Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Ажлын чанар л чухал
( )

Н.Жавзан

Хотын түргэн тусламжийн станцын их эмч

 

Эмч хүн цаг ямагт мэдлэг, мэргэжлээ сэлбэн үүн дээрээ үндэслэн дадлага туршлага хуримтлуулж ажиллах ёстой. Энэ бол шинжлэх ухаан техиикийн хөгжлийн эрин үед амьдарч байгаа эмч бидэнд ноогдсон эн тэргүүний эрхэм үүрэг юм. Чухамхүү энэ үүргээ биелүүлснээр эмчийн сэтгэлгээ, ажлын ур чадвар, тодорхой үр нөлөө харагдах болно.

Харин эмч нарын ажлын ачаалал, хөдөлмөр зохион байгуулалтын талаар бодож явдаг зүйлээс өгүүлье.

Өдөрт үзэх үзлэгийн тоог биелүүлсэн эсэх, өвчтөний карт, түүхэнд үзлэг тэмдэглэл бичсэн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн эсэхгэдгээр эмчийн ажлыг дүгнэдэг энэ хийсвэр зарчмийг өөрчлөх хэрэгтэй байна.

Амьдралаас харахад манайд архаг өвчин хүн амын дунд багагүй байна. Ийм учраас нэгдүгээрт: Эмчийн хүрэлцээний тухай асуудал гарч ирнэ. Жишээ нь: хамар хоолойн нэг эмч өдрийн 8 цагт 22 хүн үзэх ёстой боловч 30 гаруй хүн үзэж явдал ч байна. Харин тэр болгон гаймориттай хүний хамрын дайврыг угааж, тонзоллиттэй хүнд тонзиллоэктомия хийгээд буюу идээт үрэвслийг эмийн бодисоор угааж эмчлээд байх цаг боломж муутай тул эмийн жор бичиж зөвлөгөө өгөөд явуулах нь олонтаа. Бидний өгсөн зөвлөгөөгөөр өвчнөө хурц үед нь бүрэн дүүрэн эмчлүүлж байгаа хүн цөөн байдаг. Үүнээс ч болоод өвчин архагшиж, бидэнд ирэх хүний тоо нэмэгдэж байгаа нь нууц биш юм.

Тэгэхээр одоогоор нэг эмч ажиллаж байгаа зарим чухал мэргэжил, тухайлбал чих хамар хоолой, мэс засал, шүдний эмчилгээ зэргийн орон тоог нэммээр санагдана. Тэгвэл уг эмч гайморитын хөндий угааж, тонзиллоэктоми хийж тэр өдөр 2 өвчтөнг бүрэн эрүүлжүүлсэн гэсэн ажлын сайхан дүн харагдах болно. Одоо манайд эмчийн ажил, эмнэлгийн үйлчилгээг чанараар дүгнэх ажил эхлэл төдий байгаа болохоос биш бодит ажил болон хэрэгжих болоогүй байна. Өөрөөр хэлбэл эмч бидэнд өвчтөнтэй ажиллах цаг бага байна. Үүнээс гадна бидний ажлын зохион байгуулалт муугаас болж өөрсдийнхөө ажлыг хүндрүүлж байгаа явдад ч байдаг. Жишээ нь: Хотын түргэн туламжийн станц хоногт 400—600 дуудлагаар үйлчлэж байгаагийн 80 хувь нь яаралтай 4 тусламж шаардлагагүй байдаг. Үүнийг яаж багасгах вэ? гэхэд бас л нөгөө амбулатори поликлиникийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй юм.

Нэг дуудлаганд үйлчлэх дундаж зай 5—6 км, дундаж хугацаа 30 минут зарцуулан хичнээн техник хөдөлж, бензин шатахуун урсаж байгааг бодсон ч өөр зохион байгуулалт хэрэгтэй болох нь ойлгомжтой. Насанд хүрэгчдийн хэсгийн эмчийн хүний тоог цөөлж, хийх ажлын заагийг тодорхой болгож, тэднийг өвчтөнтэйгээ ажиллах цаг, боломжоор хангаж өгмөөр байна. Ингэсний эцэст сая тэр эмч хариуцсан хэсгийн хүн амын өвчлөлийг яаж бууруулсан, архаг өвчтэй хэдэн, хүнийг эрүүлжүүлсэн гэдгийг тооцоолох боломж гарч эмчийн сэтгэлгээ ч өргөжин баяжиж, бүтээлч шинж чанартай болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 187
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК