баас гарах шинж огт илрээгүй. Ихэнх сармагчны биеийн хөгжил ерөнхийдөө сайн, зэрлэг амьтад гэхэд тарган өөхтэй байв” гэж бичжээ. Энэ тэмдэглэлээс үзэхэд үхсэн сармагчингуудад ноцтой шинж тэмдэг илрээгүй, үхлийх нь шалтгаан энэ байна гээд заачихмаар юм алга. Ерөнхийдөө сармагчингууд юм идэхээ болиод л үхэж байсан бөгөөд үхэхдээ нүд нь хараатай, гөлөрсөн байдалтай болдог байжээ. Гэхдээ ямар өвчнөөр үхэж байсан бэ, үхлийн шалтгаан нь чухам юу вэ гэдэг нь тодорхойгүй байв. Зүрх зогсолт уу? Халуурал уу? Чухам юу вэ?

Энэ өвчний хамгийн гол онцлог нь,дэлүү томорч өөрчлөгдсөн явдал байдаг ч, үүний шалтгааныг тайлбарлахын аргагүй байв. Дэлүү бол цусыг шүүн цэвэрлэхээс гадна, дархлалын тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, хүүдий маягийн эрхтэн. Эрүүл дэлүү, ув улаан цус шүүрсэн зөөлхөн голтой байдаг юм. Далгард эмчийн хувьд, дэлүү бол дотроо жимсний чанамалтай пирошки шиг санагддаг ажээ. Үнэхээр, эрүүл дэлүүг мэс заслын хутгаар огтлоход, хатуу зөөлнөөрөө яг л дотроо жимсний чанамалтай пирошки огтолж байгаа юм шиг мэдрэгдэх бөгөөд дотроос нь цус дуслан гоождог юм. Гэтэл энэ өвчний үед дэлүү томроод чулуу шиг хатуу болдог байв. Түүнээс гадна, эрүүл сармагчны дэлүү том багаараа задь шиг хэмжээтэй байдаг бол, энэ өвчний үед бэрсүүт жүржний дайтай том болох төдийгүй шир шиг хатуу болдог байв. Ийм болчихсон дэлүүг харахад, махархуу, аргуу бас хатуу, яг л, хатаасан хиам Далгардын санаанд ордог байжээ. Тэгж өөрчлөгдсөн дэлүүг, мэс заслын хутга ч даахгүй хальтирдаг байсан тул, хутгаараа цохиж байж дэлүүг зүсэвч, хутганы ир гүнзгий орж чаддаггүй байв. Далгардын хувьд, урьд өмнө нь ерөөсөө үзээгүй, хүнд хэлбэл, итгэхийн аргагүй нэг зүйл бол, дэлүү тэр аяараа хатуурсан цусны бүлэн болсон байдаг байлаа. Үүний учир нь ойлгогдохгүй байв. Нэг үгээр хэлэхэд, Далгард эмч бэрсүүт жүржийн дайны том хатуу бүлэнг, мэс заслын хутгаар цохиж байж л зүсдэг байлаа.

Арван нэгдүгээр сарын 12-ны Ням гарагийн үдээс өмнө Далгард гэрийхээ эргэн тойронд, жаал зуул юм засч сэлбэж байгаад, үдийн хоолны дараа дахиад л сармагчны байрлуу очжээ. Тэр байранд учир нь үл ойлгогдох өвчин гарсан хэвээрээ л байлаа. “F” өрөөнд дахиад гурван сармагчин үхсэн байв. Түүнээс хойш ч сармагчингууд олноороо үхсээр байсан юм.

Рестон хотын сармагчны хөл хорионы цэгт үхсэн сармагчингуудын нэгийг О53 гэж дугаарлаж, тэр дугаараар нь нэрлэжээ. Далгард тэр О53 дугаар сармагчны цогцосыг шинжилгээний өрөөнд аваачин, задлан шинжилгээ хийж, дотор эрхтнүүдийг нь шалгаад, маш том, хатуу, хуурай болчихсон дэлүүнээс нь өчүүхэн хэсгийг эмтлэн авлаа. Мөн, сармагчны хоолойн салслаг шингэнээс урт иштэй бамбараар жаахан сорьц арчин авч, дүүрэн нэрмэл устай тусгай саванд хийн таглав. Тэгснээр, тэр салслаг шингэнд ямар нэг амьд зүйл байгаа бол түр хугацаагаар ч болтугай амьд хадгалагдах боломжтой боллоо.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ГУРАВДУГААР ЗЭРЭГЛЭЛ

1989 оны 11 дүгээр сарын 13, Даваа гараг

Дан Далгард эмч О53 дугаар сармагчинд задлан шинжилгээ хийснийхээ маргааш нь буюу Даваа гарагт, ямар нэг өвчнөөс болж сармагчингууд нь үхээд байгаа талаар Форт Детрик хот дахь, АНУ-ын Цэргийн Анагаах Ухааны Халдварт Өвчин Судлалын Хүрээлэнд мэдэгдэж анхааруулахаар шийджээ. Ялангуяа, сармагчны өвчнийг оношлож чаддаг эмч нар, тэр хүрээлэнд ажилладгийг Далгард сонссон болохлоор энэ өвчний оношийг тогтоолгоод авъя гэж бодлоо. Форт Детрик хот бол, Рестон хотоос баруун хойш, машинаар бараг 10 цаг явж хүрэхээр зайд Потомок голын цаад талд байдаг юм.

Далгард тэр хүрээлэнрүү утастан, энгийн албан хаагч вирүс судлалч Питер Жарлингтай ярьлаа. Жарлинг бол сармагчны вирүсийн талаар их юм мэддэг, нэр хүндтэй эрдэмтэн байсан боловч урьд өмнө нь тэр хоёр уулзаж байсангүй. Далгард түүнд хэлэхдээ: “Манай сармагчингуудын дунд цусархаг чичрэг гараад байх шиг санагдаад байна. Өвчилсөн амьтны дэлүүг нь огтлоход, яг хатаасан хиам шиг болчихсон байх юм” гээд, “Та нарт зарим сорьц илгээе. Энэ өвчний оношийг тогтоогоод өгөхгүй юү?” гэж гуйсанд Жарлинг зөвшөөрчээ. Энэ хачин өвчин түүний ч сониуч занг хөдөлгөжээ.

Эрдэмтэн Жарлинг урьд нь мэдэгдээгүй байсан хэд хэдэн вирүсийг нээсэн бөгөөд эхлээд Төв Африкт нэг хэсэг хугацаанд амьдарч ширэнгэ ойн вирүсүүдийг судалж байснаа, сүүлд нь, АНУ-ын Цэргийн Анагаах Ухааны Халдварт Өвчин Судлалын Хүрээлэнд ажиллах болсноор амьдралыхаа ихэнх үеийг энд өнгөрөөсөн билээ. Тэрбээр бууралтаж байгаа цайвар үстэй, төмөр хүрээтэй нүдний шилтэй, нүүрнийхээ булчинг байнга хөдөлгөн, царайгаа хувиргаж байдаг, нүдэнд дулаахан, алиа хошин зантай хүн билээ. Төрөлхийн болгоомжтой, хэрсүү энэ хүн, судалгааныхаа ихэнх цагийг биологийн аюулаас хамгаалах чемтуроны хувцастай өнгөрөөж, гоц аюултай вирүсүүдээс хамгаалах вакцин болоод эмийн эмчилгээний туршилт хийдэг юм. Ер нь ширэнгэ ойн гоц аюултай вирүстэй холбоотой анагаах ухааны вирүс судлалын суурь судалгааг хийсэн Жарлингийн хувьд үхэл тарих аюултай үл мэдэгдэх вирүстэй ажиллах нь түүний үндсэн мэргэжил байв. Гэхдээ тэр гоц аюултай халдвар үүсгэгчийн хор хөнөөлийн талаар бодохоосоо зориуд зайлсхийж, энэ тухай бодох л юм бол амьдралаа огт өөрөөр эхлэх шаардлагатай болно гэж дотроо боддог юм.

Жарлинг эхнэр, гурван хүүхдийхээ хамт Турмонт хотод үүдэндээ цагаан тулгууртай саравч босгосон дан, тоосгон байшинд суудаг бөгөөд тэднийх Жаксийхны гэрээс холгүй байдаг ажээ. Жарлингийх хашаандаа ургасан модгүй, том хүрэн машинаа гараашдаа тавьдаг айл юм. Хэдийгээр, тэднийх болоод Жаксыхан ойрхон суудаг ч, хүүхдүүд нь насны зөрөөтэй, томчуул нь амьдралын өөр өөр хэв маягтай болохлоор уулзаж учрах нь ховор ажээ. Жарлинг зүлгээ гоё байлгах гэж ногоогоо байнга хадаж байдаг тул, хөршүүд нь түүнийг ерөөсөө хайш, яйш хүн биш гэж боддог юм. Тэдний амьдрал, харваас, хотын захын айлуудыхаас бараг ялгарах юмгүй тул Жарлинг шавар шавхай болчихсон машиндаа суугаад ажилруугаа одоход, машиных нь дугаарын тэмдэг дээр “Ласса” гэсэн үг бичээстэй байдаг ч гэсэн, түүнийг гоц аюултай бүсэд ажиллахаар явж байгаа хүн гэж маш цөөхөн хүн мэддэг байлаа.

Ласса вирус бол, Баруун Африкт олдсон, дөрөвдүгээр зэрэглэлийн аюултай вирүс боловч, Жарлингийн хувьд, түүний хамгийн хайртай бичил биетний нэг билээ. Ласса вирзс, зарим талаараа хүний дур сонирхлыг татмаар гоёмсог сайхан вирүс мөн гэж тэр санадаг юм. Ер нь Эбола вирүс, Марбург вирүс хоёроос бусад гоц аюултай бүх вирүсийг Жарлинг “гартаа барьж” үзжээ. Чухам яагаад энэ хоёр вирүстэй ажиллаж байгаагүй юм бэ гэж заримдаа хүмүүс сонирхон түүнээс асуухад нь: “Би арай ч үхчих болоогүй байгаа шүү, амжих биз” хэмээн хариулдаг ажээ.

Далгард утсаар ярьсныхаа маргааш, хэлсэн ёсоороо илгээсэн, О53 дугаар сармагчны зарим сорьцыг зарлага авчирч өгөхөд нь, Жарлинг нэг гайхаж, нэг цухалджээ. Яагаад цухалдсан юм бэ гэвэл, махны жаахан өөдөс шиг юмыг, ердөө идэж байсан хоолныхоо үлдэгдлийг боож байгаа аятай, хөнгөн цагаан, гялгар цаасанд боогоод илгээчисэн байлаа. Тэр махны өөдөс шиг зүйл бол сармагчны дэлүүний хэсэг байв. Түүнээс гадна сармагчны хоолойны арчдас, ийлдэс зэргийг мөстэй саванд хийсэн байсан боловч, тойруулан хийсэн мөс нь хайлаад, дэлүүний цустай холилдон улаан өнгөтэй болсон байлаа.

Жарлинг халдвар үүсгэгч тархахаас сэргийлэн тэдгээр сорьцыг биологийн аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн, сөрөг даралттай лабораторит аваачив. Хэдийгээр III зэрэглэлийн аюултай бичил биетнүүдтэй ажиллахад иж бүрэн хамгаалах хувцас өмсөх шаардлагагүй байдаг ч, мэс засал хийх гэж байгаа эмч хүн шиг хувцаслах журамтай байдаг учраас Жарлинг мэс заслын хувцас, резин бээлий өмсөж, амны сэвсгэр цаасан хаалт хийгээд ажлаа эхлэхэд, хажууд нь зогсож байсан лабораторийн эмч түүнд тусалж байлаа. Тэр дэлүүний өчүүхэн өөдсийг юмаар түлхтэл, түүнийг боосон гялгар цаасан дээр өнхөрч байгааг нь харахад, нээрээ л Далгард эмчийн хэлснээр хатчихсан хиам шиг харагдаж байв. “Энэ чинь, яг л, сургуулийн гуанзны хоолны, юуных нь мэдэгдэхгүй мах шиг эд байна даа” хэмээн Жарлинг дотроо бодоод, хажуу дахь эмчдээ хандан: “Марбург вирүсийн халдвар биш байсан л, яамай даа!” гэж хэлээд хоёулаа инээд алдав.

Үдээс хойш Жарлинг Далгард эмч рүү утастан: “Шинжилгээний сорьцыг илгээхэд, нарийн журам байдгийг танд сануулах гэсэн юм. Манай эндэхийн хүмүүс жаахан дөжирчихсөн байж магадгүй. Гэхдээ хивсэн дээр дусалсан сорьц явуулсанд чинь жаахан дургүйцэж, уурлацгаасан шүү” гэх маягийн юм хэлжээ.

* * *

Вирүсийг таних нэг арга бол, түүнийг тусгай саванд, тохирсон тэжээлт орчинд өсгөрлөсөн эсийн дотор үржүүлэх арга билээ. Энэ аргын зарчим нь гэвэл, эсийн өсгөвөрт вирүс агуулсан өчүүхэн сорьц дусаахад вирүс үржин бүх эсэд халддаг юм. Гэхдээ вирүс халдварлах дуртай эсийг нь сонгон ашиглах хэрэгтэй. Ийм эсийн өсгөвөрт ердөө ганц хоёрхон амьд вирүс ороход л хэдхэн өдрийн дотор хэдэн тэр бум болтлоо үржиж чадна. Үлгэрлэн хэлбэл, хүний хурууны дайтай жижигхэн шилэн саванд үржсэн вирүсийн тоо Хятад гүрний хүн амын тоотой тэнцэнэ гэсэн үг.

Чухам ямар вирүс О53 дугаар сармагчинд халдвар үүсгэж вэ гэдгийг тогтоохоор тус хүрээлэнгийн энгийн албан хаагч, лаборант Жоан Родерик сармагчны бөөрний эс өсгөвөрлөсөн, хэд хэдэн шилэнд нөгөө сармагчны дэлүүнээс бэлтгэсэн нухашнаас халдаажээ. Тэр эмэгтэй эхлээд сармагчны дэлүүнээс өчүүхнийг авч жижиг уур, нухуураар няцлав. Харахад яг л цустай бантан шиг болсон дэлүүний сорьцноос авч эхний шил рүү дусаасныхаа дараа, сармагчны хоолойны арчдасаас авч хоёр дахь шилэнд, ийлдсээс нь авч гурав дахь шилэнд тус тус дусаав. Эцэст нь, Жоан Родерик вирүс халдварлуулсан эсийн өсгөвөртэй шилнүүдээ, хүний биеийн халуунтай адилхан дулаантай инкубаторт тавилаа. Сармагчны сорьцонд ямар нэг вирүс байгаа л бол заавал үржинэ гэж лаборант бүсгүй мэдэж байв. Ер нь вирус өсгөвөрлөнө гэдэг шар айраг исгэхтэй зарим талаараа адилхан байдаг юм. Хэрэв жорыг нь яг тааруулаад, бохирдуулахгүй, дулааныг нь зөв барьж чадвал болох нь тэр дээ.

* * *

Далгард маргааш нь сармагчны байраа эргэж үзсэнгүй. Харин Билл Вольтруу утастан байдал ямаршуу байгааг лавлажээ. Сармагчингууд дажгүй байгаа, өнгөрсөн шөнө нэг ч сармагчин үхээгүй гэдгийг Билл Вольт түүнд мэдэгдсэн байна. “Ашгүй дээ, өвчин ингээд жамаараа арилж, Рестон хотын сармагчны байранд амьтад үхэхээ больж байгаа юм шиг байна. Ямар ч байсан компани маань сумнаас бултаж чадлаа” хэмээн Далгард бодоод, сэтгэл нь уужирчээ. Гэвч армийхан нөгөө сорьцонд чухам ямар шинжилгээ хийснийг тэр мэдэхээр Жарлинг руу утасттал, шинжилгээний хариу гарахад дэндүү эрт байна. Вирүс өсгөвөрлөхийн тулд, хэдэн өдөр шаардлагатай гэжээ.

Гэтэл маргааш нь Билл Вольт Далгард эмч рүү утастан муу мэдээ дуулгав. “F” өрөөний найман сармагчин юм идэхээ больчихож гэнэ. Энэ бол найман сармагчин үхэх гэж байна гэсэн үг байв. Тийнхүү байдал буцаад бишдэжээ.

Далгард сармагчны байранд яаран очиход тэндхийн байдал тун цочирхон муудсан нь дорхноо мэдэгдэв. Нэлээд олон сармагчны нүд хялайн, паалан шиг гөлийгөөд, жартайсан байлаа. Энэ өвчин чухам юу байлаа ч гэсэн “F” өрөөнд гай түйтгэрээ шургуухан тарьсаар байгаа нь илтээ. Тэр үед, “F” өрөөнд байсан сармагчингуудын тэн хагас нь үхчихээд байсан тул халдварыг зогсоох талаар ямар нэг арга хэмжээ авахгүй л бол бүх сармагчин үхэх нь тодорхой боллоо. Ямар ч байсан Жарлингаас мэдээ ирэх байх гэж Далгард тэсч ядан хүлээж байлаа.

Тэгж байтал, 11 дүгээр сарын 16-ны Пүрэв гараг болж, “F” өрөөнөөс дооших өрөөнүүдийн сармагчингууд бас үхэж эхэлсэн тухай мэдээ ирэв. Үдээс өмнө, бас Жарлинг хүрээлэнгээсээ Далгард эмч рүү утастан, нөгөө О53 дугаар сармагчны сорьцийг лабораторийн эмч, мэргэжилтнүүд сайтар шинжлээд, хүнд аюулгүй боловч сармагчинд үхлийн аюултай “Сармагчны цусархаг чичрэг” өвчин болохыг оношлосноо мэдэгдлээ. Сармагчны цусархаг чичрэг бол энэ төрөл зүйлийн амьтдад дээд зэргийн халдвартай өвчин учраас вирүст халдвар сармагчны бүх байранд тархахаас урьтаж хөдлөх шаардлагатай болсныг Далгард ойлголоо. Тэгээд өвөл хаяанд ирчихсэн мөртлөө бороотой, манантай нэг өдрийн таван цагт Вашингтон хотод ажилладаг хүмүүс гэррүүгээ буцан ирж байх үед Далгард Хазлетоны нэг малын эмчтэй цуг “F” өрөөний бүх сармагчинд өвчин намдаах эм үхлийн тунгаар тарьж байлаа. Тариа хийсэн сармагчин ганцхан минутын дотор л үхэж байв.

Дараа нь харахад эв эрүүл тэдгээр найман сармагчны цогцсонд Далгард задлан шинжилгээ хийн, цусархаг чичрэгийн шинж тэмдэг илэрсэн эсэхийг шалгалаа. Тэгтэл, тэдгээр амьтдад ямар ч өвчний шинж тэмдэг байхгүй байгааг үзээд, ихэд гайхахын зэрэгцээ, сэтгэл нь туйлаас шаналав. Сармагчин ална гэдэг бол маш хэцүү, хэн ч хүсмээргүй, зүрх шантармаар ажил байдаг юм. Хэдийгээр, “F” өрөөнд ямар нэг халдвар гарсан нь мэдэгдэж байсан боловч, тэдгээр сармагчид эв эрүүл сайхан амьтад байсан ажээ. Гэтэл эмч нь өөрөө тэднийг сая алчихлаа. Энэ халдвар аравдугаар сарын эхнээс сармагчны байранд гарчээ гэж бодоход одоо арван нэгдүгээр сарын дунд үе болчихжээ. Армийн мэргэжилтнүүдийн тавьсан лабораторийн онош магадгүй, хамгийн зөв онош байж болох учраас, бусад сармагчных нь амийг аврахын тулд, энэ таагүй ажлыг хийхээс өөр зам Далгардад үнэндээ байгаагүй билээ. Гэхдээ л хамгийн муухай өдрийг өнгөрөөсөн мэт түүнд санагдаж байлаа.

Задлан шинжилгээ хийж дууссаныхаа дараа, Далгард хамт ажилласан малын эмчтэйгээ цуг, сармагчингуудын цогцсыг гэрэлтдэг нийлэг хүүдийд хийгээд, заримыг нь хонгилын нөгөө үзүүрт байдаг босоо гүн хөлдөөгчид аваачиж хийлээ. Аюултай бичил биетнийг таньж мэдрэх мэдрэмж, дохиолол, гүн хөлдөөгчид байдаггүй болохлоор дотор нь ямар аюултай зүйл байгааг мэдэх арга хэнд ч байдаггүй тул энэ төхөөрөмж өөрөө гоц аюултай халдвар тараах эх уурхай болж магадгүй билээ. Гүн хөлдөөгчид хийсэн, гэрэлтдэг нийлэг хүүдийтэй сармагчны цогцсууд муруйж, махиралдан хөлдөөд, хоёр тийшээ ярагдсан цээжнийх нь хөндийн эрхтнүүд дүүжлэгдэн, мөс унжин хөлдсөн байдаг юм. Зарим амьтдых нь гар атгаатай, заримых нь гар ямар нэг юм шүүрч авах гэсэн мэт сарвайсан байдаг боловч бүгдийх нь нүүр баг мэт гөлийж, нүд нь юу ч юм ширтсэн хэвээрээ хөлдөөд, паалан шиг гялтайн харагдаж байдаг билээ.

Далгард эмч ажлаа арайхийн дуусаад, гэртээ харьж явах замдаа ертөнцийн хамгийн муухай өдрийг өнгөрөөсөн юм шиг л санагдсаар байлаа. Сүүлд нь тэр, өдрийхөө тэмдэглэлд: “Задлан шинжилгээ хийсэн бүх сармагчин таван нас хүрээгүй залуу, тарга хүч сайтай, биеийн байдал нь сайн байв. Цусархаг чичрэгийн ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй” гэж бичжээ.

Англи хэлнээс орчуулсан Э.Пүрэвдаваа

Үргэлжлэл бий

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 844
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК