Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Г.Жамба профессорыг одоо ч би “сайд”-аа гэдэг
( Шүүмж, эргэцүүлэл )

 Профессор Г. Жамбын 85 насны ойд

Ж.Купул

Анагаах ухааны доктор

 

     Миний бие эрдэмтэн багш, проф Г.Жамба сайдтай яг 52 жилийн өмнө буюу 1960 оны намрын ийм нэгэн өдөр танилцаж билээ. Тэгэхэд би Москвагийн анагаах ухааны 1-р дээд сургуулийг төгсөж ирээд ЭХЯ-д байцаагчийн ажил хийсэн “пацан” байлаа. 1960 оны 9-р сард Өвөрхангай аймгаас нэг өвчтөн ирж төв больницын дотрын тасагт хэвтэж байгаад 5 дахь хоногтоо нас барсан юм. Задлан шинжилгээгээр түүнийг тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилж, нас барсан байж магадгүй гэсэн онош тавьсан байв. Энэ үед Г.Жамба сайд МУИС-ийн Анагаах ухааны факультетад микробиологийн багшаар ажиллаж байсан. Тэгээд л бөөн асуудал болж, ЗХУ-ын Эрхүү хотын тарваган тахлын институтийн захирал проф. И.В.Домарадский тэргүүтэй эмч нарын бригад ирж ажилласан билээ. Хэрэв тэр өвчтөн тарваган тахлаар өвчилсөн байсан бол аймаг, хот, эмнэлэгт олон хүнтэй хавьтал болж, уг өвчнийг тараах аюултай байсан тул ийнхүү сүйд майд болсон хэрэг. Ингээд Зөвлөлт, Монголын эрдэмтэн, эмч нар хамтран дээрх өвчтөн тарваган тахлаар өвчилсөн байсан эсэхийг тогтоох ёстой байсан бөгөөд тэд “тарваган тахал” гэсэн оношийг үгүйсгэсэн юм. Энэ үед микробиологийн мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан ганц мэргэжилтэн, эрдэмтэн нь Г.Жамба сайд байсан бөгөөд дээрх асуудлыг шийдэхэд мэргэжлийн талаар чухал үүрэг гүйцэтгэж билээ. Яг энэ үеэр би Г.Жамба сайдтай танилцсан юм. Г.Жамба сайд оюутан байхаасаа эхлэн судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой байсан бөгөөд МУИС-ийн Анагаах ухааны факультетын оюутны эрдэм шинжилгээний дугуйланд суралцаж, өөрийн бүтээлийг хэвлүүлж байсан байна. 1952 оноос МУИС-д багшилж, улмаар 1958 онд Москва хотод нян судлалын мэргэжлээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан манай анхны эрдэмтэн болсон түүхтэй. Ийнхүү бидний хагас зуун жилийн хамтын ажиллагаа эхэлсэн билээ. Миний бие 1960-1966 онд ЭХЯ-д байцаагч, ариун цэврийн хэлтсийн дарга, 1966-1968 онд АЦХС-ын төв станцын дарга, 1968-1994 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ)-ийн захирлаар ажиллаж байхдаа Жамба сайдтай ажил төрлийн үргэлжийн холбоотой байсан. 1968 онд Сайд нарын Зөвлөлийн 27-р тогтоолоор ЭАХНСУИ байгуулагдсан бөгөөд институтийн захирлаар эрдмийн зэрэгтэй хүн ажиллуулах шаардлагатай байсан. ЭХЯ-аас энэ ажилд Г.Жамба сайдыг ажиллуулах санал тавихад тэрээр “би дарга хийх сонирхолгүй, багшийнхаа ажлыг хийх сонирхолтой” гээд институтийн захирлаар ажиллахаас татгалзаж билээ. Харин намайг захирлаар ажиллуулах санал тавьж, миний бие институтийн захирлаар томилогдон ажилласан юм. Намайг эрдэм шинжилгээний ажил хийхэд Г.Жамба сайд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1970-аад онд Г.Жамба сайд ЭХЯны эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд намайг ЭША-ын сэдэв авч ЭША гүйцэтгэх талаар зөвлөж, “ тушааж”, үүний үр дүнд миний бие 1972 онд Анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Г.Жамба сайд манай улсад вирус судлалын албыг үүсгэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. 1959 онд бактери шинжилгээний газрын талаар авах зарим арга хэмжээний тухай СнЗ-ийн 38 дугаар тогтоолоор вирус судлалын лаборатори байгуулах тухай заасан байдаг. Үүний дагуу Г.Жамба сайд ДЭМБ-ын шугамаар суралцаж ирээд вирус судлалын лабораторийн багаж төхөөрөмж, барилга байгууламжийн талаар асуудал боловсруулж байсан. Материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байснаас лаборатори байгуулах ажил удааширсан юм. Г.Жамба сайдын шууд санаачлагаар 1974 онд зориудын барилга ашиглалтанд орж ЭАХНСУИ-д вирус судлалын лаборатори байгуулагдсан билээ. Г.Жамба сайд тус улсын АЦХСын албыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1973 онд МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны Хурлаар ЭХЯ-ны сайд Б.Дэмбэрэлийн илтгэлийг авч хэлэлцээд сайд Б.Дэмбэрэл, орлогч сайд, Улсын Ариун Цэврийн Байцаан Шалгах Газрын дарга, Улсын Ариун Цэврийн Ерөнхий байцаагч С.Шаадай нарыг ажлаас нь халж, ЭХЯ-ны сайдаар Д.Ням-Осор, 1-р орлогч сайд бөгөөд Улсын Ариун Цэврийн Байцаан Шалгах Газрын дарга, Улсын Ариун Цэврийн Ерөнхий байцаагчаар Г.Жамба сайдыг томилсон юм. Тэгэхэд би ЭАХНСУИийн захирлаар ажиллаж байсан. Ариун цэврийн байгууллагын дүрмээр дээрх институтийн захирал нь Улсын Ариун Цэврийн Ерөнхий байцаагчийн орлогч байх ёстой байсан тул энэ үеэс эхлэн миний бие 1973-1986 онд Улсын Ариун Цэврийн Ерөнхий байцаагчийн орлогчийн үүргийг давхар гүйцэтгэж билээ. Энэ хугацаанд ариун цэврийн хяналт, халдварт өвчинтэй тэмцэх талаар улс, орон нутгийн чанартай олон чухал асуудлууд тулгарч байсан. Тухайн үед ариун цэвэр, халдвар судлалын хяналтын байгууллагын нэр хүнд өндөр, хяналт чангахан байсан гэж хэлж болно. Одоогийнх шиг зөвшөөрөлгүй барилга байгууламж баригдана гэж байгаагүй дээ. Шинээр барилга барихад эхлээд ариун цэврийн байгууллагын зөвшөөрөл авна, тэгээд зураг төслөө хянуулна, барилга баригдаж байх үед нь батлагдсан зураг төслөөр баригдаж байгаа эсэхэд нь хяналт тавина, хүлээн авна. Ийм дэс дараатай хяналт тавигдаж байсан. Улсын ариун цэврийн байцаагч нь 1972 онд БНМАУ-ын СнЗ-ийн 410-р тогтоолоор батлагдсан ариун цэврийн хяналтын дүрмэнд зааснаар “ариун цэврийн байгууллагаар хянуулаагүй зураг төслөөр буюу хянагдсан зураг төслийг зөрчин барьж байгаа, тэрчлэн эрүүл ахуйн норм, ариун цэврийн шаардлагыг зөрчсөн бүх төрлийн барилга байгууламжийг барих ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоож, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийн санхүүжилтийг зогсоох” эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ практикт хэрэгжүүлж байсан. Аймаг, хотын хэмжээний асуудлыг орон нутгийн ариун цэврийн байцаагчид шийдвэрлэж, улсын чанартай асуудлыг улсын ариун цэврийн ерөнхий байцаагч, түүний орлогч шийдвэрлэдэг байсан. Зарим жишээ дурьдвал: тэр үед Улаанбаатар хотын Толгойтын орчимд Болгар улсын тусламжаар байгуулсан гахайн завод ажиллаж байлаа. Түүний бохир ус орчноо бохирдуулан, түүнээс үүдэн гэдэсний халдварт өвчин гарч биднийг зовоох болсон юм. Иймд Г.Жамба сайдтай тохиролцон тэр заводын ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж, мэргэжилтэн явуулан уг заводын гахай усалдаг усыг нь хааж билээ. Гэтэл яг тэр орой нь СнЗ-ийн 1-р орлогч дарга Т.Рагчаа гуай Г.Жамба сайд бид хоёрыг дууддаг юм байна. Гахайн заводын асуудлаар гэдгийг бид хоёр таамаглаж, юу ярихаа тохиролцож аваад очлоо. Т.Рагчаа дарга, Г.Жамба сайд хоёр нэг нутгийн хүмүүс, Т.Рагчаа дарга бид хоёрыг маш сайхан ааштай угтан чихэртэй хар цайгаар дайлж, Г.Жамба сайдтай нутаг усныхаа талаар товч ярилцаж байснаа гэнэт ширээгээ цохиод “та хоёрт тэр гахайнууд ямар муу юм хийгээв, тэднийг үхвэл та хоёроор төлүүлнэ шүү, дарга нарт нь хариуцлага хүлээлгэж, тэдний уудаг усыг нь хаахгүй яасан юм” гээд л босоод ирлээ. Бид хоёр тайлбар хийх гэсэн боловч яриулсангүй. Тэгэсхийгээд Т.Рагчаа даргын уур нь дарагдаж, “одоо та нар гахайн заводын усыг нь тавьж өг, түүний бохир усны талаар саналаа ирүүл, бид шийдэж өгнө” гээд бид хоёр ч үг дуугүй гарч, тэр дор нь мэргэжилтэн явуулж усыг нь тавиулж билээ. Эдгээрийн үр дүнд тэнд бохир ус цэвэрлэх байгууламж барих асуудлыг СнЗ-д оруулж шийдвэрлүүлсэн юм. Иймэрхүү асуудлууд бараг өдөр бүр гарч байсныг бид хамтран шийдвэрлэж байсан даа. Г.Жамба сайд өргөн мэдлэгтэй, тайван, аливаа асуудлыг ухаалгаар шийддэг байсан бөгөөд бид хэзээ ч маргалдаж, санал зөрөлдөж байгаагүй, нэг үгээр хэлбэл гар нийлэн ажиллаж байсан. Г.Жамба сайд АЦХС-ын байгууллагыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй. Г.Жамба сайдыг ЭХЯ-ны 1-р орлогч сайд, улсын ариун цэврийн ерөнхий байцаагчаар ажиллаж байсан 1973-1986 онд ЭАХНСУИ-д вирус судлалын лаборатори, биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори, пестицидийн лаборатори, радиологийн лаборатори, хөдөлмөрийн нөхцөл, физиологийн лаборатори, вирус судлалын эрдэм шинжилгээний төв, дархлал хомсдлын хам шинжийн лавлах төв тус тус шинээр байгуулагдсан билээ. Г.Жамба сайд 1973-1986 онд миний сайд, дарга байсан, одоо ч би “сайдаа” гэдэг. Г.Жамба сайддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 545
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК