Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Сүрьеэтэй тэмцэх ажилд юу чухал вэ?
( Редакцийн зурвас )

Н.Наранбат

Анагаах ухааны доктор, Сэтгүүүлийн дэд эрхлэгч

 

Хүн төрлөхтөний сүрьеэтэй тэмцэж ирсэн түүхийг харахад Германы эрдэмтэн Роберт Кохын 1882 онд сүрьеэгийн үүсгэгчийг бичил харуул ашиглан хийсэн нээлт [1] энэ өвчинтэй тэмцэх тэмцэлд хувьсгал авчирсан нь дамжиггүй боловч энэ нээлтээс нэг жарны дараа буюу 1944 онд [2] АНУ-ын эрдэмтэн Селман А Ваксман хөрсний бичил биет Streptomyces griseus-ээс гарган авсан антибиотик стрептомицин сүрьеэгийн үүсгэгчийг устгах гайхам үйлчилгээтэй нь нотлогдож, сүрьеэ өвчнийг устгах боломжтой гэж бид хэлэх эрхтэй болсон билээ. Энэ хоёр эрдэмтэн энэхүү агуу нээлтийнхээ төлөө 1905 онд Роберт Кох, 1952 онд Селман А Ваксман физиологи, эрүүл мэндийн салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ [3]. Роберт Кох-ын нээлтээс хойш сүрьеэгийн үүсгэгч Mycobacterium tuberculosisийг судлах өргөн судалгаа хийгдэж багагүй амжилт олсон боловч сүрьеэг найдвартай оношлоход 3-4 сар шаардлагатай хэвээр л байлаа. Иймээс Щевицарь улсын Засгийн газрын санаачлагаар 2003 онд “Оношлогооны шинэ аргуудыг бий болгох сан” буюу Foundation for innovative new diagnostic (FIND) сан байгуулагдаж сүрьеэгийн оношлогооны аргуудыг сайжруулах олон төсөлт хөтөлбөрүүд хийгдэж эмийн дасал үүсгэж байгаа өвөрмөц мутацыг илрүүлэх молекул биологийн олон аргууд нээгдэж 3-4 цагт сүрьеэг найдвартай оношлох аргууд нэгэнт оношлогооны практикт нэвтэрч судалгааны ажилууд үргэжилсээр байна [4]. Оношлогооны аргууд сайжирч олон эмэнд дасалтай сүрьеэ, (Multi Drug Resistance tuberculosis: MDRСTB), маш олон эмэнд дасалтай сүрьеэ (Extensively drug-resistant tuberculosis : XDR-TB), бүх эмэнд дасалтай сүрьеэ, (totally drug-resistant tuberculosis : TDR-TB) тархаж байгаа талаар мэдээллэх боллоо [5]. Тиймээс сүрьеэгийн эсрэг шинэ эм гаргах ажлыг эрчимжүүлэх үр дүнг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг ойлгон 2000 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэйп Таун хотноо 120 гаран эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд хамтран Сүрьеэгийн холбоо буюу “TB Alliance” сүлжээ байгууллага байгуулж сүрьеэгийн эсрэг шинэ хүчтэй эм бий болгох эмчилгээний үргэжлэх хугацааг 2-4 сар улмаар 7-10 хоног болгох зорилт тавин ажиллаж байна (6). Одоогоор 10 гаран шинэ эм туршигдаж байгаа бөгөөд “Sirturo” буюу TMC207 гэх эхний эм АНУ-ын Хүнс эмийн бүртгэлийн газарт (FDA) бүртгүүлээд байна [7.8].

Дээрхи сүрьеэгийн оношлогоо эмчилгээний хөгжлийн өрнөлөөс харахад сүрьеэтэй тэмцэх ажилд оношлогооны, эмчилгээний асуудалд зэрэг анхаарал тавин ажиллаж байна. Иймээс Монгол улсад сүрьеэтэй тэмцэх ажлыг удирдан зохион байгуулж байгаа шийдвэр гаргач нар:

1.Сүрьеэгийн оношлогоо эмчилгээнд зарцуулах хөрөнгө мөнгийг төлөвлөхдөө адилхан анхаарал хандуулах нь чухал болов уу.

2. Сүрьеэг устгах үйл хэрэг нь эрт оношлогоо, бүрэн гүйцэд төгс эмчилгээнтэй шууд холбоотой учир оношлох багаж, технологи, урвалж бодис эмчилэх эм болон ажиллах боловсон хүчин хангалттай байсан ч эрт оношлогоо, бүрэн гүйцэд төгс эмчилгээн нь өвчтөнтэй мөн л шууд холбоотой учир иргэдийн сүрьеэ өвчний талаархи эрүүл мэндийн боловсорлыг дээшлүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 447
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК