Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
Алтайн уулсад тарваган тахалтай тэмцсэн минь
( Намтар )

Олхон овогт Даваасүрэнгийн Мөнхтөмөр

 

Ховд аймгийн Дарви сумын “Мөрөн” багийн “Музан-Хөшөөт”-ийн буюу “Сутай хайрхан” нутгийн уугуул. Ховд дахь Багшийн Дээд Сургуулийг биологихимийн багш мэргэжилээр дүүргэсэн.

Говь-Алтай аймгийн “Тонхил” сумын нутаг “Угалзын нуруун”-ы суурин судалгааны бааз дээр БГХӨСҮТөвийн мэрэгжилтэн нарын дагалдангаар ажиллаж байсан. 1994 онд Гоц халдвартын биологичийн мэргэжил олгох дамжаа дүүргэж БГХӨСудлалын биологичийн мэрэгжил эзэмшсэн.

Ховд аймгийн БГХӨСТөвд тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна. 1998-1999 онд тус байгууллагын даргаар ажиллаж байсан. Одоо Ховд аймгийн БГХӨСТөвийн шимэгч судлагчаар ажилдаг ба Ховд Их Сургуулийн Байгаль шинжлэл технологийн сургуулийн докторант.

Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль. “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Ховд аймгийн хүндэт иргэн” цол тэмдэг, “БГХӨСТөвийн” хүндэт тэмдэг, “Ардчилсан хувьсгалын 20 жилийн” ойн медаль, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг, “ЭМЯ-ны хүндэт жуух”, дипломууд болон баярын бичгүүдээр тус тус шагнагдаж байсан.

Хийж гүйцэтгэсэн үндсэн ажил үйлчилгээ: Байгалийн голомтот өвчний голомт хяналтын шинжилгээний 25-30 хоногын экспедицид 71 удаа, ДТ гесхлоран дустаар хийсэн шимэгчгүйтгэлийн ажилд 3 удаа, 1993 онд Мөст сумын “Гахайн толгой”-д гарсан тарваган тахлын уушигний хэлбэрийн дэгдэлт, 1995 онд Манхан сумын “Хүрт”-д гарсан булчирхайн хэлбэрийн тарваган тахал, 1995 онд Үенч сумын “Ганц харгайт”-д гарсан булчирхайн хэлбэрийн тарваган тахал, 1998 онд Мөст сумын Могойн харын “Бураат”-д гарсан булчирхайн хэлбэрийн тарваган тахал, 1998 онд Булган сумын төвд гарсан тарваган тахлын уушигны хэлбэрийн дэгдэлт, 1999 онд Булган сумын “Доод нарийн”-д гарсан булчирхайн хэлбэрийн тарваган тахал зэрэгт ойролцоогоор 1987-2011 онд бүгд 2025 хоног буюу 5 жил 6 сар хөдөө хээр, халдвар хамгааллын хатуу хяналт, тусгаарлагдмал орчинд ажиллаж байв.

Байгалийн голомтот өвчний голомт хяналтын шинжилгээгээр 37 411 хөхтөн амьтад болон шувуудаас 697 072, мэрэгч туулай хэлбэртний 3 952 2119 нүхний амсарт үзлэг хийх замаар 2117, мэрэгч туулай хэлбэртний 252 ноохойноос 10008 гадны шимэгч тус тус цуглуулан судалж, нян судлалын шинжилгээнд хамрууласнаас байгалийн голомтот өвчний 42 нянгийн өсгөвөр илэрчээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил: 2002 онд Ховд Их Сургуулийн биологийн тэнхимд магисрантурт суралцаж биологийн ухааны магистрын зэрэг хамгаалж, 2003 онд “Монгол-Алтайн хоёр зүйл тарваганы эктопаразитын судлагаа” 5.6 хэвлэлийн хуудас нэгэн сэдэвт бүтээл тууривж, БГХӨСҮТөвийн дэд захирал биологийн ухааны доктор (PhD) Д.Цэрэнноровоор, 2009 онд “Ховд аймгийн байгалийн голомтын 14 өр голомтонд 1981- 2006 онд хийгдсэн голомт хяналтын шинжилгээний шимэгч судлалын ажлын бүх тоон үзүүлэлтүүдийн түүвэр” 32.1 хэвлэлийн хуудас бүтээлийг тус аймгийн БГХӨСТөвийн дарга биологийн ухааны магистр А.Оюунчимэгээр, 2010 онд “Ховд аймгийн байгалийн голомтот өвчин судлалын товчоон” 39.2 хэвлэлийн хуудас бүтээл тууривж, БГХӨСҮТөвийн дэд захирал биологийн ухааны доктор (PhD) Д.Цэрэнноров, БГХӨСҮТ-ийн микробиологийн секторын эрхлэгч, их эмч, анагаах ухааны доктор (Ph.D), клиникийн профессор Ж. Мягмар нараар редакторлуулж хэвлүүлсэн.

Эрдэм шинжилгээ судлагааны ажил хийж, эрдэм шинжилгээ, онол практикын 40 орчим илтгэл өгүүлэл бичиж, гадаад дотоодын мэргэжлийн хэвлэлд нийтлүүлэн судлаачдын хүртээл болгосон.

ХААИС-ийн Ховд дахь салбарын багш Ц.Сэрвэдийн бичсэн “Мал эмнэлгийн микробиологи” номыг хянан тохиолдуулсанаас гадна Ховд Их Сургуулийн биологийн төгсөх ангийн 6 оюутны баклаврын ажлыг удирдаж хамгаалуулсан.

Гадаад дотоодын байгалийн голомтот өвчин судлаачид ба биологчид Монгол-Алтайд тэмдэглээгүй Ceratophyllus vagabundus Boheman, 1865; Rhadin-Opsylla li ventricosa Ioff et Tifl, 1946 гэсэн 2 зүйлийн бүүрэгний тархалтыг шинээр тэмдэглэсэн ба МонголАлтайд алтайн хар тарвага (Marmota baibacina kastchenko, 1899)-ыг гадаад дотоодын тарвага судлаачид Баян-Өлгий аймгийн нэр бүхий 11 Ховд аймгийн 2 сумдын нутаг нийт 13 сумын нутагт тархсан гэсэн дээр нэмж Ховд аймгийн Булган, Мянгад , Увс аймгийн Өмнө- говь сумын хэсэгхэн газар нутагт энэ зүйл тарваганы шинэ тархалт байгааг тогтоогоод энэ тухай мэдээ нийтлэлийг гадаад дотоодын мэрэгжилийн хэвлэлд хэвлүүлэн тарвага судлаачдын сонорт хүргэсэн.

ХИС-ийн биологийн тэнхимийн багш оюутнуудтай хамтран 2007 онд Их нууруудын хотгорт тарвага нутагшуулах оролдлого хийж байсан.

Дурсамж: Миний нэг багш Home sapiens хэмээх нэгэн зүйл амьтан нь мод тарьж, хүүхэд асарч, бичиж туурваж онтогенез (нэгэн биеийн хөгжөлөө) хөгжөлөө дуусгадаг. Мод тарих гэдэг нь өнгөтэй өөдтэй амьдрах гэж нийгэмд хөдөлмөрлөн, гэр орон, ахуй амьдралаа өөд нь татах, хүүхэд асарч гэдэг нь үр төлөө үлдээж, тэднийгээ өсгөж сургууль соёл төгсгөж, нийгэмд бие хүн болгох, бичиж туурвах гэдэг нь өөрийнхөө түүхийг үлдээж цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэйгээр насыг элээхийг хэлдэг жамтай гэдэг байж билээ.

1989 онд Угалзын нурууны суурин судалгаанд дагалдангаар ажиллаж Ж. Батболд (Ph.D), Б.Дэмбэрэл, Д.Цэрэнноров (Ph.D), 1994 онд Улаанбаатар хотод ГАХӨЭСТөвд гоц халдвартын биологчийн олгох курс хийж Ж.Дэмбэрэл, З.Адъяасүрэн (Ph.D), А.Баваасан, Л.Гоогормаа (хүний гавъяат эмч), Д.Цэрэнноров (Ph.D), Ж.Мягмар (Ph.D) нараас гоц халдвартын чиглэлээр их зүйлийг сурч мэдэж авснаар өнөөдрийг хүртэл тус байгууллагад 25 жил тасралтгүй ажиллаж амьдарч явна. Эдгээр нэр хүндтэй багш нараасаа гадна Говь-Алтайн Гүнд ах (БГХӨСТ-ийн дарга), Баянхонгорын Бямбаа эгч (БГХӨСТ-ийн амьтан судлагч) болон системийн байгууллагын хөдөлмөрч олон найз нөхөд ах эгч дүү нарыгаа хүндэлж бичиж туурвиж хэвлүүлсэн зүйлийг нь уншиж, тодорхой чиглэлүүдээр санал бодлоо солилцож хамтран ажиллаж байгаадаа баяртай явдаг.

Шинэ ажилд ороод 2 дахь удаагийн шинжилгээнд гарлаа. Ховд аймгаас гарч замдаа Даян пан өгсөж хоноод Мөст, Алтай, Цэцэг 3 сумийн зуслан нутаг Ангиртын голын Нарангийн амны Хортын ам хэмээх зүлэг ширэгтэй тунгалаг урсгалтай голын дэргэд эрт ирж буудлан байрлав.

Гурван хантай 3 жижиг гэр, 1 майхан барьж, түүнээс арай зайдуухан газар сонгон нэг том гэрээр лаборатори хийж дэргэд нь бэлтгэмэлчийн 1, анчидын 1, зараскын 1 платка барьж, тэр оройдоо халдвартай ба сэжигтэй материалын нүх ухаж, жартаа татаж их л наргиантай зугаатай байсныг санаж байна.

Маргааш нь агнан бэлтгтэгч нар андаа гарлаа. Үлдсэн бид нар лабораторио тохижуулж бас бус зүйлийг хийлээ. Би самналтын протоколь шугамдаж бэлдэв. Бүүрэг тодорхойлох бичгээ барьж голын хаяанд уншиж, бүүрэгийн ангилал зүйн чухал шинжүүдийг зургаас харж цээжилэн өдрийг өнгөрөөв. Оройхон агнан бэлтгэгч нар ирэв. Халдвартай ба сэжигтэй материал хадгалах байрны хаалгаар очиж харлаа. Маш олон материал (тарвага) ирсэн байв.

Өглөө нь босож цай ундаа ууж дуусаад амьтан судлагч Ш.Гантөмөр, пара-лаборант Г.Ганчулуун бид 3 зараскад орлоо. 5 анчны агнасан 120 тарваганд орж нилээд чилж гарч ирээд лабораторит ортол их эмч Х.Баатар, бак-лаборант С.Батнасан нар чи хүлээж бай! Цайгаа ууж ирээд бүүргээ тодорхойлж өдөрт нь багтааж нян судлалд өг гэлээ. Удалгүй ирж бүүрэгээ тодорхойлох гэж нилээд удаж арай хийн нэг юм дуусгаад гарч иртэл тарвага өвчих ажилтай боллоо. Ингээд тарваган тахлын хамгаалах өмсгөлтэй өдрийн турш тарвага өвчиж эхлэв.

Тэр өдөр орой нар жаргатал сууж 3 тарвага өвчив. Хүмүүс тус тусын өвчсөн тарваганы арьсаа байгууллагын дарга асан Л.Загдаа, ЭМГ-ын дарга Адъща нарт шалгуулан тэлж байв. Миний өвчсөн тарваганы арьсыг шалгах ээлж ирж би 3 арьсаа аваачиж дэлгэж үзүүлтэл пөөх нөхөөр! чи өдөржин сууж хийсэн ажил чинь энэ үү гээд 9 удаа цоолсон арьсыг дэлгүүлэн бариулж зогсоогоод загнаж гарлаа. Намайг өвчиж чадлахгүй нөхөр байна гээд өөр ажилд томилж өгөөсөө гэж бодож зогсолоо. Гэтэл өвчиж сур маргааш ингэж нэгч цоолж болохгүй гэлээ. Маргааш нь маш их хичээж байгаад 5 тарвага өвчив. Дээд тал нь 3-4 цоолов. Энэ мэтээр өвчсөөр байгаад дараа жил нь 9 минутанд 1 тарвага өвчдөг болж сайжирсан шүү.

Тэр үед аймаг бүрийн гоц халдвартынхан өндөржүүлсэн зохион байгуулалттай ангийн бригад гэж гараад агнан сийрүүлэлт буюу мэргэчгүйтгэл хийх замаар тарваган тахал түүнтэй хам тохиолдох байгалийн голомтот өвчний шинжилгээ хийхээс гадна тарваганы арьс, мах, өөх тосыг нь бэлддэг байсан юм. АУДэС төгсөж ирээд надтай нэг тушаалаар томилогдож ирсэн Ч.Одонгэрэл эмч маань тарвага өвчих зуураа би эмч болж цагаан халат өмсөөд ажлаа хийнэ гэж бодож байснаас биш тарвага гэж ийм заваан балиар амьтныг өвчөөд сууна гэж бодох нь бүү хэл зүйдлээ ч үгүй гэж их л гомдолтой ярьж байж билээ. Өнгөрсөн нийгэм хүнээр юм нийлгэж сургаж, биеэ дайчилах чадвар эзэмшүүлж байсан юм шүү.

Нэг өдөр, урьд өдөр нь их бороо орсон тул халдвартай ба сэжигтэй материал хадгалах байранд цөөн тооны тарвага байсан тул би анчдыг даган тарваганд явах боломж олдов. Ангиртын голын хөндий уруудан явсаар нэг уулын ам өгсөж нилээд яваад машинаас бууцгаав. Анчин Ж.Нямжав 25 сумтай Тоз- 8 маркын калибр буу өгөв. Сумаа тоолж халаасандаа хийж нярав Н.Халамия ахыг дагаад уул өөд өгслөө. Гэтэл Халамия ах чи миний тарвага үргээнэ. Чи өөр тийш яв гээд хөөж байна. Салаад өөр тииш явлаа.

Хад чулуу, өвс ургамал ажиглан гайхаж явтал энд тэнд тарваганууд хошигроод бөөн юм боллоо. Харж байтал нэг шар үнэг харайж явна. Дагаад хөөлөө. Үнэг зогсох бүрийд нь хэвтэж, сууж хэд хэд буудлаа. Хаачсан нь мэдэгдэхгүй алга боллоо. Уулын оройд гараад ирсэн байв. Нилээд амарч суулаа. Босож уул нуруулдаж тарваганы уутаар тарвага даллаж явлаа. Өнөө хошигроод байсан тарваганууд бүгд алга. Явж их хад асгатай газар ирэв. Мярааж гэтэж өдөржин яваад 2 мөндөл агналаа. Хоосонгүй юм чинь гэж бас баяртай байлаа. Буцаж уул нуруулдаж явсаар уулын ам уруудаж буугаад манайхан дээрээс энэ хөндий уруудан орж ирнэ гэж нилээд хүлээж хэвтэж байгаад унтаж орхижээ. Нэг сэрсэн чинь нар юу юугүй жаргах дөхөж байна. 2 ууттай мөндөлөө машины яг улаан зам дээр тавиад араас гүйцээд ирнэ гээд алхсаар нэг айлын ойролцоо ирэв. Хөлөө усанд угааж нилээд суулаа манайхан сураг алга. Гэдэс их өлсөж байна. Гадуур хувцасаа тайльж тавиад айл уруу алхаж орвол эмгэн өвгөн 2 байна. Мэнд усаа мэдэлцлээ. Тараг хийж өглөө. Дараа нь шөлтэй хоол идэж байгаад манайхан дээш өнгөрөөгүй биз гэлээ. Гэтэл айлын өвгөн хүү минь танхайхан их оройтолгүй буцдаг даа. Өнөөдөр оройтоод байна. Шөнө боллоо. Хүү минь чамайг нааш явсаныг танайхан харсан уу? Хараагүй бол чамайг цаадуул чинь хүлээгээд, чи энд идэж, уугаад суугаа юм биш биз гэнгүүт гараад алхаж, хувцасаа өмсөж аваад буугаа бариад буцаад алхалаа. Шөнө болж одод тэнгэрт түгжээ. Айсан хүнд аргал хөдлөнө гэгчээр хад чулуу хөдлөөд байгаа юм шиг харагдаад, үнгэлцэг хаграхнээ. Зарим үед буудаад таарсан усын бакиал гутлаараа туулаад алхаад байлаа. Уулын ам өгсөж нилээд дээр гарлаа. Алсад дэнж дээр шөнийн харанхуйд айлын хаалга онгорхой байгаа нь тод харагдаж байлаа. Дууяа ахаа гэж хэд хэд ориллоо. Тэгтэл машин асаж хүрч ирлээ. Шөнө хаана тэнээд явдаг хар дурак бэ? гээд Дууяа ах загнаж байна. Тарвага алж явлаа гэж хэнэгч үгүй хариулав. Хуц дурак минь шөнө чамд алагддаг тарвага гэж юу байдаг юм дуугай бай! дээр гараад суу ядаг хар дурак вэ! гэж заналаа. Шөнийн 02 цаг өнөрч байлаа. Айлын гадаа иртэл манайхан бөөнөөрөө гарч ирээд зогсож байна. Бүгд машинд суулаа. Зарим нь эргүү, тэнэг амьтан гэнэ, зарим нь за яах бэ амьд байсан яамаа гэнэ. Ингэж байцаалгаж загнуулж явтал гайтай машин шаварт сууж, чамаас боллоо мангар пацаан минь явж чулуу олж ир гэж шөнөжин чулуу зөөлгөв. Үүр цайж байхад шаварт суусан ГАЗ-66 машинаа арай гэж шавраас гаргав. Ирээд жаахан хэвтэж өглөө 7 цаг өнгөрч байтал хэргийн эзэн бос эрт зараскадаа ор. Эртхэн тарвага өвчиж эхлэнэ гээд босголоо. Нүүр гараа угааж гэрт ортол миний тухайн бөөн яриа. Энэ мангар нөхөрийг дахиж дагуулж явахгүй. Алга болж хүн хэрэгт хийх мангар бацаан байна.Эндээс холдуулж болохгүй нөхөр байна энэ тэр гээд баахан юм ярьцгаана би ичиж хам хум цай уугаад ээлжит ажилдаа орлоо. Өдөржин шөнжин алхсан бүх бие буларчээ. Нуруу хөшөөд хөлийн булчин өвдөөд арай гэж тарвага өвчиж байхад чи гавъяа байгуулсан биш, дээш хараад хэвтээд байлгүй хурдан тарвагаа өвч гэж загнуулан байж хэдхэн тарвага өвчив.

Бүтэн сар тарвага өвчиж бүүргээ тодорхойлж сураад буцаж ирж байлаа. 24 настай төгсөж энэ хамт олны дунд орохдоо над шиг анчинд алагдсан 2 гэнэн мөндөл шиг өрөвдмөөр, бас гэнэн тэнэг амьтан байждээ би.

Хэд хэдэн тарваган тахлыг голомтонд ажиллсан юм. Тэдгээрээс заримыг нь дурсаж бичмээр санагдлаа. 1995 онд Манхан сумын Хүртын нуруунд хүн халдвар авч өвчлөөд тэнд их эмч Х.Баатар, Лаборант Х.Цэндсүрэн, ариутгагч Ч.Баймурат, Э.Мөнхнасан бид ажиллаад буцаж ирээд удаагүй байтал дахин дуудлага ирж, их эмч Д.Дашравдан, ариутгагч Ч.Баймурат, жолооч Г.Дуламсүрэн ах, бид эмнэлгийн эмгэг анатомын туслах ажилчин Б.Даваажав, эмгэг анатамич их эмч Б.Оюунчимэг, халдвартын их эмч Оюунцэцэг бид Үенч сумын “Ганц харгайт” очиж ажиллав. 8 настай хүүхэд тарвага өвчих явцдаа халдвар авч нас баржээ.

Шарилыг нэг майханд үлдээж, Ах дүү 2 айлын гэрийг уулнаас доош зөөж голын хаяанд авч ирж барих хэрэгтэй болж (машин очих ямарч боломжүй газар, ачаалж зөөх машин ч байхгүй) тэр айлын хүмүүстэй манай хэд тахлаас хамгаалах нэг дүгээр зэргийн өмсгөлтэйгээр гэрийг зөөж, би сумын төвд холбоо барьж сумын дайчлах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болов. Утсан холбоо барих ямарч боломж байхгүй. Талдаа 90 гаруй км уул хаданд давхиж сумын төв ороод сумын ОК-ыг (онцгой комисс) хуралдуулж 1 ба 2 дугаар хавьтлуудыг маш хурдан олох, пост эргүүл, манай хүмүүст орон байр, хоол хүнс, төвд байдлын тухай мэдээ дамжуулж зааварчлгаа авах гэсээр байтал шөнө дунд боллоо. Буцаад иртэл өглөө болж наацанд 2 туйл нь тод харагдсан савханцар харагдлаа. Урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр гэсэн онош аваад буцаад сумын төв дахилаа. Мэдээгээ өгч 1 ба 2-р хавьтал эм тариа, шарил чиндарлахад шаардлагатай материал энэ тэр гэсээр байтал үд хүрч буцаад очлоо. Шарилаа чандарлаж, (тэр үед Д.Дашравдангийн эхнэр манай эхнэр хоёр жирэмсэн юу юугүй амаржих дөхсөн байлаа. Дашка маань намайг дуудаж байна. Очтол сум ороод 2 гэрлүүгээ яриарай нөгөө 2-ын биеийг асуу, энэ талийгаач охин танай Заяа, манай Гэрэлээ 2-той чацуу юм байна. Найз нь яаж чандарлана даа. Нүхий нь ухаж дуусаад, 100 татчихаад л чиний авч ирсэн шатаах зүйлсийг хийж байгаад дээр нь шарилыг авч ирж байрлуулаад галтай бамбар шидхээс гэж байж билээ. Бид 2-ын эхнэрүүдийн хэвлийд байсан 2 одоо 9 дүгээр ангид сурч байна ) тэр хавьд байгаа 1-р хавьталуудыг нэг майхан татуулан тусгаарлаж байтал нян судлалын анхны хариу тарваган тахлын булчирхайн хэлбэр гэсэн онош гарч дахин сум давхилаа. Гэх мэт 2 талдаа давхисаар 72 цаг гаруй явж ирлээ. Хамгийн сүүлд ирэхдээ Үенчийн цэргийн ангиас нэг богино долгионы радио станцтай 2 цэрэг авч ирэв. Тэр 2 цэрэг ээлжлэн 2 цаг тутамд уул өөд гарч мэдээг суманд сум аймагт дамжуулдаг болов.

Ажил нэлээд цэгцэрсэн учир жаахан унтах санаатай хадны ёроолт тавьсан пүүгээгээ задалтал голдоо ортол норчихсон хамгийн дотор нь байсан дэвсээ даавууг гаргаад мишигтал ус гоожиж байж билээ.

Маргааш нь тэр орчимоос лабораторит тарваганы үхдэл олж авч ирж өгөхөөр явлаа. Харгайтын гол уруудаад явж байтал яг үхэх гэж байгаа тарвагатай таарлаа. Үхэх хүртэл нь ажиглаж суулаа. Тэр үед дижитал зургийн аппрат байдаг байсан бол гэж одоо боддог юм. Дахин тахлаар үхэж байгаа тавагатай тэгж таарахгүй шүү дээ. 2 цаг орчим ажиглан харсан юм даг. Тэр тарваганы хөдөлгөөн нь удааширч, ам, хамраар нь хөөстэй цус гарч, ургашаа явах гэж тэмцэвч биеэ дааж явж чадахгүй дэмий л газар самардан хөлөө сарвааж, хойт 2 хөлөөрөө шороо хойш нь тээж, урд 2 хөлөөрөө шороог ургаш хойш тээсээр толгойгоо даахгүй болтолоо хөдлөж байгаад түргүүлээ харсан чигээрээ, хошуугаараа газар хатган нам болдог юм билээ. Хөдлөхгүй нам үхсэний дараа халдвар хамгааллын зааврын дагуу уутанд хийж хаяг зүйлт бичин лабораторит авч ирж өглөө. Маргааш орой нь халдварын I бүсэд хоол хүргэж өгөх үед манай Дашка, (Д.Дашравдан эмч минь) Мөнхөө минь чамд маш их баярлсан шүү. Нөгөө үхдэлээс чинь маш гоё цэвэрхэн өсгөвөр илэрлээ гэж байсан юм.

Үенч сумын зуслан Мухар нарийнд отряд байралж байлаа. Зараскад ороод гарч ирээд хамгаалах өмсгөлөө тайлж байтал хажуу уулын энгэрт нилээд дээр бүргэд тарвага идэж байна. Г.Ганчулуунаа тэр бүргэд идэж байгаа үхдэл аваад ир гэтэл чи яв. Хоёулаа явъяа гээд байна. Бид 2 хуруудлаа. Ганаа ялагдаж явахаар болж нэг тарваганы уут аваад залхуутайн аргагүй тамхиа суунаглуулан алхаж байна. Би самналтын протоколоо хатаагаад, бүүрэгээ лаборторит оруулж тавиад, хувцасаа тайлж дуусаад гараа угааж, тамхи асааж суугаад харсан чинь манай Ганаа тарвага идэж байгаа бүргэдний нилээд наана надаас холгүй очоод сууж байна. Чи хурдал даа! наад бүргэд чинь тарвага идээд дууслаа гэтэл чи хүрээд ир гэнэ. Яваад очлоо. Амьсгаадан ханайлгаж бүргэдэнд дөхөөд очтол бүргэд нисээд явлаа. Очтол толгой, нурууны яс, арьс л үдэжээ. Түүнийг тарваганы уутанд хийж аваад бид 2 уулнаас буулаа. Чи заавал намайг дуудаад их гайхуулж байнаа гэтэл би тэр бүргэдээс чинь айгаад байсан юм. Нисч ирээд агадвал яана гэж манартдаг байгаа. Тэр зэмнээс тарваган тахал илэрсэн юм.

Цэцэг сумын Шаврын голд отряд гарсан байлаа. 2000 оны хавар цаг. Бид буух дөхсөн байв. Миний бие сумын төв орж буцах бензин шатахуун зохицуулах, аймагтай ярих ажил байв. Манай шинжилгээний багийн ойролцоо дуудлаганд ирсэн сумын эмчийн машинд дайгдан сум орж ажлаа амжуулаад голомт хяналтын эмч Түмэннасантай мотоциклээр хамт буцах болов. Шинжилгээний багийн байр орох дөхөж явтал 2 бүргэд тарвага идэж байна. “Иж палета-5” мотоцикл хөх утаа суунаглуулан газар өөд өгсөж давхиад очлоо. Тарвага идээд бараг дуусчээ. Толгойн ястай арьс байна. Авах гэтэл хийх уут байдаггүй. Хаяад явахад хайран санагдаад мотоциклын ачлуурт ороож бүсээ урж боогоод авч ирж зараскад оруулав. Түүнээс тарваган тахлын өсгөвөр илэрч билээ.

Булган сумын төвд уушигний хэлбэрийн тарваган тахлаар 5 хүн өвчилж 3 нь нас барж, биднийг очиход амьд байсан 2 нь эдгэрч билээ. Энэ голомтонд БГХӨСҮТ-ийн их эмч З.Адъяасүрэн (Ph.D), Ангар нар ирж ажилаад илэрсэн 5 өсгөвөрөө аваад буцах болж, манай лабораторийн хэд дээр ирээд, Хэнд ямар тамхи байна. За хамаагүй ороодог байсан ч болно гээд сонинд тамхиа ороож татах зуураа за нөхөд минь настеринаар нам шаахгүй шүү! Ажлынхаа ард гарсан юм чинь удахгүй бууцгаана биз гээд инээж, тамхиа байгуулсаар машиндаа сууж байж билээ. Манай Ааяа эмч дахин заяахгүй үнэхээр ховор, эрдэм мэдлэгтэй, гүндүүгүй сайн эмч-багш хүн шүү. Энэ мэт хөгжилтэй сургамжтай зүйлсийг бичвэл маш олон зүйл байгаа тул ингээд зогсъёо.

Байгууллагын дарга асан Л.Загдаа, Т.Содномдаржаа, О.Сүрэнхорлоо, П.Цогбадрах нарын хүнийг эвий нь олж ажиллуулж чаддаг, аливаа ажилд төвөгшөөж бухамдахгүй, ажилчдийн санаа бодлыг сайн сонсож ойлгодог, загнаж уурлавч уучилж чаддаг, хээгүй гүдэсхэн, гүндүүгүй зан, А.Оюунчимэгийн хаяа би мэднэ, би чадна гэж романтик зан гаргадаг, энэ байгууллагын сайн сайхан, өнгөтэй өөдтэй байлгахын төлөө зүтгэдэг, бурханлаг дүр төрхөд хүндэтгэлтэй ханддаг зэрэг нь бидэнд бахархууштай юм.

Лабораторийн их эмч Х.Баатарын хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэл, хүнийг сайн муу, том жижиг гэж ялалгүй харьцдаг, хамгийн гол нь мэрэгжилдээ үнэхээр эзэн нь байж чаддаг сайхан чанар, хүнийг удирдан ажиллуулж чаддаг чадвар нь, голомт хяналтын бага эмч, нярав одоо гавъяаны амралтанд байгаа Н.Халамия ахын цаанаа ухаалаг байдлаа ил гарган амаа арчиж нэг нүдээ аньж байгаад намуухан дуугарч яриад, ха ха ха гээд дээш харж инээгээд нүдээ арчидаг, гялгар уутанд хийсэн хамрын тамхиа гаргаж ирээд хамраа будан байж татаад учирлан ярьдаг нь, шимэгч судлалын лаборант одоо гавъяаны амралтанд байгаа Г.Ганчулууны гүндүүгүй, хээгүй гүдсхэн монгол зан, та нар намайг барж идэхгүй за юу? гээд хаахаадаг нь, амьтан маллагч одоо гавъяаны амралтанд байгаа П.Алимаа эгчийн харин тийм, яг үнэн гээд ам дагуулан ярьдаг, ариутгагч одоо гавъяаны амралтанд байгаа Ж.Жавзаа эгчийн миний дүү гээд л учирлаж заримдаа хамаагүй загандаг, лабораторийн машины жолооч асан Дууяа ахын хар дурак яг мөндөө чи гээд инээдэг, нярав асан одоо гавъяаны амралтанд байгаа Нооёо эгчийн хуеэ яадаг билээ гээд айлгүйтдэг, агнан бэлтгэгч асан Б.Эрдэнэбилэг ахын шогтой зүйл ярьж инээлгэдэг ба урт богинийн дууг дуулах дуртай, амьтан судлагч А.Үнэнбатын яав гич залуу, юм тэрчин гээд хүд хүд инээдэг, намайг халиагаач энэ таарч байна уу?, жаа жаа түүг хаяийч нам гэж торгууд үг аялгуу оруулж яриад тамхиа суунаглуулан татж утааг нь дээш үлээдэг, бактериологи их эмч одоо ХӨСҮТөвд их эмч Д.Дашравдангын учиргүй хурдан сэтгэж ажилдаг, сэтгэлийн их хөдлөгөөнтэй байдал, нүдээ ирмэн байж ярьдаг нь, бактериологи лаборант одоо гавъяаны амралт эдлэж байгаа С.Батнасангийн дайван дуугүй аливаа зүйлийг гол ч ухаанаар хадаж шийддэг, амьтан судлалын лаборант Н.Цагаанцоожын учиралж хэлж сургамжилдаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд өрөвч сэтгэл, урт богинын дууг сайхан дуулдаг нь, амьтан судлагч Ш.Гантөмөрын амьдрахын хар ухаан, өрөвч цайлган сэтгэл, хааяа дэндүү гэнэн болчимгүй ааш гаргадаг нь, агнан бэлтгэгч Н.Нямжавын дуулгавартай шудрага ажил үүргээ сайн мэддэг байдал, биологичсургалт хариуцсан мэргэжилтэн О.Ожуугийн дуугүй байж, аливаа зүйлийг дотороо бясалган байж хаяа гайгүй дуугардаг, мөн гүндүүгүй хээгүй зан, амьтан судлагч-дүн бүртгэгч Ц.Сайнбэлэгийн ажил эхэлбэл яг ном журмаар нь оролдож, ойлгож байна уу? гээд тайлбарлан хийдэг, биологийн онол практикын мэдлэгээр дажгүйч амархан ууралж хэнд ч хамаагүй ах дүүдээ тунирхаж байгаа мэт ааш гарагдаг, серолаборантаар ажиллаж байсан одоо цагдаагийн ахмад Н.Цэндсүрэнгийн тарвага хурдан өвчдөг, хүнд нэр хоч өгч алиалж байдаг нь, ариутгагч Ч.Баймуратын илэн далангүй зөвлөж ярьдаг, хүнд итгэж чаддаг сайхан зан, ариутгагчаар ажиллаж байсан Э.Мөнхнасангийн хүнд тусархуу, сайхан сэтгэл, хүнд гомдоод түүнийгээ хэлж чадахгүй өөрөө шаналж явдаг гэнэн цайлган зан, сахиул Л.Лхагвасүрэнгийн болохгүй ш дээ тэрчин тийм л байх ёстой байхгүй юу тээ гээд ярьдаг, өглөө биднийг ажилдаа ирэхэд мод услах юм уу, хашаан дотор салхинд хийсч ирсэн цаас хог түүгээд сайхан амарсан уу? гэж мэндлээд нааш цааш харж, байшин саваа ажиглан явж байдаг нь, хошин шог зүйл ярьж хүн цаашлуулан тоглоом хийдэг, надад тийм ажил гарлаа би гялс яваад ирье цаадуулдаа хэлж байгаарай гэдэгч юм уу, хааяа халамцуу явж байвал та шууд гэртээ харь ингэж болохгүй шүү дээ гэж занах аргадах хоёрын завсар хэлээд өнгөрдөг, бэлтэгмэлч А.Янжмаагийн юу ч боддогүй цайлган цагаан зан, амархан гомддог гомдомхой ааш, серо-лаборант Н.Отгонцэцэгийн цайлган цагаан, шудрага зан, эмэгтэй хүнд баймааргүй тэвчээр, хэнэггүй, гүндүүгүй байдал, тоглоом сайн даадаг, хөзөрийг хорхойсон тоглож булхайддаг нь, ня-бо Ш.Хабибагийн бүгдийн ээж шиг, хүлээцтэй тайван зан, нярав Ю.Эрдэнэчимэгийн дуулгавартай байдал, юу ч бодолгүй хэнийг ч хамаагүй чанга дуугаран хашгирч загнадаг цайлган цагаан зан зэрэг нь олон жил хамт ажиллаж, хөдөө хээр ч, төв сууринд ч, зовсон ч жаргасан ч хамтдаа байсаар ижилдэн, сэтгэлд хоногшин үлдэж, нэг гэр бүлийн ахан дүүс шиг дасаж дээ.

Залуу хойч үедээ захих нь: Байгалийн голомтыг судлаглаач бид байгалийн геобиоценозын тодорхой нэгэн бүсэд хүний үйл ажилгааны оролцоогүйгээр бүрэлдэн тогтсон хүн гараар барьж нүдээр үзэхийн аргаггүй байгалийн хуулыг судлан бичигчид юм. Иймд биологи, газар зүй, геобиоценоз, биоценоз, экологи, эпизоотологи, эпидемилоги, амьтан судлал, шимэгч судлал, нян судлалын талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатайг санаж байнга уншиж туйрвиж байх хэрэгтэй гэж боддог.

Хүн аливаа зүйлийг хийхдээ эхлээд учрах бэрхшээлийг нь тооцон боддогоо орхиж, хийх арга замыг нь сайтар тунгааж уйггүй хөдөлмөрлөж чадвал арга нь олдохгүй зүйл нэг ч үгүй. Эхлээд учрах бэрхшээлийг нь тооцож няцдаг нь ажлын амжилтад муугаар нөлөөлдөг.

Хүнээс тус авсан бол бүү март, хүнд тус хийсэн бол хариу бүү нэх. Аливаа ажил хэрэг болон учирсан бэрхшээлийн өмнө бүү сөгд, арга замы нь сайн тунгаан бодож ол. Ямарч зорилгоггүй дардан зам дагаж явсанаас өмнөө зорилго тавиад замгүй газрыг сонго гэж үг бий. Дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарлаж, өөрийнхөө хариуцсан ажилд ямагт эзэн нь бай.

Надад олон алдаа дутагдал бий. Миний нэг алдаа нь хүн бүрийг өөртэйгээ адилхан санаж хүүхэд шиг гэнэн цайлган хэвээрээ 50 настай золгож байгаа явдал гэж боддог. Жаахан муу санаатай явахгүй бол итгэж байсан сайн найз нөхөр гэнэт дайсан болчихсон байдгийг ухуурахгүй бол болдоггүй юм билээ. Яг “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөрийг хутгалдаг Түгжил шиг… Энэ бол миний туулж, амсаж эхлэж байгаа үнэн түүх. Энэ нийгэм, энэ хүмүүсийн дундаас хүн муу санааг сурч авдаг юм байна шүү!!! Манай нярав байгаад тэтгэвэртэй гарсан бага эмч Н.Халамия ах та нар талийгаач нараас битгий айж бай! Амьд хүнээс л айж яв! гэж нэгэнтэй хэлж байсан нь хатуу хорвоогын үнэн гэлтэй. Гэхдээ хүн бүхэн муу биш л дээ. Би хүнд гомдож явсангүй. Зарим үед гэнэт хүмүүс надад гомдсон байдгийг би ойлгодоггүй юм.

Ухаарч эвийг нь олж аргадаж амьдрахгүй бол хүчилж болддоггүй хорвоо гэдгийг ойлгож ядаж явнам.Нэг хаалга хаагдсан бол нөгөө хаалга онгойж л таарна даа. Бодох л зүйл шүү.! Энэ хорвоод сайн сайхныг дууддаг хүчин байхад далдын муу ёрын хүчин бас байдаг бололтой тэр нь сайнаасаа илүү ихээхэн орон зайг эзэлсэн нь аймшигтай мэт.

Энэ бүхнийг өөрийгөө рекламдах гэж биш залууст хэрэгтэй болох болов уу? гэж бодоод эдгээрийг бичлээ. Миний бие нь мэдлэгээр хомсхон, чадвараар ядуу-дутмаг эгэл жирийн нэгэн биологич билээ. Их зүйлийг нуршиссан тул эрхэм ноёд, хатагтай та бүхнээс хүлцэл өчье.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 438
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК