Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 3(52)
“Тахлын цайз” ба тахал судлаач М.Ф.ШРЕЙБЕР
( Намтар )

Л.Энхбаатар

“Орос эмч нарыг мөнхжүүлэх холбоо”-ны тэргүүн, Анагаах ухааны доктор

 

ХIX зууны эцсээр 1896 онд Энэтхэгийн Бомбей хотод тарваган тахлын дэгдэлт гарч улс орнуудын анхаарлыг татаж байлаа. Европын тахлын чиглэлийн лабораториуд Энэтхэгт эмч нараа явуулж эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд Yersinia pestis тахлын өсгөврийг судалж эхэлсэн байна [1]. 1898 онд Ар, Өвөр Монголд тарваган тахал гарсан тухай түгшүүрт мэдээ Петербургт ирэхэд Оросууд шинжилгээний анги бүрдүүлж нян судлаач Д.К.Заболотный-гоор толгойлуулан, хэрэгцээт эм болон тахлын эсрэг тарилгыг хүрэлцэхүйц нөөцтэйгээр илгээсэн гэдэг [2]. Үүнээс хойш бараг жил бүр тарваган тахал судлахаар Монгол болон Манжуурт хожмоо домог болсон Оросын нэрт судлаачид ирж ажиллаж байжээ. Үүний нэг нь 1905-1906 онд Өргөө орчимд ажилласан нян судлаач Мануил Федорович Шрейбер (1866–1907) билээ [3;4]. Мануил Федорович Шрейбер нь Дорнод Сибирын 11-р буудлагын хорооны эмч байсан бөгөөд Хааны цэргийн академид томилогдсон ажээ. Түүний томилогдсон “Эзэн хааны эрдэм шинжилгээний туршилтын хүрээлэн” нь тарваган тахлын булчирхайн хэлбэрийн эсрэг бэлдмэл үйлдвэрлэдэг байв. Орос улсад тахлын үүсгэгчийг судлах ажил 1896 оноос Санкт-Петербурге дэхь “Эзэн хааны эрдэм шинжилгээний туршилтын хүрээлэн” -нд (ЭХЭШТХ) эхэлжээ. Энд тахлын үхүүлсэн «Хавкины тунгалагын» вакциныг Австр-Унгар, Бельги, Бразил, Португаль улсад гаргадаг байсан бөгөөд Бомбей дахь доктор Хавкины ажиллаж байсан Пастерын салбар институтэд үйлдвэрлэсэн био-бэлдмэлээс хямд үнэтэй байлаа. Хавкин Владимир (Маркус-Вульф) Ааронович нь Одесст төрсөн Луи Пастерын институтын ажилтан тарваган ба урвах тахлын вакциныг анх хийсэн нэрт эрдэмтэн юм [5]. «Эзэн хаан нэгдүгээр Александр»- ын цайз нь инженер хурандаа Фон дер Вейдегийн зураг төслөөр 1835 оноос эхлэн баригдаж 1846 онд дууссан. Балтын тэнгисээс ирэх дайсны цохилтыг эсэргүүцэх зорилгоор «Петр I», «Рисбанк», «Павел» мөн «Кроншлот» зэрэг цайзтай хайчин галаар дайсныг цохих зорилготой тэнгис тал руу 137 их буугаар тоноглогдсон байсан бөгөөд 1897 онд цэргийн яамны сайд, 1898 онд Александар Петрович Ольденбургийн гүнжийн тушаалаар тахлын лаборатори болгосон билээ. Тарваган тахлын лаборатори орсоноор их буунуудыг авч бууны сууриудыг цонх болгосон гэдэг.

Уг цайз лабораторийн талаар товч дурьдахад 1 дүгээр давхарт лаборатори, 12 морь бүхий туршилтын адууны жүчээ, жүчээний хажууд шарил болон туршилтанд орсон амьтныг устгах зуух мөн усан гахай, харх, цагаан хулгана, туулай зэрэг амьтны байр, цахилгаан станц, аж ахуйн байр, төмөрчний болон гал тогооны өрөө байжээ. 2 дугаар давхарт лаборатори, музей, номын сан хоёр эмчийн унтлагны өрөө зэргэлдээ нь хоолны тасалгаа байрлаж байв. Мөн биллиардын өрөө, дарга болон эмч, явуулын хүмүүст зориулсан 11-н тохилог өрөөтэй. Эмч нарын өрөө нь усанд орох онгоц, угаалгын өрөөтэй юм. Гуравдугаар давхарт лаборатори, халуун тогтоогууртай 2 том өрөө, өвсний өрөө зэрэг доод 2 давхараас илүү гэрэл гэгээтэй халдваргүй хэсэг байдаг байжээ [6].

Тахлын лаборатари нь 3 эмч, аж ахуй, бичиг хэрэг эрхэлсэн болон туслах 30 гаруй ажилчидтай байв. Мөн эмч нарын байранд 2 тогооч үйлчлэгч нар ажилладаг. Боомтын ажиллагсдын амьдралын дэглэм нь хатуу бөгөөд нэг хэвийн ажээ. «Тусгай лаборатори»-д ажиллагсдын зарим нь цэргийн хувцастай хагас бүтэн сайн өдөр Кронштат хотруу явдаг. Эмч нар Петербург хот уруу 7-14 хоногоор зорчдог. Үйлчилгээний ажилчид боомтын хаалга хаагдахаас өмнө ажлаа амжуулаад их газар луу явдаг байв [6].

Лабораторийн халдвар хийх, халдвартай материалтай ажиллах амьтан задлахад хадат, өмд, резин углавч зэрэг халдвар авахаас сэргийлдэг хувцасыг карболын хүчлээр, резин углавчийг сульмагаар ариутгадаг байжээ. Амьтанд халдвар хийх задлахад тусгай өрөөтэй амьтныг тусгай саванд 15-20 минут хийж ариутгаад шатаах зууханд шатаадаг. Бүх багаж хэрэгслийг сульмагаар мөн буцалгаж ариутгаж байв. Амьтны байрыг өдөр бүр сульмагаар ариутгадаг, гарыг лизол, сульма карболовын хүчлээр ариутгадаг. Боомтод нэг урсгалтай ариутгал цэвэрлэгээ одооны ариутгалын зарчмаас дутахгүй хийгдэж байсан юм. Боомтын хаалгыг 7 цагт шүглийн дуугаар нээх бөгөөд өвөл 20 цагт, зун 22-24 цагт хаадаг. Ойролцоогоор 9 цагт лабораторийн ажил эхэлдэг, өдрийн 13 цаг хүртэл үргэлжилж шүглийн дуугаар өдрийн хоол, хоолны дараа 14.30 хүртэл амралт, 20 цаг хүртэл ажиллаж шүглийн дуунаар ажил өндөрлөнө. Боомтод 24 цаг түүнээс хойш унтдаг байжээ.

Лабораторийн гол зорилго нь тарваган тахлын вакцин үйлдвэрлэх, 1905 оноос лабораторийн үйл ажиллагаа өргөсөж урвах тахал, гэдэсний балнад, боомын оношлуур хийж эхэлжээ. Орос-Японы дайны үед цусан суулга өвчний эсрэг ийлдэс хийж байсан нь «Маньжуурын суулгалтад» үр дүнтэй байв. Энэ лабораторийн үйлдвэрлэсэн био-бэлдмэлийн ачаар Петербург хотод гарсан 1908, 1909 ба 1919 оны урвах тахлын, Одесс ба Алс Дорнодод дэгдсэн 1910 -1911 оны тарваган тахлын, дэлхийн нэгдүгээр дайны үеийн урвах тахал, 1918-1922 онд Одесс хотод гарсан бөөсний ба эргэх тахлын дэгдэлтүүдийг давж гарчээ.

Уг цайз боомтын эмч ажилчдын баатарлаг ажил нь олон сая хүний амийг аварч байсан юм. Эмч нарын амь нас нь мөн тийм хэмжээгээр үнэлэгдэх аюултай байв. Хэдийгээр маш чанга хатуу дэглэм, хүчтэй хортой бодисоор хувцас, багаж хэрэгсэлээ ариутгаж байсан ч 1904; 1907 онд “Хар үхэлд” хоёр эмч нэрвэгдсэн байдаг. 1904 онд 38 насандаа тарваган тахлын лабораторийн эрхлэгч Владислав Иванович Турчинович-Выжникевич нас барж түүний задлан шинжилгээнд M.Шрейбер, Л. Падлевский, Д.Заболотный, И. Шурупов, Ф. Грыглевич нар орж оношийг баталгаажуулжээ. 1907 онд эмч Мануил Федорович Шрейбер тахлаар нас барсан байна [6].

Тэр үеийн “Оросын дуу хоолой” сонинд: «... хоёрдугаар сарын 18-нд Кронштадт дахь “Эзэн хаан 1-р Александр” цайзад Цэргийн анагаах ухааны академаас томилолтоор ажиллаж байсан Дорнод-Сибирийн 11-р хорооны ахлах эмч Мануил Федорович Шрайбер тарваган тахал өвчнөөр халдварлан нас барав. Доктор Шрайбер цайз дахь тусгай лабораторид тахлын нянг турших явцад амьсгалын замаар халдвар авсан байна. Доктор Шрайбер нас бартлаа ухаан санаа эрүүл байсан бөгөөд өөрийн цэрнээс тахлын нян илрүүлжээ. М.Ф.Шрайбер ид цэцэглэж буй 41 насандаа нас барлаа хэмээн бичжээ. Өвчин гарах үед Кронштат хот болон боомт цайзад хөл хорьсон байна. Эх газраас идэх юм хаалган дээр авчирч тавьдаг, бүх хөл хорио цагдаагийн хамгаалалтанд байлаа. Түүний задлан шинжилгээнд их эмч Н.М.Берестнев, Л.В.Падлевский нар орсон байна. Л.В. Подлевский их эмч М.Ф.Шрейберын задлан шинжилгээний үед баруун гарын долоовор хурууны бээлийг гэмтээж загатнаснаа тасгийн дарга Н.М.Берестневээс нуужээ. Гэвч түүний бие муудаж тахлын халдвар авсан нь мэдэгдэж халуурч эмчилгээнд орсон байна үүний өмнө тахлын ийлдэс тариулж байсны хүчинд Л.В.Падлевский амьд гарчээ. Түүнийг лабораторийн эрхлэгч Н.М.Берестнев, 1-р туслах И.3. Шурупова, И.И. Шукевича нар уйггүй эмчилсний үр дүнд эдгээсэн гэдэг [6]. Талийгаач М.Ф.Шрайберийг шарил чандарлагчид чандарлаж чандарыг одоо болтол туршилтын анагаах ухааны музейд хадгалж байгаа болно.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд цайзын ажил бараг зогссон боловч вакцин ийлдэс хийх нь улам их хэрэгцээтэй болжээ. 1917 онд “Тахлын цайз”-ын тахлын өсгөвөр, урвах тахлын үүсгэгч лабораторийн багж төхөөрөмжийг Саратов хотод шилжүүлж энд тарваган тахал эсэргүүцэх «Микроб» эрдэм шинжилгээний хүрээлэн болон хөгжжээ. Дээрхи боомт цайз нь хэсэг хугацаанд цэргийн зориулалтаар хэрэглэгдэж байгаад орхигдож тоногдсон байна. Олон түмний төлөө хүнд бэрх нөхцөлд амь хайргүй тэмцэж амь насаа дэнчин тавьсан дээрхи эмч нарыг тухайн үед сурвалжлагч И.М.Эйзен 1907 онд бичихдээ “Нийгэм соёлт иргэн бүр энэхүү боомтын хажуугаар гарч явахдаа эдгээр баатарлаг хүмүүсийг мартаж үл болмой. Эдгээр эмч нар хүмүүсийн төлөөнөө сайн санааны үйлсийн төлөө амьдарлаа золиосложээ хэмээжээ”. Шрейбер өргөө дэхь тарваган тахлын бүх экспедици шинжилгээнийхээ ажлын явцад нутгийн хүн амд эмнэлгийн боломжтой бүх тусламжийг үзүүлдэг байв. Заболотный “Бидний буудаллах болгонд өвчтэй хүн ирдэг тул тусламж үзүүлэх бэлтгэлээ эртнээс базаадаг байлаа” гэсэн бол Шрейберийн экспедици тахал судлах явцдаа хижиг, улаан эсэргэнэ, томуу мэтийн хурц халдварт өвчнийг илрүүлэн эмнэлгийн зохих тусламж үзүүлдэг бөгөөд энэ тухайгаа Шрейбер бичихдээ “Өргөөд байрлаж байхдаа монголчуудын итгэлийг олж авбал экспедицийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн тус дэмтэй байх болно гэдэг үүднээс бид өвчтөн хүлээн авч эмчилдэг байсан маань даамжирсаар бүр эмнэлэг буюу мөргөлийн газар шиг юм болж хувирснаар барахгүй манай В.И.Шендриковский хэдэн удаа мэс засал хийхэд хүрсэн шүү”364 гэсэн байна. Өргөөд суугаа ерөнхий консул В.Ф.Люба 1906 оны 5 сарын 20-нд Бээжин орохоор яваа төлөөлөгчид хэлэхдээ “Тарваган тахалтай тэмцэх зорилгоор энд ирсэн их эмч Шендриковский, Шрейбер нар монголчуудтай үг хэлээ ололцх аргаа амархан олсон. Энэ хоёр эмч Хүрээнд суугаад хүмүүсийг хүлээн авдаг төдийгүй өөрсдөө хүрэлцэн очиж эмчилдэг болсон юм. Эм, хэрэгсэл дутагдалтай ч гэсэн бололцооныхоо хэрээр эмчийн тусламж үзүүлэх ажлаа амжилттай үргэлжлүүлж байна”365 гэжээ [2]. Доктор М.Ф.Шрейбер 1905-1906 онд Монголд ажиллаж байсан бөгөөд өөрийн ажлын тайланг “Оросын эмч нар” сэтгүүлд хэвлүүлсэн нь сүүлд уг сэтгүүлийн 1907 оны ¹9-д “Монгол дахь тарваган тахлын үүсгэгчийг тодорхойлох шинжилгээний анги, 1905-1906 он” хэмээх эрдэм шинжилгээний өгүүллэгт бичсэн байна [3]. Мөн доктор К.Заболотный “Бүтээлийн товчоон”-ы 1-д доктор Шрейбераас Ю.Д.Талько-Грынцевичид Өргөө хотоос 1905 онд бичсэн захидлын тухай бичсэн байдаг байна [4].

 

 

 

 

Ном зүй

1. http://supotnitskiy.ru/book/book3-30.htm
2. Е.М.Даревская “Сибирь ба монгол” ном Оросын анагаах ухаан Монголд эрхэлсэн С.Чулуун, орчуулсан: Д.Бадамням, хянасан: Н.Балжинням. Улаанбаатар 2011
3. М.Ф.Шрейбер. “Экспедиция в Монголию для исследования источников чумы в 1905-1906 гг”. Рус.врач. 1907. №9. 291- р тал.
4. К.Заболотный. Избр.тр.Т.1. Чума. 59-ртал, Сообщение Ю.Д.Талько-Грынцевича о письме д-ра Шрейбера из Урги от 3 декабря 1905г. // Тр.ТскоПорго. 1906. Т.9. Вып. 1. 3-4- р тал.
5. http://ru.wikipedia.org/wiki
6. http://supotnitskiy.ru/book/book3-30.htm
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 632
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК