Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Гэдэсний цочмог түгжрэлийн үед анестезиолог эмчийн баримтлах тактик
( Лекц )

Д. Мөнхчулуун

Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг

 

Гэдэсний цочмог түгжрэлийг механик ба динамик гэж хуваах нь мэдээ алдуулалт сэхээн амьдруулалтын тактик боловсруулахад чухал ач холбогдолтой. Механик түгжрэлийн үед гэдэсний хөндий бөглөрч гэдэсний ханын цусан хангамж алдагдаж мэс заслын эмчилгээ хийх шаардлага гарах учир өвчтөнийг хагалгаанд цаг алдалгүй зөв бэлтгэх нь анестезиолог эмчийн гол үүрэг мөн.

Гэдэсний түгжрэлийн үед дотор нь агуулагдсан зүйлийн уртсах шимэгдэх чадвар алдагдах ходоод гэдэсний шүүслэг өөрчлөгдөх их хэмжээний ус ба электролит бие махбодоос бөөлжсөөр гарах эсвэл гэдэсний хөндий рүү орох зэрэг еренхий өөрчлөлт илэрнэ.

Шүлс, ходоод, нойр булчирхай, цөс, гэдэс зэргээр хоногт 8 л орчим хоол боловсруулах шүүс ялгарч гэдсээр дамжина. Эдгээр шүүсний ихэнх хэсэг нь 12 нугалаа гэдсэнд бага хэсэг нь нарийн гэдсэнд ялгардаг. Сорогдох процесс гол төлөв бүдүүн гэдсэнд явагдана. Нарийн гэдэсний эхний хэсгийн түгжрэлийн үед хоол боловсруулах шүүс бөөлжсөөр их хэмжээгээр алдагдана. Гэдэсний дээд хэсэгт түгжрэх тутам бөөлжих нь төдийчинээ ихсэнэ. Гэдэсний түгжрэл үүсмэгц гэдсэнд хий хуримтлагдан гогцоонуудын даралт ихэсч гэдэсний салст бүрхүүлийн микроциркуляцийг алдагдуулан цэг хэлбэрийн үхжилүүдийг үүсгэнэ. Нарийн гэдэсний доод хэсэг түгжрэх үед энэ шингэн бөөлжсөөр гадагш гарч чадахгүй тэндээ удаан хугацаагаар хуримтлагдан зарим тохиолдолд 5-9 л хүрнэ. Энэ үед анестезиолог эмч, биеэс ус их алдсаныг анхаарч хагалгааны өмнө ба дараа их хэмжээний шингэн юүлэх эмчилгээ хийх нь зүйтэй. Гэхдээ төвийн венийн даралтыг харгалзан үзэхгүй бол судасны ачааллыг хэт нэмэгдүүлэх аюултай байдаг.

Гэдэсний цочмог түгжрэлийн клиник явцыг 3 үед хуваах нь анестезиолог эмчийн эмчилгээний тактикийг боловсруулахад чухал үүрэгтэй.

Эхний үе: 2-12 цаг үргэлжилнэ. Энэ үед хэвлий хүчтэй базлаж өвдөнө. Боймилсон түгжрэлийн үед шоконд оруултал хүчтэй өвдөнө. Өтгөн, хий гарахгүй, гэдэс дүүрэх (хэвлийн аль нэг хэсэгт) гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэх, биеийн байдал харьцангуй хөнгөн ч гэсэн бөөлжих нь ихсэх, судасны лугшилт өөрчлөгдөх, хэвлийн гялтангийн цочролын шинж илрэхгүй байх зэрэг шинж тэмдэг нь өвчнийг зөв оношилж, эмчилгээг яаралтай эхлэхэд тусална. Гэдэсний цочмог түгжрэлийг динамик түгжрэлийн агшилтат хэлбэр копростаз, ходоодны цоорсон шархлаа, аппендицит, холецистит, панкреатит, савны гадуурхи жирэмслэлт зэрэг мэс заслын өвчин болон зүрхний шигдээс, плеврит, уушгины хатгалгаа, гепатит, грипп, тиф, паратифийн халдвар зэрэг өвчнөөс ялган оношлох  хэрэгтэй юм.

Гэдэсний түгжрэлийн завсрын үе: 12-оос 36 цаг үргэлжилж клиникийн дээрх шинжүүдээс гадна артерийн даралт буурах зэрэг гемодинамикийн хямрал гарна. Гэдэс дүүрэх бөөлжих нь ихсэж гүрвэлзэх хөдөлгөөн нь суларна.

Гэдэсний түгжрэлийн хожуу үе: Өвчин эхэлснээс хойш 36 цагийн дараа эхлэнэ. Өвчтөний биеийн байдал улам хүндэрнэ. Гэдэсний саажилтын шинж тод илэрч, гүрвэлзэх хөдөлгөөн сонсогдохгүй болно. Дээр дурдсан шалтгааны улмаас перитонит үүсч гэдэс дүүрэх нь улам ихсэн, гялтангийн цочролын шинж тод илэрнэ. Өндөр настай хүмүүст биеийн эсэргүүцэл сул байдгаас Шеткин-Блюмберийн шинж илрэхгүй байж болно.

Өвчтөний нүд хөнхийж, арьс, уруул нь хуурайшиж омголтсон байна. Бөөлжис нь эвгүй үнэртэй болж артерийн даралт буурч тахикарди нэмэгдэн, амьсгал нь давхцан халуурна.

Өвчний 2 ба 3 дугаар үед анестезиолог эмч мэс засалч эмчтэй хамтран өвчтөнийг эмчлэх, шинжлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өвчтөний биеийн байдлыг дүгнэсний дараа анестезиолог эмч дараах тактикийг баримтлана.

1. Юуны өмнө венийн судсаар шингэн хийх төхөөрөмжийг бэлтгэнэ. Шингэн юүлэх эмчилгээг удаан, их хэмжээгээр хийх учир төвийн венд (эгмийн доорхи гүрээний) гуурс тавих хэрэгтэй. Төвийн венийн даралтыг хэмжинэ. Сэхээн амьдруулахын картыг хөтлөнө. Сэхээн амьдруулахын карт нь хийж байгаа эмчилгээний эрчим, үр дүнг дүгнэх баримт бичиг юм.

Гемоглобин, гематкрит, эритроцитийн тоо, натр, сахар, кали, ууpar, мочевин, креатинин, билирубин, цусны групп зэргийг тодорхойлохын тул төвийн венээс цус авна. Төвийн венд гуурс тавих нь зөвхөн их хэмжээний шингэнийг юүлэх нөхцлийг хангаад зогсохгүй, төвийн венийн даралтыг тодорхойлохоос гадна ходоод угаах, бөөрний өөхөнд хориг хийх, бургуй тавих зэрэг ажилбар хийхэд саад болохгүйгээр шингэн юүлэх эмчилгээг үргэлжлүүлэх бололцоо олгоно. Шингэн алдсан шинж тодорхой илэрч байгаа үед шингэн юүлэх эмчилгээг полиглюкин, 5-10% глюкозын уусмал инсулинтэй, давсны уусмалууд хийхээс эхлэнэ. Хэрэв цусны хэмжээ багассан шалтгаан тодорхойгүй бол (ялангуяа настай хүнд) эхлээд 5%-ийн глюкозын уусмалыг инсулинтэй хамт дуслаар хийнэ.

Хүнд өвчтөнд (эхний ээлжинд өндөр настай, хүнд) давсганд нь бургуй тогтмол тавьж шээсний гарцыг хянах нь шингэн юүлэх эмчилгээний үр дүнг, шалгах, өвчний явцыг үнэлэхэд чухал ач холбогдолтой.

Өвчтөнд монитор, кардиоскопийг заавал залгах ёстой биш ч гэсэн өвчтөний зүрх, судасны ажиллагааг хянахад ашигтай.

Бололцоотой бүх шинжилгээ (хүчил-шүлтийн байдал, шээсний ерөнхий шинжилгээ, цусан дахь кали, натрийн хэмжээ, цусны ерөнхий шинжилгээ)-г хийнэ.

Гэдэсний цочмог түгжрэлийн үед ходоод, гэдсэн доторхи зүйлийг хаймсуураар гаргах нь өвчтөнийг хагалгаанд бэлтгэх, эмчлэхэд зайлшгүй хийх ажилбар юм. Үүнийг аль болох эрт эхлэх хэрэгтэй. Гэдэсний цочмог механик түгжрэл гэж үзээд яаралтай хагалгаа хийхээр шийдсэн үед доорхи 2 хувилбарыг анхаарна. Үүнд:

а)       Өвчин эхлээд удаагүй боловч цочмог эхэлсэн, өвдөлт ихтэй, бөөлжих нь олон, хордлоготой шингэн бага зэрэг алдсан үед.

б)      Дээрх шинж тэмдэг илэрсэн боловч өвчин удсан, өвчтөн өндөр настай, хордлого ихтэй, шокийн байдалтай заримдаа перитонитын шинж илэрсэн үед

Нэгдүгээр хувилбарын үед ходоод гэдсэн доторхи зүйлийг бүдүүн хаймсуураар нэг удаа суллаад (хүлээн авах, мэс заслын тасагт) зохих эмчилгээ хийсний дараа хагалгааны өмнө дахин хаймсуур тавьж усаар сайтар угаана. Өвчтөнөө хаймсууртай нь хагалгааны өрөөнд оруулаад унтуулахын өмнө хаймсуурыг нь авна. Хэрэв амьсгалын дутагдал илэрвэл хүчилтөрөгчөөр маш болгоомжтой бага эзэлхүүнээр агааржуулна. Өвчтөнийг унтсаны дараа булчин сулруулах үйлчилгээтэй эмийг ердийн тунгаар хийж мөгөөрсөн хоолойд гуурс тавьж манжетыг шууд хийлнэ. Ходоодонд бүдүүн хаймсуур тавихдаа үзүүрийг нь хэмжээтэй саванд дүрэх нь хагалгааны явцад ходоодыг султгахад чухал ач холбогдолтой. Хагалгааны төгсгөлд ходоодонд тавьсан хаймсуураа авч, нарийн хаймсуурыг хамрын хөндийгөөр дамжуулан нарийн гэдэсний дээд хэсэгт хүртэл (мэс засалчийн тусламжтайгаар) хийнэ.

Хүлээн авахад ходоод гэдэсний доод хэсгийн доторхийг бургуйн тусламжтайгаар цэвэрлэсэн байх ёстой. Хоёр дахь хувилбарын үед (б) хагалгааны өмнөх бэлтгэлийн үед ч хаймсуур ходоодонд тогтмол байна.

   Хагалгааны өмнөх бэлтгэлийн үндэс нь шингэн юүлэх эмчилгээ бөгөөд энэ нь электролитийн дутагдал, хүчил шүлтийн хэмжээг тохируулан хордлого тайлах, зүрх судасны ажиллагааг сайжруулна.

  Шингэн юүлэх эмчилгээний явцад төвийн венийн даралтыг тогтмол хэмжих хэрэгтэй. Ялангуяа 400—500 мл шингэн хийсэн үед төвийн венийн даралтыг хэмжиж, хэрвээ ихэсвэл шингэн юүлэх хурдыг удаашруулна. Шингэн юүлэх явцад бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж шээсний электролит, осмос чанарыг үзнэ. Шээс ялгаруулалт 0,6—0,8 мл/мин (40— 50 мл/цаг) хүртэл хурдасч, кали, натрийн найрлага нэмэгдэн 25 ммоль/л (0,6—0,8 мэкв/л) хүрвэл бөөрний үйл ажиллагааг хэвийн гэж үзнэ. Шингэн юүлэхэд доорхи дарааллыг баримтлаж болно. Үүнд: 10%-ийн 500 мл глюкозын уусмалыг инсулинтэй (1 гр хуурай глюкозод 1 нэгж) хамт эхлээд дуслаар хийнэ. Хэрэв коллапсын байдалтай байвал уг уусмалд 60 мг преднизолон нэмж хийнэ. ЭКГ-д өөрчлөлт илэрсэн үед 0,25 мл строфантинийг 10 мл хлорт натрийн изотоник уусмалд найруулан шууд тарина. Хэрэв шээс ялгаруулалт 0,3-0,4 мл/мин (20-25 мл/цаг)-аас доош байвал хийж байгаа инсулинтэй глюкозын уусмал дээрээ 10-20 мл 15%-ийн хлорт калийн уусмал, эсвэл 20-40 мл панангин нэмж хийнэ. Энэ үед венийн судсаар С, В-гийн группийн витаминуудыг хийх хэрэгтэй. Глюкозын уусмал хийх нь шингэний дутагдлыг нөхөх, зүрх, элэгний метабол процессыг сайжруулна. Амьсгал давхцах шинж илэрвэл хамраар хүчилтөрөгч чийглэж амьсгалуулна.

Цусны хэмжээг хурдан нөхөх зорилгоор декстрануудыг (реополиглюкин хийж эхэлвэл сайн) заримдаа донорын цус хийнэ. Дээр дүрдсан уусмалыг аль болох хурдан хийх (35-50 мл/мин) шаардлагатай. Гэхдээ амьсгал давхцах, ихсэх, гүрээний судас томорч гүрийх, төвийн венийн даралт гэнэт ихсэхээс сэргийлэх хэрэгтэй. Үүний дараа альбумин (50—100 мл) протейн  (200—400 мл) зэрэг уур­гийн бодис хийнэ. Хэрэв боломжгүй бол плазм 200 мл-ийг тарина. Ацидозын үед 4,2%-ийн 200 мл буюу 8,4%-ийн 100 мл содын уусмал хэрэглэнэ. Дээр дурдсан эмчилгээний зэрэгцээгээр биеийн байдлыг харгалзан гормон, зүрхний гликозид, зарим үед прессорын амин, гистамины эсрэг эм, бөөр, уушгины цусны эргэлтийг сайжруулах, хэм алдагдлын эсрэг эм, калийн бэлдмэл болон витаминуудыг хэрэглэнэ.

Өвчний үед онош нь тодроогүй, хагалгаа хийх эсэхийг шийдээгүй үед өвчин намдаах эм хэрэглэхгүй, харин хоёр талын бөөрний өөхөнд хориг тавих, ходоод гэдэс чөлөөлөх, бургуй тавих зэрэг ажилбар хийх хэрэгтэй.

Хагалгааны заалт гарсны дараа хийж байгаа шингэний хамт промедол 20 мг, седуксин 5 мг-ийг хийж болох юм. Үүнийг мэдээ алдуулалтын урьдах бэлтгэл гэж үзэж болно. Дараа нь хагалгааны ширээн дээр урьдал мэдээ алдуулахын өмнө хийвэл зохих зарим эмийг хэрэглэнэ. Ходоодны шингэн мөгөөрсөн хоолойд орохоос сэргийлж урьдаж мэдээ алдуулдаг.

Урьдал мэдээ алдуулалтад хэрэглэдэг бодисуудын дотроос кетаминыг гемодинамикт маш бага нөлөө үзүүлдэг, гэдэсний түгжрэлийн хагалгааны үед хэрэглэж болох сайн мэдээ алдуулагч бодис гэж үздэг байна.

Редакцид ирсэн 1985. 11. 29

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6651
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК