Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Уншаад баршгүй ухааны судар
( Шүүмж, эргэцүүлэл )

Профессор Г. Жамбын 85 насны ойд

Академич Л.Лхагва

 

     1. Улаан Бямбаа багшийн “пиар” (PR)

     Манай Завханд ажиллаж, олондоо “улаан Бямбаа” гэж алдаршсан Ламжавын Бямбаа эмч 1967 оны намар Анагаах ухааны дээд сургуулийн үүдэнд надтай тааралдаад, танимхайрч надаас ямар сургуульд орсныг лавлан асуухад анагаахад орсоноо хэлбэл,

     - Маш сайн байна.

     Гэр нь нүүгээд ирсэн үү. Би энэ сургуульд багшилж байгаа гэж билээ. Би ч бас таньдаг багштай болсных баяртай л явлаа.

     1968 оны хавар манайхыг Завханаас нүүж ирснийг Л.Бямбаа багшид хэлбэл гэр заалгаж аваад удахгүй манайд очлоо. Тэгэхэд Л.Бямбаа багш анагаахад микробиологийн хичээл заадаг байсан юм.

     Багш аавын сөгнөсөн архины дээжээс “амсч” бага зэрэг халаад аав, ээж хоёрт анагаахын алдартнуудын тухай завсар зайгүй ярьж, манай тэнхимын эрхлэгч гэхэд л Г.Жамба гэж том эрдэмтэн бий. Орос, англи, франц, хятад хэл мэднэ, ном их уншина, бичих, боловсруулахад тэр хүнийг гүйцэх хүн байхгүй, нэг юм бичээд ороход л улаан харандаагаар “авах юмгүй болтол” нь эрээн цоохор болгож засна шүү дээ гэж ирээд л зөндөө ярилаа.

     - Айдаа, мөн ч эрдэмтэй хүндээ гэж толгой сэгсрэхэд нь, ямар мундаг хүн бэ гэж л надад бодогдсон.

     Г.Жамба багштайгаа би анх 3-р курст байхдаа буюу 1969 онд нүүр тулж уулзсан юм. Г.Жамба багш тэр үед Анагаах ухааны дээд сургуулийн проректор байлаа.

     “Дотрын” гэгдэх дэд эрдэмтэн Ц.Долгор багш намайг дагуулж проректорын өрөөнд ороод,

     - Би энэ хүүгээр оюутны эрдэм шинжилгээний ажил хийлгэх гэсэн юм. Хэдэн бумба, мөн цусны эс тоолдог багаж хэрэгтэй болоод байна. Та авч өгөөч гэж багш минь хүслээ.     

     - За, оюутны нэр хэн билээ гэж надтай танилцаад,

     - Би лабораторийнхонд хэлж өгье гэснээр анхны нүүр тулсан уулзалт өндөрлөснийг би яагаад ч юм их тод санадаг юм.

     Нөгөө Бямбаа багшийн магтаад байсан хүнтэй анх танилцсаных тэгж их сэтгэлд хоногшоо биз ээ. Одоогийн хэлээр яривал Л.Бямбаа багш Г.Жамба багшийн тухай “пиар” (PR) их сайн хийжээ.

     Намайг сургууль төгсөх үед Г.Жамба багш манай улсын шалгалтын комиссын дарга байсан тэр үеийн нэг үйл явдал ой тойнд тодхон байна. Бид 6 хичээлээр улсын шалгалт өгсөн юм. Намайг шалгалт өгч байхад, “за, дараагийн асуултыг нь яриулах юм уу яах юм бэ?” гэж комиссын гишүүдээсээ асууж гурван ч удаа намайг билетийн сүүлчийн асуултыг яриулалгүй гаргаж билээ. Тэр бол надад итгэсэн их итгэл байсан биз ээ.

     1973 онд намайг сургуульдаа багш болоход Г.Жамба багш Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд болоод дэвшив ээ.

     1977 он болж, монгол хүнийг сансарт нисгэх ажил яригдаж, тэр үеэс Г.Жамба багш бид хоёр бүр ойр дотно ажиллах болсон юм.

     Монголын иргэдээс сансрын нисэгчид дэвших хүнийг сонгон шалгаруулах эмнэлгийн үзлэгийн дүнг гаргах хурлыг Г.Жамба багш даргалан хийлгэлээ. Монголын иргэн сансарт нисэх үед хийх эмнэлэгбиологийн туршилтуудын талаар үе үе багштай зөвлөж, ярилцдаг байлаа.

     2. Цаг үеэсээ түрүүлж сэтгэгч

     Хожим би яаманд эрдэм шинжилгээний тасгийн дарга хийж байхдаа багшийн удирдлага дор Эрүүлийг хамгаалах яамны Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг хэдэн жил хавсран хийж бүр ойр ажиллах болсон билээ.

    Тэр үед дэргэдээ Эрдмийн зөвлөлтэй яам байгаагүй гэхэд эндүүрэл болохгүй байх аа. Бусад яамдын дэргэд Шинжлэх ухаан, техникийн зөвлөл гэж байсан санагдана. Эрүүлийг хамгаалах яамны Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн нэр хүндтэй, шилдэг эрдэмтэд байдаг байлаа.

     Тэр Эрдмийн зөвлөл анагаах ухааны чиглэлээр улсын хэмжээнд хийж буй ажлыг нэгтгэн дүгнэдэг, төлөвлөдөг байсан юм. Багшийн удирдлага дор бид олон асуудлыг шийдэж, заримыг цаг үеэс нь түрүүлэн тавьж байжээ. Ганц хоёр жишээ хэлье.

     Бөөр шилжүүлэн суулгах аргыг эмнэлгийн практикт нэвтрүүлэхээр Эдийн засаг-Нийгмийг хөгжүүлэх 1986-1990 оны таван жилийн төлөвлөгөөнд тусгаж байлаа. Тэр зорилт одооноос л биелэх эхлэлээ тавьж байх шив дээ.

     1985 оны үед багш над нэг том хавтастай материал өгөөд,

     - За наадахаа нэг сайн судлаад, одоо яах талаар санал боловсруулж танилцуулаарай гэв. Тэр материалыг үзвэл Монгол Улсад Анагаах ухааны их сургууль байгуулах, Анагаах ухааны академи байгуулах тухай боловсруулсан хоёр бүлэг том асуудал байлаа.

     Тэр үед манай улсад Анагаах ухааны дээд сургууль, яамны харьяа хэдэн хүрээлэн байсан юм.

     Молхи би тэр материалаас гадна хэд хоног бас бус юм уншиж, бодож боловсруулаад эрдэм шинжилгээсургалт- эмнэлгийн цогцолбор бүхий Анагаах ухааны их сургууль байх хувилбар зохимжтой гэж үзэн саналаа танилцууллаа. Багш их дэмжиж, холбогдох яам, газраас санал авах боллоо. Багшийн гарын үсэг бүхий хэд хэдэн албан бичиг холбогдох газруудад илгээтэл бараг бүх хариу татгалзсан байж билээ. Багш бид хоёр түүнийг тэгсгээд орхив. Гэтэл 1990-ээд он гараад Монгол Улсад гэнэтхэн хэдэн их сургууль бий болов. Түүний нэг нь Анагаах ухааны их сургууль байлаа. Гэхдээ багш бид хоёрын бодсоноос өөр.

     Анагаах ухааны Академи маань сураггүй явсаар 2004 онд ШУА-ийн их чуулганаар сая нэг юм зөвшөөрөгдөж билээ. Ингээд бодохоор багш лав 20 гаруй жилээр түрүүлээд сэтгэж, хийж бүтээх гэж оролдож байсан ажээ. Ёстой л мэргэжил нэгтнийхээ эрдэм номын хөтөч, ухааны түүчээ болж явжээ.

     3. Анагаахын эрдэм судлалд зөөлөн атлаа чанга хүн

     Профессор Г.Жамба багш эрдмийн ажилд шүүмжлэлтэй хандаж, зөөлөн хэрнээ чанга хандаж байсны баримт өнгөрсөн зууны 90-ээд оны ном, сэтгүүлийн хуудсанд нэгэнтээ үлджээ.

     - Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг тасалдуулах, гүйцэтгэлийн хугацаа алдах өнөөгийн шаардлага хангахгүй түвшинд эрдэм шинжилгээний ажлыг явуулах гэх мэт хуучин арга барилыг зоригтой өөрчлөхөд эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд оюуны чадамжаа бүрэн дайчлахгүй байна.

     - Төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагын захирал, сектор, тасаг, лабораторийн эрхлэгчид, эрдэм шинжилгээний ажилтан бүр хүч анхаарлаа төвлөрүүлж, эрчтэй ажиллахгүй, дээрээс «даалгавар» хүлээн, идэвхгүй ажиллаж байна.

     - Эрдэм шинжилгээний ажилтан нар мэдлэг чадвар, судалгаа шинжилгээний ажлын арга барилаа дээшлүүлэхгүй, өдөр, хоног өнгөрөөж, өгөөж муутай ажиллан шинжлэх ухааныг «хохироож», эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага нь эрдэм шинжилгээний ажилтнуудаа аттестатчилах ажлыг чанаржуулж, цалинг эрдмийн ажлын үр өгөөжтэй холбож, боловсон хүчнийг зөв сонгон авах, авьяас чадвартай ажилтнаар эрдэм шинжилгээний байгууллагуудыг бэхжүүлэх ажилд санаачилга, идэвх сул байгаагийн сацуу зарим нь ажил хийсэн дүр үзүүлж, ам ажлын нэгдлийг алдаж байна.

     - Төлөвлөгөөт ажлын явцыг байнга хэлэлцэх, тэгэхдээ практикийн байгууллагын санал авах, алдаа дутагдлыг тухай бүр илрүүлэн засах, ялангуяа ил тод байдал, бие биедээ тавих зарчимт шаардлагын үндсэн дээр шинжлэх ухааны бүтээлч маргаан, шүүмж, хэлэлцүүлгийг өргөнөөр зохион байгуулахгүй байна.

      - Практикт шилжүүлэх, нэвтрүүлэх ажлын боловсруулалтын онол практикийн түвшин, цар хүрээ, хэтийн төлөв, эцсийн үр дүн хангалтгүй, энэ талаар яам болон эрдэм шинжилгээний байгууллагын захиргаа чанд шаардлага тавихгүй байна хэмээн “часхийтэл” шүүмжилж, Монголын анагаах ухааныг Дэлхийн анагаах ухааны хөгжлийн хандлага, тус орны эрүүлийг хамгаалахын хэрэгцээ, шаардлагатай уялдуулан бүх талаар хөгжүүлж, өгөөжийг нэмэгдүүлэх, эрдэм судлалын ажлын удирдлага, зохицуулалт, эрдэм шинжилгээний байгууллагын зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох зорилтыг дараах хэдэн чиглэлээр тавьж байсан байх юм.

      - Хүн амын үндсэн бүлэглэлүүдийн амьдрал, ажил амралтын нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх, эрүүлжүүлэх, хүн амын дотор өргөн тархацтай байгаа өвчнийг эрт илрүүлж, үр дүнтэй эмчлэх, сэргийлэх арга, бэлдмэл боловсруулж, орчин цагийн эмчилгээ, монгол эмнэлэгийн аргаар хослон эмчлэх,

     - Анагаах ухааны суурь судалгааны (молекул биологи, генетик, биофизик, биохими, физиологи, анагаах ухааны залуур зүй гэх мэт) хувийн жинг эрс нэмэгдүүлж, хавсарга судалгааг эмнэлэгийн байгууллагууд голдуу хийдэг хэлбэрт шилжих, үүнтэй уялдуулан эрдэм шинжилгээний ажилтны дотор байгалийн шинжлэх ухааны арга эзэмшсэн судлагчдын тоог нэмэгдүүлэх,

     - Эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлэгийн байгууллагын интеграцийг хөгжүүлж, «эрдэм шинжилгээ-сургалт-практикийн цогцолбор»- уудыг бий болгох,

     - Эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг дэлхийн түвшингээр хэмжиж, тийм зэрэгт хүрч байгаа ажлыг давуутай санхүүжүүлэх журамд шилжих чиглэл баримтлах,

     - Анагаах ухааны биотехнологи, биобэлдмэлийн шинжлэх ухаан үйлдэврлэлийн нэгдэл байгуулах,

     - Анагаах ухааны дээд сургуулийг өөрийн мэдлийн клиник бүхий «сургалт-эрдэм шинжилгэээмнэлгийн цогцолбор» болгох,

     - Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд аспирантур, докторантур байгуулах,

      - Анагаах ухааны бүс нутгийн салбар байгуулах чиглэл баримталж тухайн нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн байдалд нөлөөлөх биологи, хүн ам зүйн онцлог, үйлдвэрлэлийн болон байгаль, орчны хүчин зүйлүүдийг судалж, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт шинэ, үр дүнтэй оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн арга боловсруулж нэвтрүүлэх,

     - Эд эрхтэн шилжүүлэн суулгах технологийн судалгаа, туршилтын ажлыг явуулж эхлэх,

     - Вирүст хепатитын вакцин, уурагт бэлдмэлүүд, төрөл бүрийн эм, халдварт ба халдваргүй өвчнийг эрт илрүүлэх мэдрэмтгий оношлууруудыг өөрийн оронд үйлдвэрлэх онолын ба клиникийн судалгаа явуулж, үр дүнг практикт нэвтрүүлэх,

    - Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эм эмнэлэгийн хэрэглэлээр хангах ажилд бичил тооцоолуур хэрэглэх, техникжүүлэх, автоматжуулах чиглэл баримтлах зэрэг тодорхой зорилт тавьсан нь хэрэгжсэн буюу шийдлээ хүлээж байгаа нь 30-аад жилийн өмнө эрдэм судлалын цаг үеийн байдлыг бодитой үнэлсэн, алс хэтийн зорилгыг оновчтой тодорхойлсон гэж үзэх үндэстэй байгаа. Түүгээр ч барахгүй улс орон даяар зах зээлийн эдийн засагт шилжиж буй өнөө үед анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага түүний гадна үлдэхгүй нь лавтай билээ. Ийм нөхцөлд эрдэм шинжилгээний ажилд үнэнхүү дур сонирхолтой, мэдлэг чадвар сайтай хүмүүст ихийг бүтээх зам нээлттэй байх болно гээд бүр 1991 онд айлдсан байна. Эдгээр шүүмжлэлт хандлага болон алс хэтийн зорилт эдүгээ цаг дор яригдсаар л байна. Хэдий болтол яригдах бол!

     4. Багшийн дуурайл ба Зиндаа

     Гадаад хэлийг сайн сурахын тулд монгол хэлээ гаргууд эзэмших хэрэгтэй гэдгийн нэг үлгэр дуурайл болох хүн бол Г.Жамба профессор мөнөөс мөн. Анагаах ухааны нэр томьёо зохиох, жигдрүүлэх, анагаахын утга зохиолын найруулга зүйн талаар шавь нартаа заан сургаж үлгэрлэж, ихийг бүтээсэн хүн. Би багшид мөн ч олон бичиг, үгүүлэл сэлтийг үзүүлж тэр их чадварыг нь мэдэрч явсандаа. Нэг удаа “кардиолог” эмчийг “зүрх судлаач эмч” гэж бичсэнийг багш “зүрх судлалч” гэж засаад “кардиология” гэдэг нь “зүрх судлал” биздээ. Тэгвэл “зүрх судлалч” гэвэл ононодоо гэж хэлж байж билээ. Багш бидний мэдэхгүй үг хэллэг хаанаас ч юм гаргаад ирнэ. Нойрхой, гэс, хавис, амьсгуурс гээд л тэр үгс хөврөөд өгнө.

     Багш намайг АУИС-д Проректорын алба (1995- 2001 он) хашиж байхад “Монгол Улсын гавьяат багш” цол хүртлээ.

     Цагаан сараар золгох гээд өрөөнд нь ороход “Надад ийм гоё тэмдэгтэй цол өгүүлсэн Та нартаа их баярлалаа” гэдэг юм. Багш бидэнд баярлах биш, бид багшдаа баярлах ёстой л доо.

     Эрдэмтэн хүний шинж төгс бүрдсэн багшид минь хүртээсэн тэр хүндэтгэлийг тэмдэглэхээр хэсэг эрдэмтэд багшийн урилгаар цугларч билээ. Тэнд Б.Ширэндэв гуайгаас аваад монголын элит эрдэмтэд байсан. Г.Жамба багш тийм л өндөр зиндааны хүн. Тэдний дунд зогсож, багшдаа баяр хүргэх нь надад ховор завшаан байлаа.

      Миний багш уншаад баршгүй ухааны судар, ундраад дуусахгүй эрдмийн булаг билээ.

Багшийнхаа нөмөр, нөөлөг дор он жилүүдийг үдэгч шавь,

Академич Л.Лхагва

2012 оны 10 дугаар сарын 5-10

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 296
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК