Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
“Монгол хөх толбо”-ны талаар түүхэн эх сурвалж бичигт тэмдэглэгдсэн нь (Тойм өгүүлэл)
( Тойм өгүүлэл )

Б.Сувд, Б.Бурмаажав

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМШУИС-ийн докторант, Монголын анагаах ухааны академи

 
Абстракт

The blue spot distribution in the world and its health effects were published in previous review article. The current article presents the historical overview of blue spot in some Mongolian historical literature sources.

For the literature review, we have used ancient Mongolian literature sources such as “Mongoliin Nuuts Tovchoo”, “Altan tovch”, “Erdeniin tovch”, “Shar tuuj”, “Khokh Mongoliig turuur badraakh hutagtai neruit zasag” “Asragch nertiin tuukh”, “Altan deed unenii ayalguu” and other historical, anthropological literature sources and studies.

For centuries, Mongolians have symbolized blue as the color of “Eternal Blue Sky”. It is a symbol of long-lasting life, and everything for a Mongolian. In ancient Mongolian historical books, color blue and its symbolism have been recorded.

According to some ancient historical literature sources, Mongolians were born with blue spot more than 40000 years ago.

As articulated in historical and genetics literature sources, “Mongolian Blue spot” may have been distributed among Native American, Asian and African infants.

Key words: Mongolian blue spot, history, genetic, Mongolia
Pp. 66-74, Picture 1, References 63

Оршил. Түүхч, академич Ш.Бира “Бид өөрөө өөрсдийгөө танин мэдэхгүйгээр цаашид урагшлахын аргагүй” гэжээ. Тэрээр бидний гол алдаа бид өөрсдийгөө тун хангалтгүй мэдэж байгаад оршино хэмээсэн [1; 2]. Монгол хөх толбоны тархалтын талаар гадаадын зарим судалгааны дүнгээс өмнө нь бид тоймлон нийтлүүлсэн билээ. Энэ удаад бид дэлхийд монгол хөх толбо хэмээн танигдсан хөх толбоны талаар манай улсын түүхийн зарим сурвалж бичигт хэрхэн тэмдэглэгдсэн байгааг судлахыг зорьсон юм.

Монголчууд олон зуун жилийн тэртээгээс хөх өнгийг эрхэм хэмээн нэрийдэн амь нас, эд хөрөнгө, хүч чадлаа гагцхүү хөх тэнгэрт даатгах, улс юугаа хөх тэнгэр лүгээ үүрд мөнх байхыг бэлгэдэн хөх монгол хэмээн нэрлэсэн түүхтэй ажгуу. Монголын их хаад өөрсдийн зарлиг бичгийг хөх дэвтэрт хөтөлдөг байсан тухай түүх сударт тэмдэглэн үлдээжээ. Монголын нууц товчооны 203-р зүйлд: эзэн Чингис хаан: Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгээд түүнийгээ хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн. Надтай зөвлөж,  Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй гэж зарлиг болгосон байдаг [3]. Төрийн туг, далбаа юугаа хөх өнгийн эдээр, хөх тугийн цэрэг, хөх балгас, хөх хот, “Хөх дэвтэр”, “Хөх судар”, хөх түүх зэргээр нэрлэж байв [4]. Дээрхээс үзэхэд монголчууд эрхэмлэн дээдэлдэг олон зүйлсээ хөх өнгөөр нэрлэдэг байжээ.  Германы эмч Эрвин Бельц (Baelz 1849-1913) 1885 онд Япон хүүхдэд илрүүлсэн толбыг “Монгол хөх толбо” гэж бичиж нийтлүүлсэн байна [5-7]. Мөн энэ цаг хугацаанд антропологич Отто Финш (1839-1917), Бунтаро Адахи (1865-1945) нар монголжуу царайтай хүүхэд төрөхдөө нуруундаа хөх толботой төрдөг гэдгийг ажиглан тэмдэглэсэн байна [8]. “Монгол хөх толбо” нь шар арьстай хүмүүсийн цагаан арьстнуудаас ялгах томоохон тэмдэг (маркер) хэмээн эмч, антропологич Эрвин Бельц үзсэн байна [8; 9]. Гэвч шар арьстан япон, хятад, солонгосчууд, cемитүүдээс (одоогийн Иордан, Израиль, Сири, Саудын Арабын нутгаар нүүдэллэн аж төрж асан, араб жүүд нарын өвөг дээдэс) гадна “өнгөт арьстнууд” болох индонез, энэтхэг, эскимосчуудад ч хөх толботой нярай төрдөг болохыг олон эх сурвалж [10-25]-уудад бичсэн байна [26].

Монголын эртний судар бичигт мөнх хөх тэнгэр, хөх өнгөний бэлгэдлийн талаарх олон мэдээллийг тэмдэглэсэн байдаг ч хөх толбоны тухай түүхэн сурвалжид хэдий үеэс тэмдэглэгдэж байсан болон түүнийг хэрхэн тайлбарласан талаарх мэдээлэлд тулгуурлан тойм өгүүллийг нийтлүүлж байна. 

Монголчуудын гарал үүслийн тухай. Монголчууд 2200 гаруй жилийн төрт ёсны түүхтэй, Азийн өвөг ард түмэн бөгөөд Монгол орон нь эртний хүмүүсийн амьдарч, аж төрсөөр ирсэн өлгий нутгийн нэг гэдэг. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний гарал үүслийн тухай асуудлыг гүнзгий судлах шаардлагатай хэмээн үздэг байна. Хүний гарал үүслийн тухай асуудалд шинжлэх ухааны зүгээс хамгийн оновчтой, баталгаатай онолыг Ч.Дарвин өгсөн юм. Хүн нь эрт цагийн хүн дүрст бичнээс үүссэн гэх энэ онол нь цаашид хөгжин хүн үүссэн газар нутгийн байдлаас хамааран нэг төвт болон олон төвт онол үүссэн. Азийн төв хэсэг болон өмнөд хэсэг, Африк тив нь эртний хүн болон хүн дүрст бичний эд өлгийн зүйлсээр баялаг байдгаас хүн үүссэн байх магадлалтай төвүүдийн тоонд ордог байна. Хүний дээд өвөг Төв Азиас гаралтай тухай онолыг М.Ф.Нестурх “Хүн төрөлхтөний уг үүсэл” номондоо “...эрт цагт бичнээс хүн үүсэх үйл явцад түлхэц өгөхүйц байгалийн хүчин зүйл  нөлөөлж болох газар нь Төв Ази юм” хэмээн онцолсон байна [27]. Өнгөрсөн зууны хориод онд Монголын говьд Америкийн нэрт эрдэмтэн Рой Эндрюсын ахлан хийсэн эрдэм шинжилгээний аялалд археологич Н.Х.Нельсон оролцжээ. Тэрээр Монголын говь, Америкийн Аляск хоёроос олдсон чулуун зэвсэг нь нэг гаралтайгаар барахгүй тэр нь Төв Азиас гаралтай гэдгийг батлаад “Говь хийц” гэж тэр чулуун зэвсгээ нэрлэн дэлхийг шуугиулсан [28] байна. АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн доктор Ж.Тарнэр шинжлэх ухаанд бас нэг шуугиан тарьсан нээлт хийсэн байна. Тэрээр Азийн хүмүүсийн шүдийг уугуул индианчуудын шүдтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дэлхийн хүмүүсийн шүдний нэгдүгээр арааны ёзоор гурав байдаг бол зөвхөн монголчууд болон индианчуудын шүдний уг арааны ёсоор хоёр байдаг гэсэн гайхамшигтай нээлт хийсэн байна. Америк, Австрали тив, Умард Азиас хэдэн 100 000 жилийн өмнөх хүний олдвор илэрдэггүй. Сибирь, Төв Оросын хойд талын нутаг буюу Уралын нурууны дунд хэсгээс Скандинавын хойг хүртэлх нутгаас олдсон чулуун зэвсэг, эртний хүмүүсийн сууц зэрэг нь Төв Азийнхаас хожуу ердөө хэдэн 10000 жилийн өмнөх байдаг [29] гэжээ. Монгол улс хэмээх буурал түүхийн их шашдиртай нэгэн том айлын хүн ам эдүгээ улбаа гарлын хувьд “Монгол”, “Түрэг” гэгдэх нэгэн өвөг язгууртай хоёр угсаатанд хуваагддаг. Монгол угсаатанд: барга, баяд, буриад, дархад, дарьганга, дөрвөд, захчин, элжгин халх, монгол урианхай, мянгад, өөлд, сартуул халх, торгууд, түмэд, үзэмчин, халх, харчин, хотгойд, цахар; түрэг угсаатанд казах, мончог, тува, түрэг урианхай, хотон, цаатан, чантуу ястнууд ордог [30].

Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох ч Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг монгол нь  ямар хэлтэй байсан тухай маргаантай таамаглал байсаар байна. Хорвоогийн жинхэнэ үнэний улбаа ямар ч угсаатан үндэстний язгуур суртал, үлгэр домог, аман ярианд л байдаг гэж олон хүмүүс үздэг. Тэгвэл бидний үлгэр домогт “хүн сармагчингаас үүсэв” гэх уламжлалт итгэл үнэмшил байхгүй байна. Монголчууд бид тэнгэрээс гаралтай тэр дундаа Амармагийн (амраг) 6 аймаг тэнгэр (Дөрвөн махранзын аймаг тэнгэр, гучин гурван тэнгэр, байлдаанаас хагацсан тэнгэр, төгс баясгалант тэнгэр, хувилгаанд баясагч тэнгэр, бусдын хувилгааныг эрхээр болгогч тэнгэр) нараас үүдэлтэй хэмээн үзсэн байна [31]. Мөн бидэнд “эцэг тэнгэр, эх газар” гэсэн хэлц үг байдаг. Ер  нь олон ном судар бичигт дээд тэнгэрээс заяат төрөгсөн, тэнгэрийн ханхүү, тэнгэрийн дагина, тэнгэртэй эр, тэнгэр нь хаячихсан, мөнх тэнгэр гэх зэрэг хэлц үг амь бөхтэй оршсоор байна [32-34]. Хүннүгийн үеэс монголчууд төрийн дээд эзнийг тэнгэрлэг заяат, тэнгэрийн хүү хэмээн нэрлэдэг нь төрийн хийморь сүлд болсоор иржээ. Хүннүгийн эзэн хаан болох Шаньюй гэдэг нь их хаан гэсэн үг бөгөөд тэнгэрийн хөвүүн, тэнгэрлэг заяатай гэсэн утга ажээ [35]. Харин Манжийн дарлалд орохоос өмнө халхад зохиогдсон байх үндэслэлтэй хэмээн үздэг шар тууж нь бурханы шашны зохиолын уламжлал ёсоор хүн төрөлхийтэн төдийгүй сав ертөнцийн үүсэл гарлын тухай товч өгүүллээр эхэлсэн байна. Түүнд Бөртэчиноос Чингис хаан хүртэлхийг нилээд товчилж Бөртэгээс хойшхи 12 үе хүрэхэд Добу мэргэн төрлөө гэдгийг тэмдэглээд Алунгоо, Бутанцар нарын тухай тэмдэглэж, Бутанцараас хойш 9 үе болоход гал морин жил Чигнис хаан төрлөө гэж бичсэн байна [36]. Мөн Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино, гэргий гуа Маралын хамт тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдунд нутаглаж Батцагаан нэрт нэгэн  хөвгүүнийг төрүүлжээ гэж бичсэн байдаг [2; 3; 4]. Энэхүү домог нь монгол хаадыг ийнхүү тэнгэрээс гаралтай гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлсэн байна. Соргогтани хатны бичсэн сударт 900000 жилийн өмнө оюун ухаант хүн Монголд үүссэн талаар тэмдэглэсэн байна. Орчин үеийн ухаант хүн болох Homo Sapiens 200000 жилийн өмнө Африкт үүссэн гэж шинжлэх ухаан баталж байгаа бол үүнээс өмнө Монголд хүн амьдарч байсан байна [37]. Дээр өгүүлсэн бүгдээс үзэхэд бидний язгуур үзэл суртал, шүтлэг, ямар нэгэн үл тайлагдах учир битүүлэг нууцыг өөртөө агуулж байдгийг үгүйсгэх аргагүй юм.

Өнөө үед генетикийн шинжлэх ухаан нь хүн төрөлхтөний гарал үүсэл, нүүдэл суудлыг судалсаар байна. Угсаатнуудын гарал үүсэл, түүхэн хөгжлийг судлахад митохондрийн ДНХ-ийн РФУП-ийн судалгаа мэдээллийн асар их эх булаг болж өгдөг байна. Мөн HLA систем нь нэн өндөр полиморф хэлбэршилтэй төдийгүй уг системийн хүрээнд ген хоршимжийн тэнцвэрт бус түвшин түгээмэл ажиглагддаг учир хүн төрөлхтөний гарал үүсэл, улиран хувьсах хөгжил, ястан угсаатнуудын удмын холбоо, нүүдэл суудлын талаар үнэлж баршгүй мэдээллийн эх сурвалж болж өгдөг нь дамжиггүй [38] гэжээ. LDRP/HincLL: Бага нягтралтай липопротейны рецепторын локуст HincLL(+) аллелийн давтамж аймгуудад хэлбэлзэл багатай байгаа ч Баян-Өлгий аймагт генийн давтамжийн хамгийн бага үзүүлэлт илэрсэн онцлог харагдаж байна [39].

Д.Түмэн доктор хэдэн мянган жилийн тэртээх Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд Хүрлийн үе (n=10), Төмрийн үе (n=91), Хүннү (n=40), Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Киргиз,  Кидан гэсэн дундад зууны үеийн улсууд (n=46), XIII зууны Монголын эзэнт гүрэн хүртэлх булшны дурсгалуудаас олдсон хүний яс болон орчин үеийн нас барсан 134 хүний ясан дээр антропологийн харьцуулсан судалгаа хийж хүн амын гарал үүслийг тогтоосон байна. Судалгаагаар монголчууд бидний гарал үүсэл хүннүгийн үеийн нүүр царайны хэлбэр төв азийн (монгол, халимаг, буриад, тува) өнөөгийн төрхтэй ижил байгаа тул бидний өвөг дээдэс хүннү гэдгийг тогтоосон байна [40; 41]. Өөрөөр хэлбэл 10 мянган жилийн өмнө Монголын нутаг дээр амьдарч байсан нүүдэлчин овог аймгууд бол бидний хамгийн эртний өвгүүд, бид зөвхөн Монголдоо л амьдарч байсан, хаа  газраас ирж суурьшсан хүмүүс биш гэдгийг тогтоожээ. Манай нэрт судлаач, “Их гурвалжин” номын зохиогч Ч.Эрдэнэ уг номондоо “Монголчууд түүхээ хайж байгаа” хэмээсэн байна [42].

Монгол хөх толбоны талаар. Түүхийн тогтоосон түгээмэл хэллэгээр эцгийн эрхэт ёсны үед бидний өвөг дээдэс өөрсдийгөө Өтүгэ гэж нэрлэжээ. Хөхүүд Өтүгээгээс 13-р зууны үе хүртэлх 40000 жилийг Өтүгэ, Мугульюй, Манукол, Хөх Монгол  эх дөрвөн нийхэмийн үе шатыг туулж де, ху, гогу, коку, гавшут, хөх нуруут нэрийг авч чийг, тоос, хий, дэнсний  хуулийг танин мэдсэнээр хөх нуруутуудын буюу одоогийн та бидний гүн ухааны үе эхэлж өөрсдийгөө Хөх Моногоу Ул улс, хэл яриагаа Моногоу Ул гэж нэрлэж гэнэ. Ийнхүү өнөөгийн монголчууд олон янзаар нэрлэгдсэн нь гэгээрлийг олж чадахгүй зовж зүдэрсний гэрч билээ хэмээн монголын их цэцэн хатан Соргогтани айлдсаныг алтан дээд  үнэний аялгуу номонд өнөөгийн монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан байна [43]. Чингисийн отгон хүү Тулуйн хатан Соргогтани бол хэрэйдийн Ван хааны удмын язгууртан хатагтай байсан бөгөөд өндөр боловсрол мэдлэгтэй, туйлын ухаалаг хатагтай байжээ [2]. Түүний бичсэн номонд удамшил гээд байгаа нь малчин монгол үндэстний үр удам та бидний судсаар урсаж буй цус, яс, тархи, мах буюу Өв Моногоу Ул-аар оул бие гэдэг, өнөөгийн биологи биеийн тухай ойлголт бөгөөд Монгол хүний эхээс ертөнцөд мэндлэхэд нуруунд тань байдаг Хөх толбо хэмээсэн байна.

Их монгол улс тарж бага болном за

Төрсөн үрийнхээ нурууг үзтүгэй!

Хөх толбо байгаа үгүйг ажтугай!

Хөх толбо байгаа аваас хөх нуруутаа аврах нэгэн ачлал

Хөх толбо байхгүй аваас суумлын замаар зовлонгийн чангыг

Жаргал хэмээн мунхагийн мухарт муужран мансууран зүүдэлнэ гэсэн олон мөрүүд хөх толботой монгол хүний талаар дурьдсан байна. 

Хөх толботой хүнд Мон Тобо гээч амин хэм агуулсан бодис бий. Энэ бодис амин талаасаа сүүний хүчинд сэргэнэ хэмээсэн байна. Үүний нэгэн баталгаа нь

Ясан удам цусыг дагаж овог болдог

Яг хэ эн амин хүчин хураахын үндэс билээ

Цусан уламжлал нь жаяг болж засаг үүсгэдэг нь

Мон тоба бодист байдаг ураг билээ

Ургийн цусыг цэвэр байлгах харилцаа нь болбоос

Улс болж бүлүүд оршихуйн байгалийн үндэс билээ [44] гэсэн байна.

МЭӨ VII-VIII зууны үеийг хамрах Сяньби нарын түүхийн эх сурвалжид “Тоба” сяньбийн өвөг дээдэс урагш нүүснээс хойш ху эцэгтэй, сяньби эхтэй “тефу”, буюу “тефа” хүннү, сяньби эцэгтэй, ху эхтэй тоба буюу туфа сяньби гарчээ. Тобагийн гарлын тухай сурвалж бичгийн мэдээ, эрдэмтдийн судалгааг нягталж үзвээс хүннү сяньби нь хоёр  талын байнгын худ ургийн холбоотой байсан өөрөөр хэлбэл, овгийн байгууллын үеийн давхар байгууламжаар холбоотой байсны ул мөр, улбаа тод үзэгдэж байна гэж үзэж бүрэн болно хэмээн бичсэн байна [45]. А.Будверг тоба, туфа гэдэг хоёр үгийг тоба хэмээх нэг үг гэж үзсэн байна [46]. Ийнхүү монгол эх сурвалж бичигт эцгийн эрхт ёс буюу 40000 жилийн өмнө монголчууд хөх толботой төрдөг гэдгийг тэмдэглэсэн байна. 

Монгол хүний нэгэн онцлог бол Монгол хүн бүр хөх толботой төрдөгт байдаг. Хөх толбо нь дэлхий дээр Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Афганистаны Хазарстан, ОХУ-ын Халимаг улс, Буриад улс, Солонгос, Унгар улсын мөн зарим нутагт амьдардаг хүмүүс болон Америкийн Индианчуудын дунд ажиглагддаг. Унгар, Солонгос зэрэг улсад эртний Монгол улсуудын булаан эзлэлт, нүүдлэн суурьшилт зэргээс хамаардаг байж болох боловч Америкийн уугуул оршин суугчдын хөх толбоны хувьд анхаарал татахуйц байна [47] гэж бичжээ. Америк тив рүү Азиас хүн Берингийн хоолойгоор дамжин нүүдэллэн очсон гэх таамаглалыг дээр өгүүлсэнчлэн Р. Ч. Эндрюсийн эрдэм шинжилгээний ангийн эрдэмтэн Н.Х.Нельсон Аляск ба говиос олдсон эд өлгийн зүйлийн үлдэц хоорондоо нэн төстэй байгаагаар баталсан байдаг [28].

Хүн судлалын зүгээс тайлагддаггүй сонирхолтой шинж тэмдэг монгол хөх толбо гэж Д.Түмэн доктор ярьсан байдаг. Гэхдээ монгол хөх толбо нь хүний оюун ухаан, амьдралын боломж, чадвар зэргээс ямар ч хамаарал байхгүй биологийн шинж тэмдэг гэдэг нь ойлгомжтой хэмээн тэрээр бичсэн байна [48].

Монгол хөх толбо дэлхийн олон оронд тархсан байгааг эх сурвалжуудад тэмдэглэсэн нь зөвхөн монголчуудад хамаатай бэлгэ тэмдэг гэж үзэж болохгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар хөх толбо нь хүн төрөлхтний хувьсал өөрчлөлтийн явцад хамгаалалтын чанартай арьсанд үлдсэн нөсөө, байгалийн шалгарал явагдаж, хүний арьсны өнгө өөрчлөгдөөд ирэх үед тэр хэсэг газарт удамшигдаад үлдчихсэн зүйл гэсэн таамаг ч байдаг байна. Жишээ нь, бидний нүдэнд байдаг нар салхинаас хамгаалах зорилготой бүрхэвч маягийн монгол нугалаас (эпикантус) гэдэг шинж тэмдэгтэй адилтгаж үзэж болох гэнэ. Монголчууд, өмнөд Сибирийн буриадууд, тува, якутууд зэрэгт өндөр давтамжтай тохиолддог монгол нугалаас нь япончууд, өвөрмонголчууд, солонгосчуудын 60-70 хувьд илэрдэг. Хатуу ширүүн байгалийн нөхцөлд дасан зохицох үүднээс бидэнд заяасан нүдний монгол нугалаас (эпикантус) нь Европынхонд ерөөсөө байдаггүй байна [49]. Мөн Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс дээш 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт антициклон хэмээх хөдлөшгүй тунгалаг хөх цэнхэр агаартай нутагт оршдог тул хөх толботой төрдөг гэж үздэг ч эрдэмтэд байна.

Монгол хөх толбо”-ны тархалтыг дэлхийн олон оронд шинээр төрсөн хүүхдийн дунд тодорхой хувийн тархалттайг судалсан мэдээллүүд олонтаа нийтлэгдсэн байна.

Хөх толбоны тархалтыг Зүүн Африк, АНУ-ын уугуул индианчууд, БНХАУ, Япон, Нигери, Иран, Энэтхэг, Испани, Тайвань, Бразил, Унгар, Австрали, Итали, Армени, Азербайджаны, Турк зэрэг улсад судлан тогтоосон тухай өмнөх тойм өгүүлэлд өгүүлсэн билээ [26]. Гэхдээ улс оронд тархсан хөх толбо нь монголчуудтай хамааралтай байж болохыг монголын нүүдэлтэй холбон тайлбарлая. Монгол орны анхны төр улсыг үүсгэн байгуулагч Модун Шаньюны байгуулсан Хүннү гүрэн МЭӨ 53 онд хоёр хуваагдан зарим нь Хан улсын харъяанд орж говийн урд гарч зарим нь алс өрнө зүг рүү нүүдэллэсэн байна. Гадагшаа нүүсэн хүннү нар 4-р зууны үед Баламбер хаанаар толгойлуулан Каспин, Хар тэнгис хүрч тэндхийн жижиг аймгийг өөртөө нэгтгэн 5-р зууны эхээр 2 мөрөн, бага азид довтлон улмаар төв европод нэвтэрсэн байна. Съянби нар нь Хүннү Дунху аймгийн нэрийг зүүсэн монгол аймаг байсан. Съянбигээс удамласан Муюун аймгийн нэг нь Тогоон хөх нуурт очиж нутагласан байна. Жужанчууд нь Хүннү Дунхугийн удам гэж тэмдэглэгддэг бөгөөд Түрэг улсад бут цохигдон түүнд захирагдахгүй хэмээн 1000 шахам өрх Өрнө зүг рүү зайлан нүүсэн нь Аварууд буюу одоогийн Мажар Унгарчууд болно. Түрэг, Уйгаруудыг халан Киданчууд гарч ирсэн ба зан үйлийн хувьд харьцангуй өөр соёл, зан заншилтай байсан ба Х.Пэрлээ “Хятан нар монголчуудтай холбогдох нь” зохиолдоо тэднийг монгол гаралтай Монгол хэлтэн гэдгийг тогтоожээ [50].

1206 онд Чингис хаан их монгол улсыг анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд  Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байжээ. Тэрээр төв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн  Алтан улс (1115-1234 онуудад өдгөөгийн зүүн умард Хятадад оршин тогтнож байсан Зүрчин угсааны Ванянь овогт Агудагийн үндэслэн байгуулсан улс юм. 17-р зуунд Чин улсыг байгуулсан Манж нарын өвөг дээдэс нь Жүрчид болно), Тангуд, Хорезмын (Хорезм улс бол баруун Туркестаны нутаг Аму-даръя мөрний адгаар оршиж байсан эртний өндөр соёлтой Дундад Азийн том улсын нэгэн байжээ) эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ [51-59]. Чингис хааныг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байсан байна.

Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлсэн байна (Фото зураг 1).

Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Чагаадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, Дорнод Персийг, Өгөдэйд Зүүн гар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ. Монголчуудын байгуулсан дэлхийн эзэнт гүрнийг газарзүйн байрлалыг нь харгалзан эзэнт гүрний төв нь юан гүрэн, Персэд Ил хааны улс, Оросод Алтан ордны улс, Дундад азид Чагаадайн улс тус тус байжээ [2]. Тэгвэл “Монгол хөх толбо”-ны тархалтыг тогтоосон дэлхийн улсууд тухайлбал БНХАУ, БНСУ, Япон, Турк, Тайвань, Иран, Казакстан, Энэтхэг зэрэг нь Чингис хааны байгуулсан “Их Монгол улс”-ын эзэмшилд байсан байна.

Монголын нэрт эрдэмтэн Л.Түдэв “Америкийн нэгдсэн улсын хүн амын арван тав шахам хувийг бүрдүүлж байдаг Инга хэмээх улаан арьстан хүмүүс бол үнэн хэрэг дээрээ монголчуудын өвөг дээдэс Хүннү нарын элэнц эцэг, эх байсан ажээ” гэсэн таамаглал дэвшүүлж “Хэл бол цустай адилхан үндэс угсааны мөнхийн үзүүлэлт байсаар ирсэн. Цусны бүлэглэл, бусад шинж тэмдгээр аливаа хүний цусан төрлийн холбоог тогтоож болно гэжээ [28]. Түүх, хэл шинжлэл, угсаатны зүй, соёл шинжлэх ухааны олон талын өргөн мэдлэг бүхий энэ нэрт эрдэмтний дүгнэлт бидний судалгаанд үнэтэй ишлэл мөн. Түүний энэхүү дүгнэлт болон түүхийн эх сурвалж бичигт тэмдэглэгдсэн монголчууд дэлхийд тархсан гэдгийг удамзүйн судалгаа шинжилгээний зарим тодорхой үр дүн баталж байна. Тухайлбал: Негр төрхтнүүдийн онцлогт тооцогддог А23, А36, В45, В70 зэрэг 5 ген Монгол угсаатны генийн сан дотор харьцангуй өндөр давтамжтай илэрсэн бөгөөд энэ нь HLA-A, HLA-B, HLA-C, HLA-DRB1 системүүдийн хүрээнд тогтоогдсон нийт 150 ген, гаплотипийн 3.33 хувийг эзэлж байна. Дээрхи генүүдийн хамгийн өндөр хувийн жингийн төвүүд индианчууд, европ төрхтнүүдийн онцлогт тооцогддог генүүдийн нэгэн адил Монголын хил даган байршжээ [60] гэсэн байна. 

Tрансперрины Tf*Dchi ген монголчуудын удмын санд үлэмж өндөр давтамжтай байдаг нь уг ген Өмнөд (Хятадын) хүн амаас гаралтай бус түүхийн гүнд монголчуудын өвөг  дээдсийн удмын санд үүсч, улмаар америкийн индианчууд, умард Ази, Зүүн, Зүүн өмнөд Азийн хүн амд тархсан болохыг зохиогч генийн газарзүйн тархалтын зүй тогтолд тулгуурлан нотолсон болно [60].

Монгол улсын хүн амыг бүхэлд хамарсан анхны иж бүрэн популяцийн генетикийн судалгааг АВО, MN, Rh, Hp, Tf, Gc, Tf, C’3, EstD, GLO1, PGM1, 6- PGD, AcP, E2, (C5) зэрэг удамшлын полиморф системүүдээр явуулж, монголчуудын генетик тогтоцыг дэлхийн хүн ам, ялангуяа монгол төрхтнүүдтэй харьцуулан судалсан байна. Энэхүү судалгаанд хамрагдсан генүүдийн газарзүйн онцлогийн тархалтын онцлогоос судлаач В (ABO), R1, R2 (Rh), GLO1, PGDc, TfDchi, E2 (C5) генүүдийн өндөр давтамжтай бүс Монгол улс болохыг илрүүлсэн ба А (ABO), R0 (Rh), AcPc, PGDa, Hp1, Gc2, C’3F генүүд монголчуудын  дунд дэлхийн дундажтай харьцуулахад бага давтамжтай тохиолддог болохыг тогтоосон байна.

Үүнд TfDchi генийн давтамжийн дээд хязгаар нь манай улсын тал хээр, говийн бүсэд байгаа ба монгол улсын газар нутаг нь TfDchi генийн гарал үүслийн төв болохыг нотолсон байна. Өөрөөр хэлбэл уг ген түүхийн гүнд монголчуудын удмын санд үүсээд улмаар миграцийн үр дүнд америкийн индианчууд, урал, азийн монгол төрхтнүүдэд түгэн тархсан бололтой гэж дүгнэжээ [61].

Мөн генетикч Б.Хэрлэн (2012 он) Монголчуудын 10.0 хувь нь Индо-Европ зүгийн мтДНХ-тай бол Казакуудын 50.0 хувь нь Индо-Европ мтДНХ-тай (эхийн талаасаа) мөн Хань-Хятад, Солонгос, Япон зэрэг үндэстнүүдэд Индо-Европ зүгийн мтДНК ер байдаггүй болохыг тогтоосон байна [62]. 

Д.Түмэнгийн судалгаагаар ч Хүннүгийн үеийн антропологийн олдворуудыг баруун, төв, дорнод гэсэн газарзүйн бүсчлэлээр хуваан генийн тархалтыг судлахад Баруун  Монголын хүннүчүүдийн бараг 50 хувьд нь европ гаралтай ген тааралдсан байна. Ер нь Хүрэл, Шинэ чулуун зэвсгийн үед Баруун Монголд европ төрхтнүүд олноор  амьдарч байсан бол төв болон дорнод Монголд монгол төрхтнүүд зонхилох маягтай болохыг судалжээ. Хүннү гүрэн 300 гаруй жил тогтоод бутрах үед нэг хэсэг нь баруун тийш нүүдэллэж Ром хүртэл явсан, өөр нэг хэсэг нь зүүн урагшаа нүүж Сяньбигийн бүрэлдэхүүнд орж явсан зэрэг нүүдлийн зам генетикийн судалгаагаар тогтоогдсон байна [40].

Н.Чимгээ (1997)-ийн дэлхийн хүн ам дахь газарзүйн тархалтыг харьцуулсан судалгаагаар монголчуудын онцлогтой болох нь тогтоогдсон A2-B61-DR8, G24-B62-DR4, A1- B37-DR10, A24- B61-DR14, A33-B58-Cw3 гаплотипүүд Зүүн Азийн Япон, Солонгосчуудад, А33-B58-DR3, A33-B58- Cw3 гаплотипүүд өмнөд Азийн тайчууд, Сингапур, Тайландын хятадуудад, A33-B58-DR3, A24-B60-DR11 гаплотипүүд Тайваны суугуул иргэдэд, А33-Т-В58-Сw3 гаплотип Вьетнамчуудад тус тус тархсан байгааг тогтоожээ [60].

Түүнчлэн Монгол хүний эд нийцэмжийн HLA-A, HLA-B, HLA-C, HLA-DRB1 системүүдийн хүрээнд монгол угсаатны генийн сангийн тогтоц дотор европ төрхтнүүдийн онцлогт тооцогддог А1, А3, В8, В37, В50, Сw6 зэрэг 6 ген илэрсэн, генүүдийн газарзүйн тархалтаас харвал европ төрхтнүүдийн онцлогт тооцогддог генүүдийн тархалтын өндөр хувийн жин Монгол угсаатны өвгө генетик өлгий нутгийн дотор байгаа хэдий ч ихэвчлэн Монголын хил даган байршжээ гэсэн байна [60]. 

Европ төрхтөнүүдэд зонхилон тархсан байдаг BamHI/16390 сайтын РФУП нь Ховд, Хөвсгөл, Завхан аймгийн хүн амын дунд илэрсэн нь эрт дээр үед манай улсын баруун зүгт европ төрхтөнүүд суурьшиж байсан тухай түүхийн эх сурвалж мэдээтэй дүйж байна [38]. 

Дээрх эх сурвалжуудаас харахад “Монгол хөх толбо” нь ази, африкийн орнууд, америкийн индианчуудад тархсан байх удамзүйн холбоотой байна.

Монгол улсын хүн амын 90 гаруй хувийг монгол угсаатан эзлэх бөгөөд бидний судалгаанд халх, дөрвөд, баяд, торгууд, захчин, урианхай, дархад,буриад, дарьганга зэрэг  монгол угсааны ястнууд хамрагдсан бөгөөд зан заншил, түүх соёлын хувьд ялгаатай түрэг гарал бүхий угсаатныг казахууд төлөөлсөн. Түрэг угсаатанд хамаарах казахууд нь монгол улсын ястнуудын 6.4 хувийг эзлэх бөгөөд казахуудад А29, А31, В7, В8, В14, В18, В53, Сw7, CBL генүүд бусад ястнуудтай харьцуулахад хамгийн өндөр давтамжтай байхад А36, В15, В41, В45, В46, В47, В67, В70, В73 генүүд бидний судалгаагаар казахуудад илрээгүй [39]. Энэ нь монгол нярай хүүхдийн 90 гаруй хувь нь хөх толботой төрөх магадлалтайг харуулж байна.

Монголчуудын гарал үүслийн тухай асуудлыг түүхийн шинжлэх ухаан эдүгээ хүртэл нэгэн тийш болгон гүйцэд шийдвэрлэж хараахан чадаагүй хэвээр байна 63].

Дүгнэлт: “Монгол хөх толбо”-ын талаарх эх сурвалжийн судалгаа нь монгол төрөлхтөний тархалтын талаарх өмнөх үеийн судалгааны дүнгийн уялдаа холбоог тайпбарлах, баталгаажуулах, Монгол орон хүн төрөлхтний нэгэн өлгий эх орон болохыг тайлахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Ном зүй

1. Бира Ш. “Бид өөрөө өөрсдийгөө танин мэдэхгүйгээр цаашид урагшлахын аргагүй”. Өнөөдөр сонины 2001 оны 3 дугаар сарын 23. Ярилцсан П.Соёлдэлгэр.
2. Бира Ш. Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. (Бүтээлийн эмхтгэл). III. УБ. 2001. х.265; 280; 526-528
3. Монголын нууц товчоон. 203 дугаар зүйл.
4. Арьяасүрэн Ч., Нямбуу Х. Монгол ёс заншлын их тайлбар толь. Тэргүүн боть. Сүүлэнхүү хэвлэлийн газар. 1992 он. 370; 717-719
5. Frank Bille. “The Mongolian Blue Spot: Symbolism, Limitations, Potentialities” Paper presented at the conference “Study of Mongolian” Symbolism: Quest and Perspectives, Ulaanbaatar, on 09/10 September 2009.
6. Die koerperlichen Eigenschaften der Japaner. (1885) Baelz.E. Mittheil.d.deusch Gesell.f.Naturu- Voelkerheilkunde Ostasiens. Bd.4.H.32.
7. Circumscribed dermal melanosis (Mongolian spot) (1981) Kikuchi I, Inoue S. in “Biology and Diseases of Dermal Pigmentation”, University of Tokyo Press, p83.
8. Отрывок из книги В.Б. Авдеева “Рассуждения о расовых предрассудках” Available from: http://forum-eurasica.ru/index.php?/topic/1378-монгольское-пятно
9. Мукабен Цегрикаев. Mонгольское пятно. Available from: http://kizhinga.ru/index.php/ru/smi/130-interes/267-2009-05-28-03-22-40.
10. Vali zadeh Q. Mongolian spot and its incidence in Iranian neonates. J Med Counc 1975;4:352–354.
11. Hidano A, Purwoko R, Jitsukawa K. Statistical survey of skin changes in Japanese neonates. Pediatr Dermatol. 1986 Feb; 3(2):140-4.
12. Leung AK. Mongolian spots in Chinese children. Int J Dermatol. 1988 Mar; 27(2):106-8. PMID: 3360547.
13. Nanda A, Kaur S, Bhakoo ON, Dhall K. Survey of cutaneous lesions in Indian newborns. Pediatr Dermatol. 1989 Mar;6(1):39-42.
14. Rivers JK, Prederiksen PC, Dibdin C. A prevalence survey of dermatoses in the Australian neonate. J Am Acad Dermatol. 1990 Jul;23(1):77-81.
15. Tsai FJ, Tsai CH. Birthmarks and congenital skin lesions in Chinese newborns.J.Formos Med Assoc. 1993 Sep;92(9):838-41.
16. Kahana M, Feldman M, Abudi Z, Yurman S. The incidence of birthmarks in Israeli neonates. Int J Dermatol. 1995 Oct;34(10): 704-6.
17. Onayemi O, Adejuyigbe EA, Torimiro SE, Oyelami O, Jegede OA Prevalence of Mongolian spots in Nigerian children in Ile-Ife, Nigeria. Niger J Med. 2001 Jul-Sep;10(3):121-3.
18. Sachdeva M, Kaur S, Nagpal M, Dewan SP. Cutaneous lesions in new born. Indian J Dermatol Venereol Leprol. 2002 Nov-Dec;68(6):334-7.
19. Zahra Moosavi, Tahereh Hosseini. One- Year Survey of Cutaneous Lesions in 1000 Consecutive Iranian Newborns. Pediatric Dermatology. Volume 23, Issue 1, pages 61–63, January 2006
20. Shih IH, Lin JY, Chen CH, Hong HS. A birthmark survey in 500 newborns: clinical observation in two northern Taiwan medical center nurseries. Chang Gung Med J. 2007 May-Jun;30 (3):220-5.
21. Chatproedprai S, Wananukul S. Survey of common cutaneous lesions in healthy infants at the well baby clinic. J Med Assoc Thai. 2008 Sep;91(9):1356-9
22. Ayten Ferahbas M.D.1, Serap Utas M.D.1, Mustafa Akcakus M.D.2, Tamer Gunes M.D.2, Selcuk Mistik M.D.3. Prevalence of Cutaneous Findings in Hospitalized Neonates: A Prospective Observational Study. Pediatric Dermatology. Volume 26, Issue 2, pages 139–142, March/April 2009
23. Ashrafi Mahmoud reza, Ganji zadeh Farahnaz, Shajari hamideh, Seyed Ahmad Seyed Alinaghi, Zandieh Saeed, Hosseini Mostafa. Incidence of Mongolian Spots and its Common Sites at Two University Hospitals in Tehran, Iran. Pediatric Dermatology. Volume 27, Issue 4, pages 397– 398, July/August 2010.
24. Vanessa Zagne, Nurimar C Fernandes. Dermatoses in the first 72 h of life: A clinical and statistical survey. Indian Journal of Dermatology, Venereology and Leprology, 2011, Vol. 77, Issue 4, p. 470-476.
25. E.A.Cockayne Mongolian Blue Spots Proc R Soc Med. 1914; 7(Sect Study Dis Child):123. PMCID: PMC2003276.
26. Б.Бурмаажав. Монгол хөх толбын тархалт, анагаах ухааны ач холбогдол, Монголын анагаах ухаан, 2011, 4, х.83-92
27. М.Ф.Нестурх. Происхождение человека. Академия наук. СССР. Отделение общей биологии. Издательство Наука. Москва. 1970. стр.40. Available from: http://www.sivatherium.narod.ru/library/Nesturh/pt_01_01.htm
28. Жамбалдорж С., PhD. Америкийг нээсэн түүхийг газар усны нэрээр хэлний талаас мөшгөх нь. 2010 оны 2 дугаар сарын 20 өдрийн нийтлэл. Available from: http://antmus.blog.gogo.mn/read/entry83849.
29. Монголчуудын гарал үүсэл. Википедиа толь бичиг. Available from: http://mn.wikipedia.org/wiki/Монголчуудын_гарал_үүсэл
30. Цэрэндаш Ц. Хотон угсаатны популяцийн антропо-генетикийн судалгаа. Биологийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. УБ. 2000.
31. Армаа Г. Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив. УБ. 2009 он. DDC’599.9 A-76. ISBN: 978-99962-0-016-8. х.78.
32. Лувсанданзаны. Алтан товч. Эртний хаадын үндэслэсэн төрт ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч хэмээх оршвой. УБ. 2011 он. 764 х.
33. Эрдэнийн товч. Хаадын үндэсний эрдэнийн товч. УБ. 2011 он. 536 х.
34. Асрагч нэртийн түүх. УБ. 2011 он. 276 х.
35. Баяндалай Д., Бямбасүрэн Г., Энхдаваа Д.Монгол төрийн ёс. УБ. 2006 он. х.75
36. Шар тууж. Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж. УБ. 2011 он. 138 х.
37. Тэнгэр, монгол, газар үгийн тухай. Монгол гэж юу вэ. Available from: http://tengermongolgazar.blogspot.com/2011/09/blog-post.html
38. Нямхишиг С. Монголын хүн ам дахь бөөмийн болон митохондрийн ДНХ-ийн полиморф хэлбэршил. Монгол: хүн амын генийн сан /удамшлын полиморф хэдбэршил ба генийн давтамжууд/, Тэргүүн боть, 1999, х.57, 60, 63
39. Чимгээ Н., Батсуурь Ж. Монголын хүн ам дахь эд хоорондын генетик нийцэмжийн HLA системийн полиморф хэлбэршил. Монгол: хүн амын генийн сан /удамшлын полиморф хэлбэршил ба генийн давтамжууд/, Тэргүүн боть, 1999, х.74, 147, 153
40. Түмэн Дашзэвэг. Вопросы этногенеза монголов в свете данных палеоантропологии. Дисс.на соискание уч. степени кандидата исторических наук. 1985, 175 с. г. Москва.
41. Түмэн Д. К Вопросу палеоантропологии Западной Монголии. Археологийн судлал / студия археологии/ Т-VII, -5.УБ.1977.х.39-59.
42. Эрдэнэ Ч. Их гурвалжин. УБ. 1998 он.
43. Нүрзэд Ж. Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засаг-ийн алтан дээд үнэний аялгуу. Урлах эрдэм хэвлэлийн компани; УБ хот. 2011.
44. Нүрзэд Ж. Соргогтани Бэкүни сэцэн. Хөх Моногоуулыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу. Урлах эрдэм хэвлэлийн компани; УБ.2008 он. х. 81.
45. Сүхбаатар Г. Монголын эртний түүх судлал. II боть. Сяньби. Монголчуудын эртний өвөг. Бемби сан. Хэвлэлийн газар. УБ. 2001 он. х.33
46. P.A.Boodberg. The language of the T’o-pa Wei. Harvard journal of Asiatic studies. Vol.I. No2.1936.p.p.167-185.
47. Монголчуудын гарал үүсэл, өвөг монголчууд. Дээдсийн хүрээлэн. 2007 оны 12 дугаар сарын 28.
48. Түмэн Д. Үзэл баримтлал. [accessed 2012 Oct 29]; Available from: http://sodo.niitlelch.mn/ content/3748.shtml.
49. Wateff S: Taches pigmentaires chez les enfants bulgares. Bull Mem Soc Anthrop 1907; 8:231- 249.
50. Солир Банзрагчийн. Угсаатан зүйн түүх. УБ хот 2009. Монгол угсаатан зүйн судалгааны түүх. Монголчуудын гарвал зүй. х.6-7.
51. Монгол улсын шинжлэх ухааны академи. Түүхийн хүрээлэн. Монгол улсын түүх. Дэд боть. (XII-XIV зууны дунд үе). Улаанбаатар. 2003 он. х.43.
52. “HISTORIA MONGALORUM” Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, “Монголчуудын түүх” Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1.
53. Веселовский Н.И. Очерк историкогеографических сведений о Хивинском ханстве от древнейших времён до настоящего времени. СПб., 1877.
54. Виноградов А.В. Тысячелетия, погребенные пустыней. М.: Просвещение, 1966.
55. Толстов С.П. Н Материалы и исследования по этнографии и антропологии СССР, 1946, 2, с.87-108.
56. Грозный Б. Протоиндийские письмена и их расшифровка. Вестник древней истории 2 (11). 1940.
57. Толстов С. П. По следам древнехорезмийской цивилизации. М.-Л.: 1948.
58. Kыдырниязов М.Ш. Материальная культура городов Хорезма в XIII—XIV веках. Нукус: Каракалпакстан, 1989.
59. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт, амжилт. 2012 оны 5 дугаар сарын 14. Available from: http://www.archaeology.mas.ac.mn/index.php?option=com_content&view=article&id=56&Itemid=64.
60. Цэрэндаш Ц., Туул М. Монголын хүн судлалын хөгжлийн он цагийн хэлхээ, 2011, УБ, х.62-64
61. Батсуурь Ж. “Наследственный полиморфизм и геногеография народонаселения Монголии”. Дисс.на соискание уч. степени д-ра.биол. наук. 1986, 284с. г. Москва.
62. Генетикч Б.Хэрлэнтэй хийсэн ярилцлага. Available from: http://medleg.zaluu.com/indexmed.php?id=1345, October 29, 2012.
63. “HISTORIA MONGALORUM” Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, “Монголчуудын түүх” Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2522
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК