Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Монгол улсад 2005-2009 онд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүү өвчний тохиолдолд хийсэн бичиглэл судалгаа
( Илтгэлийн хураангуй )

С.Амарзаяа1,2, А.Долгорханд1, Ч.Эрдэнэчимэг2, Б.Жүгдэржав2, М.Энхтуяа2

1 Монголын талбарын тархвар судлалын хөтөлбөр

2 Халдварт өвчин судлалын үндэсний төв

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Үндэслэл: ДЭМБ-ын тооцоолсноор жил бүр 2 сая жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчинтэй нь оношлогддог ба эмчлэгдээгүй, дутуу эмчлэгдсэн тэмбүүтэй эхээс төрсөн хүүхдийн 25%-д амьгүй буюу жин багатай төрөлт, 25-30%-д нярайн эндэгдэл, 5%-д гаж хөгжил, 40%-д төрөлхийн тэмбүү өвчин тус тус тохиолддог байна. Монгол улсад хийгдсэн харуулдан тандалтын судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүү өвчин 2002 онд 2,5% байсан бол 2004 онд 3,1%, 2009 онд 1,7% болж буурсан байна. Эрүүл мэндийн албан ёсны статистик мэдээ, мэдээллээр төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол 2005 онд 36, 2006 онд 51, 2007 онд 7, 2008 онд 17, 2009 онд 19 тохиолдол тус тус бүртгэгджээ.

     Зорилго: Бид судалгаандаа 2005- 2009 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлуудын онош тохирч байгаа эсэх, бүртгэж мэдээлсэн байдал, тандалтын тогтолцоонд тохиолдож байгаа бэрхшээлийг тодруулах зорилго тавьсан.

     Материал, аргазүй: 2005-2009 онд төрөлхийн тэмбүү оноштой бүртгэгдсэн нярайн болон эхийн төрөлтийн түүхийг 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын 3 амаржих газар, ЭНЭШТ-өөс цуглуулан бичиглэл судалгааг хийв. Төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг “БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний удирдамж”-д заасан тодорхойлолт (нярайд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, нэг лабораторид ижил аргаар шинжилсэн эхийн ба нярайн ийлдэс судлалын шинжилгээний титрийн харьцуулалт, биеийн шингэнээс авсан шинжлэгдэхүүнд дархан туяаралт бичил харуурын аргаар буюу бараан талбайд цайвар трепонемийг илрүүлсэн шинжилгээний дүн зэрэг)-ыг үндэслэн оношилж, БЗДХ-ыг мэдээлэх хуудсаар аймгийн эрүүл мэндийн газарт мэдээлдэг зарчмыг баримталсан.

     Үр дүн: 2005-2009 онд 11 аймаг, Улаанбаатар хотод төрөлхийн тэмбүүгийн нийт 130 тохиолдол мэдээлэгдсэн байна. 2005 онд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 1000 амьд төрөлтөд 0.8 тохиолдол байсан бол 2006 онд 1.1, 2007 онд 0.1 байсан бол 2008, 2009 онд 0.3 тохиолдол байсан байна. Өөрөөр хэлбэл 2005 онд 36 тохиолдол, 2006 онд 51 болж нэмэгдсэнээ 2007 онд 7 тохиолдол болсон ч статистикийн өөрчлөлтгүй байлаа.

     Бүртгэгдсэн 130 тохиолдлын түүхийг аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын амаржих газраас цуглуулахад 116 (89%) нь түүхтэй, 14 нь огт байхгүй, 4 тохиолдол нь буруу мэдээлэл гэсэн тайлбартай байсан.

     Мэдээлэл бүхий нийт тохиолдлын 115 нь амьд төрсөн, нэг амьгүй төрөлт байсан ба тэдгээрээс 36 тохиолдол (31%) нь төрөлхийн тэмбүүгийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй байсан нь удирдамжид заасан төрөлхийн тэмбүүтэй байх магадлал өндөртэй тодорхойлолтод тохирч байв. Төрөлхийн тэмбүүгийн эмнэлзүйн шинж тэмдэг бүхий 5 нярайн RPR шинжилгээний дүн эхийн шинжилгээний титрээс 4 дахин их байсан боловч дархан туяаралт бичил харуурын аргаар буюу бараан талбайд T.pallidumилрүүлэх шинжилгээ хийгээгүй байв.

     Нэг нярай (0.9%) төрөлхийн тэмбүүгийн улмаас нас барсан, 79 (74%) тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэггүй байсан. Эмнэлзүйн шинж тэмдэггүй 79 нярайн 5(6.3%)-ынх нь эх жирэмсний хяналтад огт хамрагдаагүй, 19 (25.7%) эх жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй, 8(10.8%) эх жирэмсний хяналтанд байсан боловч тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байв. Эх нь төрөхөөс өмнөх 30 хоногийн дотор, эсвэл төрсний дараа тэмбүүгийн халдвартай оношлогдсон учраас 23(48.9%) нярайд төрөлхийн тэмбүү онош тавьсан байна.

     Жирэмсний хугацаанд хяналтад орж, төрөхөөс өмнө 30 хоногоос өмнөх хугацаанд оношлогдсон 24 эхийн 4 (16.7%) нь эмчилгээ огт хийлгээгүй, 5 (20.8%) нь эмчилгээ гүйцэд хийлгээгүй, 15 (62.5%) нь эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байсан.

     Мөн 37 тохиолдлын төрөлтийн болон нярайн түүх олдоогүй, эсвэл эхийн жирэмсний хяналтын хугацаанд хийсэн тэмбүү өвчин илрүүлэх шинжилгээний дүн, хийлгэсэн эмчилгээний талаар “Солилцох хуудас”-д тодорхой мэдээлэл байхгүй байлаа. Ихэнхи эхчүүд 20-29 настай, ажилгүй, гэрлэсэн байв. Мөн 69% (80/116) нь хөдөө орон нутгийн харъяалалтай, тэдгээрийн 55% (44/80) нь аймгийн төвд оршин суудаг байв.

     Дүгнэлт

  1. Судалгаанд хамрагдсан 116 тохиолдлоос 31%(36)-д нь “БЗДХ/ ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний удирдамж”-д заасан төрөлхийн тэмбүүгийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, 5 нярайн RPR шинжилгээний дүн эхийн шинжилгээний титрээс 4 дахин их байв. Ихэнх тохиолдолд төрөлхийн тэмбүү өвчний оношийг батлагдсан удирдамжийн дагуу зөв тавихгүй, эхийн жирэмсэн үедээ тэмбүүтэй оношлогдож байсан тухай өгүүлэмж болон эхийн ийлдэс судлалын (RPR, TPHA) шинжилгээний хариу эерэг байсан зэрэгт тулгуурлан төрөлхийн тэмбүү гэсэн онош тавьсан байна.
  2. Эмнэлзүйн шинж тэмдэггүй 79 нярайн 32(40.5%)-д эх нь жирэмсний хяналтад огт хамрагдаагүй буюу жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгээгүй, эсвэл жирэмсний хяналтанд байсан боловч тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байв.
  3. Жирэмсний хугацаанд хяналтад орж, төрөхөөс өмнө 30 хоногоос өмнөх хугацаанд оношлогдсон 24 эхийн 9 (37.5%) нь эмчилгээ огт буюу гүйцэд хийлгээгүй, 15 (62.5%) нь эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байв. Энэ нь жирэмсний хяналтын үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг жирэмсэн эмэгтэйд тэмбүү өвнийг эрт илрүүлж эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2218
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК