Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Эрхэмлэн хүндэтгэдэг багш Г.Жамба
( Шүүмж, эргэцүүлэл )

Профессор Г. Жамбын 85 насны ойд

Навааны Дондог
 

Клиникийн профессор, сэтгүүлийн зөвлөлийн
хүндэт гишүүн

 

     Миний хамгийн хүндэтгэж явдаг хүн бол Эрүүлийг Хамгаалах Яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын Ариун Цэвэр, Халдвар Судлалын Байцаан Шалгах Uазар(УАЦХСБШГ) – ын даргаар 1973 - 1987 онд томилогдон ажилласан Г.Жамба багш билээ. Би 1975 - 1988 онд Эрүүлийг Хамгаалах Яамд УАЦХСБШГ–т халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн(байцаагч) гэдэг албыг гүйцэтгэж байхдаа өдөр тутам багшийн анагаах ухааны аугаа их мэдлэг, оюуны сан, ажил хэрэгч, хүнлэг, энэрэнгүй ёс, даруу төлөв зангаас нь суралцаж, эзэмшихийг хичээж бие сэтгэл, оюунаа дайчлан ажилладаг байлаа.

     Ер нь 1930 онд Эрүүлийг Хамгаалах Яамны дэргэд Ариун Цэвэр- Урьдчилан сэргийлэх Байгууллага буй болж халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эмчлэн сэргийлэх байгууллагын эмч, мэргэжилтний хүчинд түшиглэн зохион байгуулж, халдварт өвчнийг оношлох, эмчлэх, халдвар эсэргүүцэх арга хэмжээ авах, ариун цэвэр-гэгээрлийн сурталчилгаа хийх ажлыг гүйцэтгэж эхэлсэн байдаг. Энэхүү нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариулагатай, хүндтэй ажлыг эх орны даалгавар болгон, анагаахын микробиологийн шинжлэх ухааныг эзэмшсэн, эрдэмтэн бидний эрхэмлэн хүндэтгэдэг багш Г.Жамба Эрүүлийг Хамгаалах Яамны нэгдүгээр орлогч сайд, УАЦХСБШГ–ын дарга гэдэг албан тушаалд 12 жил ажиллан хийж бүтээсэн ажлаас нь товч атугай дурдах нь зүйтэй гэж үзэв. МАХН – ын Төв Хорооны Улс Төрийн Товчоонй 1973 оны 418 дугаар тогтоол гарч, төв, суурин газрын ариун цэврийн байдлыг сайжруулах, халдварт өвчинтэй тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чухал чиглэл, заалтыг Эрүүлийг хамгаалах байгууллагад өгсөн юм. Сайд нарын Зөвлөлийн 1975 онд 620 дугаар тогтоолоор ариун цэврийн олон нийтийн хяналтын дүрмийг баталж мөрдүүлэв. Ариун цэврийн олон нийтийн хяналтын системд аймаг, хотын, районы зөвлөл 26, сум, хорооны зөвлөл 319, түүнд олон нийтийн хяналтын 2663 байцаагч идэвхитэн ажиллаж байсан байна. БНМАУ – ын Эрүүлийг хамгаалах хуулинд ”хүн амын ариун цэвэр, эрүүл энх байдлыг хангах” асуудлаар тусгай бүлэг оруулж, хүн ам, төв суурин газрын ариун цэврийг сайжруулах, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах, халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгохоор заасныг хэрэгжүүлэх зорилгоор улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн үзлэгийг аймаг хот, сум, хороодод болзолт уралдаантайгаар ээлж дараалалыг зарлан хийдэг байсан нь нүүдлийн соёл, иргэншлийг суурин соёл иргэншлэлийн зан үйлд сургах, хандлагыг нь өөрчлөхөөд ахиц гарч байсныг ард нийтээр хүлээн зөвшөөрч байсантай маргах хүн байхгүй байх. Үйлдвэр, үйлчилгээ, албан газар, байгууллагуудад улсын ариун цэврийн байцаагчдын групп шалгалт, УАЦХСБШГ–ын шуурхай үзлэгийг тусгай төлөвлөгөөтэйгээр 33 удаа зохион явуулсан тухай МАХН –ын Төв хороонд Эрүүлийг Хамгаалах Яамнаас 1980 оны 10 дугаар сарын 11/3304 албан тоотоор хүргүүлж байжээ. Ардын Их Хурлын байгаль хамгаалах байнгын комисс, улсын прокурор, байгаль орчин хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран төв суурин газар, орчны ариун цэврийн байдлыг Архангай, Булган, Төв аймаг, Улаанбаатар хотод шалгалт хийжээ. Нийтрийн Аж Ахуй, Үйлчилгээний Яам, Усны Аж Ахуйн Яймтай Улсын Ариун Цэвэр Халдвар Судлалын Байцаан Шалгах Газар хамтран Улаанбаатар, Дархан хот, 18 аймагт хүн амын усан хангамжийн байдлыг шалган тусалсан байна.

     Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хороо, Монголын Эмэгтэйчүүдийн Хороо, Монголын Улаан Загалмайн Гүйцэтгэх Хороо, Нийтрийн Аж Ахуй, Үйлчилгээний Яам, Усны Аж Ахуйн Яйм, Хөдөө Аж Ахуйн Нэгдийн Холбооны Дээд Зөвлөл, Ардын Боловсролын Яам, Эрүүлийг Хамгаалах Яамнаас хүн амын халуун усны үйлчилгээ, Ардын хувьсгалын 60 жилийн ой угтаж хүн ам, төв суурин газрын ариун цэвэр, ахуйн соёлыг сайжруулах, сургууль, цэцэрлэг, яслийн байгууллага, хүүхдийн хувийн ариун цэврийг сайжруулах талаар тогтоол, тушаал, төлөвлөгөөтэй тус тус хамтран ажиллаж байлаа. “Төв суурин газар, орчны ариун цэвэр, халдварт өвчинтэй тэмцэх талаар гарсан нам, засгийн тогтоол, шийдвэрийн биелэлтийн тухай” Хэнтий аймгийн АДХ – ын гүйцэтгэх захиргааны дарга, Худалдаа Бэлтгэлийн Яамны Сайдын сонсголыг БНМАУ – ын Сайд нарын Зөвлөлд хэлэлцүүлэн, удирдах дээд байгууллага, Эрүүлийг Хамгаалах Яамны коллегид 61 асуудал оруулж тогтоол, албан даалгавар, тушаал 103 –ыг гаргуулан ажиллаж байжээ. 1977, 1978, 1980 онд улсын ариун цэврийн байцаагчдын зөвлөлгөөн хийж ариун цэврийн хяналт, халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжүүлж ирсэн байна. V таван жилд 1469 барилгын зураг төслийг хянажээ. 1975 онд үйлчилгээний нэг объектод 26 удаа шалгалт хийж байсан бол 1979 онд 28 удаа хийж, үүнээс хөдөөгийн нэг объектыг 1975 онд 1,4 удаа хянаж байсан бол 1979 онд 2 удаа хянасан байна. Гадаадаас ирж байгаа 21006 тонн хүнсний бүтээгдэхүүнд 153 удаа ариун цэврийн экспертиз хийж, дүгнэлт өгчээ. Улсын хэмжээнд 100 орчим цацраг идэвхит бодисын эх үүсвэрт хяналт тогтоож, 50 гаруй рентген кабинетад дозметрийн хэмжилт хийжээ. Энэ хугацаанд ариун цэвэр, халдвар судлалын, лабораторийн дүрэм, заавар 70, зөвлөмж, аргачлал 43, лабораторийн шинжилгээний арга 100 гаруй, унд ахуйн усанд хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний норм, хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэх химийн бодисын ариун цэврийн норм, хот суурины агаарт химийн хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний норм зэрэг эрүүл ахуйн норм 7, сургуулийн сурагчдын ширээ, сандал, партны улсын стандарт, улаанбаатар хотын 0 – 17 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн стандарт, ундны усны стандарт зэрэг улсын стандарт 4 – ийг боловсруулж практикт нэврүүлжээ.

     Цочмог халдварт өвчний 1981–1990 оны өвчлөлийн хөдлөлзүйн хандлага, хэтийн төлөвийг тодорхойлон, тэмцэх, сэргийлэх арга хэмжээний стратеги, тактик, түүнийг хэрэгжүүлэх технологийг боловсруулан хэрэгжүүлсээр ирэв. Гэдэсний балнад, вирүст гепатит, менингококкт халдварын өвчлөлийн голомтонд 2–5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг 22 удаа 7–35 хоногийн хугацаагаар ажиллуулж, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байв. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх тулгамдсан асуудлаар 20 гаруй удаа семинар, зөвлөлгөө зохион байгуулж, өвчлөлийн тархалтыг хязгаарлан, голомтыг таслан зогсоодог байв. Сумдын эмнэлгийн 42,0% нь урьдчилан сэргийлэх тарилга тээвэрлэх зориулалтын хөргөх элемент бүхий саваар хангагдаж, хотын болон аймгийн төвийн хүүхдийн хэсгийн эмнэлэгүүдийн 70% гаруй нь сэргийлэх тарилга хадгалах хөргүүртэй болж, сумдын 25,2% нь сэргийлэх тарилга хадгалах зоорьтой болжээ. Урьдчилан сэргийлэх тарилга хэргэлсний үр дүнд V таван жилд сахуу, халдварт саа өвчин гараагүй ба улаанбурхан 2 дахин, менингококкт халдвар 84,2%, хөхүүл ханиад өвчин 2,3 дахин буурч, алаг цоог байдлаар гарах болжээ Сахуу, хөхүүл ханиад, улаанбурхан өвчнийг бууруулсны эдийн засгийн үр ашгийг сүүлийн 14 жилээр тооцоход нийт 90,8 сая төгрөг хэмнэгдсэн гэж үзсэн байна.

    Боловсон хүчний хангамжийн талаар манай багш Г.Жамба нь их анхаарч Ариун Цэвэр Халдвар судлалын Станцуудыг нэг маягийн орон тооны нормативаар ажиллуулав. Эрүүл ахуйн болон халдвар судлалын мэргэжлээр 1975 онд 565 хүн ажиллаж байсан бол 1979 онд 598 хүн ажилласан байна.

    Гадаадад улс хоорондын хоёр талын хамтын ажиллагааны болон ДЭХБ–ын шугамаар мэргэжилтнээ илгээж, мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, тусгайлан авч үздэг байлаа. БНМАУ–ын Сайд нарын Зөвлөлийн “халдварт гепатит өвчинтэй тэмцэхзарим арга хэмжээний тухай” 1972 оны 478, “халдварт мэнэн өвчнөөс сэргийлэх тухай” 1973 оны 111, “хортон мэрэгчтэй тэмцэх товчоо байгуулах тухай” 1976 оны 141, “Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайжруулах ажлын талаар авах арга хэмжээний тухай” 1980 оны 78 дугаар тогтооол, 1982 оны 21, 395 дугаар тогтоолууд гарч, Хөдөлмөр Нийгэм Хангамжийн Улсын Хорооны 1983 оны 113, Шинжлэх Ухаан Техникийн Улсын Хорооны 1983 оны 95/225 дугаар тогтоолоор Эрүүл Ахуй, Халдвар Нян Судлалын Улсын Инститэд радиологийн хяналтын лаборатори, энтеровирүсийн лаборатори, хөдөлмөрийн физиологийн лаборатори, болон эрдэм шинжилгээний сектор байгуулагдан, тэдгээрт мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчнүүд ажиллахын хамт лабораторийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдан материаллаг бааз нь бэхжиж байлаа. Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 478 дугаар тогтоол хэрэгжүүлж халдвартын клиникийн цогцолбор эмнэлэгийн 23 корпус, иж бүрэн тавилга, тоног төхөөрмжлөгдсөн байдлаар “түлхүүр гардуулах” хэлбэрээр хүлээн авч, Дорнод, Дархан, Хэнтий, Хөвсгөл, Увс, Ховд, Говь–Алтай, Дундговь, Дорноговь, Эрдэнэт зэрэг аймаг, хотын нэгдсэн эмнэлгийн халдвартын 30 ортой зориулалтын барилга байгууламжтай тасгууд ашиглалтад орж, Улсын Ариун Цэвэр, Халдвар Судлалын Байцаан шалгах Газрын харъяалалын Эрүүл Ахуй, Халдвар Нян Судлалын Улсын Инстит, Гоц Аюулт Халдварт Өвчнийг Эсэргүүцэн Судлах Газар, Ариун Цэвэр Гэгээрлийн Ордон, Хортон Мэрэгчтэй Тэмцэх Товчоо, аймаг, хот, район, орон нутгийн төв суурингийн Ариун Цэвэр, Халдвар Судлалын Станц 30, Гоц Аюулт Халдварт Өвчнийг Эсэргүүцэн судлах Станц 8, хилийн ариун цэврийн 9 салбар ажиллаж байв. БНМАУ ДЭХБ- д 1962 онд гишүүнээр элсэж,, анх байгуулсан “Монгол – 1” гэрээний дагуу “ДЭХБ–аас авах тусламжийн тухай” БНМАУ–ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 2 дугаар сарын 14 – ны өдрийн 52 тогтоолоор Байгалийн Голомтот Халдварт Өвчнийг Эсэргүцэн Судлах Газрын бруцеллезын тасгийг халдвар судлалын үндэсний бригад болгон ДЭХБ– ын халдвар судлалын бригадтай хамтран ажиллуулсан байдаг. MOG–ESD/002 төслийн хүрээнд халдварт өвчний эидемиологийн тандалт, хяналтыг сайжруулах талаар ДЭХБ-тай хамтран ажиллахаар тогтсоны дагуу 1981-1988 онд Халдварт өвчний дархлал судлалын тандалт, хяналтыг хөгжүүлэх, вирүст халдварт өвчний оношлолтыг сайжруулах, сэргийлэх тарилгын өргөжүүлсэн хөтөлбөрийг хөгжүүлэх, эмнэлгийн дотоод халдварын хяналт, хоол боловсруулах замын халдварт өвчний эпидемиологийн тандалт, хяналтын асуудлаар өргөн хүрээтэй ажил хийгдсэн. Энэ хугацаанд MOG – ESD/002 төслөөр богино хугацааны зөвлөх ажиллуулах, лабораторийн багаж, тоног төхөөрөмж, сургалтанд бүгд 114 400 ам, доллар зарцуулсан байна. Халдварт өвчний тандалт, хяналтын төслийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд нийт халдварт өвчин жил дараалан буурч, хөхүүл ханиад өвчин тохиолдлын төдий гарах болж, сахуу өвчний дэгдэлт, тахалт тархалтын давтамж цөөрсөн юм. ДЭХБ-ийн шугамаар 1973 онд Зөвлөлт Холбоот Улсаас эрдэмтэн И.В.Шахгильдян, К.С.Азаренок нар, 1974 онд Чехословак Улсын эрдэмтэн И.Масар нар богино хугацааны зөвлөхөөр ирж ажиллаж байв. БНМАУ– ын ЭХЯ, ЗХУ–ын ЭХЯ-тай харилцан тохиролцсоны дагуу 1976 оны 9 дүгээр сарын 7–9–ны өдрүүдэд Эрхүү хотод хоёр Яамдын төлөөлөгчдийн уулзалтаар “Монгол улсын хүн амын эмнэлгийн тусламжийн одоогийн байдал, зохион байгуулалт”– ын асуудлаар манай төлөөгчдийн тэргүүн, ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Г.Жамба, “Монгол Улсын эх нялхасын эрүүл мэнд”-ийн асуудлаар ЭХЯ-ны Эх Нялхасын Газрын дарга Б.Пагамдулам, “Монгол улсын хүн амын вируст гепатитын өвчлөлд хийсэн анализ, өвчлөлийн байдал”–ын талаар ЭХЯ- ны мэргэжилтэн На. Дондог, ЭАХНСУИ-ийн захиралЖ. Купул нар тус тус танилцуулсны үр дүнд протокол гаргасныг сүүлд нь хоёр улсын Засгийн Газрын хэмжээнд ярилцан шийдвэрлэж, манай улсад ЗХУаас “вируст гепатит өвчинтэй тэмцэх экспедиц” 1979–1980 онуудад 4 удаа ирж ажилласан билээ. ЗХУ–ын экспедицийг ЗХУ-ын Анагаах Ухааны Академийн Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын институтийн клиникийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Е.С.Кетиладзе тэргүүлж, БНМАУ-ын багийг ЭХЯ –ны нэгдүгээр орлогч сайд, анагаах ухааны дэд эрдэмтэн, профессор Г.Жамба удирдаж байв. Экспедици ажиллуулснаар Монгол улсын хүн амын вируст гепатитын эпидемиологийн зүй тогтол, Улаанбаатар, Дархан хотуудын хүн амын вируст халдварт ба ийлдэст гепатитын өвчлөлд нөлөөлж буй үндсэн шалтгааныг судлан, халдвар эсэргүүцэх арга хэмжээг боловсруулсан. Манай улсын хүн амын дунд цочмог, архаг гепатитаар өвчлөгсдөд В вируст гепатитын өвчлөл өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, HBsAg илрэлт цочмог вируст гепатиттай өвчтөнд гельп тундасжих урвалаар 46,0%, шууд бус цус наалдуудах урвалаар 54,2% байгааг баталгаажуулсан юм.

     Багш эрдэм шинжилгээ, онол-практикийн олон хурлыг удирдаж, илтгэл хэлэлцүүлж байсан. Тэдгээрийн нэг болох 1984онд хуралдсан “Халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдэвт онол–практикийн хуралд ”БНМАУ дахь вируст гепатитийн асуудал” гэсэн үндсэн илтгэлийг тэр үед Гепатитийн диспансерийн дарга байсан, доктор А.Дамдинсүрэнтэй хамтран бэлтгэж хэлэлцүүлэхдээ: жил бүр вируст халдварт гепатитын өвчлөл ихсэх улиралыг угтуулж гаммаглобулин сэргийлэлт хэрэглэх, вируст гепатитын өвчлөлийн голомтонд авах халдвар эсэргүүцэх иж бүрдэл арга хэмжээг эрчимжүүлж, шаргүй, далд хэлбэрийг илрүүлэх, эмнэлгийн төвлөрсөн ариутгал, донор сонголт, үндэслэл багатай парентериал үйлдлийг аль болох цөөлөх, хүн амын дунд вирут гепатитаас сэргийлэх ариун цэвэр–гэгээрлийн сурталчилгааг эхчүүд, сурагчид, нийтийн хоол, сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгуулагын ажилчид, эмнэлгийн ажилтнуудад хийх зэрэг чухал асуудлыг шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэй гарган тавьсан юм.

     Хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар олон тогтоол, албан даалгавар, тушаал, дүрэм заавар, арга аргачлалыг хянан гаргаж байсныг дээр дурдсан болно. ЭХЯ–ны Сайдын болон УАЦХСБНГ – ын даргын тушаалаар батлагдсан заримаас нь дурдахад: ЭХЯ– ны Сайдын “Урьдчилан сэргийлэх үзлэг хийх заавар батлах тухай” 1976 оны 1 дүгээр сарын 26 – ны өдрийн 18, “тениаринхзтой тэмцэх, хорхойгүйжүүлэлт явуулах тухай” 1976 оны 4 дүгээр сарын 112 дугаар тушаал, “Нянгийн өсгөвөрийн лабораторийн ажиллагааны заавар” – ыг БНМАУ – ын Ариун цэврийн ерөнхий байцаагч бөгөөд ЭХЯ – ны орлогч сайдын Г. Жамбын 1980 оны 7 дугаар сарын 20 –ны өдрийн зв – Хс – 110 -80 дугаараар батлан мөрдүүлсэн байна.

    Эрхэм хүндэтгэлт багш Г. Жамбынхаа удирдлагын дор Эрүүлийг Хамгаалах Яаманд 12 жил нэг баг болон ажилласан нь миний амьдралийн хувьд аливаад нямбай, хариуцлагатай хандахад суралцах алтан боломж байсныг тэмдэглэн, та бол Ардын багш шүү дээ гээд “Эрхэм төр” хэмээх уртын дууны эхний болон төгсгөл хэсгийн үгээр сэтгэлийн гүн талархалаа илэрхийлье

Эрхэм төр энхжээд

Эрх чөлөө нь тунгалаг

Энгийн олон нөхөдтэйгөө

Үүрд хамтаар цэнгэн жаргаяа, зээ...

Сар нар шиг дэлгэрээд

Сайн үйлсийг бүтээцгээд

Сайтар шамдан хичээцгээж

Сайхан тааваар жаргаяа, зээ...

Хүндэтгэсэн харнууд овогт Навааны Дондог,

Клиникийн профессор, сэтгүүлийн зөвлөлийн хүндэт гишүүн

2012.09.28

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 294
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК