Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2012, 2(12)
Багшаа дурсахуй
( Намтар )
 
Абстракт

Анагаах ухааны доктор, дэд профессор, хүүхдийн эмч Паалайн Батхүүгийн мэндэлсний 70 насны ойд Монголын хүүхдийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, хүүхдийн зөвлөх эмч агсан, Анагаах ухааны доктор, дэд профессор Паалайн Батхүү 42 жил хүүхдийн эмчээр ажиллахын зэрэгцээ 32 жил эмч бэлтгэх үйлст сэтгэл оюунаа зориулсан, биеэр жижиг ч бэлчир томтой, оюуны өндөр чадамжтай эмч-багш-эрдэмтэн судлаач билээ. П.Батхүү нь 1943 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Алтайн сүрлэг уулсын нэг, Төгрөгийн эхний “Өлийн худаг” хэмээх нар ээсэн хаваржаанд малчин ард Паалайн долоон хүүгийн отгон нь болон мэндэлж, эцэг эхийн асрамж халамжинд өсөн хүмүүжээд, 1951 онд сумын долоон жилийн дунд сургуульд элсэн улмаар Алтай хотын арван жилийн дунд сургуульд дэвшин суралцаж, 1961 онд 10 дугаар ангиа “Алтан” медальтай төгсчээ. 1961 онд Анагаах ухааны дээд сургуулийн Хүүхдийн эмчилгээний ангид элсэн онцгой сайн сурч, “Сүхбаатарын нэрэмжит” цалинт оюутан байжээ. Улмаар 1966 онд сургуулиа “Улаан” дипломтой дүүргэж, хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшин эх орныхоо дуудлагаар Хөвсгөл аймгийн Хатгал сумын сум дундын эмнэлэгт , хүүхэд-дотрын эмчээр томилогджээ. Ажиллах хугацаандаа Алаг-Эрдэнэ, Ринчинлхүмбэ, Улаан-Уул сумдын хүүхэд, насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлж, идэх хоолоо хагаслан, унтах нойроо хугаслан алсын дуудлаганд явж, харьяа сумдад урьдчилан сэргийлэх ба тойрон үзлэг хийж, 15000 гаруй хүн үзэж эмчилжээ. 1967 оны 03 дугаар сард ЭМЯ-ны сайдын тушаалаар тэр үед шинээр байгуулагдаж байсан Дархан хотод шилжин ажиллаж, үйлдвэр, уурхайд илгээлтээр ажиллаж байсан залуу инженер техникчид, ажилчдын гэрлэлт, төрөлт, хүүхдийн өвчлөл, эндэгдэл өндөр байсан үед Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 5 орыг хүлээн авч, 1967 оны 7-р сар гэхэд 30 ортой Хүүхдийн эмнэлэг болгон өргөтгөөд, шинээр төгссөн хүүхдийн эмч нараас жил дараалан 1-2 эмч авч, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлж ажилласнаар хүүхдийн эндэгдлийг 90 промилиэс 48 промиль хүртэл бууруулжээ.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 10
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК