Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Монгол улсын хүн амын дунд 2008–2012 онд оношлогдсон гахайн хавдрын вирүсийн генотипүүд
( Илтгэлийн хураангуй )

Р. Tуул , Д.Энхсайхан, У. Наранчимэг , Д. Oтгонбаяр

Халдварт өвчин судлалын үндэсний төв

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Зорилго: 2008–2012 онд бүртгэгдсэн гахай хавдар өвчний эмнэлзүйн оношийг лабораторийн аргаар баталгаажуулж, үүсгэгчийн генотипийг молекул биологийн аргаар тогтоох

     Материал, арга зүй: 2008–2012 онуудад ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн 820 өвчтний ийлдсэнд гахай хавдрын вирусийн эсрэг өвөрмөц IgM илрүүлэх шинжилгээ хийлээ. Өвчтөнүүдээс цуглуулсан ийлдэс, хоолойн арчдас, VERO/SLAM эсэд халдварлуулан ялгаж хураасан, гахай хавдрын зэрлэг вирүсийн өсгөвөр зэргийг –20оС-ийн хэмээс –70оС-ийн хэмтэй гүн хөлдөөгчид хадгалж байв. Гахай хавдрын эсрэг өвөрмөц IgM эсрэгбиеийг илрүүлэх шинжилгээг Германы Novatech пүүсийн ФХУ-ын оношлуур ашиглан, үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийлээ. Өвчтөнөөс вирүс ялгах шинжилгээг VeroSLAM эсийг ашиглан хийсэн ба генотипийг тогтоох молекул биологийн шинжилгээг Японы Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэн болон ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторит хийсэн болно.

     Үр дүн: Шинжилсэн бүх сорьцын 60,8%-д нь гахай хавдрын вирүсийн эсрэг өвөрмөц IgM тодорхойлогдлоо. Насны бүлгээр авч үзвэл, 0–11 сартай хүүхдүүдийн 33,3%-д, 1–4 насанд 58%, 5–9 насанд 66,1%, 10–14 насанд 64,7%, 15–19 насанд 67%, 20–24 насанд 64%, 25–29 насанд 60%, 30–34 насанд 36%, 34–39 насанд 39,1%, 40-өөс дээш насанд 20,6%-д IgM эерэг байв. Улаанбаатар хотод 2008–2009 онд бүртгэгдсэн гахай хавдрын үед цуглуулсан сорьцонд (өвчтөнөөс ялгасан гахай хавдрын вирүсийн өсгөвөр, хоолойн арчдас, ийлдэс) хийсэн генотипийн судалгаагаар гахай хавдрын Н3 шинэ төрлийн генотип тодорхойлогдож, улмаар 2012 онд ДЭМБ-ын лавлагаа омгийн жагсаалтанд шинээр бүртгэгдсэн юм. Түүнчлэн, 2011 оны гуравдугаар сард Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бүртгэгдсэн гахай хавдрын дэгдэлтийн үүсгэгч нь F генотип байсан бол 2011 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод бүртгэгдсэн өвчлөлийн үүсгэгч нь Н3 генотипийн вирүс байсан нь дахин батлагдав. Дараа нь 2012 онд бүртгэгдсэн гахай хавдрын дэгдэлтийн үүсгэгч нь F генотипийн вирүс байв.

     Дүгнэлт: Гахай хавдар өвчний эмнэлзүйн оношийг баталгаажуулахад вирус судлал, дархлал судлалын шинжилгээ чухал ач холбогдолтой байна. Манай улсад 2008–2012 онд бүртгэгдсэн гахай хавдар өвчний үүсгэгч нь өөр өөр байгаа нь ГХВ-ийн Н3 болон F генотипийн вирүс оношлогдсоноор батлагдаж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК