Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
“Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дундах амьсгалын дээд замын хурц халдвар томуу, томуу төст өвчний үед үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдалд учрах үр нөлөө, хохиролыг тооцох нь” төслийн тухай
( Лекц )

Р.Даваадорж,

ЗХЖШ-ийн эрүүл мэндийн хэлтэс

 

2003 онд дэлхий нийтийн терроризмын эсрэг АНУ тэргүүтэй эвслийн орнуудын цэргийн хүч Ирак, Афганистан дахь дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлыг хангах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ үйл хэргийг эхнээс нь дэмжин оролцож цэргийн багийн 5 ээлжийг илгээн үүргээ амжилттай биелүүлсэн.

2005 онд Эвслийг дэмжигч орны хувьд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч талархалтай хандаж, манай улсад айлчлан, мөн тэр үед Монгол Улс АНУ-ыг гуравдагч хөршөө хэмээн зарлаж хоёр улсын цэргийн салбар дахь хамтын ажиллагаа улам гүнзгийрч эхэлсэн. Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагааны чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын БХ-ын цэрэг, техникийн буцалтгүй тусламжийн хүрээ нэмэгдэж, 2008 онд 20 ор бүхий цэргийн хээрийн иж бүрэн хөдөлгөөнт II шатны эмнэлгийг хандивлаж, бид НҮБ-ын стандартад нийцүүлэн хойд Судан Улсын баруун Дарфур мужид илгээсэн.

Энэ үеэс Африкт үүрэг гүйцэтгэж байгаа Энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа явуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг АНУ-ын Зэвсэгт хүчний Тайланд дахь бүсийн АУ-ны ЭШний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд томуугийн вирүсээр өвдсөн цэргийн алба хаагчдийн үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдалд нөлөөлөх асуудал, нийтээр хуарангийн нөхцөлд амьдардаг орчинд тархах явцын хурдац, онцлог, хоруу чанарт үнэлгээ өгөх, цаашид дархлаажуулалтын асуудлыг цогцтой шийдэх зорилготой энэхүү судалгааны ажлыг эхлүүлэх үндсийг тавьсан юм.

Зэвсэгт хүчний эмнэлгийн байгууллагад томуугийн тархалт, тандалт судалгааны тусгайлсан албагүй учир улсын хэмжээнд энэхүү асуудлыг хариуцдаг Томуугийн Үндэсний төвтэй хамтран ажиллахыг зорьсон.

Энэхүү судалгааг явуулахын өмнө “судалгаанд хамрагсадаас асуумж хэрхэн авах”, “ёс зүйн хэм хэмжээ”, “хувийн нууц хадгалах”, “биоанагаахын ёс зүйн 11 хичээл, “ Томуу, томуу төст өвчин, томуугийн тандалтын тухай”, “Интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем”, “Хүний тoмуугийн өвчлөлийн үед сорьц цуглуулах, хадгалах, зөөвөрлөхөд мөрдөх биоаюулгүй ажиллагаа” зэрэг хичээлүүд багтсан 3 өдрийн семинарыг. AНУ-ын ЗХ-ний АУ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэн, Томуугийн Үндэсний төв, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран зохион байгуулж нийт 15 анги салбарын 30 гаруй эмч сувилагч оролцсон.

Судалгаанд томуугийн болон амьсгалын дээд замын халдварын дэгдэлтийн үед 38 хүртэл халуурсан, 7 хоног ханиалгаж байгаа Зэвсэгт хүчний хот хөдөөгийн 20 анги, салбарын ЦАХ хамрагдах бөгөөд тэднээс хамар залгиурын арчдас авч орон нутаг дахь томуугийн салбар нэгжийн тусламжтай Үндэсний төвийн лабораторид илгээж гүнзгийрүүлсэн шинжилгээг хийх юм. Энэ үед амьсгалын дээд замын халдвар авсан тухайн цэргийн алба хаагчдад клиник ажиглалтыг ангийн эмнэлэгт хийж өвчний учир алба хаах хугацааны эмийн чөлөө, үүрэг гүйцэтгэлтэд үнэлгээ өгөх, хохиролыг тооцон гаргах юм.

Энэхүү хамтарсан судалгаа нь цэргийн анги байрлалд амьдрах, хаьцангуй эрүүл гэгдэх цэргийн алба хаагчдийн амьгалын дээд замын тому томуу төст өвчний халдварын онцлогийг тодотгох, өвчинд нэрвэгдэх эрсдлийн судалгаа гаргах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, шинэ үүсгэгчийг илрүүлэх, дархлаажуулалтыг шийдэх, томуугийн үндэсний төвийг мэдээллээр хангах, үүсгэгчийн харьцуулсан судалгааг Томуугийн Үндэсний төвийн болон, АНУ-ын ЗХ-ний Тайланд дахь эрүүл мэндийн хүрээлэнгийн вирүс судлалын лабораторид хийх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 452
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК