Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 5(54)
011.Испаний цар тахал
( Түүх )

Л.Энхбаатар

Анагаах ухааны доктор, сэтгүүлийн эрхлэсэн нарийн бичгийн дарга

 

Испаны цар тахал дэлхий дахинд «Испанка» гэдэг нэрээр алдаршисан (францаар La Grippe Espagnole, испаниар La Pesadilla) үндсэндээ 1918- 1919 онд буюу жил хагасын дотор манай гаригийн 29.5% буюу 50 сая хүн халдварлаж, ойролцоогоор 2.7-5.3 % буюу 50-100 сая хүн нас барсан томоохон цар тахал болно. Уг цар тахал А xүрээний (H1N1) вирүсээр үүсгэгдсэн бөгөөд дэлхийн 1-р дайны сүүлийн сард эхэлж олон сая хүнийг хамарсан үхэл дагуулжээ [1;2]. “Испаны цар тахал” гэж нэрлэсэн нь тохиолдлын чанартай бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны үед байлдаж байгаа талуудын нутаг дэвсгэрийн чухам хаанаас эхэлсэн нь тодорхойгүй ажээ. Уг цар тахлыг 1918 оны 5-6 сард дайн болж байсан завсрын бүсийн Испани улс анх мэдээлсэн бөгөөд хамгийн түрүүнд нэрвэгдсэн нь үнэн бололтой. Испани улсын нийт хүн амын 39% хүн буюу 8 сая хүн халдвар авчээ. Дэгдэлтэнд 20- 40 насны залуучууд голчилон нэрвэгдэж хүүхэд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх нь элбэг байсан байна. Өвчний шинж тэмдэг нь: Нүүр хөхөрч хүчилтөрөгчийн дутагдлын шинж илрэх бөгөөд, цустай цэрээр ханиалгаж уушигны хатгаа болдог байна. Өвчний хүндрэл нь уушигны дотуур цус алдалт. Ихэнхдээ шинж тэмдэггүй явагдаж заримдаа халдвар авсны дараах өдөр нас барж байжээ [1;2].

Зам тээврийн хөгжил цэцэглэж байсан тэр үед галт тэрэг, хөлөг онгоц, агаарын тээврээр уг өвчин хурдтай тархаж зарим улсад сургууль, үзмэрийн газрууд кино театр, шүүх хурал, сүм зэрэг олон нийтийн газруудыг бүтэн жилээр хааж байлаа [1]. Зарим дэлгүүрүүд дэлгүүртээ хүн оруулалгүй гудамжинд бараагаа өгдөг зарим орон дайны цагын өндөржүүлсэн бэлэн байдалтай байв. АНУ-д гар барихыг хориглож байжээ. Тэр үед цар тахалд өртөөгүй газрыг Бразил улсын Амазонк мөрний Маражо арал гэж үздэг байна. Барселон хотод өдөрт 1200 хүн, Өмнөд Африк, Аляскийн хойгт бүхэл бүтэн тосгоноороо нас барж, нас барагсдыг бөөнөөр нь булж тэднийг оршуулах шарилчид, авсчид ч үлдээгүй бөгөөд эхний 25 долоо хоногт 25 сая хүн нас баржээ. Өмнөд Африкийн Кейптауне хотод галт тэргэнд 5 км явах замд л 6 зорчигч нас барж байжээ. Томуу тархахад дэлхийн 1 дүгээр дайн бас нөлөөлсөн байна. Уг цар тахалд нас барсан нэрт хүмүүсээс дурьдвал австрийн экспрессионист зураач Эгон Шиле [3], Эгон Шилегийн томуугийн цар тахлын үед нас барж буй эхнэр, нөхөр, зулбаж буй хүүхэдтэй “Гэр бүл” гэдэг зураг байдаг [1;3]. 20-р зууны эхэн үеийн нэрт шатарч Карл Шлехтер[4], 20 дугаар зууны эхэн үеийн Европын нөлөө бүхий францын яруу найрагч Гийом Аполлинер, жүжгийн зохиолч Эдмон Ростан, «Нийгмийн теоремууд», «Нийгмийн судалгаа» гэж мэт философи, социологийн шинжлэх ухаанд оруулсан агуу их хувь нэмрээрээ алдартай Германы социологч, эдийн засагч Макс Вебер[5], Канадын нэрт хоккейчин Стенлийн цомын эзэн Джо Холл, Оросын төр нийгмийн зүтгэлтэн, хувьсгалч Яков Свердлов, хувьсгалч эсэр эмэгтэй Климова.Н.С, нэрт жүжигчин Вера Холодная зэрэг олон хүнийг дурьдаж болно[1].

Дээрхи байдлаас үзвэл Испаны цар тахлын үед 41-148 сая орчим хүн нас баржээ. Энэ цартаxлын үүсгэгчийн нэн эртний өвөг омог харааxан мэдэгдээгүй байна. 1990-ээд оны эхээр судлаачид энэ цартаxлын үеэр шувууны томуугийн вирүс биологийн зүйлийн саадыг нэвтэрч шувуунаас гахайнд, мөн хүнд дамжин тархсан байж болох юм гэж үзэж байв. Гэвч 1990-ээд оны эцэст Таубэнбэргээр удирдуулсан судлаачид 1918 оны цартаxлын үүсгэгч вирүсийн удмын материалыг ялгаж чадсанаар нарийвчилсан судалгаа хийх боломжтой болсон. Тэд вирүсийн 8 генийн секвенс хийж амин хүчлийн дарааллыг тогтоогоод шувууны томуугийн вирүсийнхтэй төстөй байна гэж дүгнэсэн. Гэхдээ энэ цартаxлын үүсгэгч омгийн гарал үүсэл бүрэн гүйцэд эцэслэн тайлагдаагүй байна. Өнөө хүртэл хийгдсэн төрөл бүрийн шинжилгээгээр 1918 оны омог зүйлийн саадыг даван хүн амын дунд тархсан шувууны томуугийн вирүс, эсвэл реассортант вирүс, мөн холимог (рекомбинант) омог ч байж болох юм гэсэн хэлэлцүүлэг судлаачдын дунд үргэлжилсээр байгаа болно [6].

АНУ-ын Бичил эмгэг судлалын хүрээлэнгээс AFIP-Armed Forces Institute of Pathology, Washington) 1997 онд хийсэн судалгаагаар 1918 оны цартахалд нас барсан цэргийн формалинд бэхжүүлсэн эдийг мөн Аляскийн хойгийн мөнх цэвдэг хөрсөнд хадаглагдсан 1918 оны цартахалын нас барсан шарилуудад молекулбиологийн судалгаа хийж томуугийн H1N1 вирүс ялган авчээ. Судлаачид өвөрмөц эмнэл зүйтэй, өвчлөл хүндрэл, хордлогтой, нас баралт өндөртэй 1918 оны цартахлын үүсгэгчийг жирийн бус өвөрмөц вирүс байх гэж бодож байсан байна. Гэтэл олон сая хүний амийг авч одсон тэр вирүс нь одоо бидний амьдралын орчилд эргэлдэж буй H1N1 вирүс байжээ[1].

Монголын эрдэмтэн оролцсон ХБНГУ-ын Мюнстэр xотын Вэстфалийн Вильxелмийн Их сургуулийн Молекул вирүс судлалын хүрээлэн эрдэм шинжилгээний ажилчдын судалгаагаар удамшил хувьслын өвөрмөц төрхийг тогтоох харьцангуй синоним кодоны хэрэглээ (RSCU), кодоны эффектив хэмжээ (ENC), болон филогенийн гарал тогтоох аргуудаар 1918 оны цартаxлын омгийн геномыг харьцуулан судалжээ. Эдгээр судалгааны үр дүн нь 1918 оны цартаxлын вирүсийн бүх генүүд “Гахайн вирүстэй төстэй” шувууны Н1N1 вирүсээс гаралтайг тууштай нотлосон байна. Ийнхүү Н1N1 вирүс олон жилийн өмнө шувууны томуугийн бусад вирүсийн бүлгээс удамшлын шинж төрхөөрөө ялгаран салж хүн амын дунд удамшлын реассортант бус хэлбэрээр халдварлан тархах боломжтой гэж үзжээ [6].

Мөн АНУ-ын судлаачид ээлжит цар тахлын вирүс бидний биед агуулагдаж өсөж байж болох талтай гэж үзжээ. Испаний цар тахлын вирүс ойролцоогоор 1900 онд хүний биед нэвтэрч 18 жил хүний биед эргэлдэж 1918—1921 оны цар тахал гарсан гэж үздэг байна. Дээрхи цартахлын вирүсүүдийн ялгаа нь 1918 оных шувууны томуугийн гарвалтай, 2009 оных бол гахайн томуугийн вирүсийн гарвалтай байгаль, нийгэм, анагаах ухааны хөгжлийн өөр өөр түвшинд дэгджээ [1].

Гахайн гарвалтай томуугийн A(H1N1) 2009 вирүсээр сэдээгдсэн цартахал хойно үлдсэн хэдий ч ДЭМБ 64 дүгээр Ерөнхий Чуулганаасаа “Томуугийн цартахлын бэлэн байдал: томуугийн вирүс солилцох, томуугийн вакцин хүртэх боломж болон бусад өгөөж” хэмээсэн тогтоол гаргаж, “Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөө”-г баталжээ[7]. Ийнхүү дараагийн болзошгүй цартахлын бэлэн байдлыг хангах шинэ орчил эхэллээ. Манай орон академич П.Нямдаваагаар удирдуулан ДЭМБ-ын “Суурь төлөвлөгөө”-г нухацтай судлаж, өмнөх цартахлын үеийн туршлагаа цэгнэж, “Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах Үндэсний төлөвлөгөө”- гөө үе шаттайгаар шинэчлэн боловсруулж байна. Судлаачдын үзэж байгаагаар томуугийн хувьслын хурдац эрс өөрчлөгдсөн бөгөөд дараачийн цартахал 15-30 жил хүлээлгэлгүй тохиох магадлал их байгаа тул бид алгуурлах эрхгүй болж байна. Томуугийн вирүсийн хувьслын одоогийн байдлаас үзвэл цартахлын шинэ омог үүсэн тархаж болох 2 эрсдэл байгаа гэж үзжээ:

  1. Шувууны томуугийн A/H5N1 омгийн өндөр хоруу чанартай, хүний популяцид хурдан тархах чадвартай хувилбар тархах эрсдэл байсаар байна.
  2. Томуугийн цартахлын A/H1N1 2009 вирүсийн M ген агуулсан гахайн гарвалтай томуугийн A/ H3N2 вирүсийн ре-ассортант омгоор хүн өвчилсөн тохиолдлыг АНУ-д илрүүсэн [8;9] нь томуугийн тандалт судлаачдын хувьд Мексикийн гэж нэрлэгдсэн томуугийн 2009-2010 оны цартахлын эхлэлийг санагдуулсан үйл явдал болсон. Энэ вирүс хүнээс хүнд халдан тархсан тохиолдлын тухай АНУ-ын судлаачид мэдээлсэн [8;10] боловч одоогоор олон хүнийг хамран өвчлүүлээгүй байна. Ийнхүү томуугийн цартахлын шинэ орчил эхэлж байгаа тул тандалтаа идэвхижүүлэн шинэ Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ [8].

Мөн дэлхий дахиныг хамарсан энэхүү цартахал монгол орныг дайрсана уу?, үгүй юу? Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй гэдэг шалтгаанаар томуу өргөн олон нийтийг хамарсангүй юу? Гэтэл тэр үеийн Хүрээнд 20000 гаруй хүн амьдарч Европ, Азийн олон пүүс компаниуд ажиллаж, хүрээ хийдүүдэд олон мянган лам нар суурин амьдарч байлаа [11]. Эсвэл монголчууд томуугийн өвчнөөр өвчилдөггүй байв уу? гэсэн асуудал ч гарч ирнэ. Оросын монгол судлаач И.М.Майскийн тэр үед монгол улсад 1 жил илүү ажиллаж бичсэн “Орчин үеийн Монгол” номын “Өвчин эмгэг бүлэгт” Монголчууд чийрэг бөгөөд эрүүл ард түмэн гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа нь тэд ямар ч өвчин эмгэгт баригдаагүй гэсэн үг биш. Монголчуудын дунд өвчин эмгэг байна. Тэдгээрийн зарим нь бүр аюултай, хортой, ирээдүйд монгол овог аймгуудын оршин байхад үйлийн үргүй уршиг тарьж болох талтай юм. Гэхдээ ард түмэн өвчин үүсгэгч хороор хордох үйл явц одоохондоо их л лавшраагүй байна. Цаг бүр ч алдчихаагүй байна. Эдгэрүүлэх зайлшгүй арга хэмжээ авч болно. Хэмээгээд томуу өвчны тухай ийнхүү үгүүлжээ [11]. Чухам инфлуэнц гэдэг нь үнэхээр мөн юм уу эсвэл анагаахын мэдлэггүйгээс буруу нэрлэсэн ч юм уу би хэлж мэдэхгүй байна. Ямар ч болов тэр инфлуэнц гэдэг өвчин 1918 онд монголчуудыг баруун солгойгүй хиаруулсан нь магадтай юм билээ. Заримдаа гэр орноор нь хиаруулж цогцсыг нь амьтан хүн мэдэлгүй гэр оронд нь удаасан явдал ч гарсан гэдэг [11]. Дээрхи судалгааны түүхэн номонд инфлуэнц гэж тодорхой нэр зааж бичсэн бөгөөд зөвхөн Оросууд л тэр үед инфлуэнц гэдэг нэрийг өгч чадах бөгөөд тэр үед манай оронд Түвд эмнэлэг давамгайлж Европын соёл, нэр томъёо нэвтрээгүй байв. Үүнээс өмнөхөн 19-р зууны сүүлийн хагасаас 1.Оросын газар зүйн нийгэмлэгүүдийн шугамаар, 2. Өргөө дахь Оросын консулын шугамаар 3. Пүүс компани, худалдаа наймаачдын шугамаар олон орос эмч нар ажиллаж байжээ [12-18]. Өргөө хотод 1900 онд Сережников, 1905-1906 оноос Корнеев, 1906-1909 он Н.Н.Овсянников, 1909-1921 онд С.Б.Цыбыктаров ажиллаж 1909 онд Европын анагаах ухааны анхны 10 ортой эмнэлэг, аптек, байгуулж байв [13; 20;21]. Консулын эмнэлэг нь Хиагт, Эрхүү, Москватай байнгын холбоотой ажиллаж эм, эмнэлгийн ойр зуурын багж захиж авчирч байсан байдаг [13]. Дээрхи түүхэн баримтуудад үндэслэн манай зарим судлаачид 1918 онд Өргөө хотод Испанын цар тахлын А(H1N1) томуугийн давалгаа орж ирсэн гэж үзжээ [21].

 

 

 

 

Ном зүй

1. http://ru.wikipedia.org/wiki
2. Супотницкий М. В. Пандемия «Испанки» 1918—1920 гг. в контексте других гриппозных пандемий и «птичьего гриппа».
3. ru.wikipedia.org/wiki/Шиле,_Эгон
4. http://bg.wikipedia.org/wiki/Карл Шлехтер
5. http://ru.wikipedia.org/wiki/Макс Вебер
6. Д.Анхлан ( 2011), “1918 оны томуугийн цар таxлын үүсгэгчийн гарал үүсэл “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” 2011 оны №(4) 10/25 тал
7. Influenza Pandemic Preparedness Framework http://www.who.int/influenza/resources/pip_framework/en accessed on Febr:1, 2012;
8. П.Нямдаваа (2012), “Томуугийн цартахлын бэлэн байдлын шинэ орчил” “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” 2011 оны №(4) 10/25 тал
9. П.Нямдаваа, АНУ-д томуугийн гахайн гарвалтай A(H3N2) вирүсээр сэдээгдсэн халдварын хүний өвчлөл бүртгэгджээ.http://www.flu.mn/mgl/index.php? option=com_content&task=view&id=767&Itemid=49;
10. Limited Human-to-Human transmission of Novel Influenza A(H3N2) Virus-Iowa, November 2011, MMWR, 60(47):1615-1617 http://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm6047a3.htm accessed on
11. И.М.Майский “Орчин үеийн Монгол” автономит Монгол ХХ зууны гараан дээр ”Өвчин эмгэг” Улаанбаатар хот 45-р хуудас
12. Л.Энхбаатар “Хаан Орос улсаас Монгол үзүүлж байсан эмнэлгийн тусламж” Нийгмийн эрүүл мэнд-54” илтгэлийн хураангуй, 93-94 тал
13. Е.М.Даревская (2011), “Сибир ба монгол ” Оросын анагаах ухаан Монголд 101-116 тал, Улаанбаатар хот.
14. Л.Энхбаатар ( 2013), Эпоним нэр томъёо “ 006. И.Н.Ланге вакцин” “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” 2013 оны №1 (50) 39-42 тал.
15. Л.Энхбаатар (2012) “ Нян судлаач И.Н.Ланге Монголд ” Өнөөдөр сонин 10 сарын 11, лхагва №236 (4700),
16. Л.Энхбаатар ( 2013), Эпоним нэр томъёо “ Тахлын цайз” ба тахал судлаач М.Ф.Шрейбер” Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” №3 (52) 52-55 тал.
17. Л.Энхбаатар “Чумной форт”, или сследователь чумы М.Ф.Шрейбер “ Монголия сегодня 6 января 2013 года №13 (575)
18. Л.Энхбаатар “ Российские врачи внесли неоценимый вклад в оздровление население Монголий” “Монголия сегодня” 6 января 2013 года №1 (563)
19. Л.Энхбаатар “Европын эмнэлгийн нутагшуулагч Цэвэгтөр” мэндэлсний 135 насны ойд Монголын анагаах ухаан сэтгүүл 2012 №2(160) 84-86
20. Л.Энхбаатар “Европын эмнэлгийн нутагшуулагч Цэвэгтөр” Өнөөдөр” сонин 2012 оны 4 сарын 16, Даваа №088 (4552),
21. Л.Энхбаатар, А.Бурмаа (2009) “ХХ-р зууны эхэн үсд Монгол улсад тохиолдсон томуугийн дэгдэлтүүд” “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” № 4 (35)61/28;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1959
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК