Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
“Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн бие бялдар, сэргээн засах эмчилгээний үүрэг, ач холбогдол” чуулган
( Товч мэдээлэл )

Ц.Наранцэцэг


 
Абстракт

Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооны 2 дахь удаагийн хамтарсан Эрдмийн Чуулган “Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн бие бялдар, сэргээн засах эмчилгээний үүрэг, ач холбогдол” сэдэвтэйгээр 2013 оны 06 сарын 07, 08-ны өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт Мэдээллийн Төвийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн чуулга уулзалтаар амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээний чиглэлээр  мэргэшсэн дотоод, гадаадын эмч, мэргэжилтэннар судалгаа шинжилгээний бүтээлээ танилцуулж, сүүлийн үеийн амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар лекц уншиж, туршлагаа солилцсон.

Амьсгалын эрхтний сэргээн засах тусламж үйлчилгээ дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, амьсгалын  эрхтэн тогтолцооны чадвар алдагдалтай өвчтөнд маш их үр дүнтэй эмчилгээ болох нь нотлогдоод байна. Амьсгалын сэргээн засалт гэдэг нь амьсгалын эрхтний архаг өвчтэй хүмүүсийн биеийн ерөнхий байдлыг тогворжуулж сайжруулсанаар зовиур шинж тэмдгийг багасгаж, амьсгалын үйл ажиллагааны чадварыг дээшлүүлж, нийгмийн амьдралын оролцоог ихэсгэж, улмаар эмнэлгийн зардлыг бууруулахад чиглэгдэж хийгддэг өргөн хүрээтэй нотолгоонд тулгуурласан эмчилгээ байдаг. Ийм учраас дэлхийн хөгжингүй орнууд амьсгалын эрхтний эмгэгтэй өвчтөнд энэ эмчилгээ үйлчилгээг хийж явуулахыг маш шаргуу зөвлөж байна. Гэтэл манай улсын хувьд дийлэнхи эмнэлгийн байгууллагуудадамьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгтэй өвчтөний эмчилгээнд тайван амраах зарчмыг баримталж, амьсгалын сэргээн засалт хийлгүй ихэнхидээ эмийн эмчилгээ төдийхнөөр хязгаарлагддаг бодит дүр төрхтэй байна.

Тэгвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай орны хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж ирж байна. Тухайлбал, дэлхий нийтэд “тамхины өвчин” гэж нэрлэгддэг Уушигны Архаг Бөглөрөлтөт Өвчин нь ДЭМБ-аас гаргасан 2020 оны статистикийн урьдчилсан судалгаагаар нас баралтын шалтгааны 3-р байрт, чадвар алдалтын шалтгаан өвчний 5-р байрт орох магадлалтай байна гэсэн үр дүн гарсан. Тэгвэл өнөөдөр энэ өвчин хэдийнээ манай улсад зонхилон тохиолдох өвчний нэг болсон байх бөгөөд ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улс тамхи татагчдын тоогоороо дэлхийн эхний 10 улсын нэгд багтаж байна. Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарын аль ч эмнэлгийн байгууллагын өдөр тутмын практикт амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнөөр өвдсөн, түүнийхээ улмаас амьсгалын үйл ажиллагааны чадвар алдагдаж, улмаар амьдралын чанар нь буурч байгаа өвчтөн маш элбэг тохиолдож байгаа нь үүнийг нотлож байгаа бөгөөд амьсгалын эрхтний сэргээн засах тусламж үйлчилгээ хэдий чинээ хэрэгтэй байгааг харуулж байна.

Энэ удаагийн хамтарсан эрдмийн чуулган маань дээрх амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдэд сэргээн засах эмчилгээний ач холбогдол, үүрэг ямар байх ёстой талаар сэргээн засалч эмч мэргэжилтнүүдийнхээ анхаарлыг хандуулж, сүүлийн үеийн мэдээлэл, нотолгоонд тулгуурласан туршлагаа солилцлоо.

Ц.Наранцэцэг

2013 оны 6 дугаар сар 7

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 868
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК