Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Үүдэл эс судлагчид 2011 оны анагаах ухаан, физиологийн салбарын нобелийн шагналтан боллоо
( Товч мэдээлэл )

Академич П.Нямдаваа

 

2012 оны анагаах ухаан-физиологийн салбарын Нобелийн шагналыг Английн хөгжлийн биологич Сэр Жон Гордон, Японы эмч-судлаач Шиниа Яманака нар “Бие гүйцсэн эсийг плюрипотент болгон дахин програмчлаж болохыг нээсний төлөө” хүртлээ [1].

 Жон Бертранд Гордон (John Bertrand Gurdon) [зураг 1] 1933 оны 10 дугаар сарын 2-нд төрсөн бөгөөд алдарт Итон коллежийг1 төгсөөд Оксфордын Их сургуулийг зоологич мэргэжлээр дүүргэжээ. PhD судалгаагаараа 1958 онд анх мэлхийн гэдэсний хучуур эсийн бөөмийг өндгөн эсэд амжилттай шилжүүлэн суулгаж, бие гүйцсэн мэлхий гарган авч шуугиулсан судалгаанаасаа хойш хөгжлийн биологийн судалгаа хийж байгаа бөгөөд 1971 онд Их Британий Вангийн Нийгэмлэгийн гишүүнээр сонгогдож, 1995 Хатан хааны өргөмжлөл (Sir) хүртжээ [2].

Шиниа Яманака (Shinya Yamanaka) [зураг 2] 1962 оны 9 дүгээрр сарын 4-нд Японы Осака мужийн Хигашиосака тосгонд төрсөн бөгөөд Кобегийн Их сургуулийн анагаах ухааны факультетийг 1987 онд төгсч, Осакагийн Их сургууль дээр 1993 онд согог засах мэс заслын (orthopedic surgery) чиглэлээр PhD зэрэг хамгаалжээ. 1993-1996 онд тэрбээр АНУ-ын Сан Франциско хот дахь Глэдстоны Зүрх-судасны хүрээлэнд докторын дараахи сургалтанд байх үеэсээ үүдэл эсийн асуудлыг сонирхож эхлэсэн бөгөөд 1999-2005 онд Японы Нара хот дахь Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд ажиллаж байх үедээ Нобелийн шагналд хүргэсэн судалгаагааныхаа ажлыг эхэлжээ. Тэрээр 2004-2010 онд Киотогийн их сургуулийн Анагаах ухааны тэргүүлэх судалгааны хүрээлэнд профессороор ажилласан бөгөөд одоо Киотогийн их сургууль түүний судалгаанд зориулан байгуулсан Үүсгэмэл үүдэл эсийн судалгааны төвийн захирал бөгөөд профессор юм [3]. Проф.Яманакагийн баг 2006 онд хулганы арьсны фибробластыг үүдэл эсийн шинж чанартай болгох чадавхитай 4 генийг (-Sox2, Oct4, Klf4, c-Mys) нээжээ. Бие гүйцсэн эсэд генүүдийг шилжүүлэн суулгахад үүссэн үүдэл эсийн шинжтэй эсийг судлаачид iPS эс (induced pluripotent stem cells: олон эсэд хувирах чадвартай үүсгэмэл үүдэл эс) хэмээн нэрлэсэн байна. 2007 онд Яманакагийн баг хүний арьсны эсийг iPS болгон хувиргаснаа зарлажээ. Энэ нь хүний арьсны эсийг бусад ямар ч эд, эрхтэний эс болгон хувиргах боломжтой болохыг нээснээрээ хүний гэмтсэн буюу өвчин эмгэгт нэрвэгдсэн эд эрхтэнийг үүдэл эсээр эмчлэх (regenerative medicine) чиглэлийн судалгааг эмийн болон биотехнологийн компаниудын хүчтэй өрсөлдөөний талбар болгон хувиргаад байна [4].


1Итон коллеж (Eton College) нь Лондон хоттой хил нийлдэг Бэркшир (Berkshire) мужийн Итон тосгонд байх хүвгүүдийн байртай сургууль бөгөөд 1440 онд Их Британий хаан Хенри VI анх байгуулжээ. Их Британий язгууртны хүвгүүдийн суралцдаг гол сургууль бөгөөд одоогийн хун тайж Чарльзийн хүвгүүд болох хун тайж Вильям, хун тайж Хенриг оруулан Английн хаадын бүх хүвгүүд, одоогийн Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмероныг оролцуулан Их Британий 19 Ерөнхий сайд сурч төгссөнөөрөө алдартай. Зохиогч.

Ном зүй

1. Press Release: The Nobel Prize in Physiology and Medicine 2012, http://www.nobelprize.org /nobel_prizes/medicine/laureates/ 2012/press.html, accessed on October 17, 2012;
2. 2. John Gurdon, http://en.wikipedia.org/wiki/John_Gurdon, accessed on October 17, 2012;
3. 3. Shinya Yamanaka, http://en.wikipedia.org/wiki/Shinya_Yamanaka, accessed on October 17, 2012;
4. Nobel for stem cell work boon for biotech industry, http://www.japantimes.co.jp/text/nn2011108f5.html, accessed on November 10, 2012;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 557
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК