Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Профессор Г.Жамба Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн
( Илтгэлийн хураангуй )

П.Нямдаваа

Монголын анагаах ухааны академи,
Халдварт Өвчинтэй Тэмцэх Монголын Үндэсний Холбоо

 

     Проф.Г.Жамба 1958 онд ЗХУ-ын Анагаах ухааны академийн Н.Ф.Гамалейн нэрэмжит Микробиологи Эпидемиологийн хүрээлэнгийн аспирантурыг төгсч ирснээсээ хойш манай анагаахын микробиологийн салбарын анхны эрдэмтэний хувьд тэр үеийн ЭХЯ-ны удирдлагын анхааралд орж, халдварт өвчний онош, эмчилгээ, сэргийлэгийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажилд дайчлагдан орох болсноор Монгол төрийн ажилд татагдан оролцож эхлэсэн байна. Түүнээс хойших 50 гаруй жилийн хугацаан дахь манай эрүүл мэндийн алба, анагаах ухааны хөгжлийн бүх л томоохон үйл явдалд Г.Жамба багш хүчин зүтгэсэн бөгөөд Г.Жамба багшийн энэ талаар хийсэн, туурьвисан бүхнийг бүгдийг нь нэгтгэн бичнэ гэвэл ихээхэн цаг хугацаа шаардсан, нүсэр ажил болох тул хойчийн судлаачийн судалгааны сэдэв болгон үлдээж, энэхүү бэсрэгхэн илтгэлээ би проф.Г.Жамба багшийн БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яам(ЭХЯ)-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Улсын ариун цэвэр, халдвар судлалын байцаан шалгах газар(УАЦХСБШГ)-ын дарга, улсын ариун цэврийн ерөнхий байцаагч, ЭХЯ-ны Эрдмийн зөвлөлийн даргаар ажилласан 12 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн ажилд голлон тулгуурлаж бэлтгэлээ.

     Г.Жамба багшийн ЭХЯ-д ажилласан хугацаа бол Монгол улсын эрүүл мэндийн албаны социалист хэмээн нэрлэгдэж буй үе шатны оргил үе байлаа. Н.Жамба профессорын ЭМЯ-д биечлэн хариуцаж асан үндсэн ажил нь:

  1. Ариун цэвэр, халдвар судлалын ажил,
  2. Анагаах ухааны эрдэм судлалын ажлын удирдлага, зохицуулалт хоёр байсан тул энэхоёр чиглэлийн гол ажлуудыг нь хэвлэлийн материалд үндэслэн эмхлэн харуулахыг оролдлоо.   

     Нэг. Ариун цэвэр, халдвар судлалын ажил

     1. Эрхзүйн баталгаа

     БНМАУ-ын Ардын Их Хурал(АИХ)-ыг сонгох IX удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар 1977 оны 6 дугаар сарын 27-нд батлагдаж, 1978 оны нэгдүгээр сарын нэгнээс даган мөрдөж эхлэсэн “БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах хууль” бол тухайн үед эрх барьж байсан МАХН, БНМАУ-ын АИХ, Засгийн газраас баримталж байсан эрүүлийг хамгаалах бодлогын түүхэн хөгжлийн оргил үр дүнг тунхаглан баталгаажуулсан бүтээл байлаа. Энэ хуулийг боловсруулах асуудал 1970-аад оноос тэр үеийн удирдлагын дээд түвшинд яригдаж эхэлсэн бөгөөд 1973-1976 онд эхний төслийг нь боловсруулж, 1976-1977 онд бүх ард түмнээр хэлэлцүүлж, санал авч тусгасны дараа баталсан юм. Проф.Г.Жамба БНМАУ-ын ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, хууль боловсруулах БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Газраас байгуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд хуулийг боловсруулан батлуулах бүх л шатанд биечлэн оролцож, мэргэжлийн хүний хуулийг хэрэг дээрээ “эх барьж авах” хариуцлагатай үүрэг гүйцэтгэсэн болно. Тэгээд ч энэ хууль эхнээсээ аваад эцсээ хүртэл урьдчилан сэргийлэх зарчмыг БНМАУ дахь эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны жанжин шугам болгон баталгаажуулсан байлаа. Хуулийн нэгдүгээр бүлгийн “БНМАУ-ын эрүүлийг хамгаалах хууль тогтоомжийн зорилт” гэсэн нэгдүгээр зүйлд “БНМАУ-ын эрүүлийг хамгаалах хууль тогтоомж нь нийгмийн гишүүн бүрийн бие бялдар, оюун ухааны үвтэгш хөгжил, хөдөлмөрийн бүтээлч чанарыг нэмэгдүүлэх, эрүүл энх урт насалж, идэвхитэй амьдрах нөхцлөөр хангах, өвчлөх, тахир дутуу болохоос урьдчилан сэргийлж, нийт хүмүүсийн ба хүүхдийн нас баралтыг улам багасгах, эрүүл мэндээд хортой хүчин зүйл, элдэв нөхцлийг арилгаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар үүсэх нийгмийн харилцааг зохицуулна” гэж тодорхойлсон байна. Нийт 10 бүлэг, 79 зүйлтэй энэ хуулийн “Хүн амын ариун цэвэр, эрүүл энх байдлыг хангах”, “Рашаан-сувиллын эмчилгээ, амралт, тойрон яалал, биеийн тамир” гэсэн хоёр бүлгийн 23 заалт буюу нийт заалтын 30% орчим нь ариун цэвэр, халдвар судлал, урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчмуудыг хуульчилан баталгаажуулснаас гадна “Хүн амд үзүүлэх эмчлэн сэргийлэх тусламж”, “Эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах” гэсэн 2 үндсэн бүлэгт ч урьчилан сэргийлэх зарчмыг гол болгосон ажээ. Тиймээс энэ хууль Улсын ариун цэвэр, халдвар судлалын албаны цаашдын хөгжлийг баталгаажуулж, энэ албаны нэр хүнд хүн ам, улс ардын аж ахуйн салбаруудын дотор өсөхөд дорвитой нөлөөлсөн билээ. Тиймээс манай эрүүлийг хамгаалахын нэрт зохион байгуулагч, онолч, академич Б.Дэмбэрэл энэ хуулийн түүхэн ач холбогдлыг үнэлэхдээ “эрүүл мэндээ хамгаалах бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, хөдөлмөр, ахуй, амралтын нөхцлийг сайжруулж, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах зэрэг нийгмийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өргөн олныг татан оролцуулах ажлыг улам далайцтай болгов” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

     2. Ариун цэвэр, халдвар судлалын албаны хөгжил

     Проф.Г.Жамба УАЦХСБШГ-ын дарга, улсын ариун цэврийн ерөнхий байцаагчаар ажиллаж байсан 1970-1980-аад он бол БНМАУ дахь социалист бүтээн байгуулалтын их өрнөлийн үе, БНМАУ нүүдлийн мал аж ахуй дагнасан орноос хөдөө аж ахуй-үйлдвэрийн орон болон дэвшин хөгжих үе шатны оргил он жилүүд байлаа. Тухайлбал, улс ардын аж ахуйн үндсэн фонд 1983 онд 1923 оныхтой харьцуулбал 45 дахин өсч, зөвхөн 1983 онд улс, ардын аж ахуйд оруулсан хөрөнгө оруулалт нь 1941-1960 оны 20 жилд оруулсан хөрөнгө оруулалтаас 2 дахин их болсон байна. Аж үйлдвэрийн олон олон шинэ салбарууд үүсэн хөгжиж, 1983 он гэхэд аж үйлдвэрийн салбар үндэсний орлогын 65%-ийг үйлдвэрлэх болсон байлаа. Үүнийг дагаад 1956 онд нийт хүн амын 20% хүрэхгүйг эзлэж байсан ажилчин анги болон тэдний гэр бүлийнхэн 1979 он гэхэд хүн амын 60%-ыг эзлэх болж, 1956 онд нийт хүн амын 21.6%-ыг эзлэж байсан хотын хүн ам 1983 он гэхэд нийт хүн амын 51.5%-ийг эзлэх болсон байлаа. Эрчимтэй шинэ хөгжлийг дагаад ариун цэврийн урьдчилсан болон байнгын хяналтанд байх объектуудын тоо тасралтгүй өсч, хүн амын бөөгнөрөл хотжилтын өсөлтийг дагаад хот, суурин газруудын нийгэм-ахуйн үйлчилгээг сайжруулах, ариун цэвэрэр үүл ахуйн нөхцлийг хангах шаардлага ундарч байсан нь ариун цэвэр, халдвар судлалын хяналт, үйлчилгээг урьд байгаагүй эрчимтэй хөгжүүлэх нийгмийн шаардлага болж байжээ. Тиймээс ариун цэвэр-халдвар судлалын мэргэжлийн байгууллагууд, тэнд ажиллагсадын тоо жилээс жилд нэмэгдэн, 1980- аад оны төгсгөлд түүхэн дээд хэмжээндээ хүрч, дэд салбарын хэмжээнд нийт 1500 гаруй мэргэжилтэн ажиллаж байсны дотор эрүүл ахуйч, халдвар судлалч эмч нараас гадна химич, физикч, биологич, шавьж судлагч, малын эмч болон инженер-техникийн ажилтнууд ажиллах болж, засаг захиргааны нэгж бүрт болон Батлан хамгаалах яам (БХЯ), Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ), Улаанбаатар Төмөр зам (УБТЗ) зэрэг улс ардын аж ахуйн зарим салбарт ариун цэвэр, халдвар судлалын станц (АЦХСС) буюу түүний салбар нэгжүүд байгуулагдан ажиллаж, төвдөө УАЦХСБШГ, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ), Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн тэмцэх газар (ГАХӨЭТГ), Ариун цэвэр-гэгээрлийн ордон (АЦГО), Хортон мэрэгчидтэй тэмцэх товчоо(ХМТТ) гэсэн мэргэжлийн төв байгууллагуудтай байв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 620 дугаар тогтоолоор “Ариун цэврийн олон нийтийн хяналтын дүрэм”-ийг баталсан нь ариун цэврийн хяналтанд олон нийтийн оролцоог хангах нөхцлийг бүрдүүлж, 1970-аад оны төгсгөл гэхэд ариун цэврийн олон нийтийн хяналтын зөвлөл аймаг, хот, районд 26, сум, хороонд 319 байгуулагдаж, түүнд олон нийтийн хяналтын 3000 шахам байцаагч идэвхитэн ажиллаж байсан байна. Мөн 1974 оноос аймаг, хотуудад Улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн үзлэг явуулах болсон нь аймаг, хот, сумын төвүүдийн ариун цэвэр, тохижилтыг сайжруулах, хүн амын ариун цэврийн соёлыг дээшлүүлэхэд ихээхэн тустай ажил болсон билээ. Энэ үзлэгийг үр дүнтэй, үлдэцтэй явуулахад тал талаасаа ихээхэн анхаарал тавьж, тулхтай бэлтгэдэг байжээ. Тухайн аймаг, хотод ерөнхий байцаагчийн үзлэг явуулахаас 1-2 жилийн өмнө ЭХЯ-ны сайд аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаа(АДХГЗ)- ны даргатай тохиролцон хамтарсан бэлтгэл ажлын төлөвлөгөө, хийх ажлын чиглэл боловсруулан батлаж, уг аймаг, хотын сум, баг, хороо, албан байгууллага, айл өрх болгонд хүргүүлж, уг төлөвлөгөөний дагуу өөрсдийнх нь хийх ажлын төлөвлөгөө гаргуулж шахдаг байсан юм. Энэ нь орон нутгийн эрүүл хамгаалах байгууллагын удирдлагууд шаардаад дийлдэггүй ариун цэврийн байдлыг сайжруулах ажлаа гүйцэлдүүлэх сайхн боломж олгодог байжээ. Тиймээс анхлан бэргэх хандлагатай байсан аймгийн эрүүлийг хамгаалах газрууд сүүлдээ ерөнхий байцаагчийн үзлэгийг уралдан захиалдаг болсон билээ.

     УАЦХСБШГ 1980-аад онд АИХ-ын Байгаль хамгаалах байнгын комисс, Улсын прокурорын газар, Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран төв суурин газрын орчны ариун цэврийн байдлыг зарим аймаг хотод, Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний Яам (НААҮЯ), Усны Аж Ахуйн Яам(УААЯ)-тай хамтран Улаанбаатар, Дархан хот, 18 аймагт хүн амын усан хангамжийн байдлыг шалган, унд ахуйн хэрэглээний усны эх үүсвэрийг паспортжуулах ажилд тусалсан нь орон нутгийн засаг захиргааны зүгээс эрчимжүүлсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжлийн сөрөг нөлөөллөөс байгаль орчныг хамгаалах ажлын эхлэл болсон бөгөөд одоо нэн үгүйлэгдэж буй үйл ажиллагаа болоод байна.

     Г.Жамба профессор ариун цэвэр, халдвар судлалын мэргэжлийн байгууллагуудынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн чадавхийг сайжруулахад онцгой анхаардаг байлаа. Тиймээс түүний санаачлага, шууд оролцоотойгоор ариун цэвэр, халдвар судлалын мэргэжлийн төв байгууллага болох ЭАХНСУИ-д зориулалтын тусгай барилга бүхий Вирүс судлалын лабораторийг 1974 онд ашиглалтанд оруулж, тэр үедээ социалист орнуудын дотор технологийн хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг байсан Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс(БНАГУ)-ын багаж төхөөрөмжөөр өвч тоноглож, БНАГУ-ын ЭХЯны Хэрэглээний вирүс судлалын хүрээлэнтэй шууд хамтын ажиллагаа тогтоон зөвлөх мэргэжилтнүүд урих, манай мэрэгжилтнүүдийг сургах ажлыг эхлүүлж, хоёр системийн хоорондох хүйтэн дайны мөс хайлж эхлэсэн дулаарлын үеийг ашиглан 1980- аад онд Японы JEOL фирмийн электрон микроскоп, АНУ-ын Beckman фирмийн ультрацентрифуг, Шведийн Pharmacia фирмийн гель-хроматографын болон ФХУ-ын уншигч зэрэг Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн багажаар тоноглоход тусласан нь шинэ тутам хөгжиж байсан энэ салбар чухамхүү нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр манай улсад эхлэн хөгжих, эрчимтэй урагшлан дэвжих гол нөхцөл болж өгсөн билээ. ЭАХНСУ-ийн Вирүс судлалын лабораторийг түшиглэн 1974 онд байгуулсан Томуугийн Үндэсний Төв 1978 онд ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 2000 онд ХӨСҮТ-д шилжиж, одоог хүртэл 30 гаруй жилийн турш ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын цорын ганц лавлагаа төв байсаар байна.

     Мөн ЭАХНСУИ-ийн Эрүүл зүйн нян судлалын лабораторийг бэхжүүлэх, аймгуудын АЦХССуудад эрүүл зүйн нян судлалын лабораториуд байгуулан бэхжүүлэхэд ДЭМБ-ын тусламж, зөвлөх мэргэжилтний үйл ажиллагааг чиглүүлдэг байлаа. Тэр үед ихэнхи аймгийн Нэгдсэн эмнэлэг нян судлалын лабораторигүй байсан тул аймгуудын АЦХСС-ийн Нян судлалын лабораториуд нь зөвхөн эрүүл зүйн шинжилгээ ч бус, онош зүйн шинжилгээ хийж, нян судлалын оношлолгоог хөдөө орон нутагт нэвтрүүлэх түүчээ болсон юм.

     1975 онд ЭАХНСУ-д Био-бэлдмэлийн улсын хяналтын лабораторийг байгуулж, мэргэжилтнүүдийг нь ДЭМБ-ын шугамаар сурган бэлтгэж өгсөн юм. Бүх био-бэлдмэлээ бараг 100% гадаадаас авдаг манай орны хувьд ийм лабораторийн хэрэгцээ одоо өсөн нэмэгдсээр байгаа боловч энэ лаборатори 1990-ээд оны эхний үеийн гачигдлын шуурганд бөхчихөөд дахин босч ирж чадаагүй л байна.

     Мөн ЭАХНСУИ-ийн Эрүүл зүйн химийн лабораторийг түшиглэн 1975 онд Пестицидын, 1976 онд Цацрагийн хяналтын лабораториудыг байгуулж байсан бөгөөд ЭАХНСУИ-ийн нян судлал, химийн лабораториуд нь тэр үедээ улсын хэмжээний лавлагаа лабораторийн үүрэг гүйцэтгэж, 1978 оныг хүртэл Үнэ, стандартын улсын хороо(ҮСУХ)-ны магадлан итгэмжлэх (экспертиз) лабораторийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Энэ үед мөн аймаг, хотын АЦХССууд эрүүл зүйн химийн лабораторитой болж, хөдөө орон нутагт лабораторийн хяналттай эрүүл ахуйн хяналтын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан байна.

     Халдвар судлалын үйлчилгээнд 1970-аад оноос нэвтэрч эхэлсэн эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын зохион байгуулалт нь цус, эмнэлгийн үйлдлээр дамжин тархах халдварын гаралтыг бууруулахад зохих хувь нэмэрээ оруулсан бөгөөд 1990-ээд оны дунд үеэс Монгол Нэг удаагийн зүү тариурын үйлдвэртэй болж, бүх тарилгыг нэг удаагийн зүү, тариураар хийхэд шилжих хүртэл үүргээ гүйцэтгэсээр байсан юм. Халдвар дамжуулагч хортон шавьж устгах, халдварын голомт, бохирын цэгүүдэд халдваргүйтгэл хийх шаардлага, хэрэгцээ эрс нэмэгдсэн тул 1976 онд Хортон устгалын товчоо хэмээн хагас аж ахуйн тооцоон дээр ажилладаг нэгжийг байгуулсан нь 1977 оноос аймаг, хотуудад салбар нэгжтэй болж, 1998 онд хувьчлагдталаа улсын халдвар судлалын албаны нэг нэгж байж, халдварт өвчний тархалтыг таслах, тогтоон барихад өөрийн хувь нэмэрээ оруулж байжээ.

     1 9 7 0 - а а д оны сүүлчээс вакцинжуулалтын хамралт бололцоот дээд хэмжээнд хүрсэн мөртлөө алаг цоог өвчлөл, зарим үед дэгдэлт гарах болсон нь вакцинжуулалтын дараахи болон байгалийн дархлал тогтоцыг судлаж байж шалтгааныг нь олох түвшинд хүрсэн бөгөөд ДЭМБ, БНАГУ-ын Хэрэглээний вирүс судлалын хүрээлэн, ЗХУ-ын эрдэм И.В.Тарасевичийн нэрэмжит Вакцин, ийлдсийн хүрээлэнтэй хамтран хүн амын дарлал тогтоцын түвшимнг судлах, эпидемиологийн хяналтанд нэвтрүүлэх эхлэл тавигдсан бөгөөд чухамхүү ЭАХНСУИ-д хийгдсэн тийм судалгааны үндсэн дээр үрэл долио-вакциныг шингэн вакцинаар солих, улаанбурхны эсрэг вакцинжуулалтыг хүүхдийг 9 сартайд нь болон 6 сарын дараа тарих 2 тунт товлолд туршин нэвтрүүлснээр эдгээр өвчнийг бүрэн хяналтандаа авах бололцоотой болсон юм. Мөн ДЭМБ-ын тусламжаар вакцин тээвэрлэх, хадгалах “хүйтэн хэлхээ”-ний нөхцлийг эрүүл мэндийн үйлчилгээний бүх шатанд сайжруулж, хянах болсон нь вакцинжуулалттай халдварт өвчнүүдийн гаралтыг таслан зогсоох нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд манай улс ДЭМБ-ын Бүсийн хэмжээндээ Дархлалын өргөжүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үлгэр жишээ хэмээн үнэлэгдэж байлаа.

     Тарваган тахлын байгалийн голомтын идэвхижилыг судлан зэрэглэл тогтоож, өндөржүүлсэн бэлтгэлтэй агнах зэрэг манай нөхцөлд туршин нэвтрүүлсэн арга нь нян хадгалагч амьтдыг бүрэн хядаж устгалгүйгээр халдварын голомтыг тогтоон барих нөхцөл болцоог бүрдүүлсэн нь энэ үеийн ГАХӨЭТГ-ынхны уйгагүй эрэл хайгуул, УАЦХСБШГын зөв зүйтэй удирдлагын хамтарсан хүчээр бүтсэн юм.

     1970-1980-аад он бол мөн ариун цэвэр халдвар судлалын ажлын арга, технологи баталгаажихад эргэлт гарсан үе бөгөөд УАЦХСБШГ-ын даргын тушаалаар 300 гаруй лабораторийн болон хяналтын арга, технологи, зааварчлага батлагдан практикт нэвтэрчээ.

     Проф. Г.Жамба ариун цэвэр, халдвар судлалын ажлыг судалгаа, эрдэм шинжилгээний сорил туршилтын үндсэн дээр хийгдэх ёстой хэмээн үзэж, дэд салбарын төв байгууллагуудад эрдэм судлалын ажил гүйцэтгэхийг бүх талаар дэмждэг байлаа. Ариун цэвэр, халдвар судлалын ажлын туршлагатай зохион байгуулагч, доктор Ж.Купулын нэгэн нийтлэлдээ бичсэнээр эрүүл ахуй, халдвар, нян судлалын чиглэлээр манай улсад 2000 оныг хүртлэх хугацаанд 80 гаруй эрдэмтэд төрөн гарсны 80% нь чухамхүү энэ үед буюу 1970-1990 онд төрөн гарсан байна.

3. Эрүүл мэндийн боловсролын тогтолцооны хөгжил

     Урьчилан сэргийлэх ажлын нэгэн чухал, салшгүй бүрэлдэхүүний хэсэг бол ариун цэвэр гэгээрлийн ажил буюу эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоо юм. Ариун цэвэр-гэгээрлийн ажлын түүх судлаач Г.Цэрэнжигмэд, С.Оюун, В.Гармаа нарын үзэж буйгаар бол чухамхүү проф.Г.Жамбыг УАЦХСБШГ-ын дарга байх үед ариун цэврийн гэгээрлийн сурталчилгааны ажил нь мэргэжлийн боловсролын тогтолцоо болох замд орсон байна. Зөвхөн ариун цэвэр, халдвар судлалын мэргэжлийн байгууллагынхан бус, эрүүл мэндийн салбарын бүх эмч, мэргэжилтнийг татан оролцуулах шаардлагатай энэхүү олон талт, төвөгтэй үйл ажиллагааг удирдан зохицуулах төв байгууллага нь 1955 онд байгуулагдсан Ариун цэвэр, гэгээрлийн ордон (АЦГО) байлаа. Мөн 1955 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж эхлэсэн бүх шатны эмнэлгийн эмч, сувилагчид Лхагва гараг бүр хуваарьт өрхүүдэр явж, ариун цэврийн гэгээрлийн сурталгаа хийдэг байсан арга цаг үеэ элээж, олон нийтийн радио, телевизийн “Эрүүл мэнд” нэвтрүүлгийн хүн амд хүрэх, нөлөөлөх чадвар ихэссэнтэй хобоотойгоор хүн амын болон эрүүл мэндийн салбарынхны шүүмжлэлд өртөх болсон тул 1985-1986 оноос зогсоож, АЦГО-ыг түшиглэсэн лекторын товчоо, Эрүүл мэндийн ардын их сургуулийг байгуулан ажиллуулж, мөн үйлдвэр, аж ахуйн газруудын ажил, мэргэжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн сургууль хичээллүүлэх болжээ. АЦГО өөрийн биет үзүүлэнгийн тасаг, бичлэгийн студитай болж, лекцүүдийг цуврал товхимол болгон хэвлэх, лекцийн үзүүлэнгүүдийг диа-позитив болгон олшруулах, хичээлийн материал, бодит үзүүлэн үйлдвэрлэн аймаг, хотын орон тооны бус Ариун цэврийн гэгээрлийн кабинетууд, захиалга өгсөн үйлдвэр аж ахуйн газруудыг хангах болсон байна. Олон нийтэд зориулсан “Эрүүл мэнд” сэтгүүлийн дугаарууд 1980-аад онд хамгийн олон захиалагчтай сэтгүүлээр шалгарч байлаа.

     Проф.Г.Жамба ЭХЯ-ны нэгдгээр орлогч сайд, УАЦХСБШГ-ын даргын хувьд 1973-1987 онд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, мөн онуудад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл(ЭЗХТЗ - СЭВ)-ийн гишүүн орнуудын Эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах комиссийн гишүүнээр томилогдон ажиллаж байв.

     Ийнхүү ариун цэвэр, халдвар судлалын албаны хөгжлийн “алтан үе” нь УАЦХСБШГ-ыг проф. Г.Жамбын удирдаж асан үед тохиосон бөгөөд УАЦХСБШГ-ын удирдан хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагаа нь хүн ам эрүүлжин залуужиж, ариун цэвэр-эрүүл ахуйн соёлын түвшин дээшилж, сахуу, хөхүүл ханиад, татран, полиомиелит, улаанбурхан зэрэг халдварт өвчнүүдийн гаралт эрс буурч, устах шатнаа ороход хүргэсэн байна. Тухайлбал, 1987 оныг 1972 онтой харьцуулахад:

- Хүн амын тоо 600 000 гаруйгаар нэмэгдэн, 1,9 саяд хүрч,

- Нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 15-аар буурч 60 болон,

- Бүртгэгдсэн халдварт өвчний тохиолдол 10 000 хүн амд 4 дахин буурч 87.7 болсон байна.

Хоёр. Анагаах ухааны эрдэм, судлалын ажлын удирдлага, зохион байгуулалт

     Проф.Г.Жамба багш өөрөө эрдэмтэн судлаач хүний хувьд хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажил бол байнгын судалгаа, шинжилгээн дээр үндэслэн хөгжих ёстой гэж үздэг байсан бөгөөд түүний үед ЭХЯ анагаах ухааны эрдэм шинжилгээний бие даасан тасагтай, өөрийн эрдмийн зөвлөлтэй ганц яам байсан билээ.

     Тийм ч учраас ШУА-ийн харъяанд байгаад ЭХЯ-д 1968 онд шилжүүлсэн Анагаах ухааны хүрээлэн(АУХ)-гийн жишгээр ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнг 1973 онд ЭХЯ-д шилжүүлэн Ардын эмнэлгийн хүрээлэн (АЭХ) болгон өөрчлөн зохион байгуулсан ба АУХ-гийн хүүхдийн өвчин судлалын болон эх барих, эмэгтэйчүүдийн секторыг 1976 он Эх, нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн (ЭНХЭШХ) болгон зохион байгуулсан билээ. Академич Т.Шагдарсүрэн 1952 онд шинэ үеийн анагаахын анхны эрдэмтэн болж байснаас хойш 2000 оныг дуустлах 50 жилийн хугацаанд нийт 449 судлаач анагаах ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсны 206 нь буюу 45.9% нь 1970-1989 оны хоорондох 20 жилд эрдмийн зэрэг хамгаалжээ. Энэ үеийн Монголын анагаах ухааны эрдэм судлалын ажил нь хүн амын дунд зонхилон тарсан өвчин, эмгэгийн тархалт, шалтгаан, эмгэг жам, оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээлт, урьдчилан сэргийлэлт, монгол хүний физиологи, биохими, дархлал, удамшил зэрэг олон чиглэлээр бүхэл бүтэн биемахбодиос эхлээд эс, молекулын түвшин, эх нутгийн экологийн өвөрмөц нөхцлөөс авхуулаад сансарын орчин хүтэл өргөн цар хүрээг хамарсан байна. Тэр үеийн манай анагаах ухааны судалгаа шинжилгээний цар хүрээг Монголын хүний их эмч нарын гуравдугаар их хуралд тавигдсан 160 гаруй илтгэлийн орос хэлээр бичсэн товчлолыг нэгтгэж, Г.Жамба багшийн ерөнхий редакцийн дор 3 дэвтэр болгон нийтлүүлснээс бэлхэнээ үзэж болно.

     Проф.Г.Жамба 1961-1976 онд Анагаах ухааны салбарт Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн эрдэмтэн анрийн бичгийн дарга, 1976-1992 онд уг Эрдмийн зөвлөлийн дарга, 1976-1987 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг, цол олгох дээд комиссын гишүүн, Төрийн шагнал олгох хорооны гишүүнээр ажиллажээ.

     Г.Жамба багш сурган хүмүүжүүлэх, удирдан зохион байгуулах төрийн нөр их ажлынхаа зэрэгцээгээр Монгол улсад болон ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудад сонгуульт үүрэг хүлээн нэр төртэй гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр байгаа олонд танигдсан нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр 1968- 1972 онд МХЗЭ-ийн Улаанбаатар хотын Бага хурлын гишүүнээр, 1969-1972 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Ардын хурлыг сонгох 63 дугаар тойргийн, 1972-1975 онд мөн районы Ардын хурлыг сонгох 102 дугаар тойргийн депутатаар тус тус сонгогдож байжээ. Мөн 1973-1987 онуудад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл, Монголын Биеийн тамир, Спортын Хороо, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Зөвлөл, Батлан Хамгаалахд Туслах Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, 1981-1989 онуудад Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар сонгогдон ажилласан байна.

     1978 онд Улаанбаатар хотноо болсон ДЭМБ-ын Зүүн-өмнөд азийн бүсийн хорооны чуулган, Сайд нарын зөвлөлгөөнийг даргалж, Алма-аты хотноо зохион байгуулсан “Эмнэлэг-ариун цэврийн анхан шатны тусламжийн асуудлаархи бага хурал”-д оролцсон БНМАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, 1978- 1987 онд Дели, Жакарт, Бангкок, Мали, Катманду, Коломбо, хотуудад болсон ДЭМБ-ын Зүүн-өмнөд азийн бүсийн хорооны хурлуудад Монголын төлөөлгчдийг тэргүүлэн оролцож байжээ.

     Г.Жамба багшийн төр, нийгмийн зүтгэлтний хувьд хийж бүтээсний зах зухаас танилцуулахад ийм байгаа бөгөөд энэ бол багшийн хийж бүтээсний бүрэн тайлан биш гэдгийг цохон тэмдэглэе.

Ном зүй

Ашигласан бүтээлийн жагсаалт
(нийтлэгдсэн оны дарааллаар):
1. Министерство Здравоохранения МНР (1976): Материалы III Съезда Монгольских Врачей (Тезисы докдадов), Часть I: социальная гигиена, организация здравоохранения, гигиена, эпидемиология, микробиология и инфекционная болезнь, Главный редактор: проф, Г.Жамба, Редакционная коллегия: Ж.Купул, С.Лхүндэв, Та.Гомбосүрэн, Ж.Дашдаваа, 68 с.;
2. Министерство Здравоохранения МНР (1976): Материалы III Съезда Монгольских Врачей (Тезисы докдадов), Часть II: терапия, неврология, психиатрия, хирургия, травматология и онкология, Главный редактор: проф, Г.Жамба, Редакционная коллегия: Б.Доржготов, Б.Гоош, Ш.Жигжидсүрэн, 101 с.;
3. Министерство Здравоохранения МНР (1976): Материалы III Съезда Монгольских Врачей (Тезисы докдадов), Часть III: педиатрия, акушерство, гинекология, патоморфология, фармакология и фармация, Главный редактор: проф, Г.Жамба, Редакционная коллегия: Б.Жав, Г.Данзан, Н.Гэндэнжамц, Б.Шижирбаатар, Д.Цэдэв, Ж.Цогнэмэх, 60 с.;
4. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яам (1977): БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах хууль, 35 х.;
5. Б.Дэмбэрэл (1982): Эрүүл мэнд нийгмийн баялаг, 159 х.;
6. Центральное Статистическое Управление МНР (1984): Народное хокяйство МНР за 60 лет (1924-1984), Юбилейный статистический сборник, Улан-батор, 269 х.;
7. Ц.Чулуунбаатар, Д.Батсүх, Т,Долгор, Б.Нямсүрэн, М.Саран, Д.Төмөрбаатар, Ш.Хишгээ (2000): БНМАУ-д гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэж ирсэн түүх (1880- 1985 он), [1986 оны зөвхөн албан хэрэгцээнд зориулсан хэвлэлээс хуулбарласан нийтэд зориулсан хэвлэл], 343 х.;
8. Монгол улсын Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны бага чуулган, Монгол улсын Анагаах ухааны их сургууль (2001): Хорьдугаар зууны Монголд анагаах ухаан хөгжсөн түүхийн товчоон, Ерөнхий редактор П.Нямдаваа, 95 х.;
9. Монгол улсын Эрүүл мэндийн яам (2002): Монгол улсын эрүүл мэндийн алба – 80 жил (тоон үзүүлэлтүүд), нэмэн засварласан хоёрдох хэвлэл, Ерөнхий редактор П.Нямдаваа, 125 х.;
10. Монгол улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (2003): Монгол улс дахь нийгмийн эрүүл мэндийн албаны түүх, II боть (1970-2003 он), Ерөнхий редактор Л.Нарантуяа, Ш.Энхцэцэг, 271 х.;
11. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв (2008): Монгол улсад бүртгэгдэж байгаа хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдал, Ерөнхий редактор Н.Наранбат, 234 х.;
12. Эрүүл мэндийн яам (2010): Эрүүл мэндийн яамны 80 жилийн түүхэн замнал, Эмхтгэж, хянан тохиолдуулсан Р.Бямбаа, 347 х.;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 677
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК