Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Эгэл биетний эсрэг эмэнд trichomonas vaginalis –ийн мэдрэг чанарыг in vitro орчинд тодорхойлсон дүн
( Илтгэлийн хураангуй )

Ц.Уранцэцэг1, Д.Нармандах1, Э.Цацрал1, Э.Саруул2, Н.Гиймаа2, Д.Оюунгэрэл2, А.Гүрбадам2, Im Kyung il2, Д.Тэмүүлэн2

1Халдварт өвчин судлалын үндэсний төв,

2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Зорилго: Trichomonas vaginalis– ийг In vitro орчинд цэврээр өсгөвөрлөн, түүний эсрэг өргөн хэрэглэгддэг эмийн мэдрэг чанарыг шингэрүүлэлтийн аргаар тодорхойлох.

     Материал, арга зүй: БЗДХ-ын шинж тэмдэг илрэн ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэгээр үйлчлүүлсэн 17-49 насны 20 эрэгтэй, 109 эмэгтэй нийт 129 хүний бэлгийн ялгарлыг шинжилгээний сорьц болгон ашиглав.

     Үр дүн: Судалгаанд хамрагдсан 129 хүний клиник сорьцонд Trichomonas vaginalis илрүүлэх шинжилгээг оношлогооны зориулалттай Feinberg- Whittington тэжээлт орчин (HiMedia- India)-д өсгөвөрлөх аргаар явуулж, 48 цагийн дараа хянахад 60 (37.7%) сорьц эерэг дүнтэй байв. Feinberg-Whittington тэжээлт орчин (HiMedia-India)-дах Trichomonas vaginalis–ийн бүх өсгөвөр (100%)-т нян, 31 өсгөвөр (51.7%)-т нян, мөөгөнцөр (Candida spp) давхар ургасан байлаа. Trichomonas vaginalis-ийн 60 өсгөврүүд дэх нян, мөөгөнцрийн бохирдолт хэвээр байсан тул тэжээлт орчин дах нян, мөөгөнцрийн шинж чанарыг тодорхойлох зорилгоор цустай тэжээлт орчинд тарив. Туршилтын дүнгээс үзэхэд Trichomonas vaginalis-ийн өсгөврийн 46/60 (76.7%) Грам сөрөг савханцар, 12/60 (20%) Грам эерэг кокк, 3/60 (5%) Грам сөрөг савханцар болон мөөгөнцрөөр бохирлогдсон байсан. Грам эерэг кокк болон мөөгөнцрөөр бохирлогдсон 1/60 (1.7%), дан мөөгөнцрөөр бохирлогдсон 2/60 (3.3%) өсгөвөр байв. Дээрх судалгаанаас үзэхэд Trichomonas vaginalis-ийн өсгөвөрийг үтрээний болзолт болон болзолт бус нян, мөөгөнцөр бохирдуулсан байна.

     Trichomonas vaginalis-ийн бохирлогдсон өсгөвөрүүд дэх нян, мөөгөнцрийн антибиотикт мэдрэг чанарыг диск нэвчүүлэх аргаар тодохойлов. Trichomonas vaginalis–ийн өсгөвөр дэх Грам эерэг кокк, Грам сөрөг савханцрын 73.3% пенициллинд тэсвэртэй байхад, 26.6% дунд мэдрэг байлаа. Харин стрептомицинд 11.6% тэсвэртэй, 48.3% дунд мэдрэг байлаа. Тэжээлт орчин нян, мөөгөнцрийн эсрэг антибиотик агуулдаг ч үтрээнд байх болзолт болон болзолт бус эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр зэрэг нь тэжээлт орчны антибиоткийн тун (пенициллин 100 мкг/мл, стрептомицин 100 мкг/мл)-д ихэнх нь (96.6%) дасалтай байсан тул T. vaginalis-ийн цэвэр өсгөвөр гаргаж авахад ихээхэн бэрхшээлтэй байв. Ийм учраас 60 эерэг өсгөврөөс 30 өсгөврийг цааш үргэжлүүлэн өсгөвөрлөх боломжгүй болов.

     Trichomonas vaginalis–ийн үлдсэн 30 өсгөвөр дэх нян мөөгөнцрийн өсөлтийг дарангуйлах антибиотик, антимикотикийг зохистой тунг тодорхойлоход пенициллин/ стрептомицины 200 мкг/мл, гентамицины 100 мкг/мл, амфотерицин Б-гийн 0.5 мкг/ мл тунд нянгийн ургалт саарч, T.vaginalisийн ургалт хэвийн явагдаж байв. Эгэл биетний эсрэг эмэнд Trichomonas vaginalis-ийн мэдрэг чанарыг 24 цагийн дараа хянахад Trichomonas vaginalisийн өсөлтийг саатуулах метронидазолын хамгийн бага тун 17.14±15.7 мкг/мл, тинидазолын хамгийн бага тун 5.5±6.5 мкг/ мл дээр тодорхойлдсон. Дараа нь эмгүй тэжээлт орчинд сэлгүүлж, дахин 48 цаг өсгөвөрлөн метронидазолын Trichomonas vaginalis-ийг үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлоход 21.43±15.77 мкг/мл, харин тинидазолын үхүүлэх хамгийн бага тун 10±13.46 мкг/мл байв.

     Дүгнэлт: Т.vaginalis–ийн цэвэр өсгөвөр бэлтгэхэд пенциллин/ стрептомициний 200 мкг/мл, гентамицин100 мкг/мл, амфотерицин Б 0.5 мкг/мл тун зохистой байж, 30 цэвэр өсгөвөр бэлтгэв. T.vaginalis-ийн цэвэр өсгөвөр тус бүрт 107 трофозоит/мл агуулагдаж байв.

     Trichomonas vaginalis-ын өсөлтийг саатуулах метронидазол хамгийн бага тун 17.14±15.7 мкг/мл, тинидазолын хамгийн бага тун 5.5±6.5 мкг/мл байна.

     Trichomonas vaginalis-ын үхүүлэх метронидазол хамгийн бага тун 21.43±15.77 мкг/мл, тинидазолын үхүүлэх хамгийн бага тун10±13.46 мкг/мл байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 473
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК