Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Цартахлын эрсдэл бүхий амьсгалын замын шинэ вирүсүүд
( Редакцийн зурвас )

Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, академич П.Нямдаваа


 
Абстракт

XXI зуун эхлээд арваадхан жил өнгөрч буй боловч хүн төрөлхтөн амьсгалын замын вирүст халдварын хоёр цартахалтай нүүр тулаад өнгөрлөө.

Үүний нэг нь коронавирүсийн шинэ хувилбараар сэдээгдэж, 2002 оны 11 дүгээр сараас БНХАУ-аас тархаж эхлэн хагас жил гаруйн дотор Дэлхий нийтийг хамран 8200 гаруй хүнийг өвчлүүлж, 750 (9.6%) гаруйнх нь амь насанд хүрсэн Амьсгалын замын цочмог халтай хамшинж (АЦХаХ буюу SARS: severe acute respiratory symptom) [1], нөгөө нь 2009 оны хавар АНУ-д анх оношлогдож 2009­2010 онуудад мөн л Дэлхийн бүх улс орныг хамран тархсан гахайн гарвалтай томуугийн A(H1N1)2009 вирүсээр сэдээгдсэн цартахал [2] юм. Амьсгалын замын энэ 2 вирүст цартахал Монгол улсыг ч тойроогүй дайрсан боловч, харьцангуй сайн зохион байгуулсан тандалтын тогтолцоо, цагт хугацаанд нь авч хэрэгжүүлсэн зөв, иж бүрдэл хариу арга хэмжээний үр дүнд хохирол багатай даван гарч чадсан билээ [3-8].

Энэ оны 3-5 дугаар сард шувууны томуугийн A(H7N9) вирүсийн шинэ хувилбараар сэдээгдсэн хүний өвчлөлийн дэгдэлт манай өмнөд хөрш БНХАУ-д гарч,132 хүнийг өвчлүүлж, 43(32.6%) нь нас барсан явдал [9] Дэлхийг дахин цочоолоо. БНХАУ-д авч хэрэгжүүлсэн тандалтын болон хариу арга хэмжээний далайцтай үйл ажиллагааны үр дүнд энэ шинэ вирүст халдварын шинэ өвчлөл бүртгэгдэх нь зогсоод байгаа боловч, уг вирүсийн эмгэгтөрөх чадавхийг туршлагын амьтад дээр молекул генетикийн түвшинд судласан дүнгийн тухай ойрмогхоны нийтлэлүүд нь уг вирүс цартахал үүсгэх чадавхитай болохыг өндөр магадлалтайгаар баталгаажуулсан байна [10­12]. Тиймээс энэ вирүсийн орчлыг хүн амын дотор болон зэрлэг ба тэжээвэр шувуудын сүрэгт идэвхитэй тандан судлаж байхыг ДЭМБ гишүүн орнууддаа зөвлөж байна [13].

Шувууны томуугийн өөр нэг вирүс болох A(H5N1) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөлийн дэгдэлт анх 1997 онд Хонгконгт бүртгэгдсэн бөгөөд 2003 оноос 2013 оны 6 дугаар сарын 4 хүртлэх хугацаанд лабораториор баталгаажсан хүний өвчлөлийн 630 тохиолдол Дэлхийн 15 оронд бүртгэгдсэнээс 375 (59.5%) нь нас бараад байгаа, уг вирүс хүнээс хүнд дамжин халдварлж, бичил дэгдэлт үүсгэх чадавхитай нь батлагдсан зэргийг үндэслэн ДЭМБ-ын экспертүүд "бүх нийтийн цартахлын түгшүүр үе" зарлах түвшинд хүрсэн гэж үзэж байна [14].

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон амьсгалын замын вирүс судлаачдын анхаарлыг татаж буй өөр нэг вирүс бол Ойрхи Дорнодын амьсгалын хамшинжит коронавирүс (MERS-CoV: Middle East Respiratory syndrome coronavirus) нэр авсан коронавирүсийн шинэ хувилбар юм. Амьсгалын болон бөөрний дуталд хүргэдэг энэхүү шинэ коронавирүсийг2012 оны 9 дүгээр сард анх Саудын Араб улсын иргэнээс илрүүлэн тодорхойлсон бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 18-ны байдлаар Дэлхий дахинд нийт бүртгэгдээд байгаа MERS-CoV-т халдварын тохиолдлын тоо 88 болсноос 45(51%) нь нас барсан байна [15]. ДЭМБ-ын Ерөнхий захирал "Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)"-ээр олгосон эрхийнхээ дагуу 7 дугаар сарын 9 ба 17-нд ОУЭМД-ийн Онцгой байдлын хороо (Emergency Committee) зарлан хуралдуулж, MERS-CoV-т халдварын асуудлыг хэлэлцүүлсэн бөгөөд энэ хороо MERS-CoV-т халдварын одоогийн түвшин нь Дэлхий нийтийн түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж үзжээ [16].

\Ийнхүү Дэлхий дахинд судлаачид цартахлын эрсдэл бүхий шинэ вирүсүүдийн тандалтыг идэвхижүүлж, улс орнуудын эрүүл мэндийн албад болзошгүй цартахлын эрсдэлийн үнэлгээ хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн бэлтгэлээ хангаж байна.

Ном зүй

1. Severe acute respiratory syndrome (SARS) http://en.wikipedia.org/wiki/Severe_acute_ respiratory_syndrome_%28SARS%29 accessed on July 21, 2013;
2. Pandemic H1N1/09 virus http://en.wikipedia.org/wiki/Pandemic_H1N1/09_virus accessed
on July 21, 2013;
3. Нямдаваа, П, Наранзул, Д., Зулхүү, Г. ба бусад (2003): Монгол улсад импортлогдсон АЦХаХ-ын тохиолдлыг оношлож, тархалтыг таслан зогсоосон нь, Биологи, анагаах ухааны тулгамдсан асуудлууд (Монголын шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, 2003-11-24), Улаанбаатар, х.5-7;
4. Бурмаа, А., Нямдаваа, П, Дармаа, Б. ба бусад (2010) : Монгол улсад бүртгэгдсэн томуугийн A(H1N3)2009 цартахлын эпидемиологийн төрх Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36): 2-6;
5. Нямдаваа, П, Энхсайхан, Д.., Майцэцэг, Ч. ба бусад (2010): Монгол улсад бүртгэгдсэн томуугийн A(H1N3)2009 цартахлын вирүсийн молекул-генетикийн төрх Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36): 7-12;
6. Оюунчимэг, Ц., Хоролсүрэн, Н., Дармаа, Б. ба бусад (2010): Томуугийн A(H1N3)v халдварын эмнэлзүйн төрх Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36):12-15;
7. Nymadawa, P., Burmaa, A., Darmaa, B. et al (2011) : The first wave of influenza A(H1N1)2009 pandemics in Mongolia, Influenza and other Respiratory Viruses, v.5, suppl.1, 163-165;
8. Нямдаваа, П (2011): Томуугийн A(H1N3)2009 цартахлын Монгол дахь хоёрдахь давалгаа Монголын анагаах ухаан, 2(156): 117;
9. Xinhua: China confirms 132 H7N9 cases, 43 deaths http://english.peopledaily.com.cn/ 90882/8320775.html accessed on July 10, 2013;
10. Morens, D.M., Taubenberger, J.K., Fauci, A.S. (2013): H7N9 avian influenza A virus and the perpetual challenge of potential human pandemicity, mBio, 4(4): e00445-13;
11. Belser, J.A., Gustin, K.M., Pearce, M.B. et al. (2013): Pathogenesis and transmission of avian influenza A (H7N9) virus in ferrets and mice, Nature, doi: 10.1038/nature12391 [ePub ahead of print];
12. Watanabe, T., Kiso, M., Fukuyama, S. et al. (2013): Characterization of H7N9 influenza A virusesisolated from humans, Nature, doi: 10.1038/nature12392 [ePub ahead of print];
13. WHO RISK ASSESSMENT: Human infections with avian influenza A(H7N9) virus, 7 June 2013 http://www.who.int/influenza/human_animal_ interface/influenza_h7n9/RiskAssessment_ H7N9_07Jun13.pdf accessed on June 21, 2013;
14. WHO: Current WHO global phase of pandemic alert: avian influenzaA(H5N1)http://www. who.int/influenza /preparedness/pandemic/ h5n1phase/en/index.html accessed on June 21, 2013;
15. WHO GAR: MERS-CoV update http://www.who.int/csr/don/2013_07_18/en/index.htmlaccessed on July 19, 2013;
16. WHO Statement on the Second Meeting of the IHR Emergency Committee concerning MERS-CoVhttp://www.who.int/mediacentre/news/ statements/2013/mers_cov_20130717/en/index. htmlaccessed on July 19, 2013.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 184
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК